Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Батсүрэнгийн Ундрах |
Хэргийн индекс | 101/2017/00475/и |
Дугаар | 001/ХТ2018/00475 |
Огноо | 2018-03-27 |
Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2018 оны 03 сарын 27 өдөр
Дугаар 001/ХТ2018/00475
“Х” ХХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2017 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 101/ШШ2017/03023 дугаар шийдвэр,
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2017 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 2502 дугаар магадлалтай,
Нэхэмжлэгч: “Х” ХХК
Хариуцагч: “Б” ХХК-д холбогдох
Үндсэн нэхэмжлэл: нийт 109 365 628 төгрөг гаргуулах тухай,
Сөрөг нэхэмжлэл: 109 365 628 төгрөг төлөгдсөн болохыг тогтоолгох тухай иргэний хэргийг
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Т гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: хариуцагчийн төлөөлөгч Ө.А, нарийн бичгийн даргад Э.Боролдой нар оролцов.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 2007 онд “Б” ХХК болон “Х” ХХК-ийн хооронд орон сууц захиалгын 4/07-126 тоот гэрээ байгуулагдаж, уг гэрээний дагуу 1 дүгээр ээлжийн барилгаас 52 м.кв талбайтай 10 орон сууцыг 1 м.кв талбайн үнийг 450 ам.доллараар тооцон захиалж, 7 орон сууцыг гэрчилгээгүйгээр хүлээн авсан. Үлдсэн 3 орон сууцыг хүлээлгэж өгөөгүй. 2009 онд 2 дахь ээлжийн барилгаас талуудын хооронд байгуулагдсан 4/09-056 тоот орон сууц захиалгын гэрээгээр 50 орон сууцыг 1 м.кв талбайн үнийг 530 ам.доллар, нийт 1,138,996 ам.доллараар худалдан авахаар тохиролцсон боловч чанарын доголдлоос үүдэн 15 орон сууц болгон багасгаж гэрээндээ өөрчлөлт оруулсан. Энэ гэрээний дагуу үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээтэй 14 орон сууцыг өмчлөлдөө авсан. Талууд 2010-07- 23-ны өдөр тооцоо нийлэн акт үйлдсэн бөгөөд дээрх 2 гэрээний дагуу 4 орон сууцыг өнөөдрийг хүртэл хүлээлгэж өгөөгүйгээс 109,365,628.20 төгрөгийг авч чадахгүй байна. “Х” ХХК-ийн зүгээс “Б” ХХК-ийг дээрх төлбөрийг буцаан төлөхийг шаардахад 2011 оны 54, 72, 73 тоот албан бичгүүдээр бүрэн төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрсөн. Харин “Х” ХХК-ийн зүгээс 2012 онд 8а/3806, 2012 онд 8/3897, 2014 онд 5а/3118 тоот албан бичгээр удаа дараа шаардлага хүргүүлсэн боловч төлж барагдуулаагүй. Мөн 2016-12- 07-ны өдөр “Х” ХХК болон “Б” ХХК-ийн хооронд хийсэн уулзалтаар дээрх төлбөрийг төлж барагдуулахыг шаардсан. Шүүхэд хандах талаар мэдэгдсэнийг хүлээн зөвшөөрсөн. Иймд Иргэний хуулийн 225.1, 227.1-т заасныг үндэслэн 5 дугаар байрны 2, 19 тоот, 7 дугаар байрны 3 тоот 51.95 м.кв орон сууц тус бүрийн үнэд төлсөн 27 691 116 төгрөг, 9 дүгээр байрны 19 тоот 39.25 м.кв орон сууцны үнэд төлсөн 26 279 279 төгрөг, нийт 109 365 628 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан хариу тайлбарт: 2012 оны 02 дугаар сарын 17-ны өдөр 1410000513 тоот барьцаат зээлийн гэрээ “Х” ХХК, “Рендербау” ХХК, “Б” ХХК нарын хооронд байгуулагдсан бөгөөд уг гэрээний барьцаа болох “Б” ХХК-ийн эзэмшлийн 64 га газрыг 5 000 000 000 төгрөгөөр үнэлсэн. Энэхүү гэрээгээр 2012 оны 02 дугаар сарын 17-ны өдрөөс өмнөх “Б” ХХК-ийн бүх өр төлбөр “Рендербау” ХХК-д шилжсэн. Үүний дагуу “Х” ХХК шүүхэд “Рендербау” ХХК, “Б” ХХК-иас 2 416 175 ам.долларыг гаргуулах нэхэмжлэлийг гаргасан. Ингээд 2014 оны 3 дугаар сарын 19-ний өдрөөр бүх өр төлбөрийг дээрх газраар хангуулж, уг газар “Х” ХХК-д шилжсэн. Иймд “Б” ХХК нь “Х” ХХК-д өөр ямар нэгэн өр төлбөргүй тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.
