| Шүүх | Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төмөрбаатарын Эрдэнэтунгалаг |
| Хэргийн индекс | 103/2016/00495/И |
| Дугаар | 103/ШШ2016/00514 |
| Огноо | 2016-11-21 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 11 сарын 21 өдөр
Дугаар 103/ШШ2016/00514
| 2016 оны 11 сарын 21 өдөр | Дугаар 103/ШШ2016/00514 | Улаанбаатар хот |
Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Эрдэнэтунгалаг би,
Нэхэмжлэгч: Хаан банкны Багануур салбарын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Багануур дүүргийн 1 дүгээр хороо, 22 дугаар байрны 34 тоотод оршин суух, Тайчууд овогт Нацагсүрэнгийн Ганхөлөг, Боржигон овогт Ганболдын Жавзанхорол нарт холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт 39.905.968 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч хянаад:
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Хаан банкны Багануур салбар нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч нар нь Хаан банкны Багануур салбарын Гүн галуутай тооцооны төвөөс 2013 оны 10 дугаар сарын 23-ны өдөр №ЗГ/2259 дугаартай орон сууцны ипотекийн зээлийн гэрээ байгуулан 42.000.000 төгрөгийг жилийн 8 хувийн хүүтэй, 240 сарын хугацаатай орон сууц худалдах, худалдан авах зориулалтаар зээлсэн бөгөөд зээлийн барьцаанд зээлдэгч Ганхөлөгийн өмчлөлийн Ү-2208001963 тоот эрхийн улсын бүртгэлтэй, Багануур дүүргийн 1 дүгээр хороо, 22 дугаар байрны 34 тоотод байрлах 29 м.кв талбайтай 2 өрөө орон сууц, Ганхөлөг, Жавзанхорол нарын өмчлөлийн 40 инчийн зурагт, хөргөгч, тоос сорогч, угаалгын машин, 2 ширхэг хивс, шкаф, компьютер зэргийг тус тус барьцаалан зээлдсэн. Зээлдэгч нар нь үндсэн зээлд 2.142.525 төгрөг, зээлийн хүүд 9.614.426 төгрөг нийт 11.756.951 төгрөг төлсөн. Одоо үндсэн зээлийн үлдэгдэл 39.310.208 төгрөг, зээлийн хүү 581.215 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 45 төгрөг, нотариатын зардал 14.500 төгрөг нийт 39.905.968 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Зохигчдын эвлэрлийн гэрээнд: Тус иргэний хэрэгт хариуцагч нар нь хугацаа хэтэрсэн зээл болон 2016 оны 12 дугаар сарын эргэн төлөлт нийт 1.723.000 төгрөгийг төлж зээлийг хугацаа хэтрэлтээс гарган цаашид үлдэгдэл зээлийг графикийн дагуу төлж барагдуулахаар, нэхэмжлэгч байгууллагаас хариуцагч нарын барьцааны хөрөнгийг битүүмжлүүлэх тус шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн хүсэлт шийдвэрлэх тухай 1774 дугаар захирамжийг хүчингүй болгуулж, битүүмжлэлийг цуцлахаар эвлэрч байна. Эвлэрлийн гэрээ байгуулсан Нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч Б.Өвгөнхүү, хариуцагч Н.Ганхөлөг, Г.Жавзанхорол гэжээ.
Шүүхээс хавтаст хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтууд, зохигчдын эвлэрлийн гэрээ зэргийг шинжлэн судлаад:
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Хаан банкны Багануур салбар нь хариуцагч Н.Ганхөлөг, Г.Жавзанхорол нараас зээлийн гэрээний үүргийн биелэлт 39.310.208 төгрөг, зээлийн хүү 581.215 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 45 төгрөг, нотариатын зардал 14.500 төгрөг нийт 39.905.968 төгрөгийг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргажээ.
Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид эвлэрэн хэлэлцэж эвлэрлийн гэрээг бичгээр байгуулан талууд гарын үсгээ зурж баталгаажуулан шүүхэд бичгээр ирүүлсэн нь Иргэний хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Хаан банкны Багануур салбарын нэхэмжлэлтэй, Тайчууд овогт Нацагсүрэнгийн Ганхөлөг, Боржигин овогт Ганболдын Жавзанхорол нарт холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт 39.310.208 төгрөг, зээлийн хүү 581.215 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 45 төгрөг, нотариатын зардал 14.500 төгрөг нийт 39.905.968 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нар нь 2016 оны 12 хүртлэх хугацаа хэтэрсэн зээл 1.723.000 төгрөгийг төлсөн, цаашид зээлийн үлдэгдлийг хуваарийн дагуу мөн нотариатын зардал 14.500 төгрөгийг төлөхөөр, нэхэмжлэгч байгууллагаас хариуцагч нарын барьцааны хөрөнгийг битүүмжлэх захирамжийг хүчингүй болгуулж, битүүмжлэлийг цуцлуулахаар зохигчид эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч байгууллагаас тэмдэгтийн хураамжид төлсөн 357.480 төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож 178.740 төгрөгийг улсын төсвөөс буцаан, хариуцагч Н.Ганхөлөг, Г.Жавзанхорол нараас тэмдэгтийн хураамжид 178.740 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Хаан банкны Багануур салбарт олгосугай.
3.Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн хүсэлт шийдвэрлэх тухай 1774 дугаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг зогсоосугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Т.ЭРДЭНЭТУНГАЛАГ