| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Болдын Амарбаясгалан |
| Хэргийн индекс | 2034 00587 0336 |
| Дугаар | 2025/ХШТ/90 |
| Огноо | 2025-09-24 |
| Зүйл хэсэг | 22.1.1., 22.4.2., |
| Улсын яллагч | Г.Эрдэнэ |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2025 оны 09 сарын 24 өдөр
Дугаар 2025/ХШТ/90
Д.Г, С.У нарт холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Улсын дээд шүүхийн шүүгч С.Соёмбо-Эрдэнэ даргалж, шүүгч Б.Амарбаясгалан, Б.Батцэрэн, Ц.Оч, М.Пүрэвсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Г.Эрдэнэ, шүүгдэгч Д.Г, С.У нарын өмгөөлөгч Ж.Тэгшмандал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Далайцэрэн нарыг оролцуулан хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 120 дугаар цагаатгах тогтоол, Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 38 дугаар магадлалтай Д.Г, С.У нарт холбогдох 2034 00587 0336 дугаартай эрүүгийн хэргийг прокурорын бичсэн эсэргүүцлээр 2025 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Амарбаясгалангийн танилцуулснаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
1.Монгол Улсын иргэн, 1957 оны ... дугаар сарын ...-ны өдөр Төв аймагт төрсөн, 68 настай, эрэгтэй, дээд боловсролтой, урьд ял шийтгэлгүй, Б овгийн Д-ийн Г /РД: ... /.
2.Монгол Улсын иргэн, 1987 оны ... дүгээр сарын ...-ны өдөр Төв аймагт төрсөн, 38 настай, эмэгтэй, дээд боловсролтой, урьд ял шийтгэлгүй, Б овгийн С-ийн У /РД: ... /.
Холбогдсон хэргийн талаар:
1.Д.Г нь С.У-тэй урьдчилан үгсэн тохиролцож, Төв аймгийн “Барилга захиалагч, орон сууцны корпораци” орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын гүйцэтгэх захирлаар буюу нийтийн албан тушаалтнаар ажиллаж байхдаа Монгол Улсын Төрийн албаны тухай хууль, Авлигын эсрэг хууль, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд заасан хэм хэмжээг тус тус зөрчиж,
албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, Төв аймгийн Зуунмод сумын нутаг дэвсгэрт “И” ХХК-ийн барьж байгаа 30 айлын орон сууцны барилгын норм, стандартад хяналт тавих хугацаандаа “И” ХХК-ийн захирал Г.Н-ээс 2019 оны 07 дугаар сарын 31-ний өдөр өөрийн танил С.У-ийн Хаан банкны 5555555555 тоот дансаар дамжуулан 10.000.000 төгрөгийн хахууль авсан,
мөн тус аймгийн Зуунмод сумын нутаг дэвсгэрт “Г” ХХК-ийн барьж байгаа 90 айлын барилгын захиалагч, орон сууцны норм, стандартад хяналт тавих хугацаандаа буюу албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд “Г” ХХК-ийн 100 хувь хувьцаа эзэмшигч С.С-аас 2019 оны 07 дугаар сарын 09-ний өдөр өөрийн танил С.У-ийн Хаан банкны 5555555555 дугаарын дансаар дамжуулан 10.000.000 төгрөгийн хахуулийг авч, улмаар С.У-ээр өөрийн эхнэр Н.Н-ийн Хаан банкны 5555555555 тоот дансанд шилжүүлүүлэн авсан,
“Барилга захиалагч, орон сууцны корпораци” орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын албаны хэрэгцээнд тээврийн хэрэгсэл худалдан авах явцдаа барааны үнийн харьцуулалт хийхгүйгээр зах зээлийн бодит үнэ нь 46.500.000 төгрөгийн үнэлгээтэй “Toyota Prado 120” загварын 00-00 ТТТ улсын дугаартай тээврийн хэрэгслийг иргэн Д.Б-оос 2018 оны 08 дугаар сарын 22-ны өдөр 48.000.000 төгрөгөөр худалдан авч, иргэн Д.Б-д хууль бус давуу байдал бий болгосноос орон нутгийн өмчит үйлдвэрийн газарт 1.500.000 төгрөгийн хохирол учруулсан,
2.С.У нь Төв аймгийн “Барилга захиалагч, орон сууцны корпораци” орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын гүйцэтгэх захирал Д.Г-тай урьдчилан үгсэн тохиролцож буюу Д.Г нь Монгол Улсын Төрийн албаны тухай хууль, Авлигын эсрэг хууль, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд заасан хэм хэмжээг тус тус зөрчиж,
албаны чиг үүргээ хэрэгжүүлэх явцдаа албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, “И” ХХК-ийн захирал Г.Н-ээс 2019 оны 07 дугаар сарын 31-ний өдөр хахуульд авсан 10.000.000 төгрөгийг өөрийн Хаан банкны 5555555555 тоот дансаар дамжуулан авч, улмаар Д.Г-т 2019 оны 09 дүгээр сард бэлнээр өгсөн,
үргэлжилсэн үйлдлээр “Г” ХХК-ийн 100 хувь хувьцаа эзэмшигч С.С-аас 2019 оны 07 дугаар сарын 09-ний өдөр хахуульд авсан 10.000.000 төгрөгийг өөрийн Хаан банкны 5555555555 дугаарын дансаар дамжуулан авч, улмаар Д.Г-ын эхнэр Н.Н-ийн Хаан банкны 5555555555 тоот дансанд 2019 оны 07 дугаар сарын 09-ний өдөр шилжүүлэн өгч, Д.Г-ын хахууль авах гэмт хэрэгт хамжигчаар оролцсон гэмт хэрэгт тус тус холбогджээ.
хэрэгт иргэний бичиг баримт болон эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч Д.Г, С.У нар нь энэ хэрэгт баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны тооцон гаргуулах зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.
Прокурор М.Мөнхтайван хяналтын шатны шүүхэд бичсэн эсэргүүцэлдээ “... С.У нь нийтийн албан тушаалтан хахууль авах гэмт хэрэгт хамтран оролцож, хахуулийн мөнгийг өөрийн Хаан банкны дансаар шилжүүлэн авч, Д.Г-т буцаан өгсөн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байна гэж үзсэн.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэж хуульчилсан байхад анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ дээрх заалтыг зөрчсөн гэж үзнэ.
Хэргийн үйл баримт буюу бодит байдлыг тогтоохдоо цагаатгасан нэр бүхий яллагдагч нарыг цагаатгаж байгаа үндэслэлээ, нотлох баримтад тулгуурлан дүгнэлт хийж чадаагүй, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжид нийцээгүй талаар үндэслэл бүхий дүгнэлт өгөөгүй, шүүгдэгч нарыг цагаатгаж шийдвэрлэхдээ Эрүүгийн хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангаагүй байна.
