Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 11 сарын 20 өдөр

Дугаар 2019/ШЦТ/249

 

                                                 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС


Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч П.Гандолгор даргалж
Улсын яллагч: С.Батсүх
Шүүгдэгч: П.Г
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Энхбаяр нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Аовогт Пийн Гд холбогдох эрүүгийн ... тоот хэргийг хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, ... суманд төрсөн, эрэгтэй, 34 настай, бага боловсролтой, мэргэжилгүй, хувийн малаа малладаг, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Архангай аймгийн .. баг, ........... гэх газар оршин суух хаягтай, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, улсаас авсан гавъяа шагналгүй, А овогт Пийн Г/РД:АЙ/ 

                              Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч П.Г нь 2019 оны 10 дугаар сарын 25-26-нд шилжих шөнө Архангай аймгийн Хангай сумын Чандмань багийн нутагт өөрийн төрсөн ах П.Гыг хутгалж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн, эрүүл  мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав.

           *Эрүүгийн .. тоот хэргээс мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

           *Хохирогч П.Гын өгсөн: 
“...Би 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдөр өөрийн гэртээ байсан 3 литр монгол архийг уучихаад согтоод морь унаад нутгийн айлуудаар орж монгол архи уусан. Тэгээд хамгийн сүүлд нь А гэдэг айлаас мордоод гэр рүүгээ явж байх замдаа салхинд цохиулаад тасраад өөрийгөө хянах чадваргүй болсон байсан. Нэг сэргээд ухаан орсон чинь гэрийнхээ гадаа цустайгаа холилдсон хэвтэж байсан манай хүргэн Б нутгийн хүмүүстэй намайг өргөж гэрт оруулж байсан. Удалгүй багийн эмч ирж намайг үзээд сумын төв рүү авч явна гээд манай ойролцоо байдаг айлын хүний машиныг гуйгаад сумын төвд ирж эмнэлэгт хэвтсэн. Надад хэнтэй юунаас болж маргалдсан талаар мэдэж байгаа юм байхгүй би их согтсон байсан гэхдээ эрүүл хүн шиг яваад байсан байна лээ эмнэлэгт ирээд хэнтэй маргалдаад хэн намайг хутгалсан талаар мэдсэн, манай дүү П.Г намайг хутгалсан байсан. Агэдэг айлаас мориндоо мордоод явж байснаа санаж байна тэрнээс хойш юу болсон бүү мэд нэг ухаан ороход гэрийнхээ гадаа цустайгаа хутгалдчихсан хэвтэж байхад манай хүргэн Б хэдэн хүнтэй намайг өргөж гэрт оруулсан байсан. Миний өвчүү цээж хэсэгт 1 удаа, баруун гарын булчингийн гадна тал дотор талд тус бүр нэг удаа, баруун гуяанд нэг удаа хутгалсан байсан. Надад мэдэх юм алга ухаан алдталаа согтсон байсан болохоор надад санах зүйл алга. Өмнө нь хэрэлдэж маргалдаж байгаагүй. Би айлуудаар орж архи ууж явсаар байгаад хамгийн сүүлд Агэдэг айлаас мориндоо мордоод тэрнээс хойш юу болсныг санахгүй байна, нэг мэдэхэд гэрийнхээ гадаа цустайгаа хутгалдаад хэвтэж байсан. Манай дүү П.Г архи уусан үгүйг нь мэдэхгүй байна. Манай дүү П.Г эхнэр 3 хүүхдийн хамт өөрийн гэртээ, би эхнэр хүүхдээсээ салаад Улаанбаатар хотод байж байгаад ирээд гэртээ ганцаараа амьдарч байгаа. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг/хх-ийн 12-14 дүгээр тал/ 

