| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пэрлээн Гандолгор |
| Хэргийн индекс | 160/2019/0205/Э |
| Дугаар | 2019/ШЦТ/204 |
| Огноо | 2019-09-18 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Б.Б |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 09 сарын 18 өдөр
Дугаар 2019/ШЦТ/204
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч П.Гандолгор даргалж
Улсын яллагч: Б.Буяндалай
Шүүгдэгч: С.Г
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Э.Энххүү нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А овогт С-ын Г-д холбогдох эрүүгийн ... тоот хэргийг хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, ... суманд төрсөн, 34 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, хувийн малаа малладаг, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Архангай аймгийн ............. гэх газар оршин суух хаягтай, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, улсаас авсан гавъяа шагналгүй, А овогт С-ын Га/РД:
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүгдэгч С.Га нь 2019 оны 07 дугаар сарын 01-ний өдөр Архангай аймгийн Хангай сумын Баян-Улаан багийн нутаг дэвсгэр “Өртөнт ам” гэх газарт эхнэр Ц.Пг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож, түүний биед зүүн бугалганд зөөлөн эдийн няцрал, дээд уруулын дотор салстын язарсан шарх, цус хуралт гэмтэл буюу эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав.
*Шүүгдэгч С.Гын шүүх хуралдаанд мэдүүлсэн:
“...2019 оны 06 дугаар сарын 30-ны өдөр үнээ малаа саахгүй байх зэрэг жижиг асуудлаас болж маргаан үүссэн. 2019 оны 07 дугаар сарын 01-ний өдөр эхнэр илүү гэртээ унтаад, үнээгээ саахгүй байхаар нь би унаагаа солих санаатай, хүүхдээ морин дээр нь мордуулчихаад, аав нь араас нь явъя гэж хэлчихээд илүү гэрээсээ бугуйлын мяндас, хувцас хоёр аваад гарч ирэхэд эхнэр намайг хэл амаар доромжилж, хавийн юмаар цохиж, мотоциклийг түлхэж унагаасан болохоор ганц, хоёр цохьсоны улмаас энэ асуудал үүссэн...” гэх мэдүүлэг
*Эрүүгийн 1912004030243 тоот хэргээс мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
*Хохирогч Ц.Пгийн өгсөн:
“...2019 оны 06 дугаар сарын 30-ны өдөр өглөөний 08 цагийн үед Архангай аймгийн Хангай сум Баян-Улаан багийн Өртөнт ам гэх газар үнээгээ саагаад нөхөр С.Гаар үнээгээ эвэлгүүлээд сааж байхад манай нөхөр С.Га уурлаад үнээ саалгахгүй тугал гаргаж ээжид нь хөхүүлээд намайг зайл гэр орон суллаж өг гэхээр нь би хариуд нь нөхөр С.Гыг чи зайл дандаа тэнэж явдаг гэж хэлээд гэр рүүгээ орсон чинь араас гэрт орж ирээд миний араас цээж нуруу толгой хэсэг рүү гараараа 4 удаа цохиж аваад гараад явсан. Тэр өдөр хэрүүл маргаан хийж байгаад гараад явсан тэр өдөр малдаа яваад өгсөн маргааш өглөө буюу 2019 оны 07 дугаар сарын 01-ний өглөө босоод дахин бид хоёр хэрүүл маргаан хийж байгаад миний нүүр толгой хэсэг рүү нэг удаа гараа атгаж байгаад цохьсон, мөн хагалсан галын түлээ модоор зүүн гарын булчин хэсэг рүү хэдэн удаа цохьсон би яг хэдэн удаа цохьсныг мэдэхгүй байна миний зүүн гар булчин