Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 07 сарын 22 өдөр

Дугаар 2019/ШЦТ/176

 

                                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч П.Гандолгор даргалж
Улсын яллагч: Э.Билгүүн
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч: Д.Р
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч: В.Удвал
Гэрч: Б.О
Шүүгдэгч: Ц.О
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Энхбаяр нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3 дахь хэсэгт заасан  гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Цийн Од холбогдох эрүүгийн 1812003640010 тоот хэргийг хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1970 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр Архангай аймгийн Ихтамир суманд төрсөн, 49 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, .............. ажилтай, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Архангай аймгийн Ихтамир сумын Тайхар баг, ...................... оршин суух хаягтай, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, улсаас авсан гавъяа шагналгүй, Боржигон овогт Цгийн О/РД:АГ/

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч Ц.О нь 2018 оны 06 дугаар сарын 28-ны өдөр 18 цаг 30 минутын үед Архангай аймгийн Ихтамир сумын Тайхар багийн нутаг Заанхошуу хорооллын 7-04 тоотод үйл ажиллагаа явуулах “Норжим” нэртэй хүнсний дэлгүүрийн гадна талаас цагаан өнгийн соната-6 маркийн 76-15 АРХ улсын дугаартай автомашинаар жолоодож явахдаа Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 7.6 Жолооч хөдөлгөөн эхлэхдээ зам, орчны байдлыг биеэр шалгаж, байр эзлэх, хөдөлгөөний чиг өөрчлөхөд бусдын хөдөлгөөнд саад учруулахгүй байх нөхцөлийг хангана гэсэн заалтыг зөрчсөний улмаас 4 настай Бийг мөргөж, түүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав.

*Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Рийн шүүх хуралдаанд мэдүүлсэн: “...Би хөдөө ноос аваад явж байсан чинь хүүхэд чинь машинд дайруулсан байна яаралтай ирээрэй гэхээр нь ирсэн. Намайг ирэхэд манай хүүхэд ухаангүй эмнэлэгт хэвтэж байсан, хүмүүсээс цус авсан, би бас цусаа өгсөн, би хүүхэд дээрээ очоод яасан миний хүү гэж асуухад өвөө намайг жижиг цагаан машин мөргөсөн гэж хэлсэн. Эмч намайг хүүхдийг хөдөлгөж болохгүй гэсэн. Би тэгээд бичлэгийг үзэхэд Ц.Оийн машинаас өөр машин манай хүүхдийг мөргөх боломжгүй байсан, гурван талаас нь харуулсан камерь байгаа. Манай хүүхэд энэ жил цэцэрлэгт яваагүй, шүүгдэгч нэг нутгийн хүмүүс байж бид нартай ирж уулзаагүй, энэ хэргийг үнэн зөвөөр нь шийдвэрлүүлэх саналтай байна, бензиний зардал 180.000 төгрөг, өмгөөлөгчийн хөлс 1.200.000 төгрөг, Улаанбаатар хот орж зураг авахуулсан 3.000.000 төгрөг зарцуулсан. Манай хүүхэд эмчийн хяналтад байгаа, мөн ээж нь хүүхдээ харж байгаа, манай хүүхэд Архангай аймгийн Их тамир суманд ирсэн боловч эрүү нь далий, мөн нүд нь долир харах гээд байхаар нь Улаанбаатар хот явуулж эмнэлэгт хэвтүүлсэн. Миний хувьд гомдолтой байна, хохирол төлбөрийн хувьд 4.661.090 төгрөг нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг,

*Гэрч Б.Оийн шүүх хуралдаанд мэдүүлсэн: “...Тухайн өдөр 18 цаг 30 минутын үед энэ хэрэг гарсан, манай хүүхэд дэлгүүрийн гадаа тоглож байхад манай дэлгүүрээс Ц.О архи, ус авч гараад явахдаа манай хүүхдийг дайрчихаад явсан байсан. Би хүүхдээ байнга дэлгүүрийн цонхоор харж байсан, нэг харсан манай хүүхэд гадаа хэвтэж байсан, тэгээд манай хүүхэд ингэж хэвтэхгүйдээ гэж хэлээд гараад хүүхдээ авсан чинь хамар амнаас нь цус гарсан байсан, тэгээд эмнэлэг орсон, би тухайн үед сандарсан байсан болохоор юу болоод байгааг мэдээгүй. Манай хүүхэд ухаан алдсан байсан, манай дэлгүүрийн дотор талын камерт бүх зүйл харагдсан байгаа, гадна талын камер тухайн өдөр ажиллаагүй байсан. Ц.О энэ хэрэг гарснаас хойш бид нартай ирж уулзаагүй, манай хүүхдийн биеийн байдлын талаар ч асуухгүй байсан, манай хүүхэд эрүүл болоогүй байгаа, манай хүүхэд өөрийгөө удирдаж чадахгүй, зарим үед өмдөндөө бие засчихдаг...” гэх мэдүүлэг
*Эрүүгийн 1812004430276 тоот хэргээс мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

*Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Рийн өгсөн:
“...Би 2018 оны 06 дугаар сарын 28-ны өдөр хөдөө айлуудаар ноос авч явахад орой 19 цаг 30 минутын үед Дамдинсүрэн утсаар холбогдож Б.Б аваарт орсон байна, яаралтай ир гэхээр нь би тэндээсээ шууд эмнэлэг дээр 20 цагийн үед ирэхэд манай зээ хүү Б.Б ухаангүй, нэг талын нүдийг даруулан толгойг нь ороож боосон байдалтай байсан. М эмч, лобарант Ц.Алтанцэцэг, сувилагч Доосмаа нар эмчилгээ хийж байсан, мөн өндөр настан Жавзансүрэн эмнэлгийн өрөөнд байсан юм. Ихтамир сумын Эрүүл мэндийн төвийн эрхлэгч Номин надад хандаж таны зээ хүү машинд мөргүүлсэн байна, одоо аймгийн төвөөс түргэн ирж байгаа гэж хэлсэн. Би эргээд зээ хүү дээрээ ороход нүдээ нээж, аниад байхаар нь би чихэн дээр нь очоод миний хүүг яасан, өвөө нь байна, юу нь өвдөж байна гэхэд толгой өвдөж байна гэсэн. Миний хүүг яасан гэж асуухад намайг цагаан машин дайрсан гэж хэлээд хөл гараа хөдөлгөх гээд оролдоод байсан. Тухайн үед миний зээ хүү ямар ч хөдлөх чадваргүй болтлоо гэмтсэн байсан. Тэгээд би эмнэлгийн гадна зогсож байхад иргэн Ц.Б эмнэлгийн гадна цугларсан хүмүүст Ц.О машинаараа дайрсан, машиныхан дугуйн мөр мөн байсан гэж ярьж байсан. Зээ хүүгээсээ миний хүүг яасан гэж асуухад “намайг цагаан машин дайрсан” гэж хэлэхийг өндөр настан Жавзансүрэн, М эмч, сувилагч Доосмаа нар хажууд байсан болохоор сонссон. Номин эмч бас байнга орж гарч байсан болохоор тухайн үед сонссон байж магадгүй. Би маш их гомдолтой байна. Энэ хэргийг үнэн зөвөөр нь шийдвэрлэж өгнө үү. Одоо болтол Ц.О нь бидэнтэй ирж уулзаагүй, хүүхдийн биеийн байдал ямар байгааг асуухгүй байгаа нь нэг нутаг усны хүн байж нүүрээ буруулаад яваад байгаад нь маш их гомдолтой байна ...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 30-31 дүгээр тал/