Гэмт хэргийн хамжигч нь үйл ажиллагаагаа гэм буруугийн зөвхөн санаатай хэлбэрээр явуулах бөгөөд өөрөө хамжигчаар оролцож байгаа гэмт хэргийн нийгмийн хор аюул, тухайн гэмт хэргийн улмаас бий болох хор уршгийг ухамсарлан ойлгож, улмаар ийм хор уршиг бий болгохыг хүсэж үйлддэг бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлд заасан гэмт хэрэгт хамжигчаар хамтран оролцсон хүн нь заавал нийтийн албан тушаалтан байж, албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдаас хахууль авсан байхыг шаардахгүй.
Учир нь шүүгдэгч Д.Г нь албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж Төв аймгийн Зуунмод сумын нутаг дэвсгэрт "И" ХХК-ийн барьж байгаа 30 айлын орон сууцны барилгын норм, стандартад хяналт тавих хугацаандаа “И” ХХК-ийн захирал Г.Н-ээс 2019 оны 07 дугаар сарын 31-ний өдөр яллагдагч С.У-ийн Хаан банкны 5555555555 тоот дансаар дамжуулан 10.000.000 төгрөгийг, “Г” ХХК-ийн барьж байгаа 90 айлын барилгын захиалагч, орон сууцны норм, стандартад хяналт тавих хугацаандаа буюу албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд “Г” ХХК-ийн 100 хувь хувьцаа эзэмшигч С.С-аас 2019 оны 07 дугаар сарын 09-ний өдөр яллагдагч С.У-ийн Хаан банкны 5555555555 дугаарын дансаар дамжуулан 10.000.000 төгрөгийн хахуулийг авч, улмаар С.У-ээр өөрийн эхнэр Н.Н-ийн Хаан банкны 5555555555 тоот дансанд шилжүүлүүлэн авсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд эсхүл хэрэгжүүлэхийн тулд шууд, эсхүл бусдаар дамжуулан хахууль өгөхийг шаардсан, авсан бол” гэж заасан гэмт хэрэгт хамжигчаар хамтран оролцсон гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.
Иймд шүүгдэгч С.У нь гэмт хэрэг үйлдэгдэх үед нийтийн албан тушаалтан биш байсан хэдий ч түүний дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасантай тохирч байх тул түүний үйлдсэн гэмт хэргийг нийтийн албан тушаалтан биш байсан гэсэн үндэслэлээр гэмт хэргийн шинжгүй гэж дүгнэж, хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн шийдвэр хуульд нийцэхгүй байна.
Шүүгдэгч Д.Г нь хэдийгээр нийтийн албан тушаалтан мөн боловч Д.Г, С.У нарыг бүлэглэн, урьдчилан тохиролцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хясан боогдуулах аргаар үйлдсэн, эсхүл их хэмжээний хахууль авсан гэсэн шинжид заагаагүй зүйл, хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлгүй гэж үзэж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй гэж үзнэ.
Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал, түүнийг нотолж байгаа нотлох баримтын агуулга, шүүгдэгчийг цагаатгах үндэслэл болсон нотлох баримтын агуулга, шүүх тухайн нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны гэж үзсэн, эсхүл улсын яллагчийн дүгнэлт, өмгөөлөгч, иргэдийн төлөөлөгчийн саналыг няцаан үгүйсгэсэн үндэслэлийг тодорхой заагаагүй байна.
Авлигын эсрэг хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3 дахь заалтад “албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашиглах” гэж “албан тушаалын эрх мэдлийг албаны эрх ашгийн эсрэг буюу хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгод ашиглаж, хийх ёстой үйлдлийг хийхгүй байх, хийх ёсгүй үйлдэл хийхийг”, “давуу байдал” гэдгийг 3.1.4 дэх заалтад “... албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласнаар хувь хүн, хуулийн этгээдэд буй болох эдийн болон эдийн бус ашигтай байдлыг” ойлгохоор тус тус заажээ.
Тодруулбал, шүүгдэгч Д.Г нь өөрт олгогдсон эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглаж, “Барилга захиалагч, орон сууцны корпораци” орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын албаны хэрэгцээнд тээврийн хэрэгсэл худалдан авах явцдаа барааны үнийн харьцуулалт хийхгүйгээр зах зээлийн бодит үнэ нь 46.500.000 төгрөгийн үнэлгээтэй “Toyota Prado 120” загварын 00-00 ТТТ улсын дугаартай тээврийн хэрэгслийг иргэн Д.Б-оос 2018 оны 08 дугаар сарын 22-ны өдөр 48.000.000 төгрөгөөр худалдан авч, иргэн Д.Б-д хууль бус давуу байдал бий болгосноос орон нутгийн өмчит үйлдвэрийн газарт 1.500.000 төгрөгийн хохирол учруулсан идэвхтэй үйлдэл нь хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгоор, төрийн үйл ажиллагааны хүрээнд хэрэгжүүлж байгаа тендерийн үр шимийг шударгаар хүртэх байсан иргэд, аж ахуйн нэгж байгууллагын хууль ёсны ашиг сонирхол, түүнчлэн дээрх харилцааг зохицуулахад чиглэсэн төрийн үйл ажиллагааны хууль ёсны байдал зэрэгт хор уршиг учруулсан байх тул эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж үзнэ.
Албан тушаалын гэмт хэрэг нь хуулиар хамгаалсан нийгмийн ашиг сонирхлыг зөрчиж, тодорхой материаллаг хохирол учруулахаас гадна төрийн албанд хууль дээдлэх, шударга ёсыг хангах, нийтийн ашиг сонирхлыг хамгаалж ажиллах зарчмыг ноцтой зөрчиж, төрд итгэх олон нийтийн итгэлийг алдагдуулж, төрийн байгууллын үнэлэмжийг сулруулах зэрэг бусад хор уршиг учруулдгаараа нийгмийн аюулын шинж ихтэй байхад анхан шатны шүүхээс зөвхөн “шүүгдэгч Д.Г-ыг дан ганц гэрч Д.Б-ийн өгсөн мэдүүлгийг үнэлж, Д.Б-д давуу байдал бий болгосон гэж үзэх үндэслэлгүй” гэсэн дүгнэлт хийж, шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийг үгүйсгэж байгаа нь хэргийн бодит байдал болон Эрүүгийн хуульд заасан шударга ёс, хууль ёсны зармуудад тус тус нийцэхгүй байна.
Түүнчлэн цагаатгах тогтоолд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн хохирлыг прокурорын яллах дүгнэлтээс зөрүүтэй дүгнэсэн.
Нөгөөтэйгүүр, анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэснийг хэрэгжүүлээгүй.
Прокуророос үйлдсэн яллах дүгнэлтэд 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдөр гэж бичсэнийг дээрх хуулийн заалтад нийцүүлэн шүүхээс шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр буюу дээрдүүлсэн хуулийг хэрэглэж, зөвтгөн өөрчилж, хэргийн бодит байдлыг сэргээн тогтоох хууль зүйн бүрэн боломжтой байсан.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр, 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдөр тус тус өөрчлөлт орсон.
Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үнэлж дүгнээд шүүгдэгч Д.Г, С.У нарын холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн тухайд гэмт хэрэг үйлдэгдсэн цаг хугацааг 2019 оны 07 дугаар сарын 09, 31-ний өдөр гэж тогтоон хэргийг шүүхэд шилжүүлсэн. Дээрх цаг хугацаа хэрэгт авагдсан дансны хуулга, гэрчүүд мэдүүлэг зэргээр давхар тогтоогдсон болно.
Прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8, 1.9 дүгээр зүйлд заасан хууль буцаан хэрэглэх зохицуулалтыг эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоол, яллах дүгнэлтэд зөв тусгасан байхад дан ганц 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн өөрчлөлт гэсэн нь одоо мөрдөгдөж байгаа тус зүйлийн хясан боогдуулах гэсэн гэмт хэргийн шинжгүй гэж дүгнэн хэрэгсэхгүй болгож байгаа нь гэмт этгээдэд ял завшуулж болзошгүй нөхцөл байдлыг үүсгэсэн гэж үзэж байна.
Анхан болон давж заалдах шатны шүүх хэргийн бодит байдалд нийцээгүй дүгнэлт хийж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй бөгөөд Д.Г, С.У нарын дээрх үйлдлийг няцаан үгүйсгэх нотлох баримт хэрэгт авагдаагүй болно.
Иймд цагаатгах тогтоол, магадлалыг бүхэлд нь хүчингүй болгуулахаар прокурорын эсэргүүцэл бичив” гэжээ.
Шүүгдэгч нарын өмгөөлөгч Ж.Тэгшмандал хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “... Хэрэгт 2 яллах дүгнэлт байдаг. 1 дүгээр яллах дүгнэлт нь 2024 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 303 дугаар, дараагийн яллах дүгнэлт нь анхан шатны шүүхээс хэргийг хянан хэлэлцэх ажиллагааг 50 хоногоор хойшлуулж, эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоолд гаргасан алдаануудаа засахыг даалгаж шийдвэрлэсний дагуу 2025 оны 03 дугаар сарын 06-ны өдөр мөн адил 303 дугаартай яллах дүгнэлт ирүүлсэн. Өөрөөр хэлбэл, хэрэгт ижил дугаар бүхий 2 яллах дүгнэлт авагдсан. Өмгөөлөгчийн зүгээс анхан шатны шүүхийн цагаатгах тогтоол, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна. Хоёр шатны шүүх шийдвэртээ үндэслэлүүдээ тодорхой тусгасан. Давж заалдах шатны шүүх цагаатгах тогтоолд тусгагдсан хууль зүйн үндэслэлүүдийг дэлгэрүүлэн тайлбарлаж, хууль зүйн дүгнэлтийг тодорхой хийсэн. Харин прокурорын Улсын дээд шүүхэд гаргасан 2025 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 21 дүгээр эсэргүүцлийг хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Тодруулбал, прокурор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн” гэсэн агуулгаар эсэргүүцэл бичсэн боловч тус эсэргүүцэлд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчилтэй холбоотой ямар ч үг, өгүүлбэр харагдаагүй. Харин ч өөрийн алдаа, зөрчил гаргасан зүйлийг засаж залруулсан зүйлгүй. Жишээлбэл, “Д.Г нь эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж Д.Б-д давуу байдал үүсгэж, 1.500.000 төгрөгийн хохирол учруулсан” гэсэн агуулгатай зүйл бичдэг. Энэ талаар давж заалдах шатны шүүхийн магадлалд “энэ хэрэгт Д.Б гэх хүн байхгүй, харин Д.Б гэх хүн байна” гэж дурдсан байна. н.Нар, н.Сар гэх хүмүүсийг н.Нараа, н.Сараа гэвэл өөр. Гэтэл Д.Б гэдэг хүнийг Д.Б гэж хүнийг субъектээр нь андуурч болохгүй. Прокурор ийм байдлаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Мөн анхан болон давж заалдах шатны шүүх авлига авах, өгөхтэй холбоотой, албан тушаалын байдлаа урвуулан ашиглахтай холбоотой асуудалд зөв дүгнэлт гаргасан. Тодруулбал, гэмт үйлдэлдээ Д.Г хэрхэн хандсан, сэдэл нь юу байсан талаар зөв дүгнэлт хийсэн гэж үзэж байна. Тэрээр төрийн өмчит орон сууцны корпорацид ажил үүрэг гүйцэтгэж байхдаа тухайн байгууллагын эрх ашигт нийцсэн шийдлийг гэм хор учруулахгүйгээр хийсэн байдаг. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.Ч-оос огт нэхэмжлэл гаргадаггүй. Учир нь тэрээр “Манай байгууллагад маш ашигтай байсан. Хэрэв цаг хугацаа алдсан бол бид олон ажил алдах, 27 суманд гүйцэтгэж байсан барилгын ажлууд тасалдах байсан. Бидэнд гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэж мэдүүлсэн. Түүнчлэн эрх мэдэл албан тушаалын байдлаа ашиглаж төсөвт байгууллагын мөнгөөр машин техник авсан зүйл биш. Хувь хүнээс буюу нутгийнхаа дүү, бизнес эрхэлдэг С.У-ээс зээл авч, тухайн мөнгөө Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тогтоолын дагуу төлж барагдуулсныг гэмт хэргийн шинжгүй гэж үзэж байна. Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.
Прокурор Г.Эрдэнэ тус шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ “... Анхан шатны шүүхээс шүүгдэгч Д.Г, С.У нарт холбогдох хэргийг “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, тэдгээрийг цагаатгаж шийдвэрлэсэн ба давж заалдах шатны шүүх цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн. Прокуророос анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж үзэж, цагаатгах тогтоол, магадлалыг хүчингүй болгуулахаар эсэргүүцэл бичсэнийг дэмжин оролцож байна. Прокурор тус хэргийг хянаад Д.Г-ын үйлдлийг нийтийн албан тушаалтан албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгосон, мөн нийтийн албан тушаалтан албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд хахууль авсан гэж буруутгасан бол С.У-ийг нийтийн албан тушаалтан Д.Г-ыг хахууль авахад нь хахуулийн мөнгийг өөрийн дансанд хүлээн авч, хүлээлгэн өгөх байдлаар дэмжлэг үзүүлж хамжигчаар хамтран оролцсон гэж буруутган яллах дүгнэлт үйлдсэн. Харин хахууль өгсөн хэрэгт холбогдсон Г.Н, С.С нарын хувьд хахууль өгсөн гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан, яллагдагчаар татаж болохгүй нөхцөл байдал бий болсон учир тэдгээрийг яллагдагчаар татаагүй. Гэтэл анхан шатны шүүх уг хэрэгт нийтийн албан тушаалтны хахууль авах үйлдэлд хамжсан буюу зөвхөн хамтран оролцооны хувьд прокуророос буруутгасан С.У-ийг “нийтийн албан тушаалтан биш тул субъект биш” гэсэн алдаатай дүгнэлт хийсэн. Түүнчлэн анхан болон давж заалдах шатны шүүх Д.Г, С.У нарын хахууль авах гэмт хэрэгт холбогдох үйлдэлд прокурорын яллах дүгнэлтийн буруутгалд огт тусгагдаагүй “хясан боогдуулах аргаар үйлдсэн, эсхүл их хэмжээний хахууль авсан” гэсэн шинжүүдээр прокурор яллах дүгнэлт үйлдсэн мэтээр дүгнэлт хийж, уг шинжүүд нь тогтоогдоогүй хэмээн шүүгдэгч нарыг цагаатгаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болжээ. Тодруулбал, хахууль авах гэмт хэргийн хүндрүүлэх шинжийг шалгаад, үндсэн шинжийг шалгаагүй орхигдуулсан байна. Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, үндэслэлгүй байх тул цагаатгах тогтоол, магадлалыг хүчингүй болгох нь зүйтэй” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Прокурор М.Мөнхтайваны бичсэн эсэргүүцлийг үндэслэн Д.Г, С.У нарт холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.