Хариуцагч сөрөг нэхэмжлэлийн шаардлагадаа: “Б” ХХК, “Х” ХХК-тай 2007 онд орон сууц захиалгын 4/07-126 тоот гэрээг байгуулж, уг гэрээний дагуу Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Ургах наран хороололд 52 м.кв талбайтай 1 м.кв талбайн үнийг 450 ам.доллараар тооцож, 10 орон сууцнаас 7 орон сууцыг хүлээлгэн өгсөн. “Х” ХХК нь манай компанитай 2009 онд 4/09-056 тоот орон сууц захиалгын гэрээг байгуулж, 50 орон сууцыг 1 м.кв талбайн үнийг 530 ам.доллараар худалдан авах ёстой байсан боловч тодорхойгүй шалтгааны улмаас захиалсан орон сууцаа 15 болгон багасгаж, 14 орон сууцыг хүлээн авсан. 2012 онд “Б” ХХК-ийн “Х” ХХК-д төлөх 2 162 000 ам.долларын өр төлбөрийг “Б” ХХК-д хувьцаа эзэмшиж байсан “Рендербау” ХХК нь 2012 оны 02 дугаар сарын 17-ны өдөр 1410000513 дугаар барьцаат гэрээг “Х” ХХК-тай байгуулж, бүх өр төлбөрийг хүлээн авсан. Өөрөөр хэлбэл, “Х” ХХК, “Б” ХХК-ийн 2006 оноос хойш үүссэн бүх өр төлбөрийг тооцож “Рендербау” ХХК-тай зээлийн гэрээ байгуулсан бөгөөд маргаж байгаа 4 орон сууцны үнэ болох 109 365 628.20 төгрөг уг төлбөр тооцоонд тооцогдон орсон. Түүнээс “Рендербау” ХХК нь “Х” ХХК-тай байгуулсан энэ гэрээний дагуу 2 162 000 ам.долларын зээлийг бодитойгоор хүлээн аваагүй. “Рендербау” ХХК нь 2012 оны 02 дугаар сарын 17-ны өдөр 141000513 дугаар барьцаат гэрээг биелүүлж чадаагүй тул “Х” ХХК нь Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхэд “Рендербау” ХХК, “Б” ХХК нарыг хариуцагчаар татан 2 416 175 ам.доллар нэхэмжилсэн ба хэргийн зохигч нар эвлэрснийг Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 650 дугаар шийдвэрээр баталсан. Шүүхийн 650 дугаартай шийдвэрийн дагуу баталгаат ипотекийн 1410000513-4 дүгээр гэрээгээр улсын бүртгэлийн Г-2204017667 дугаартай Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороонд байрлах 64 га газар, Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Ургах наран хороолол, 8 дугаар байрны 512 м.кв зоорийн давхар, Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороонд байрлах тус бүр нь 500 м.кв талбай бүхий 6 газар, Баянгол дүүргийн 6 дугаар хороо, Техник технологийн коллежид байрлах модны үйлдвэрийн 27 иж бүрэн тоног төхөөрөмж зэргийг “Х” ХХК-д “Рендербау” ХХК, “Б” ХХК-иуд шилжүүлсэн. Тухайн 2012 онд хийгдэж байсан хэлцэл, гэрээний төсөл зэрэг бүх бичиг баримтыг “Х” ХХК нь боловсруулж, төлөвлөж, харилцан тохиролцсон атлаа одоо 4 орон сууцыг тусдаа төлбөр байсан мэтээр нэхэмжилж байгааг хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Иймд 2007 оны 4/07-126 тоот орон сууц захиалгын гэрээ, 2009 оны 4/09-056 тоот орон сууц захиалгын гэрээний дагуу шилжүүлэх байсан 4 орон сууцны төлбөр болох 109 365 628 төгрөгийг Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 650 тоот хүчин төгөлдөр шийдвэрийн дагуу төлөгдсөн болохыг тооцож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч "Х” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Тэмүүжин, Э.Мөнх- Эрдэнэ нар сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: Сөрөг нэхэмжлэлд дурдсан “2012 онд “Б" ХХК-ийн “Х" ХХК-д төлөх 2 162 000 ам.