Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 07 сарын 30 өдөр

Дугаар 2019/ШЦТ/180

 

                                                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч П.Гандолгор даргалж

Улсын яллагч: С.Батсүх

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Ц.Бат-Эрдэнэ, Б.Алтанчимэг

Шүүгдэгч Ц.С, Д.Б, Ц.Б

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Энхбаяр нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан  гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т овогт Цийн С, Б овогт Дийн Б, Б овогт Цын Б нарт холбогдох ... тоот хэргийг хэлэлцэв. 

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ...суманд төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, хувийн малаа малладаг, ам бүл 4, аав, ээж, дүүгийн хамт Архангай аймгийн . .......... гэх газар оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, Т овогт Цийн С/РД:АЖ/,

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1... суманд төрсөн, 39 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, хувийн малаа малладаг, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Архангай аймгийн Хотонт сумын Хотонт багийн ........... гэх газар оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, Б овогтой Дийн Б/РД:АМ/,

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, .. суманд төрсөн, 34 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, малчин Архангай аймгийн .......... гэх газар оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэл эдэлж байгаагүй, Б овогтой Цын Б /РД:АМ/,

 

 

            Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/ 

Шүүгдэгч Ц.С нь ганцаараа 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Архангай аймгийн Хотонт сумын Бургалтай багийн нутаг Өндөр толгой гэх газарт иргэн Н.Хын эзэмшлийн 11 тооны ямаа хулгайлж, иргэн Н.Хт 1.080.000 /нэг сая наян мянган/ төгрөгийн хохирол учруулсан, 

Шүүгдэгч Д.Б нь ганцаараа 2018 оны 12 дугаар сарын 20-ны үед Архангай аймгийн Хотонт сумын Бургалдай багийн Өрөм гарам гэх газар малын бэлчээрээс иргэн Ж.Бгийн эзэмшлийн 1 тооны хонгор зүсмийн гүүг хулгайлж, иргэн Ж.Бд 650.000 /зургаан зуун тавин мянган/ төгрөгийн хохирол учруулсан,

Шүүгдэгч Ц.С, Д.Б, Ц.Б нар нь бүлэглэж 2018 оны 12 дугаар сарын 15-16-нд шилжих шөнө Архангай аймгийн Хотонт сумын Бургалтай багийн нутаг дэвсгэр Цэцэг толгой гэх газраас иргэн Ш.Бын эзэмшлийн хээр зүсмийн сувай гүү, хонгор зүсмийн сувай гүү нийт 2 тооны адуу хулгайлж 1.300.000 /нэг сая гурван мянга / төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав. 

 

*Эрүүгийн 1912001560096 тоот хэргээс мөрдөн байцаалтын шатанд өгсөн: 

 

*Хохирогч Н.Хын өгсөн: 

 “...Манайх 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдөр гэрийнхээ ойролцоо бэлчээрт байсан хонь, ямаанаасаа нийт 11 тооны ямаа хулгайд алдсан. Би зүстэй ямаа дутахаар нь тоолж үзсэн. Манай энэ нутагт малын хулгай их байдаг болохоор би байнга малаа тоолж, бүртгэж үздэг. Тэгтэл манайхаас 11 тооны эр, сувай голдуу ямаанууд алдагдсан. Би ямаагаа хайж ах, дүү хамаатан садангийн хүмүүст сураглаад өгөөч гэж хэлсэн. Тэгсэн манай эхнэрийн эгчийн нөхөр З.Ж ах утсаар яриад танай алдсан ямаанаас Хотонт сумын төвд Ц.Ө буюу Өлзийгийн хашааанд 3 тооны шүдлэн насны ямаа нь байна. Ц.Ө өөрөө байхгүй, ээж нь манайх гэж яриад байна. Өөрөө ирээд үз гэж хэлсэн. Тэгэхээр нь би шууд машинтай очоод үзэхэд манай 11 тооны ямаатай хамт хулгайд алдсан 3 тооны ямаа мөн байсан. Хар зүсмийн шүдлэн насны 2 нь эр, 1 нь охин ямаа нь  зүсээрээ мөн байсан. Би өөрийнхөө ямааг таньж байгаа талаар Ц.Өын ээжид хэлсэн. Дараа нь Ц.Өтай уулзахад ахаа би хулгай хийгээгүй. Танай нутгийн залуу Ц.С надад зарсан. Би худалдаж авсан нь үнэн. Тэгээд энэ 3 ямааг үлдээгээд бусдыг нь нядлаад Хархорин сумын төвд ченжид зарсан гэж хэлсэн. Ц.Стай очиж уулзахад манай ямааг хулгайлсан гэдгээ хүлээсэн. Гэхдээ хохирлоо төлөөгүй байна. Гомдолтой байна. Хохирлоо барагдуулж авмаар байна. Амьд ирсэн 3 тооны ямаа нь хар зүсмийн шүдлэн насны ямаа байсан. 2 нь эр, 1 нь охин ямаа байсан. Бусад нь нас нийлсэн ямаанууд байсан. Эр ямаа 2 тооны, эм ямаа 6 тооны байсан. Эм ямаанууд нь сувай, ишиглээгүй тарган ямаанууд байсан. Учир нь манай нутагт 2018 оны хавар их хатуу болсноос болоод ишиг их үхсэн. Тэгээд сувайрсан ямаанууд байсан. Зүс нь цагаан халтар зүсмийн ямаа 2 тооны, цагаан ямаа 1, улаан халзан ямаа 1, хар ямаа 3, шаргал ямаа 1 нийт 8 тооны ямаа байсан. Эр ямаагаа 130000 төгрөгөөр, эм ямаагаа 110000 төгрөгөөр үнэлнэ. Гомдолтой байна. Хохирлоо барагдуулж авмаар байна...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 9-11 дүгээр тал/

 

*Гэрч З.Жын өгсөн:

“...2018 оны 12 дугаар сарын 28-ны өдөр манай эхнэрийн төрсөн дүү Н.Хынх хониноосоо 11 тооны ямаа хулгайд алдсан. Тэгээд би ямааг нь хулгайд сэжиглэж байгаа залуучууд байгаа эсэхийг асуугаад явсан. Ингэж явахдаа Хотонт сумын төвд Дунд хороололд байгаа Цэрэнпунсалын Өын хонь, ямаагаар очиж үзсэн. Тэгтэл 3 тооны хар зүсмийн шүдлэн ямаа нь манай дүүгийн алдсан гэх ямаа мөн байсан. Учир нь би өөрөө 2016-аас 2017 оны өвөл тэжээл өгч сумын төвд ажлынхаа завсараар маллаж байгаад онд оруулаад буцаад хавар хүргэж өгсөн ямаанууд байсан болохоор манай дүүгийн ямаа зүсээрээ мөн гэдгийг хараад таньсан. Гэтэл Ц.Өын ээж Цэрэнпунсал гуай танай ямаа биш манай ямаа гэж надад хэлсэн. Тэгэхээр нь дүү Н.Хыг дуудаж үзүүлсэн. Манай дүү өөрөө үзээд мөн байна хамт хулгайд алдсан ямаа нь хаана байгаа талаар Ц.Өаас асуухад би хулгай хийгээгүй. Надад танайхтай ойролцоо нутагладаг Ц.Сосорбарам зарсан. Би 11 тооны ямааг өөрийнхөө машинаар ачиж ирээд 3 тооны шүдлэн ямааг нь үлдээгээд бусдыг нь нядлаад Хархорин сумын төв оруулж зарсан гэж хэлсэн. Тэндээсээ Ц.Сын гэрт нь очиж ямаа хулгайлсан хэргийн талаар асуухад би хулгай хийсэн гэж хүлээсэн...” гэх мэдүүлэг/1-р хх-ийн 14-16 дугаар тал/ 

*Гэрч  Ц.Өын өгсөн:

“...Надаас Ц.С мөнгө зээлсэн. Удаа дараа мөнгө зээлсээр байгаад 320000 төгрөг болгосон. Мөнгө зээлэх болгондоо хонь өгнө гэж хэлдэг. Тэгтэл сүүлдээ ямаа өгье гэж хэлсэн. Ингэж мөнгөө зээлсээр байгаад 500000 төгрөг болгосон. Тэгэхээр нь би тэг тэг гэж хэлсэн. Надад мөнгө өгөхгүй байж байгаад 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 11 цагийн орчимд буюу үдээс өмнө Ц.С над руу утсаар ярьж найз нь аав, ээжээсээ нуугаад хэдэн ямаа өгөхөөр боллоо, чи машинтайгаа Цолмонгийн өвөрт эзэнгүй хашаан дээрээс авчих гэж хэлсэн. Тэгэхээр нь болох юм уу?. хулгайд орчих юм биш биз гэж асуусан. Тэгтэл зүгээр зүгээр манай өөрийнх юм байгаа найз юу гэж хулгай хийх юм гэж хэлсэн. Би Ц.Сынд оройн 17 цагийн үед ирж аваарай гэж хэлсэн. Цаг хугацааны дагуу 28-ны өдрийнхөө 17 цагийн орчимд өөрийнхөө хөх өнгийн Портер маркийн машинтай ганцаараа Цолмонгийн эзэнгүй хаваржааны хашааны хажууд очсон. Тэгээд Ц.С ах ганцаараа байсан. Би Ц.С ахтай уулзахад мөнгөнд тааруулаад 11 тооны ямаа хашчихлаа гэж хэлсэн. Би 1 ямааг нь 60000 төгрөгөөр бодож авсан. 3 тооны жижиг ногооны шүдлэн ямааг нь 20000 төгрөгөөр бодсон. Туранхай ямаа байсан. Нөгөө ямаанууд нь гайгүй ямаа байсан. Нас гүйцсэн ямаа байсан. Тэгээд ачаад гэртээ харьсан...” гэх мэдүүлэг/1-р хх-ийн 19-21 дүгээр тал/ 

*Гэрч П. Аын өгсөн:

“...Тухайн цаг хугацаанд хөдөөний малчид их ямааны мах, арьс өгсөн. Би өөрөө Хархорин суманд бөөний ченж хийдэг. Малын махыг бичиг баримттай нь авдаг. Зарим хонь, ямаа зарж байгаа иргэд багийн дарга байхгүй гэсэн шалтгаанаар бичиггүй ирдэг...”гэх мэдүүлэг/1-р хх-ийн 27-28 дугаар тал/ 

*Мэргэшсэн үнэлгээчин А.Бын 2019 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 87 дугаартай: 

“...Эр ямаа 2, нас гүйцсэн ямаа 6, шүдлэн насны ямаа 3 бүгд 11 ямааны үнэлгээг 2018 оны 12 сарын байдлаар зах зээлийн ханшаар 1.080.000/нэг сая наян мянга/ төгрөг болохыг тодорхойлов...” гэх дүгнэлт/1-р хх-ийн 32 дугаар тал/ 

 

*Яллагдагч Ц.Сын өгсөн: 

“...Би 2018 оны 12 дугаар сарын сүүлээр шиг санагдаж байна, цаг хугацааг нь нарийн сайн санахгүй байна. Архангай аймгийн Хотонт сумын Бургалтай багийн нутаг Өндөртолгой гэх газарт үхэр хураах зорилгоор ганцаар явганаар явж байтал 11 тооны ямаа байсан. Тухайн үед бүрэнхий тасарч байсан юм. Уг ямаанууд манай малын байран дотор байж байсан. Тэгээд Ц.Ө гэх хүн рүү утсаар яриад ямаа зарах гэсэн юмаа, чи хүрээд ир гээд өөрийнхөө байсан газрыг зааж өгсөн. Ингээд Ц.Ө Портер маркийн автомашинтай давхиад ирсэн. Ингээд 3 тооны шүдлэн ямааг нь 20.000, үлдсэн 8 ямааг нь нэг бүрийг нь 60.000 төгрөгөөр бодож зарсан. Би дээрх ямаануудыг эр охиноор нь ялгаж үзээгүй, хэнийх гэдгийг нь мэдээгүй, би эзэнгүй ямаанууд байхаар нь бусдад зарж борлуулсан. Би Ц.Өд өөрийнхөө ямаануудаас зарж байна л гэж хэлсэн. Уг ямаануудыг эзэнгүй тасарсан байсан талаар хэлээгүй. Манайх хонь ямаатай. Тухайн үед явганаар явж байсан. Уг ямаанууд тасраад манай малын байранд орчихсон байсан. Би үхрээ хураах зорилгоор явсан...” гэх мэдүүлэг/1-р хх-ийн 42-45 дугаар тал/ 

 

*Хохирогч Ш.Бын өгсөн: 

“...2018 оны 12 дугаар сарын 15-ны орой манайх адуугаа бүртгэж гэрийнхээ гадаа авчраад зогсоож байгаад бэлчээрт гаргасан. Маргааш нь буюу 16-ны өдрийн 15 цагийн үед адуугаа бэлчээрт байхад нь очиж бүртгэж үзэхэд хээр зүсмийн гүү, хонгор зүсмийн гүү хулгайд алдагдсан бололтой байхгүй. Би хулгайч аваад явчихлаа гэж бодоод, тэр өдрөө хайгаад олоогүй, маргаашнаас нь нилээд хэд хоног хайж сураглаад олоогүй өнгөрсөн. Саяхан миний сэжиглэж байсан хүмүүс Хархорины цагдаагийн газарт баригдаад, манайхаас хулгайлсан адууны хэргийг өөрсдөө ярьж хүлээсэн байсан. Би одоо хохирлоо аваагүй байгаа. Надтай Ц.Сосорбарам, Д.Б, Ц.Б нар уулзаагүй байгаа. Манай адуу хулгайд алдагдах үедээ манай хаваржааны урд Цэцэг толгой гэх газарт хоносон байсан. Нас гүйцсэн тарган сувай гүүнүүд байсан. Хээр зүсмийн гүүн нь 2 жилийн сувай, нөгөө гүү нь даага хөхөж байан сувай гүү байсан. Тус бүрийг нь ижил үнээр 1.000.000 төгрөгөөр үнэлнэ. Нийт хохиролд 2.000.000 төгрөг гэж тооцож байна. Адуугаа хайж 200.000 төгрөгний зардал гаргасан. Хархорин Архангай аймгийн  нутгаар их явсан. Эдгээр мөнгийг нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг/1-р хх-ийн 55-57 дугаар тал/ 

 

*Гэрч Ц.Эын өгсөн: 

“...2018 оны 12 дугаар сарын 15-наас 16-нд шилжих шөнө гэрийнх ойролцоо хаваржааны урдаас Цэцэг толгой гэх газраас адуунаасаа хонгор зүсмийн, хээр зүсмийн 2 тооны сувай гүү хулгайд алдсан. Би сайн мэдэж байна. Надад адуугаа алдаад сумын төвд сэжигтэй хүмүүс яваа үгүйг мэдэх гэж явна гэж ярьсан. Харин саяхан манайхаар ороод гарахдаа нөгөө хоёр тооны гүүг Хархорины цагдаа нар шалгаад хулгайлсан хүмүүсийг нь олж тогтоосон байна. Манайхтай саахалт айлын залуучууд хулгайлсан байна гэж ярьсан...” гэх мэдүүлэг/1-р хх-ийн 58-59 дүгээр тал/, 

*Гэрч Б.Оын өгсөн: 

“...Манайд орой 20 цагийн орчимд ирсэн. Хэсэг сууж байгаад гэрээс гарцгаасан. Тэгж байснаа манай нөхөр Д.Бтай ойрхон айлд очоод ирнэ гэж хэлээд дагуулаад явсан. Намайг унтаж байхад буцаад ирсэн. Тэр үед цаг 00 цаг болж байсан байх. Нөхөр Д.Баасаа энэ ямар учиртай адууны гэдэс салгуулах гээд байна гэж асуусан. Тэгтэл Ц.Б, Ц.С хоёр хүнээс авсан юм. Би юу гэж хулгай хийх юм бэ гэж хэлэхээр нь би нөхөр Д.Бын үгэнд үнэмшсэн. Манай нөхөр өмнө хулгай хийж байгаагүй. Энэ талаар нутгийн хүмүүс мэднэ. Би хулгайн мал нядалж байна гэсэн бол гэдсийг нь салгаж өгөхгүй шууд цагдаад хэлэх байсан. Би бие муу байсан болохоор 1 адууны гэдэсний умсыг салгаж өгсөн. Манай нөхөр Д.Б надад ярихдаа Ц.Б, Ц.С хоёр хүнээс авсан адуугаа зарна гэхээр нь нэгнийх нь махыг худалдаж авлаа. Он гараад хавар ямаа самнаад мөнгөтэй болохоор махны мөнгийг өгье гэж хэллээ гэж хэлсэн. Тэгэхээр нь тийм юм байх гэж бодсон. Түүнээс хулгайлж ирсэн адуу гэдгийг мэдээгүй. Надад хэлээгүй надад 2 тооны адуу авчирчихлаа нядлаад гэдсийг нь арилгаад егөөч гэж хэлснээс биш өөр зүйл яриагүй. Манай нөхөр тэжээж байсан хээр мориороо явсан байх. Энэ морь одоо байгаа. Манай нөхөр хулгай хийдэг хүн биш.  Нөгөө хоёр залууг нь өмнө хулгай хийсэн талаар сонсоогүй. Тийм болохоор хулгайн мал нядалж байгаа гэдгийг мэдээгүй...”гэх мэдүүлэг/1-р хх-ийн 65-67 дугаар тал/ 

