Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 06 сарын 24 өдөр

Дугаар 1223

 

 

 

 

 

 

 

 

 

ХХХХ-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

                  Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Байгалмаа, Ц.Ичинхорлоо нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх

2016 оны 3 дугаар сарын 16-ний өдрийн 101/ШШ2016/02397 дугаар шийдвэртэй

 

Нэхэмжлэгч ХХХХ-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч ХХХХ, ХХХ нарт холбогдох,

20 179 655 төгрөгийн хохирол гаргуулах тухай иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ХХХ-ын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн,

Шүүгч Ц.Ичинхорлоогийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч                   ХХХ

Хариуцагч                                                                       ХХХХ

Хариуцагчийн өмгөөлөгч                                               ХХХХ

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга                     Ө.Маралмаа нар оролцов.

 

Нэхэмжлэгч ХХХХ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Нэхэмжлэгч ХХХХ нь хамтран ажиллах гэрээний хохирол 10 048 500 төгрөгийг хариуцагч ХХХ-аас, “FAW” маркийн 85-72 УБЗ улсын дугаартай ачааны автомашинд авч тавьсан сэлбэгийн үнэ 8 691 155 төгрөг, машины төлбөрт 1 440 000 төгрөг төлсөн бүгд 10 131 155 төгрөгийг хариуцагч ХХХХос тус тус гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан. ХХХХос 2009 оны 8 дугаар сарын 31-ний өдөр 85-72 УБЗ улсын дугаартай ачааны автомашиныг 12 000 000 төгрөгөөр худалдан авч 2 000 000 төгрөгийг бэлнээр үлдэх 10 000 000 төгрөгийг төлөхөөр тохиролцсон. Чингэлтэй дүүргийн 2010 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 1451 дугаар шийдвэрийн дагуу ХХХХ надаас 10 000 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ХХХХд олгохоор шийдвэрлэсэн. Уг машиныг иргэн ХХХ гэдэг хүнд залилуулан Баянгол дүүргийн прокурорын тогтоолоор битүүмжлүүлж 2014 онд битүүмжлэлээс чөлөөлүүлэн 2014 оны хавар Хөвсгөл аймгаас очиж авчирсан. Түүний дараа ХХХХ ны шийдвэр гүйцэтгэгч ХХХХ нь “FAW” маркийн машиныг битүүмжилэн авахыг санал болгосон боловч авахгүй гэж мэдэгдсэн. Ингээд Замын-Үүдэд аваачиж дахин засварт оруулж эд ангиудыг нь шинэчлэн засуулж Хятад сэлбэгийн дэлгүүр болон хувь хүмүүсээр хийлгэж, засварлан сайн болгож "ХХХХ" ХХК-тай гэрээ байгуулан тогтмол ачаа тээвэрлэж байсан. 8 сарын дундуур ХХХ-ны шийдвэр гүйцэтгэгч ХХХХ ирж хууль бусаар хураан авч төлбөр авагч ХХХХд хүлээлгэн өгсөн. Тус машинд радиартор, ремень, ган диск, муфть шаариг, тоормосны наклад, тоормосны чулак сальник, тоормосны хуваарилагч, дугуй тоормосны аппарат, тоормосны шингэн, аккумлятор, тахир гол, поршин, гильци, кольц, шатун, туны пайлц, тахир голын холхивч болон их биеийн холхивч, масло усны насос, хөөх насос, шүүрнүүд, мөн засварын хөлс зэрэг болно. Шийдвэр гүйцэтгэлийн хууль бус ажиллагаанаас болж би маш их хохирч байна. Мөн анх ХХХХос авахад 2 000 000 төгрөг өгсөн. Шийдвэр гүйцэтгэлийн газарт тушаасан 1 440 000 төгрөгийг тус тус өгч байсан. Дээрх нөхцөл байдал болох нотлох баримтуудаас үзэхэд нэхэмжлэгч ХХХХ надад учирсан хохирлыг төлбөр авагч ХХХХ нь хамтран хариуцах ёстой гэж үзэж байна. Хариуцагч ХХХХ нь шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хуулийн дагуу явагдсан гэж нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргажээ.

