Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 08 сарын 21 өдөр

Дугаар 221/МА2020/0505

 

МШ ХХК, Б.А нарын

нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Лхагвасүрэн даргалж, шүүгч С.Мөнхжаргал, Д.Оюумаа нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга А.Гантогтох, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э, түүний өмгөөлөгч М.М, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Э, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Ц.Д нарыг оролцуулан Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 364 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, түүний өмгөөлөгч нарын давж заалдах гомдлын дагуу “МШ” ХХК, Б.А нарын нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг дарга, Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд тус тус холбогдох захиргааны хэргийг шүүгч Д.Оюумаагийн илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 364 дүгээр шийдвэрээр: “Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3, 31 дүгээр зүйлийн 31.2, 31.3-д тус тус баримтлан нэхэмжлэгч “МШ” ХХК, Б.А нарын нэхэмжлэлтэй Нийслэлийн Засаг дарга, Нийслэлийн газар зохион байгуулалтын албанд тус тус холбогдох хэргийн нэхэмжлэлийн шаардлагыг Нийслэлийн Засаг даргын 2017 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн А/58 дугаар захирамжийн гуравдагч этгээд “РСЛ” ХХК-д холбогдох хэсгийг дахин шинэ акт гарах хүртэл 4 сарын хугацаагаар түдгэлзүүлж, үлдэх эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2203010650 дугаартай, өмчлөх эрхийн 000096688 дугаар гэрчилгээтэй цахилгааны дэд станцын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө байрлаж байгаа 175 м.кв газрыг “МШ” ХХК-д эзэмших эрхтэй болохыг тогтоож, хүлээн зөвшөөрөх, дээрх үл хөдлөх эд хөрөнгө байрлаж буй 175 м.кв газрыг “МШ” ХХК-д олгохыг Нийслэлийн Засаг даргад даалгахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.5 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Нийслэлийн Засаг дарга нь энэхүү шийдвэрийн үндэслэх хэсэгт дурдсан нөхцөл байдлыг сайтар судалж, Нийслэлийн Засаг даргаас гуравдагч этгээд РСЛ ХХК-д газар нэмэгдүүлж олгохдоо Б.А-ийн эзэмшлийн газрын орц, гарцыг нээх зорилгоор дахин шинэ акт гаргах замаар шүүхийн шийдвэрийг биелүүлэхийг даалгаж,

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон 4 (дөрөв) сарын хугацаанд хариуцагч Нийслэлийн Засаг дарга дахин шинэ акт гаргаагүй тохиолдолд Нийслэлийн Засаг даргын 2017 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн А/58 дугаар захирамжийн гуравдагч этгээд “РСЛ” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болсонд тооцож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.2-т тус тус зааснаар нэхэмжлэгч, гуравдагч этгээд нарын улсын тэмдэгтийн хураамжид тус бүр төлсөн 70200 төгрөгнөөс 35100 төгрөгийг орон нутгийн төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 35100 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож” шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э, түүний өмгөөлөгч М.М нар давж заалдах гомдолдоо: “... “МШ” ХХК, Б.А нарын нэхэмжлэлтэй Нийслэлийн Засаг дарга, Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд холбогдох захиргааны хэргийг шийдвэрлэсэн Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 364 дүгээр шийдвэрийг бүхэлд нь эс зөвшөөрч нэхэмжлэгчдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн зүгээс дараах гомдлыг гаргаж байна. Үүнд:

1. Дахин шинэ акт гарах хүртэл 4 сарын хугацаанд маргаан бүхий актыг түдгэлзүүлсэн шийдлийн тухай

