Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 11 сарын 05 өдөр

Дугаар 2019/ШЦТ/231

 

                                                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч П.Гандолгор даргалж

Улсын яллагч: Э.Билгүүн

Шүүгдэгч: Ц.Д

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Энхбаяр нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н овогт Цын Дд холбогдох эрүүгийн ... тоот хэргийг хэлэлцэв.

Шүүгдэгч:  Монгол Улсын иргэн, 1... суманд төрсөн, эрэгтэй, 37 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувийн малаа малладаг, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт Архангай аймгийн Чулуут сумын Хүрэм багийн ............. гэх газар оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, Н овогт Цын Д/РД:ВМ/ 

                              Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч Ц.Д нь 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдөр 22 цагийн үед Архангай аймгийн Чулуут сумын Зуунмод баг, Арсланцохио хорооллын 1-1 тоотод А.Бийг зодож, улмаар түүний эрүүл мэндэд баруун хөмсөгний язарсан шарх, зүүн нүдний зовхинд цус хуралт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 

 

ТОДОРХОЙЛОХ нь: 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав.

        

           *Эрүүгийн 1912005940294 тоот хэргээс мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

 

           *Хохирогч А.Бийн өгсөн: 

“...2019 оны 10 дугаар сарын 01-ний орой 23 цагийн би эхнэр 2 хүүхдийн хамт гэртээ байж байтал манай хүргэн ах Ц.Д согтуу орж ирээд чиний барьсан жорлонгийн чинь нүхийг 1 метр шахуу ухчихсан байсан юм гэхээр нь та тэгвэл нэг мөсөн гүйцээгээд барьчихгүй яасан юм бэ гэсэн чинь миний хажууд ирээд миний нүүр рүү өшиглөөд шанаа руу нэг удаа цохиод дахин зүүн шанаа орчим руу өшиглөсөн. Тэгж байтал манай аав Д.А гэрээсээ орж ирээд салгасан сүүлд нь манай хажуу хашаанд байдаг Д гэдэг ах орж ирсэн. Тэгээд цагдаад дуудлага өгсөн чинь манай хүргэн ах Ц.Д гараад зугтаасан би эмнэлэг орж духны баруун дунд хэсэг хамрын дээд хэсэгт 3 оёдол тавиулсан. Ц.Д ахыг манайд орж ирэхэд би гэрийнхээ зүүн талын орон дээрээ сууж байсан. Тэр үед хэрэлдэж маргалдаагүй би хашаандаа шинэ жорлон барьсан юм гэтэл Ц.Д ах согтуу орж ирээд би тэр жорлонгийн чинь нүхийг 1 метр ухчихсан байсан гэхээр нь та тэгвэл нэг мөсөн гүйцээгээд барьчихгүй яасан юм бэ гэсэн чинь миний хажууд ирээд миний нүүр рүү өшиглөөд зүүн шанаа руу цохиод дахин өшиглөсөн. Эхлээд миний нүүр рүү өшиглөсөн, зүүн шанаа руу нэг удаа цохьсон, дараа нь дахин шанаа орчим руу өшиглөсөн. Өөр цохиж зодоогүй. Би эхнэр хоёр хүүхэдтэйгээ байсан, өөр хүн байгаагүй. Намайг зодож байхад манай аав манайд орж ирсэн. Бид хоёр өмнө нь хэрэлдэж маргалдаж байгаагүй. Ямар нэг өр авлага, өс хонзонгийн асуудал байхгүй. Баруун талын хөмсөг рүү өшиглөсөн юм шиг байна лээ хөмсөгөндөө 3 оёдол тавиулсан, зүүн нүд хөхөрч цус хурсан байсан, хацар дээр бага зэрэг зулгарсан өөр гэмтэл байхгүй. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг/хх-ийн 5-8 дугаар тал/ 

 

*Гэрч П.Нийн өгсөн:

“...2019 оны 10 дугаар сарын 01-ний орой 22 цаг болж байсан санагдаж байна би гэртээ нөхөр 2 хүүхдийн хамт байж байтал манайд Ц.Д ах их согтуу орж ирсэн. Тэгсэнээ чиний барьсан жорлонгийн нүхийг би 1 метр гаруй ухсан гэсэн чинь манай нөхөр А.Б би дахин нэмж ухаад жорлон барьсан ш дээ тийм байсан юм бол та өөрөө жорлонгоо гүйцээгээд барьчихгүй яасан юм бэ гэсэн чинь уурлаад эхэлсэн. Тэр үед манай нөхөр зүүн талынхаа орон дээр сууж байсан манай нөхрийн хажууд очсоноо толгой болон нүүр рүү нь 2-3 удаа өшиглөсөн. Тэгсэн манай нөхрийн хөмсөг дух орчмоос нь цус гараад эхэлсэн манай нөхөр Ц.Д ахыг цохиж зодсон зүйл байхгүй. Тэгж байтал гаднаас манай хадам аав Д.А орж ирээд Ц.Д ахыг хорьж салгасан. Тэрнээс хойш манай хажуу айлын Дашгаваа ах орж ирсэн. Би цагдаа дуудсан тэгсэн чинь Ц.Д ах гараад явчихсан. Манай нөхрийн цус нь тогтохгүй болохоор нь түргэн дуудсан чинь өөрсдөө эмнэлэг дээр ир гэхээр нь манай нөхөр Д ах хоёр цуг эмнэлэг яваад очоод баруун хөмсөгөндөө 3 оёдол тавиулаад ирсэн. Манай нөхөр эмнэлэг яваад баруун хөмсөгөндөө 3 оёдол хийлгэсэн, зүүн нүд нь хөхөрч хавдсан, цус хурсан байсан, өөр ямар нэгэн гэмтэл байхгүй...” гэх мэдүүлэг/хх-ийн 11-13 дугаар тал/ 

