Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 06 сарын 14 өдөр

Дугаар 50

 

 Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүнд:

Даргалагч,

                     Ерөнхий шүүгч         Б.Батзориг

                   Шүүгчид                    Ц.Амаржаргал

                                                     Д.Буянжаргал

          Оролцогчид:

                     Прокурор                         Л.Энхтайван

                     Хохирогч                         Ю.Энхбат,

                     Түүний  өмгөөлөгч          Б.Цэдэндамба

                     Шүүгдэгчийн өмгөөлөгч  Н.Мөнх-Эрдэнэ,

                     Түүний  өмгөөлөгч          Р.Атарцэцэг,  М.Гансүх

                     Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Болормаа нар оролцож,  Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Эрдэнэхишиг даргалж, шүүгч С.Нолхоосүрэн, шүүгч Б.Нацагдорж нарын бүрэлдэхүүнтэй шийдвэрлэн, шүүх хуралдаанаас гаргасан, 2017 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 12 дугаартай шүүхийн тогтоолыг эс зөвшөөрч бичсэн улсын яллагчийн эсэргүүцлээр Сэлэнгэ аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Боржигон овогт Нямдаваагийн Мөнх-Эрдэнэд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, эрүүгийн 201618000170 дугаартай, 148/2016/0123/Э индекстэй, 3 хавтас хэргийг 2017 оны 05 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд шүүгч Д.Буянжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1990 оны 07-р сарын 20-ны өдөр Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн суманд төрсөн, 26 настай, эрэгтэй, дээд боловсролтой, философич мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын 1 дүгээр баг 41 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овгийн Нямдаваагийн Мөнх-Эрдэнэ, /РД:МЖ90072017/

 

Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр:

Яллагдагч Н.Мөнх-Эрдэнэ нь 2016 оны 06 сарын 13-ны 05 цагийн орчим Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын 1 дүгээр баг Жаргалантын 1-42 тоот хашааны үүдэнд Ю.Энхбаттай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан улмаар түүний зүүн гарын мөр, бугалганы хэсэгт 2 удаа хутгалан, улмаар зүүн мөр, зүүн бугалганы орчим артерийн судас тасарсны улмаас Ю.Энхбат нь гараа тайруулан биед нь хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Анхан шатны шүүх Н.Мөнх-Эрдэнэд холбогдох эрүүгийн хэргийг 2017 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр хянан хэлэлцээд 12 дугаартай шүүхийн тогтоолоор:

 -Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 230-р зүйлийн 230.1.2-т зааснаар Нямдаваагийн Мөнх-Эрдэнэд холбогдох 201618000170 дугаартай эрүүгийн хэрэгт нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгүүлэхээр Сэлэнгэ аймгийн Прокурорын газраар дамжуулан мөрдөн байцаалтанд буцааж,

 -Шүүгдэгч Н.Мөнх-Эрдэнэд урд авсан таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорьж,

 -Энэ хэргийн улмаас эд мөрийн баримтаар хураагдан ирсэн төмөр алх, хутгыг буцаан хүргүүлж,

 -Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 230 дугаар зүйлийн 230.2-д зааснаар шүүхийн тогтоолыг гардан авсан өдрөөс хойш ажлын 5 хоногт багтаан улсын яллагч эсэргүүцэл өичих эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

 

Улсын яллагч давж заалдах шатны шүүхэд гаргасан 05 дугаартай эсэргүүцэл болон давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбартаа:

…Сэлэнгэ аймгийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс дээрх хэргийг хянан хэлэлцээд 2017 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 12 дугаартай шүүхийн тогтоолоор эрүүгийн 201618000170 дугаартай хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 230 дугаар зүйлийн 230.1.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр нэмэлт мөрдөн байцаалтанд буцаасан.