*Гэрч М.Нын өгсөн:
“... Би 2018 оны 06 дугаар сарын 28-ны өдөр 18 цагийн үед Архангай аймгийн Их Тамир сумын төвд байх Норжим гэх дэлгүүрт өөрийн нөхөр Бтай мотоциклоороо ирсэн. Манай нөхөр мотоциклоо дэлгүүрийн баруун талын жигүүрт хайснаас урагш тависан. Тэгээд би шууд дэлгүүрт орсон. Намайг дэлгүүрт юм үзээд байж байтал гадаа О хүүхэд дайрчихсан байна гээд орилж байсан. Тэгээд намайг гараад харахад нэг эрэгтэй жоохон хүүхдийн хамар амнаас нь цус гойжиж байсан. Тэгээд тэр хүүхдийг эмээ нь тэврээд нэг машинд хийгээд аваад явсан. Намайг дэлгүүрийн гадаа очиход цагаан өнгийн Портер ертөнцийн зүгээр зүүн талын жигүүрт байсан. Өөр машин байгаагүй. Би Оийг машинтай явж байсныг хараагүй ...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 44-45 дугаар тал/
*Гэрч Д.Бы өгсөн:
“... Би 2018 оны 06 дугаар сарын 28-ны өдөр 18 цагийн үед Архангай аймгийн Их Тамир сумын төвд байх Норжим гэх дэлгүүрийн гадаа Б, Дулмаа нартай хамт байхад О бид нартай мэндлээд дэлгүүрт орсон. Тэгээд би Оийн араас орсон юм. О ирээд машинаа Норжим дэлгүүрийн баруун талд дэлгүүрийн голын цементнээс бага зэрэг зайтай тавьсан. Би Одгэрлийн машинаас урд талд нь байрлуулсан байсан юм. Намайг ирсэнээс хойш Оийн машины урд талд нэг жоохон хүүхэд шороогоор тоглоод байж байсан. Тэгээд би дэлгүүрт ороод нэг тойрч ундаа авах гэснээ больсон. Манай эхнэр 3 ширхэг хэрчсэн гурил аваад дэлгүүрээс гартал нөгөө тоглож байсан хүүхэд шороон дээр доош харсан байдалтай ялааныхаа алуурыг доороо хийгээд 2 гараа толгойныхоо тэнд гарын алгыг атгасан байдалтай хэвтэж байсан. Тэгтэл миний араас О эгч гарч ирээд хүүхэд уначихсан байна гээд очтол хүүхдийг нь машин дайрсан болотой байсан. Хамар амнаас нь цус гойжсон байсан. Би Оийн машинд ямар нэгэн хүн сууж явсаныг анзаараагүй. Намайг Норжим дэлгүүрийн гадна зогсож байхад дэлгүүрийн баруун талын урд хэсэгт миний мотоцикль, миний мотоциклоос 2 м зайтай О ирж машинаа баруун талруу нь дараад зогссон байсан. Тэр цаг хугацаанд нэг эрэгтэй хүүхэд шороогоороо тоглоод байсан. Би тухайн үед тэр хүүхдийг мотоциклийн янданд гараа түлчихвийдээ гэж бодож байсан. Уг дэлгүүрийн зүүн талд нэг давхар кабинтай цагаан өнгийн портер байсан. Дээд талдаа ачаатай портер байсан. Өөр машин тэнд огт байгаагүй юм. Портер маркын тээврийн хэрэгслийн улсын дугаарыг би харж чадаагүй. Портер хүүхдийг дайруулсанаас хойш хөдөлсөн. Уг хэргийг харсан байж магадгүй. Миний мотоцикль Оийн машины зүүн урд тал 2м хэрээтэй зайд байсан. Хэрэг гарсаны дараа О машинтайгаа 3 уулаа ирсэн. Нэг нь цэцэрлэгийн эрхлэгч байсан. Нэг эмэгтэй нь багш нь байсан юм. Намайг хөдлөхөд миний урд хүүхэд байхгүй байсандаа гэсэн зүйлийг хэлсэн. Би Дулмаа эгч, Б эгч Оээ чиний машины урд жоохон хүүхэд байсан гэж хэлсэн. Тэгэж хэлэхэд О өөр юм хэлэхгүй дуугүй болсон. 4 настай эрэгтэй хүүхэд Оийг ирсэний өмнө болон дараа нь гаднаа тоглож байсан. 5 минутын хугацаанд л уг хэрэг гарсан. Намайг Норжим гэх дэлгүүрийн гадаа ирээд зогсоход А цагдаа дэлгүүрээс гурил аваад гараад урагшаа алхаж байсан. Уг дэлгүүрт Н, Дулмаа, О, Б багш бид нар байсан.4 настай эрэгтэй хүүхэд ганцаараа тоглож байсан Эмээ нь дэлгүүртээ сууж байсан. Өвөө нь хөдөө байсан. Эцэг эх нь манай суманд байдаггүй юм. Тэр хүүхэд ганцаараа тоглож байсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 47-48 дугаар тал/
*Гэрч Л.Бын өгсөн:
“...Би 2018 оны 06 дугаар сарын 28-ны өдөр 18 цагт Архангай аймгийн Их Тамир сумын төвд байх Норжим гэх дэлгүүрийн гадаа зогсож байсан. Тэгтэл О цагаан өнгийн машинтай баруун талаас ирж зогсоод уг дэлгүүрийн гадаа машинаа байрлуулж тавиад надтай мэндлээд дэлгүүрт орсон юм. Би тэр хооронд гадаа зогсож байсан Оийн зээ хүү 4 настай эрэгтэй хүүхэд 2 ширхэг ялааны алуур бариад шороон дээр суугаад ялааныхаа алуур дээр шороо түрээд суугаагаараа урагшаа алхаад явж байсан юм. Тухайн хүү Оийн машинаас ертөнцийн зүгээр урд зүгт 5 м хэртэй зайтай тоглож байсан. Удалгүй дэлгүүрээс О гарч ирж маншиныхаа кабиныг онгойлгоод суусан юм. Би тэгээд дэлгүүрт орсон. Намайг ороод удаагүй 2 минут орчим болж байхад О манай хүүхэд тэнд хэвтэж байна. Шороон дээр хэвтдэггүй юмдаа гээд дэлгүүрээс гарч очоод хүүхдээ өргөсөн чинь хамраас нь сар хийгээд цус садарсан. Бид нар тэгээд тэнд очоод эмнэлэг дуудсан юм. Хүүхдийг машин мөргөсөн юм шиг байсан. Намайг гадаа зогсож байхад болон дэлгүүрт ороход Одогэрэлээс өөр ямар нэгэн машинтай хүн байгаагүй. Тэгээд О эмнэлэг ороод Отэй утсаар яриад чи миний зээ хүүг машинаараа дайрлаа гэж хэлсэн байсан. Би бас Оийг тэр хүүхдийг дайрсан гэж бодож байна. Намайг гадаа байхад дэлгүүрийн зүүн талд давхар кабинтай цагаан өнгийн Портер байсан. Тэр Портер хүүхэд мөргөсний дараа урагшаагаа гараад явж байсан шиг санагдаж байна. Тэр Портер намайг ирэхэд зогсож л байсан юм. Портер маркын тээврийн хэрэгслийн улсын дугаарыг би харж чадаагүй. Тэр машин зүүн талд хүүхдээс хол байсан тэгээд чанх урагшаагаа хөдлөөд явж байсан. Тэр машин бол хүүхдийг мөргөх ямарч боломжгүй байсан. Хэрэг гарсаны дараа О ирчихсэн намайг хөдлөхөд хүүхэд байгаагүй гээд байсан. 4 настай эрэгтэй хүүхэд Оийн машинаас урагш 5 м зайтай тоглож байсан. Гэхдээ суугаад явган алхаад түрээд явж байсан. Тэр хүүхдийг би сайн харсан. Ялааныхаа алуур дээр шороо хутгаад түрээд байсан Түрэхээр ялааны алуур дээрх шороо нь бас гулсаад байсан. Намайг гадаа зогсож байхад А цагдаа дэлгүүрт орчихоод гараад явсан. А гэх цагдаа дэлгүүрийн гадаа тоглож байсан 4 настай хүүхдийг хараад хажуугаар нь өнгөрсөн. Намайг гадаа зогсож байхад цагаан өнгийн машины урд талын суудал дээр хүн байгаагүй. Ард талд нь 2 эмэгтэй хүн суусан байсан. Уг дэлгүүрт Б, Н, Дулмаа, О бид нар байсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 50-51 дүгээр тал/
*Гэрч Б.Оийн өгсөн:
“...2018 оны 06 дугаар сарын 28-ны өдөр 18 цагийн үед би өөрийн эзэмшлийн Норжим нэртэй хүнсний дэлгүүрийн кассан дээр зогсож байхад надтай хамт дэлгүүр дотор Б багш, Дулмаа эгч нар юм ярилцаад байж байсан юм. Тэгээд дэлгүүрээс тэр хоёр гараад дэлгүүрийн гадаа намайг хүлээж байсан. Тэр үед дэлгүүр дотор А цагдаа охиноо дагуулаад орж ирсэний дараа манай зээ Б.Б нь дэлгүүрээс гадагшаа гарсан, тэрний дараа зурагчин Соном орж ирсэн, бас мотоцикльтой явсан Б, эхнэртэйгээ хамт ороод ирчихсэн байсан. А цагдаа худалдаа хийчихээд гарч явсаны дараа гаднаас О орж ирсэн. О манай дэлгүүрээс нэг шил 0,75 литрийн соёрхол нэртэй архи, нэг сав цэвэр устай худалдаж авчихаад тооцоогоо хийгээд гарахад гаднаас Дулмаа эгч, Б багш хоёр зөрөөд ороод ирсэн юм. Би тэр хоёроос манай хүүхэд юу хийж байна гэж асуухад гадаа тоглож байна гэж хэлсэн юм, тэгээд Оийн араас нь удаагүй зурагчин Соном тооцоогоо хийгээд гарсан. Тэрний дараа би 20 орчим секунтын дараа цонхоор хүүхдээ харахад газар доошоо хараад хэвтчихсэн байхаар нь манай хүүхэд яагаад газар хэвтчихсэн байнаа гэж асуухад Дулмаа эгч танай хүүхэд тоглож байсан шдээ сая бүдэрээд газар уначихсан байх гэхээр нь би манай хүүхэд бүдэрч уначихаад ингээд газар хэвтэхгүй ээ гэж хэлээд гараад очтол манай хүүхэд доошоо хараад амнаас нь цус гарчихсан байсан. Би хүүхдээ өргөөд босготол ам, хамарнаас цус садараад гоожихоор нь би айж сандарсандаа орилж хашгирахад Төмөрхүү эгч гудамжны доод талаас машинтай ирээд зогсож, араас нь ирж явсан Батбаатар ах машинтайгаа ирж явсаныг зогсоогоод түүний машинаар манай хүүхдийг авч эмнэлэг хүргэж өгсөн юм. Би Б.Бийг машин мөргөж байхыг хараагүй, тэгэхдээ тухайн үед манай дэлгүүрийн гадна Оийн унаж явсан цагаан өнгийн суудлын автомашинаас өөр машин байгаагүй. О дэлгүүрээс архи худалдаж авчихаад гарсаны дараа би 20 орчим секунтын дараа хүүхдээ харахад манай хүүхэд мөргүүлчихсэн газарт хэвтэж байсан юм. О хөдлөхдөө манай хүүхдийг машинаараа мөргөчихөөд явсан гэж би  бодож байгаа. Учир нь тухайн үед өөр машины хөдөлгөөн байгаагүй тэрийг манай дэлгүүр дотор байсан хүмүүс бүгд мэдэж байгаа. “Норжим” хүнсний дэлгүүр гадна талдаа 1 ширхэг хяналтын камер байгаа, уг камер тухайн үед салгаастай байсан учир дүрс бичигдээгүй, харин дотор талын камерт тухайн цаг үед байсан хүмүүсийн үйлдлүүд цаг хугацаатай бичээстэй байгаа. Намайг Б.Бийг газарт байхыг цонхоор харах үед ойр орчимд нь тээврийн хэрэгсэл явж байсан эсэхийг анзаараагүй. Оийг манай дэлгүүрээс архи худалдаж авах үед архи үнэртэж байсан. Тухайн үед Оийг хэнтэй хамт явж байсныг сайн мэдэхгүй байна, сүүлд нь сонсоход цэцэрлэгийн хоёр багш хамт явсан гэж байсан. О нь тухайн үед манай дэлгүүрт 16 цаг өнгөрч байх үед машин жолоодож Баяраа, Сайнаа гэх хүмүүстэй ирсэн байсан, тэгээд өөрөө дэлгүүрт орж ирээгүй, Баяраа, Сайнаа хоёр нь хоёр шил архи авчихаад гарсан юм, дараа нь 18 цаг өнгөрч байх үед О нь дахиж машин барьж ирэхдээ согтуу байгаад манай хүүхдийг мөргөчихөөд явсан гэж би үзэж байгаа ...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 57-58 дугаар тал/
*Гэрч Ч.Аын өгсөн:
“...Би 2018 оны 06 дугаар сарын 28-ны өдөр 18 цагийн үед Норжим хүнсний дэлгүүрт охиноо дагуулаад хэрчсэн гурил авах гэж орсон. Тухайн үед намайг дэлгүүр лүү ороход гадна талын цемент нь талбайн баруун талын урд буланд мотоцикль зогсож байсан. Өөр ямар нэгэн тээврийн хэрэгсэл харагдаагүй. Харин дэлгүүрээс худалдаа хийчихээд гарахад баруун талын хэсэгт хашаатай ойрхон цемент нь талбай руу харсан цагаан өнгийн сонота-6 маркийн 76-15 АРХ улсын дугаартай автомашин зогсож байсан. Тухайн үед Норжим хүнсний дэлгүүр дотор дэлгүүрийн эзэн О эгч байсан, бас танихгүй ахимаг насны 2 эмэгтэй хүн байсан, дээлтэй эмэгтэй, эрэгтэй хоёр хүн худалдаа хийгээд байж байсан. Намайг дэлгүүр ороход Б.Б хүүхэд дэлгүүр дотор байсан. Хоёр өнгийн ялааны алуур барьчихсан тоглож явсан. Би дэлгүүр дотор 5-10 минут орчим болсон байх, намайг дэлгүүрээс гарахад Б хүүхэд дэлгүүрийн гадна талд цагаан өнгийн сонота-6 маркийн 76-15 АРХ улсын дугаартай автомашины ертөнцийн зүгээр урд талд урагшаа хараад доошоо суучихсан гартаа барьсан ялааны алуураар шороо ухаад тоглож байсан. Тэгээд намайг гэртээ орчихоод удаагүй байхад хэсгийн төлөөлөгч залгаад Норжим дэлгүүрийн гадна хүүхэд машинд дайруулсан байна гэхээр нь би яваад очиход Б.Б хүүхдийн тоглож байсан газарт их хэмжээний цус асгарсан байсан. Мотоцикль өмнө зогсож байсан байрандаа байсан, ойр хавьд нь өөр ямар ч хүн, тээврийн хэрэгсэл байхгүй болохоор би сумын эмнэлэг орж Б.Б хүүхдийн эмээтэй уулзаж юу болсоныг асуухад О машинаараа дайрчихаад явчихсан, цэцэрлэгийн эрхлэгчээр дуудуулчихсан байгаа гэж байсан. Тэгээд би эргээд хэргийн газарт очиход цагаан өнгийн соната-6 маркийн 76-15 АРХ улсын дугаартай автомашин намайг дэлгүүрээс гарахад зогсож байсан байрандаа ирээд зогсчихсон байсан. Тэгэхэд мотоциклийн эзэн ирээд мотоциклио аваад явсан юм. Намайг дэлгүүрээс гарахад дэлгүүрийн гадна цемент нь талбайн баруун урд талын буланд дэлгүүр лүү ороход байсан мотоцикль байрандаа байсан, цагаан өнгийн соната-6 маркийн 76-15 АРХ улсын дугаартай автомашин хоёр зогсож байсан. Тэр өдөр хүний болон автомашины хөдөлгөөн бага байсан. Би мөргөсөнийг хараагүй болохоор Б.Б хүүхдийг цагаан өнгийн соната-6 маркийн 76-15 АРХ улсын дугаартай автомашин мөргөсөн эсэхийг мэдэхгүй байна. Тэгэхдээ Б.Б хүүхдийн мөргүүлсэн гэх газарт асгарсан цусны дээгүүр автомашины дугуйн мөр гарсан байсан, тухайн үед би цагаан өнгийн соната-6 маркийн 76-15 АРХ улсын дугаартай автомашиныг унаж ирсэн О гэх хүнээс энэ таны машины дугуйн мөр мөн үү гэхэд мөн гэж байсан. О нь би энд зогсож байгаад эргээд явсан юм тэгээд удаагүй намайг цэцэрлэгийн эрхлэгч дуудахаар нь эргэж ирээд зогсож байсан байрандаа зогссон гэж байсан. Намайг Норжим дэлгүүрээс гарахад цагаан өнгийн соната-6 маркийн 76-15 АРХ улсын дугаартай автомашины хойд талын суудалд 2 эмэгтэй хүн сууж байсан. Би машиных нь урдуур гарахад харагдаж байсан юм Б.Б хүүхэд цагаан өнгийн соната-6 маркийн 76-15 АРХ улсын дугаартай автомашинаас ертөнцийн зүгээр урд зүгт ойролцоогоор 5-6 метр зайнд байсан. Намайг хэргийн газарт анх очиход ойр орчимд ямар нэгэн сэжиг бүхий хүн, тээврийн хэрэгсэл ажиглагдаагүй. Цагаан өнгийн соната-6 маркийн 76-15 АРХ улсын дугаартай автомашин өмнө зогссон байрандаа ирээд зогссон байсан нь сэжигтэй санагдаж байсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 60-61 дүгээр тал/