          *Гэрч Я.Бгийн өгсөн: 
           “...2019 оны 10 дугаар сарын 26-ны шөнийн 03:00 орчимд тус сумын Чандмань багаас өөрийгөө хутгалсан гэх хүн манай хүлээн авах тасагт ирсэн байсан. Тус хүн нь Пийн Га, 36 настай, эрэгтэй хүн байсан. Тухайн хүний биеийн байдлыг үзэхэд цус их алдсан, царай шаргалтаж хөхөрсөн, амьсгаа ихтэй, хордлогын шинжтэй биеийн байдал хүндэвтэр, биед үүссэн шархнуудаас цус их алдсан өвдөлт ихтэй байсан тул артерийн даралтыг үзэхэд 60/100, зүрхний цохилт /пульс/115, захын судсанд хүчил төрөгчийн хангамж 92 байсан. Тэгээд эмийн эмчилгээг хийж эхэлсэн Үүнд: 09-н Процентийн 500 мл шингэн 2 удаа, Рибоксин 1 удаа, өвдөлт намдаах аналгийн димедрол тус бүр нэг,  эмчилгээг хийж шарханд хийх зуур шархыг цэвэрлэж, оёдол тавьсан. Иргэн П.Гын биеийн баруун гарын бугалагны 2/1 дэх хэсэгт гадна талдаа 1-1.5 см, дотор талд 0.5-1 см, баруун мөрний дээд хэсэгт 0.5-1 см, цээж буюу өвчүүний доод хэсэгт 3-4 см-н гүнзгий шархтай, баруун гуяны баруун доод хэсэгт 5-7 см-н гүн шархтай тус шархнууд нь хурц үзүүртэй, иртэй зүйлийн үйлчлэлээр үүссэн байсан...” гэх мэдүүлэг/хх-ийн 15-16 дугаар тал/ 

           *Гэрч Б.Бын өгсөн: 
           “...Би 2019 оны 10 дугаар сарын 25-наас 26-нд шилжих шөнө эхнэртэйгээ гэртээ унтаж байхад П.Га, П.Г нар нь гэртээ ирж байх шиг байсан. Удалгүй хоорондоо маргалдаад байхаар нь гайгүй байх гэж бодоод хэвтэж байтал Б.Б орилоод байхаар нь эхнэрийн хамт босоод яваад очтол П.Г нь баруун гартаа хүрэн иштэй хутга барьсан П.Га ахыг хутгалсан гэмээр дүр зурагтай дахин хутгалах гээд байж байхад нь болиулж, манай эхнэр П.Г тэр хутгийг П.Гы гараас шүүрч аваад нэг тийш нь шидсэн. Тэгээд би П.Гыг барьж аваад гэрт нь оруулж тайвшруулаад, унтуулсан. Эхнэр П.Гтэй хамжаад П.Га ахыг оруулах гэтэл манай эхнэр зүрхээр нь хатгаад хөдөлж, чадахгүй шоконд орсон байсан. Тэгэхээр нь дээд хотноос хүмүүс дуудаж авч ирээд П.Га ахыг хамт өргөж гэрт нь оруулаад эмнэлгийн байгууллагад мэдэгдэж удалгүй багийн эмч ирээд сумын эмнэлэг рүү аваад явсан. Шалтгааныг нь сайн мэдэхгүй байна, ямартай ч хоёулаа архи уусан согтуу байсан. Хоёулаа архи согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн, биеэ авч явах чадваргүй байсан. Тухайн үед манай эхнэр П.Г, дүү Б.Б, хүргэн П.Г, түүний ах П.Га бид нар байсан...” гэх мэдүүлэг/хх-ийн 18-19 дүгээр тал/ 