долларын өр төлбөрийг “Б" ХХК-д хувьцаа эзэмшиж байсан “Рендербау" ХХК нь 2012 оны 02 дугаар сарын 17-ны өдөр 1410000513 дугаар барьцаат зээлийн гэрээг “Х" ХХК-тай байгуулж, бүх өр төлбөрийг тооцон “Рендербау” ХХК-тай зээлийн гэрээ байгуулсан бөгөөд маргаж буй 4 орон сууцны үнэ болох 109 365 628.20 төгрөг уг төлбөр тооцоонд тооцогдон орсон. Түүнээс “Рендербау” ХХК нь “Х" ХХК-тай байгуулсан энэ гэрээний дагуу 2 162 000 ам.долларын зээлийг бодитоор хүлээн аваагүй” гэх тайлбар үндэслэлгүй бөгөөд нотлогдоогүй Хэрэв “Рендербау” ХХК нь бусдын өр төлбөрийг тооцон авсан нь үнэн бол тэдгээрийн хооронд бүртгэлийн хөдөлгөөн хийгдэж, тооцоо нийлсэн акт үйлдэгдсэн байх учиртай. Гэтэл ийм баримт гаргаж өгөөгүй байх бөгөөд энэ үйл баримт нь нотлох баримтаар тогтоогдоогүй. Мөн “Рендербау” ХХК-ийн авсан зээлээс “Б” ХХК нь зээлийг бодитоор хүлээн аваагүй гэх тайлбар ойлгомжгүй байх ба ямар үндэслэлээр өөр компанийн авч байгаа зээлээс аваагүй, авах ёстой байсан мэтээр шаардах эрхийг тодорхойлж байгаа юм. Энэ нь ойлгомжгүй байна. Хариуцагч сөрөг нэхэмжлэлийн гол агуулгаа 4 орон сууцыг тусдаа төлбөр байсан мэтээр нэхэмжилж байгааг хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байгаа тул 2007 оны 4/07-126 тоот орон сууц захиалгын гэрээ, 2009 оны 4/09056 тоот орон сууц захиалгын гэрээний дагуу олгогдох байсан 4 орон сууцны төлбөр болох 109 365 628.20 төгрөгийг Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2014 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 650 тоот хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийн дагуу төлөгдсөн болохыг тооцуулах гэсэн шаардлагыг хууль зүйн үндэслэлтэй гэж үзэх боломжгүй. Учир нь шүүхээр нэгэнт эцэслэн шийдвэрлэгдсэн асуудлыг шүүх дахин шийдвэрлэж, тэр дүнд өөр мөнгөн дүн орсон болохыг тооцож шийдвэрлэх хууль зүйн үндэслэл байхгүй бөгөөд сөрөг нэхэмжлэл гаргаж байгаа нэхэмжлэгчийн хувьд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлд заасны дагуу өөрийн нэхэмжлэл, тайлбар татгалзлыг нотлох баримтыг өөрөө бүрдүүлэх, бүрдүүлэх боломжгүй бол өөр бусад байдлаар шүүхэд гаргаж өгөх үүрэгтэй. Нэхэмжлэл гаргаснаас хойш 14 хоногийн хугацаанд “Б" ХХК-ийн төлөөлөгч нь ямар ч нотлох баримт гаргаж өгөөгүй бөгөөд өөрийн тайлбар, нэхэмжлэлийг нотлоогүй, нөгөөтээгүүр материаллаг хууль тогтоомжид заасан ямар үндэслэлээр тооцуулах нэхэмжлэл гаргаж байгаа нь тодорхойгүй байна. Иймд сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 101/ШШ2017/03023 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д заасныг баримтлан хариуцагч “Б" ХХК-иас 109 365 628.20 төгрөг гаргуулах тухай “Х” ХХК-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт заасныг баримтлан “Х" ХХК-д холбогдуулан гаргасан 109 365 628.20 төгрөгийн төлбөрийг Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 650 тоот шийдвэрийн дагуу төлөгдсөн болохыг тооцуулах тухай "Б” ХХК-ийн сөрөг нэхэмжлэлтэй хэргийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56 1, 59 дүгээр зүйлийн 59.1 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч "Х" ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид дутуу төлсөн 78.14 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулж, түүний урьдчилан төлсөн 704 700 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Б" ХХК-ийн төлсөн 706 000 төгрөгийг Баянзүрх дүүргийн татварын хэлтсийн Улаанбаатар хотын банкин дахь 2609006167 тоот данснаас буцаан олгож шийдвэрлэсэн байна.