 

*Гэрч Ч.Нын өгсөн: 

“...2018 оны 12 дугаар сарын 10-нд гарсан байсан одоо тухайн өдрийг нь сайн мэдэхгүй байна. Манай гэрт Ц.С ирээд нөхөр Ц.Быг хөдөө хамт явчихаад ирье би нэг хүнээс 2 адуу өрөндөө авах ёстой тэр 2 адуугаа аваад доор нь эзэнгүй саравчин дотор уячихсан байгаа гээд гуйгаад байсан. Тэгээд манайхаас тэр оройноо 17 цагийн үед мотоцикльтой хамт хоёулаа гараад явсан. Тухайн шөнөдөө манай нөхөр Ц.Б, Ц.С 2 хамт манай Тоёото ИСТ маркийн 91-33 ХӨҮ улсын дугаартай автомашинтай 02-03 цагийн үед нэг адууны мах ачсан хүрээд ирсэн. Тухайн адууны махыг юун адууны мах болох талаар тэр 2-оос асуусан чинь Ц.С энэ миний хүнээс өрөндөө авсан адууны мах найдвартай гэж хэлсэн. Тэгэхээр нь би итгэсэн тухайн үед манайх идэш муутай байсан учир өвлийн идэшндээ адууны махыг хэрэглэсэн. Тухайн шөнөдөө уг адууны махыг манай автомашинаас буулгаад гэрийн зүүн талд байх жижиг модон амбаар дотор оруулсан. Ц.С манай гэрт хоноод маргааш өглөө нь явсан. Орой манайхаас гарахдаа Ц.Сын мотоцикльтой явсан. Тухайн шөнө ирээд мотоциклио манай хашаан дотор үлдээгээд манай автомашиныг унаад буцаад явсан. Тэгээд адууны мах ачиж ирсэн. Манай хүргэн О.Б гэх хүний нэр дээр байдаг. Манайх түр унаж байсан.Бүгдийг нь идээд дуусгасан. Ганц нэг, хоёр яс байж магадгүй. Толгой шир нь хамт ирээгүй. Манай нөхрийн талаар хамаатан хүмүүс. Яг нарийн учрыг нь мэдэхгүй. Манай гэрээс гарах үедээ согтуу байсан шөнө ирэх үедээ архи нь гарсан байх шиг байсан...” гэх мэдүүлэг/1-р хх-ийн 69 дүгээр тал/ 

*Мэргэшсэн үнэлгээчин А.Бын 2019 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 86 дугаартай: 

“...Нас гүйцсэн 2 гүүний үнэлгээг 2018 оны 12 сарын байдлаар зах зээлийн ханшаар 1.300.000/нэг сая гурван зуун мянга/ төгрөг болохыг тодорхойлов...” гэх дүгнэлт/1-р хх-ийн 81  дүгээр тал/ 

 

*Яллагдагч Ц.Бын өгсөн: 

“...Би 2018 оны 12 дугаар сарын 15-ны өдөр би Ц.С гэх залууг би Хотонт сумын төв дээр дуудаж ирүүлээд хөдөө гэр рүүгээ хүргүүлсэн. Ц.С буцаад явсан. Би уг шөнө Архангай аймгийн Хотонт сумын Цэцэг толгой гэх газарт би морьтой мордоод хэсэг адуу таархаар нь тэр адуунаас 2 адуу барьж авсан. Тухайн адууны нэг нь хээр зүсмийн, хонгор зүсмийн адуу байсан. Тухайн үед харанхуй шөнө байсан. Би цагийг нь сайн санахгүй байна. Маргааш өглөө нь би Д.Б гэх залууд хонгор зүсмийн адууг нь аваачиж өгөөд Бөхөөгийн гэрээс явсан. Д.Б миний адууг харж байхад нь би өмнө мал өгч чадаагүй тиймээс уг адууг өгсөн. Би нөгөөх хээр зүсмийн гүүг ганцаараа гэрийнхээ гадаа янзалсан. Манай эхнэр сумын төвд байсан. Би Д.Бын гэрт очиж адуугаа хүргэж өгсөн. Д.Б эхнэртэйгээ хамт байсан. 2018 оны 12 дугаар сарын 16-ны өглөө байсан. Би ганцаараа шөнө сарны гэрэлд хашаанд хашиж байгаад буланд шахаж байгаад гараараа дэлдэж барьж аваад ногтоор ногтолж аваад явсан. Би гэрийнхээ гадаа дээрх 2 хулгайн адууг аваачиж уясан. Манай гэр Цэцэг толгойгоос 11-12 км зайтай байгаа. Би өөрийн хээр морьтой явж авчирсан. Миний морь 7 настай нас бие гүйцсэн морь байгаа. Би эхнэртээ хүнээс авсан гэж хэлсэн...” гэх мэдүүлэг/1-р хх-рийн 95-98 дугаар тал/ 

 

*Гэрч Б.Оын өгсөн: 

“...2018 оны 12 дугаарын дундуур шиг санагдаж байна цаг хугацааг нарийн сайн хэлж мэдэхгүй байна. Манай гэрт нэг орой Ц.Б, Ц.С нар Ц.Сын эзэмшлийн цагаан өнгийн, улсын дугааргүй Мустанг-5 маркийн мотоцикльтой ирсэн. Ингээд манай нөхрийг дагуулаад явсан. Манай нөхрийн өөрийнхөө эзэмшлийн улаан хээр зүсмийн нас нийлсэн морийг унаад явсан. Тэгээд шөнийн 00 цагийн орчимд Д.Б, Ц.Б, Ц.С ирсэн. Ирэх үедээ хээр болон хонгор зүсмийн 2 адуу авч ирсэн. Тухайн үед Ц.Сособурамын цагаан өнгийн мотоцикль байсан. Хэн хэн нь морь унаж хэн нь мотоцикль унаж ирснийг мэдэхгүй байна. Ямар ч байсан намайг гэрээс гарах үед манай гэрийн гадаа 3 адуу байсан ба нэг нь манай нөхрийн эзэмшлийн улаан хээр зүсмийн морь байсан, нөгөө хоёр нь дээрх хээр болон хонгор зүсмийн адуунууд байсан. Өөр морь байгаагүй. Би уг нь болсон асуудлыг үнэн зөвөөр нь мэдүүлсэн бөгөөд урьд өмнө нь мэдүүлэг авсан мөрдөгч л намайг сайн ойлгоогүй, утга найруулгын алдаатай бичсэн байх гэж бодож байна. Би бол тодорхой мэдүүлсэн. Би дээрх хүмүүсийн авч ирсэн 2 адууны нэг адууных нь баасыг асгаж, салгаж өгсөн. Бие муу байсан учраас гэртээ буцаад орсон. Ц.Б, Ц.С нар адуу малаа нядалж дууссаныхаа дараа Хотонт сумын төв рүү мотоциклиороо явсан ба буцаж автомашин унаад ирсэн. Тэгээд нэг адууны махыг нь ачаад явсан. Ц.Бын адуун дотор байгаа. Ц.Бын адуу нь Архангай аймгийн Хотонт сумын Бургалтай багийн нутагт байдаг. Би Д.Бтай 2003 онд гэр бүл болсон. Одоо дундаасаа 2 хүүхэдтэй бөгөөд манай том охин 11 настай, бага хүү маань 5 настай. Д.Б ааш зан сайтай, хүмүүстэй эвсэг, архи согтууруулах ундааны зүйлийг хааяа бага хэмжээгээр хэрэглэдэг юм. Гэр бүлдээ ямар нэгэн байдлаар дарамт шахалт, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэггүй хүн. Урьд өмнө цагдаагийн байгууллагад гэмт хэргийн улмаас шалгагдаж байгаагүй, ял шийтгэл эдэлж байгаагүй. Сүүлийн үед зүрх нь өвддөг болсон. Нутгийнхаа хүмүүстэй ойр дотно найзалж нөхөрлөдөг...” гэх мэдүүлэг/1-р хх-ийн 145-146 дугаар тал/ 