*Гэрч Ж.Дийн өгсөн:
“...Би 2018 оны 06 дугаар сарын 28-ны өдөр “Норжим” хүнсний дэлгүүрт ороогүй. Тэгэхдээ тухайн үед “Норжим” хүнсний дэлгүүр дээр манай сумын хүнсний дэлгүүрүүдийн дундын сангийн хүмүүс 18 цагт цугларч хуучин дэлгүүр ажиллуулдаг байсан Өлзийбаярын шинэ байшингийн найранд уригдаж очихоор болсон байсан юм. Тэгээд би гэрээсээ Норжим хүнсний дэлгүүр орохоор ач хүүхдээ дагуулаад хашааны хаалгаар гараад дэлгүүрийн зүг хартал дэлгүүрийн гадна талд цемент нь талбайн ертөнцийн зүгээр баруун талд цагаан өнгийн суудлын автомашин урд зүгт хараад зогсож байсан. Тэгэхээр нь би энэ машинтай бүгдээрээ Өлзийбаярын гэр рүү явах юм байна даа гэж бодоод алхаж явтал дэлгүүрийн хажуу талын нарын гудамж руу манай ач хүү гүйгээд орчихоор нь би араас нь ихдээ л 15 метр газар явж хүүхдээ хөтлөөд буцаад нарийн гудамжнаас ойролцоогоор 20 орчим секунт болчихоод гараад иртэл нөгөө цагаан машин байхгүй болчихсон байхаар нь намайг хаяад явчихаж байгаа юм байхдаа гэж бодоод дэлгүүр лүү орох гэж явтал дэлгүүрийн О дэлгүүрээс гүйж гарч урагшаа явахаар нь хартал цемент нь талбайн баруун талын урд хэсэгт шороон дээр хүүхэд хэвтэж байсан. О очиж хүүхдээ тэвэрч аваад нэг хэсэг ухаан нь балартсан бололтой орилж хашгираад байсан. Тэгэхэд хүүхдийн хамар, амнаас их хэмжээний цус гоожсон байсан. Тэгэхэд зурагчин Соном дэлгүүрийн гадна талбайн цементен талбайн зүүн талд төмөр хашлаганы хажууд зогсож байсан. Тэгээд О гэх залуу машинтайгаа ирсэн. Дараа нь Батбаатар гэх хүн машинтайгаа ирж хүүхдийг эмнэлэг рүү хүргэж өгсөн юм. Тухайн үед өөр ямар нэгэн машин яваагүй, хөдөлгөөн багатай байсан. Манай хашаа “Норжим’ хүнсний дэлгүүртэй нэг гудамж ба дэлгүүрээс доошоо 50-60 орчим метр зайтай байдаг. Угаасаа хашааны гаднаас дэлгүүрийн урд тал бүхэлдээ харагддаг юм. Тухайн үед гадна талын цемент нь талбайн баруун талын урд буланд мотоцикль зогсож байсан. Тэгээд тэр цагаан өнгийн суудлын автомашин зогсож байсан. Өөр автомашин байгаагүй. Би Норжим хүнсний дэлгүүр орох гэж явахдаа дэлгүүрийн гадна талд 4 настай Б.Б хүүхэд байхыг анзаараагүй. Тухайн үед миний харсан Сонота-6 маркийн цагаан өнгийн автомашин, мотоцикль хоёроос өөр тээврийн хэрэгсэл байгаагүй, тухайн үед хөл хөдөлгөөн их багатай байсан. Сонота-6 маркийн цагаан өнгийн автомашины улсын дугаарын хараагүй болохоор мэдэхгүй байна. Мөн хэн жолоодож явсаныг мэдэхгүй, намайг тухайн үед дэлгүүрийн зүг ойртож явахад дотор нь хүн байгаа харагдсан, тэгэхдээ би эмэгтэй, эрэгтэй хүний аль болох, хэн болохын таниагүй. Б.Б хүүхдийг цагаан өнгийн соната-6 маркийн автомашин мөргөснийг нь хараагүй болохоор мэдэхгүй байна. Тэгэхдээ тухайн үед сонота-6 маркийн цагаан өнгийн автомашинаас өөр машин яваагүй, тэгээд уг автомашин маш хурдан хугацаанд яваад өгчихсөн байсан болохоор би хүүхдийг мөргөсөн гэж үзэж байна. Би тухайн үед нарийн гудамжнаас ач хүүхдээ хөтлөөд гараад ирэхэд дэлгүүрийн зүүн талын төмөр хашлаганы урд талд зурагчин Соном зогсож байсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 66-67 дугаар тал/
*Гэрч Э.Гын өгсөн:
“...Би 2018 оны 06 дугаар сарын 28-ны өдөр Архангай аймгийн Ихтамир сумын Тайхар багийн нутаг Заанхошуу хорооллын 7-04 тоотод байх Норжим хүнсний дэлгүүрийн гадна талбайд 4 настай Б.Б нь тээврийн хэрэгсэлд мөргүүллээ гэх дуудлагаар очиж ажилласан. Би энэ дуудлагаар бүрэлдэхүүний хамт очиж хэргийн газрын үзлэгт оролцож, хэмжилт хийн, ослын газрын схем зураг үйлдсэн. Норжим дэлгүүрийн үүднээс ертөнцийн зүгээр урд талд цемент нь талбай байх ба түүний баруун талын урд булангаас баруун тийш 4.80 метр зайнд А цэг буюу анх хүүхэд мөргөсөн цэг, түүнээс баруун урд зүгт 1.30 метр зайнд Б цэг буюу цус тунасан газар байна. Тухайн үед хэргийн газарт цемент нь талбайн баруун талын хойд хэсэгт хагас зүүн урд зүгт харсан цагаан өнгийн сонота-6 маркийн 76-15 АРХ улсын дугаартай автомашин зогсож байсан ба А цэг болон Б цэг дээгүүр явсан тээврийн хэрэгслийн дугуйны мөр байсан. Уг мөрийг дээрх автомашины жолооч болох нэг эрэгтэй хүн би энэ зогсож байгаа газраасаа баруун гар тал руугаа дарж хөдлөн явсан, энэ дугуйны мөр миний машины дугуйны мөр мөн байна гэж хэлж байсан. Тэгээд намайг хүүхэд дайрчихлаа гээд байхаар нь би эргэж ирээд зогсож байсан газраа ирээд зогссон байгаа юм гэж хэлж байсан. Би тухайн үед схем зурагт А болон Б цэгийн хооронд хэмжилт хийж 1.30 метр байсныг тэмдэглэсэн байгаа. Тээврийн хэрэгслийн мөр нь тухайн Б цэг буюу цус тунасан газар дээгүүр гарсан байсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 71-72 дугаар тал/
*Гэрч Ц.Бын өгсөн:
“...Би 2018 оны 06 дугаар сарын 28-ны өдөр Норжим дэлгүүрийн гадна Б нь тээврийн хэрэгсэлд мөргүүлж гэмтсэн гэж дуулаад эхнэрийн хамт эмнэлэг дээр очсон юм. Тухайн үед юу болсоныг сайн ойлгоогүй байсан. Би машинтайгаа мөргүүлсэн гэх газарт нь очиж үзэхэд газарт их хэмжээний цус болчихсон, ард талд нь цагаан өнгийн сонота-6 маркийн автомашин зогсож байсан. Жолооч нь Ц.О байсан юм. Тэгсэн сумын цагдаа Ч.А намайг бүрэлдэхүүн иртэл цаад талд нь машинаараа зам хаагаад зогсож бай гэсэн болохоор би зам хааж зогсоод байж байсан юм. Бүрэлдэхүүн ирээд үзлэг хийж байхад би  хөндлөнгөөс харж байхад Оийн унаж ирсэн машины дугуйны мөр зогсож байсан газраасаа эхлээд хагас дугуйраад хүүхдийн цус болсон газрыг дайраад шууд гарсан байсан. Нэг цагдаа Оээс энэ таны машины дугуйны мөр мөн үү гэхэд О би энэ зогсож байгаа газраасаа хөдлөөд явсан, энэ миний машины дугуйны мөр мөн гэж хэлж байсан юм. Тухайн үед дугуйны мөр их тод харагдаж байсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 73-74 дүгээр тал/
