| Шүүх | Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Гончигсумын Сарантуяа |
| Хэргийн индекс | 150/2016/00164/И/ |
| Дугаар | 0238 |
| Огноо | 2016-11-21 |
| Маргааны төрөл | Цалин хөлсний маргаан, |
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2016 оны 11 сарын 21 өдөр
Дугаар 0238
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум дундын шүүхийн ерөнхий шүүгч Г.Сарантуяа даргалж хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Сэлэнгэ аймаг, Сайхан сумын 1-р баг, 13-1-12 тоотод оршин суух, эмэгтэй, /РД: ТГ-/ Цалинч овогт *******ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сэлэнгэ аймгийн Сайхан сум “Цемент- шохой” ХК-д холбогдох,
Ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор,тэтгэмж, амралтын мөнгө ажилгүйдлийн тэтгэмж бүгд 6,905312 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2016 оны 06 сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.Буманзаяа хариуцагч “Цемент-шохой” ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******,гэрч Б.Уянга, В.Ичинхоролоо шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ариун-Эрдэнэ нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Миний бие ******* нь 1963.02.25-нд Ховд аймгийн Манхан сумд төрсөн. 1983 онд үйлдвэрт анх нягтлан бодогчоор ирж тус үйлдвэрт 33 жил ажилласан. Би 2015 оны 12-р сарын 25-нд ажлаасаа халагдаж шүүхэд гомдол гаргасан... Үндэслэлгүй ажлаас халагдсан тул ажилд эргүүлэн авах, ажилгүй байсан 2016 оны 01-р сарын 01-нээс 2016 оны 03-р сарын 18-ныг хүртэлх цалинг олгох зэрэг шийдвэр гарсан. Шүүхийн шийдвэр гүйцэтгүүлэх нэрийдлээр намайг 2016.05.03-нд ажилд авч, ажлаа гүйцэт авч амжаагүй байтал 2016.05.06-нд ажлаас халсанд гомдолтой байна. Ажилд орохдоо миний оронд ажиллаж байсан Г.Нарангарав нь хүүхэд асрах чөлөөнөөс ажилдаа орж байгаа. Би орохгүй тэр хүнээ ав гэтэл Ичинхорлоо дарга хэлэхдээ “Тэр Нарангарав 2 ч удаа өргөдөл өгсөн. Ажилдаа орох болоогүй, би шүүхийн шийдвэр гүйцэтгүүлж байна. Та ажилдаа ор” гээд би ажилд орсон. Хууль мэдэхгүй намайг далимдуулан 3 хоног ажиллуулчихаад Г.Нарангаравыг “ажилдаа ирж ор” гэж утсаар Ичинхорлоо дарга дуудаж ажилд нь оруулсанд гомдолтой байна. Хүүхэд асрах чөлөөтэй хүний оронд орсон гээд ажилгүйдлийн тэтгэмж болон сарын дундаж цалинтай тэнцэх тэтгэмж олгогдоогүй. 2016 оны 05-р сарын 3-нд ажилдаа орсон тул надад:
1.2016 оны 03-р сарын 18-наас 2016 оны 05-р сарын 02 хүртэл 32 хоногийн 1.357.354 төгрөг
2.Нийгмийн даатгалаас ажилгүйдлийн тэтгэмжийн дутуу олгогдсон 629.000 төгрөг, бүгд 1.986.354 төгрөгийг хариуцагч байгууллагаас гаргуулж... нэхэмжилж байна...” гэжээ.
Нэхэмжлэгч ******* нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагадаа:
Мөн одоо хуулийн хүнээс зөвлөгөө авсны улмаас 4918958 төгрөг нэмж нэхэмжилнэ гэжээ.
