Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 07 сарын 06 өдөр

Дугаар 542

 

 Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Батбаатар даргалж, тус шүүхийн хуралдааны 4 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Г.О, /РД: 

Хариуцагч: Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд, 

Нэхэмжлэлийн шаардлага: 

“Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2016 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн  Б/264 дүгээр тушаалыг хүчингүй болгуулж, өмнө нь эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтрийн нөхөн бичилт хийлгэхийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдад даалгах” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Г.О, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.А, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Р, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Нарангэрэл нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Нэхэмжлэгч Г.О шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

“Миний бие Г.О 2015 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн Хөдөлмөрийн сайдын Б/154 тоот тушаалаар Монгол *******ын Политехник коллежийн захирлын үүрэг гүйцэтгэгчээр томилогдон 2016 оны 01 дүгээр сарын 4-ний өдөр зарлагдсан төрийн албаны сонгон шалгаруулалтанд шалгарч Хөдөлмөрийн сайдын 2016 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн Б/24 тоот тушаалаар тус сургуулийн захирлын албан тушаалд томилогдон өнөөг хүртэл ажилласан төрийн жинхэнэ албан хаагч юм. 

Ажлаас чөлөөлсөн тушаалд төсвийн их хөрөнгийг үргүй зарцуулсан төсвийн хууль зөрчин багш ажилчдын цалинг доод жишгээс илүү тогтоон өгсөн гэж буруутгажээ. Үүнд миний би огт хамааралгүй гэдгийг дараах баримтаар нотолно. 

МСПК-ийн багш ажиллагсдын цалинг 2012 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн А/90 тоот захирлын тушаалаар Захиргааны зөвлөлийн шийдвэрийг үндэслэн ажил албан тушаал бүрийн цалинг доод жишгээс нэмэгдүүлэн тогтоосон байдаг. Энэ үед тус сургуулийн захиралын үүргийг Д.******* гүйцэтгэж уг шийдвэрийг гаргасан. 

Дээрх шийдвэрийг гаргах эрх зүйн үндэслэл нь Монгол Улсын Засгийн газрын 1997 оны 88 дугаар тогтоолын 2 дахь заалтыг үндэслэсэн байдаг. 

2014 оны 02 дугаар сарын 27-ны А/36 тоот захирлын тушаалаар зөвхөн багш нарын цалинг 16 мянган төгрөгөөр нэмэгдүүлэн тогтоохдоо мөн дээрх хүчин төгөлдөр мөрдөж байгаа Засгийн газрын 1997 оны 88 дугаар тогтоолыг үндэслэсэн байдаг. Энэ үед захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.У шийдвэр гаргасан байдаг. 

Үүний дараа ажилласан С, Б, Э нар ажиллахдаа цалингийн хэмжээг өөрчлөөгүй хэвээр хадгалж үргэлжлүүлэн олгосон байдаг. 

2015 оны 08 дугаар сарын 28-ны өдрөөс захирлын ажилд томилогдсон миний бие ажилласан хугацаандаа цалинг хэвээр хадгалж хүрсэн түвшнээс бууруулаагүй. 

2012 оноос хойш хугацаанд Хөдөлмөр Нийгмийн Зөвшлийн 3 талд хэлэлцээр 2 удаа хийгдэж цалинг бууруулахгүй байх талаар шийдвэр гарч Засгийн газар үүрэг хүлээсэн ба ажиллагсдын цалинг бууруулахгүй байх талаар шийдвэр гарч Засгийн газар үүрэг хүлээсэн ба ажилагсдын цалинг бууруулах талаар ямар ч шатанд шийдвэр гараагүй тул 2012 оноос хойш цалинд өөрчлөлт ороогүй.

Ийм тодорхой үндэслэлүүд байсаар атал бүх ажиллагсдад доод жишгээр цалинг олгох ёстой байсан гэсэн дүгнэлтийг ХХҮЕГ-аас томилсон шалгалтын комисс гарган энэ үндэслэлээр миний бие оролцоод ажилласан 6 захирал ажилласан 2012 оны хойших үеийн үйл ажиллагааг бүхэлд нь харлуулан бүх бурууг надад тохон их хэмжээний зөрчил хэмээн жишгээс ихэсгэж олгосон бүх хугацааны цалингийн зөрүүг нөхөн төлүүлнэ, энэ хариуцлагыг зөвхөн захирал хариуцна зэрэг бусармаг мэдэгдлүүд хийж ажиллагсдын дэргэд нэр төрд халдаад зогсохгүй 8 хүн гэнэт уулгалан орж ирж хууль бус шийдвэр уншин ажлыг хүчээр булаан авсан. 