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 2502 дугаар магадлалаар Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 101/ШШ2017/03023 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхижээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хяналтын гомдолдоо: Давж заалдах шатны шүүх талуудын хооронд тооцоо нийлж баталгаажуулсан баримтыг шинээр байгуулсан гэрээ гэж дүгнэсэн нь ойлгомжгүй байна. Өөрөөр хэлбэл, 4 орон сууцны захиалгын дагуу төлсөн төлбөр хэд байгааг талууд тооцоо нийлж, тэр төлбөрийг буцаан шилжүүлэхээр тохирч байгаа нь үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой гэрээний үүргийн дагуу захиалагч шилжүүлсэн төлбөрөө буцаан авахаар тохиролцож байгаа үйлдэл болохоос талууд шинээр хэн нэгэндээ төлбөр төлөх үүрэг хүлээж байгаа хоорондоо шинээр тохиролцож байгаа өөр төрлийн гэрээ хэлцэл биш гэж үзэж байна. Учир нь энэ үед аль талаас гэрээ байгуулах санал /офферт/ гарч, түүнийг хүлээн зөвшөөрч /акцепт/ талууд шинээр харилцан тохиролцоод байгаа зүйл байхгүй, харин гэрээний дагуу төлсөн дүнг тооны хувьд тохируулж, нэгэнт орон сууцыг хүлээлгэж өгөөгүй, бусдад цааш нь худалдсаны улмаас бодитоор хүлээлгэж өгөх боломжгүй болсон учир баталгаажуулсан тэр төлбөрийг буцаан төлөхөөр болсон юм. Түүнчлэн, шүүх Иргэний хуулийн Үүргийн эрх зүйн Ерөнхий үндэслэлийн Үүргийн харилцаа гэсэн зүйлээс “Хууль буюу гэрээгээр үүрэг гүйцэтгэгч нь ямар нэгэн үйлдэл хийх, эсхүл тодорхой үйлдэл хийхээс татгалзах үүргийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө хүлээх бөгөөд үүрэг гүйцэтгүүлэгч нь түүнээс уг үүргээ гүйцэтгэхийг шаардах эрхтэй” гэсэн заалтыг үндэслэсэн нь хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй буюу хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэх үндэслэл болж байна. Учир нь шүүхээс уг заалтыг хэрэглэхдээ “хууль буюу гэрээгээр” үүрэг гүйцэтгэгчид ямар үүрэг үүссэн, тэр нь Иргэний хуулийн аль заалтад байгаа үүрэг, ямар хууль зүйн шаардлага, шинжийг хангаж үүсч байгааг тодорхой дурдаагүй нь уг заалтыг хэрэглэх үндэслэл байгаагүй болохыг тодорхой харуулж байна. Хэрэв гэрээгээр үүрэг гүйцэтгэгчид үүрэг үүссэн гэж үзэж байгаа бол ямар гэрээний хүрээнд ямар үндэслэлээр тухайн үүрэг үүсч байгааг дүгнэлт хэсэгтээ тодорхой оруулаагүй нь шүүхийн магадлал эргэлзэх нөхцөлийг бүрдүүлж байна. Мөн Иргэний хуулийн 75.2.1 болон 75.2.2 дахь заалтад “гэрээний үүрэгт шаардлага гаргах” гэж тодорхой зааж өгсөн. Өөрөөр хэлбэл, Иргэний хуулиар хуульд заасан хэлбэрийн шаардлага хангасан байдлаар байгуулагдсан гэрээтэй холбоотойгоор шаардлага гаргах эрх, түүнтэй холбоотой хөөн хэлэлцэх хугацааны асуудлыг тусгасан байдаг. Тодруулбал, хариуцагчийн нэхэмжлэгчид төлөх өглөг нь 2007 оны 4/07-126-р гэрээний 4.1, 2009 оны 4/09-56-р гэрээний 3.1.9, 4.1-т хариуцагч нь үүргээ ноцтой зөрчсөн