| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Доржийн Батцэнгэл |
| Хэргийн индекс | 162/2019/0196/Э |
| Дугаар | 2019/ШЦ/267 |
| Огноо | 2019-10-18 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | В.Дэлгэрмаа |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 10 сарын 18 өдөр
Дугаар 2019/ШЦ/267
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батцэнгэл даргалж,
Улсын яллагч: В.Дэлгэрмаа,
Нарийн бичгийн дарга: Б.Оюунтөгс,
Шүүгдэгч: Ч.Б түүний өмгөөлөгч Т.Пүрэвдаваа нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор В.Дэлгэрмаагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1914006080353 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 10 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
1. Шүүгдэгч, Монгол Улсын иргэн, Ч.Б
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Ч.Б нь 2019 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр Баянхонгор аймгийн Баянбулаг сумын Бүрд 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт Б.Ныг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. / яллах дүгнэлтэд бичигдсэнээр /
ТОДОРХОЙЛОХ нь:
Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:
1. Шүүгдэгч Ч.Б ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
... Би тогтоолтой танилцлаа. Эрх үүргээ ойлгож мэдлээ. Би өмгөөлөгч авсан. Хэргийн зүйлийг хүлээн зөвшөөрч байна. Би мэдүүлэг өгөхөөс татгалзаж байна...гэх мэдүүлэг /хх-ийн 36-37/
2. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ч.Б өөрийн эсрэг мэдүүлэг өгөхгүй гэсэн тул мэдүүлэг аваагүй болно.
3. Хохирогч Б.Нын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
... би Б, Б бид гурав үлдсэн тэгтэл Бын хашаанд цоохор азарга сул явж байсан тэгтэл Б эхнэр лүгээ чи бугуйл олоод ир гэсэн тэгтэл эхнэр нь би мэдэхгүй танай дүү бугуйлыг чинь авч байсан би мэдэхгүй танай дүү бугуйлыг чинь авч байсан би хэрүүл үүсэж байсан тэгтэл Б жингэр минь эрүүг чинь заачихна шүү гээд байсан тэгээд Б дөрвөлжин дээр байсан тогоо өшиглөх шиг болсон тэгтэл тогооны халби ойгоод эхнэрийнх нь хажууд унасан тэгтэл эхнэр нь зугтаад миний ардуур орсон тэгэхээр нь би Б эхнэр С хоёрын голоор ороод Быг түлхээд орон дээр нь суулгаад миний дүү битгий тэг гэж хэлэхэд Б халхын шороон намайг барахгүй гээд байсан тэгээд би буцаад эргээд явтал Б чамайг алчихъя гээд орны доод тал руу гараа шургуулсан тэгтэл нэг хайч, заазуур хоёрыг бариад босоод ирсэн тэгэхээр нь би Быг барьж авах гээд хайчтай гарыг цохиод авсан тэгтэл заазуураар миний зүүн талын шанаа руу цохиод авах шиг болсон тэгээд миний шанаанаас цус гараад ирсэн тэгээд дахиад заазуураараа миний баруун гарыг зүсээд хаясан тэгээд би Баас жоохон зайгаа аваад зогсож байтал Б хайчаа тэнийлгээд даавуугаар ороогоод чамайг би гүйцээчихье гээд зогсож байтал *******, ******* хоёр гаднаас ороод ирсэн тэгээд та нар юу болж байна гэсэн тэгээд бид хоёр юу ч дугараагүй...би эмнэлэг дээр шанаандаа 3 оёдол тавиулаад шингэн залгуулж байгаад шөнөдөө Баянхонгор аймагт эмчээр хүрүүлж ирсэн... гэх мэдүүлэг /хх-ийн 09 /
4. Гэрч М.Сын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
... манай нөхөр Быг ******* ах аваад гэрт орсон тэгээд би араас нь гэртээ ортол манай гэрийн үүдэн хэсэгт бөөн цус болчихсон байсан тэгээд би цэвэрлэх гэсэн чинь өглөө цагдаа нар ирнэ битгий цэвэрлэ гэж манай нөхөр хэлсэн тэгээд бид хоёр урд илүү гэртээ орж хоносон өглөө цагдаа нар ирээд Быг аваад явсан. гэх мэдүүлэг /хх-ийн 18/
5. Гэрч Я.Бийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
... Нын гэрт очоод нэг дээл олж өмсөөд ******* ахын гэрт иртэл Нын эрүүнээс цус гарчихсан гэрийн нь баруун талд зогсож байсан харин Б гэрийнхээ үүдэнд заазуур барьчихсан зогсож байсан тэгэхээр би заазуурыг нь гараас нь булааж аваад гэрийн хаалгаар гаргаад шидсэн тэгээд Ныг аваад эмнэлэгт хүргэж өгсөн. гэх мэдүүлэг /хх-ийн 20/
6. Гэрч Э.Дийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
... Би Ч.Быг таньдаг нэг нутгийн хүмүүс Садан төрлийн холбоо байхгүй Манай дүүтэй нэг анги, бид найзууд манайхаар орж гараад явдаг юм. Ч.Быг 4 дүгээр ангид байхаас нь хойш таньж найзалж нөхөрлөсөн. Одоо эхнэр 2 хүүхэдтэйгээ Аав *******гийндээ Ээж дүү нартайгаа амьдардаг өрх тусгаарлаагүй байгаа. Даруухан дуу цөөнтэй Хүнд их тусархуу Худал ярьдаггүй сайн залуу хар ажилд бол маш сайн. Хорт муу зуршил гээд байх юм байхгүй гэж бодож байна Харин сүүлийн үед жаахан архи уугаад байх дуулдаад байгаа надтай бол архи уусан тааралдаагүй... гэх мэдүүлэг /хх-ийн 50-51/
