Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2015 оны 06 сарын 27 өдөр

Дугаар 1229

 

 

 

 

 

 

 

 

 

ХХХХ, ХХХХ нарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Т.Туяа, Ц.Ичинхорлоо нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 5 дугаар сарын 2-ны өдрийн 101/ШШ2016/03853 дугаар шийдвэртэй

 

Нэхэмжлэгч ХХХХ, ХХХХ нарын нэхэмжлэлтэй

Хариуцагч ХХХХ-д холбогдох

 

11 162 515 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Хариуцагчийн өмгөөлөгч ХХХХ-ын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн

Шүүгч Ц.Ичинхорлоогийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч                                                   ХХХХ

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга   Ө.Ган-Өнөр нар оролцов.

 

Нэхэмжлэгч ХХХХ , ХХХХ нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: ХХХХ , ХХХХ бид Дархан, Эрдэнэтийн хооронд таксинд явах тендерт орох зорилгоор 2015 оны 12 дугаар сарын 8-ны өдөр Эрдэнэт хотын Төрийн банкнаас 9 000 000 төгрөгийн цалингийн зээл авч, автомашин худалдаж авахаар хотод ирсэн. 2015 оны 12 дугаар сарын 9, 10-ны өдрүүдэд Баянзүрх дүүргийн техникийн "Да хүрээ" захаар явж, автомашины ченж ХХХХ , түүний ах ХХХХХ нарын зарж байсан "Соната-7" маркийн автомашиныг үзэж, 10-ны өдөр нь ХХХХ ас 8 400 000 төгрөгөөр худалдаж авсан. Автомашин авахаар үзэж байхдаа ХХХХ , ХХХХХ нар Шар хад руу өөрсдөө жолоодон явж, автомашины явдал болон ерөнхий байдлыг танилцуулсан. Тухайн үед ямар нэгэн дуу шуу байхгүй, харахад үзэмж сайтай байсан тул бид худалдаж авсан. Автомашины бичиг баримт ХХХХ-ын нэр дээр байсныг ХХХХ гийн нэр рүү шилжүүлэн 26-62 ОРХ улсын дугаар авч ХХХХ-ын хамтаар 4 дугуй шинээр тавьж, автомашинаа өөрийн болгосон. Дугуй сольсны дараа ХХХХ ас бид салж, нөхөр ХХХХ автомашинаа жолоодож бид суудлын бүрээс хийлгэх, угаалганд оруулах зэрэг ажил хийхээр явах үед араа залгах болгонд урд чаг чаг гээд дугараад байсан. Маргааш нь бид ХХХХ-тай уулзаж, энэ тухай болон рулийн дээрх товчнууд ажиллахгүй байгааг хэлэхэд ХХХХ хурдны хайрцаг асуудалгүй, харин рулийн товчнуудыг дараа орж ирэхэд чинь засаж өгье гэсэн тул бид энэ үгэнд нь итгээд 2015 оны 12 дугаар сарын 11-ний өдөр Орхон аймаг явсан. Орхон аймагт очсоноос хойш ойр зууртаа автомашинаа унаж байтал 2015 оны 12 дугаар сарын 19-ний өдөр гарааш руу оруулаад буцааж гаргах гэхэд урагшаа явдаг араа нь ажиллахгүй байсан. 2015 оны 12 дугаар сарын 20-ны өдөр ХХХХ руу залгаж, нөгөө автомашин чинь араандаа ороод урагшаа явахгүй байна гэж хэлэхэд би завгүй байна өөрөө тань руу эргээд залгая, энэ талаар ах ХХХХХ мэднэ гэж хэлсэн. ХХХХ-ын ярихыг хүлээсэн боловч яриагүй. Ах ХХХХХ рүү нь ярихад компьютер оношлогоонд оруулчих гэсэн. Энэ дагуу оношлуулахад компьютерт асуудал алга, харин хурдны хайрцагт эвдрэл байна гэсэн. Энэ тухай ХХХХ-ын ах ХХХХХд хэлэхэд хурдны хайрцаг янзалдаг засварчин Казакстан Улс явсан байна, 3 хоноод ирнэ гэсэн боловч хүн нь ирэхгүй байна гэсээр 2016 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр хүргэсэн. Бид утсаар яриад шийдэлд огт хүрэхгүй байсан тул 2016 оны 1 дүгээр сарын 11-ний өдөр Эрдэнэт хотоос гарч, 12-ны өдөр ХХХХ тай уулзахад ах мэднэ гээд хүлээлгэсээр уулзаж чадаагүй. Үүнээс 3 хоногийн 2016 оны 1 дүгээр сарын 15-ны 16 цагт "Да хүрээ" зах дээр ХХХХХтэй очиж уулзахад засдаг хүн маань удахгүй ирнэ түүнийг ирэхээр засуулж өгнө гэсэн тул бид энэ үгэнд нь итгэн Эрдэнэт хот руу буцсан. 2016 оны 1 дүгээр сарын 26-ны өдөр ХХХХХ яриад хурдны хайрцагаа аваад явуулчих засаад өгье гэсэн тул 1 дүгээр сарын 27-28-ны өдрүүдэд 40 000 төгрөгөөр хүн хөлслөн хурдны хайрцагаа авахуулж Улаанбаатар хот руу хот хоорондын зорчигч тээврийн автобусанд 10 000 төгрөг төлж явуулсан. 2016 оны 1 дүгээр сарын 31-ний өдөр хурдны хайрцагийг чинь засаад явуулсан аваарай гэж ХХХХХ ярьсан. Хурдны хайрцагаа авахаар очиход мөнгөө төл гэсэн тул 10 000 төгрөг төлж авсан. 