буюу орон сууцыг хүлээлгэж өгөөгүй бол нэхэмжлэгчийн төлсөн төлбөрийг буцаан төлөх үүргийг тус тус тодорхойлсны дагуу үүссэн болохоос бус тооцооны үлдэгдлийн баталгааг үйлдсэнээр төлбөр төлөх үүрэг шинээр үүсч, тооцооны үлдэгдлийн баталгаа нь талуудын хооронд байгуулагдсан гэрээ гэх ойлголтыг бий болгоогүй юм. 2012 онд талууд тооцооны үлдэгдлийн баталгаажуулалт үйлдсэнээр нэхэмжлэгчийн гэрээний дагуу төлсөн төлбөрийг хариуцагч буцаан төлөх үүрэг үүссэн гэж үзсэн нь үндэслэлгүй юм. Учир нь 2012-07-31-ний өдрийн тооцооны үлдэгдлийн баталгаа нь зөвхөн өмнө байгуулсан гэрээнүүдийн дагуу хариуцагчийн нэхэмжлэгчид хүлээлгэн өгөөгүй 4 ширхэг орон сууцны үнэд төлсөн 109,365,628.20 төгрөгийн өглөг байгааг харилцан баталгаажуулсан баримт бичиг юм. Шүүх уг хэргийн үйл баримтаас буюу үл хөдлөх эд хөрөнгө өмчлөлдөө авах зорилгоор байгуулсан орон сууц захиалгын гэрээний дагуу төлсөн төлбөрөө буцаан шаардаж байгаа шаардлагын хөөн хэлэлцэх хугацааны хувьд Иргэний хуулийн 75.2.2 дахь заалтын “үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой гэрээний үүрэгт шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа зургаан жил” гэснийг хэрэглэж шийдвэр гаргах ёстой байсан гэж үзэж байна. Учир нь Иргэний хуульд заасан худалдах-худалдан авах гэрээний нийтлэг зохицуулалтын хүрээнд 2007 оны 4/07-126 дугаартай орон сууц захиалгын гэрээний 4.1, 2009 оны 4/09-56 дугаартай орон сууц захиалгын гэрээний 3.1.9, 4.1 дэх хэсэгт “хариуцагч гэрээний үүргээ зөрчсөн буюу захиалсан орон сууцыг бодитоор хүлээлгэж өгөөгүй бол нэхэмжлэгчийн төлсөн төлбөрийг буцаан төлөх үүргийг хүлээх”-ээр гэрээгээр тохиролцсон. Өөрөөр хэлбэл, хариуцагч нь гэрээнүүдийн дагуу хүлээлгэн өгвөл зохих орон сууцнуудыг нэхэмжлэгчид хүлээлгэн өгөх үүргээ гүйцэтгэлгүй нэхэмжлэгчийн төлсөн төлбөрийг хувьдаа авч завшсан, тухайн орон сууцыг өөр этгээдэд худалдаж төлбөрийг нь авсан асуудлын хүрээнд нэхэмжлэл гаргасан болно. Мөн шүүх хариуцагчаас тайлбар аваагүй, хариуцагч албан бичгийг хүлээн аваагүй гэж маргадаггүй нөхцөл байдлыг харгалзаж үзээгүй нь хэргийн бүхэлд нь үнэн бодитоор дүгнэж, шийдвэр гаргаагүй гэж үзэх үндэслэл болж байна. Дээр дурдсан бүхнээс дүгнэн үзвэл анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлал нь орон сууц захиалгын гэрээнд оролцогч этгээд, тодруулбал захиалагч этгээд захиалсан орон сууцаа хүлээн авч чадаагүйн улмаас төлсөн төлбөрөө буцаан авахаар тохиролцож, энэ хугацаанд гүйцэтгэгч захиалсан орон сууцыг бусдад худалдан борлуулсан байгаа үйл баримтыг агуулгаар нь зөвтгөн тайлбарлаж, авлага тооцоо нийлсэн баримтыг гэрээ хэмээн тайлбарлаж, хуульд заасан ерөнхий хөөн хэлэлцэх хугацаанд хамааруулах үүргийг биелүүлэхээс татгалзах эрх үүссэн гэж үзэн шийдвэрлэж байгааг зөвтгөх боломжгүй байна. Иймд шийдвэр, магадлалыг хүчингүй болгож өгнө үү.” гэжээ.