*Гэрч Н.Нийн өгсөн:
“...2018 оны 06 дугаар сарын 28-ны өдөр орой ажил тараад гэртээ ирчихээд удаагүй байхад жижүүрийн сувилагч утсаар залгаж машинд мөргүүлсэн ухаангүй хүүхэд ирлээ гэхээр нь би эргэж эмнэлэгт очиход Б.Б хүүхэд цус их алдалттай, цонхигор, толгойд их гэмтэлтэй ухаангүй байсан. Эмчилгээ хийж байх хугацаанд хоёр ч удаа их хэмжээний цусаар бөөлжсөн, мөчдөд ил харагдах хугарал гэмтэл байгаагүй. Аймгийн төвөөс гэмтлийн эмч дуудсан. Чой эмч дуудлагаар ирсэн. Эмчилгээний явцад Б.Б нь ухаан орсон. Тэгээд 3-4 цаг эмчилгээ хийж байгаад аймгийн төв рүү тээвэрлэж авч явсан юм. Б.Б нь өвөө Д.Рийг эмнэлэг дээр ирсэний дараа ухаан орсон. Өвөө Д.Р Б.Бөөс миний хүүг яасан гэхэд “намайг цагаан өнгөтэй жижиг машин мөргөсөн" гэж хэлсэн. Тэнд байсан хүмүүс бүгд хэлсэнийг нь сонссон. Өөр зүйл яриагүй... ” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 75-76 дугаар тал/
*Гэрч Б.Мын өгсөн:
“...Би тухайн үед аймгийн төв рүү өвчтөн хүргэж өгөхөөр орсон байсан. Эргээд ажилдаа ирэхэд Б.Б гэх хүүхэд толгойдоо гэмтэлтэй ирээд эмчилгээ хийлгэж байсан. Би эмчилгээ хийж байсан Н.Нэ эмчид туслаад өвчтөний амин үзүүлэлтийг хянаж, цус сэлбэхэд нь туслаад байж байсан. Б.Б хүүхэд 2 удаа их хэмжээний цусаар бөөлжсөн. Удаагүй Б.Б хүүхэд ухаан орсон. Аймгийн нэгдсэн эмнэлгээс дуудлагаар Чойжамц эмч, сувилагчтай ирж хүүхдэд эмчилгээ хийж байгаад аймгийн төв рүү тээвэрлэж авч явсан юм. Түүний өвөө Д.Р нь Б.Бийг ухаан орсоны дараа миний хүү яасан гэж асуухад “Б.Б өвөө намайг жижиг цагаан машин дайрчихаад яваад өгсөн” гэж хэлсэн. Тэгээд уйлаад байсан. Чойжамц эмч одоо хүүхдээс битгий юм асуу гэж хэлж байсан... ” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 77-78 дугаар тал/

*Гэрч Ш.Оын өгсөн:
“... Би 2018 оны 06 дугаар сарын 28-ны өдөр 18 цагийн үед машинтай ээжийг ажлаас нь авчихаад эмийн сан орчихоод Норжим дэлгүүрийн урдуур гарах гэж байхад цементэн талбайн баруун урд буланд хүүхэд доошоо хараад хэвтэж байхыг харсан. Дөхөөд очиход Норжим дэлгүүрээс нэг эмэгтэй хүн гүйж гарч ирээд хүүхдийг өргөж босгоод сэгсэрч үзсэн. Ээж бид 2 машинаасаа буугаад хартал Ооёо эгч байсан, тэр хүүхэд нь ач нь байсан. Хүүхдийн хамар, амнаас нь цус ихээр гарсан, ухаан нь балартсан байсан. Би хүүхдийг авч явж сумын эмнэлэгт хүргэж өгсөн. Сумын цагдаа эмнэлэг дээр ирэхээр нь би цагдаатай хамт хүүхэд хэвтэж байсан газарт очиж зааж өгсөн. Тэгэхэд тэр газарт Ц.О ах намайг дэлгүүрээс гарахад хүүхэд байгаагүй, би хүүхэд дайраагүй, намайг дайрсан гэж ярьсан байна гэж хэлж байсан юм. Тэгээд би удаагүй гэртээ харьсан юм. Би Б.Б хүүг тээврийн хэрэгсэл мөргөж байхыг хараагүй. Тухайн үед ойр орчимд ямар нэгэн машин явахыг хараагүй. Хүүхдийн хэвтэж байсан газарт шороон дээр алга дарам газарт цус болчихсон байсан. Тухайн газарт намайг харахад олон машины дугуйны мөр харагдаж байсан. Тухайн үед цагдаа нар ирээд хэргийн газрыг хамгаалсан байсан болохоо би сайн мэдэхгүй байна... ” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 84-86 дугаар тал/
*Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 9205 дугаартай “... Б.Бийн биед дагз, баруун зүүн чамархай, чамархай-зулайн заадас, суурь ясны хугарал, аалзан хальсан доорх цус харвалт, нүүрний зүүн талын тал саа, зүүн хацар, зүүн эгэм, зүүн шуу, зүүн өвдөгт зулгаалт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын     3.1.2-т зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна...” гэх дүгнэлт /1-р хх-ийн 94-95 дугаар тал/
*Шинжээч эмч Т.Нийн өгсөн:
“... Б.Бийн биед тогтоогдсон гэмтлүүд нь мохоо зүйлийн цохих, цохигдох, шүргэх, нидрэгдэх үйлчлэлээр үүсгэгдэнэ. Авто ослын үед үүсгэгдэх боломжтой. Мохоо зүйл гэдэгт мохоо гадаргуутай буюу хурц ир, ирмэгтэй зүйлээс бусад зүйл хамаарна. Зүүн хацар, зүүн эгэм, зүүн шуу, зүүн өвдөгт зулгаралт гэмтэл тогтоогдсон. Бичилтэнд “р” үсгийг орхиж бичсэн байна... ” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 141-143 дугаар тал/
*Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 582 дугаартай:
“...Б.Бийн биед дагз, баруун зүүн чамархай, чамархай-зулайн заадас, суурь ясны хугарал, аалзан хальсан доорх цус харвалт, нүүрний зүүн талын тал саа, зүүн хацар, зүүн эгэм, зүүн шуу, зүүн өвдөгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх дагз, баруун зүүн чамархай, чамархай-зулайн заадас, суурь ясны хугарал, аалзан хальсан доорх цус харвалт, нүүрний зүүн талын тал саа гэмтэл нь мохоо зүйлийн нэг ба түүнээс олон удаагийн үйлчлэлээр, зүүн хацар, зүүн эгэм, зүүн шуу, зүүн өвдөгний зулгаралт гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Дээрх дагз, баруун зүүн чамархай, чамархай-зулайн заадас, суурь ясны хугарал, аалзан хальсан доорх цус харвалт, нүүрний зүүн талын тал саа нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-т зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Бусад гэмтэл нь 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна. Хэрэг болсон гэх цаг хуагцаанд үүссэн байх боломжтой байна...” гэх дүгнэлт/2-р хх-ийн 7-9 дүгээр тал/