2016 оны 2 дугаар сарын 5-ны өдөр Орхон аймаг дахь "Монгол Хьюндай автомотив" төвд автомашинаа чирүүлж очин хурдны хайрцагаа угаалгаж, тос хийлгэхэд нийт зардал 188 000 төгрөг болсон. Автомашиныг асааж үзэхэд хурдны хайрцаг, мотор 2-ын завсраар тос их хэмжээгээр гоожиж байсан ХХХХХтэй ярих гэсэн боловч утсаа аваагүй тул наймаа буцаая гэж мессеж бичсэн. Ямар нэгэн шийдтэй хариу өгөхгүй байсан болохоор 2016 оны 2 дугаар сарын 10-ны өдөр Эрдэнэтээс Улаанбаатар руу гарсан. Автомашины хурдны хайрцагаас тос байнга гоожиж 50 км тутам 1 литр масло хийж явсан. Замд явж байхад 3 дугаар араандаа гацсан тул Дархан орж хүмүүсээс асуухад мэдэх хүн байгаагүй тул тэндээ хонох хэрэг гарсан. Ингээд 2016 оны 2 дугаар сарны 11-ний өглөө Дарханаас хөдлөхөд автомашин араандаа зүгээр орж байснаа Урьхан өнгөрөөд явж байтал автомашины араа нь дахин 3 дугаар араандаа гацсан. 2016 оны 2 дугаар сарын 16-ны өдөр ХХХХХтэй "Да хүрээ" зах дээр очиж уулзан энэ бүгдийг хэлэхэд одоо та нар өөрсдөө янзлуул надад ямар ч хамаа байхгүй би засуулж өгсөн, зарсан л бол зарсан гэж загнаад явдаг газар байвал яв гэсэн. Бидний зүгээс чирэгдэл маш их гарч, уг автомашиныг засуулах, төлбөртэй зогсоолд тавих, масло хийх, Эрдэнэтээс нааш цааш явах зардал, мөн банкнаас зээл авч, түүний зээл, хүүг төлөх зэргээр маш их хохирсон. Энэ автомашиныг аваагүй бол биднээс ийм хэмжээний зардал гарч хохирохгүй байсан. Иймд наймаагаа буцааж, автомашины үнэ болох 8 400 000 төгрөг, автомашины дугаар авахад зарцуулсан 40 000 төгрөг, автомашиныг засуулахад гарсан 188 000 төгрөг, масло авсан 88 000 төгрөг, 2 хүн нааш цаашаа ирж очсон тээврийн зардалд гарсан 120 000 төгрөг, автомашины зогсоолын төлбөрт төлсөн 60 000 төгрөг, автомашин авах гэж банкнаас зээл авсан тул түүний зээл, хүүгийн төлбөрт төлсөн 2 266 515 төгрөг нийт 11 162 515 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, биднийг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч ХХХХ , өмгөөлөгч ХХХХ нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2015 оны 10 дугаар сарын 25-ны өдөр уг автомашиныг Дорноговийн Замын-Үүдийн боомтоор оруулан ирж, 2015 оны 11 дүгээр сарын 2-ны өдөр оношилгоонд оруулсан. Тэгэхэд ямар ч эвдрэлгүй байсан. Улмаар 2015 оны 12 дугаар сарын 10-ны өдөр нэхэмжлэгч нар ах ХХХХХтэй ярьсан гэж ирсэн. Өмнөх өдөр нь ахыг байх үед ирж үзсэн юм билээ. Тэр өдөр би өөрөө автомашиныг барьж яваад унаж үзүүлсэн. Сэтгэлд нь нийцсэн тул үнийг жаахан буулгаач гэхээр нь би 8 400 000 төгрөг болгож буулгасан. Тэгээд нэхэмжлэгч нар зөвшөөрч, 8 400 000 төгрөгөөр зарж, би авсан мөнгөө ах ХХХХХд өгч, би цааш явж дугуй авахад нь тусласан. Маргааш нь рулийн кноп эвдэрсэн талаар ярьж ирсэн. Хурдны хайрцагны талаар огт яриагүй. Үүнээс хойш 9 хоногийн дараа автомашин урагшаа явахгүй байгаа талаар нэхэмжлэгч ярьж хэлсэн. Тухайн үед нь ах мэднэ гээд түүнтэй яриулсан. Ах хурдны хайрцагыг нь Эрдэнэтээс авчруулаад 200 000 төгрөгөөр засуулж буцааж явуулсан. Гэтэл дахин асуудал үүсэж, араандаа орохгүй байна гэсэн. Анх авч явахад нь зүгээр байсан автомашин гэнэт эвдрэх учиргүй тул өөрсдөө эвдэлсэн гэж бодож байна. Харин ч сайхан сэтгэлээрээ хурдны хайрцгыг нь 200 000 төгрөгөөр засуулж өгсөн. Өөрсдөө шалгаж авсан тул эвдрэлтэй автомашин зарсан гэж үзэхгүй. Хурдны хайрцаг тосгүй явснаас зуурч эвдэрсэн байна гэж засварчин надад хэлсэн. Би анх Дорноговь аймгаас 800 км газар зүгээр л яваад ирсэн, ирээд оношилгоонд оруулахад тэнцсэн автомашин гэнэт эвдэрнэ гэж байхгүй. Иймд би автомашин буцааж авахгүй. Одоо дугаар авсан автомашин зах зээлийн үнээс хямд зарагдана. Би буруугүй, доголдолгүй эд хөрөнгө зарсан тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 256 дугаар зүйлийн 256.1 дэх хэсэгт заасныг баримтлан ХХХХ ас 10 470 212,5 төгрөг гаргуулж