| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Батаагийн Батцэрэн |
| Хэргийн индекс | 194/2025/0017/Э |
| Дугаар | ХШТ/2025/88 |
| Огноо | 2025-09-17 |
| Зүйл хэсэг | 27.10.1., 27.11.1., |
| Улсын яллагч | Г.Эрдэнэ |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2025 оны 09 сарын 17 өдөр
Дугаар ХШТ/2025/88
Ц.С-т холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Монгол Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын шүүгч Б.Цогт даргалж, шүүгч Б.Амарбаясгалан, Б.Батцэрэн, М.Пүрэвсүрэн, С.Соёмбо-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Г.Эрдэнэ, шүүгдэгч Ц.С, түүний өмгөөлөгч Х.Даваахүү, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Д, нарийн бичгийн дарга С.Далайцэрэн нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 458 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 584 дүгээр магадлалтай, Ц.С-т холбогдох эрүүгийн ... дугаартай хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Даваахүүгийн гаргасан гомдлыг үндэслэн 2025 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Батцэрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Монгол улсын иргэн, 1974 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр төрсөн, эрэгтэй, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, ял шийтгэлгүй, ... овогт ... С нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан гэмт хэрэгт холбогджээ.
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх шүүгдэгч Ц.С-г тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан, жолооч хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 02 жилийн хугацаагаар хасаж, 01 жил 06 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 06 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгэж, түүнд оногдуулсан ялуудыг нэмж нэгтгэн нийт зорчих эрхийг хязгаарлах ялыг 02 жилийн хугацаагаар тогтоож,
шүүгдэгч нь эмнэлгийн яаралтай тусламж үйлчилгээ авахаас бусад тохиолдолд эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр оршин суугаа ... дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хязгаарлаж, түүнд хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж,
шүүгдэгч Ц.С-ээс нийт 14,189,796 төгрөгийг гаргуулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Д-д олгуулахаар шийдвэрлэжээ.
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтад “Шүүгдэгч Ц.С-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 02 жилийн хугацаагаар хасаж, 01 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял...” гэж,
3 дахь заалтад “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийг журамлан шүүгдэгч Ц.С-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 01 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 06 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг нэмж нэгтгэн нийт биечлэн биелүүлэх зорчих эрхийг хязгаарлах ялыг 01 жил 06 сарын хугацаагаар тогтоож...” гэж,
5 дахь заалтад “Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан шүүгдэгч Ц.С-ээс нийт 14,189,796 төгрөгийг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Д-д олгосугай” гэсэн өөрчлөлт тус тус оруулж,
шийтгэх тогтоолд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.С-т оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хассан нэмэгдэл ялыг ял оногдуулсан үеэс эхлэн тоолсугай” гэсэн нэмэлт заалт оруулж, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж, “Залруулга хийх тухай” Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 2025/ШЗ/2564 дүгээр шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, шүүгдэгч Ц.С-ийн өмгөөлөгч Х.Даваахүүгийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Даваахүү хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо “Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 2025/ДШМ/584 дугаар магадлалыг эс хүлээн зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.
1.Ц.С-ийг Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1 заалтыг зөрчсөн гэж ял халдаасан. Гэтэл хэргийн газрын үзлэгийн нотлох баримт, гэрчүүдийн мэдүүлгээр хохирогч явган хүний гарцыг дугуй унаж, хурдтай туулж орж ирснийг хөдөлшгүй баримтаар тогтоосон.
Хохирогч дугуйг хөтөлж явган хүний гарцаар гарахыг Замын хөдөлгөөний дүрмийн 25.6 болон 1.2.52-д маш тодорхой зохицуулсан. Хохирогчийг дугуй гэдэг механикжаагүй тээврийн хэрэгслийг жолоодож яваа жолооч гэж үзнэ. Энэ талаар Замын хөдөлгөөний дүрмийн 1.2.37, 1.2.32, 1.2.13-т тодорхой заасан байдаг.
Ц.С Замын хөдөлгөөний дүрмийн 16.1-д заасан заалтыг зөрчсөн гэдэг нь үндэслэлгүй гэж үзэж байна. Замын хөдөлгөөний дүрмийн Монгол Улсын нутагт бүх нийтээр мөрдөх ёстой.
2.Хэргийн газрыг санаатай орхиж зугтсан үйлдэл огт байхгүй. Энэ нь камерын бичлэгээр няцаагдана. Шүүгдэгч нь ослын дараа тээврийн хэрэгслээсээ бууж, ослын дохионы гэрлээ асааж, хохирогч дээр очсон.