Нэхэмжлэгч ******* шүүх хуралдаан дээр гаргасан нэхэмжлэлдээ:
Би 2015 оны 12 дугаар сарын 15-нд ажлаас халагдсан. Намайг эрүүл мэндэд тэнцэхгүй, дээд боловсролгүй гэсэн шалтгаанаар халагдаад 2016 оны 03-р сарын 15-нд шүүхийн шийдвэр гараад 2016 оны 01-р сарын 01-ээс 2016 оны 03-р сарын 15-н хүртэл ажилгүй байсан хугацааны цалин 2.056.000 төгрөг олгох гэсэн шийдвэр гарсан Үүнийг нэхэмжилж байна.Үйлдвэрээс сарын цалинтай тэнцэх хэмжээний мөнгө болох 793.000 төгрөгөө хасаад, нийгмийн даатгалаас ажилгүйдлийн тэтгэмж гэж авсан 871.000 төгрөгийг суутгаж гар дээр 222.000 төгрөг өгсөн. Өмнөх шүүхийн шийдвэрээр 2.056.544 төгрөгийг ажилгүй байсан хугацааны цалин гаргуулна гэж гарсан. Тэгсэн чинь энийг надад өгөөгүй. Энэ мөнгөнөөс нэг сарын цалинтай тэнцэх хэмжээний мөнгө болох 793.000 төгрөгийг өгчихөөд буцаагаад ажилгүй байсан хугацааны цалин дээрээс суутгаад авсан. Дээр нь нийгмийн даатгалаас өгч байсан ажилгүйдлийн тэтгэмжийг бас энэ мөнгөнөөс суутгаад авсан. Энэ шүүхийн шийдвэр учраас ямар ч мөнгө суутгахгүй миний гар дээр ирэх байсан мөнгө гэж ойлгож байгаа гэв. 2016 оны 03-р сарын 15-нд шүүхийн шийдвэр гарсан учраас 2016 оны 03-р сарын 15-аас 2016 оны 05-р сарын 02-ны өдөр хүртэл ажилгүй байсан хугацааны мөнгө1.456.718 төгрөг байгаа нэхэмжилж байна,бас ажилласан хугацааны амралтын мөнгө 426.744 төгрөг нэхэмжилж байгаа, ажилгүйдлийн тэтгэмж 2.171.464 төгрөг бүгд 6.905312 төгрөг гаргуулахаар”“Цемент-Шохой” ХК-аас нэхэмжилж байна.
Хариуцагч “Цемент-шохой” ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Чулуунбатын нэхэмжлэлтэй иргэний хэргийн шүүх хуралдаан болж Чулуунбатыг ажилд нь эгүүлэн тогтоох шийдвэр гарсан. Ажилгүй байсан хугацааны цалинг нь олгох, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалыг зохих ёсоор төлж бичилт хийхийг үүрэг болгосон шүүхийн шийдвэр гарсан. Шүүхийн шийдвэр гарсанаар Чулуунбатыг ажлаас чөлөөлсөн А/358 дугаартай 2015 оны 12-р сарын 25-ны өдрийн тушаал хүчингүй болсон. Тэгээд ажилгүй байсан хугацааны цалин гэж 2.056.544 төгрөгийг олгохоор шүүхийн шийдвэр гараад, шүүхийн шийдвэрийг биелүүлж ажилд нь авсан, 2.056.544 төгрөгөөс нийгмийн даатгалын шимтгэл 160.410 төгрөг, хувь хүний орлогын албан татвар 168.613 төгрөгийг төлөөд зохих ёсоор нь нийгмийн даатгалын дэвтэр дээр бичилт хийсэн. Олговол зохих цалин нь 1.887.931 төгрөг байсан. Энэ мөнгөнөөс, мэдээж А/358 дугаартай гүйцэтгэх захиралын тушаал хүчингүй болсон учраас энэ хүнд олгосон нэг сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж бол бас хүчингүй болоод энийг буцааж энэ хүнээс авах нөхцөл үүссэн. Тийм учраас олгох цалингаас нь 793.814 төгрөгийг буцааж суутгаж авсан. Ямар тохиолдолд нэг сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмжийг олгодог вэ? гэхээр хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасны дагуу ажлын байр цөөрсөн, хасагдсан, мэргэжил ур чадварын хувьд ажил үүрэгтээ тэнцэхгүй болсон нь тогтоогдсон, эсвэл тэтгэвэрт гарах эрх үүссэн тохиолдолд нэг сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж олгодог. Энэ хүн яг энэ үндэслэлээр халагдсан учраас тэтгэмжийг олгосон. Захиралын тушаал хүчингүй болсон учраас энийг олгох цалингаас авсан. Нийгмийн даатгалаас мэдээж хөдөлмөрийн харилцаанд орж байгаа учраас нийгмийн даатгалтай гурвалсан харилцаанд орж байдаг. Нийгмийн даатгалд бид нар зохих бичилт юмыг нь хийж өгчихөөд, энэ хүн чинь ажилдаа буцаад орсон юм байна шүү дээ энэ хүн чинь ажилгүйдлийн тэтгэмж гээд авсан байгаа гэсэн. Тэгэхээр энэ хүнээс манайх авна, авлага үүснэ. Тийм учраас цалингаас нь нийгмийн даатгалын ажилгүйдлийн тэтгэмжийг суутгаад өгөөч гэж нийгмийн даатгалаас хүсэлт ирүүлсэн. Энэ хүн ямар ч тохиолдолд нийгмийн даатгалд буцаагаад төлөх үүрэг үүснэ. Энэ хүний гарт нь 222.409 төгрөгийг олгосон. Өмнөх шүүхийн шийдвэрийг бүрэн биелүүлсэн гэж үзэж байгаа. Тийм учраас 2.056.544 төгрөгийг манай байгууллага төлөх үндэслэлгүй гэж үзэж байна. Нэг сарын тэтгэмж 793.814 төгрөгийг нэхэмжилсэн байдаг. Энэ мөнгийг энэ хүнд өмнө нь ажлаас халагдахад нь 793.814 төгрөгийн ажилгүйдлийн тэтгэмжийг өгч байсан. Тэгээд ажилдаа эргээд орсон учраас буцааж авсан байгаа. Энэ хүн өөрөө хүний оронд, жирэмсний болон, чөлөөтэй байгаа хүний оронд ажиллаж байсан. Хөдөлмөрийн гэрээн дээр байгаа. Аж ахуйн албаны дэд хариуцагчаар Нарангаравын оронд ажилд орсон байдаг. Тэгэхээр нэг сарын тэтгэмжийн мөнгийг ямар шалтгаанаар нэхэмжлээд байгааг би ойлгохгүй байна. Энэ хүн 2016 оны 05-р сарын 06-нд ажлаас гарахдаа, оронд нь ажиллаж байсан чөлөөтэй байгаа хүн нь ажилдаа орох хүсэлт гаргаад орсон. Тэр тушаалыг хэрэгт нотлох баримтаар гаргаж өгсөн. Хүний оронд ажиллаж байсан хугацаатай гэрээтэй хүн ажлаас гарахдаа хөдөлмөрийн тухай хууль, манай компанийн дотоод журам болон хамтын гэрээн дээр ч гэсэн тэтгэмж олгох заалт байдаггүй. Хөдөлмөрийн гэрээн дээр ч гэсэн хугацаатай гэрээгээр ажиллаж байгаад ажлаас гарсан тохиолдолд тэтгэмж авна гэсэн заалт байдаггүй. Тийм учраас нэг сарын тэтгэмжийг манай байгууллага төлөх үндэслэлгүй. 2016 оны 03-р сарын 15-аас 2016 оны 05-р сарын 02-ны өдөр хүртэл 34 хоног ажилгүй байсан хугацааны цалин нэхэмжилсэн байна. Энэ хүн өөрөө шүүхийн шийдвэр гарсанаас хойш итгэмжлэгдсэн төлөөлөгч миний бие нь 03-р сарын 25-нд 108 дугаартай шүүхийн шийдвэрийг гардаж авсан. Тэрнээс хойш 14 хоногийн хугацаанд давж заалдах гомдол гаргах эрх надад байна. Энэ нь 2016 оны 04-р сарын 11 хүртэл хугацаанд давж заалдах гомдол гаргах шийдвэр гаргах эрх надад байгаа. Энэ хүн ажилдаа орохоор ирээгүй. Тэгээд 2016 оны 04-р сарын 25-нд ажилдаа ормоор байна ажилд аваач гэсэн хүсэлтээ гаргаж ирсэн байгаа. Тэгээд одоо