2.Прокуророос Д.Г-ыг нийтийн албан тушаалтнаар ажиллаж байхдаа албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд бусдаас хахууль авсан, эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон, С.У-ийг шүүгдэгч Д.Г-ын хахууль авах гэмт хэргүүдэд хамжигчаар хамтран оролцсон гэмт хэрэгт тус тус буруутгаж,
Д.Г-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1, 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт, С.У-ийг мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлснийг анхан шатны шүүх хянан хэлэлцээд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, тэднийг цагаатгасныг давж заалдах шатны шүүх хэвээр үлдээжээ.
3.Авлигын эсрэг хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3 дахь заалтад зааснаар “албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашиглах” гэж албан тушаалын эрх мэдлийг албаны эрх ашгийн эсрэг буюу хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгод ашиглаж, хийх ёстой үйлдлийг хийхгүй байх, хийх ёсгүй үйлдэл хийхийг ойлгох бөгөөд албан тушаалтан нь хууль тогтоомжийг санаатайгаар зөрчиж, өөртөө давуу байдал олж авах, бусдад давуу байдал бий болгохоор зорьсон гэмт санаа, зорилгыг нотлох баримтаар тогтоогдсон хэргийн үйл баримтад дүгнэлт хийх замаар тодорхойлох боломжтой байдаг.
Яллагдагч, шүүгдэгч нарын мэдүүлэг нь хэргийн бодит байдлыг тал бүрээс нь бүрэн тогтооход ач холбогдолтой хэдий ч тэдгээрийн мэдүүлэгт хэргийг илрүүлэхгүй байх, хэргийн нөхцөл байдлыг эрх зүйн зөрчил болгон харагдуулахгүй байх, эсхүл ялимгүй зөрчил болгон харагдуулах гэсэн ашиг сонирхол илт давамгайлдаг тул тогтоогдсон нөхцөл байдалд дүн шинжилгээ хийх замаар ашиг сонирхлын зөрчил үүссэн эсэх, шилжүүлэн өгсөн мөнгө, эд зүйл нь хууль ёсны эсэх, ийнхүү шилжүүлэн өгөх, хүлээн авах үүргийг хууль, гэрээгээр хүлээсэн эсэх зэргийг цогцоор нь дүгнэх нь энэ төрлийн гэмт хэргийг хянан шийдвэрлэж, үндэслэл бүхий шийдвэр гаргахад тавигдах зайлшгүй шаардлага юм.
Өөрөөр хэлбэл, хэрэгт бэхжүүлэгдсэн нотлох баримтууд нь шүүгдэгчийн гэм бурууг “шууд нотолж чадахгүй” үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгох нь гэм буруугийн зарчимд харшлах үр дагаврыг бий болгож болзошгүйг анхаарвал зохино.
4.Шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг мөрдөн шалгах ажиллагааны явцад бүрэн шалгасан эсэх, өөрөөр хэлбэл, хэрэгт цугларсан нотлох баримтууд нь шүүгдэгчийн гэм буруутай эсэхийг хөдөлбөргүй тогтооход хүрэлцэхүйц байх шаардлагыг хангасан, тэдгээр нь хуульд заасан журмын дагуу бэхжүүлэгдсэн эсэхийг дүгнэхээс гадна шүүхийн хэлэлцүүлгийн явцад яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр шинжлэн судалсан нотлох баримтуудыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар хянаж үзсэний үндсэн дээр агуулгын хувьд харилцан зөрүүтэй нотлох баримтуудын алийг хууль ёсны, хэргийн бодит байдалд нийцсэн гэж үзэхийг өөрийн дотоод итгэлээр үнэлэх замаар хэргийн үйл баримтыг сэргээн тогтоох үүрэгтэй.
Нотлох баримтын хүрэлцээтэй байдал гэдэг нь хэргийг шүүхээр хэлэлцэж шийдвэрлэхэд шаардагдах нотлох баримтын хэмжээ бол нотлох баримтын хангалттай байдал нь шүүгдэгчийн гэм бурууг бүрэн баталж чадах нотлох баримтын хэмжээ хязгаар бөгөөд шүүх нотлох баримтын хүрэлцээтэй байдал бүрдсэн үед хэргийг хэлэлцэж, нотлох баримтын хангалттай байдалд үндэслэн хэргийн нөхцөл байдлыг тал бүрээс нь бүрэн тогтоох нь түүнийг шүүхээр бодитой, үнэн зөв хянан шийдвэрлэхэд чухал нөлөө үзүүлдэг болно.
Хэргийн үйлдэл бүрийг тогтоосон нотлох баримтууд нь нийлж, нэгдсэн дүгнэлтэд хүрэх ба хэргийн талаарх ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тогтоохын тулд тал бүрээс нь бүрэн дүүрэн судалж тогтоох шаардлагыг нотлох баримтын олонлог байдал илэрхийлдэг.
Өөрөөр хэлбэл, тогтоох гэж буй гэмт хэргийн үйл явдал, нөхцөл байдлыг болон бусад шаардлагатай бүх ажиллагааг явуулж, шийдвэр гаргахад хүрэлцэхүйц нотлох баримт цугларсан байх ёстой ба нотлох баримтад бэхжигдсэн мэдээлэл, эх сурвалж бүрийг мухарлан шалгаж, тогтоосон үйл баримтыг үгүйсгэж болох бүх таамаглалуудыг эцэслэн шалгаснаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зорилт хэрэгжих учиртай.
