Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 06 сарын 14 өдөр

Дугаар 51

 

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүнд:

                                 Даргалагч,

Ерөнхий шүүгч        Б.Батзориг

Шүүгчид                    Ц.Амаржаргал

                                                              Д.Буянжаргал

                       Оролцогчид:

                                 Прокурор                  Л.Энхтайван

                                 Хохирогч                 А.Билэгдэмбэрэл

                                 Ялтны өмгөөлөгч   Р.Атарцэцэг

                                 Ялтан                      Б.Эрдэнэбаатар

                                 Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Болормаа нар оролцож,  Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Нолхоосүрэн даргалж, шүүгч Б.Нацагдорж, ерөнхий шүүгч Б.Эрдэнэхишиг   нарын бүрэлдэхүүнтэй шийдвэрлэн, шүүх хуралдаанаас гаргасан, 2017 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 54 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч бичсэн ялтан, түүний өмгөөлөгч нарын давж заалдах гомдлоор Сэлэнгэ аймгийн прокурорын газраас  Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.12 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Бадамдоржийн Эрдэнэбаатарт холбогдох 201718000037 дугаартай, 148/2017/0054/Э индекстэй, 1 хавтас эрүүгийн хэргийг 2017 оны 05 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд шүүгч Д.Буянжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1978 оны 05 дугаар сарын 02-нд Улаанбаатар хотод төрсөн, 39 настай, эрэгтэй, халх, дээд боловсролтой, барилгын инженер мэргэжилтэй, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт, Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, 10 дугаар хороо, 14-43 тоотод оршин суух хаягтай, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай гэх Боржигон овогт Бадамдоржийн Эрдэнэбаатар /Регистрийн  дугаар: УО78050239/

 

Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр:

Б.Эрдэнэбаатар нь 2017 оны 01 дүгээр сарын 26-27-нд шилжих шөнө Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын 2-р багийн нутаг дэвсгэр Хэрц гэх газар А.Баясгалантай хувийн сэдэлтээр маргалдан улмаар А.Баясгалангийн цээжин тус газарт 3 удаа

2.

 

хутгалж, толгойн тус газарт нь сүхээр цохиж, хоолойг нь уяагаар боомилж онц харгис хэрцгий аргаар санаатайгаар алсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Анхан шатны шүүх Б.Эрдэнэбаатарт холбогдох эрүүгийн хэргийг 2017 оны 05 дугаар сарын 08-ны өдөр хянан хэлэлцээд 54 дугаартай шийтгэх тогтоолоор:

1.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4-р зүйлийн 4.1 д заасныг журамлан Боржигон овогт Бадамдоржийн Эрдэнэбаатарыг мөн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.12-д заасан “..онц харгис хэрцгий аргаар хүнийг санаатай алах” гэмт хэрэгт  гэм буруутайд  тооцож,

 2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дугаар зүйлийн 91.2.12-д зааснаар шүүгдэгч Боржигон овогт Бадамдоржийн Эрдэнэбаатарт 20 /хорин/ жилийн хорих ял шийтгэж,

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52-р зүйлийн 52.6-д зааснаар Боржигон овогт Бадамдоржийн Эрдэнэбаатарын эдлэх 18 жилийн хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид, мөн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.11-д зааснаар 2 жилийн хорих ялыг гянданд тус тус эдлүүлэхээр зааж,   

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1-д зааснаар шүүгдэгч Б.Эрдэнэбаатарын энэ гэмт хэргийн улмаас 2017 оны 01 дүгээр сарын 29-ний өдрөөс өнөөдрийг хүртэл цагдан хоригдсон 100 хоногийг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцож,