хичнээн шүүхийн шийдвэр гармагц биелүүлэх үүрэгтэй ч гэсэн ажилтан ажилдаа буцаж орох эсэх нь ойлгомжгүй байсан, бид нар харж байсан энэ хүн ажилдаа орно гэж хэзээ ирэх бол ирэхээр нь ажилд нь авна гээд байж байсан. Гэтэл энэ хүн 2016 оны 04-р сарын 25-нд ажилдаа орох хүсэлт гаргаж ирсэн. Тэгээд энэ хүнийг өмнө нь ажиллаж байсан хүнийг нь нааш нь цааш нь болгож зохицуулаад тодорхой хугацааны дараа буюу 2016 оны 05-р сарын 02-нд ажилд нь авсан байгаа. Тийм учраас энэ хоорондох хугацааны буюу 34 хоногийн 1.456.718 төгрөгийг төлөх үндэслэлгүй гэж үзэж байна. Ажилласан хугацааны амралт гэж нэхэмжилж байна. Энэ хүн 2016 оны 01-р сарын 01-ээс 2016 оны 03-р сарын 15-н хүртэл хугацаанд ажилласан амралтын мөнгө дээрээс нь 5 сард ажилласан хугацааны мөнгөө нэмээд, гэрчийг орж ирэхээр тоог тодруулна, яг ажилласан хугацааны буюу шүүхийн шийдвэр гараад 2016 оны 01-р сарын 01-ээс 2016 оны 03-р сарын 15-н хүртэл ажилласан гэж тооцож байгаа учраас энэ хугацааны, дээрээс нь нэмээд 5 сард ажилдаа орсон буцаж гарсан тэр ажилласан хугацааны амралттай нийлүүлээд энэ амралтынх нь мөнгийг өгөөд гаргасан. Гэтэл энэ хүн 2016 оны 01-р сарын 01-ээс 2016 оны 03-р сарын 15-н хүртэл болоод ажилласан хугацааны бүх мөнгөө аваагүй гээд байгааг нь гайхаж байна. Энэ хүн 220.000 төгрөг аваад гарсан. Тийм учраас 426.740 төгрөгийг төлөх үндэслэлгүй гэж үзэж байна. Ажилгүйдлийн тэтгэмжийг компани өгдөггүй. Нийгмийн даатгалын ажилгүйдлийн сангаас авах ёстой. Энэ мөнгийг нийгмийн даатгалаас нэхэмжлэх нь зүйтэй байх. Тийм учраас манай байгууллага энэ мөнгийг төлөх үндэслэлгүй. Нийт 6.905.312 төгрөгийг Хөтөлийн Цемент Шохой ХК нь төлөхгүй гэж бодож байна гэв.
Шүүх хуралдаанд бичмэл нотлох баримтуудыг уншин сонсгож шинжлэн судлав.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч нь ******* нь анх шүүхэд 2016 оны 03-р сарын 18-наас 2016 оны 05-р сарын 02-ны өдөр 32 хоног ажилгүй байсан хугацаанд урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор 1.357.354 төгрөг,нийгмийн даатгалаас ажилгүйдлын тэтгэмжийн дутуу олгогдсон 629.000 төгрөг бүгд 1.986.354 төгрөг нэхэмжилсэн ба 2016 оны 10-р сарын 03-ны өдөр 4.918.958 төгрөгөөр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлжээ. Үүнд: өмнөх шүүхийн шийдвэрээр гаргуулахаар заасан ажилгүй байсан хугацаанд урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, 2.056.544 төгрөг, шүүхийн шийдвэр гарснаас хойш буюу 2016 оны 03-р сарын 15-ны өдрөөс 2016 оны 05-р сарын 02 ний өдөр хүртэлх ажилгүй байсан хугацаанд урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор 1.456.718 төгрөг, “Цемент-Шохой” ХК-аас ажлаас халагдахад өгсөн тэтгэмж 793.814 төгрөг, 2016 оны амралтын мөнгө 426.744 төгрөг, ажилгүйдлийн тэтгэмж 2.171.464 төгрөг бүгд 6.905.312 төгрөг гаргуулахаар “Цемент-Шохой” ХК-аас нэхэмжилж байна.