5.“Шүүгдэгч Д.Г-ын эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан, шүүгдэгч Д.Г, С.У нарын хахууль авсан” гэх хэргийн талаар нотолбол зохих байдлууд бүрэн нотлогдоогүй, тодруулбал, прокуророос гэмт хэрэг хэмээн яллаж буй шүүгдэгчийн хууль тогтоомж зөрчсөн үйлдэл, мөнгө шилжүүлэн өгсөн хүн болон шүүгдэгч нарын хооронд аливаа ашиг сонирхлын зөрчил үүссэн эсэх, тэдгээрийн хооронд шилжүүлэгдсэн мөнгө хууль ёсны эсэх, ийнхүү шилжүүлэн өгөх болсон шалтгаан, түүний эх үүсвэрийг тогтоох талаар мөрдөн шалгах ажиллагаа хангалтгүй хийгдсэн, түүнчлэн шүүх хэргийн бодит байдалд нийцээгүй дүгнэлт хийж, Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн нь цагаатгах тогтоол, магадлалыг хүчингүй болгож, хэргийг прокурорт буцаах үндэслэл болов.
6.1.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн талаар:
6.1.1.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн үндсэн шинж нь хэлбэрийн бүрэлдэхүүнтэй ба хохирол, хор уршиг учирсан эсэхээс үл хамааран нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгосон үйлдэл, эс үйлдэхүй хийсэн тохиолдолд эрүүгийн хариуцлага оногдуулахаар хуульчлан тогтоосон байна.
Авлигын эсрэг хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3 дахь заалтад “албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашиглах гэж албан тушаалын эрх мэдлийг албаны эрх ашгийн эсрэг буюу хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгод ашиглаж хийх ёстой үйлдлийг хийхгүй байх, хийх ёсгүй үйлдэл хийхийг”, “давуу байдал” гэдгийг 3.1.4 дэх заалтад “... албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласнаар хувь хүн, хуулийн этгээдэд буй болох эдийн болон эдийн бус ашигтай байдлыг” ойлгохоор тус тус заажээ.
Гэмт хэрэг үйлдэгдэх үед хүчин төгөлдөр үйлчилж байсан буюу Монгол Улсын Их Хурлаас 2005 оны 12 дугаар сарын 01-ний өдөр баталж, 2006 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсөн Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулиар төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах ажиллагаанд шударгаар өрсөлдөх, тэгш боломжтой оролцох, худалдан авах ажиллагаанд аливаа ашиг сонирхлын зөрчил үүсэхээс урьдчилан сэргийлэх, ил тод байдлыг хангахыг зорьж, сонгон шалгаруулах ажиллагааг төлөвлөх, зохион байгуулах, хяналт тавих, гомдол гарган шийдвэрлүүлэх журам, үндэслэлийг тогтоосон байдаг.
Тус хуулийн үзэл баримтлал, зарчимд үл нийцэх, хуулиар тогтоосон хэм хэмжээг санаатай зөрчиж, төрийн үйл ажиллагааны хүрээнд хэрэгжүүлж байгаа тендерийн үр шимийг шударгаар хүртэх байсан иргэд, аж ахуйн нэгж байгууллагын хууль ёсны ашиг сонирхол, түүнчлэн дээрх харилцааг зохицуулахад чиглэсэн төрийн үйл ажиллагааны хууль ёсны байдал зэрэгт хор уршиг учруулсан үйлдэл нь хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгод суурилсан бол “эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж үзнэ.
6.1.2.Шүүгдэгч Д.Г нь нийтийн албан тушаалтнаар буюу Төв аймгийн “Барилга захиалагч, орон сууцны корпораци” орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын захирлаар ажиллаж байхдаа тус газрын албаны хэрэгцээнд тээврийн хэрэгсэл худалдан авах явцдаа барааны үнийн харьцуулалт хийхгүйгээр зах зээлийн бодит үнэ нь 46.500.000 төгрөгийн үнэлгээтэй 00-00 ТТТ улсын дугаартай “Toyota Prado 120” загварын тээврийн хэрэгслийг иргэн Д.Б-оос 2018 оны 08 дугаар сарын 22-ны өдөр 48.000.000 төгрөгөөр худалдан авч, иргэн Д.Б-д хууль бус давуу байдал бий болгосноос орон нутгийн өмчит үйлдвэрийн газарт 1.500.000 төгрөгийн хохирол учруулсан гэх хэрэгт шүүгдэгч нараас болон бусад гэрчүүдээс мэдүүлэг авах, дансны хуулганд үзлэг хийх, баримт бичиг гаргуулан авах, тээврийн хэрэгслийн үнэлгээ хийлгэх зэрэг ажиллагаа хийгджээ.
Шүүгдэгч Д.Г нь албан хэрэгцээнд тээврийн хэрэгсэл худалдан авах зорилгоор шүүгдэгч С.У-ээс мөнгө зээлсэн талаар шүүгдэгч нарын хэн аль нь мэдүүлж ирсэн байх боловч тухайн мөнгөний эх сурвалжийн талаар харилцан зөрүүтэй мэдүүлэг өгснөөс гадна хийгдвэл зохих зарим ажиллагааг орхигдуулсан байна. Тодруулбал:
Тус тээврийн хэрэгслийг худалдан авсан мөнгөний эх үүсвэрийг шүүгдэгч С.У-ийн хувьд “… Манай эгч цалингийн зээл аваад, манай ээж хашаа байшингаа барьцаалан зээл авч өгсөн …” (9 дүгээр хавтаст хэргийн 114 дэх тал) гэж шүүх хуралдаанд мэдүүлж байжээ.
Төв аймгийн “Барилга захиалагч, орон сууцны корпораци”-аас 2018 оны 04 дүгээр сарын 10-аас 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн хооронд нийт таван удаагийн гүйлгээгээр нийт 48.000.000 төгрөгийг С.У-ийн данс руу шилжүүлсэн бол С.У нь 2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр “У-ээс байрны урьдчилгаа” гэсэн утгаар 50.000.000 төгрөгийг “А” ХХК руу шилжүүлсэн байна.
Үүнээс үзвэл шүүгдэгч С.У-ийн мэдүүлсэнчлэн тухайн мөнгөний эх сурвалж нь түүний гэр бүлийн гишүүд зээл авсан нь бодитой эсэх, Төв аймгийн “Барилга захиалагч, орон сууцны корпораци” ОНӨААТҮГ-аас мөнгө хүлээн авсны дараа “байрны урьдчилгаа” гэсэн утгаар бусдад шилжүүлсний учир шалтгаан, үндэслэлийг тогтоох шаардлагатай.