 

*Гэрч Д.Аын өгсөн: 

“...2019 оны 10 дугаар сарын 01-ний өдөр ахмадын баяр болоод би баярын хуралд суучихаад ирээд гэртээ байж байгаад орой 23 цагийн үед байх хүү А.Бийн гэрт ороход манай хүргэн Ц.Д манай хүү А.Бийг зодчихсон байсан. Баруун хөмсөгнөөс нь цус гарч байсан цагдаа дуудлаа гэсэн чинь Ц.Д гараад явчихсан. Манай хүү А.Б эмнэлэг явж хөмсөгөндөө 3 оёдол тавиулсан гээд ирсэн. Юунаас болж зодсон талаараа надад хэлээгүй. Миний хажууд хэрэлдэж маргалдсан зүйл байхгүй...” гэх мэдүүлэг/хх-ийн 14-16 дугаар тал/ 

 

          *Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 457 дугаартай“...А.Бийн биед баруун хөмсөгт язарсан шарх, зүүн нүдний зовхинд цус хуралт, зүүн хацар, цээжний зүүн хэсэгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн цохих, цохигдох үйлчлэлээр үүснэ. Хэрэг болох цаг хугацаанд үүсэх боломжтой. Баруун хөмсөгний язарсан шарх, зүүн нүдний зовхинд цус хуралт гэмтэл тус бүр шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Зүүн хацар, цээжний зүүн хэсгийн зулгаралт нь биеийн нийт гадаргуугийн 1%-д хүрэхгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт/хх-ийн 22 дугаар тал/ 

 

           *Яллагдагч Ц.Дгийн өгсөн: 

“...Би 2019 оны 10-р сарын 01-ний өдөр эхнэртэйгээ хамт сумын төв рүү ороод эхнэрээ аймаг руу явуулчихаад өөрөө үлдэж мотоциклио засуулаад үлдсэн. Тэгээд найзуудтайгаа нийлээд 3 ширхэг пиво уучихаад оройхон ахмадын баяр болж байсан болохоор хадам аавынд орох санаатай дэлгүүрээс 1 шил архи, 1 шоколодтай аваад хадам аавынд орох гэтэл манай хадам аав Д.А согтуу байгаа бололтой хадам ээж рүү юм яриад чанга чанга яриад байхаар нь ороогүй буцаж гараад хадам аавын хойно байдаг Ундрал эгчийнд ороод нөгөө авсан архи шоколад хоёроо өгчихөөд байж байгаад буцаад аавынд орох гэтэл хадам аав унтаагүй болохоор нь аавынд оролгүй хажууд нь байдаг хадам дүү А.Бийнд ороод хадам дүүтэй юм яриад сууж байтал та жорлонгоо ухсан юм бол гүйцээгээд барьсангүй, хоёр хүүхдээ суулгаж байж түлээ мод бэлдэж өгсөнгүй гээд над руу дайраад байхаар нь би А.Бийг барьж аваад толгой, нүүр рүү нь хэдэн удаа цохьсон. Гэхдээ хэдэн удаа цохьсоноо санахгүй байна тэгээд би А.Бийг хажуудаа суулгаж байгаад би танай хүүхдийг гэртээ суулгаж байхдаа чамаас түлээ мод, мөнгө төгрөг нэхэж байгаагүй чи надаас хонь өгнө гэж мөнгө зээлээд хониныхоо оронд нэг муу хурга алж явуулж байсан түлээ авах гээд чамд мөнгө өгсөн тэгээд түлээгээ ч өгөөгүй нэхүүлж байж чи мөнгөө өгсөн биздээ дуугүй байгаад байхад давраад байгаарай гэж хэлээд байж байтал гаднаас манай хадам аав орж ирээд намайг манайхаас зайл гээд хөөсөн тэгэхээр нь би гараад явчихсан. Хэдэн удаа цохьсоноо сайн санахгүй байна сүүлд нь уулзахад толгой болон нүүр рүү 2-3 удаа цохьсон, хөмсөгөндөө оёдол тавиулсан, нүд хөхөрч хавдсан гэж ярьж байсан. Сүүлд нь тааралдахад хөмсөгөндөө 3 оёдол тавиулсан, нүд хөхөрч хавдсан гэж ярьж байсан. Өөр цохиж зодсон зүйл байхгүй...” гэх мэдүүлэг/хх-ийн 28-31 дүгээр тал/ 

 

*Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 40 дүгээр тал/ 

*Яллагдагч, хохирогч нарын хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт/хх-ийн 45, 46 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно. 