 

Хариуцагч ХХХХ шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Чингэлтэй дүүргийн шүүхийн 2010 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 1451 дугаар шийдвэрээр ХХХХээс 10 196 000 төгрөг гаргуулж ХХХХд олгохоор шийдвэрлэсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.3, 53.6 дахь хэсэгт заасны дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж төлбөр төлөгч ХХХХт шүүхийн шийдвэрийг биелүүлэхийг удаа дараа мэдэгдсэн боловч төлбөрийг төлж барагдуулаагүй. Төлбөр авагч ХХХХ нь төлбөр төлөгч ХХХХ-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ХХХ-ын ашиглаж байгаа Дорноговь аймгийн Замын-Үүд суманд байгаа өөрийн эзэмшлийн 85-72 УБЗ улсын дугаартай ачааны автомашиныг үлдэгдэл төлбөр болох 8 796 000 төгрөгт тооцож авах хүсэлтийг тус албанд 2014 оны 8 дугаар сарын 6-ны өдөр гаргасныг ХХХ-ын 96635086 дугаарын утсаар мэдэгдэхэд үлдэгдэл төлбөрт тооцож дээрх автомашиныг өгөхөд татгалзах зүйлгүй талаар хариу мэдэгдсэн. Төлбөр төлөгч ХХХХ-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ХХХ-ын гаргасан хүсэлтийн дагуу Дорноговь аймгийн Замын-Үүд суманд очиж 85-72 УБЗ улсын дугаартай маркийн ачааны авто машиныг 2014 оны 8 дугаар сарын 14-ний өдөр битүүмжлэн, хурааж төлбөр авагч ХХХХд хүлээлгэн өгч гүйцэтгэх баримт бичгийг дуусгавар болгосон байна. Хариуцагч ХХХХ нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй гэж маргасан машинаа зараад мөнгө авч чадаагүй машинаа буцаан авсан. Шүүхийн шийдвэр гараад гүйцэтгэлийн ажиллагаа 2009 оны худалдан авах гэрээний гүйцэтгэл 2014 онд биелэгдсэн. Автомашинаа 12 000 000 төгрөгөөр ХХХХд худалдсан байдаг. Мөнгөө авч чадахгүй аргагүйн эрхэнд машинаа авсан. ХХХ-ын машин миний өмчлөлд байсан. 6 жил шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдсан тэр хугацаагаар энэ хүн ашигласан гэсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 87 дугаар зүйлийн 87.3 дахь хэсэгт зааснаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явц бүрийг мэдэж оролцож байсан бөгөөд тухайн үед шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талаар ахлах шийдвэр гүйцэтгэгч болон шүүхэд гомдол гаргаагүй байх тул нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч ХХХ-ын өмгөөлөгч ХХХХ шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Шүүхийн шийдвэр заавал биелэгдэх ёстой. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа мөнгө авч өгч чадаагүй машиныг буцааж өгснөөр 6 жил явагдаж ажиллагаа дуусгавар болжээ. Автомашинаа 12 000 000 төгрөгөөр ХХХХд худалдсан байдаг. ХХХ-ын автомашин түүний өмчлөлд байсан. Тийм байхад хүний өмчлөлийн автомашиныг тавьж ашиг олж байсан бусдад худалдаж хүртэл байсан байдаг. Сэлбэгийг тухайн автомашинд тавьсан нь харагддаггүй, буудалд хэн буугаад байгаа нь тодорхойгүй. Хамтран ажиллах гэрээ нь хэний автомашинаар ажил хийх нь байхгүй, хөлсөнд нь сэлбэг авсан гэсэн нь ч харагддагүй. ХХХХд холбогдох нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй биш байна. Өөрөө ашиглаж байсан автомашиндаа тавьсан сэлбэг ХХХХд хамаарахгүй.