3.Хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийг Шүүх шинжилгээний тухай хуулийн 40.2.3-д заасны дагуу шинжилгээ хийлгэхгүйгээр тогтоосон нь үндэслэлгүй. Иймд магадлалын заалтыг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Даваахүү хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн тайлбартаа “1.Ц.С-ийг мөрдөгчийн магадлагааг үндэслэж Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1-т заасныг зөрчсөн гэж буруутгасан. Өмгөөлөгчийн зүгээс шинжээчийн дүгнэлтэд тулгуурлаж хэргийг шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэж байна. Учир нь мөрдөгчийн магадлагаа хэргийн бодит байдалтай нийцээгүй. Осол болсон газар нь явган хүний зохицуулдаггүй гарц байсан. Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэмд зааснаар жолооч гарцаар гарч буй, эсхүл гарцаар гарахыг завдаж байгаа явган зорчигчийг өнгөрүүлсний дараа явган хүний зохицуулдаггүй гарцаар нэвтрэх ёстой. Хэргийн үйл баримтын тухайд, хохирогч явган хүний гарцаар явган гараагүй, дугуй унаж гарсан. Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-т “жолооч” гэж тээврийн хэрэгсэл жолоодож яваа хүн, жолоодлогын дадлага хийлгэж яваа багш, замаар ердийн хөсөг унаж, хөтөлж яваа хүнийг ойлгоно” гэж заасан. Тэгэхээр хохирогч нь явган зорчигч биш. Мөн Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.2.37-д “унадаг дугуй” гэж унаж яваа хүний булчингийн хүчээр явдаг (0.25 кВт-аас илүүгүй чадал бүхий цахилгаан хөдөлгүүрээр тоноглогдсон байж болно), хоёроос цөөнгүй дугуйтай (хөгжлийн бэрхшээлтэй хүний тэргэнцрээс бусад) тээврийн хэрэгслийг ойлгоно гэж тайлбарласан. Иймээс хоёр тээврийн хэрэгслийг мөргөлдсөн гэж үзэх үндэслэлтэй. Энэ тохиолдолд Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн нийтлэг үндэслэлд зааснаар хэн нь давуу эрхтэй, хэн нь зам тавьж өгөхийг зайлшгүй тодруулах шаардлагатай.
Өмгөөлөгчийн зүгээс хохирогч дугуйгаа хөтөлж гарцаар гараагүй учраас зам тавьж өгөх ёстой гэж үзэж байна. Дугуй унаж явсан жолооч давуу эрх бүхий хөдөлгөөнд оролцогчийн хурд болон чиглэлийг өөрчлөхгүй байх үүрэгтэй ба хөдөлгөөнөө эхлэхгүй буюу үргэлжлүүлээгүй байсан бол зам тээврийн осол болохгүй байсан. Мөрдөгч үндэслэлгүй магадлагаа гаргаж, шүүх тус баримтыг хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж хэргийг шийдвэрлэсэн нь хуульд нийцээгүй. Мөн мөрдөгч нь дугуй унаж явсан хохирогчийг буруутгасан. Ингэхдээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 25.6-д “Унадаг дугуй, мопедыг жолоодож явган хүний гарцаар зам хөндлөн гарах, мөн тухайн чигт хоёр буюу түүнээс олон эгнээгээр зорчдог замаас зүүн гар тийш буюу буцаж эргэхийг хориглоно.” гэж заасныг зөрчсөн гэж дурдсан байна. Өөрөөр хэлбэл, мөрдөгч агуулгын хувьд зөрүүтэй магадлагаа гаргасан. Иймээс өмгөөлөгчийн зүгээс шүүгдэгч Ц.С-ийг Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1-т заасныг зөрчсөн гэх шийдвэрийг үндэслэлгүй гэж үзэж байна.
2.Шүүгдэгчийг хэргийн газрыг орхиж зугтсан гэж буруутгасан. Гэтэл санаатай орхиж зугтсан зүйл байхгүй. Шүүгдэгч зогсож тээврийн хэрэгслээсээ буугаад хохирогч дээр очсон. Энэ талаар гэрчүүд мэдүүлсэн. Анхан шатны шүүх хуралдааны явцад хэрэгт авагдсан камерын бичлэгийг үзсэн. Тус бичлэгт шүүгдэгч нь гарц дээр ирээд хүүхдүүд явсны дараа тээврийн хэрэгсэлдээ суугаад хөдөлсөн болох нь тодорхой харагдана. Үүнээс үзвэл, шүүгдэгч Ц.С нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн холбогдох заалтыг зөрчсөнд эргэлзэхүйц нөхцөл байдал үүсэж байна. Өмгөөлөгчийн зүгээс шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн явцад шинжээчийн дүгнэлт гаргуулах хүсэлтийг удаа дараа гаргасан.