Шүүхийн тогтоолын зарим заалт хууль зүйн үндэслэлгүй гэж дүгнэж байна. Үүнд:

1.Шүүхийн тогтоолын 1 дэх заалтанд заасан “...Хохирогч Ю.Энхбатыг ямар зайнаас, аль чиглэлд нь хэрхэн хутгалсныг туршилтын журмаар шалгаж тогтоох шаардлагатай байна...” гэсэн заалт нь үндэслэлгүй байна. Учир нь хохирогчийн гар тайрагдсан нөхцөл байдалтай байхад түүнийг ямар зайнаас аль чиглэлд нь хэрхэн хутгалсныг туршилтаар тогтоох нь хэрэгт ач холбогдолгүй байх бөгөөд хэрэгт авагдсан хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтээр хохирогч хутгалагдсан болох нь хангалттай тогтоогдсон байхад хэрэгт ямар ач холбогдолтой тодорхой нөхцөл байдал, үйл явдлыг сэргээн дүрслэх шаардлагатй байгаа нь тодорхойгүй байна.

         2.Тогтоолын 2 дахь заалтанд хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан адуу хатгах  зориулалтын жижиг хутгаар хутгалаагүй гэж шүүгдэгч мэдүүлдэг бөгөөд шинжээчийн дүгнэлтээр уг хутганы ажлын хэсэг нь хүний биед тийм хэмжээтэй лав нэвтрэх боломжгүй гэсэн байхад тэр хутгаар хутгалагдсан гэж мөрдөн байцаагч яагаад эд мөрийн баримт болгосныг тогтоож тодруулах шаардлагатай гэсн байх ба байцаан шийтгэх ажиллагааны явцад шүүгдэгч уг хутгаар хутгалсан гэж мэдүүлж, хутгыг хураалгасныг мөрдөн байцаагч эд мөрийн баримтаар тооцсон байна. Харин шинжээч уг хутгаар хохирогчид гэмтэл учруулах боломжгүй гэж дүгнэлт гаргасан бөгөөд одоо уг хутгыг яагаад эд мөрийн баримт болгосныг тогтоож тодруулах шаардлагагүй, уг ажиллагаа нь хэрэгт ач холбогдолгүй байна.

         3.Тогтоолын 4 дэх заалтад “...Прокурорын яллах дүгнэлтэд “хохирогчийн зүүн гарын булчин хэсэгт хутгалснаас биед нь хүнд гэмтэл санаатай учруулсан” гэж буруутгасныг шүүх үндэслэхэд учир дутагдалтай байгааг мөрдөн байцаалтын шатанд засаж, нотлох шаарлагатай байна...” гэж заасан байх бөгөөд өмнө нь шүүхэд шилжүүлсэн яллах дүгнэлтэнд бичигдсэн дээрх зүйл нь засагдаж 2017 оны 02 дугаар сарын 24-ний 14 дугаартай яллах дүгнэлтэд “...зүүн гарын мөр, бугалганы хэсэгт 2 удаа хутгалан улмаар зүүн мөр, зүүн бугалганы орчим артерын судас тасарсны улмаас Ю.Энхбат нь гараа тайруулж биед нь хүнд гэмтэл санаатай учруулсан...” гэж бичигдсэн байна. Иймд энэ заалтыг хангах үндэслэлгүй байна.

4.Тогтоолын 6 дахь заалт “...урьдах шүүх хуралдаанаас...мөрдөн байцаалтанд буцаасан боловч шүүхийн тогтоолд хийлгэхээр даалгасан ажиллагаануудыг дутуу буюу зарим нь огт хийгдээгүйг хийж гүйцээх шаардлагатай байна...” гэж заасан байх бөгөөд шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 54 дугаартай тогтоолд “гарыг тайрахгүйгээр амь насыг аврах боломжтой байсан эсэх, Дархан-Уул аймгийн эмнэлэг хүлээн авч үзсэнээс хойш эхний мэс ажилбар, эмчилгээ үйлчилгээ нь стандартын дагуу явагдсан эсэх, эмнэлгийн эмч, сувилагч нар уг хэргийг зохих байгууллага, албан тушаалтанд мэдэгдэх үүрэг хүлээдэг эсэх, хохирогч Ю.Энхбат, Н.Мөнх-Эрдэнэ, Т.Мөнхбаяр, О.Оргилболд нар анх хэдэн цагт уулзсан шөнийн турш ямар байдлаар хамт байсныг тогтоох, хохирогчийн мэдүүлгийг газар дээр нь шалгах замаар гэрч нарын мэдүүлэг үнэн зөв эсэхэд үнэлэлт дүгнэлт өгөх боломж бололцоог бүрдүүлэх” гэж заасан байх ба дээрх тогтоолын дагуу мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж шүүхийн тогтоолын заалтуудыг хангасан. Үүнд:

-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнд бүрэлдэхүүнтэй шинжээч томилж дүгнэлт гаргуулан тухайн дүгнэлт гаргасан шинжээчдээс дүгнэлтийн талаар мэдүүлэг авч гарыг тайрахгүйгээр амь насыг аврах боломжтой байсан эсэх, мэс ажилбар эмчилгээ үйлчилгээ нь стандартын дагуу явагдсан эсэхийг тодруулж шалгасан байна.

-Бага эмч Б.Чулуунбаатар, сувилагч Б.Наранзул нарыг Эрүүгийн хуулийн 246 дугаар зүйлийн 246.1 дэх хэсэгт зааснаар сэжигтнээр татсан боловч тэдгээрийн үйлдэл нь Б.Чулуунбаатар, Б.Наранзул нарын дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн 72 дугаар зүйлийн 72.1.1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлагад татах хугацаа өнгөрсөн буюу хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэсэн үндэслэлээр прокурорын тогтоолоор хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

-Хохирогч Ю.Энхбатыг мэдүүлгийг газар дээр нь шалгаж, тухайн шөнө хэрхэн явсан талаар тодруулж тогтоох ажиллагаа явуулсан зэргээр шүүхийн 54 дугаартай тогтоолд заасан ажиллагааг хийж гүйцэтгэсэн байх бөгөөд өмнөх шүүхийн тогтоолд хийлгэхээр даалгасан яг ямар ажиллагаа нь дутуу, аль заалт нь огт хийгдээгүй болох нь тодорхойгүй байх тул хангах үндэслэлгүй байна. Иймд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлийн 284.1-д заасан Шүүхийн тогтоол нь хууль ёсны ба үндэслэлтэй байна гэсэн шаардлагыг хангаагүй гэж үзэж шүүхийн тогтоолын 1, 2, 4, 6 дах заалтуудыг хүлээн авах боломжгүй байх тул Сэлэнгэ аймаг дах сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 12 дугаартай тогтоолын 1, 2, 4, 6 дахь заалтуудыг хүчингүй болгуулахаар Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 230 дугаар зүйлийн 230.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон улсын яллагч эсэргүүцэл бичив...” гэв.

 

 Шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Атарцэцэг давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 Улсын яллагч эсэргүүцэл бичиж, эсэргүүцлээ дэмжиж шүүх хуралд оролцож байгаа ба шүүхийн тогтоолоос дурдсан 3 заалтыг биелүүлье. 4 заалтыг мөрдөн байцаалтаар шалгах шаардлагагүй гэж хэргийг мөрдөн байцаалтаар буцаахыг дэмжиж байна гэж ойлгож байна. Өмнөх шүүхийн шийтгэх тогтоолоор дутуу хийгдсэн зүйл бол 2016 оны 06 сарын 14-ний өдөр анхны хагалгаагаа төгс хийгээгүйгээс болж, энэ хүн гараа тайруулсан гэсэн асуудал юм. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 106 дугаар зүйлд заагдсан зохих ёсоор эмнэлгийн ажилтан, эмчийн үйл ажиллагаа зөв байсан эсэхийг тогтоолгохоор анхан шатны шүүхээр шийдвэр гарсан. Энэ ажиллагааг хийгээгүй, тогтоогоогүй байдаг. Яагаад гэвэл  артерын судас тасарсан бол 06 сарын 14-ний өдөр хагалгаанд орохоос өмнө 3 хоносон байдаг. Тухайн нөхцөл байдалд артерын судас тасарсан бол цус гараад арьс зөөлрөөд оёдол авдаггүй. Гэтэл тухайн үед цус гараагүй оёдол хийгээд, боолтоо хийгээд 3 хоноод 4 дэх хоног дээр Дархан-Уул аймагт очоод анхны хагалгаандаа орсон. Анхны хагалгаа хийсэн эмч нар буруутай байна уу үгүй юу гэдгийг шалгаад өгөөч гэсэн байгаа, хохирогч хутгалагдсан уу хутгалагдсан, гэхдээ гараа тайруулах нөхцөл байдал эмч нарын буруутай үйл ажиллагаанаас үүссэн үү гэдгийг нарийвчлан тогтоогоод өгөөч гэдэг. Улсын яллагч энэ заалтыг биелүүлэх шаардлагагүй гэж үзэж байгаа  боловч үүнийг нарийвчлан тогтоох шаардлагатай юм гэв.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Гансүх давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан  тайлбартаа:

Прокурорын 1, 2, 4 дэх заалтуудыг хүлээн зөвшөөрөхгүй гэж байна. Хамгийн ач холбогдол бүхий нотлох баримтыг бий болгох заалтуудыг хүлээн зөвшөөрөхгүй хийхгүй гэж байна. Энэ гэмт хэрэг яагаад хэдэн цагт үйлдэгдэх болсон гэдгийг тогтоох хэрэгтэй. Тухайн өдөр хохирогчийн зүй бус үйлдлээс болж энэ гэмт хэрэг гарах үндэс болсон. Хохирогч тухайн үед танхайрах гэмт хэргийн бүрэлдэхүүн болох үйлдэл хийгээд зэвсэг зэвсгийн чанартай зүйл авч гарч ирэн шүүгдэгчийн араас шидэж хөөсөн байдаг. Хохирогчийн зүгээс намайг машин дотор байж байхад Н.Мөнх-Эрдэнэ гарч ирээд хутгалсан гэдэг, шүүгдэгч би энэ хүнээс айгаад л гэрлүүгээ зугтаад орсон, гэтэл манай ар гэрийн амгалан тайван байдлыг алдагдуулж, гадаа дүүг минь зэвсэг зэвсгийн чанартай зүйл бариад айлгаад байхаар нь би гарсан гэдэг. Энэ нөхцөл байдлын улмаас шүүхээс ямар зайнаас, аль чиглэлд нь хэрхэн хутгалсныг туршилтын журмаар шалгаж тогтоох шаардлагатай гэсэн байгаа.  Мөн хоёрдахь заалт энэ хутгаар хутгалсан гэдэг байдлаар 4 тооны хутгыг  хурааж авсан байдаг. Адуу хатгах зориулалтын гэх жижиг хутга авчраад энүүгээр хутгалсан гэдэг. Гэтэл шинжээчийн дүгнэлтээр уг хутганы ажлын хэсэг тохирохгүй байна гэсэн дүгнэлт гардаг. Хохирогч гэрээсээ гарч ирэхдээ бор иштэй хутга шидээд байсан, бор иштэй хутга хохирогчийг барьж явсан гэдгийг гэрчүүд мэдүүлдэг. Бор хутгыг хурааж авсан мөртлөө шинжилгээ хийлгээгүй буцаагаад өгсөн байдаг. 4 заалт хохирогчийн үйлдэл гэмт хэргийн шинжтэй байсан уу, довтолгоо хохирогчийн зүгээс эхэлсэн бол зүйлчлэлийн асуудал өөрөөр эргэх байсан учраас маргаж байгаа. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар  зүйлд заасан гэмт хэргийг санаатай учруулсан гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа учир анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын заалтуудыг биелүүлэх нь зүйтэй гэж үзэж байна гэв.

 

Хохирогчийн өмгөөлөгч Б.Цэдэндамба давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

        Энэ хүнээр хутгалуулсан гэдэг нь бүрэн тогтоогдсон. Улсын яллагчийн эсэргүүцэл бүрэн үндэслэлтэй гэж үзэж байна гэв.