5.Эрүүгийн байцаан шийтэгх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.3-д зааснаар энэ гэмт хэргийн улмаас эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хар хөх өнгийн монгол дээл, ногоон эрээн өнгийн өмд, хүрэн өнгийн өмдний тэлээ, саарал канттай өмд, саарал өнгийн өрөөсөн оймс, саарал өнгийн эсгий түрийтэй гутал, хар өнгийн юүдэнтэй цамц, хар өнгийн өмд, хар хөх өнгийн даавуун цамц, саарал өнгийн майк, хүрэн өнгийн иштэй хутга 1 ширхэг, цагаан төмөр иштэй эвхэгддэг хутга 1 ширхэг, модон иштэй сүх 1 ширхэг, цагаан өнгийн олс, мод, цус мэт зүйлээр бохирлогдсон ногоон өнгийн алчуур, марель зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахаар,

6.Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.2, 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Б.Эрдэнэбаатар түүний хуваарьт хөрөнгөнөөс 9.112.710 төгрөг гаргуулан Улаанбаатар хот Баянгол дүүрэг 3 дугаар хороо 2 дугаар хороолол 73 дугаар байр 604 тоотод оршин суугч хохирогч А.Билэгдэмбэрэлд /ХП72030268/ олгож, 3.250.000 төгрөгийн, сэтгэл санааны хохирол 30.000.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагуудыг тус тус хэрэгсэхгүй болгож,

7.Энэ гэмт хэргийн улмаас битүүмлэн ирүүлсэн хөрөнгөгүй болохыг дурьдаж,

8.Шүүгдэгч Б.Эрдэнэбаатарт урд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэж,

9.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299-р зүйлийн 299.3-д зааснаар  шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг  дурьдаж,… шийдвэрлэжээ.

 

  Ялтан Б.Эрдэнэбаатар давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:

  …Шүүхийн шийтгэх тогтоолыг хүндэтгэж байна. Миний бие та бүхнийгээ хэрэг болсон нөхцөл байдлыг харгалзан үзэж ялыг минь багасгаж өгөхийг хүсч өргөдөл бичиж байна. Миний бие талийгаачийн үйлдлийг таслан зогсоох, түүний дайралтаас биеэ хамгаалж, түүний биед гэмтэл учруулсан нь буруу болсон. Хэрэв би өөрийгөө хамгаалах үйлдэл хийгээгүй бол би ч амь насаа алдаж, цаашилбал 

 

3.

 

миний эхнэр, хүүгий минь алах байдал үүсч болзошгүй байсан, энэ аюулаас зөвхөн өөрийгөө бус гэр бүлээ аврах үйлдэл хийсэн гэж боддог.

 Шүүх хурал дээр үзүүлсэн цагаан өнгийн хутга манайд огт байгаагүй, тэр үед ч байгаагүй, гэтэл яагаад ийм хутга хаанаас гарч ирснийг мэдэхгүй байна. Энэ хутгыг би хэрэглээгүй. Харин талийгаачийн өөрийнх нь барьж байсан, Төмөрчөдрөөс худалдан авсан гэх хутгыг надруу далайж миний биед хүргэх агшинд би булаацалдаж, түүнийг нь авч хутгалсан нь туйлаас үнэн. Гэхдээ найзыгаа амин газар нь хүрч нас барна гэж огт ойлгоогүй. Хоёулаа аль аль нь их уур хилэнтэй байсан, ямар үйлдэл хийж байгаагаа ч ойлгох сөхөөгүй тийм байдал хоромхон зуур л болж өнгөрсөн.

…Би шинжээчийн дүгнэлтийг уншиж үзээд л найздаа ямар гэмтэл учирсныг мэдсэн. Насан туршдаа тэнгэрт хальсан найзаасаа  уучлалт гүйж амьдарнаа.

Би 2 настай хүүтэй, өнөө маргаашгүй 2 дахь хүүхэд минь төрнө, эхнэр хүүхдээ ийм байдалтай орхиж, олон жил шоронд сууна гэхээр хэлэх үг олдохгүй байна. Хэдийгээр би өршөөл хүсэх эрхгүй ч  гэсэн хүүхдийн минь  хувь заяаг бодолцон надад оногдуулсан ялаас минь хасаж өгөөч гэж гуйж байна.