3.Хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг Шүүх шинжилгээний тухай хуульд заасны дагуу шинжилгээгээр тогтоох учиртай. Гэтэл шинжээчийн дүгнэлтэд бус жишиг аргачлалд үндэслэж хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоосон. Өөрөөр хэлбэл, хууль биш жишиг аргачлалаар хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоосон нь үндэслэлгүй. Шүүхийн шийдвэр гарснаас хойш хүмүүс “явган хүний гарцаар дугуйтай гарч болохгүй. Гэтэл шүүхийн шийдвэр өөр агуулгатай байна” гэж ярих болсон. Түүнчлэн хохирогч талаас “намайг буруутгаагүйн дээр бие махбод, сэтгэцэд учирсан хохирлыг арилгуулах шийдвэр гарсан” гэж ярихыг үгүйсгэхгүй болохыг дурдаж байна” гэв.
Хяналтын шатны шүүх хуралдаанд прокурор Г.Эрдэнэ хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ “Шүүгдэгч Ц.С нь тээврийн хэрэгсэл жолоодон явахдаа явган хүний зохицуулдаггүй гарцаар гарч буй унадаг дугуй унасан хүүхдийг мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан, улмаар ослын газрыг орхиж зугтаасан үйл баримт тогтоогдсон байна. Шүүгдэгчийн өмгөөлөгч “энэ хэргийн тохиолдлыг хохирогч хүүхэд гарцаар унадаг дугуйг хөтөлж явганаар яваагүй буюу унаад гарч байсан учраас явган зорчигч биш, мөн Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 25.6-д заасныг зөрчсөн учир явган зорчигчтой адил давуу эрх эдлэхгүй, шүүгдэгч нь дүрмийн заалтыг зөрчөөгүй” гэж гомдлын үндэслэлээ тайлбарлаж байна. Иймээс өмгөөлөгчийн гомдолтой холбоотой хариу тайлбар хэлэх нь зүйтэй гэж үзлээ.
Хохирогч хүүхэд зам хөндлөн гарахдаа унадаг дугуйг хөтөлж гараагүй, унаад гарсан учраас дүрэм зөрчсөн. Гэхдээ хэрэг учрал явган хүний зохицуулдаггүй гарц дээр болсон. Замын хөдөлгөөний дүрмийн 16 дугаар бүлэг буюу “Явган хүний гарц нэвтрэх” гэсэн бүлэг нь зөвхөн гарцаар нэвтрэх жолоочид хамаатай, жолоочийн хариуцлагыг тодорхойлж өгсөн болохоос гарцаар зам хөндлөн гарч байгаа субъектэд хамаатай биш байна. Мөн уг дүрмийн 16.1-т заасан зохицуулалт нь жолооч явган хүний гарц руу ойртох үедээ эхлээд гарцын өмнө зогсох боломжтойгоор хурдаа хасна, дараа нь гарцаар зам хөндлөн гарч байгаа болон гарахаар завдаж байгаа буюу ойртон ирж байгаа хүнд зогсоод зам тавьж өгөхийг үүрэг болгосон байна. Мөн Замын хөдөлгөөний дүрэмд явган зорчигч ямар хурдтай хөдөлгөөнд оролцох талаар зохицуулаагүй тул гарцаар удаан, хурдан аль ч хэлбэрээр зам хөндлөн гарч болохоор байна. Гэхдээ аюулгүй байдлыг хангаж, зам хөндлөн гарах ёстой. Хохирогч унадаг дугуйг унаж гарсан нь тээврийн хэрэгслийн жолоочийг хурдаа хасаж, зам тавьж өгөх, аюулгүй байдлыг хангах үүргээс чөлөөлөхгүй, түүний үйлдлийг зөвтгөх үндэслэл болохгүй юм. Шүүгдэгч осол гаргаснаа мэдсээр байж, цагдаагийн байгууллагад мэдэгдэлгүйгээр ослын газрыг орхиж явсан үйл баримт хэрэгт авагдсан ба тэрээр тээврийн хэрэгслээ хөдөлгөх гарцаагүй нөхцөл байдал тогтоогдоогүй.