Энэ үед шалгалтаар их хэмжээний зөрчил-илүү цалин олгосон гэсэн хэрнээ энэ талаар акт араас нь нөхөн гаргана гэсэн эс үйлдлийг амаар хэлсэн. Одоо хүртэл ямар нэгэн акт гараагүй мэдэгдээд байгаа. 

Илтэд хууль зөрчсөн сайдын тушаалыг хүчингүй болгож ажилд минь буцаан томилуулах, ажилгүй байсан хугацааны цалинг нөхөн олгуулах, Нийгмийн даатгалын шимтгэлийг төлүүлж, хохиролгүй болгож өгнө үү. ” гэжээ.

Хоёр. Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Р хариу тайлбартаа: 

“Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газраас Монгол-*******ын политехникийн коллежийн дотоод үйл ажиллагаанд хийсэн шалгалт, 2016 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн ******* дугаар Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн “Зөрчлийг арилгуулах тухай” албан шаардлагаар тус политехникийн коллежийн захирал нь тогтоогдсон тул нэхэмжлэгч Г.Оийг Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.4, 24.2, Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4.13, Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.5, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 131 дүгээр зүйлийн 131.1.3, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.5, 13.7, 14 дүгээр зүйлийн 14.4.1, 14.4.2, Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4.1, 6.4.2, 16 дугаар зүйлийн 16.5.2, 16.5.3, 16.5.5, 70 дугаар зүйлийн 70.3 дэх заалтыг тус тус үндэслэн ажлаас халсан. 

Иймд нэхэмжлэгч Г.Оийн ажлаас чөлөөлсөн 2016 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн Б/264 дүгээр тушаал нь хууль зүйн үндэслэлтэй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ. 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Г.О нь тус шүүхэд “Хууль зөрчсөн сайдын тушаалыг хүчингүй болгож, ажилд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалинг нөхөн олгуулах”-ыг хүссэн нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч дээрх нэхэмжлэлийн шаардлагаа “Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2016 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн  Б/264 дүгээр тушаалыг хүчингүй болгуулж, өмнө нь эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтрийн нөхөн бичилт хийлгэхийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдад даалгах”-аар тодруулсан болно. 

Шүүх нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлаад дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ. 

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2016 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн Б/264 дүгээр тушаалаар  Монгол *******ын политехник коллежийн захирал Г.Оийг үүрэгт ажлаас нь чөлөөлжээ. 

Нэхэмжлэгчээс дээрх шийдвэрийг эс зөвшөөрч тус шүүхэд “Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2016 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн  Б/264 дүгээр тушаалыг хүчингүй болгуулж, өмнө нь эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтрийн нөхөн бичилт хийлгэхийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдад даалгах” нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

Нэхэмжлэгчээс дээрх маргаан бүхий тушаалыг “...нэхэмжлэгчийг захирал хийж байх хугацаанд ямар нэгэн байдлаар сахилгын зөрчил гаргаж, арга хэмжээ авахуулж байсан тухай баримт хэрэгт авагдаагүй байдаг учраас Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх заалт нотлогдохгүй байгаа юм.

 Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2-т сахилгын зөрчил гаргаснаас хойш 6 сар, илрүүлснээс хойш 1 сарын дотор сахилгын арга хэмжээ авна гэж заасан байдаг. Тэгэхээр тушаалд авч байгаа 10 дугаар сарын 05-ны өдрийн зөрчил арилгуулах тухай албан шаардлагыг үндэслэл болгоод байгаа нь хууль зүйн хөөн хэлэлцэх хугацааны хувьд үндэслэлгүй болоод байгаа юм...”гэж маргажээ.

Харин хариуцагчаас “...Хөдөлмөр халамж үйлчилгээний ерөнхий газар нь яамны шууд харьяалдаг байгууллага. Агентлагаас дотоод аудитын шалгалт хийсэн бөгөөд дүгнэлтээр тухайн сургуулийн 2015-2016 онуудад хамаарах үйл ажиллагаанд хяналт, шинжилгээ, үнэлгээ шалгалт хийсэн. Тус шалгалтын дүнгээр Г.О захирлыг Төсвийн тухай хуулийн холбогдох заалтыг үндэслэж зөрчил тогтоогдсон тул ажлаас чөлөөлөх саналыг дүгнэлтийн хамт ирүүлсэн. 

Тус дүгнэлтийн холбогдох хуулийн заалтуудыг үндэслэж сайд ажлаас халах шийдвэр гаргасан..." гэж Б/264 дүгээр тушаалын үндэслэлээ тайлбарлан үгүйсгэжээ.