…Ээж минь тэтгэврийн зээлээ аваад ямар ч байсан баримтаар гарсан 6 сая төгрөгийг нь төлж өгнө гэж хэлж байсан. Гэвч ээж минь ирээгүй, хохирлоо төлж чадалгүй шүүх хуралд орсон. Одоо хурлын өмнө хохирлыг төлж дуусгана гэж ах минь ирэ уулзаад явсан. Хэрэв хохирлоо төлчихвөл ялыг багасгах боломж байгааг дуулаад сэтгэлд бага ч болов нааштай байдал байгаа юм байна гэж бодлоо гэжээ.

 

  Ялтны өмгөөлөгч Р.Атарцэцэг давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

  54 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна. Үүнд: 1. Хэргийн бодит байдалд үнэлэлт, дүгнэлт өгч чадсангүй гэж үзлээ. Тогтоолын 1 дэх заалтаар Б.Эрдэнэбаатарыг “онц харгис хэрцгий аргаар хүнийг санаатай алах” гэмт хэрэгт гэм буруутайд тооцсон билээ.

  Тухайн хэрэг болох нөхцөл байдалд хохирогч Баясгалан нь эхлэн Эрдэнэбаатарыг сүхээр мөрөн тус газар цохиж, гэмтэл учруулсан байдал нь хэрэгт авагдсан нотлох баримт, эд мөрийн баримтаар хураагдсан Эрдэнэбаатарын хувцсан үзлэг хийсэн тэмдэглэл, шинжээч эмчийн дүгнэлт, биед тогтоогдсон гэмтлийн зэрэг, хутганд хийсэн үзлэг, түүнд хийсэн шинжээчийн дүгнэлтүүдээс үзэхэд тухайн шед талийгаачийн үйлдлийг таслан зогсоох, түүний дайралт, довтолгооноос биеэ хамгаалах зорилгоор  түүний бие эрхтэнд гэмтэл учруулсан байдал тогтоогдож  байгаа. Энэ байдал нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 40 дүгээр зүйлийн 40.1-д заасныг хэрэглэж болох байсан.

  2. Эрдэнэбаатарын биед түрүүлж гэмтэл учруулсан гэдэг нь талийгаачийн биед гэмтлийн зэрэг тогтоосон  шинжээч эмчийн 2017 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн мэдүүлгээр тогтоогдож байна. /хэргийн 69 дүгээр тал/

  3. Хэргийн газраас хураан авсан цагаан өнгийн никель хутга нь Эрдэнэбаатарын хутга биш, түүнийг анх удаагаа харж байна гэх мэдүүлгээр тухайн хутгыг талийгаач хэрэглэсэн байх боломжтой.

  4. Хууль тайлбарлагч: Хохирогчид олон тооны шарх учруулсан хэрэг болгон онц хэрцгий аргаар үйлдсэн гэж үзэж болохгүй. Субъект сонгосон аргынхаа харгис хэрцгий шинжийг ухамсарлаж, өөрийн үйлдлийн харгис хэрцгий үр дагаварыг харж, хүсэж санаатайгаар үйлдсэн байна. Эрдэнэбаатарын хувьд энэ хүнийг харгислаж алъя, ийм гэмтэл учруулчихъя гэж хүсэж зорьсон байдал огт гаргаагүй, өөрт нь довтолгоон хийсэн үед талийгаачтай ноцолдож, цохиж зодолдох үедээ л түүнд гэмтэл учруулсан байдаг. 

4.

 

Шинжээчийн дүгнэлттэй танилцах үедээ би талийгаачид ийм гэмтлүүд учруулсан гэж үү, ямар аймаар юм, би ийм гэмтэл учруулснаа мэдэхгүй байна гэх мэтийн үг хэллэг хэлж байгаа байдлаас дүгнэлт хийхэд харгис хэрцгий аргаар хохирогчийн амийг санаатай алсан гэж үзэх үндэслэл хараахан тогтоогдож чадахгүй байна гэж үзэж зүйлчлэлийг өөрчлөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1-д зааснаар зүйлчилж, ял халдаах үндэслэл тогтоогдож байгаа гэжээ.

