| Шүүх | Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Гүндсамбын Энх-Амгалан |
| Хэргийн индекс | 146/2016/00310/И |
| Дугаар | 146/ШШ2016/00284 |
| Огноо | 2016-11-15 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2016 оны 11 сарын 15 өдөр
Дугаар 146/ШШ2016/00284
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Г.Энх-Амгалан даргалж тус шүүхийн иргэний хэргийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: Өвөрхангай аймгийн Өлзийт сумын 4 дүгээр багт оршин суух, 1966 онд төрсөн, 51 настай, Ухнан овгийн Содномын Мягмар /РД:ЙК66082509/-ийн хүсэлттэй,
Ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нарийн бичгийн дарга А.Батцог оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч С.Мягмар шүүхэд гаргасан хүсэлтдээ: “...С.Мягмар миний бие 1982-1990 он хүртэл мал малласан. Гэтэл хөдөлмөрийн дэвтэр байхгүйн улмаас ажилласан хугацаа тооцогдохгүй байна. Иймд миний 1982 оны 01 дүгээр сараас 1990 оныг дуустал Өлзийт сумын “Оч” нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү... гэжээ.
Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч С.Мягмар нь “Ажиллаж байсан байдлаа тогтоолгох” тухай хүсэлтийг тус шүүхэд гаргажээ.
Хүсэлт гаргагч С.Мягмар нь 1982 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-нийг хүртэлх хугацаанд Өвөрхангай аймгийн Өлзийт сумын Оч нэгдэлд малчнаар ажиллаж байсан болох нь түүний шүүхэд гаргасан хүсэлт, Өвөрхангай аймгийн Архивын тасгийн 2015 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн №269 дугаартай Архивын лавлагаа, гэрч Ж.Батлут, С.Норжмаа нарын нарын мэдүүлэг зэргээр тогтоогдож байх тул хүсэлтийг хангаж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт заасныг баримтлан Ухнан овгийн Содномын Мягмарыг 1982 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-нийг хүртэлх хугацаанд Өвөрхангай аймгийн Өлзийт сумын “Оч” нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба хүсэлт гаргагч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ЭНХ-АМГАЛАН