7. Гэрч Ц.Цын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
... Би Ч.Быг таньдаг нэг нутгийн хүмүүс Садан төрлийн холбоотой Манай эхнэртэй Ч.Бын ээж садны холбоотой Манай хоёр хамар хашаанд байдаг юм. Ч.Бтай хамар хашаанд буугаад 5 жил болж байна. Одоо эхнэр 2 хүүхэдтэйгээ Аав *******гийндээ Ээж дүү нартайгаа амьдардаг өрх тусгаарлаагүй байгаа. Эрүүл саруул үедээ хүнд тусархаг хөөрхөн ааштай хүнд их тусч хүн чанар сайтай Худал ярьдаггүй сайн залуу. Ер нь бол хүмүүстэй нийлж дарвиад архи уух асуудал гаргаад байх шиг байдаг юм Ондоо Хорт муу зуршил гээд байх юм байхгүй гэж бодож байна хүний үгэнд их оромтгой түүнийг нь хүмүүс ашиглаад байдаг юм байгаа юм Харин сүүлийн үед жаахан архи уугаад байх дуулдаад байгаа надтай бол архи уусан харагдаагүй... гэх мэдүүлэг /хх-ийн 52-53/
8. Баянхонгор аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 540 дугаартай шинжээчийн:
1. Б.Нын биед доод эрүү,баруун сарвуунд шарх, зөөлөн эдийн няцрал, дух, чамархайд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.
2. Дээрх гэмтлүүд нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
3. Эдгээр гэмтлүүд нь амь насанд аюулгүй болно.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй.
5. Дээрх доод эрүү, баруун сарвууны шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл нь ир үзүүр бүхий хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх бөгөөд тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Харин дух, чамархайн зулгаралт гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх ба тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанаас 7-9 хоногийн өмнө үүссэн байх боломжтой бөгөөд гэмтлийн зэрэгт хамаарахгүй болно.гэх дүгнэлт /хх-ийн 23/ болон хавтаст хэргийн 28 дугаар хуудсанд авагдсан шүүгдэгч Ч.Бын багийн Засаг даргын тодорхойлолт, хавтаст хэргийн 29 дүгээр хуудсанд авагдсан шүүгдэгч Ч.Бын иргэний үнэмлэхийн лавлагаа, хавтаст хэргийн 40 дүгээр хуудсанд авагдсан эд хөрөнгө битүүмжилсэн прокурорын тогтоол, хавтаст хэргийн 66 дугаар хуудсанд авагдсан шүүгдэгч Ч.Бын ял шийтгэлийн тэмдэглэл, хавтаст хэргийн 74-83 дугаар хуудсанд авагдсан шүүгдэгч Ч.Бын Баянхонгор аймгийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын хуулбар хавтаст хэргийн 42-45 дугаар хуудсанд авагдсан шүүгдэгч Ч.Бын эзэмшлийн гар утас битүүмжилсэн тэмдэглэл, шүүхийн хэлэлцүүлэгт өмгөөлөгч шинээр 8 хуудас нотлох баримт гаргаж өгсөн баримтууд зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар нотолбол зохих байдлыг нотолсон байна гэж үзлээ.
Шүүхээс шүүгдэгч Ч.Б нь 2019 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр Баянхонгор аймгийн Баянбулаг сумын Бүрд 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт иргэн Б.Ныг заазуураар доод эрүүний зүүн булан,баруун сарвуу, алга хэсгийг зүсэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйл баримт болсон нь хохирогч Б.Н, гэрч М.С, Я.******* нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 540 дугаар дүгнэлт зэрэг нотлох баримтаар тогтоогдож байна.
Дээрх үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг агуулж байх тул шүүгдэгч Ч.Бт эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүх шүүгдэгч Ч.Бт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан “ Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний...үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлан, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч Ч.Б нь урьд нь Баянхонгор аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 217 дугаартай шийтгэх тогтоолоор Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр мөн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан 1 жилийн хугацаагаар тэнссэн байсан бөгөөд уг тэнссэн хугацаанд, оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр санаатай гэмт хэрэг үйлдсэн тул Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт нь ял оногдуулж өмнөх шийтгэх тогтоолоор нэг жилийн хугацаагаар тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож нэмж нэгтгэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүх шүүгдэгч Ч.Бт Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж уг ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялд оруулан тооцож өмнөх шийтгэх тогтоолоор нэг жилийн хугацаагаар тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож нэг жилийн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг тогтоох нь зүйтэй гэж дүгнэлээ.