          *Гэрч Б.Бгийн өгсөн: 
          “...2019 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 18:00 цагийн үед манай нөхөр П.Г үсний найрны зар тараахаар гэрээсээ гарсан. Тус аймгийн Хангай сумын Чандмань багийн Баруун эхээр нутгийн айлуудад зар тараачихаад гэртээ шөнө согтуу орж ирээд байж байхад араас нь П.Га ах орж ирээд мотоциклийнхоо түлхүүрийг өгчих гээд тэр хоёр гараад явсан. Удалгүй тэр хоёр гэрийн гадаа хоорондоо маргалдаад байх шиг байсан тэгсэн П.Г гэрт орж ирээд үүдэнд байрлах шүүгээнээс бор иштэй хутга аваад гарах гэхээр нь боль гээд болиулах гэсэн боловч хүчрэхгүй байсан. Тэгээд араас нь зууралдаад дагаад гартал П.Га ах газар унасан байхад нь манай нөхөр П.Г бор иштэй хутгийг баруун гартаа барьчихаад П.Га ахын баруун мөр, цээж, баруун гуя хэсэгт нь тус тус хутгасан. Удалгүй манай төрсөн ах Б.Б, түүний эхнэр П.Г нар гүйж ирээд салгаж, П.Г эгч П.Гаас тус хутгыг булааж аваад манай гэрийн зүүн хаяа руу шидсэн. Тэгээд П.Гыг Б.Б ах гэрт оруулаад тайвшруулаад, унтуулсан. Б.Б ах дээд хотноос хүмүүс дуудаад П.Га ахыг гэрт нь оруулж хэвтүүлээд сумын эмнэлэгт дуудлага өгөөд удалгүй эмч ирж П.Га ахыг сум руу аваад явсан. Тэр хоёр мотоциклийн түлхүүр аваад гараад явсан яг ямар шалтгаанаар хэрүүл маргаан хийснийг сайн мэдэхгүй байна. Хоёулаа архи согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглээд биеэ авч явах чадваргүй байсан. Тухайн үед манай нөхөр П.Г, хадам ах П.Га, бэр эгч П.Г, төрсөн ах Б.Б бид нар байсан...” гэх мэдүүлэг/хх-ийн 20-22 дугаар тал/ 

         *Гэрч П.Гийн өгсөн: 
         “...Би 2019 оны 10 дугаар сарын 25-наас 26-нд шилжих шөнө нөхөртэйгөө гэртээ унтаж байхад П.Га, П.Г нар нь гэртээ ирж байх шиг байсан. Удалгүй хоорондоо маргалдаад байна гээд манай нөхөр Б.Б намайг сэрээж хэлсэн. Тэгтэл Б.Б орилоод байхаар нь нөхөр Б.Бын хамт босоод яваад очтол П.Г нь баруун гартаа хүрэн иштэй хутга барьсан П.Га ахыг хутгалсан гэмээр дүр зурагтай дахин хутгалах гээд байж байхад нь би тэр хутгийг П.Гы гараас шүүрч аваад гэрийнхэнэ зүүн хаяа руу шидсэн. Тэгээд би айж, сандраад, зүрхээр хатгуулаад хөдөлж чадахгүй болсон. Манай нөхөр Б.Б П.Гыг гэрт нь аваад оруулаад удалгүй тайвшруулаад унтуулчихлаа гээд гараад ирсэн. Тэгээд би шоконд орсон байсан болохоор Б.Б дээд хотноос хүмүүс авч ирээд П.Га ахыг өргөж гэрт нь оруулаад багийн эмчийг дуудаж үзүүлээд сумын төвийн эмнэлэг рүү аваад явсан. Тухайн үед манай нөхөр Б.Б, ах П.Га, дүү П.Г, бэр Б.Б бид нар байсан...” гэх мэдүүлэг/хх-ийн 26-28 дугаар тал/ 