*Яллагдагч Д.Бын өгсөн: 

“...Би 2018 оны 12 дугаар сарын 15-16-наас шилжих шөнө Архангай аймгийн Хотонт сумын Цэцэгтолгой гэх газраас Ш.Бын адуун дотроос хонгор зүсмийн 1 тооны гүү, хээр зүсмийн 1 тооны гүү нийт 2 тооны адууг нутгийн танилууд болох Ц.С, Ц.Б нарын хамтаар хулгайлсан. Би тухайн шөнө гэртээ унтах гээд байж байтал Ц.Б, Ц.С нар нь Ц.Сын цагаан өнгийн, хуучин, улсын дугааргүй, Мустанг-5 маркийн мотоцикльтой ирсэн. Ингээд Ц.С нь надад хандаж баруун талд хоёр адуу байгаа, аваад ирье гэсэн. Тэгээд би өөрийн эзэмшлийн улаан хээр зүсмийн морио унаад явсан. Харин Ц.С, Ц.Б нар нь мотоцикльтойгоо явсан. Ингээд дээрх газраас Ш.Бын хоёр тооны гүүг малын байранд хашиж байгаад барьж авсан. Дэлдэж аваад ногтолсон. Би өөрийн цагаан өнгийн мяндсан ногтоор нэг гүүг нь ногтолсон, харин Ц.Б нь өөрийнхөө шар өнгийн мяндсан ногтоор нэг гүүг нь ногтолсон. Ингээд буцаад манай гэрийн гадаа авч ирээд төхөөрсөн. Ц.Б, Ц.С нар Хотонт сумын төв рүү явж хүний автомашин гуйж унаж ирсэн. Тэгээд 1 адууных нь махыг аваад явсан, би нэг адууных нь махыг идшиндээ идсэн. Ийм л зүйл болсон. Хулгайн гэмт хэрэг үйлдэхдээ Ц.Сын мотоцикль, би өөрийн улаан хээр зүсмийн морь зэргийг ашигласан. Миний улаан хээр зүсмийн морь Ц.Бын адуун дотор явж байгаа. Харин ногтыг Өвөрхангай аймгийн Хархорин явж байгаад хаячихсан, Ц.Бын шар өнгийн ногтыг мөн адил хаячихсан. Тухайн үед Өвөрхангай аймгийн Хархорин сумын цагдаагийн ажилтан нь аваад ир гэсэн бөгөөд аваачиж өгөх гэж явах үедээ хаячихсан байна лээ. Эрж, хайгаад олоогүй. Харин Ц.Сын мотоцикль болон миний улаан хээр зүсмийн моринд цагдаагийн ажилтан үзлэг хийсэн. Уг морь миний эзэмшлийнх бөгөөд Ц.Б надад өгсөн. Тухайн үед Ц.Б энэхүү хэргийг ганцаараа даана гэж тохирсон. Тиймээс л худал мэдүүлсэн. Энэ мэдүүлэг үнэн. Яг үнэн зөвөөр шийдүүлэхээр Ц.Балжиням, Ц.С бид гурав ярилцаж шийдсэн. Бид гуравт ямар нэгэн эсрэг сонирхол байхгүй. Одоо надад нэмж мэдүүлэх зүйл байхгүй. Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна. мөн би дээрх гэмт хэргийг үйлдсний дараахан өөрөө ганцаараа өөр хүний 1 тооны адууг хулгайлсан, энэхүү хэрэг цагдаагийн байгууллагад давхар шалгадаж байгаа бөгөөд энэхүү гэмт хэргийг үйлдэхдээ өмнө гэмт хэрэг үйлдэхдээ ашиглаж байсан улаан хээр морио унаж явсан юм. Би дахин гэмт хэрэг үйлдэхгүй...” гэх мэдүүлэг/1-р хх-ийн 147-149 дүгээр тал/ 

 

*Яллагдагч Ц.Сын өгсөн: 

“...Би 2018 оны 12 дугаар сарын 10-дын үеэр Архангай аймгийн Хотонт сумын Бургалтай багийн нутаг Цэцэг толгой гэх газраас Ш.Бын хонгор зүсмийн 1 тооны гүү, хээр зүсмийн 1 тооны гүү, нийт 2 тооны адууг Ц.Б, Д.Б нарын хамтаар бүлэглэж хулгай хийсэн. Тухайн үед би өөрийн эзэмшлийн цагаан өнгийн, улсын дугааргүй, хуучин Мустанг-5 маркийн мотоцикльтой явсан бөгөөд Ц.Быг сундалчихсан байсан. Харин Д.Б нь улаан хээр зүсмийн өөрийнхөө эзэмшлийн морийг уначихсан явж байсан. Хамгийн анх Хотонт сумын төвөөс Ц.Б бид хоёр миний эзэмшлийн дээрх мотоцикльтой гарсан бөгөөд Д.Бынд очсон. Ингээд Д.Быг баруун тийшээ гаръя гээд дагуулж гарч ирсэн. Д.Бынд түүний эхнэр Б.О нь байсан. Тэгээд л дээрх зүйл болсон. Бид нарыг хулгай хийх үед шөнө болчихсон байсан. Тухайн хоёр тооны адууг Д.Бын гэрийн гадаа авч ирж төхөөрсөн. Нэг гүүг нь Д.Быг идшиндээ ид гэж өгсөн. Нөгөө гүүг нь Ц.Б ах бид хоёр Хотонт сумын төв рүү авч орсон. Хоёр адууг төхөөрснийхөө дараа Ц.Б бид хоёр Хотонт сумын төв орж Ц.Бын цагаан саарал өнгөтэй, жижиг тэргийг аваад буцаж Д.Бынд очоод нэг адууныхаа махыг ачаад Хотонт сумын төв рүү орсон. Үүнийг Ц.Бын эхнэр Ч.Н мэдэж байгаа байх. Ц.Бын шар өнгийн мяндсан ногт, Д.Бын цагаан өнгийн мяндсан ногт зэргийг ашигласан. Ш.Бын адууг айлын эзэнгүй малын хашаанд хашаанд хоёр тооны гүүг нь гараараа дэлдэж хүзүүдэж барьж авсан. Би уг мотоциклийг шинээр 2015 онд авч байсан. Унаж ашиглаад 4 жил болж байна. Хуучин мотоцикль байгаа. Өнгө үзэмж дундын бөгөөд зарим нэг дохио нь ажиллахгүй, мотор нь муудаж байгаа бөгөөд засч сэлбээд л унаж байгаа юм. Цагаан өнгөтэй л мотоцикль байгаа. Анх цоо шинээр нь авсан ба авахдаа гаалийн бичиггүй авсан. Би тухайн үед 1.050.000 төгрөгөөр авч байсан ба минийх 150 мотортой мотоцикль. Одоо үнэн мэдүүлж байна. Урьд өмнө мэдүүлэг өгөх үедээ Ц.Балжиням ах ганцаараа даана гээд байсан бөгөөд одоо бол бид нар үнэн зөвөөр нь шийдүүлэх нь зүйтэй гэдгийг ойлгосон. Гэхдээ бид гуравт эсрэг сонирхол байхгүй. Үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч байгаа, ийм хэрэг үйлдсэндээ маш их гэмшиж байна. Цоодол ахынд очоогүй, мотоциклио хураалгачих байх гэж бодоод л тэгээд хэлчихсэн. Уг ногтнууд нь миний ногтнууд биш учраас би энэ талаар мэдэхгүй. Өвөрхангай аймгийн Хархорин сумын цагдаад аваачиж өгөх замдаа хаячихсан л гэж Д.Б ярьсан...” гэх мэдүүлэг/1-р хх-ийн 151-154 дүгээр тал/ 