 

Шүүх Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.2, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар ХХХ-аас 10 048 500 төгрөг, ХХХХос 10 131 155 төгрөг гаргуулах нийт 20 179 655 төгрөг гаргуулах ХХХХ-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч ХХХХээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ХХХ Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: ...Анхан шатны шүүх нь нотлох баримтуудад бодитой үнэлэлт дүгнэлт өгөөгүй, хэт нэг талыг барьсан шийдвэр гаргасан. ХХХХ нь ХХХХос 2009 оны 8 дугаар сарын 31-ний өдөр 85-72 УБ улсын дугаартай ачааны автомашиныг 12 000 000 төгрөгөөр худалдан авч 2 000 000 төгрөгийг бэлнээр, үлдэх 10 000 000 төгрөгийг төлөхөөр тохиролцсон. Чингэлтэй дүүргийн 2010 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 1451 дугаартай шийдвэрийн дагуу ХХХХ надаас 10 000 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ХХХХд олгохоор шийдвэрлэсэн. Уг автомашиныг иргэн ХХХгэдэг хүнд залилуулан Баянгол дүүргийн прокурорын тогтоолоор битүүмжлүүлж, 2014 онд битүүмжлэлээс чөлөөлүүлэн 2014 оны хавар Хөвсгөл аймгаас очиж авчирсан. Түүний дараа ХХХХ ны шийдвэр гүйцэтгэгч ХХХ нь “FAW” маркийн автомашиныг битүүмжлэн авахыг санал болгосон боловч авахгүй гэж мэдэгдсэн. Ингээд Дорноговь аймгийн Замын Үүд суманд аваачиж дахин засварт оруулж эд ангиудыг нь шинэчлэн засуулж Хятад сэлбэгийн дэлгүүр болон хувь хүмүүсээр хийлгэж засварлан сайн болгож "ХХХХ" ХХК-тай гэрээ байгуулан тогтмол ачаа тээвэрлэж байсан. 8 сарын дундуур ХХХ-ны шийдвэр гүйцэтгэгч ХХХ ирж хууль бусаар хураан авч төлбөр авагч ХХХХд хүлээлгэн өгсөн. Тус машинд радиатор, ремень, ган диск, прида диск, муфть шаариг, тооромсны наклад тооромсны чулак сальник, тооромсны хуваарилагч, дугуй тооромсны аппарат, тооромсны шингэн, аккумлятор, тахир гол, поршин, гильци, кольц, шатун, туны пайлц, тахир голын холхивч болон их биеийн холхивч, масло, усны насос, хөөх насос, шүүрнүүд, мөн засварын хөлс зэрэг болно. Шийдвэр гүйцэтгэлийн хууль бус ажиллагаанаас болж би их хохирч байна. Мөн анх ХХХХос авахад 2 000 000 төгрөг өгсөн. Шийдвэр гүйцэтгэлийн газарт тушаасан 1 440 000 төгрөгийг тус тус өгч байсан. Сэлбэг авсан үнэ 8 691 155 төгрөг, автомашины төлбөрт ХХХХ нд тушаасан        1 440 000 төгрөг, нийт 10 131 155 төгрөгийг ХХХХос, ХХХ-аас 10 048 500 төгрөг тус тус нэхэмжилсэн. Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн. Манай гаргаж өгсөн нотлох баримтуудад үнэлэлт дүгнэлт өгөөгүй, хариуцагч нар үгүйсгэсэн нотлох баримт гэж гаргаж өгсөн зүйл байхгүй байхад хэт нэг талыг барьсан шийдвэр гаргасан. ХХХХ нь анх 2 000 000 төгрөг, НШГА-д тушаасан 1 440 000 төгрөг, нийт 3 440 000 төгрөг, автомашинд 8 691 155 төгрөг зарцуулсан, буцаагаад автомашинаа авсан. Үүнээс болж ХХХХ хохирч байгаа нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдож байхад нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэнд гомдолтой байна. Иймд Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 101/ШШ2016/02397 дугаар шийдвэрт өөрчлөлт оруулж ХХХХ-ийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангажээ.

Нэхэмжлэгч ХХХХ нь хариуцагч ХХХХос автомашинд авч тавьсан сэлбэгийн үнэ 8 691 155 төгрөг, автомашины төлбөрт төлсөн 1 440 000 төгрөг, ХХХХнаас хамтран ажиллах гэрээнээс учирсан хохиролд 10 048 500 төгрөг нийт 20 179 655 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг, хариуцагч нар эс зөвшөөрөн маргасан байна.