Иймд хоёр шатны шүүхээс шүүгдэгчийн гэм бурууд хийсэн хууль зүйн дүгнэлт нь үндэслэл бүхий болсон, шүүх Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй гэж дүгнэж байна. Нэмж хэлэхэд, анхан шатны шүүхээс шүүгдэгчид оногдуулсан зорчих эрх хязгаарлах ялын хэмжээг давж заалдах шатны шүүх 6 сараар багасгахдаа “шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан” гэсэн ерөнхий агуулгаар дүгнэлт хийсэн нь ойлгомжгүй, үндэслэл муутай болсон байна. Харин хохирогч хүүхэд гарцаар гарахдаа унадаг дугуйг унаад гарсан явдал нь осол гарахад нөлөө үзүүлсэн байдлыг харгалзан үзсэн бол илүү шударга ёсны зарчимд нийцэхээр байжээ гэж дүгнэж байна. Мөн шүүхээс сэтгэцийн гэм хорын нөхөн төлбөрийг шинжээчийн дүгнэлтгүйгээр тооцож гаргасан нь хуульд нийцээгүй гэсэн өмгөөлөгчийн гомдолтой санал нэгдэж байна. Иймд шийтгэх тогтоолын 5 дахь заалтын холбогдох хэсгийг хүчингүй болгож, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөрийг иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж, шийтгэх тогтоол, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээх нь зүйтэй” гэв.
Тус шүүх хуралдаанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Д хэлсэн тайлбартаа” Шүүгдэгчийн өмгөөлөгч “Хохирогч гарцаар гарахдаа унадаг дугуйг хөтөлж гараагүй, унаад гарсан” гэж байна. Ц.С 1 дүгээр эгнээгээр явж байхад 2, 3 дугаар эгнээний машинууд зам тавьж өгсөн. Тэрээр миний хүүг мөргөсний дараа тээврийн хэрэгслээсээ бууж, өөрийн машиныг тойрч харчхаад тэнд байсан хүүхдүүдийг загнаад буцаад явсан. Миний бие тухайн газраас 5 минутын зайтай газар буюу ... тойргийн зам дээр явж байсан. Намайг очиход Ц.С явчихсан байсан. Улмаар 102 руу дуудлага өгснөөр Ц.С-ийг саатуулсан. Шүүгдэгчийн өмгөөлөгч сэтгэцэд учирсан хор уршгийн тухай тайлбар хэлж байна. Тухайн үед хүүхэд маань шоконд орсон, бид шөнөжин гэмтлийн эмнэлгээр, өглөө нь залгуулаад хувийн эмнэлгээр явсан. Миний хүүхдийн нуруу хугарсан, учирсан гэмтэл нь гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарч байсан. Хугацаа алдахгүйн тулд хүүхдээ Хятад улсад эмчлүүлсэн. Манай хүүхэд эмчилгээ хийлгэхэд нэг жилийн хугацаа зарцуулж, хичээл завсардсан. Энэ жил 12 дугаар ангид орно. Шүүгдэгч миний хүүгээс нэг ч удаа уучлал гуйгаагүй, худлаа ярьж биеэ өмөөрдөг. Энэ хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Даваахүүгийн гаргасан гомдлыг үндэслэн шүүгдэгч Ц.С-т холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.
Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхийг хянан хэлэлцэж, хэргийг эцэслэн шийдвэрлэхдээ оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.
2. Зам тээврийн осол гарахад нөлөөлсөн бүхий л шалтгаан нөхцөл, түүний дотор замын хөдөлгөөний оролцогчид Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан Замын хөдөлгөөний дүрмийн аль заалтыг хэрхэн зөрчсөн, уг ослын улмаас ямар хохирол, хор уршиг учирсан болохыг мэргэжлийн шинжээчийн дүгнэлт, тусгай мэдлэг эзэмшсэн мөрдөгчийн магадлагаа болон тухайн хэрэгт хамааралтай бусад нотлох баримтуудад тулгуурлан хөдөлбөргүй тогтоосноор энэ төрлийн хэргийг хянан шийдвэрлэх нотолгооны стандарт хангагдаж, хууль ёсны ба үндэслэл бүхий шүүхийн шийдвэр гарах нөхцөл бүрдэнэ.