Анхан шатны шүүх хариуцагчийг 765 м.кв газар нэмж олгохдоо Газрын тухай хууль, холбогдох журмыг зөрчсөн, нэхэмжлэгч Б.А орц, гарцыг хаасан гэж зөв дүгнэлт хийсэн атлаа маргаан бүхий актын гуравдагч этгээдэд холбогдох хэсгийг хүчингүй болгоогүй нь үндэслэлгүй байна. Мөн Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2-т зааснаар газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд ороогүй газрыг гуравдагч этгээдэд олгосон, Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ олгох журмын 6.1, 6.2.4, 6.3.1-т тус тус заасан үүргээ биелүүлээгүй гэх агуулгаар шүүх дүгнэсэн атлаа нэхэмжлэлийн шаардлагыг хангаагүй нь учир дутагдалтай байна. Учир нь хариуцагч хууль тогтоомж зөрчсөн, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн, газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд ороогүй газрыг гуравдагч этгээдэд олгосон зэрэг захиргааны актыг хүчингүй болгох бүх нөхцөл бүрдсэн. Инженерийн шугам сүлжээ бүхий 765 м.кв газрыг гуравдагч этгээдийн эзэмшлээс гаргаж, нийтийн эзэмшил байсан хуучин хэвээр нь нээлттэй үлдээхгүйгээр нэхэмжлэгч Б.А газрын орц, гарц нээгдэхгүй, зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь сэргэхгүй юм.

2. Нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон шийдлийн тухай

Үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэл гаргаагүй, энэ талаар маргаан байхгүй байхад анхан шатны шүүх “ ... дэд станцын өмчлөгчийг тус шүүх тогтоохгүй.” гэж дүгнэснээс үзвэл шүүх маргааны агуулга, хүрээг зөв тодорхойлж шийдвэрлээгүй гэж үзэхээр байна. Товчхондоо, “МШ” ХХК-ийн өмчлөлийн цахилгааны дэд станцын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө байрлаж байгаа газрыг “МШ” ХХК эзэмших ёстой гэж маргаж байгаа юм.

Анхан шатны шүүх ердийн харъяаллын шүүхээр өмчлөлийн маргаанаа шийдвэрлүүлсний дараа шүүхэд хандах нь зүйтэй гэж дүгнэсэн. Тус дэд станцын зориулалттай үл хөдлөх хөрөнгийг 2004 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 000096688 дугаартай, улсын бүртгэлийн Ү-2203010650 дугаартай гэрчилгээгээр “МШ” ХХК өмчилдөг. Гэтэл шүүх “МШ” ХХК-ийн энэхүү үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээ нь үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчийг тогтоохгүй гэж дүгнэсэн байгаа нь Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хууль /2018/-ийн 5.1-д “Иргэн, этгээд хуулийн этгээд Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 8.1.1-д заасан эрхийг хуульд заасан журмын дагуу эрхийн улсын бүртгэлд бүртгүүлснээр өмчлөх эрх үүснэ.”, 2004 онд гэрчилгээ авах үед үйлчилж байсан өмнөх хууль болох эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хууль /2003/-ийн 4.1-д “Өмчлөгч нь үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхээ энэ хуульд заасны дагуу эрхийн улсын бүртгэлд бүртгүүлж гэрчилгээ авснаар түүний өмчлөх эрх баталгаажна.” гэж тус тус заасныг зөрчсөн байна. “МШ” ХХК-ийг өөрөө өмчлөгч нь байж хэнтэй хөрөнгөө булаацалдаж марга гээд байгаа нь ойлгомжгүй байна. Хариуцагч болон гуравдагч этгээд тус дэд станцын барилгыг манайх гэж хэн нь ч маргаагүй. Дээрх ойлгомжгүй үндэслэлээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосонд гомдолтой байна.

Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 26 өдрийн 364 дүгээр шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү.” гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтыг зөв үнэлсэн, шийдэл үндэслэлтэй байх тул шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга найруулгад өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, нэхэмжлэгчийн өмгөөлөгч нарын “шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангуулах тухай” гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

Нийслэлийн Засаг даргын 2017 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн А/58 дугаар захирамжаар 5770 м.кв газрыг гуравдагч этгээд “РСЛ” ХХК-д 15 жилийн хугацаатай, орон сууц, үйлчилгээний зориулалтаар эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн байх ба ийнхүү шийдвэрлэснээр нэхэмжлэгч Б.А эзэмших эрх бүхий 1167 м.кв газрын орц, гарцыг хаасан болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон ба анхан шатны шүүх “...Хариуцагч нь хууль, журмаар хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй буюу маргаан бүхий газарт хээрийн судалгааг хийгээгүй, газрын давхцал, орц, гарцыг тодруулаагүй нь Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3-д заасан зарчимд нийцээгүй...” хэмээн хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.