хэсэг хөхөрч хавдсан байна. Дахин хэрүүл маргаан хийж байгаад гэрт байсан бензин хийдэг нарийн хаймар шланкаар миний хүзүү дал хэсгээр ороолгож нэг удаа цохьсон хэрүүл маргаан хийж байгаад өөрийнхөө хувцсаа аваад гэрээс гараад явсан. Миний нүүр толгой хэсэг хөндүүр ярьж болохгүй цээжин бие хөндүүр байна миний зүүн тал эрүү хэсэг рүү гараараа 2 удаа гараа атгаж байгаад цохьсон миний бие өвдөж байна миний хүзүү дал хэсгээр нэг удаа хаймар бензин хийдэг шланкаар ороолгож цохьсон. Манай том банди Г, манай эмэгтэй дүү Ц.Л нар мэднэ өөр нарийн сайн мэдэх хүн байхгүй мэдсэн ч энэ талаар хэлэхгүй байх. 2019 оны 05 дугаар сард манайх хүнд үхэр мал зарсан мөнгө болох 4 сая 900 мянган төгрөг байсан тэр мөнгийг манай нөхөр миний данснаас зөвшөөрөлгүй аваад тэрнээс болж хэл амаар доромжилж байгаад намайг цохиж зодох болсон. Олон жилийн өмнө зодож байсан үлдсэн шарх сорив байхгүй эдгэрсэн, сорив үлдээгүй. Миний биеийн зүүн гарын булчин руу хагалсан түлээгээр цохиж хөхрүүлж хавдсан, мөн миний толгой нүүр эрүү хэсэг рүү гараа атгаж байгаад 4 удаа цохиж нүүр ам хавдсан, бензин хийдэг хаймар шланкаар нэг удаа ороолгож нуруу хавдсан миний бие их өвдөж байна мөн баруун гар шуу хэсгээр хөхөрч хавдсан одоо миний биед учирсан гэмтэл бэртэл эдгэрсэн. Миний биед манай нөхөр С.Га намайг зодож миний биед бэртэл гэмтэл учруулсан өөр хүн учруулаагүй. Манай нөхөр С.Га гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж байдаг би байнга айдас хүүдэстэй амьдарч байна зөндөө зодож байсан би хүн амьтанд хэлж байгаагүй. 2015 онд Тариат сум төв дээр зодож Тариатын цагдаа байсан Гунгаа гэдэг цагдаа залууд хэлж дуудлага өгч байсан өөр энэ талаар мэдэх хүн байхгүй байна. Гомдол санал алга байна, харин ирж очсон унааны зардал мөнгө болох 500.000 таван зуун мянган төгрөг нэхэмжилж байна. Надаа ямар нэг баримт гаргаж өгөх боломж алга байна эм тариа авч хэрэглэсэн өөр бусад зардал мөнгө гарсан...” гэх мэдүүлэг/хх-ийн 5-7 дугаар тал/
*Насанд хүрээгүй гэрч Г.Гийн өгсөн:
“...Манай аав ээж хоёр хэрүүл маргаан хийгээгүй үедээ эвтэй найртай харьцаатай харин хэрүүл маргаан хийсэн үедээ хэцүү хоорондоо хэрүүл маргаан хийж манай ээж Ц.Пг зодож хэл амаар доромжилдог. Манай аав Тариат сумын төв явж ирсэн чинь манай ээж аавыг чи миний данснаас мөнгө авсан байна гээд уурлаад үнээгээ саагаагүй гэртээ хэвтээд байсан. Харин 2019 оны 07 дугаар сарын 01-ний өдөр өглөө аав мотоцикль унаад гэрээсээ явах гээд байхаар нь манай ээж аавыг явуулахгүй гээд хэрэлдэж байгаад энэ хоёр хоорондоо зодолдоод байсан. Ээж аавыг чи машинаа унаад хувцасаа аваад яв гэсэн чинь манай аав машинаа унаад хувцасаа аваад явсан. Баруун зүүнийг би мэдэхгүй байна, гарын булчин хэсэг хөхөрч жижигхэн хавдсан байсан хүзүү хэсгээр 2 хэсэг газар халцарсан байсан, нүүр уруул хэсэг нь жижигхэн хөхөрсөн байсан би өөр нарийн сайн ажиглаж хараагүй. Миний харснаар аав ээж хоёр хэрүүл маргаан хийгээд аав явна гээд ээж мотоцикль унуулж явуулахгүй гээд хоорондоо зууралдаад байсан ээж аавыг хувцасаа