Мөн гэрч Д.Б-ийн хувьд шүүгдэгч Д.Г-т 00-00 ТТТ улсын дугаартай “Toyota Prado 120” загварын тээврийн хэрэгслийг хэдэн төгрөгөөр зарсан талаар “... 43 – 45 сая төгрөгөөр бодож өгсөн ...” (3 дугаар хавтаст хэргийн 97 дахь тал), “… Одоо миний санаж байгаагаар дансаар 5 сая төгрөг, үлдэгдэл 43 сая төгрөгийг нь бэлнээр авсан санагдаж байна. Ямар ч л гэсэн 48 сая төгрөгөөр тухайн тээврийн хэрэгслийг зарсан санагдаж байна …” (7 дугаар хавтаст хэргийн 6-7 дахь тал) гэж мэдүүлсэн ба шүүгдэгч С.У-ийн дансанд хийсэн үзлэг (3 дугаар хавтаст хэргийн 29-30 дахь тал)-ээс үзэхэд түүний данснаас гэрч Д.Б-ийн данс руу 3.000.000 төгрөг шилжүүлж, 2018 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр машин худалдан авсан боловч 2018 оны 08 дугаар сарын 22-ны өдөр 48.000.000 төгрөгөөр худалдаж авсан гэх баримтыг нөхөн бүрдүүлсэн байна.
Харин машиныг Төв аймгийн “Барилга захиалагч, орон сууцны корпораци”-ийн нэр дээр худалдан авсны дараа машин худалдаж авах сонгон шалгаруулалт зарлаж, 2018 оны 08 дугаар сарын 22-ны өдөр байгууллагын орлогод бүртгэж авсан нь хэрэгт авагдсан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.Ч, гэрч Д.Ц, Д.Б, Д.Б нарын мэдүүлгүүд болон бусад баримтуудаар нотлогджээ.
Эдгээрээс үзэхэд Д.Г нь тухайн тээврийн хэрэгслийг хувьдаа аваагүй боловч бусад байдлаар хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлсэн буюу ашиг хонжоо олсон эсэх, байгууллагад тээврийн хэрэгсэл худалдан авах нэн шаардлагатай байсан эсэхийг нэг мөр шалгаагүй нь шүүгдэгч нарын гэм буруугийн асуудлыг эцэслэн шийдвэрлэхэд нөлөөлөхүйц нөхцөл байдлыг бий болгосон байхад хоёр шатны шүүх анхаарч үзэлгүй орхигдуулж, “хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн зүгээс хохирол нэхэмжлээгүй, Д.Г нь байгууллагынхаа хэвийн үйл ажиллагааг алдагдуулахгүй байх үүднээс хийсэн үйлдэл” гэж явцуу дүгнэлт хийсэн нь үндэслэлгүй юм.
Түүнчлэн С.У дээрх үйлдэлд ямар үүрэг оролцоотой байсан болох, тээврийн хэрэгсэл худалдан авах ажиллагаанаас аливаа ашиг хонжоо, эдийн болон эдийн бус давуу байдал олж авсан эсэхийг нэг мөр хамтад нь шалгах шаардлагатайгаас гадна Төв аймгийн “Барилга захиалагч, орон сууцны корпораци”-д учруулсан гэх 1.500.000 төгрөгийн хохирлыг хариуцах этгээдийг тогтоох нь зүйтэй.
6.2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн талаар:
“Аймгийн орон сууцны бодлогыг хэрэгжүүлэх, зохицуулах, аймгаас зорилтот бүлгийн иргэдийг орон сууцаар хангах ажлыг нэгтгэн зохион байгуулах” үндсэн эрхлэх үйл ажиллагааны чиглэл бүхий Төв аймгийн “Барилга захиалагч, орон сууцны корпораци” ОНӨААТҮГ нь “И” ХХК-тай 2018 оны 03 дугаар сарын 15-ны өдөр, “Г” ХХК-тай 2019 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр Төв аймгийн Зуунмод хотын “М” 1.000 айлын орон сууцны хороололд баригдах 30 болон 90 айлын орон сууцны барилгын хамтран ажиллах гэрээг тус тус байгуулснаар тус хуулийн этгээдүүдийн барилга угсралтын ил болон далд ажлуудыг ажлын зураг, стандарт, норм, дүрмийн хүрээнд хийгдсэн эсэхийг шалгаж, актаар баталгаажуулах үндсэн чиг үүргийг хэрэгжүүлэх үүргийг хүлээсэн байна.
Ийнхүү дээрх хуулийн этгээдүүдийн барилга угсралтын үйл ажиллагаа үргэлжлэн явагдаж байх цаг хугацаанд хуулийн этгээдүүдийн удирдлагууд болох Г.Н, С.С нар нь гэрээний захиалагч тал болох Төв аймгийн “Барилга захиалагч, орон сууцны корпораци”-ийн захирал Д.Г-ын холбогдсоны дагуу С.У-ийн данс руу тус бүр 10.000.000 төгрөгийг “Г-аас”, “Төв аймаг ТОСК өмнөөс хяналтын зардалд” гэсэн утгаар тус тус шилжүүлжээ.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс Г.Н, С.С нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хахууль өгөх” гэмт хэрэгт яллагдагчаар татах санал гаргасан ба Төв аймгийн прокурорын газрын 2023 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 16, 17 дугаартай тогтоолууд (6 дугаар хавтаст хэргийн 178-184 дэх тал)-аар “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад заасан хөөн хэлэлцэх хугацаа дууссан” үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татахаас тус тус татгалзсан байна.
Улмаар хахууль авсан гэх хэрэгт холбогдуулан Д.Г, С.У нарыг яллагдагчаар татан, яллах дүгнэлт үйлдсэн бөгөөд шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч нарын гэм бурууг хэлэлцэн шийдвэрлэжээ.
6.2.1.Шүүгдэгч С.У-ийн хувьд гэрч С.С-аас хүлээн авсан мөнгөний талаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсаны дараа бичгээр гаргасан тайлбар болон шүүхийн хэлэлцүүлэгт “… Д.Г-ын эхнэр Н.Н-т өгсөн ...” гэж тайлбарласан боловч гэрч Н.Н “... Тухайн үед хивэг, тэжээл авах гээд мөнгө хэрэгтэй болоод би авсан байж магадгүй. Би С.У-ийг мэднэ. Манай Батсүмбэр сумын хүүхэд, өөр ямар нэгэн харилцаа хамаарал байхгүй. ... С.У-тэй ойр харилцаатай байгаагүй, хэний хүүхэд гэдгийг нь л мэддэг байсан. ...” (6 дугаар хавтаст хэргийн 4-5 дахь тал) гэж мэдүүлсэн нь тэдний хооронд аливаа зээл, өр, авлагын асуудал байгаагүй гэсэн агуулгыг илэрхийлж байх ба эдгээр мэдүүлгүүд нь нэгэн зэрэг үнэн байх боломжгүй байна.
Харин “И” ХХК-ийн захирал Г.Н-ээс “Г-аас” гэсэн утгаар шилжүүлсэн 10.000.000 төгрөгийн талаар шүүгдэгч С.У мөрдөн байцаалт, шүүхийн шатанд “БНХАУ-руу явж гар утасны худалдаа эрхлэх зорилгоор Д.Г-аар дамжуулан Г.Н-ээс мөнгө зээлсэн” гэж тайлбарлан мэдүүлжээ.