*Тээврийн цагдаагийн албаны  2019 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 180 дугаартай “...Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 17 дугаар зүйл. Шинжээч дүгнэлт гаргах: 17.4. Шинжээч өөрийн гаргасан дүгнэлтийн үнэн зөвийг хариуцна. гэж заасан тул Архангай аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн ахлах зохицуулагч, цагдаагийн хошууч, Д.Энхзоригтын 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн гаргасан 82 дугаартай шинжээчийн дүгнэлт үндэслэлтэй эсэхэд хариулт өгөх боломжгүй байна. Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, схем зураг, гэрчүүдийн мэдүүлэг, гэрэл зураг, ШШҮХ-ийн Шүүх Эмнэлгийн шинжилгээний газрын шинжээчийн дүгнэлт, “Норжим” дэлгүүрийн доторхи хяналтын камерийн бичлэг зэрэг нотлох баримтууд дээр үндэслэн жолооч Ц.О нь 76-15АРХ улсын дугаартай Х.Соната маркийн автомашиныг жолоодож хөдөлгөөн эхлэхдээ МУ-ын ЗХД-ын 7. Хөдөлгөөн эхлэх болон чиг өөрчлөх 7.6. Жолооч хөдөлгөөн эхлэхдээ зам, орчны байдлыг биеэр шалгаж, байр эзлэх, хөдөлгөөний чиг өөрчлөхөд бусдын хөдөлгөөнд саад учруулахгүй байх бүх нөхцөлийг хангана. гэсэн заалтыг зөрчсөн болон хохирогч Бийн тухайн өдрийн асран хамгаалагч Б.О нь ЗХД-ийн 3. Явган зорчигчийн үүрэг 3.3. Сургуулийн өмнөх насны хүүхдийг харгалзах хүнгүйгээр замын хөдөлгөөнд оролцуулахыг хориглох бөгөөд харгалзаж яваа хүн хүүхдийг хөтөлж (тэвэрч) явна. гэсэн заалтыг тус тус зөрчснөөс гарсан гэх үндэслэлтэй байна. Хохирогч Б нь осолд орсон байдалтай хэвтэж байсан газар нь Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль 3 дугаар зүйл Хуулийн нэр томьёоны тодорхойлолт 3.1.4.“зам” гэж тээврийн хэрэгслээр зорчиход зориулсан зурвас газрыг. Зорчих хэсэг болон түүний хажуугийн хөвөө, явган хүний зам, тусгаарлах зурвас замд хамаарна; Монгол Улсын Засгийн газрын 2004 оны 74 дүгээр тогтоолын хавсралт Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм. 1. Нийтлэг үндэслэл 1.4. Энэ дүрэмд байгаа дараахь нэр томъёог дор дурдсан утгаар ойлгоно: “Зам” - тээврийн хэрэгслээр зорчиход зориулсан зурвас газар. Зорчих хэсэг болон түүний хажуугийн хөвөө, таримал зүлэг, явган хүний зам, тусгаарлах зурвас замд хамаарна; заалтуудын дагуу зам мөн. Хохирогч Бийг Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль 3 дугаар зүйл. Хуулийн нэр томьёоны тодорхойлолт 3.1.11 болон Монгол Улсын Засгийн газрын 2004 оны 74 дүгээр тогтоолын хавсралт Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм. 1. Нийтлэг үндэслэл 1.4. Энэ дүрэмд байгаа дараахь нэр томъёог дор дурдсан утгаар ойлгоно: “Явган зорчигч” - замаар явган яваа (зам дээр ажил, үүрэг гүйцэтгэж байгаагаас бусад) хүн. Жагсаалаар яваа болон тахир дутуу хүний тэргэнцэртэй, мөн тэрэг түрж, чарга чирч, мотоцикл, мопед, унадаг дугуйг хөтөлж замаар яваа хүмүүсийг явган зорчигчид хамааруулна; гэсэн заалтуудын дагуу замын хөдөлгөөнд оролцсон явган зорчигч гэж үзнэ. Яллагдагч Ц.О нь автомашинаа асааж хөдөлсөн үйлдэл нь Монгол Улсын Засгийн газрын 2004 Оны 74 дүгээр тогтоолын хавсралт Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм. 1. Нийтлэг үндэслэл 1.4. Энэ дүрэмд байгаа дараахь нэр томъёог дор дурдсан утгаар ойлгоно: “Замын хөдөлгөөн” - нийтийн хэрэгцээний зам дээрх явганаар болон тээврийн хэрэгслээр хүн ба ачаа шилжих үйл ажиллагаа; “Замын хөдөлгөөнд оролцогч” - замаар яваа жолооч, явган зорчигч болон тээврийн хэрэгслээр зорчигч; гэсэн заалтуудын дагуу замын хөдөлгөөнд оролцсон гэж үзнэ. Хэрэгт ач холбогдол бүхий бусад зүйл илрээгүй байна...” гэх дүгнэлт /1-р хх-ийн 198-199 дүгээр тал/
*Хэрэг учрал болсон газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургууд, ослын схем зураг/хх-ийн 8-15 дугаар тал/ 
*Яллагдагч Ц.Оийн өгсөн:
“...Би Архангай аймгийн Ихтамир сумын Хүүхдийн цэцэрлэгийн манаач сахиулын ажлыг сүүлийн 3 жилийн хугацаанд хийж гүйцэтгэж байна. 2018 оны 06 дугаар сарын 28-ны өдөр буюу цэцэрлэг амарсан боловч туслах багш, зарим ажилчид нь ажил дээрээ ирж аж ахуйн ажил хийсэн бөгөөд орой 18 цаг өнгөрч байхад тарсан юм. Манай ажлын газрын Буяндэлгэр гэдэг эмэгтэй багш та миний машиныг 76-15 АРХ улсын дугаартай цагаан өнгийн Сонато 6 маркийн машиныг жолоодоод дэлгүүр ороод архи аваад өгөөч манай аав надад архи захисан гээд байсан. Би уг машиныг цэцэрлэгийн гаднаас жолоодоод Буяндэлгэр, Мягмарсүрэн нарын хамтаар 1 км орчим жолоодож яваад Норжим нэртэй дэлгүүрийн гадна талд очсон. Би машины ойр орчимд машин, мотоцикль байгаагүй бөгөөд дэлгүүрийн зүүн урд хэсэгт мотоцикль, портер маркын машин зогссон байсан. Би машинаас ганцаараа буугаад дэлгүүрлүү орох гэж явахдаа цагдаа Атай тааралдсан. А цагдаа дэлгүүрээс юм аваад хүүхэд хөтлөөд явж байсан. Мөн дэлгүүрийн урт талын төмөр хашааны хажууд Дулмаа, Б, Б нартай тааралдсан. Дэлгүүр рүү ороод Соёрхол нэртэй архи, устай хамт аваад буцаж гарсан. Дэлгүүрийн худалдагч нь Оёоо гэдэг хүн байсан мөн дэлгүүрт худалдаа хийгээд нилээн олон хүн байсан бөгөөд миний санаж байгаагаар Бы эхнэр байж байсан. Өөр хэн хэн байсныг тодорхой санахгүй байна. Би архи, усаа аваад жолоодож явсан машинаа асааж унаад баруун эргэж 1 км орчим яваад Мягмарсүрэнг гэрийнхэн гадаа буулгаад буцаад өөрийнхөө гэрийн зүгт явж байтал миний гар утас дуугараад байхаар нь автал хүмүүс шуугилдаад юм ярихгүй байхаар нь утсаа тасалсан. Тэгтэл манай ажлын дарга Наранхүү над руу залгаад чамайг машинаар хүүхэд дайрсан гээд байна гэж хэлсэн. Би хэргийн газарт очтол намайг хүүхэд дайрсан байхыг харсан хүн байхгүй байсан бөгөөд намайг явсны дараа хүүхэд машинд дайруулсан байдалтай байсан гэж хэлсэн. Би машин жолоодож Норжим дэлгүүрийн гаднаас хөдлөхдөө ямар нэгэн хүүхэд хараагүй, машин юм дайрч надад мэдэгдээгүй болохоор би шууд цааш явсан. Намайг хүүхэд дайраад хэргийн газраас зугтаасан гэж бичсэн байна. Намайг утсаар хүүхэд дайрсан байна гэж хэлэхээр нь би шууд хэргийн газарт очсон тэгээд аймгийн төвөөс цагдаа нар иртэл тэндээ байж байсан. Би осол болсныг мэдээгүй. Би тэр хүүхдийг огт хараагүй. Машинаар анх ирээд зогсоход хүүхэд тэнд харагдаагүй, машин жолоодоод явах үед ч хүүхэд харагдаагүй. Хэргийн газарт цус мэт зүйл газарт тогтсон байсан нь үнэн, уг цус миний жолоодож явсан машины дугуйн мөрний хажуу талд нь байсан, гэхдээ дугуй мөр уг цусны дээгүүр нь яг гарч яваагүй л байсан. Тухайн хүүхэд миний жолоодож явсан машины урд талд машинтай наалдаад сууж байсан байхад нь би анзаараагүй машинаа