 

Ялтан Б.Эрдэнэбаатар давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Би хэрэг үйлдсэндээ харамсаж байна. … Эгч нь надаас хохирол нэхэж гомдол гаргаж байна. Хэн хэн нь амьдрахын төлөө найзалж яваад ийм зүйл боллоо. Хэрэв намайг сүхээр цохиогүй бол зодоон болохгүй байсан… Тэгээд би цагдааг иртэл хүлээсэн. Ар гэрийг минь харгалзан үзэж ялыг минь багасгаж өгнө үү. Хийсэн хэргээ хүлээж байгаа, гэмшиж байна гэв.

 

Ялтны өмгөөлөгч давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Энэ хэрэгт мөрдөн байцаалтын шатнаас эхлээд оролцож байгаа. Энэ хэргээс тухай нөхцөл байдалд анхлан хохирогч өөрөө н.Эрдэнэбаатарын биед зэвсэг зэвсгийн чанартай зүйл хэрэглэж дайрснаас үүдэлтэй, энэ хоёрын хооронд зодоон болсон. Хохирогчийн зүй бус үйл ажиллагаа нөлөөлсөн байна гэж өмгөөлөгчийн зүгээс үзэхдээ шинжээчийн дүгнэлтэн дээр тулгуурладаг.

… Хохирогч шүүгдэгчийн урдаас сүх барихад, сүхийг гараараа хааснаас нуруун дээр нь зүсэгдсэн шарх бий болсон. Тухайн үед юу хийж байгаагаа мэдээгүй дараа нь найзыгаа нас барсныг мэдсэн байдаг. Үүнээс үзэхэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 40 дүгээр зүйлд заасан аргагүй хамгаалалт гэж үзэх үндэслэлтэй. 

…Хэрэв үндэслэлгүй гэвэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэх бүрэн үндэслэлтэй. Яллах  дүгнэлтээр  онц  харгис  хэрцгий  аргаар  хүний  амь насыг хөнөөсөн гэдэг. Хууль тайлбарлагчдаас олон тооны шарх үүссэн нь онц хэрцгий аргаар үүссэн гэж үзэхгүй гэсэн байдаг. Хохирогчид 3 удаагийн гэмтэл үүссэн байдаг. Энэ гэмтэл нь хохирогчийн өөрийнх нь үйлдлээс болж энэ хүний биед шарх сорви үүссэн байдаг. Үүнийг харгис хэрцгий аргаар үүссэн гэж үзэхгүй.

… Гэр бүлийн нууцтай холбоотой асуудал гарч байна, энэ байдал мөрдөн байцаалтаар тогтоогдвол, гэрчээс мэдүүлэг авч, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 93 дугаар зүйлээр зүйлчлэх боломжтой байна. Энэ гэмт хэрэг нь сэтгэл санаа цочирдон давчидсан үедээ бусдын амь насыг хохироох гэсэн байдаг. Дээрх асуудал дээр тулгуурлан хэргийг хөнгөрүүлж зүйлчлэх боломжтой гэв.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй, амийг амиар сольж, бүх насаар нь хориулах хүсэлтэй байна гэв.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор тайлбар, дүгнэлтдээ:

Б.Эрдэнэбаатар нь А.Баясгалантай согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ зодолдож, олон тооны  гэмтэл учруулж онц хэрцгий, харгис аргаар амь

5.

 

насыг нь хохироосон, санаатай алсан нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэгт тохирсон ял гэж үзэж байгаа учраас ялтан болон ялтны өмгөөлөгчийн гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.