ХЯНАВАЛ:
“Х” ХХК 2017 оны 03 дугаар сарын 22-ны өдөр “Б” ХХК-д холбогдуулан нэхэмжлэл гаргаж, “...2007-11-02-ны өдрийн гэрээний үүрэгт төлсөн 27,691,116.15 төгрөг... 2009 оны 4/09-056 тоот гэрээний дагуу төлсөн 29,292,279.75 төгрөг нийт 109,365,628.20 төгрөг...” шаардсан байна. /хх 1-2/
Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч, маргахдаа “... 2012-02-17-ны өдөр Х, Рендербау, Б ХХК-н хооронд байгуулагдсан барьцаат зээлийн гэрээгээр 64 га.газрыг 5 тэрбум төгрөгөөр үнэлж барьцаалсан... энэ гэрээгээр хариуцагчийн 2012-02-07-ны өдрөөс өмнөх бүх өр Рендербау ХХК-д шилжсэн...Х, Рендербау, Бльюскай ХХК-д холбогдуулан шүүхэд нэхэмжлэл гаргаж бүх өр төлбөрт тооцон эзэмшил газрыг авсан... одоо төлөх төлбөргүй...” гэжээ. /хх 81/
“Бьюскай партнэрс” ХХК 2017 оны 08 дугаар сарын 23-ны өдөр сөрөг нэхэмжлэл гаргаж “... Х ХХК, Рендербау ХХК нар эвлэрснийг баталсан 650 дугаар шийдвэрт хариуцагчаас шаардаж буй 109,365,628.20 төгрөг багтсан болохыг тогтоолгох...”-ыг хүссэн байна. /хх 119-120., 131-132/
Анхан шатны шүүх Х ХХК-ийн нэхэмжлэлийг “...шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн...” гэж, харин сөрөг нэхэмжлэлийг “...баримтаар тогтоогдоогүй...” гэж тус тус бүхэлд нь хэрэгсэхгүй болгосныг давж заалдах шатны шүүх хэвээр үлдээжээ.
Хяналтын шатны шүүхэд гаргасан нэхэмжлэгчийн гомдлыг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Х ХХК шүүхэд нэхэмжлэл гаргахдаа 2 шаардлага тавьсан байхад шүүх эдгээр шаардлага тус бүрийн талаар дүгнэлт хийгээгүй нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь Иргэний хууль, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нийцээгүй байна.
Тодруулбал, шүүх нэхэмжлэлд заасан нийт 109.365.628 төгрөгийг хариуцагч төлөх үүрэгтэй эсэх талаар дүгнэлт хийгээгүй, нэхэмжлэлийн үндэслэл болсон хоёр гэрээ Иргэний хуульд нийцсэн эсэхийг тогтоогоогүй шийдвэр гаргасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2, 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсгийн зохицуулалтыг зөрчжээ. Гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар зохигчид маргаагүй нь гэрээг хүчин төгөлдөр гэж дүгнэх үндэслэл биш юм.
Талууд нэхэмжлэлийн үндэслэл болсон гэрээний талаар мэтгэлцээгүй тул хяналтын шатны шүүхээс нэхэмжлэлийн талаар дүгнэлт хийх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.3-т нийцэхгүй юм.
Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1, 76 дугаар зүйлийн 76.1, 76.2-т зааснаар гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил байна, хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс эхлэн тоолно, хуульд өөрөөр заагаагүй бол шаардах эрх нь эрх зөрчигдсөн, эрх зөрчигдсөн тухай мэдсэн, эсхүл мэдэх ёстой байсан, түүнчлэн гомдлын шаардлага гаргах буюу баталгаат хугацаа тогтоосон бол гомдлын шаардлагын хариуг авсан буюу эдгээр хугацаа дууссан үеэс үүснэ.
Анхан шатны шүүх хөөн хэлэлцэх хугацааг 2012 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс шинээр тооцохдоо “Б” ХХК, “Х” ХХК-ийн хооронд 2014 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр байгуулагдсан 1410000976 дугаар барьцаат зээлийн гэрээ /хх 166-176/ мөн 1410000976-02 дугаар батлан даалтын гэрээ /хх 167-178/ нь нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой эсэх талаар дүгнэлт хийлгүй “хөөн хэлэлцэх хугацаа” хэтэрсэн гэж үзсэн нь дутагдалтай байна.
Хоёр шатны шүүх Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн, өөрчлөлт оруулах боломжгүй байх тул шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаав.
Шүүх хэргийг шийдвэрлэхдээ зохигч /хх 30/ болон “Б” ХХК, “Рендербау” ХХК, Х ХХК-ийн хооронд үүссэн гэрээний харилцааг тогтоож, талуудын гаргаж өгсөн баримтыг харьцуулан үзсэний үндсэн дээр үнэлж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2-т заасан шийдвэрийн аль нэгийг гаргавал зохино.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ :
1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 101/ШШ2017/03023 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 2502 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2018 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр төлсөн 704.700 төгрөгийг Х ХХК-д захирамжаар буцаан олгосугай.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Х.СОНИНБАЯР
ШҮҮГЧ Б.УНДРАХ