 

*Яллагдагч Ц.Бын өгсөн: 

“...Би уг хоёр адууг Д.Б, Ц.С нарын хамтаар хулгайлсан. Уг хэргийг 2018 оны 12 дугаар сарын 15-наас 16-нд шилжих шөнө үйлдсэн бөгөөд Архангай аймгийн Хотонт сумын Бургалтай багийн нутаг Цэцэг толгой гэх газарт байх Ш.Бын адуун дотроос хонгор зүсмийн нэг тооны нас нийлсэн гүү, хээр зүсмийн нас нийлсэн 1 тооны гүү зэрэг нийт 2 тооны адууг дээрх хүмүүстэй бүлэглэж хулгайлсан. Би тухайн үед Ц.Сын цагаан өнгийн мотоцикль дээр сундалж явсан. Ц.С өөрөөр мотоциклио жолоодож явсан. Харин Д.Б өөрийнхөө эзэмшлийн улаан хээр зүсмийн морийг унаж явсан. Би Д.Бад уг морийг өгсөн. Манай төрсөн дүүгийн малыг хардаг бөгөөд Д.Б бид хоёр сайн танилууд байгаа юм.Би өөрийн өмчлөлийн шар өнгөтэй ногтыг, харин Д.Б өөрийнхөө эзэмшлийн цагаан өнгийн мяндсан ногт зэргийг ашигласан. Өөр зүйл ашиглаагүй. Хулгайн гэмт хэрэг үйлдэх үедээ Д.Бын өмчлөлийн нэг тооны улаан хээр морь, Ц.Сын цагаан өнгийн хуучин, мустанг-5 маркын мотоцикль зэргийг унаж явсан. Урьд өмнө нь бол би өөрийнхөө шийдвэрээр Ц.С, Д.Б бид нар хоорондоо ярилцаж байгаад л би даахаар болсон юм. Түүнээс хэн нэгэнд дарамтлуулсан болон бусад шалтгааны улмаас дангаараа хэрэг хүлээсэн зүйл байхгүй. Уг ногтнууд нь байхгүй. Тухайн ногтнуудыг Хархорин сумын цагдаад аваачиж өгөх гэж явж байгаад хаясан...” гэх мэдүүлэг/1-р хх-ийн 155-157 дугар тал/ 

 

*Хохирогч Ж.Бгийн өгсөн: 

“...2018 оны 12 дугаар сарын 20-ны үеэр өөрийнхөө эзэмшлийн азарга адуунаас Архангай аймгийн Хотонт сумын Бургалтай баг Орхон голын Өргөн гарам гэх газарт малын бэлчээрт бэлчээсэн байж байгаад 1 тооны нас нийлсэн сувиа, зөв талын чих нь босоо сүйх имтэй хонгор зүсмийн 1 тооны гүүгээ хулгайд алдсан. Гүү алдах үедээ тухайн гүүгээ адууныхаа бэлчээрлэдэг бэлчээрээр хайгаад огт олж чадаагүй байсан. Тэгсэн харин 2019 оны 04 дүгээр сарын эхээр манай саахалт айлын залуу болох Д.Б нь надтай ирж уулзахдаа, би танай адуунаас 2018 оны 12 дугаар сарын 20-ны үеэр Архангай аймгийн Хотонт сумын Бургалтай баг Өргөн гарамны цаана бэлчиж байхад нь морьтой очиж зөв талын чих нь босоо сүйх имтэй хонгор зүсмийн гүү хулгай хийсэн гэдгээ хүлээж бид хоёр харилцан тохиролцож, би түүнээс нэг тооны гүүнийхээ төлбөрт 1 сая төгрөг бэлнээр авсан. Манайх гүүгээ алдахынхаа өмнө алдсан бэлчээр дээр хоёр хоногийн өмнө бүртгэж үзэхэд алдсан гэх хонгор зүсмийн гүү адуундаа байсан. Би Д.Бтай ярилцахдаа ямар гүү байсан талаар нь асуухад надад хэдэн төгрөгний хэрэг болоод хулгай хийсэн. Тэгээд манай азарга адууг тоо содон зүстэй адуугаар нь дээрээс хулгай хийсэн гүүгээ зүс нас им зэргээр нь яг хэлж байсан. Тэгээд би түүнийг нэг нутгийн хүн учраас өрөвдөөд 1 сая төгрөг авсан..” гэх мэдүүлэг/1-р хх-ийн 180-182 дугаар тал/ 

 

*Гэрч А.Бын өгсөн: 

“...Ж.Бгийнх нилээн олон тооны адуутай айл байгаа. Тэдний адуу мал бол тамгагүй гэхдээ бол зөв талын чих босоо сүйх имтэй адуутай айл байгаа юм... он, сарын нь сайн санахгүй байна. Ямарч л байсан өнгөрсөн өвөл нас нийлсэн сувиа хонгор зүсмийн гүү алдсан гээд тэр хавийн айлуудаас сураад явж байсан...” гэх мэдүүлэг/1-р хх-ийн 184-185  дугаар тал/ 

 

*Насанд хүрээгүй гэрч Г.Дгийн өгсөн: 

“...2018 оны 12 дугаар сарын 20-ны үеэр би сумын төвд хичээлтэй байж байгаад 5 дахь өдөр таараад Улаанбаатар хот явах болсон. Тэгсэн аав, ээж хоёр Д.Б ахаас нь мотоциклийнхоо оронд адуу авсан тэрний махыг аваад зараад ир гэж хэлээд Ц.Цолмон ахад ачуулаад би махыг нь авя яваад Улаанбаатар хотод танихгүй нэг ченжид зараад 700.000 төгрөг болж түүнээсээ хувцас аваад таарсан санагдаж байна. Арьс шир ирээгүй, мах нь нэг толгойтой байсан. Хонгор зүсмийн адууны толгой байсан би имийг нь анзаарч хараагүй. Мах авна гэсэн ченжид Улаанбаатар хотын төв оруулаад зарсан. Малын гарал үүслийн гэрчилгээтэй байсан. Манай аав П.Га нь Д.Бад 2 билүү 3 жилийн өмнө цэнхэр өнгийн Даюун маркийн мотоцикль зарж байсан. Ц.Цолмон нь махны ченж хийдэг хүн, манай махыг 20.000 төгрөгөөр ачиж авч явсан...” гэх мэдүүлэг1-р хх-ийн 188-190 дүгээр тал/ 

 

*Гэрч П.Гийн өгсөн: 