Шүүгдэгч Ц.С нь 2024 оны 06 дугаар сарын 07-ны өдөр 21 цагийн үед ... дүүргийн ... дүгээр хороо, ... өргөн чөлөө, ... худалдааны төвийн хойд замд ... загварын ... улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцох үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1-д заасан “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган хүний гарцаар унадаг дугуйтай гарч явсан Д.Д-ыг мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан, улмаар мөн дүрмийн 3.5 заалтыг зөрчин хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан болох нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу бэхжүүлэгдэн, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдсон талаар анхан болон давж заалдах шатны шүүхүүд үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.
Шүүхээс Ц.С-ийг тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан, мөн жолооч хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэргүүдийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэргийг зүйлчлэн шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна гэж дүгнэв.
3.Монгол Улсын нэгдэн орсон “Замын хөдөлгөөний тухай Конвенц” (1968 оны 11 дүгээр сарын 8-ны өдөр Вена хотноо байгуулсан)-ийн 7 дугаар зүйлд заасан нийтлэг журамд “Жолооч нь замын хөдөлгөөний эмзэг оролцогч болох явганаар болон унадаг дугуйгаар зорчигч, ялангуяа хүүхэд, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст илүү сонор сэрэмж, анхаарал болгоомж тавих ёстой” гэж “хамгаалалт багатай” хөдөлгөөнд оролцогчийг тусгайлан хамгаалах зарчмыг тогтоосон билээ.
Зам тээврийн ослын үед гэмтэх эрсдэл өндөр “эмзэг оролцогч”, явган зорчигчдын хувьд “Явган хүний гарц” нь тэднийг тээврийн хэрэгслийн урсгалаас хамгаалах, ослын эрсдэлийг бууруулах, аюулгүй байдлаа хангаж, хамгаалагдах хууль ёсны аюулгүй бүс тул тээврийн хэрэгслийн жолооч нь явган хүний зохицуулдаггүй гарцын орчимд аюулгүй хурдыг сонгон явж, зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх үүрэгтэй юм.
Уг хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулсан мөрдөгчийн тусгай мэдлэгийн хүрээнд гаргасан 2024 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 1308 дугаартай магадлагаагаар “...унадаг дугуйны жолооч Д.Д нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 25.6. Унадаг дугуй, мопедыг жолоодож явган хүний гарцаар зам хөндлөн гарах... хориглоно., энэ тохиолдолд тээврийн хэрэгслээсээ бууж хөтлөн явган зорчигчийн үүргээр зам хөндлөн гарна” гэсэн заалтыг зөрчсөн буруутай гэж дүгнэсэн нь шүүгдэгч Ц.С-ийг явган хүний гарц руу ойртон ирэхдээ тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа замын хөдөлгөөнд оролцогчид зам тавьж өгөх үүргээс чөлөөлөх буюу Замын хөдөлгөөний дүрмийн 16.1 заалтыг зөрчсөн үйлдлийг үгүйсгэх нөхцөл болохгүй.
Учир нь хохирогч хүүхэд явган хүний гарцаар дугуйг унаж, эсхүл хөтөлж гарах аль ч тохиолдолд “эмзэг оролцогч”-ийн ангилалд хамаарах бөгөөд Замын хөдөлгөөний дүрмийн 16.1 заалтын зорилго, агуулгыг судалж үзэхэд орчин тойрондоо аюул учруулж болзошгүй тээврийн хэрэгслийн жолооч явган хүний гарц руу ойртон ирэхдээ замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахад бусад “эмзэг оролцогчоос” илүү анхаарч, хөдөлгөөний хурдыг аливаа нөхцөлгүйгээр заавал хасаж, замын нөхцөл байдлыг нягтлах, явган хүний гарцын хэсэгт аюул саад тулгарах үед тээврийн хэрэгслээ зогсоож чадах боломжит хурдаар гарцыг нэвтрэхийг жолоочид үүрэг болгожээ.
Гэтэл шүүгдэгч Ц.С-ийн хувьд тээврийн хэрэгслийг жолоодон явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирэхдээ хөдөлгөөний хурдыг хасаж, зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх үүргээ биелүүлээгүйн улмаас тухайн үед дугуйтай зам хөндлөн гарч явсан насанд хүрээгүй хохирогчийг мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан талаар хийсэн шүүхийн дүгнэлт, түүний үндэслэл болсон нотлох баримтуудыг няцаан үгүйсгэх нөхцөл тогтоогдоогүй болно.