ХХХХ , ХХХХ нарт олгож, ХХХХ, ХХХХ нарын нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 692 302,5 төгрөгт холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 208 516 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 182 473 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч нарт олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн өмгөөлөгч ХХХХ давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна. Хариуцагч талын зүгээс 2016 оны 5 дугаар сарын 3-ны өдрийн Даваа гарагийн шүүх хурал дээр 2015 оны 12 дугаар сарын 10-ны өдөр нэхэмжлэгч талтай тээврийн хэрэгслийн явах эд анги, бүрэн бүтэн байдалд хамтарсан шалгалт хийж, харилцан тохиролцсны үндсэн дээр худалдах, худалдан авах гэрээ хийсэн тухай мэдүүлсэн. Гагцхүү нэхэмжлэгч тал худалдан авснаас хойш 9 хоногийн дараа тээврийн хэрэгсэлд эвдрэл гарсан тухай шүүхэд мэдүүлсэн байдаг. Өөрөөр хэлбэл Улаанбаатар хотоос 400 гаран км газар туулж Эрдэнэт хотод хүрснээс хойш даруй 9 хоногийн дараа эвдрэлийн асуудал хөндөгдсөн нь нэхэмжлэгч тал өөрсдийн буруутай үйлдэл, эс үйлдлийн улмаас болсон гэж үзэж хариуцагч тал нэхэмжлэлээс татгалзсан. Учир нь, дээрх 9 хоногийн дотор уг тээврийн хэрэгслээр хаашаа, ямар замаар, хэрхэн явсан талаар мэдэх боломжгүй юм. Тээврийн хэрэгслийн хурдны хайрцагт гарсан гэх гэмтэл нь тосгүй явснаас болсон тухай засварчнаар засварлуулах явцад тодорхой харагдаж байсан байдаг. Шүүхийн шийдвэрийн үндэслэх нь хэсэгт “Хариуцагч нь 2015 оны 11 дүгээр сарын 2-ны өдрийн Автотехникийн хэрэгслийн техникийн хяналтын үзлэгээр тухайн автомашины ухрах араа, араа залгалт зэрэг хүч дамжуулах ажиллагаа стандарт хангасан талаар дүгнэсэн 59427 тоот дүгнэлтийн хуудсаар автомшины биет байдлын доголдолгүй байсан нь нотлогдоно гэж тайлбарлаж байгааг шүүх хүлээн авах үндэсгүй байна. ...Учир нь энэхүү дүгнэлт нь гэрээ байгуулагдахаас 38 хоногийн өмнө хийгдсэн үзлэгийн үндсэн дээр гарсан тул түүнээс хойш хариуцагчийн эзэмшилд байх хугацаандаа автомашинд дээрх гэмтэл гарсан байх боломжтой.” хэмээн нотлох баримтыг бодитоор үнэлэлгүйгээр, харин ч хариуцагч тал гэрээний үүргээ зөрчиж, биет байдлын доголдолтой автомашин шилжүүлсэн гэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасныг тус тус зөрчсөн байна. 2015 оны 11 дүгээр сарын 2-ны өдрийн Улсын чанартай Техникийн үзлэгт орсон байдаг ба шүүхээс хүчин төгөлдөр автотээврийн хэрэгслийн техникийн улсын үзлэгийн дүгнэлтийг нотлох баримтаар үнэлээгүйд гомдолтой байна. Түүнчлэн үндэслэх хэсэгт "...талууд автомашиныг хүлээлцэхдээ мэргэжлийн байгууллагаар оношлогоо, үзлэг хийлгэж дүгнэлт гаргуулаагүй" гэсэн нь 2015 оны 11 дүгээр сарын 2-ны өдрийн улсын чанартай техникийн үзлэгийн дүгнэлтийг илт үгүйсгэж, нэхэмжлэгч талд үйлчилсэн гэсэн хардлагыг төрүүлж байна. Хариуцагч тал нэхэмжлэгчийн хүсэлтээр 2016 оны 1 дүгээр сарын 31-ний өдөр өөрийн зардлаар хурдны хайрцагт гарсан гэх гэмтлийг засаж Эрдэнэт хот руу Нийтийн тээврийн жолоочид дайн хүргүүлсэн байдаг. 2016 оны 2 дугаар сарын 5-ны өдөр нэхэмжлэгч тал "Хурдны хайрцаг асуудалгүй болсон, харин одоо гүзээ дискны араар тос алдаад байна. Наймаагаа буцаая" гэх санал тавьж эхэлсэн байдаг. Хариуцагч тал ямар нэгэн биет байдлын доголдолгүй тээврийн хэрэгсэл хүлээлгэн өгсөн нь 2015 оны 11 дүгээр сарын 2-ны өдрийн улсын чанартай техникийн үзлэгийн дүгнэлт, хамтарсан үзлэг, шалгалт хийгдснээр нотлогдож байх тул нэхэмжлэгчийн буруутайгаас болж үүссэн эвдрэл гэмтэл гэж үзэн нэхэжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй юм. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 болон 40.2 дахь заалтыг зөрчсөн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүйд тооцон, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх ХХХХ, ХХХХ нарын нэхэмжлэлтэй ХХХХ-д холбогдох хэргийг шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчжээ.