Хариуцагч байгууллагын төлөөлөгч ******* нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд зөвшөөрөхгүй гэж мэтгэлцэж байна.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагын заримыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ. Үүнд:
1.*******ыг Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн 2016 оны 03-р сарын 15-ны өдрийн 108 тоот шүүхийн шийдвэрээр “Цемент-шохой” ХК-д урд ажиллаж байсан ажил албан тушаалд эгүүлэн тогтоож ажилгүй байсан хугацаанд урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 2.056.544 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн нь зохигчийн тайлбар, гэрч Уянгын “Шүүхийн шийдвэрээр 2.056.544 төгрөг олгохоор тооцогдсон байсан. Тэрнээс нь би нийгмийн даатгалаас ажилгүйдлийн тэтгэмж 870.870 төгрөгийг суутгаад нийгмийн даатгалын санд шилжүүлсэн байгаа. Чулуунбатыг 2015 оны 12-р сарын 25-нд ажлаас гархад нь нэг сарын тэтгэмж өгсөн тэрийг буцаагаад суутгаж авсан. Хүн амын орлогын албан татварыг 2.056.544 төгрөгөөс бодож суутгаж авсан. Тэгээд 222.409 төгрөгийг гарт нь олгосон” гэсэн мэдүүлэг, Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум дундын шүүхийн 2016 оны 05-р сарын 05-ны өдрийн 469 тоот шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай шүүгчийн захирамж /х.х-ийн 14-рт/ зэргээр тогтоогдож байна. Иймд хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг албадан биелүүлэх шүүгчийн захирамжийн дагуу шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүсэлт гаргах замаар нэхэмжлэгч энэ асуудлыг шийдвэрлүүлэх боломжтой тул ажилгүй байсан хугацаанд урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор 2.056.544 төгрөг нэхэмжилснийг шүүх дахин шийдвэрлэх хуулийн үндэслэлгүй тул хэрэгсэхгүй болгохоор,
2.Нэхэмжлэгч “Цемент-Шохой” ХК-аас ажлаас халагдахад өгсөн тэтгэмж 793.814 төгрөг төгрөг нэхэмжилсэн ба “Цемент-Шохой”ХК-ийн гүйцэтгэх захирлын 2015 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн А/358 тоот “Ажлаас чөлөөлөх тухай” тушаалын 3-р заалтад *******тай ээлжийн амралт болон бусад холбогдох тооцоог хийж, нэг сарын дундаж цалин хөлстэй тэнцэх тэтгэмж олгохыг Санхүү бүртгэлийн хэлтэс /Н.Амартөвшинд зөвшөөрсүгэй /х.х-ийн 20-рт/ гэж заасан байх ба энэ тушаалын дагуу “Цемент-Шохой” ХК *******ад ажлаас халагдсаны тэтгэмжид Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д заасныг баримтлан 793.814 төгрөг олгосон ба энэ талаар зохигч маргаагүй болно.
Харин ******* нь дээрх үндэслэлээр олгосон 793.814 төгрөгийг шүүхийн шийдвэрээр олгох ёстой 2.056.544 төгрөгөөс суутгаж авсан буруу гэж үзэн нэхэмжилж байна.
Нэгэнт *******ыг Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум дундын шүүхийн 2016 оны 03-р сарын 15-ны өдрийн 108 тоот шүүхийн шийдвэрээр урьд эрхэлж байсан ажил албан тушаал нь эгүүлэн тогтоож ажилгүй байсан хугацаанд урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор 2.056.544 төгрөг олгуулахаар зааж шүүх “Цемент-Шохой”ХК-ийн гүйцэтгэх захирлын 2015 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн А/358 тоот “Ажлаас чөлөөлөх тухай” тушаалыг хуулийн үндэслэлгүй гарсан гэж үзсэн тул *******ад ажлаас халагдсаны тэтгэмжид олгосон 793.814 төгрөгийг буцаан суутгасан нь хууль зөрчөөгүй гэж үзэн хэрэгсэхгүй болгохоор,
3.Нэхэмжлэгч 2016 оны амралтын мөнгө 426.744 төгрөг “Цемент-Шохой” ХК-аас нэхэмжилсэн ба “Цемент-Шохой”ХК-ийн гүйцэтгэх захирлын 2015 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн А/358 тоот “Ажлаас чөлөөлөх тухай” тушаалын 3-р заалтад *******тай ээлжийн амралт болон бусад холбогдох тооцоог хийж, нэг сарын дундаж цалин хөлстэй тэнцэх тэтгэмж олгохыг Санхүү бүртгэлийн хэлтэс /Н.Амартөвшинд зөвшөөрсүгэй /х.х-ийн 20-рт/ гэж заасан байх ба энэ талаар гэрч компанийн нягтлан бодогч Б.Уянга шүүх хуралдаан дээр “5-р сард ажилдаа ороод буцаад гархад нь ажилласан хугацааны амралтын мөнгө 200 гаран мянган төгрөг бодож өгсөн” гэж мэдүүлсэн ба нэхэмжлэгч амралтын мөнгө аваагүй талаарх нотлох баримтыг шүүхэд гаргаж өгч энэ байдлаа нотлоогүй тул амралтын мөнгө 426.744 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагад холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгохоор,
4.Нэхэмжлэгч ажилгүйдлийн тэтгэмж 2.171.464 төгрөг гаргуулахаар “Цемент-Шохой”ХК-аас нэхэмжилжээ.