4.Шүүгдэгч Ц.С нь зам тээврийн осолд холбогдсон даруй Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, Замын хөдөлгөөний дүрэмд зааснаар “тээврийн хэрэгслийг хөдөлгөхгүй байх..., цагдаагийн байгууллагад мэдэгдэх..., хохирогчид анхан шатны тусламж үзүүлэх..., цагдаагийн ажилтанг иртэл хэргийн газраас явахгүй байх...” зэрэг үүргийг биелүүлээгүй болох нь насанд хүрээгүй хохирогч Д.Д (хавтаст хэргийн 14 дэх тал) насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Д (хавтаст хэргийн 17 дахь тал), насанд хүрээгүй гэрч О.Д (хавтаст хэргийн 48 дахь тал) нарын мэдүүлэг болон камерын бичлэг (хавтаст хэргийн 215 дахь тал) зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогдсон, шүүгдэгчийг авто тээврийн гэмт хэрэг үйлдсэн жолооч зугтаах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан болон давж заалдах шатны шүүхийн хийсэн дүгнэлт нь үндэслэл бүхий болжээ.
Иймд дээр дурдсан үндэслэлээр шүүгдэгч Ц.С-ийг Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан, мөн жолооч хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч өмгөөлөгч Х.Даваахүүгийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.
5.Зам тээврийн осол гарахад хохирогчийн зохих буруутай үйлдэл нөлөөлсөн эсэхийг тогтоох нь шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан шударга ёсны зарчимд нийцүүлэн шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг оновчтой сонгож оногдуулахаас гадна гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн нөхөн төлбөрийг тогтооход харгалзан үзэх үндэслэл болно.
Анхан шатны шүүхээс шүүгдэгчид оногдуулсан ялыг хөнгөрүүлэн өөрчилсөн давж заалдах шатны шүүхийн шийдвэр нь гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, түүний гэм буруугийн хэр хэмжээ, хувийн байдалд тохирсон байна гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.
6.Анхан болон давж заалдах шатны шүүх хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоосон шинжээчийн дүгнэлт гараагүй байхад сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөрийн хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тооцож 8,580,000 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй болжээ.
Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт “Шинжилгээний байгууллага ... Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйл (Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих)-д, ... заасан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож дүгнэлт гаргана” гэжээ.
Түүнчлэн Хууль зүй, дотоод хэргийн сайд болон Эрүүл мэндийн сайдын 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн А/268, А/275 дугаар хамтарсан тушаалаар баталсан журмын 2.1, 2.2-т “... энэхүү тушаалын 2 дугаар хавсралтаар баталсан “Тухайлсан гэмт хэргийн улмаас хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох хүснэгт”-ээр шүүх шинжилгээний байгууллага дараах гэмт хэргийн (Эрүүгийн хуулийн 11.6, 17.1, 17.3, 17.12, 27.10 дугаар зүйл) хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоох бөгөөд шинжээчийн дүгнэлттэй адилтган үзнэ ... Энэ журмын 2.1.1-2.1.5-д заасан гэмт хэргийн хохирогч, эсхүл түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч энэ журмын 2.1-д заасан хүснэгтээр шинжилгээг хийлгэнэ. Энэ заалтад зааснаас бусад Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг шүүх шинжилгээний байгууллага тогтооно гэж заажээ.
Иймд шүүгдэгчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлын энэ хэсгийг хангаж, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалын сэтгэцэд учирсан гэм хорын хохирол гаргуулсан шийдвэрийг хүчингүй болгож, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хохирлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэл эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:
1.Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 458 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 5 дахь заалтаас хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөр 8,580,000 төгрөг гаргуулсан хэсгийг хүчингүй болгож, шийтгэх тогтоолын 5 дахь заалт болон Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 584 дүгээр магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалтад “шүүгдэгч Ц.С-ээс 5,609,796 төгрөг гаргуулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Д-д олгож, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Д нь гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хор уршиг болон цаашид гарах хохирогчийн эмчилгээний зардлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу нэхэмжлэх эрхтэй” гэсэн өөрчлөлт оруулж, шийтгэх тогтоол, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2.Шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Даваахүүгийн хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлоос сэтгэцэд учирсан хохирлыг тогтоосон нь үндэслэлгүй тул хүчингүй болгуулах хэсгийг хангаж, бусад хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
ДАРГАЛАГЧ Б.ЦОГТ
ШҮҮГЧИД Б.АМАРБАЯСГАЛАН
Б.БАТЦЭРЭН
М.ПҮРЭВСҮРЭН
С.СОЁМБО-ЭРДЭНЭ