Нэг. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2016 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн  Б/264 дүгээр тушаалыг хүчингүй болгуулж, өмнө нь эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагын тухайд: 

1.1.Нэхэмжлэгч Г.О нь 2016 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр “Монгол *******ын политехник коллеж”-ийн захирлын орон тоон дээр удирдах ажилтны сонгон шалгаруулалтад оролцон 74.5 оноогоор тэнцэн , 2016 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн Б/24 дүгээр тушаалаар “Монгол *******ын политехник коллеж”-ийн захирлаар томилогджээ .

Тэрээр Засгийн газрын гишүүн, сайдтай үр дүнгийн гэрээ байгуулан, томилогддог, төсвийн менежерын чиг үүргийг хэрэгжүүлэгч, Төрийн албаны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.2-т заасан ”... улсын төсвөөс санхүүждэг төрийн үйлчилгээний байгууллагын дарга, захирал, эрхлэгч, бусад удирдах ба гүйцэтгэх, туслах албан тушаалтан” болох нь хэрэгт авагдсан нэхэмжлэгчийн ажлын байрны тодорхойлолт , бусад бичгийн баримтуудаар тогтоогдож байна.

Гэтэл хариуцагч маргаан маргаан бүхий Б/264 дүгээр тушаалыг гаргахдаа “...Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.5, Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4, 131.1.3, Төсвийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.3 ...” зэргийг 

баримталсан нь төрийн жинхэнэ албан хаагчийн тухайд хэрэглэгдэхгүй хуулийн заалт байх тул уг актад хуулийг буруу хэрэглэсэн хууль зүйн үндэслэлгүй гэж үзэхээр байна.

Тодруулбал, Төрийн албаны тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д “Энэ хуулийн зорилт нь Монгол Улсын төрийн алба /цаашид “төрийн алба” гэх/-ны ангилал, зарчим, төрийн албан тушаал, түүнд тавих шаардлага, төрийн алба хаах болзол, журам, төрийн албан хаагчийн эрх зүйн байдал, баталгаа, төрийн албаны төв байгууллагын чиг үүргийг тогтоон зохицуулахад оршино” гэжээ.

Нэхэмжлэгчийг хуульд заасан зөрчил гаргасан нь нотлогдсон тохиолдолд Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1, 26 дугаар зүйлийн 26.1.3-т заасан үндэслэлээр төрийн албанаас халах үндэслэл журмыг тодорхой нарийвчилсан зохицуулалттай байтал эдгээр хуулийн зохицуулалтуудыг шийдвэрийн үндэслэл болголгүйгээр хариуцагчаас Хөдөлмөрийн тухай хуулийн дээрх заалтыг хэрэглэсэн нь эрх зүйн үндэслэлгүй, Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.5, 11.6-д заасантай нийцэхгүй  шийдвэр гаргасан гэж дүгнэхээр байна.

1.2.Нөгөөтэйгүүр шүүхээс хариуцагч Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын нэхэмжлэгчийг ажлаас халсан тушаалын үндэслэлд дурьдсан үйл баримтыг шалгахад хариуцагчийн тайлбарт дурдсан Г.Оийн гаргасан гэх зөрчил нь ажлаас халагдах хэмжээний зөрчил гаргасан гэж үзэхээргүй байна. 

Тодруулбал, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-д “ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан тохиолдолд  хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцалж болохоор заасан ба зөрчил болгон тусдаа тогтоогдсон байх шаардлагатай. 

Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1-д “Ажил олгогч буюу түүний хууль ёсны төлөөлөгч, эрх олгогдсон албан тушаалтан нь хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод журмыг зөрчсөн ажилтанд дор дурдсан хэлбэрийн сахилгын шийтгэлийг шийдвэр гаргаж ногдуулна”, 131.1.3-д “ажлаас халах”, харин 131.2-т “Сахилгын зөрчил гаргаснаас хойш зургаан сар, илрүүлснээс хойш нэг сарын дотор сахилгын шийтгэл ногдуулна”, 131.3-д ”сахилгын нэг зөрчилд сахилгын шийтгэлийн хэлбэрүүдийг давхардуулан ногдуулж болохгүй...” гэж хуульчилжээ.

Нэхэмжлэгч Г.Оийг Монгол *******ын политехник коллежийн захирлаар ажиллаж байх хугацаандаа 2016 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн ******* дугаар Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн “зөрчлийг арилгуулах тухай” албан шаардлагаар төсвийн тухай хууль зөрчиж санхүүгийн зөрчил удаа дараа гаргаж, байгууллагад хохирол учруулж, төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсан гэж ажлаас нь халсан.

Гэтэл хэрэгт авагдсан баримтаар хөдөлмөрийн сахилгын зөрчлийг 2 буюу түүнээс дээш удаа гаргасан, уг зөрчлийг хэзээ гаргасан, ямар зөрчил гаргасан, тэр зөрчлийг юугаар баримтжуулсан эсэх нь тодорхойгүй. 