Нэхэмжлэгч ******* нь “Цемент-Шохой”ХК-ийн гүйцэтгэх захирлын 2015 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн А/358 тоот “Ажлаас чөлөөлөх тухай” тушаалын дагуу ажлаас халагдан улмаар Сайхан сумын Нийгмийн даатгалын тасагт хандан ажилгүйдлын тэтгэмж хүссэний дагуу Нийгмийн даатгалын сангаас 132.499 төгрөг бодогдон 871.708 төгрөг авч 453.291 төгрөг аваагүй байсан нь Сэлэнгэ аймаг Сайхан сум Нийгмийн даатгалын тасгийн 2016 оны 07-р сарын 22-ны өдрийн 057 тоот албан бичгээр /х.х-ийн 32-рт/ мөн шүүхийн шийдвэрээр ажилдаа буцаж орсон тул *******ын цалин дээрээс нь 871.708 төгрөг суутгаж өгөхийг хүсэж Сэлэнгэ аймаг Сайхан сум Нийгмийн даатгалын тасгаас “Цемент-Шохой”ХК-ийн гүйцэтгэх захиралд хаяглан явуулсан 2016 оны 04-р сарын 07-ны өдрийн 018 тоот албан бичгээр тогтоогджээ. “Цемент-Шохой” ХК ажилгүйдлын тэтгэмжид *******ад нийгмийн даатгалын сангаас олгосон 871.708 төгрөгийг суутган Нийгмийн даатгалын санд шилжүүлэн өгсөн явдал нь “Цемент-Шохой” ХК–ийн хуулиар тогтоосон үүрэгт хамаарахгүй боловч ажилгүйдлын тэтгэмж авах эрх үүсээгүй байсан иргэн *******ын /шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэж орсон, олговор авсан/ эрх ашгийг зөрчөөгүй байна гэж үзлээ. “Цемент-Шохой” ХК нь ажиллагсадад ажилгүйдлын тэтгэмж олгох үүргийг хуулиар хүлээхгүй тул нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1.299.756 төгрөг холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгохоор тус тус шийдвэрлэлээ.
5.Харин нэхэмжлэгч *******ын шүүхийн шийдвэр гарснаас хойш буюу 2016 оны 03-р сарын 15-ны өдрөөс 2016 оны 05-р сарын 02 ний өдөр хүртэлх 34 хоног ажилгүй байсан хугацаанд урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор 1.456.718 төгрөг нэхэмжилжээ.
*******ыг Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн 2016 оны 03-р сарын 15-ны өдрийн 108 тоот шүүхийн шийдвэрээр “Цемент-шохой” ХК-д урд ажиллаж байсан ажил албан тушаалд эгүүлэн тогтоож шийдвэрлэсэн нь зохигчийн тайлбар, Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум дундын шүүхийн 2016 оны 05-р сарын 05-ны өдрийн 469 тоот шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай шүүгчийн захирамж /х.х-ийн 14-рт/ зэргээр тогтоогдож байна
Дээр нотлох баримтууд болон 2016 оны 05-р сарын 02-ны өдрийн Хөтөлийн “Цемент-шохой”ХХК-ийн гүйцэтгэх захирлын Б/350 тоот “*******ыг ажилд эргүүлэн авах тухай” тушаал/х.х-ийн 21-рт/ зэргээр хариуцагч “Цемент-шохой” ХК-нь *******ыг шүүхийн шийдвэрээр ажилд авалгүй 2016 оны 03-р сарын 15-ны өдрөөс 2016 оны 05-р сарын 03-ны өдөр хүртэл ажлын 34 хоног ажилгүй байлгасан буруутай үйл ажиллагаа нотлогдож байна. Иймд *******ад Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар дээрх ажилгүй байсан хугацааны урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор олгох хуулийн үндэслэлтэй байна гэж үзлээ.