Үүнд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-д зааснаар Нийслэлийн Засаг даргын 2017 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн А/58 дугаар захирамжийн “РСЛ” ХХК-д холбогдох хэсгийн биелэлтийг дахин шинэ акт гарах хүртэл 4 сарын хугацаатайгаар түдгэлзүүлж шийдвэрлэсэн бөгөөд хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай, нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн гэж шүүх үзвэл маргаан бүхий захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлж шийдвэрлэх нь хариуцагчид маргаан бүхий нөхцөл байдал буюу хэргийн оролцогчдын эрх ашиг, эд хөрөнгөнд халдах үндэслэл байгаа эсэхийг дахин судалж үзсэний үндсэн дээр тэгш эрх, хууль ёсны зарчмыг хангасан, бодит нөхцөлд тохирсон шийдвэр гаргах боломж олгох ач холбогдолтой байдаг. 

Уг тохиолдолд Захиргааны ерөнхий хуульд заасан захиргааны байгууллагын шийдвэр үр нөлөөтэй байх, зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх зарчмуудын үүднээс хариуцагч байгууллага Сүхбаатар дүүрэг, 2 дугаар хороо, Улсын циркийн зүүн талд байрлах маргаан бүхий газрыг хуульд заасан шаардлагыг хангуулан хэргийн оролцогчдын хууль ёсны эрх ашгийг зөрчихгүй, хэн алины ашиг сонирхлыг хангасан байдлаар өмнөх шийдвэрийг засах боломжийг олгох, энэ нь хариуцагчийн хуулиар олгосон эрх үүргийн хүрээнд зохицуулагдах асуудал байх тул хариуцагч уг нөхцөл байдлыг судалж шийдвэр гаргах, хэрэв нэхэмжлэгч Б.А эзэмшлийн газрын орц, гарцыг нээх, гуравдагч этгээдэд нэмж газар олгох зайлшгүй шаардлагатай эсэхийг дахин хянаж шинэ акт гаргаагүй тохиолдолд тус актын холбогдох хэсгийг хүчингүй болохыг дурьдаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг буруутгах үндэслэл байхгүй байна.

Мөн үлдсэн шаардлагын тухайд хэдийгээр Сүхбаатар дүүрэг, 2 дугаар хороо, Улсын циркийн зүүн талд, “МШ” ХХК-ийн барилга байгууламжид байрлалтай контор, үйлчилгээ, дэд станцын зориулалттай 1952 м.кв талбай бүхий 9 ширхэг барилга байгууламжийг улсын бүртгэлийн Ү-2203010650 дугаарт бүртгэж, өмчлөх эрхийн 000096688 дугаар гэрчилгээгээр “МШ” ХХК-д олгож, Үүний дотор МШ эд хөрөнгийн бүртгэлд 1974, 1981 онд ашиглалтад орсон станц гэж бүртгэгдсэн байх боловч хэрэгт авагдсан “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ХХК-иас ирүүлсэн лавлагаа болон гэрчийн мэдүүлэг зэргээс энэхүү Шаазан ваар хаягтай ХТП-100 дэд станц нь төрийн өмчийн мэдлийнх болох нь тогтоогдож байхад үүнийг нэхэмжлэгч “МШ” ХХК-ийн өмч мөн гэж үзэхэд эргэлзээтэй байна.

Үүнээс гадна Эрчим хүчний тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-д “Эрчим хүч дамжуулах шугам, дэд станц нь төрийн өмчлөлд байна.” гэж тусгайлан хуульчилсан байх тул хуульд үндэслэх зарчмын үүднээс дээрх дэд станцын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө байрлаж байгаа 175 м.кв газрыг “МШ” ХХК эзэмших эрхтэй болохыг тогтоож, хүлээн зөвшөөрүүлэх, дээрх үл хөдлөх эд хөрөнгө байрлаж буй 175 м.кв газрыг “МШ” ХХК-д олгохыг даалгах шаардлагыг нэхэмжлэгч өмчлөлийн асуудлаа бүрэн шийдвэрлүүлж тогтоолгосны дараагаар шийдвэрлүүлэх нь зүйтэй учир давж заалдах гомдлыг хангах боломжгүй байна.