аваад машинаараа зайл гэсэн. Миний харснаар бензин хийдэг хаймар шланкаар ээжийн ар нуруу хэсэг рүү ороолгосон, хэд ороолгосон талаар би мэдэхгүй байна. Хагалсан түлээ шидээд хамраас нь цус гарсан, тэгээд аав машинаа унаад яваад өгсөн. Манай аав заримдаа архи согтууруулах ундаа хэрэглэж уусан үедээ хааяа ээжтэй хэрэлдэж маргалдаж байдаг. Манай аав бид нарыг загнаж зодож байгаагүй. Манай аав гэр бүлийн хүчирхийлэл үйлдээд байдаггүй...” гэх мэдүүлэг/хх-ийн 15-17 дугаар тал/
*Насанд хүрээгүй гэрч Ц.Лгийн өгсөн:
“...Манай ах, эгч хоёр хоорондоо эвтэй найртай байдаг манай хүргэн ах ийш тийшээ яваад ирэхдээ ууртай болоод бие өвдөөд байна гээд хэрүүл маргаан хийж байдаг. Манай хүргэн ах Тариат сумын төв явж ирсэн чинь манай эгч чи миний данснаас мөнгө хэлэхгүй авсан байна яагаад хэлэхгүй авсан юм бэ гээд уурлаад хоорондоо хэрэлдэж үнээгээ саагаагүй гэртээ хэвтээд байсан. Харин 2019 оны 07 дугаар сарын 01-ний өглөө ах мотоцикль унаад гэрээсээ явах гээд байхаар манай эгч хүргэн ахыг явуулахгүй гэсэн чинь манай хүргэн ах эгчийг үснээс нь зулгаагаад газар унагаад хөлөөрөө өшиглөөд байхаар нь өөрийнхөн хүү бид хоёр болиоч гэж хэлсэн. Тэгсэн чинь гэртээ ороод хагалсан түлээгээр хамар руу нь хагалсан түлээгээр 3 удаа толгой хүзүү, бугуй хэсэг рүү нь цохьсон мөн гэрийн гадаа байсан хаймар шланкаар эгчийн ар нуруу хэсэг рүү мь ороолгоод байсан мөн гараа атгаж байгаад нүүр толгой хэсэг рүү нь цохьсон тэгж байгаад машинаа асаагаад өөрийнхөө хувцсаа аваад явсан. Баруун зүүнийг би мэдэхгүй байна гарын булчин хөхөрч хавдсан, баруун талын чихний ойролцоо хавдсан, хүзүү нүүр хэсэг халцарсан байсан ил харагдах хэсгийг нь би харсан би өөр нарийн сайн ажиглаж хараагүй. Миний харснаар ах эгч хоёр хэрүүл маргаан хийгээд ах явна гээд эгч мотоцикль унуулж явуулахгүй гээд хоорондоо зууралдаад хэрүүл маргаан хийж хоорондоо зодолдоод байсан. Миний харснаар бензин хийдэг хаймар шланкаар эгчийн ар нуруу хэсэг рүү ороолгосон хэд ороолгосон хөлөөрөө өшиглөөд гараараа хэд цохиж авсан, мөн хагалсан түлээгээр гарын булчин хэсгээр цохиод байсан. Хагалсан түлээгээр цохиод, бензин хийдэг хаймраар ороолгоод, гараа атгаж байгаад толгой цээж хэсгээр нь цохиод байсан тэгээд машинаа унаад яваад өгсөн. Манай ах хааяа архи согтууруулах ундаа уудаг уусан үедээ хааяа эгчтэй хэрэлдэж маргалдаж байдаг. манай хүргэн ах бид нарыг загнаж зодож байгаагүй гадуурхаад загнаж зандарч байдаг өөр зодож байгаагүй. Манай ах гэр бүлийн хүчирхийлэл үйлдээд бадаггүй. Би хамт амьдардаггүй хааяа амралтаараа эдний гэрт ирдэг хичээл орохоор би Тариат сумын дотуур байранд хүүхдүүдтэй хамт амьдардаг. Өмнө 2015 онд Тариат сумын төв дээр өвөлжиж байхад энэ хоёр хоорондоо хэрэлдэж маргалдаж байгаад сална гээд манай эгчийг зодож байсан ер нь манай эгч тэр болгон цагдаа энэ тэрд хэлээд байдаггүй манай эгч нэг удаа зодуулаад сална гээд Улаанбаатар хот руу яваад өгсөн араас нь манай хүргэн ах яваад зодсон гэж эгч ярьж байсан тэр үедээ цагдаад хэлж шалгагдсан байх өөр би энэ талаар мэдэхгүй байна. Ер нь бол эдгээр асуудлын талаар манай эгч дэлгэрэнгүй яриад байдаггүй болохоор хүмүүс нарийн сайн мэдэхгүй байх саяны асуудал гарахад би өөрөө хажууд нь байсан учраас нарийн сайн мэдэж байна...” гэх мэдүүлэг/хх-ийн 17-20 дугаар тал/