Ажилгүй байсан хугацааны урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговорыг олгохдоо Нийгэм хамгаалал хөдөлмөрийн сайдын 2005 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн “дундаж цалин хөлс тодорхойлох журам”-ын 5, 7-д зааснаар *******ын сүүлийн 3 сард авч байсан цалин хөлсний дундажаар тодорхойлж олгох хуулийн үндэслэлтэй.
Нэхэмжлэгчийн шүүхэд гаргаж өгсөн Нийгмийн даатгалын дэвтэрт 2016 оны 01-р сард 734480 төгрөг, 2-р сард 661032 төгрөг, 2-р сард 661032 төгрөгийн цалин авч байснаар бичигдсэн /х.х-ийн 33-рт/ байгаа ба сүүлийн гурван сарын цалин нэмж гуравт хуваан нэг сарын дундаж цалин хөлсийн 685514 төгрөгөөр тодорхойлсон болно. /734480+ 661032+661032=2056544, 2056544:3=685514төг/ Нэг сарын дундаж цалин хөлс 685514 төгрөгийг ажлын 22 хоногт хуваахад нэг өдрийн цалин хөлс 31159 төгрөг, үүнийг ажилгүй байсан 34 өдөрт үржүүлэн 1.059.406 төгрөг болж байна. /685514төг:22хоног=31159төг, 31159х34 өдөр=1.059.406 төг/
Иймд “Цемент-шохой” ХК-аас *******ын ажилгүй байсан хугацааны урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 1.059.406 төгрөг гаргуулан олгож, хуулийн үндэслэлгүй илүү нэхэмжилсэн цалин 397.312 төгрөгт холбогдох хэсгийн хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
*******ын нийт 6.905.312 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаас1.059.406 төгрөгт холбогдох хэсгийг хангаж хуулийн үндэслэлгүй нэхэмжилсэн 5.845.906 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн болно.
*******ын нэхэмжлэл нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 156 дугаар зүйлийн 156.1-д заасан гомдлоор авч хэлэлцэх хэрэг бөгөөд Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх тул мөн хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1.2-д зааснаар түүний улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 125.435 төгрөгийг орон нутгийн орлогоос гаргуулан нэхэмжлэгчид буцаан олгож, хариуцагч “Цемент шохой” ХК-аас нэхэмжлэл хангагдсан 1.059.406 төгрөгт улсын тэмдэгтийн хураамж тооцон 29.975 төгрөг гаргуулан орон нутгийн орлогод оруулахаар шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Монгол улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар Сэлэнгэ аймгийн Сайхан сум, “Цемент-шохой” ХК-аас ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 1.059.406/ нэг сая тавин есөн мянга дөрвөн зуун зургаан/ төгрөг гаргуулан *******ад олгож нэхэмжлэлийн шаардлагаас 5.845.906 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-д зааснаар *******ад олгох 1.059406 төгрөгнөөс нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хэмжээгээр суутган зохих байгууллагад шилжүүлэн энэ тухай нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг Сэлэнгэ аймгийн Сайхан сум, “Цемент-шохой” ХК-д даалгасугай.
3.Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41.1.5, 44.1.2-д зааснаар *******ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 125.435 төгрөгийг орон нутгийн орлогоос буцаан гаргуулж олгосугай.
4.Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар “Цемент шохой” ХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 29.975 төгрөг гаргуулан орон нутгийн орлогод оруулсугай.
5.Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
6.Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-д зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш зохигч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардаж авах үүрэгтэйг дурдсугай.
7.Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигч тэдгээрийн өмгөөлөгч, төлөөлөгч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.САРАНТУЯА