         *Гэрч Б.Пийн өгсөн: 
         “...2019 оны 10 дугаар сарын 25-26-нд шилжих шөнө гэртээ амарч байтал манай утас дуугарахаар нь авсан чинь П.Г, П.Га нарын хүргэн болох Б.Б гэдэг хүн яриад дуудлага өгье гэхээр нь яасан бэ гэсэн чинь П.Га, П.Г хоёр болохоо болиод байна цус нөжтэйгээ холилдчихоод байна гэхээр нь би П.Гын хотонд очтол П.Гыг дүү П.Г нь хутгалсан байсан. Биед нь үзлэг хийхэд 3 удаа хутгалаад 2 удаа хутгаар зүссэн шархтай байсан шархыг нь цэвэрлээд боолт болон цус тогтоох эмчилгээ, аналгин димидрол хийгээд сумын төвийн эмнэлэг рүү дуудлага өгөхөд эмнэлгийн машин өөр тийшээ дуудлаганд явсан гэхээр нь би ойрхон байдаг айлынх нь хүний машиныг гуйгаад сумын төв рүү оруулж ирж өгсөн. Тухайн үед П.Га, П.Г нар архи согтууруулах ундаа хэрэглэсэн байсан. Манай дүү П.Га архи уусан согтуу байсан П.Г архи уусан үгүйг нь мэдэхгүй. П.Гын хотонд ирээд би П.Гтай уулзаагүй шууд сумын төв рүү ирсэн маргааш өглөө нь П.Г бид нарын араас сумын төв рүү орж ирсэн. Намайг дуудлагаар очиход П.Га, П.Г нар тус тусдаа өөр өөрсдийнхөө гэрт байж байсан. П.Га архи уусан согтуу байсан П.Гтай би тааралдаагүй болохоор архи уусан үгүйг нь мэдэхгүй байна. Хоёулаа манай Чандмань багт оршин суудаг. П.Г эхнэр 3 хуүхдийн хамт амьдардаг. П.Га ганцаараа гэртээ амьдардаг. П.Г П.Га нар зодолдсон гэж сонсогдож байгаагүй. П.Г нь их тайван хүнд тусархуу цагаан цайлган сэтгэлтэй хүн. Зан аашын хувьд хүн болгонтой ахаа эгчээ гээд явж байдаг хүн. Надтай тааралдахаараа сайн уу ахаа гээд явж байдаг. Архи дарс уугаад байдаггүй хүн. П.Га эхнэр хүүхдээсээ салсан ганцаараа амьдардаг архи уух дуртай хүн. П.Г архи дарс уугаад надтай тааралдаж байгаагүй. Архи уугаад эхнэр хүүхэд гэр орондоо агсам согтуу тавьлаа гэж би сонсож байгаагүй.Хэдэн онд хаана ямар сургууль төгссөнийг нь би мэдэхгүй...” гэх мэдүүлэг/хх-ийн 32-34 дүгээр тал/  

         *Яллагдагч П.Гы өгсөн: 
          “...Манайх 2019 оны 10-р сарын 30-ны өдөр хүүхдийнхээ үсийг авна гээд би 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдөр айлуудад хүүхдийн үсний найртай гэж зар тараах гэж яваад 10 гаруй айлаар орж хэлж яваад айлуудад монгол архи уусаар байгаад их согтсон байсан. Би тухайн үед мотоцикльтой явж байсан шөнө хэдэн цагт гэртээ ирснээ мэдэхгүй ахтайгаа юунаас болж маргалдсанаа санахгүй байгаа. Маргааш өглөө нь сэрсэн чинь манай эгч П.Г ах П.Гатайгаа муудалцаад ахыгаа 5 удаа хутгалчихсан П.Га сумын төв рүү эмнэлэг рүү явсан гэхээр нь би араас нь сумын төв орж уулзсан тэгсэн бие нь гайгүй гээд аймгаас цагдаа нар ирчихсэн хүмүүстэй уулзаад явж байсан. Би юу болсон талаар угаасаа санахгүй байгаа. Би тэр өдөр 10 гаруй айлаар орж хүүхдийн үсний хэл өгсөн хэр зэрэг архи ууснаа санахгүй байна. Юунаас болж маргалдсанаа би санахгүй байгаа. Би юунаас болж маргалдсан талаараа өөрийн эхнэр болон ах дүү нараасаа асуугаагүй. Би П.Га ахын гуя, мөр цээж рүү нь 5 удаа хутгалсан гэсэн би хутгалснаа угаасаа санахгүй байна. Манай хутга би гэрээсээ авсан гэсэн манай эхнэр маргааш нь надад хэлсэн би үнэхээр юу ч санахгүй байна. Би архи уусан согтуу байсан. П.Га ахыг архи уусан согтуу байсан гэж манай эхнэр маргааш нь надад хэлсэн...” гэх мэдүүлэг/хх-ийн 53-56 дугаар тал/ 