Тодорхойлох нь:

 

 Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Б.Эрдэнэбаатар нь 2017 оны 01 дүгээр сарын 26-27-нд шилжих шөнө Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын 2-р багийн нутаг дэвсгэр Хэрц гэх газар А.Баясгалантай хувийн сэдэлтээр маргалдан улмаар А.Баясгалангийн цээжин тус газарт 3 удаа хутгалж, толгойн тус газарт нь сүхээр цохиж, хоолойг нь уяагаар боомилж  онц харгис хэрцгий аргаар санаатайгаар алсан гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.12 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

 Анхан шатны шүүх эрүүгийн хэргийг 2017 оны 05 дугаар сарын 08-ны өдөр хянан хэлэлцээд 54 дугаартай шийтгэх тогтоолоор Боржигон овогт Бадамдоржийн Эрдэнэбаатарыг “..онц харгис хэрцгий аргаар хүнийг санаатай алах” гэмт хэрэгт гэм буруутайд  тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дугаар зүйлийн   91.2.12-д зааснаар 20 жилийн хорих ял шийтгэж, 18 жилийн хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид, 2 жилийн хорих ялыг гянданд тус тус эдлүүлж,  цагдан хоригдсон 100 хоногийг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцож шийдвэрлэсэн нь  Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлийн 284.1 дэх хэсэгт заасан “…шүүхийн тогтоол нь хууль ёсны ба үндэслэл бүхий байна...” гэсэн хуулийн шаардлагыг хангасан байна.

 

Ялтан Б.Эрдэнэбаатар нь 2017 оны 01 дүгээр сарын 26-27-нд шилжих шөнө Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын 2-р багийн нутаг дэвсгэр Хэрц гэх газар А.Баясгалантай хувийн сэдэлтээр маргалдан улмаар А.Баясгалангийн цээжин тус газарт 3 удаа хутгалж, толгойн тус газарт нь сүхээр цохиж, хоолойг нь уяагаар боомилж онц харгис хэрцгий аргаар санаатайгаар алсан гэмт хэргийг үйлдсэн болох нь  мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч А.Билэгдэмбэрэлийн өгсөн мэдүүлгүүд /хх-ийн 25-27, 226-236-р ху/, гэрч Ю.Доржсүрэн /хх-ийн 28-р ху/, Д.Төгсбаяр  /40-41-р ху/, А.Дарханчимэг /хх-ийн 43-46-р ху/, П.Отгонбаатар /хх-ийн 53-55-р ху/, шинжээч Ж.Солонго /хх-ийн 90-р ху/, шинжээч С.Бүрэнжаргал /хх-ийн 69-71-р ху/  нарын мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлгүүд, Хэрэг учралын  газар үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 06-10-р ху/, Гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 11-13-р ху/, Эд мөрийн баримтыг хэрэгт хавсаргах тогтоол /хх-ийн 14-р ху/, Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 17-18, 20-23-р ху/, Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн магадлан шинжилгээ хийсэн 2017 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн дүгнэлт /хх-ийн 60-61-р ху/, гэрэл зургийн үзүүлэлтүүд /62-64-р ху/, Цогцосны гадна биед үзлэг хийсэн тэмдэглэл        /хх-ийн 65-66-р ху/, Цогцосны дотор эрхтэнд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 67-68-р ху, Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 906 тоот дүгнэлт /хх-ийн 75-78-р ху/, Гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 79-88-р ху/, Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 1643 тоот дүгнэлт /хх-ийн 104-105-р ху/, Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 1645 тоот дүгнэлт /хх-ийн 121-122-р ху/, Шүүх сэтгэц эмгэг судлалын эмнэлгийн 2017 оны 01 дүгээр сарын

6.

 

30-ны өдрийн 28/17 тоот магадлагаа /хх-ийн 127-р ху/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар тогтоогдсон, анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 95 дугаар зүйлд заасны дагуу үнэлж, ялтны гэм буруугийн асуудалд үндэслэл бүхий дүгнэлт хийж, хуульд заасан ял шийтгэл оногдуулсан байна.