Мөрдөн шалгах ажиллагаагаар шүүгдэгч С.У нь тухайн мөнгийг зарцуулсан байдал, түүний мэдүүлсэнчлэн гар утасны худалдаа, наймаа эрхэлдэг эсэх, ийнхүү худалдаа, наймаа эрхлэх зорилгоор гадаад улс руу явсан, Монгол Улсын хилээр гарсан нь бодитой эсэх, шүүгдэгч Д.Г-ын эхнэр Н.Н, С.У нар нь эд зүйл (хивэг, тэжээл) худалдаж байсан эсэх, тэдний хооронд аливаа авлага, өр, зээлийн асуудал байсан эсэхийг тогтоох, шүүгдэгч, гэрч нарын мэдүүлгүүд хоорондын зөрүүг арилгах зайлшгүй шаардлагатай.
6.2.2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлд заасан “Хууль буцаан хэрэглэх” ойлголт нь мөн хуулийн 1.8 дугаар зүйлд заасан “Хууль үйлчлэх цаг хугацаа” гэсэн эрх зүйн нийтлэг хэм хэмжээнээс урган гарсан тусгай зохицуулалт бөгөөд гэмт хэрэг үйлдэх үед хүчин төгөлдөр үйлчилж байсан Эрүүгийн хууль болон сүүлд батлагдсан хуульд зааснаар тодорхой гэмт хэргийн шинж өөрчлөгдөөгүй, эсхүл шинэ хууль агуулгын хувьд хөнгөн хуульд тооцогдохгүй, хүндээр ял шийтгэхээр байгаа бол Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэх тусгайлсан зарчим, ойлголт хөндөгдөхгүй, шүүгдэгч нарын үйлдлийг гэмт хэрэг үйлдэх үед хүчин төгөлдөр байсан хуулийн дагуу зүйлчлэн шийдвэрлэх ёстой.
Прокуророос Д.Г-ыг нийтийн албан тушаалтнаар ажиллаж байхдаа албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, “И” ХХК, “Г” ХХК-ийн барьж байгаа орон сууцны барилгын норм, стандартад хяналт тавих хугацаандаа буюу албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд тус хуулийн этгээдүүдийн хувьцаа эзэмшигч, захирал нараас тус тус хахууль авсан гэмт хэрэг үйлдсэн хэмээн гэмт хэрэг үйлдэгдэх үеийн хуулиар тодорхойлсон хахууль авах гэмт хэргийн хүндрүүлэх шинжээр зүйлчилжээ.
Тодруулбал, хэрэг үйлдэгдсэн гэх цаг хугацаа болох 2019 оны 07 дугаар сард Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгээр “Нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд, эсхүл хэрэгжүүлэхийн тулд шууд, эсхүл бусдаар дамжуулан хахууль өгөхийг шаардсан, авсан” үйлдлийг гэмт хэрэгт тооцож байсан бол Монгол Улсын Их Хурлаас 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдөр тус зүйл, хэсэгт өөрчлөлт оруулж, энэхүү шинжийг агуулгын хувьд тус зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тооцож, тус гэмт хэргийг “хясан боогдуулах аргаар үйлдсэн, эсхүл их хэмжээний хахууль авсан бол” 2 дахь хэсгээр хүндрүүлэх шинж болгон өөрчилсөн.
Гэтэл хоёр шатны шүүх нотлох баримтын эх сурвалжид тулгуурлан хэргийн бодит байдлыг тогтоож чадаагүй атлаа прокурорын яллаагүй шинжээр буюу 2023 оны 01 дүгээр сарын 21-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт нэмэлт өөрчлөлт оруулсан “хясан боогдуулах аргаар үйлдсэн” гэх шинж дэх хууль зүйн нэр томьёог тодотгож бичиж, нотлогдохгүй байгаа талаар ташаа дүгнэлт хийж, прокуророос яллаж буй хэргийн тодорхой баримтад холбогдохгүй хуулийг хэрэглэсэн үндэслэлгүй шийдвэр болсон байна.
6.2.3. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч С.С “хөөн хэлэлцэх хугацаа дууссан” үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татахаас татгалзсан прокурорын шийдвэртэй танилцаад гэрчээр “… Д.Г надад хэлэхдээ “Ахдаа 10 сая төгрөг зээлээч” гэсэн юм. Манай компани Төв аймгийн Зуунмод сумын нутагт “М” хотхоны 90 айлын орон сууцны төслийг хэрэгжүүлж байсан учир Төв аймгийн “Барилга захиалагч, орон сууцны корпораци”-ийн зүгээс манай компанийн барилгын ажилд хяналт тавьж байсан учраас яахын аргагүй түүнд 10 сая төгрөг өгөхөөр болсон юм. … Д.Г-т албаны чиг үүрэгтэй нь холбогдуулан хахууль өгсөн гэдгээ ойлгож байна. …” гэж мэдүүлж байжээ. (6 дугаар хавтаст хэргийн 186 дахь тал)
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22 дугаар бүлэгт заасан авлигын гэмт хэрэг нь сонгуульт болон томилолтын албан тушаалтан хууль тогтоомжоор олгосон бүрэн эрх, хүлээлгэсэн чиг үүргийг албаны эрх ашгийн эсрэг, хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгод ашигласан байдаг онцлогтой.
Өөрөөр хэлбэл, албан тушаалтан албаны эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэх замаар хувьдаа ашиг хонжоо олсон, эсхүл өөр хүн, хуулийн этгээдэд ийм боломж олгосон байх нь дээрх бүлэгт заасан гэмт хэргийн нийтлэг шинж болдог.
Мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлд заасан хахууль авах гэмт хэрэг нь дээр дурдсан нийтлэг шинжээс гадна бусдын хууль бус зорилгыг гүйцэлдүүлсэн болон гүйцэлдүүлэхээр амласан, албаны чиг үүргээ хэрэгжүүлэхийн тулд, хэрэгжүүлсний хариуд хувьдаа ашгийг хичээж, шунахай сэдэлтээр авах ёсгүй эдийн болон эдийн бус баялаг, тэдгээрийг өмчлөх эрх, төлбөргүй болон хөнгөлөлттэй ажил, үйлчилгээ авсан үйлдлийг хамааруулдаг байна.
Энэхүү гэмт хэрэг нь хувьдаа болон өөрийн хамаарал бүхий хүн, хуулийн этгээдэд эдийн болон эдийн бус ашигтай байдал бий болгох зорилгоор, шунахай сэдэлтээр, шууд санаатай үйлдэгддэг ба эдгээр нь бүхэлдээ үгүйсгэгдсэн тохиолдолд л гэмт хэргийн шинжгүй гэж үзнэ.