Харин анхан шатны шүүх шийдвэрийн үндэслэх хэсэгт дээрх байдлаар үндэслэл бүхий дүгнэсэн байх боловч тогтоох хэсэгт “...Б.А нарын нэхэмжлэлтэй Нийслэлийн Засаг дарга, Нийслэлийн газар зохион байгуулалтын албанд тус тус холбогдох хэргийн нэхэмжлэлийн шаардлагыг Нийслэлийн Засаг даргын 2017 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн А/58 дугаар захирамжийн гуравдагч этгээд “РСЛ” ХХК-д холбогдох хэсгийг дахин шинэ акт гарах хүртэл 4 сарын хугацаагаар түдгэлзүүлж, ...” гэсэн нь Нийслэлийн Засаг даргын 2015 оны А/676 дугаар захирамжаар “РСЛ” ХХК-д олгосон 5008 м2 газрыг олгосонтой хэргийн оролцогчид маргаагүй байхад түдгэлзүүлж, гуравдагчийн эрх ашгийг хөндөх ноцтой үр дагаварт хүргэхээр шийдэл болсон байх тул А/58 дугаар захирамжаар гуравдагч этгээдэд газар нэмж олгосон хэсгийг түдгэлзүүлэхээр өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзлээ.

Мөн нэхэмжлэлийн үлдэх шаардлагын тухайд “эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2203010650 дугаартай, өмчлөх эрхийн 000096688 дугаар гэрчилгээтэй цахилгааны дэд станцын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө байрлаж байгаа 175 м.кв газрыг “МШ” ХХК-д эзэмших эрхтэй болохыг тогтоож, хүлээн зөвшөөрөх, дээрх үл хөдлөх эд хөрөнгө байрлаж буй 175 м.кв газрыг “МШ” ХХК-д олгохыг Нийслэлийн Засаг даргад даалгахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож...” гэсэн нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь түдгэлзүүлж шийдвэрлэсэн эсхүл бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн эсэх нь ойлгомжгүй байдалд хүргэж байх тул шийдвэрийн энэ хэсгээс “бүхэлд нь” гэснийг хасч өөрчлөн найрууллаа.

Иймд шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э, түүний өмгөөлөгч М.М нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 364 дүгээр шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3, 31 дүгээр зүйлийн 31.2, 31.3-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “МШ” ХХК, Б.А нарын нэхэмжлэлтэй Нийслэлийн Засаг дарга, Нийслэлийн газар зохион байгуулалтын албанд тус тус холбогдох хэргийн нэхэмжлэлийн шаардлагыг Нийслэлийн Засаг даргын 2017 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн А/58 дугаар захирамжаар гуравдагч этгээд “РСЛ” ХХК-д газар нэмж олгосон хэсгийг дахин шинэ акт гарах хүртэл 4 сарын хугацаагаар түдгэлзүүлж, үлдэх эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2203010650 дугаартай, өмчлөх эрхийн 000096688 дугаар гэрчилгээтэй цахилгааны дэд станцын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө байрлаж байгаа 175 м.кв газрыг “МШ” ХХК-д эзэмших эрхтэй болохыг тогтоож, хүлээн зөвшөөрөх, дээрх үл хөдлөх эд хөрөнгө байрлаж буй 175 м.кв газрыг “МШ” ХХК-д олгохыг Нийслэлийн Засаг даргад даалгахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчлөн, бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э, түүний өмгөөлөгч М.М нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, түүний өмгөөлөгч нарын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5, 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэгт зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

ШҮҮГЧ                                                                          Э.ЛХАГВАСҮРЭН

ШҮҮГЧ                                                                          С.МӨНХЖАРГАЛ

ШҮҮГЧ                                                                          Д.ОЮУМАА