         *Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 515 дугаартай“...П.Гын биед өвчүүний бүдэрхий, баруун бугалганы гадна доод, дотор дунд хэсэг, баруун гуяны гадна дунд хэсэгт хатгагдаж зүсэгдсэн шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр 4 удаагийн үйлдлээр үүсэх боломжтой. Хэрэг болох үеийн цаг хугацаанд үүсэх боломжтой. Дээрх гэмтэл тус бүр Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн ХӨНГӨН зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт/хх-ийн 46 дугаар тал/ 

*Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 68 дугаар тал/
*Яллагдагч, хохирогч нарын хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт/хх-ийн 73, 74 дүгээр тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно. 

2019 оны 10 дугаар сарын 25-26-нд шилжих шөнө Архангай аймгийн Хангай сумын Чандмань багийн нутагт иргэн П.Га нь бусдад хутгалуулж, түүний эрүүл мэндэд өвчүүний бүдэрхий, баруун бугалганы гадна доод, дотор дунд хэсэг, баруун гуяны гадна дунд хэсэгт хатгагдаж зүсэгдсэн шарх бүхий хөнгөн хохирол учирсан гэх үйл баримт шүүх хуралдаанаар шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байх бөгөөд Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжийг агуулж байна. 

Дээрх гэмт хэргийг шүүгдэгч П.Г үйлдсэн болох нь хохирогч П.Гын”... Нэг сэргээд ухаан орсон чинь гэрийнхээ гадаа цустайгаа холилдсон хэвтэж байсан манай хүргэн Б нутгийн хүмүүстэй намайг өргөж гэрт оруулж байсан. Надад хэнтэй юунаас болж маргалдсан талаар мэдэж байгаа юм байхгүй би их согтсон байсан гэхдээ эрүүл хүн шиг яваад байсан байна лээ эмнэлэгт ирээд хэнтэй маргалдаад хэн намайг хутгалсан талаар мэдсэн, манай дүү П.Г намайг хутгалсан байсан...” гэх мэдүүлэг, гэрч Я.Бгийн”... 2019 оны 10 дугаар сарын 26-ны шөнийн 03:00 орчимд тус сумын Чандмань багаас өөрийгөө хутгалсан гэх хүн манай хүлээн авах тасагт ирсэн байсан. Тус хүн нь Пийн Га, 36 настай, эрэгтэй хүн байсан...” гэх мэдүүлэг, гэрч Б.Бын”... Удалгүй хоорондоо маргалдаад байхаар нь гайгүй байх гэж бодоод хэвтэж байтал Б.Б орилоод байхаар нь эхнэрийн хамт босоод яваад очтол П.Г нь баруун гартаа хүрэн иштэй хутга барьсан П.Га ахыг хутгалсан гэмээр дүр зурагтай дахин хутгалах гээд байж байхад нь болиулж, манай эхнэр П.Г тэр хутгыг П.Гы гараас шүүрч аваад нэг тийш нь шидсэн...” гэх мэдүүлэг, гэрч Б.Бгийн”...П.Г нь тус аймгийн Хангай сумын Чандмань багийн Баруун эхээр нутгийн айлуудад зар тараачихаад гэртээ шөнө согтуу орж ирээд байж байхад араас нь П.Га ах орж ирээд мотоциклийнхоо түлхүүрийг өгчих гээд тэр хоёр гараад явсан. Удалгүй тэр хоёр гэрийн гадаа хоорондоо маргалдаад байх шиг байсан тэгсэн П.Г гэрт орж ирээд үүдэнд байрлах шүүгээнээс бор иштэй хутга аваад гарах гэхээр нь боль гээд болиулах гэсэн боловч хүчрэхгүй байсан. Тэгээд араас нь зууралдаад дагаад гартал П.Га ах газар унасан байхад нь манай нөхөр П.Г бор иштэй хутгийг баруун гартаа барьчихаад П.Га ахын баруун мөр, цээж, баруун гуя хэсэгт нь тус тус хатгасан ...” гэх мэдүүлэг, гэрч П.Гийн”...Б.Б орилоод байхаар нь нөхөр Б.Бын хамт босоод яваад очтол П.Г нь баруун гартаа хүрэн иштэй хутга барьсан П.Га ахыг хутгалсан, дахин хутгалах гээд байж байхад нь би тэр хутгыг П.Гы гараас шүүрч аваад гэрийн зүүн хаяа руу шидсэн...” гэх мэдүүлэг, хохирогчийн биед хөнгөн хохирол учирсан болохыг тогтоосон Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 515 дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулинд “Гэр бүлийн хүчирхийлэл” гэж энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодид халдсан үйлдэл, эс үйлдэхүйг ойлгоно гэж, мөн хуулийн 3 дугаар зүйлд “Энэ хуулийн үйлчлэлд дараахь этгээд хамаарна, ...эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, тэдгээрийн асрамж, хамгаалалтад байгаа этгээд, тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа этгээд...” гэж тус тус заасан бөгөөд шүүгдэгч П.Гы гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох төрсөн ах П.Гыг архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хутгалж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй байна.