 

Чингэлтэй дүүргийн шүүхийн 2010 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 1451 дүгээр шийдвэрээр ХХХХээс 10 000 000 төгрөг гаргуулж ХХХХд олгохоор шийдвэрлэсэн байх бөгөөд уг шийдвэр нь хүчин төгөлдөр болсон байна. /хэргийн 32-33 дугаар тал/

 

Төлбөр төлөгч ХХХХ нь төлбөр авагч ХХХХд зээлийн төлбөрт 1 440 000 төгрөг төлсөн байх бөгөөд төлбөрийн үнийн дүнгийн асуудлаар талууд маргаагүй болно.

 

Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд ХХХХ нь 2014 оны 8 дугаар сарын 14-ний өдөр “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” 175/02 тогтоолоор “FAW” маркийн 85-72 УБЗ улсын дугаартай ачааны автомашиныг битүүмжилж, мөн өдрийн “Эд хөрөнгө хураах тухай” 175/03 тогтоолоор уг автомашиныг хураан авч, 175/1 дугаар “Төлбөр төлөгчөөс хураан авсан эд хөрөнгийг төлбөр авагчид болон төлбөр төлөгчид шилжүүлсэн тухай” тогтоолоор ХХХХд дээрх автамашиныг төлбөрт тооцон хүлээлгэн өгсөн үйл баримтууд тогтоогджээ. /хэргийн 83-85 дугаар тал/

            Иргэний хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1, 64.2 дахь хэсэгт заасныг үндэслэн төлбөр төлөгч ХХХХ шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд өөрийгөө төлөөлүүлэх эрхийг 3 жилийн хугацаагаар ХХХт олгожээ.

            ХХХ нь ХХХ-д хандан “Хариуцагч ХХХХ-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нөхөр ХХХ миний бие үлдэгдэл төлбөр болох 8 796 000 төгрөгт бодож “FAW” маркийн 85-72 УБЗ улсын дугаартай ачааны автомашиныг төлбөртөө тооцож өгөхөд татгалзах зүйлгүй гэсэн” хүсэлт бичиж өгсөн нь хэрэгт нотлох баримтаар авагдсан байна. /хэргийн 85 дугаар талын арын хуудас/

 

ХХХХ төлбөр төлөгч ХХХХ-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ХХХ-ын төлбөртөө дээрх автомашиныг өгөх тухай хүсэлтийг төлбөр авагч ХХХХ хүлээн зөвшөөрснийг үндэслэн уг автомашиныг төлбөр авагчид хүлээлгэн өгснөөр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгож, 2014 оны 8 дугаар сарын 22-ны өдөр “Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгасан тухай” 460 дугаар тогтоол гаргасан байна. /хэргийн 92 дугаар тал/

 

Харин нэхэмжлэгч ХХХХ нь автомашинд сэлбэг авч тавьсан, засвар үйлчилгээ хийсний улмаас хохирсон гэсэн үндэслэл зааж хариуцагч нараас хохирол гаргуулахаар нэхэмжилсэн шаардлагаа нотлоогүй, хэргийн баримтаар уг байдал нь тогтоогдоогүй.

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.2 дахь хэсэгт заасан нөхцөлүүд бүрдсэн тохиолдолд нэхэмжлэгч ХХХХ нь хариуцагч ХХХХ, ХХХХ нараас гэм хорын хохирлыг нөхөн төлүүлэхээр шаардах эрх үүснэ.

 

Нэхэмжлэгчийн зүгээс автомашины сэлбэг авч засвар хийн, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны дагуу 1 440 000 төгрөг төлж зардал гаргасан болох нь хариуцагч ХХХ-ын хууль бус, буруутай үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой гэдгийг болон хариуцагч ХХХХ ны ажилтан, албан хаагчийн гэм буруутай үйлдэл эс үйлдэхүйтэй холбоотойгоор хохирол үүссэн гэх нөхцөл, байдлыг хэргийн баримтаар нотолж чадаагүй байна. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэлтэй байна.

 

 Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ХХХ-ын давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.   

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1.Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний анхан шатны шүүхийн 2016 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 101/ШШ2016/02397 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ХХХ-ын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа ХХХаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                 Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

              ШҮҮГЧИД                                 Д.БАЙГАЛМАА

 

                                                                                            Ц.ИЧИНХОРЛОО