Нөгөөтэйгүүр Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4-д “хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасан тохиолдолд хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцалж болохоор заасан ба ноцтой зөрчил бүрийг хөдөлмөрийн гэрээнд тусгасан байх шаардлагатай” байхад энэ талаар ямар нэг баримт гарган, нотолж мэтгэлцээгүй болно.

Түүнчлэн Төсвийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1-д “Энэ хуулийг зөрчсөн албан тушаалтны үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй бол Төрийн албаны тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан байгаа зэргээс үзэхэд маргаан бүхий актад дурьдсан үйл баримт нь дээрх хуулийн заалтуудаар болон хэрэгт авагдсан Авилгатай тэмцэх газрын мөрдөн шалгах хэлтсийн 2017 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн 50 дугаар “Хариу мэдэгдэх хуудас”  зэргээр  үгүйсгэгдэж байна.

Өөрөөр хэлбэл хариуцагч Хөдөлмөр Нийгмийн хамгааллын сайдаас нэхэмжлэгч Г.Оийн хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгохдоо Хөдөлмөрийн хуулийн дээрх заалтуудыг баримталсан нь хууль хэрэглээний алдаатай, өөрөөр хэлбэл,  үндэслэсэн эрх зүйн хэм хэмжээ болон шийдвэрлэсэн байдал нь хоорондоо харилцан зөрүүтэй байх ба Захиргааны ерөнхий хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1-д “Захиргааны актын агуулга ойлгомжтой, тодорхой байна”, мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2.3-т “захиргааны актыг гаргах бодит нөхцөл байдал, хууль зүйн үндэслэлийг заах”, 40.2.5-т ”захиргааны актыг хүлээн зөвшөөрөхгүй тохиолдолд гомдлыг хандан гаргах этгээд болон хугацааг заах”, 40.4-д “захиргааны актад тухайн захиргааны акт гаргах шаардлага бүхий бодит нөхцөл байдлыг тодорхой заана” нийцэхгүй байна.

Дээрх нөхцөл байдлуудаас дүгнэвэл хариуцагч нь төрийн жинхэнэ албан хаагчийг ажил, албан тушаалаас халах үед баримтлахаар тусгайлан журамласан зохицуулалтыг дагаж мөрдөлгүй, нэхэмжлэгч Г.Оийг хуульд заасан  үндэслэлгүйгээр ажил, албан тушаалаас нь халж, хуулиар тогтоосон “төрийн албан хаагчийн ажиллах нөхцөл, баталгаа”-г зөрчсөн, түүнчлэн  маргаан бүхий Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2016 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн Б/264 дүгээр тушаалын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн болох нь тогтоогдож байх тул уг хууль бус тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгч Г.Оийг Монгол *******ын политехник коллежийн захирлын албан тушаалд эгүүлэн тогтоох нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Хоёр: Ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтрийн нөхөн бичилт хийлгэхийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдад даалгах” нэхэмжлэлийн шаардлагын тухайд: 

2.1.“Нэхэмжлэгч Г.Оийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2016 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн Б/264 дүгээр тушаалаар түүний урьд эрхэлж байсан албан тушаалаас үндэслэлгүйгээр халсан, тэрээр 2016 оны 12 дугаар 09-ний өдрөөс эхлэн одоог хүртэл уг албан тушаалыг эрхлээгүй болох нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байх тул Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн  69.1-д заасны дагуу түүний  түүний  ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговрыг 2016 оны 12 дугаар сарын 09-ний өдрөөс эхлэн 2017 оны 7 дугаар сарын 06-ны өдрийг хүртэл хугацаагаар тооцож, ажилгүй байсан 144 хоногийн

олговор 5,752,453 /таван сая долоон зуун тавин хоёр мянга дөрвөн зуун тавин гурав/ төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна. 

2.2. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т зааснаар ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хувь хэмжээгээр тооцож, Г.Оийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалгах нь үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.

 

             Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1, 106.3.12 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:    

 

1.Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1, 26 дугаар зүйлийн 26.1, Төсвийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1, Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2.3, 40.2.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2016 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн Б/264 дүгээр тушаалыг хүчингүй болгон, Г.Оийг Монгол *******ын политехник коллежийн захирлын ажил, албан тушаалд эгүүлэн тогтоосугай.        

2. Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-т заасныг тус тус баримтлан Г.От ажилгүй байсан 144 хоногийн урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор 5,752,453 /таван сая долоон зуун тавин хоёр мянга дөрвөн зуун тавин  гурав/ төгрөгөөс, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг суутган тооцож олгохыг хариуцагчид даалгасугай.

3.3ахиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид буцаан олгосугай.   

4.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Л.БАТБААТАР