 

Тодорхойлох нь:

 

Н.Мөнх-Эрдэнэ нь 2016 оны 06 сарын 13-ны 05 цагийн орчим Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын 1 дүгээр баг Жаргалантын 1-42 тоот хашааны үүдэнд Ю.Энхбаттай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан, түүний зүүн гарын мөр, бугалганы хэсэгт 2 удаа хутгалан, улмаар зүүн мөр, зүүн бугалганы орчим артерын судас тасарсны улмаас Ю.Энхбат нь гараа тайруулан биед нь хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Анхан шатны шүүх хэргийг 2017 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр хянан хэлэлцээд 12 дугаартай шүүхийн тогтоолоор Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 230 дугаар зүйлийн 230.1.2-т зааснаар Нямдаваагийн Мөнх-Эрдэнэд холбогдох 201618000170 дугаартай эрүүгийн хэрэгт нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгүүлэхээр Сэлэнгэ аймгийн Прокурорын газраар дамжуулан мөрдөн байцаалтанд буцааж шийдвэрлэсэн нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлийн 284.1 дэх хэсэгт заасан “…шүүхийн тогтоол нь хууль ёсны ба үндэслэл бүхий байна...” гэсэн хуулийн шаардлагыг хангасан байна.

 

Улсын яллагчийн 2017 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 05 тоот эсэргүүцлийн дагуу Н.Мөнх-Эрдэнэд холбогдох эрүүгийн хэргийг бүрэн хэмжээнд шинжлэн судлахад анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 12 дугаартай шүүхийн тогтоолын 1 дэх заалтанд заасан “...Хохирогч Ю.Энхбатыг ямар зайнаас, аль чиглэлд хэрхэн хутгалсныг туршилтын журмаар шалган тогтоох...” ажиллагааг мөрдөн байцаалтын шатанд явуулах нь хэргийг шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой байх тул энэ талаар бичсэн улсын яллагчийн эсэргүүцлийг хүлээн авах боломжгүй байна.

 

 Харин шүүхийн тогтоолын 2 дахь заалтанд заасан энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан адууны судас хатгах зориулалттай, бор өнгийн иштэй, жижиг хутгыг яагаад эд мөрийн баримт болгосныг мөрдөн байцаалтаар тогтоох шаардлагагүй, тогтоолын 4 дэх заалтанд дурьдагдсан Сэлэнгэ аймгийн Прокурорын газрын 2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 94 тоот яллах дүгнэлтэнд заагдсан алдаа /2-р хх-ийн 74-р ху/ 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 14 тоот /3-р хх-ийн 03-44-р  ху/ яллах дүгнэлтээр засагдсан байх тул улсын яллагчийн эсэргүүцлийн эдгээр заалтуудыг хүлээн авах үндэслэлтэй байна.

Түүнчлэн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 54 дугаартай шүүхийн тогтоолын /2-р хх-ийн 145-р ху/ 1, 2 дахь заалтанд дурьдагдсан ажиллагаануудыг 2017 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 12 дугаартай шүүхийн тогтоолын 3 дахь заалтанд дурьдагдсан Эрүүл мэндийн яамны дэргэдэх мэргэжлийн шинжээчдийн багийг шинжээчээр томилж дүгнэлт гаргуулах буюу эмч мэргэжилтнүүдийн мэргэжлийн алдаа дутагдал гаргасан эсэхийг тогтоох ажиллагаатай хамтатган явуулах боломжтой бөгөөд 54 дугаартай шүүхийн тогтоолын 3, 4 дэх заалтанд дурьдагдсан ажиллагаануудыг мөрдөн байцаалтын шатанд тодорхой хэмжээнд хийж гүйцэтгэсэн байх тул эдгээр ажиллагааг  дахин хийх шаардлагагүй гэж давж заалдах заалдах шатны шүүх үзлээ.

Иймд Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 12 дугаартай шүүхийн тогтоолыг хэвээх үлдээж, улсын яллагчийн 2017 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 05 тоот эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх хуралдаанаас дүгнэв.

Монгол улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.1, 325  дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  2017 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 12 дугаартай шүүхийн тогтоолыг хэвээр үлдээж,  улсын яллагчийн 2017 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 05 тоот эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Хэргийг прокурорт очтол  Н.Мөнх-Эрдэнэд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

3. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 307 дугаар зүйлийн 307.1 дэх хэсэгт зааснаар энэ магадлалд гомдол гаргах, эсэргүүцэл бичихгүй болохыг дурьдсугай.

 

 

                             ДАРГАЛАГЧ                              Б.БАТЗОРИГ

                             ШҮҮГЧИД                                  Ц.АМАРЖАРГАЛ

                                                                                  Д.БУЯНЖАРГАЛ