| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Батсүрэнгийн Ундрах |
| Хэргийн индекс | 101/2017/00474/и |
| Дугаар | 001/ХТ2018/00474 |
| Огноо | 2018-03-27 |
| Маргааны төрөл | Үндэслэлгүйгээр хөрөнгөжих, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2018 оны 03 сарын 27 өдөр
Дугаар 001/ХТ2018/00474
Х.Уын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2017 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 101/ШШ2017/03108 дугаар шийдвэр,
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 2375 дугаар магадлалтай,
Нэхэмжлэгч: Х.У
Хариуцагч: “Д” ХХК-д холбогдох
52 574 400 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг
Хариуцагчийн төлөөлөгч Ч.Н хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн
Шүүгч Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: хариуцагчийн төлөөлөгч Б.Б, нарийн бичгийн даргад Э.Боролдой нар оролцов.
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 2016-06-24-ний өдөр Д ХХК-иас 49680 литр дизель түлш авахаар амаар худалдах-худалдан авах гэрээ байгуулсан. Худалдах-худалдан авах гэрээний үнэ 66.074.400 төгрөгийг Д ХХК-ийн дансанд шилжүүлсэн ч одоо хүртэл түлш авч чадаагүй байна. Д ХХК-ийн захиралтай 2016 оны 08 дугаар сард уулзаж түлш шаардахад нийлүүлэх боломжгүй, мөнгийг чинь буцааж өгнө гээд 13.500.000 төгрөг өгсөн. Иймд үлдэгдэл 52 574 400 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч нэхэмжлэлд өгсөн хариу тайлбартаа: Нэхэмжлэгчийг танихгүй, харин О.Баатарсүрэн манай компаниас дизель түлш худалдан авахаар болж, 49680 литр түлшний үнэ 66.074.400 төгрөг шилжиж ирсэн, үүнийг Х.У шилжүүлсэн юм билээ. Ингэж шилжин ирсэн мөнгөнөөс 58 622 400 төгрөгийг “Уранлхам” ХХК-д шилжүүлсэн боловч тус компани нь түлшээ нийлүүлээгүйгээс маргаан үүсээд байна. Миний бие Х.У болон О.Баатарсүрэн нартай 52 сая төгрөгийн асуудлыг эв зүйгээр шийдье, манай компанийн гэрээт ажилд оролцож ажлын гүйцэтгэлээр шийдвэрлэх санал тавьсан ч тэд хүлээн аваагүй. Үүнтэй холбоотойгоор гомдол гаргаж, улмаар “Уранлхам” ХХК-ийн захирал Т.Уранчимэгийн үйлдэлд Эрүүгийн хуулийн 148.4-р эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа. Х.У нэхэмжлэлээ татан авсан тохиолдолд түүний 52 574 400 төгрөгийг Т.Уранчимэгээс гаргуулж өгөх боломжтой гэжээ.
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 101/ШШ2017/03108 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1, 492.1.1-д заасныг баримтлан, Д ХХК-иас 52.574.400 төгрөг гаргуулан Х.Ут олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 420.822 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас 420.822 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2-т зааснаар, Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12603 дугаар захирамж хэргийг давах, хяналтын журмаар шийдвэрлэх хүртэл хэвээр үргэлжлэхийг дурдаж шийдвэрлэсэн байна.
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 2375 дугаар магадлалаар Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 101/ШШ2017/03108 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхижээ.
Хариуцагчийн төлөөлөгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Өмгөөлөгч миний хууль ёсны эрхийг хамгаалж чадахгүй байсан тул өмгөөлөгчөөс татгалзсан ч шүүгч хүсэлтийг авч хэлэлцээгүй. Манай компанийн хохиролтой холбоотой асуудлаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгагдаж байгаа баримт, мөн хохиролтой холбоотой мөнгийг авсан гэрчийн мэдүүлэг, мөн манай байгууллагаас Уранлхам ХХК-д мөнгө шилжүүлсэн баримтыг тооцоогүй. Иргэний хуулийн 492.1 дэх заалтаар үндэслэлгүйгээр хөрөнгөжөөгүй. Би Х.У гэдэг хүнтэй ямарч хэлцэл хийгээгүй, танихгүй. Хямд түлш авъя гэсэн иргэн н.Баатарсүрэнгийн хүсэлтийг нь биелүүлэх зорилгоор мөнгийг авч бусдад дамжуулж алдсан болохоос үндэслэлгүйгээр хөрөнгөжөөгүй, мөн ямар нэг ашиг олоогүй манай байгууллагын үйл ажиллагаа 2017-07-25-ны өдрөөс шүүхийн үндэслэлгүй шийдвэрээр бүрэн зогсож цалин тавих түрээс төлөх, гэрээт байгууллагын өмнө хүлээсэн үүрэг, улсад төлдөг татваруудаа төлж чадахгүй гэх мэтээр хохирсон. 13.500.000 төгрөгийг би Баатарсүрэнд буцааж өгсөн байтал Х.Уын дансаар манай байгууллага руу мөнгө шилжсэн гэсэн үндэслэлээр нэхэмжилсэн. Иймд магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.
ХЯНАВАЛ:
Х.У 2017 оны 06 дугаар сарын 12-ны өдөр “Д” ХХК-д холбогдуулан нэхэмжлэл гаргаж, 49680 литр дизель түлш худалдан авахаар шилжүүлсэн 66.074.400 төгрөгөөс үлдэгдэл 52.574.400 төгрөгийг шаардсан байна.
Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрөхдөө “...Х.Утай гэрээ хийж байгаагүй, харин О.Баатарсүрэн дизель түлш худалдан авахаар болж, 66.074.400 төгрөгийг нэхэмжлэгчийн данснаас шилжүүлсэн ...” гэжээ.
Анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд хангасан бөгөөд ийнхүү шийдвэр гаргахдаа “...хариуцагчийн дансанд Х.У 66.074.400 төгрөг шилжүүлсэн... зохигчийн хооронд үүрэг үүсээгүй...” гэж дүгнэлт хийсэн байна. Давж заалдах шатны шүүх шийдвэрийг хэвээр үлдээжээ.
Шийдвэр болон магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Энэ маргаантай холбоотой үүссэн эрүүгийн хэрэгт Б.Батмөнхөөс /хх 51/ гадна О.Баатарсүрэн хохирогчоор тогтоогдсон гэж үзэхээр /хх 50/ байхад шүүх Х.Уын нэхэмжлэлээр хариуцагчаас мөнгө гаргуулсан нь Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.7 дахь хэсэгт нийцээгүй байна.
Түүнчлэн, О.Баатарсүрэн 2016 оны 06 дугаар сарын 24-ний өдөр “Д” ХХК-с 49680 литр дизель түлш худалдан авахаар Б.Батмөнхтэй тохиролцож, энэ талаар Х.Ут хэлсний дагуу нэхэмжлэгч 66.074.400 төгрөгийг хариуцагчийн дансанд шилжүүлсэн үйл баримт нь нотлогджээ.
Шүүх хэргийг шийдвэрлэхдээ хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, өөрчлөлт оруулах боломжгүй тул хариуцагчийн гомдлыг хангав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ :
1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 101/ШШ2017/03108 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 2375 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т заасныг баримтлан хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдөр төлсөн 420.820 төгрөгийг “Дээшдэхговь” ХХК-д захирамжаар буцаан олгосугай.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Х.СОНИНБАЯР
ШҮҮГЧ Б.УНДРАХ