*Яллагдагч С.Гын өгсөн:
“...Архангай аймгийн Хангай сумын 5 дугаар багийн нутаг Өртөнт гэх газарт 2019 оны 07 дугаар сарын 01-ний өглөө 08 цагийн үед манайх үнээгээ саагаад би эхнэр Ц.Пд үнээгээ эвэлгэж өгч байтал манай эхнэр хамаг сүүг нь тугалд нь хөхүүлсэн байна гээд загнаад байхаар нь би эхнэрийн барьж байсан хувинтай сүүг нь гараараа цохиж асгаад гэртээ яваад орсон. Тэгэхэд миний ардаас орж ирээд над руу орилж хашгираад намайг хэл амаар доромжлоод байхаар нь би гэрээсээ гараад мотоцикль унаад адуундаа явах гэхэд мотоцикль түлхэж унагаад юм авч цохиод байхаар нь би Ц.Пг зөрүүлээд гараараа 2 удаа хүзүү болон цээж хэсэгт нь цохиход мотоцикьь өгөхгүй хиртэй хувцасаа аваад зайл гэхээр нь машинаа унаад Архангай аймгийн Тариат сум руу явсан. Тухайн асуудал болоход манайхтай хамт зусаж байсан айлын хүмсүүс болох Тунгаа, Отгонбаяр, Өрнөхбаяр, Баттөмөр нар харж байсан. Манай 3 хүүхэд байсан. Үнээний сүүг тугалд хөхүүлчихлээ гээд хэрүүл маргаан хийгээд гэрт ороход хойноос орж ирээд хэл амаар доромжлоод хөөж тууж цохиод байсан. Би Ц.Пгийн хүзүү болон цээж хэсэгт нэг нэг удаа гараараа цохьсон. Ар нуруу хэсэгт шланкаар нэг удаа ороолгосон. Өөр надад зодож цохьсон асуудал байхгүй. Би ямар бэртэл гэмтэл учирсан талаар мэдэхгүй. Тухайн үед зүгээр байсан. Ц.П бид 2 гэр бүлийн баталгаатай. 2007 онд гэр бүл болж байсан. Одоо манайх 3 хүүхэдтэй. Би урьд өмнө зодож цохиж байгаагүй...” гэх мэдүүлэг/хх-ийн 40-43 дугаар тал/
*Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 304 дугаартай“...Ц.Пгийн биед зүүн бугалганд зөөлөн эдийн няцрал, зулгаралт, дээд уруулын дотор салстад язарсан шарх, цус хуралт, баруун бугалга, шуунд цус хуралт, баруун тохойн хонхор, хүзүүний зүүн доод хэсэг, баруун шанаа орчим жижиг зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн цохих, цохигдох үйлчлэлээр, нэг бус удаагийн үйлдлээр үүснэ. Хэрэг болох үеийн цаг хугацаанд үүсэх боломжтой. Зүүн бугалганд зөөлөн эдийн няцрал, дээд уруулын дотор салстын язарсан шарх, цус хуралт гэмтэл тус бүр гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн ХӨНГӨН зэрэгт хамаарна. Биеийн гадаргуугийн бусад цус хуралт, зулгаралт гэмтэл тус бүр нь биеийн нийт гадаргуугийн 1%-д хүрэхгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Цаашид ерөнхий ходолморийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт/хх-ийн 34 дүгээр тал/
*Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 49 дүгээр тал/
*Аюулын зэргийн үнэлгээний маягт/хх-ийн 8-11 дүгээр тал/
*Яллагдагч, хохирогч нарын хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт/хх-ийн 70, 71 дүгээр тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
