Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 05 сарын 23 өдөр

Дугаар 2019/ШЦТ/135

 

                                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч П.Гандолгор даргалж

Улсын яллагч: Э.Билгүүн

Шүүгдэгч: С.Б

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Энхбаяр нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Сгийн Бд холбогдох эрүүгийн .. тоот хэргийг хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1..суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Архангай аймгийн Өгийнуур сумын Тоглох баг, _.............. гэх газар оршин суух хаягтай, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, улсаас авсан гавъяа шагналгүй,  овогт Сгийн Б/РД:АЖ/ 

                               Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч С.Б нь 2019 оны 03 дугаар сарын 17-ны орой Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 3-р багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг Арвис нэртэй бааранд иргэн О.Отай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан зодож түүний бие эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав.

 

       *Эрүүгийн 1912001810150 тоот хэргээс мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

 

           *Хохирогч О.Огийн өгсөн: 

“...Арвис бааранд 2019 оны 03 дугаар сарын 17-ны орой явж байгаад нэг залуутай шүргэлцтэл намайг хавирч унагаагаад өшиглөсөн. Миний нүүр рүү өшиглөсөн, нүүр хавдсан, урууланд оёдол тавиулсан, нэг шүд унасан, нэг шүд хугарсан. Хоёр шүдээ янзлуулна. Гарсан зардлаа нэхэмжилнэ. Өөр гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг/хх-ийн 7-11 дүгээр тал/ 

 

*Хохирогч О.Огийн дахин өгсөн:

“...Надад нэхэмжлэх зүйл байхгүй. Би С.Баас 1.600.000 төгрөгөө бэлнээр авсан. Бид 2 сайн дураараа эвлэрсэн, санал, хүсэлт байхгүй...” гэх мэдүүлэг/хх-ийн 12-13 дугаар тал/ 

 

*Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 149 дугаартай: 

“...О.Огийн биед, гэмтэл учирчээ. О.Огийн биед, баруун ба зүүн нүд, хамрын нурууны хэсгээр зөөлөн эдэд няцралт, цус хуралт, 21-р шүд унасан, 11-р шүд хөдөлсөн гэмтлүүд учирчээ. Дээрх гэмтлүүд нь тус тусдаа шинэ гэмтэл байна. Хэрэг болох үед үүсэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн цохих, цохигдох үйлчлэлээр үүснэ. 21-р шүд унасан нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг 5%-д тогтонги байдлаар алдагдуулна. Баруун ба зүүн нүд, хамрын нурууны хэсгээр зөөлөн эдэд няралт, 21-р шүд унасан гэмтэл нь тус тусдаа “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2-4-1-д зааснаар биеийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн гэмтэлд, 11-р шүд хөдөлсөн гэмтэл нь шүд унаагүй байх тул одоогоор *Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам*-ын 51-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй...” гэх дүгнэлт/хх-ийн 20 дугаар тал/ 

 

           *Яллагдагч С.Бы өгсөн: 

           “...2019 оны 03 дугаар сарын 17-ны орой би ганцаараа Арвис бааранд орж суусан. Арвис бааранд ороод би 2-3 шил пиво 200 грам архи уусан бага зэрэг халамцуухан байсан. Тэгээд байж байтал бүжгийн талбай дээр О.О гэх залуутай шүргэлцэж түүнээсээ болж маргалдаад тэгээд тэр уурандаа нэг удаа О.Огийн зүүн талын эрүү хацар орчимд цохьсон тэр үед О.О газар унасан. Тэгээд босч ирээд намайг барьж аваад хавсарч надтай хамт газар унаад дахин намайг газар унагаах гээд тонгорох гэх үед нь би хойшоо мултарч О.О дахиад газар унасан. Тэгээд л салцгаасан би дахин гар хүрээгүй. Удалгүй байж байтал цагдаа нар ирээд намайг дагуулаад цагдаа дээр ирсэн. Тухайн үед шалтгаан гэх зүйл байхгүй талбай дээр бүжиглэж байгаад бид 2 шүргэлцэж тэгээд л маргалдсан. Би нэг удаа түүний эрүү хацар орчимд гараараа цохьсон. Тэгээд барьцалдаж аваад газар нэг удаа хамт унасан. Өөр байдлаар цохиж зодоогүй. Би тэр үед ганцаараа явж байсан. О.Огийн биед учирсан гэмтлийг би учруулсан. Бид хоёр нэг нэгийгээ огт танихгүй...” гэх мэдүүлэг/хх-ийн 31-33 дугаар тал/ 