“...Би 2-3 жилийн өмнө өөрийнхөө унаж байсан цэнхэр өнгийн Даюун маркийн мотоциклийг 1 тооны адуугаар Д.Бад зарж байсан. Д.Б нь амьдралын түвшин бас сайнгүй нялх нойтон олон хүүхэдтэй учраас би түүнээс мөнгө нэхэж байгаагүй байж байгаад өнгөрсөн намардуухан уулзаад ахаасаа авсан мотоциколийнхоо төлбөрийг төлөх боломж байна уу гэхэд энэ жил өгнө өө хүнээс адуу авах юм байгаа гэж хэлээд салцгаасан. 2019 оны 12 дугаар сарын 20-ны үеэр шиг санаж байна манай эхнэр сумын төв рүү хүүхдүүдээ хүргэж өгөх гээд би гэрээ сахиад байж байхад Д.Бөтбат нь улаан хээр зүсмийн морь унасан нэгтооны хонгор зүсмийн гүү хөтөлсөн ирээд нөгөө мотоциколийн ор адуу гээд өгсөн тэр үед би Д.Быг адуугүй гэдгийг мэдэх учраас дотроо хаширлаад хэнээс ямар адуу авсан гэж шалгаахад би таньд хэлж байсан нөгөө Архангай аймгийн Өгийнуур сумын ахаасаа мялаалагныхаа адуу олж ирсэн юм гэж хэлсэн. Тэгээд нөгөө хонгор гүүгээ үлдээгээд явах гэхээр нь би түүнд хандаад ямар ах нь гаргаж янзлаж чадах биш миний дүү нэг мөсөн гаргаж янзлаад өг гэхэд Д.Б зөвшөөрч нөгөө гүүгээ ганцаараа гаргаж янзлаж өгчихөөд явсан. Д.Баыг адуу төхөөрч байхад нь  огт оролцоогүй яагаад гэвэл би угаасаа өөрөө мал гаргаж янзлаж чаддаггүй байнга л нутгийнхаа хүмүүсийг гуйж гаргаж янзлуулдаг хүн байгаа юм. Тамга байхгүй зөв талын чих нь араасаа сүйх имтэй хонгор зүстэй нас нийлсэн сувиа гүү байсан. Манайд хүн байхгүй би ганцаараа байсан харин гаргаад дуусч байхад сумын төвөөс манай эхнэр ирсэн. Д.Б гэгээн цагаан өдрөөр авчирч өгсөн дээрээс нь хүнээс авсан гэж хэлсэн. Хэрвээ мэдсэн бол юу гэж Д.Баас өрөндөө авах бэ дээрээс нь надад гай болно гэдгийг би өөрөө мэдэж байна. Мэдээгүй манай эхнэрт хүртэл хүнээс авсан гэж хэлж байсан. Манай ах дүү хамаатан садан бүгд тэр талаар мэдэж байгаа.Би мах толгой шиир гэх зэрэг зүйлсийг нь бүгдийг авсан махыг нь бол Цолмон гэх ченжээр хот руу өгч явж заруулсан, толгой нь хамт малын бичиг авахдаа өгч явуулсан, харин ширийг нь байлгаж байгаад би өөрөө Улаанбаатар хот явахдаа эмээлт дээр нэг танихгүй ченжид зарж борлуулсан. Гарал үүслийн бичиг авсан би өөрийнхөө нэр дээр эхнэрээрээ багийн дарга Т.Бат-Эрдэнээс багийн даргын бичиг авч, бусад бичгийг бүрдүүлж явсан хэрвээ би хулгай адуу болох талаар мэдсэн бол юу гэж баримт бичиг бүрдүүлж авахгүй...” гэх мэдүүлэг/1-р хх-ийн 192-194 дүгээр тал/ 

 

*Гэрч Х.Цын өгсөн: 

“...2019 оны 12 дугаар сарын 20-ны үеэр би сургуулийнхаа хүүхдүүдийг сумын төв рүү эргэчихээд өдөр гэртээ ирэхэд манай гэрийн гадаа Д.Б нь нэг тооны адуу гаргаж янзлаад дуусч байсан харин манай нөхөр гэртээ сууж байсан. Тэгээд би ямар учиртай адуу болох талаар Д.Гаас асуухад Д.Б нөгөө мотоциколийнхоо өрийг Архангай аймгийн Өгийнуур сумын хүнээс мялаалгандаа авч ирсэн гэнэ гэж хэлсэн дараа нь Д.Баас асуухад хуурай ахаасаа олж ирлээ гэж хэлсэн. Тэгээд Д.Б адуу гаргаж янзлаж өгчихөөд гэр рүүгээ морьтойгоо явсан. Манай нөхөр адуу гаргаж янзлаж чаддагүй. Одоогоос 2-3 жилийн өмнө шиг санаж байна манай нөхөр Д.Га нь өөрийнхөө унаж байсан цэнхэр өнгийн Даюун маркийн мотоциклийг Д.Бад 1 адуугаар зарахаар тохирч өгч байсан. Хонгор зүстэй нас нийлсэн гүү байсан харин тамга байхгүй гэхдээ зөв талын чих нь араасаа сүйх имтэй байсан. Огт мэдээгүй манай нөхөр ч гэсэн мэдээгүй бүүр хулгайн адуу гэдгийг нь мэдээгүй нөгөө махыг Цолмон гээд ченжид өгч хот руу заруулаад дараа нь арьсыг Улаанбаатар хот манай нөхөр орохдоо зарсан тэр ч буй хэл би махыг нь зарахдаа толгойг нь махтай нь авсан малын бичгийг багийн даргатай үзүүлээд авсан. Хээр зүсмийн морь унасан явж байсан...” гэх мэдүүлэг/1-р хх-ийн 195-197 дугаар тал/ 

 

*Гэрч М.Бын өгсөн: 

“...П.Га нь мал гаргаж чаддагүй нутгийнхаа хүн амьтан гуйж гаргуулж янзлуулдаг л хүн байгаа юм. П.Га нь Д.Бад цэнхэр өнгийн Даюун маркийн мотоциколь 2 билүү 3 жилийн өмнө өгч байсан тэгээд авах зүйлээ авч чадаагүй байгаа гэж надад П.Га нь ярьж байсан. Гэхдээ П.Га нь мотоциколь өгөөд Д.Б нь унаж байгаад гэнэт байхгүй болсон байсан одоо тухайн мотоциколь нь Д.Бад байддагүй өөр мотоциколь унаж байгаа...” гэх мэдүүлэг/1-р хх-ийн 198-199 дүгээр тал/ 

 

*Гэрч Ц.Бын өгсөн: 

“...2018 оны 12 дугаар сарын 20-ны үеэр манай адууг харахаар болж би түүнд өөрийнхөө эзэмшлийн улаан хээр зүстэй, нас нийлсэн, зөв талын гуяан дээрээ 9 тоо тамгатай, буруу талын чих үзүүрээсээ босоо сүйх имтэй морийг малд нь унуулж байсан юм тэрнээс биш түүнийг тухайн морийг унаж хулгай хийсэн талаар мэдээгүй надад мэдэх зүйл байхгүй. Улаан хээр зүсмийн морь одоо манай адуунд байгаа гэхдээ би тухайн морийг 2018 оны 12 дугаар сарын 15-ны үеэр Архангай аймгийн Хотонт сумын Бургалтай багийн Цэцэг толгой гэх газраас 2 тооны авсан хэрэгт тухайн морийг би унаж явсан. Тэгээд тухайн хэрэгт миний унаж явсан хээр морины үнэлгээ гарч морийг битүүмжилсэн байгаа тиймээс тухайн хэрэгт миний улаан хээр морины талаар дэлгэрэнгүй байгаа. Ц.Цолмон нь махны ченж хийгээд олон жил болж байна..” гэх мэдүүлэг/1-р хх-ийн 207-209 дүгээр тал/ 

 

*Гэрч Л.Бын өгсөн: 

“...П.Га нь хүн гуйж мал гаргуулдаг, тэр байтугай өөрийнхөө мэдэх махыг хүртэл хүнээр гаргуулж янзлуулдаг хүн. Цэнхэр өнгийн даюун маркийн мотоциклийг 2-3 жилийн өмнө Д.Бад зарж байсан. П.Га нь мал ихтэй, миний бодлоор 600 гаруй толгой малтай айл байгаа...” гэх мэдүүлэг/1-р хх-ийн 210-212 дугаар тал/ 

*Мэргэшсэн үнэлгээчин А.Бын 2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 110 дугаартай: 

“...Тарга тэвээрэг сайтай нас гүйцсэн бүдүүн гүүний хохирлын үнэлгээг 2018 оны 12 сарын байдлаар 650.000/зургаан зуун тавин мянга/төгрөг болохыг тодорхойлов...” гэх дүгнэлт/1-р хх-ийн 214 дүгээр тал/ 

*Яллагдагч Д.Бын өгсөн: 