Шүүгдэгч Ч.Бын эзэмшлийн гар утас битүүмжилсэн 2019 оны 09 дугаар сарын 18-ний өдрийн Баянхонгор аймгийн Прокурорын газрын прокурорын тогтоолыг хүчингүй болгож, дээрх гар утсыг эзэмшигч Ч.Бт шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгцээний дагуу буцаан олгохоор шийдвэрлэв.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч хоёр сая төгрөг нэхэмжилсэн бөгөөд шүүгдэгч нь шүүхийн хэлэлцүүлэгт нөхөн төлөхөө илэрхийлж байгаа боловч хохирогчийн зүгээс хоёр сая төгрөг нэхэмжилж байгаа нэхэмжлэлийн талаар тодорхой нотлох баримтыг гаргаж өгөөгүй тул хохирогчийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шүүгдэгч Ч.Быг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Хэрэгт шүүгдэгч Ч.Бын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан эд мөрийн баримтаар заазуур нэг ширхэг, хайч нэг ширхгийг хураан авсан Баянхонгор аймгийн Прокурорын газрын прокурорын 2019 оны 09 дүгээр сарын 10-ний өдрийн тогтоолыг хүчингүй болгож уг заазуур болон хайчийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Шүүхийн тамгын газарт даалгав.
Ч.Бт нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдав.
Хэрэгт шүүгдэгч Ч.Бын эзэмшлийн гар утсыг битүүмжилсэн 2019 оны 09 дүгээр сарын 18-ний өдрийн Баянхонгор аймгийн Прокурорын газрын прокурорын тогтоолыг хүчингүй болгож уг гар утсыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгцээний дагуу эзэмшигч Ч.Бт буцаан олгож шийдвэрлэв.
Шүүгдэгч Ч.Бт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорьж шийдвэрлэв
Шүүгдэгч Ч.Б нь урьд нь ял шийтгэгдэж байсан талаар ЦЕГ-ын мэдээллийн санд бүртгэгдээгүй боловч хавтаст хэрэгт түүнийг Баянхонгор аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 217 дугаартай шийтгэх тогтоолоор Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр мөн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан 1 жилийн хугацаагаар тэнсэж байсан шийтгэх тогтоолын хуулбарыг хавсаргасан байх тул түүнийг урьд нь ял шийтгүүлж байсан гэж үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ч.Быг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Ч.Быг хоёр зуун дөчин / 240 / цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5, 6.8 дугаар зүйлийн 2.2, 6.9 дүгээр зүйлийн 1, 6.9 дүгээр зүйлийн 2-д зааснаар шүүгдэгч Ч.Бт 2019 оны 08 дугаар сарын 02-ний өдрийн 217 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан нэг жилийн хугацаагаар тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар оногдуулсан хоёр зуун дөчин цагийн найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож гуч хоног буюу нэг сарын хугацааг өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан нэг жилийн ялыг нэмж түүний нийт эдлэх ялыг нэг жил нэг сарын / 01 жил 01 сар / хугацаагаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4-д зааснаар ялтан Ч.Бт оногдуулсан нэг жил нэг сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
5. Энэ хэргийн учир шүүгдэгч Ч.Б нь бусдад төлөх төлбөргүй, уг хэрэгт цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4, 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар гэмт хэрэг үйлдэхэд ашигласан заазуур болон хайчийг эд мөрийн баримтаар хураасан Баянхонгор аймгийн Прокурорын газрын Прокурорын 2019 оны 09 дүгээр сарын 10-ний өдрийн тогтоолыг хүчингүй болгож уг заазуур болон хайчийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Шүүхийн тамгын газарт даалгасугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1, 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар энэ хэрэгт шүүгдэгч Ч.Бын эзэмшлийн гар утсыг битүүмжилсэн 2019 оны 09 дүгээр сарын 18-ний өдрийн Баянхонгор аймгийн Прокурорын газрын прокурорын тогтоолыг хүчингүй болгож уг гар утсыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгцээний дагуу эзэмшигч Ч.Бт буцаан олгосугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шүүгдэгч Ч.Бт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорьж, түүний эдлэх ялыг 2019 оны 10 дугаар сарын 18-ний өдрөөс эхлэн тоолсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 2-д зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээдэд тогтоолыг гардуулан өгч, шүүхийн шийдвэрийг авах тухай хүсэлт гаргасан бусад оролцогчид шүүхийн шийдвэрийг үйлдсэнээс хойш 7 хоногийн дотор шүүхэд ирж гардаж авахыг мэдэгдсүгэй.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардаж авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар шүүхийн захиргааны ажилтан хүлээн авах хүнд биечлэн гардуулж, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай.
11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дугаар зүйлийн 2-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Ч.Бт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.БАТЦЭНГЭЛ