жолоодож яваад тухайн осол болсон байж магадгүй, тэрнээс би тэр хүүхдийг харж байгаад албаар осол гаргаагүй, мөн хэргийн газрыг орхиж зугтаагүй, осол гарсан гэдгийг би өөрөө мэдээгүй. Би Норжим дэлгүүрийн үүдний баруун урд хэсэгт үүдтэй харалдаа байдлаар зогссон. Машины жолооч талын хаалга дэлгүүрийн үүд хэсэг рүү харсан байсан учир машинаас бууж шууд дэлгүүрт орчихоод чигээрээ буцаж ирээд машинд суусан. Би машинд суух гэж байхдаа машин руу харж байсан боловч машины урд, хойд талаар тойрч хараагүй юм. Тухайн үед машин дотор 2 багш сууж байсан болохоор 2 багш машины урд хүүхэд ирсэн бол надад анхааруулах ёстой байсан. Гэхдээ тэр 2 багш машины арын суудал дээр суусан байсан болохоор хүүхэд ирэхийг хараагүй байж магадгүй л байх. Би өөрийн буруутай үйлдлээ буюу миний 100% буруугаас энэ осол гарсан байсан бол би хохирол төлбөрийг төлж барагдуулах ёстой байсан. Харин бага насны хүүхдийг хараа хяналтгүй байлгасан асран хамгаалагч нар буруутай мөн би тухайн хүүхдийг дайрч осол хийснээ мэдэхгүй байгаа юм. Тийм болохоор би хохирол төлбөр төлөхгүй гэж бодож байна.Норжим нэртэй дэлгүүр нь Ихтамир сумын төв гудамжинд төв замын талд байдаг болохоор машины хөдөлгөөн ихтэй байдаг газар юм. Тухайн хүүхдийг машинд мөргүүлсэн байхыг Шаагийн Отгоо гэдэг залуу анх харсан юм шиг байсан. Отгоо ярихдаа портер машин мөргөсөн байж магадгүй гэж яриад байсан. Энэ хүнээс мэдүүлэг авахуулах хүсэлтэй байна.Би архи уугаагүй эрүүл байсан... ” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 159-161 дүгээр тал/
*Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас/хх-ийн 170 дугаар тал/ зэрэг болно.
Хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар Ц.О нь 2018 оны 06 дугаар сарын 28-ны өдөр 18 цаг 30 минутын үед Архангай аймгийн Ихтамир сумын Тайхар багийн нутаг Заанхошуу хорооллын 7-04 тоотод үйл ажиллагаа явуулах “Норжим” нэртэй хүнсний дэлгүүрийн гадна талаас цагаан өнгийн соната-6 маркийн 76-15 АРХ улсын дугаартай автомашин жолоодож явахдаа Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 7.6 Жолооч хөдөлгөөн эхлэхдээ зам, орчны байдлыг биеэр шалгаж, байр эзлэх, хөдөлгөөний чиг өөрчлөхөд бусдын хөдөлгөөнд саад учруулахгүй байх нөхцөлийг хангана гэсэн заалтыг зөрчсөний улмаас 4 настай Бийг мөргөж, түүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэх үйл баримт тогтоогдож байх бөгөөд Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжийг агуулж байна.
Дээрх гэмт хэргийг шүүгдэгч Ц.О үйлдсэн болох нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Рийн “...Би 2018 оны 06 дугаар сарын 28-ны өдөр хөдөө айлуудаар ноос авч явахад орой 19 цаг 30 минутын үед Дамдинсүрэн утсаар холбогдож Б.Б аваарт орсон байна, яаралтай ир гэхээр нь би тэндээсээ шууд эмнэлэг дээр 20 цагийн үед ирэхэд манай зээ хүү Б.Б ухаангүй, нэг талын нүдийг даруулан толгойг нь ороож боосон байдалтай байсан. М эмч, лобарант Ц.Алтанцэцэг, сувилагч Доосмаа нар эмчилгээ хийж байсан, мөн өндөр настан Жавзансүрэн эмнэлгийн өрөөнд байсан юм. Ихтамир сумын Эрүүл мэндийн төвийн эрхлэгч Номин надад хандаж таны зээ хүү машинд мөргүүлсэн байна, одоо аймгийн төвөөс түргэн ирж байгаа гэж хэлсэн. Тухайн үед миний зээ хүү ямар ч хөдлөх чадваргүй болтлоо гэмтсэн байсан. Тэгээд би эмнэлгийн гадна зогсож байхад иргэн Ц.Б эмнэлгийн гадна цугларсан хүмүүст Ц.О машинаараа дайрсан, машиныхан дугуйн мөр мөн байсан гэж ярьж байсан...” гэх мэдүүлэг, гэрч М.Нын”...Намайг дэлгүүрт юм үзээд байж байтал гадаа О хүүхэд дайрчихсан байна гээд орилж байсан. Тэгээд намайг гараад харахад нэг эрэгтэй хүүхдийн хамар амнаас нь цус гойжиж байсан. Тэгээд тэр хүүхдийг эмээ нь тэврээд нэг машинд хийгээд аваад явсан. Намайг дэлгүүрийн гадаа очиход цагаан өнгийн Портер ертөнцийн зүгээр зүүн талын жигүүрт байсан...” гэх мэдүүлэг, гэрч Д.Бы”...Тэгтэл миний араас О эгч гарч ирээд хүүхэд уначихсан байна гээд очтол хүүхдийг нь машин дайрсан болотой байсан. Хамар амнаас нь цус гойжсон байсан. Би Оийн машинд ямар нэгэн хүн сууж явсаныг анзаараагүй. Намайг Норжим дэлгүүрийн гадна зогсож байхад дэлгүүрийн баруун талын урд хэсэгт миний мотоцикль, миний мотоциклоос 2 м зайтай О ирж машинаа баруун талруу нь дараад зогссон байсан...” гэх мэдүүлэг, гэрч Л.Бын”...Тухайн хүү Оийн машинаас ертөнцийн зүгээр урд зүгт 5 м хэртэй зайтай тоглож байсан. Удалгүй дэлгүүрээс О гарч ирж маншиныхаа кабиныг онгойлгоод суусан юм. Би тэгээд дэлгүүрт орсон. Намайг ороод удаагүй 2 минут орчим болж байхад О манай хүүхэд тэнд хэвтэж байна. Шороон дээр хэвтдэггүй юмдаа гээд дэлгүүрээс гарч очоод хүүхдээ өргөсөн чинь хамраас нь сар хийгээд цус садарсан. Бид нар тэгээд тэнд очоод эмнэлэг дуудсан...” гэх мэдүүлэг, гэрч Б.Оийн”...Тэрний дараа би 20 орчим секунтын дараа цонхоор хүүхдээ харахад газар доошоо хараад хэвтчихсэн байхаар нь манай хүүхэд яагаад газар хэвтчихсэн байнаа гэж асуухад Дулмаа эгч танай хүүхэд тоглож байсан шдээ сая бүдэрээд газар уначихсан байх гэхээр нь би манай хүүхэд бүдэрч уначихаад ингээд газар хэвтэхгүй ээ гэж хэлээд гараад очтол манай хүүхэд доошоо хараад амнаас нь цус гарчихсан байсан. Би Б.Бийг машин мөргөж байхыг хараагүй, тэгэхдээ тухайн үед манай дэлгүүрийн гадна Оийн унаж явсан цагаан өнгийн суудлын автомашинаас өөр машин байгаагүй. О дэлгүүрээс архи худалдаж авчихаад гарсаны дараа би 20 орчим секунтын дараа хүүхдээ харахад манай хүүхэд мөргүүлчихсэн газарт хэвтэж байсан юм..” гэх мэдүүлэг, гэрч Ч.Аын”...би сумын эмнэлэг орж Б.Б хүүхдийн эмээтэй уулзаж юу болсоныг асуухад О машинаараа дайрчихаад явчихсан, цэцэрлэгийн эрхлэгчээр дуудуулчихсан байгаа гэж байсан. Тэгээд би эргээд хэргийн газарт очиход цагаан өнгийн соната-6 маркийн 76-15 АРХ улсын дугаартай автомашин намайг дэлгүүрээс гарахад зогсож байсан байрандаа ирээд зогсчихсон байсан...” гэх мэдүүлэг, гэрч Э.Гын”...