Европын зөвлөлийн Ёс зүйн жишиг дүрмийн 13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Нийтийн албан тушаалтан хувийн ашиг сонирхолтой байх, тэр нь түүний албан ажил, үүргээ шударгаар, бодитой гүйцэтгэхэд нөлөөлөх, эсхүл нөлөөлж болзошгүй байх нөхцөлд ашиг сонирхлын зөрчил үүснэ”, 2 дахь хэсэгт “Нийтийн албан тушаалтны хувийн ашиг сонирхол гэж өөрт, гэр бүлдээ, ойрын хамаатнууддаа, найз нөхдөдөө, бизнесийн болон улс төрийн харилцаатай хувь хүн, эсхүл байгууллагад аливаа давуу тал олгохыг хэлнэ. Үүнд мөн эдгээртэй холбоотой санхүүгийн, эсхүл иргэний хариуцлага багтана” гэж тодорхойлсон байдаг.
Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3 дахь заалтад нийтийн албан тушаалтан албаны бүрэн эрхээ хэрэгжүүлэх үед түүний хувийн ашиг сонирхол нийтийн ашиг сонирхолтой зөрчилдөх болон албан үүргээ тэгш, шударгаар хэрэгжүүлэхэд харшаар нөлөөлж болохуйц нөхцөл байдлыг ашиг сонирхлын зөрчил хэмээн тодорхойлсон.
Нийтийн албан тушаалтан албан үүрэгтэй нь холбогдолгүй гуравдагч этгээдээс үзүүлж байгаа нийтийн албаны хэрэгцээ, сургалт, үйл ажиллагааны зохион байгуулалт, техникийн дэмжлэг зэрэг ашиг сонирхлын зөрчилд оруулахгүй хандив, бусад санхүүгийн туслалцааг хуульд заасан хязгаарлалтад хамаарахгүй тохиолдолд л авахыг хуулиар зөвшөөрдөг.
Харин ашиг сонирхлын зөрчил үүссэн тохиолдолд аливаа мөнгө, хандив, санхүүгийн болон бусад хэлбэрийн дэмжлэг, туслалцаа авахыг хэрхэвч зөвшөөрдөггүй, хууль тогтоомжоор хориглодгийн учир холбогдол нь нийтийн ашиг сонирхол зөрчигдөх, нийтийн албан тушаалтан албан үүргээ тэгш, шударгаар хэрэгжүүлэхэд харшлах, эрх зүйт ёс гажуудах үр дагавар бий болдгоор илэрхийлэгдэнэ.
Албан тушаалтан нь аливаа ашиг сонирхлын зөрчил үүсгэхүйц нөхцөл байдал үүссэн бол түүнийг мэдэгдэх, өөрөө татгалзах, ийм зөрчлөөс зайлсхийх арга хэмжээ авах замаар урьдчилан сэргийлэх ба ашиг сонирхлын зөрчил үүссэн, үүсч болзошгүй бол тухайн нөхцөл байдлаас нэрээ татах, зөрчил үүсгэж буй давуу талыг эдлэхээс татгалзах, албан үүргээ гүйцэтгэхээс татгалзах үүрэгтэй.
Гэтэл нийтийн ашиг сонирхлыг төлөөлөн байгуулсан гэрээний дагуу барилга угсралтын ажилд хяналт тавих үндсэн чиг үүргийг хэрэгжүүлж байсан Д.Г нь гэрээний гүйцэтгэгч тал болох хуулийн этгээдийн удирдлагуудаас мөнгө шилжүүлэн авсан асуудлыг хоёр шатны шүүх “иргэд хоорондын зээлийн асуудал” хэмээн дүгнэснийг хэргийн бодит байдалд нийцсэн гэж үзэхгүй.
6.2.4.Гэмт хэргийг гардан гүйцэтгэж байгаа эсвэл тухайн нөхцөл байдалд өөрийн эрхшээлийг тогтоох хэлбэрээр буюу насанд хүрээгүй, хэрэг хариуцах чадваргүй хүнийг ашиглан гэмт үйл ажиллагаагаа хэрэгжүүлсэн хүнийг гэмт хэргийн гүйцэтгэгчид тооцдог бол гардан гүйцэтгээгүй боловч энэхүү үйл ажиллагааных нь үр дагаврыг мэдэж, өөрөө хүсэж, гэмт хэрэг үйлдэхэд амар хялбар болгосон, боломжийг нээж өгсөн, хүч нэмэгдүүлсэн этгээдийг хамжигчид тооцдог билээ.
Гэмт хэргийн хамжигчийн хувьд зөвхөн идэвхтэй үйлдлээр бус оюун санаагаар ч тухайн гэмт хэргийг үйлдэхэд гүйцэтгэгч, хатгагчид дэмжлэг үзүүлж болох ба гэмт хэрэг үйлдэх цаг үе, газар, аргын талаар мэдээ мэдээлэл өгөх, гэмт хэрэг үйлдэх зэвсэг хэрэгслийг олж өгөх, гэмт хэргийн замаар олж авсан эд зүйлийг нуун дарагдуулах, дамжуулан өгөх гэх мэтээр илэрдэг.
Эрүүгийн эрх зүйн онолын хувьд тусгай субъект бүхий гэмт хэргийн хамжигч нь мөн адил тусгай субъект буюу үүрэг хүлээсэн этгээд байхыг шаарддаггүй. Өөрөөр хэлбэл, нийтийн албан тушаалтны үйлдсэн албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө, бусдад давуу байдал бий болгох, хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс үүргээ хэрэгжүүлсний хариуд, хэрэгжүүлэхийн тулд хахууль авах гэмт хэрэгт хамжигчаар хамтран оролцоход заавал нийтийн албан тушаалтан байхыг буюу албан тушаалын байдлаа ашигласан байхыг шаардахгүй юм.
Энэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг[1]-т “Нийтийн албан тушаалтан ... бусдаар дамжуулан хахууль өгөхийг шаардсан ...” гэж зааснаас тодорхой харагдана.
Гэтэл анхан шатны шүүх шүүгдэгч С.У-ийг “хувиараа хөдөлмөр эрхэлдэг нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон тул хахууль авах гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлгүй” хэмээн түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон цагаатгаж, Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн байна.
7.Дээрх үндэслэлүүдээр хяналтын шатны шүүхээс анхан шатны шүүхийн цагаатгах тогтоол, давж заалдах шатны шүүхийн магадлал нь шүүхийн шийдвэрт тавигдах хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх шаардлагыг хангаагүй гэж дүгнэж, энэ талаар бичсэн прокурорын эсэргүүцлийг хүлээн авч, цагаатгах тогтоол, магадлалыг хүчингүй болгон хэргийг прокурорт буцаахаар шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:
2.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хяналтын шатны шүүхийн тогтоол эцсийн шийдвэр байх ба уг тогтоолд гомдол гаргахгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ С.СОЁМБО-ЭРДЭНЭ
ШҮҮГЧ Б.АМАРБАЯСГАЛАН
Б.БАТЦЭРЭН
Ц.ОЧ
М.ПҮРЭВСҮРЭН
[1] 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдөр нэмэлт өөрчлөлт оруулахаас өмнөх буюу гэмт хэрэг үйлдэгдсэн гэх цаг хугацаан дахь зохицуулалт