2019 оны 07 дугаар сарын 01-ний өдөр Архангай аймгийн Хангай сумын Баян-Улаан багийн нутаг дэвсгэр “Өртөнт ам” гэх газарт хохирогч Ц.П нь бусдад зодуулж, түүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учирсан гэх үйл баримт шүүх хуралдаанаар шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байх бөгөөд Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжийг агуулж байна.
Дээрх гэмт хэргийг шүүгдэгч С.Га үйлдсэн болох нь хохирогч Ц.Пгийн”... 2019 оны 06 дугаар сарын 30-ны өдөр өглөөний 08 цагийн үед Архангай аймгийн Хангай сум Баян-Улаан багийн Өртөнт ам гэх газар үнээгээ саагаад нөхөр С.Гаар үнээгээ эвэлгүүлээд сааж байхад манай нөхөр С.Га уурлаад үнээ саалгахгүй тугал гаргаж ээжид нь хөхүүлээд намайг зайл гэр орон суллаж өг гэхээр нь би хариуд нь нөхөр С.Гыг чи зайл дандаа тэнж явдаг гэж хэлээд гэр рүүгээ орсон чинь араас гэрт орж ирээд миний араас цээж нуруу толгой хэсэг рүү гараараа 4 удаа цохиж аваад гараад явсан. Тэр өдөр хэрүүл маргаан хийж байгаад гараад явсан тэр өдөр малдаа яваад өгсөн маргааш өглөө буюу 2019 оны 07 дугаар сарын 01-ний өглөө босоод дахин бид хоёр хэрүүл маргаан хийж байгаад миний нүүр толгой хэсэг рүү нэг удаа гараа атгаж байгаад цохьсон, мөн хагалсан галын түлээ модоор зүүн гарын булчин хэсэг рүү хэдэн удаа цохьсон би яг хэдэн удаа цохьсныг мэдэхгүй байна миний зүүн гар булчин хэсэг хөхөрч хавдсан байна. Дахин хэрүүл маргаан хийж байгаад гэрт байсан бензин хийдэг нарийн хаймар шланкаар миний хүзүү дал хэсгээр ороолгож нэг удаа цохьсон хэрүүл маргаан хийж байгаад өөрийнхөө хувцсаа аваад гэрээс гараад явсан. Миний нүүр толгой хэсэг хөндүүр ярьж болохгүй цээжин бие хөндүүр байна миний зүүн тал эрүү хэсэг рүү гараараа 2 удаа гараа атгаж байгаад цохьсон миний бие өвдөж байна миний хүзүү дал хэсгээр нэг удаа хаймар бензин хийдэг шланкаар ороолгож цохьсон...” гэх мэдүүлэг, насанд хүрээгүй гэрч Г.Гийн”... Манай аав ээж хоёр хэрүүл маргаан хийгээгүй үедээ эвтэй найртай харьцаатай харин хэрүүл маргаан хийсэн үедээ хэцүү хоорондоо хэрүүл маргаан хийж манай ээж Ц.Пг зодож хэл амаар доромжилдог. Манай аав Тариат сумын төв явж ирсэн чинь манай ээж аавыг чи миний данснаас мөнгө авсан байна гээд уурлаад үнээгээ саагаагүй гэртээ хэвтээд байсан. Харин 2019 оны 07 дугаар сарын 01-ний өдөр өглөө аав мотоцикль унаад гэрээсээ явах гээд байхаар нь манай ээж аавыг явуулахгүй гээд хэрэлдэж байгаад энэ хоёр хоорондоо зодолдоод байсан. Ээж аавыг чи машинаа унаад хувцасаа аваад яв гэсэн чинь манай аав машинаа унаад хувцасаа аваад явсан. Баруун зүүнийг би мэдэхгүй байна, гарын булчин хэсэг хөхөрч жижигхэн хавдсан байсан хүзүү хэсгээр 2 хэсэг газар халцарсан байсан, нүүр уруул хэсэг нь жижигхэн хөхөрсөн байсан...” гэх мэдүүлэг, насанд хүрээгүй гэрч Ц.Лгийн”... 