“...Би Архангай аймгийн Хотонт сумын Бургалтай багийн нутаг Өргөн гарам гэх газраас иргэн Ж.Бтын 1 тооны хонгор зүсмийн нас нийлсэн, тарга тэвээрэг сайтай бага шиг биетэй гүүг 2018 оны 12 дугаар сарын 20-дын үеэр шиг санагдаж байна хулгайлж авсан. Уг гэмт хэргийг ганцаараа үйлдсэн. Тухайн үед П.Га гэдэг хүнд өрөө өгөх зорилгоор хулгайн гэмт хэрэг үйлдсэн. Би П.Гаас мотоцикль худалдаж авсан бөгөөд мөнгийг нь өгөөгүй байсан. Би өөрийн эзэмшлийн улаан хээр зүсмийн зөв талын буюу зүүн талын гуяан дээрээ 9 тоо тамгатай, баруун талын чихэндээ босоо сүйх имтэй морио унаж явсан. Уг морийг надад Ц.Б өгч байсан. Уг морь одоогоор Ц.Бын адуунд явж байгаа. Гэмт хэрэг үйлдэгдснээс хойш Ц.Б надад өгсөн. Би Ц.Бын дүүгийнх нь малыг хардаг. Мөн уг хонгор зүсмийн гүүг уургалж барьж авсан. Суран хуйв байсан бөгөөд хярс идчихсэн байна лээ. Харин уургыг малд барьж яваад хугалаад байхгүй болгосон. Би хохирлоо бүрэн барагдуулсан ба ганцаараа уг гэмт хэргийг үйлдсэн. Энэ талаар гэрчүүд мэдүүлсэн байх. Би П.Гынд уг хонгор зүсмийн гүүг ганцаараа хөтлөөд очсон. Урьд өмнө хулгайн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан цагаан өнгийн мяндсан ногтыг ашигласан ба уг ногтыг Өвөрхангай аймгийн Хархорин сумын цагдаад аваачиж өгөх гэж явахдаа Ц.Бын шар өнгийн мяндсан ногтны хамт хаячихсан байна лээ. Явсан замаараа хайгаад олоогүй. Би уг морийг 2018 оны 12 дугаар сарын 15-16-нд шилжих шөнө Архангай аймгийн Хотонт Бургалтай багийн нутаг Цэцэг толгой гэх газраас Ц.Б, Ц.С нарын хамт хоёр тооны адуу хулгай хийхдээ ашигласан. Тэгээд сүүлд н энэхүү гэмт хэргийг үйлдэхдээ дахин ашигласан. Өөр гэмт хэрэг үйлдээгүй...” гэх мэдүүлэг/1-р хх-ийн 232-235 дугаар тал/ 

*Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас/1-р хх-ийн 120, 121, 122 дугаар тал/ зэргийг шинжлэн судалсан болно. 

   Хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Архангай аймгийн Хотонт сумын Бургалтай багийн нутаг Өндөр толгой гэх газарт иргэн Н.Хын эзэмшлийн 11 тооны ямаа хулгайд алдагдаж, иргэн Н.Хт 1.080.000 /нэг сая наян мянган/ төгрөгийн хохирол учирсан, 2018 оны 12 дугаар сарын 20-ны үед Архангай аймгийн Хотонт сумын Бургалдай багийн Өрөм гарам гэх газар малын бэлчээрээс иргэн Ж.Бгийн эзэмшлийн 1 тооны хонгор зүсмийн гүү хулгайд алдагдаж, иргэн Ж.Бд 650.000 /зургаан зуун тавин мянган/ төгрөгийн хохирол учирсан, 2018 оны 12 дугаар сарын 15-16-нд шилжих шөнө Архангай аймгийн Хотонт сумын Бургалтай багийн нутаг дэвсгэр Цэцэг толгой гэх газраас иргэн Ш.Бын эзэмшлийн хээр зүсмийн сувай гүү, хонгор зүсмийн сувай гүү нийт 2 тооны адуу хулгайд алдагдаж, иргэн Ш.Бд 1.300.000 /нэг сая гурван мянга / төгрөгийн хохирол учирсан гэх үйл баримт тогтоогдож байх бөгөөд Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжийг агуулж байна.  

 

Шүүгдэгч Ц.С нь 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Архангай аймгийн Хотонт сумын Бургалтай багийн нутаг Өндөр толгой гэх газарт иргэн Н.Хын эзэмшлийн 11 тооны ямаа хулгайлж 1.080.000 /нэг сая наян мянган/ төгрөгийн хохирол учруулсан болох нь Н.Хын”... . Тэгтэл манайхаас 11 тооны эр, сувай голдуу ямаанууд алдагдсан. Би ямаагаа хайж ах, дүү хамаатан садангийн хүмүүст сураглаад өгөөч гэж хэлсэн. Тэгсэн манай эхнэрийн эгчийн нөхөр З.Ж ах утсаар яриад танай алдсан ямаанаас Хотонт сумын төвд Ц.Ө буюу Өлзийгийн хашааанд 3 тооны шүдлэн насны ямаа нь байна. Тэгэхээр нь би шууд машинтай очоод үзэхэд манай 11 тооны ямаатай хамт хулгайд алдсан 3 тооны хар зүсмийн шүдлэн насны 2 нь эр, 1 нь охин ямаа зүсэрээ мөн байсан. Би өөрийнхөө ямааг таньж байгаа талаар Ц.Өтай уулзахад ахаа би хулгай хийгээгүй. Танай нутгийн залуу Ц.С надад зарсан. Би худалдаж авсан нь үнэн. Тэгээд энэ 3 ямааг үлдээгээд бусдыг нь нядлаад Хархорин сумын төвд ченжид зарсан гэж хэлсэн. Ц.Стай очиж уулзахад манай ямааг хулгайлсан гэдгээ хүлээсэн...” гэх мэдүүлэг, гэрч З.Жын”... Хотонт сумын төвд Дунд хороололд байгаа Цэрэнпунсалын Өын хонь, ямаагаар очиж үзсэн. Тэгтэл 3 тооны хар зүсмийн шүдлэн ямаа нь манай дүүгийн алдсан гэх ямаа мөн байсан. Тэндээсээ Ц.Сын гэрт нь очиж ямаа хулгайлсан хэргийн талаар асуухад би хулгай хийсэн гэж хүлээсэн..” гэх мэдүүлэг, гэрч Ц.Өын”... Ц.С над руу утсаар ярьж найз нь аав, ээжээсээ нуугаад хэдэн ямаа өгөхөөр боллоо, чи машинтайгаа Цолмонгийн өвөрт эзэнгүй хашаан дээрээс авчих гэж хэлсэн. Тэгэхээр нь болох юм уу?, хулгайд орчих юм биш биз гэж асуусан. Тэгтэл зүгээр зүгээр манай өөрийнх юм байгаа, юу гэж хулгай хийх юм гэж хэлсэн. Ц.С оройн 17 цагийн үед ирж аваарай гэж хэлсэн. Мэргэшсэн үнэлгээчин А.Бямбажавын 2019 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 87 дугаартай дүгнэлт зэргээр, Шүүгдэгч Д.Б нь 2018 оны 12 дугаар сарын 20-ны үед Архангай аймгийн Хотонт сумын Бургалдай багийн Өрөм гарам гэх газар малын бэлчээрээс иргэн Ж.Бгийн эзэмшлийн 1 тооны хонгор зүсмийн гүүг хулгайлж, 650.000 /зургаан зуун тавин мянган/ төгрөгийн хохирол учруулсан болох  нь хохирогч Ж.Бгийн”... Гүү алдах үедээ тухайн гүүгээ адууныхаа бэлчээрлэдэг бэлчээрээр хайгаад огт олж чадаагүй байсан. Тэгсэн харин 2019 оны 04 дүгээр сарын эхээр манай саахалт айлын залуу болох Д.Б нь надтай ирж уулзахдаа, би танай адуунаас 2018 оны 12 дугаар сарын 20-ны үеэр Архангай аймгийн Хотонт сумын Бургалтай баг Өргөн гарамны цаана бэлчиж байхад нь морьтой очиж зөв талын чих нь босоо сүйх имтэй хонгор зүсмийн гүү хулгай хийсэн гэдгээ хүлээж бид хоёр харилцан тохиролцож, би түүнээс нэг тооны гүүнийхээ төлбөрт 1 сая төгрөг бэлнээр авсан...” гэх мэдүүлэг, гэрч А.Бын ”... он, сарыг нь сайн санахгүй байна. Ямарч л байсан өнгөрсөн өвөл нас нийлсэн сувиа хонгор зүсмийн гүү алдсан гээд тэр хавийн айлуудаас сураад явж байсан...” гэх мэдүүлэг, гэрч П.Гын”... Д.Б нь амьдралын түвшин бас сайнгүй нялх нойтон олон хүүхэдтэй учраас би түүнээс мөнгө нэхэж байгаагүй байж байгаад өнгөрсөн намардуухан уулзаад ахаасаа авсан мотоциколийнхоо төлбөрийг төлөх боломж байна уу гэхэд энэ жил өгнө өө хүнээс адуу авах юм байгаа гэж хэлээд салцгаасан. 2019 оны 12 дугаар сарын 20-ны үеэр шиг санаж байна манай эхнэр сумын төв рүү хүүхдүүдээ хүргэж өгөх гээд би гэрээ сахиад байж байхад Д.Бөтбат нь улаан хээр зүсмийн морь унасан нэгтооны хонгор зүсмийн гүү хөтөлсөн ирээд нөгөө мотоциколийн ор адуу гээд өгсөн тэр үед би Д.Быг адуугүй гэдгийг мэдэх учраас дотроо хаширлаад хэнээс ямар адуу авсан гэж шалгаахад би таньд хэлж байсан нөгөө Архангай аймгийн Өгийнуур сумын ахаасаа мялаалагныхаа адууг олж ирсэн юм гэж хэлсэн...” гэх мэдүүлэг, гэрч М.Бын ”... П.Га нь Д.Бад цэнхэр өнгийн Даюун маркийн мотоциколь 2 билүү 3 жилийн өмнө өгч байсан тэгээд авах зүйлээ авч чадаагүй байгаа гэж надад П.Га нь ярьж байсан...” гэх мэдүүлэг, гэрч Ц.Бын”... 2018 оны 12 дугаар сарын 20-ны үеэр манай адууг харахаар болж би түүнд өөрийнхөө эзэмшлийн улаан хээр зүстэй, нас нийлсэн, зөв талын гуяан дээрээ 9 тоо тамгатай, буруу талын чих үзүүрээсээ босоо сүйх имтэй морийг малд нь унуулж байсан юм тэрнээс биш түүнийг тухайн морийг унаж хулгай хийсэн талаар мэдээгүй надад мэдэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг, Мэргэшсэн үнэлгээчин А.Бямбажавын 2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 110 дугаартай дүгнэлт зэргээр, Шүүгдэгч Ц.С, Д.Б, Ц.Б нар бүлэглэж 2018 оны 12 дугаар сарын 15-16-нд шилжих шөнө Архангай аймгийн Хотонт сумын Бургалтай багийн нутаг дэвсгэр Цэцэг толгой гэх газраас иргэн Ш.Бын эзэмшлийн хээр зүсмийн сувай гүү, хонгор зүсмийн сувай гүү нийт 2 тооны адуу хулгайлж 1.300.000 /нэг сая гурван мянга / төгрөгийн хохирол учруулсан болох нь хохирогч Ш.Бын ”... Саяхан миний сэжиглэж байсан хүмүүс Хархорины цагдаагийн газарт баригдаад, манайхаас хулгайлсан адууны хэргийг өөрсдөө ярьж хүлээсэн байсан. Би одоо хохирлоо аваагүй байгаа. Надтай Ц.Сосорбарам, Д.Б, Ц.Б нар уулзаагүй байгаа. Манай адуу хулгайд алдагдах үедээ манай хаваржааны урд Цэцэг толгой гэх газарт хоносон байсан. Нас гүйцсэн тарган сувай гүүнүүд байсан. Хээр зүсмийн гүүг нь 2 жилийн сувай, нөгөө гүү нь даага хөхөж байсан сувай гүү байсан...” гэх мэдүүлэг, гэрч Ц.Эын ”... Надад адуугаа алдаад сумын төвд сэжигтэй хүмүүс яваа үгүйг мэдэх гэж явна гэж ярьсан. Харин саяхан манайхаар ороод гарахдаа нөгөө хоёр тооны гүүг Хархорины цагдаа нар шалгаад хулгайлсан хүмүүсийг нь олж тогтоосон байна. Манайхтай саахалт айлын залуучууд хулгайлсан байна гэж ярьсан...” гэх мэдүүлэг, яллагдагч нарын гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, Мэргэшсэн үнэлгээчин А.Бямбажавын 2019 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 86 дугаартай дүгнэлт зэргээр тус тус тогтоогдож байх бөгөөд шүүгдэгч Ц.С, Д.Б, Ц.Б нарын дангаараа болон бүлэглэн бусдын малыг  хулгайлсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй байна. 