 

Ялтан Б.Эрдэнэбаатар болон түүний өмгөөлөгч Р.Атарцэцэг нарын гаргасан давж заалдах гомдлын дагуу Б.Эрдэнэбаатарт холбогдох хэргийг хавтаст хэргийн хүрээнд бүрэн шинжлэн судлахад  Б.Эрдэнэбаатар нь хохирогч А.Баясгалангийн цээжин тус газарт 3 удаа хутгалж, толгойн тус газарт нь сүхээр цохиж, хоолойг нь уяагаар боомилон амь насыг нь хохироох явцдаа хохирогчид олон тооны шарх, гэмтэл үүсгэж өвтгөн шаналгасан, эдгээр гэмтлийн улмаас хохирогчид зовж зүдрэхээр байдал бий болгож  онц харгис хэрцгий аргаар хүнийг алсан гэмт хэргийг үйлдсэн болох нь Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн магадлан шинжилгээ хийсэн 2017 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн

“…1-2.Талийгаачид цээжний хөндийд баруун 3.4-р хавирганы завсар нэвт хатгагдсан шарх, зүүн 3-р хавирганы хугарал, нэвтэрсэн шарх, зүүн 5-6-р хавирганы завсар нэвтэрсэн шарх, баруун, зүүн уушигны дунд, доод дэлбэнд нэвтэрсэн шарх, гялтан хальсан доорхи цус харвалт, хуйханд язарсан шарх, гавал ясны зулай орой хэсгийн цөмөрсөн хугарал, баруун, зүүн чамархай хамарсан хөндлөн цууралт, баруун, зүүн шанаанд босоо шугаман цууралт, Тархины орой зулай, хэсэгт дарагдлын ором, зөөлөн хальсан доорх цус хуралт, хүзүүн дэх боомилсон дарагдлын ором, цус хуралт. Эрүүний  зүүн гадна доод хэсгийн зулгаралт, зүүн бугалганы дээд, доод хэсгийн зулгаралт, баруун бугалганы гадна хэсгийн зулгаралт, цус хуралт, Зүүн тохой, шуунд зулгаралт, зүүн алганд зүсэгдэж язарсан шархтай гэмтлүүд тогтоогдлоо.

3.Дээрх гэмтэл шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.1,3.1.3 болон 3.1.11-д зааснаар учрах үедээ амь насанд аюултай хүнд гэмтэл болно.

4.Талийгаачид архаг хууч өвчин тогтоогдсонгүй.

5.Талийгаачийн цусанд 2 промилли спиртийн агууламж илэрсэн нь дунд зэргийн согтолттой байжээ.

6.Талийгаач нь цээжний хөндийд нэвтэрсэн шарх, гавал, тархины ил гэмтлийн улмаас цус алдалт, ШОК-ны хүндрэл, амьсгалын хурц дутагдлаас нас баржээ…” гэсэн дүгнэлт /хх-ийн 60-61-р ху/,

 

 Шинжээч С.Бүрэнжаргалын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “…Талийгаачийн биеийн цээжин тус газар 3 удаа нэвт хатгагдсан шарх, эхний 1 дүгээр шарх нь 3,4-р хавирганы завсар цээжний хөндийд нэвтэрч уушигны дунд дэлбэн нэвт хатгагдсан, 2 дугаар шарх нь 3 дугаар хавирганы хугарал, цээжний хөндийд нэвтэрсэн шарх, 3 дугаар шарх зүүн 5,6-р хавирганы завсраар нэвтэрсэн шарх үүссэн байсан. Энэ шарх шууд үхэлд хүргэх, цус алдалт, амьсгалын хурц дутагдалд орж үхэлд хүргэх шарх байсан. Мөн талийгаачийн хоолойн дахь боомилсон дарагдлын ором нь амьд ахуй цагтаа үүссэн, цус хуралт арьс руу шигдэж орсон дарагдлын ором, цус хуралт нь үхэлд нөлөөлсөн, энэ нь механик амьсгал саатал бүтэлт юм. Талийгаач нь гавал тархины орой зулай хэсэгт гурвалжин хэлбэрийн цөмөрсөн хугарал, духны зүүнээс баруун хэсэгт хүрсэн хөндлөн цууралт, зүүн чамархай хэсгийн цууралт хугарал, баруун чамархай ясанд босоо чиглэлтэй шугаман цууралт, зүүн шанаа хэсгээс доош босоо шугаман хугаралтай, тархины зулай хэсгээр тархи дарагдлын ором үүссэн байсан. Энэ гэмтэл шууд үхэлд хүргэх боломжтой гэмтлүүд байсан. Дээрхи гэмтлүүд нь аль

7.