 

2019 оны 10 дугаар сарын 01-ний өдөр 22 цагийн үед Архангай аймгийн Чулуут сумын Зуунмод баг, Арсланцохио хорооллын 1-1 тоотод иргэн А.Б нь бусдад зодуулж, түүний эрүүл мэндэд баруун хөмсөг язарсан шарх, зүүн нүдний зовхинд цус хуралт, зүүн хацар, цээжний зүүн хэсэгт зулгаралт бүхий хөнгөн хохирол учирсан гэх үйл баримт шүүх хуралдаанаар шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байх бөгөөд Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжийг агуулж байна. 

 

Дээрх гэмт хэргийг шүүгдэгч Ц.Д үйлдсэн болох нь хохирогч А.Бийн”...2019 оны 10 дугаар сарын 01-ний орой 23 цагийн би эхнэр 2 хүүхдийн хамт гэртээ байж байтал манай хүргэн ах Ц.Д согтуу орж ирээд чиний барьсан жорлонгийн чинь нүхийг 1 метр шахуу ухчихсан байсан юм гэхээр нь та тэгвэл нэг мөсөн гүйцээгээд барьчихгүй яасан юм бэ гэсэн чинь миний хажууд ирээд миний нүүр рүү өшиглөөд шануу руу нэг удаа цохиод дахин зүүн шанаа орчим руу өшиглөсөн. Баруун талын хөмсөг рүү өшиглөсөн юм шиг байна лээ хөмсөгөндөө 3 оёдол тавиулсан, зүүн нүд хөхөрч цус хурсан байсан, хацар дээр бага зэрэг зулгарсан өөр гэмтэл байхгүй...” гэх мэдүүлэг, гэрч П.Нийн”... Тэр үед манай нөхөр зүүн талынхаа орон дээр сууж байсан манай нөхрийн хажууд очсоноо толгой болон нүүр рүү нь 2-3 удаа өшиглөсөн. Тэгсэн манай нөхрийн хөмсөг дух орчмоос нь цус гараад эхэлсэн манай нөхөр Ц.Д ахыг цохиж зодсон зүйл байхгүй. Тэгж байтал гаднаас манай хадам аав Д.А орж ирээд Ц.Д ахыг хорьж салгасан...” гэх мэдүүлэг, гэрч Д.Аын”... 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдөр ахмадын баяр болоод би баярын хуралд суучихаад ирээд гэртээ байж байгаад орой 23 цагийн үед байх хүү А.Бийн гэрт ороход манай хүргэн Ц.Д манай хүү А.Бийг зодчихсон байсан. Баруун хөмсөгнөөс нь цус гарч байсан цагдаа дуудлаа гэсэн чинь Ц.Д гараад явчихсан ...” гэх мэдүүлэг,  яллагдагч Ц.Дгийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогчийн биед хөнгөн хохирол учирсан болохыг тогтоосон Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 457 дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх ба шүүгдэгч Ц.Дгийн бусдын биед халдаж хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй байна. 

 

Архангай аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Ц.Дгийн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлтэй, зүйлчлэл тохирсон, хавтаст хэрэгт авагдсан болон талуудын хүсэлтээр шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримт нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэргийг  шийдвэрлэх боломжтой байна гэж дүгнэв. Шүүгдэгч Ц.Д нь өөрийн гэм буруу болон прокурорын сонсгосон ял, эрүүгийн хариуцлагын талаар хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн, хохирогчтой эвлэрсэн үндэслэлээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 17.5 дугаар зүйлд заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн бөгөөд хохирогч А.Б нь санал хүсэлт байхгүй, гомдолгүй талаар бичгээр хүсэлт ирүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгчтэй эвлэрсэн, шүүгдэгч өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж шүүгдэгч Ц.Дг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. 

 

Шүүгдэгч Ц.Д нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол төлбөрийг төлсөн зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэн оногдуулах нөхцөл байдал тогтоогдохгүй байгааг дурдан, түүний хувийн байдал, прокурорын саналыг харгалзан торгох ял оногдуулж уг ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв. 

 

Шүүгдэгч Ц.Д нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдав. 

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.5, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон 

 

ТОГТООХ нь:

 

             1. Шүүгдэгч Н овогт Ц-ын Д-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

 

             2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Дг 450/дөрван зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000/дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй. 

 

             3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Д нь шүүхээс оногдуулсан 450/дөрван зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000/дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсоноос хойш 3/гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай. 

 

             4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Д нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15/арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй. 

 

             5. Шүүгдэгч Ц.Д нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон хөрөнгө битүүмжлэгдээгүй болохыг тус тус дурдсугай. 

 

             6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, хохирогч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 

 

 7. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Ц.Дд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай. 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                             П.ГАНДОЛГОР