Архангай аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Ц.С, Д.Б, Ц.Б нарт холбогдох хэргийг  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчилж ирүүлсэн бөгөөд хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон, хавтаст хэрэгт авагдсан болон талуудын хүсэлтээр шүүх хуралдаанаар шинжпэн судлагдсан нотлох баримт нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын шатанд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж дүгнэв. 

Иймд шүүхээс шүүгдэгч Ц.С, Д.Б нарыг ганцаараа болон бусадтай бүлэглэн мал хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Ц.Быг бусадтай бүлэглэн мал хулгайлсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. 

 

Шүүгдэгч Ц.С, Д.Б, Ц.Б нар нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирол төлбөрийг төлж барагдуулсан болох нь хохирогч, иргэний нэхэмжлэгч нарын шүүхэд ирүүлсэн тодорхойлолт, утсаар ярьсан тэмдэглэл зэргээр тогтоогдож байна. 

 

Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэн оногдуулах нөхцөл байдал дээрх шүүгдэгч нарт  тогтоогдохгүй байх бөгөөд шүүгдэгч нарын  анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол төлбөрийг төлж барагдуулсан зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, тэдний хувийн байдал, гэмт хэргийн шинж зэргийг харгалзан нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэв. 

 

Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг эсхүл бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос гаргуулахаар заасан бөгөөд тус зүйлийн 2 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлого” гэдэгт ...гэм хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник хэрэгслийг ойлгоно гэж, мөн 3 дахь хэсэгт “...хураан авсан хөрөнгө, орлогыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх, хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулна, гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлогын хэмжээ нь хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлнэ гэж тус тус хуульчилсан байх тул шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц прокурорын эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгож шүүгдэгч Ц.Сын гэмт хэрэг үйлдэхэд ашигласан 200.000 төгрөгийн үнэлгээ бүхий улсын дугааргүй Мустанг-5 маркийн мотоцикль,  шүүгдэгч Ц.Бын гэмт хэрэг үйлдэхэд ашигласан 550.000 төгрөгийн үнэлгээ бүхий 1 тооны морийг тус тус хураан улсын орлого болгон шийдвэрлэв. 

 

Шүүгдэгч Ц.С, Д.Б, Ц.Б нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй,  хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна. 

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.5,  36.8 дугаар зүйлийн  4, 5, дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон 

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Т овогт Ц-ийн С-ыг ганцаараа болон бусадтай бүлэглэн, Б овогт Д-ийн Б-ыг ганцаараа болон бусадтай бүлэглэж бусдын малыг хулгайлсан, Б овогт Ц-ын Б-ыг бусадтай бүлэглэн бусдын мал хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Монгол улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Сыг 400/дөрвөн зуу/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар, шүүгдэгч Д.Быг 400/дөрвөн зуу/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар, шүүгдэгч Ц.Быг 300/гурван зуу/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэсүгэй. 

 

3. Эрүүгийн хуулийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.С, Д.Б, Ц.Б  нар нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тус тус мэдэгдсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Сд оногдуулсан 400/дөрвөн зуу/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял, шүүгдэгч Д.Бад оногдуулсан 400/дөрвөн зуу/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял, шүүгдэгч Ц.Бд оногдуулсан 300/гурван зуу/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг Архангай аймгийн Цэцэрлэг хотын захирагчийн дэргэдэх Хот төлөвлөлт нийтийн аж ахуйн үйлчилгээний газарт хийлгэхээр тогтоосугай. 

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц прокурорын эд хөрөнгө битүүмжлэх тухай 2019 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 27, 28 тоот тогтоолуудыг хүчингүй болгож шүүгдэгч Ц.Сын гэмт хэрэг үйлдэхэд ашигласан 200.000/хоёр зуун мянга/ төгрөгийн үнэлгээ бүхий улсын дугааргүй Мустанг-5 маркийн мотоцикиль, шүүгдэгч Ц.Бын гэмт хэрэг үйлдэхэд ашигласан 550.000/таван зуун тавин мянга/ төгрөгийн үнэлгээ бүхий 1/нэг/ тооны морийг тус тус хураан улсын орлого болгосугай.

 

6. Шүүгдэгч Ц.С, Д.Б, Ц.Б нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйл болохыг тус тус дурдсугай. 

 

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, шүүгдэгчийн өмгөөлөгч, хохирогч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 

 

8. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Ц.С, Д.Б, Ц.Б нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай. 

 

                               ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                                   П.ГАНДОЛГОР