Архангай аймгийн прокурорын газраас шүүгдэгч П.Гы гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлтэй, зүйлчлэл тохирсон, хавтаст хэрэгт авагдсан болон талуудын хүсэлтээр шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримт нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэргийг  шийдвэрлэх боломжтой байна гэж дүгнэв. Шүүгдэгч П.Г нь өөрийн гэм буруу болон прокурорын сонсгосон ял, эрүүгийн хариуцлагын талаар хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн, хохирогчтой эвлэрсэн үндэслэлээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 17.5 дугаар зүйлд заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн бөгөөд хохирогч П.Га нь санал хүсэлт байхгүй, гомдолгүй талаар бичгээр хүсэлт ирүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгчтэй эвлэрсэн, шүүгдэгч өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж шүүгдэгч П.Гыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. 

Шүүгдэгч П.Г нь тохиолдлын шинж чанартай нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож түүнд эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэн оногдуулах нөхцөл байдал тогтоогдохгүй байгааг дурдан, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхээр ирүүлэхдээ прокурор яллагдагч П.Гд 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялын санал гаргасныг шүүгдэгч П.Г хүлээн зөвшөөрсөн байх бөгөөд прокурорын саналыг харгалзан торгох ял оногдуулахаар шийдвэрлэв. 

Шүүгдэгч П.Г нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт хөрөнгө битүүмжлээгүй болохыг тус тус дурдаж,  хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хутга 1/нэг/ ширхэгийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахаар шийдвэрлэв.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.5, 1.6, 36.8 дугаар зүйлийн 3, 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

             1.  Шүүгдэгч А овогт Пийн Гыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж,  хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
             2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.Гыг 450/дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000/дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй. 

             3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Г нь шүүхээс оногдуулсан 450/дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.00/дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3/гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай. 

             4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.Г нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15/арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй. 

             5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйшйн 1.8 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хутга 1/нэг/ ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай

             6. Шүүгдэгч П.Г нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй  болохыг тус тус дурдсугай. 

             7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, хохирогч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 

8. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч П.Гд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай. 

 

                                           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   П.ГАНДОЛГОР