 

аль нь шууд ба шууд бусаар үхэлд хүргэх гэмтлүүд. Талийгаачийн шууд цээжний хөндийд нэвтэрч уушгийг нэвт хатгагдсан шарх нь үхэлд шууд нөлөөлөх гэмтэл, гавал тархины нөлөөлөх гэмтэл нь шууд үхэлд хүргэх гэмтэл байсан бөгөөд хамгийн сүүлд учирсан гэмтэл бол механик аргаар талийгаачийн амьсгалын замыг саатуулж үхлийг түргэсгэсэн хүнд гэмтэл байсан. Энэ боомилсон гэмтэл бол талийгаачийг шууд үхэлд хүргэсэн гэмтэл байсан…Талийгаачийн хүзүүнд үүссэн боомилолт нь амьд ахуйд үүссэн гэмтэл юм. Учир нь хүзүүн дэх арьсны үхжилт, хуурайшилт, мөн цус хуралт, жолоо булчинд үүссэн цус хуралт нь амьд ахуйд үүссэн гэмтэл гэдэг нь нотлогдож байгаа юм…Цээжний хөндийд нэвт хатгагдсан 3 шарх, дараа нь толгойд үүссэн шарх гэмтэл, дараа нь боомилолтын гэмтэл гэсэн дарааллаар үүссэн гэж үзэж байна…” гэсэн мэдүүлэг /хх-ийн69-71-р ху/,

 

ялтан Б.Эрдэнэбаатарын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “…талийгаач  …найзыгаа гүйцээгээд алчих, муу амьд явахаар сайн үхье, эрхтэн дутуу явахаар үхье, хурдхан алчих…гэж хэлээд …чи намайг хутгал… гэж хэлсэн чинь хутга байхгүй байсан учир намайг …өөрийн дээлээ бүсэлсэн дээлний уяагаар намайг боо, цохиод ал, хурдал, муу амьд явахаар сайн үхье…” гэж хэлэхээр нь шууд талийгаачийн өгсөн нэг тал нь гогцоотой цагаан уяаг хоолойнд хийгээд нэг үзүүрийг нь гогцоонд хийж уяаг шууд татаж талийгаачийг боосон чинь ямар нэгэн дуу гаргаагүй, би ямар ч байсан 1-2 минут уяаг татаж байгаад тавьсан чинь талийгаач хөдөлгөөнгүй болчихсон…гэсэн мэдүүлэг /хх-ийн 143-144-р ху/,

Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “…Талийгаач тарчлаад орилоод байсан. Эмнэлэг маш хол байсан ба унаа байгаагүй…”, талийгаач “тарчилж байснаас хурдан үхмээр байна, намайг хурдан алаад өг” гэсэн … гэх мэдүүлэг /хх-ийн 215-р ху/  болон дээр дурьдагдсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байх тул түүний үйлдсэн гэмт хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэг болгож хөнгөрүүлэн өөрчлөхийг хүссэн ялтан болон түүний өмгөөлөгчийн гаргасан гомдлын үндэслэлийг хүлээн авах боломжгүй байна.

 

Хэдийгээр хохирогч А.Баясгалангийн сүхээр цохисон гэх үйлдлийн улмаас Б.Эрдэнэбаатарын бие махбодид хөнгөн гэмтэл учирсан болох нь Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 02 дугаар сарын      13-ны өдрийн 55 тоот

1.Б.Эрдэнэбаатарын биед зүүн далны дээд хэсэгт язарсан шарх, баруун далны орчим зулгаралтын зөөлөн эдийн няцралтай гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл нь хурц ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сариулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна…” гэсэн дүгнэлтээр /хх-ийн109-р ху/ тогтоогдож байгаа боловч хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд Б.Эрдэнэбаатарын хохирогч А.Баясгалангийн цээжин тус газарт 3 удаа хутгалж, толгойн тус газарт нь сүхээр цохиж, хоолойг нь уяагаар боомилон амь насыг нь хохироосон үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 40 дүгээр зүйлд заасан аргагүй хамгаалалтын байдалд буюу өөрийн амьд явах, халдашгүй чөлөөтэй байх эрхийг нийгэмд аюултай халдлагаас хамгаалахдаа энэ хуулийн тусгай ангид заасан үйлдэл хийж, халдагч этгээдэд гэм хор учруулсан гэж үзэх үндэслэлгүй юм.