2019 оны 07 дугаар сарын 01-ний өглөө ах мотоцикль унаад гэрээсээ явах гээд байхаар манай эгч хүргэн ахыг явуулахгүй гэсэн чинь манай хүргэн ах эгчийг үснээс нь зулгаагаад газар унагаад хөлөөрөө өшиглөөд байхаар нь өөрийнхөн хүү бид хоёр болиоч гэж хэлсэн. Тэгсэн чинь гэртээ ороод хагалсан түлээгээр хамар руу нь хагалсан түлээгээр 3 удаа толгой хүзүү, бугуй хэсэг рүү нь цохьсон мөн гэрийн гадаа байсан хаймар шланкаар эгчийн ар нуруу хэсэг рүү мь ороолгоод байсан мөн гараа атгаж байгаад нүүр толгой хэсэг рүү нь цохьсон тэгж байгаад машинаа асаагаад өөрийнхөө хувцсаа аваад явсан. Баруун зүүнийг би мэдэхгүй байна гарын булчин хөхөрч хавдсан, баруун талын чихний ойролцоо хавдсан, хүзүү нүүр хэсэг халцарсан байсан ил харагдах хэсгийг нь би харсан...” гэх мэдүүлэг, хохирогчийн биед хөнгөн хохирол учирсан болохыг тогтоосон Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 304 дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх ба шүүгдэгч С.Гын гэр бүлийн хамаарал бүхий хүн болох эхнэр Ц.Пгийн биед халдаж хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй байна.
Архангай аймгийн прокурорын газраас шүүгдэгч С.Гын гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлтэй, зүйлчлэл тохирсон, хавтаст хэрэгт авагдсан болон талуудын хүсэлтээр шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримт нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэргийг шийдвэрлэх боломжтой байна гэж дүгнэв. Шүүгдэгч С.Га нь өөрийн гэм буруу болон прокурорын сонсгосон ял, эрүүгийн хариуцлагын талаар хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн, хохирогчтой эвлэрсэн үндэслэлээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 17.5 дугаар зүйлд заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн бөгөөд хохирогч Ц.П нь санал хүсэлт байхгүй, гомдолгүй талаар бичгээр хүсэлт ирүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгчтэй эвлэрсэн, шүүгдэгч өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж шүүгдэгч С.Гыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч С.Га нь тохиолдлын шинж чанартай нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож түүнд эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэн оногдуулах нөхцөл байдал тогтоогдохгүй байгааг дурдан, түүний хувийн байдал, прокурорын саналыг харгалзан торгох ял оногдуулж уг ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.
Шүүгдэгч С.Га нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болох битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.5, 1.6, 36.8 дугаар зүйлийн 3, 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч А овогт Сын Гыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Гыг 450/дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000/дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Г нь шүүхээс оногдуулсан 450/дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.00/дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг 3/гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Га нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15/арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч С.Г нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, хохирогч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч С.Гад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.ГАНДОЛГОР