 

*Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 37 дугаар тал/ 

*Яллагдагч, хохирогч нарын хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт/хх-ийн 44, 45 дугаар тал/ 

*Эд мөрийн баримтаар хураагдсан сиди 1 ширхэг/хх-ийн 7 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно. 

 

2019 оны 03 дугаар сарын 17-ны орой Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 3-р багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг Арвис нэртэй бааранд иргэн О.О нь бусдад зодуулж, түүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учирсан гэх үйл баримт шүүх хуралдаанаар шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байх бөгөөд Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжийг агуулж байна. 

 

Дээрх гэмт хэргийг шүүгдэгч С.Б үйлдсэн болох нь шүүгдэгч С.Бы гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлсэн яллагдагчаар өгсөн мэдүүлэг, хохирогч О.Огийн”... Арвис бааранд 2019 оны 03 дугаар сарын 17-ны орой явж байгаад нэг залуутай шүргэлцтэл намайг хавирч унагаагаад өшиглөсөн. Миний нүүр рүү өшиглөсөн, нүүр хавдсан, урууланд оёдол тавиулсан, нэг шүд унасан, нэг шүд хугарсан...” гэх мэдүүлэг, хохирогчийн биед хөнгөн хохирол учирсан болохыг тогтоосон Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 149 дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх ба шүүгдэгч С.Бы бусдын биед халдаж хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй байна. 

 

Архангай аймгийн Прокурорын газраас шүүгдэгч С.Бы хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлтэй, зүйлчлэл тохирсон, хавтаст хэрэгт авагдсан болон талуудын хүсэлтээр шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримт нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэргийг  шийдвэрлэх боломжтой байна гэж дүгнэв. Шүүгдэгч С.Б нь өөрийн гэм буруу болон прокурорын сонсгосон ял, эрүүгийн хариуцлагын талаар хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн, хохирогчтой эвлэрсэн үндэслэлээр прокуророос Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 17.5 дугаар зүйлд заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн бөгөөд хохирогч О.О нь санал хүсэлт байхгүй, гомдолгүй талаар бичгээр хүсэлт ирүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгчтэй эвлэрсэн, шүүгдэгч өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж шүүгдэгч С.Быг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. 

 

Шүүгдэгч С.Б нь тохиолдлын шинж чанартай нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирол төлбөрийг төлж барагдуулсан зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож түүнд эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэн оногдуулах нөхцөл байдал тогтоогдохгүй байгааг дурдан, түүний хувийн байдал, прокурорын саналыг харгалзан торгох ял оногдуулж уг ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв. 

 

Шүүгдэгч С.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй болохыг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан сиди-1 ширхэгийг хэргийн хугацаа дуустал хэрэгт хадгалах нь зүйтэй байна. 

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.5, 1.6, 36.8 дугаар зүйлийн 3, 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон 

 

ТОГТООХ нь:

 

             1. Шүүгдэгч Б овогт С-гийн Б-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

 

             2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Быг 450/дөрван зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000/дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй. 

 

             3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Б нь шүүхээс оногдуулсан 450/дөрван зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000/дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг 3/гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай. 

 

             4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15/арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй. 

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан сиди 1/нэг/ ширхэгийг хэргийн хугацаа дуусах хүртэл хэрэгт хадгалсугай. 

 

             6. Шүүгдэгч С.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт хөрөнгө битүүмжлэгдээгүй болохыг тус тус дурдсугай. 

 

             7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, хохирогч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 

 

8. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч С.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай. 

 

 

 

                               ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                             П.ГАНДОЛГОР