Би 2018 оны 06 дугаар сарын 28-ны өдөр Архангай аймгийн Ихтамир сумын Тайхар багийн нутаг Заанхошуу хорооллын 7-04 тоотод байх Норжим хүнсний дэлгүүрийн гадна талбайд 4 настай Б.Б нь тээврийн хэрэгсэлд мөргүүллээ гэх дуудлагаар очиж ажилласан. Би энэ дуудлагаар бүрэлдэхүүний хамт очиж хэргийн газрын үзлэгт оролцож, хэмжилт хийн, ослын газрын схем зураг үйлдсэн. Норжим дэлгүүрийн үүднээс ертөнцийн зүгээр урд талд цемент нь талбай байх ба түүний баруун талын урд булангаас баруун тийш 4.80 метр зайнд А цэг буюу анх хүүхэд мөргөсөн цэг, түүнээс баруун урд зүгт 1.30 метр зайнд Б цэг буюу цус тунасан газар байна. Тухайн үед хэргийн газарт цемент нь талбайн баруун талын хойд хэсэгт хагас зүүн урд зүгт харсан цагаан өнгийн сонота-6 маркийн 76-15 АРХ улсын дугаартай автомашин зогсож байсан ба А цэг болон Б цэг дээгүүр явсан тээврийн хэрэгслийн дугуйны мөр байсан...” гэх мэдүүлэг, гэрч Н.Нийн”...2018 оны 06 дугаар сарын 28-ны өдөр орой ажил тараад гэртээ ирчихээд удаагүй байхад жижүүрийн сувилагч утсаар залгаж машинд мөргүүлсэн ухаангүй хүүхэд ирлээ гэхээр нь би эргэж эмнэлэгт очиход Б.Б хүүхэд цус их алдалттай, цонхигор, толгойд их гэмтэлтэй ухаангүй байсан. Эмчилгээ хийж байх хугацаанд хоёр ч удаа их хэмжээний цусаар бөөлжсөн, мөчдөд ил харагдах хугарал гэмтэл байгаагүй...” гэх мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 9205 дугаартай дүгнэлт, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 582 дугаартай дүгнэлт, Тээврийн цагдаагийн албаны  2019 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 180 дугаартай дүгнэлт, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан сиди бичлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Архангай аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Ц.Оийн авто тээврийн хэрэгслийн аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон, хавтаст хэрэгт авагдсан болон талуудын хүсэлтээр шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримт нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэргийг шийдвэрлэх боломжтой байна гэж дүгнэв.
Иймд шүүгдэгч Ц.Оийг авто тээврийн хэрэгслийн аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Р нь өмгөөлөгчийн хөлс 1200000 төгрөг, хохирогчид эмчилгээ хийлгэсэнтэй холбогдуулан төлбөр 3461090 төгрөгийг нэхэмжилсэн бөгөөд түүний нэхэмжлэлээс өмгөөлөгчид төлс хөлс нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд хамаарахгүй гэж үзэн хэрэгсэхгүй болгож нотлох баримтын шаардлага хангаж буй 3461090 төгрөгийг иргэний хариуцагч Б.С-оос гаргуулахаар гэм буруугийн шүүх хуралдаанаар шийдвэрлэсэн бөгөөд шүүгдэгч Ц.О нь шүүх хуралдааны явцад хохирол төлбөр төлөхөөр завсарлага авч уг хохирлыг төлж барагдуулсан байна .
Шүүгдэгч Ц.О нь тохиолдлын шинж чанартай нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч,  хохирл төлбөрөө төлж барагдуулсанг эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож түүнд эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэн оногдуулах нөхцөл байдал тогтоогдохгүй байгааг дурдаж анх удаа гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, түүнд хуульд заасан албадлагын арга хэмжээ хэрэглэх нь зүйтэй гэж  дүгнэв.
Эрүүгийн хуулийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Од  оногдуулсан эрх хасах нэмэгдэл ялыг албадлагын арга хэмжээ авсан үеэс тоолох нь зүйтэй байна.
Шүүгдэгч Ц.О нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэгт хөрөнгө битүүмжлэгдээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, түүний бичиг баримт шүүхэд ирээгүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Р нь хохирогчид цаашид гаргах эмчилгээний зардлыг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй байна. 
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан сиди 2/хоёр/ ширхэгийг хэргийн хугацаа дуустал хэрэгт хадгалахаар шийдвэрлэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.5, 1.6, 36.8 дугаар зүйлийн 4, 5, дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Боржигон овогт Цийн Оийг авто тээврийн хэрэгслийн аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт  гэм буруутайд тооцсугай.
2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Оийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2/хоёр/ жилийн хугацаагаар хасч, хорих ял оногдуулахгүйгээр 1/нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлий 2.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Од тэнссэн хугацаанд оршин суугаа газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй эрх бүхий байгууллагад мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг хэрэглэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Од нь тэнссэн, үүрэг хүлээлгэсэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдвэл шүүх тэнссэн, албадлагын арга хэмжээ авсан шийдвэрийг хүчингүй болгож  Эрүүгийн хуульд заасан журмын дагуу ял оногдуулахыг тайлбарласугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар оногдуулсан тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 2/хоёр/ жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан үеэс эхлэн тоолсугай.
6. Шүүгдэгч Ц.О нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэгт хөрөнгө битүүмжлэгдээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, түүний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Р нь хохирогчид цаашид гаргах эмчилгээний зардлыг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай. 
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан сиди 2/хоёр/ ширхэгийг хэргийн хугацаа дуусах хүртэл хэрэгт хадгалсугай.
8. Шүүгдэгч Ц.Од хяналт тавьж ажиллахыг Архангай аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
10. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Ц.Од авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

                                     ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                         П.ГАНДОЛГОР