 

 

8.

 

Учир нь  аргаүй хамгаалалтын хууль ёсны шинжийг тодорхойлох үндсэн нөхцлийн нэг нь хамгаалалт нь цаг үеэ олсон, өөрөөр хэлбэл нэгэнт эхэлсэн, үргэлжилж байгаа, хараахан төгсөөгүй халдлагын эсрэг хийгдсэн байх явдал бөгөөд хохирогч А.Баясгалангийн хийсэн байж болох нийгэмд аюултай үйлдэл нэгэнт төгссөн, аюул арилсан нь тодорхой байхад Б.Эрдэнэбаатар нь өөрийн үйлдлийг зогсоолгүйгээр түүнийг шууд үхэлд хүргэх, амь насанд нь аюултай үйлдлүүдийг үргэлжлүүлэн хийж, улмаар амь насыг нь хохироосон байх тул түүний эдгээр үйлдлүүдийг цаг үеэ олсон, хууль ёсны хамгаалалт гэж үзэх боломжгүй байна.  

 

Түүнчлэн ялтан Б.Эрдэнэбаатар давж заалдах шатны шүүх хуралдаанд “…хохирогч А.Баясгалан миний эхнэрийг элдвээр оролддог байсан нь тухайн гэмт хэрэг гарах шалтгаан болсон…” гэсэн давж заалдах гомдлын үндэслэл гаргасан бөгөөд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 308 дугаар зүйлийн 308.1 дэх хэсэгт “…Давж заалдах шатны шүүх хэргийг хэлэлцэхдээ шүүхийн тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг хэрэгт байгаа материалыг үндэслэн хянана…” гэж заасны дагуу дээрх гомдлын үндэслэлийг хавтаст хэргийн хүрээнд  шинжлэн судлахад хэрэгт авагдсан нотлох баримтуудаар энэ байдал нотлогдон тогтоогдохгүй байх тул түүнд холбогдох гэмт хэргийн зүйлчлэлийг “Санаа сэтгэл нь хүчтэй цочрон давчидсан үедээ бусдыг санаатай алах” гэмт хэрэг буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 93 дугаар зүйл болгож хөнгөрүүлэн өөрчлөх үндэслэлгүй бөгөөд хэргийг нэмэлт мөрдөн байцаалт хийлгэхээр буцаах шаардлагагүй гэж давж заалдах шатны шүүх үзлээ.

 

 Иймд Сэлэнгэ аймаг дахь Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  2017 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн  54 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, ялтан Б.Эрдэнэбаатар болон түүний өмгөөлөгч Р.Атарцэцэг нарын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх хуралдаанаас дүгнэв.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.1, 325 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 1. Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  2017 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн  54 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, ялтан Б.Эрдэнэбаатар болон түүний өмгөөлөгч Р.Атарцэцэг нарын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 2.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 342 дугаар зүйлийн 342.1-д зааснаар давж заалдах шатны шүүх ял оногдуулсан, эсхүл цагаатгагдсан этгээдийн гэм буруутай эсэх асуудлыг шийдвэрлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн, эсхүл Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл энэ хуулийн 304 дүгээр зүйлд заасан журмын дагуу шүүгдэгч, цагаатгагдсан этгээд, хохирогч болон тэдгээрийн өмгөөлөгч гомдол гаргах, Улсын ерөнхий прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

                             ДАРГАЛАГЧ                     Б.БАТЗОРИГ

                             ШҮҮГЧИД                          Ц.АМАРЖАРГАЛ

                                                                          Д.БУЯНЖАРГАЛ