 

Нэхэмжлэгч ХХХХ нар худалдах худалдан авах гэрээний дагуу өгсөн автомашины үнэ болон хохиролд хариуцагч ХХХХ ас 11 162 515 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж, хариуцагч эс зөвшөөрч “...Би буруугүй, доголдолгүй эд хөрөнгө худалдсан” гэж маргажээ.

 

 Нэхэмжлэгч ХХХХ шүүх хуралдаан дээр Орхон аймгийн холбооны төвөөс гаргуулан авсан лавлагаа гэх 3 хуудас бичгийн баримтыг шүүхэд нотлох баримтаар өгснийг /хэргийн 71 дүгээр тал/ анхан шатны шүүх хариуцагч талд танилцуулаагүй атлаа шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож дүгнэжээ. Энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт заасан “Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг мэтгэлцэх үндсэн дээр хэрэгжүүлнэ” гэсэн мэтгэлцэх зарчимд нийцэхгүйгээс гадна Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1-т заасан эсрэг талын шаардлага, тайлбар, татгалзал, түүнийг нотлох баримттай танилцах, тэдгээрт тайлбар өгөх” гэсэн хэргийн оролцогчийн эрхийг хангаагүй гэж үзэх үндэслэл болно.

 

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээдэг.

 

Худалдагчийн шилжүүлсэн эд хөрөнгө нь эрхийн болон биет байдлын доголдолтой бол худалдан авагчид Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1 дэх хэсэгт зааснаар худалдан авагч нь “эд хөрөнгийн доголдлыг арилгуулах буюу доголдолгүй тухайн төрлийн эд хөрөнгөөр солиулах, доголдлыг арилгахад гаргасан зардлаа төлүүлэх, эсхүл гэрээг цуцлах тухай” шаардлага гаргах эрхтэй.

 

Нэхэмжлэгч нар худалдан авсан эд хөрөнгө нь биет байдлын доголдолтой гэсэн үндэслэлээр худалдах, худалдан авах гэрээг цуцалж, гэрээний гүйцэтгэлийг буцаах, гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлоо гаргуулахаар шаардлага гаргахдаа нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “…хурдны хайрцаг эвдрэлтэй, рулийн товч ажиллахгүй байсан, Орхон аймаг дахь “Монгол Хьюндай автомотив” төвд автомашинаа чирүүлж очин хурдны хайрцагаа угаалгаж, тос хийлгэхэд 188 000 төгрөг болсон гэсэн тайлбар гаргасан байна.

 

Харин хариуцагч “…Хурдны хайрцагийг Эрдэнэт хотоос авчруулаад 200 000 төгрөгөөр засуулж, янзлуулаад буцаагаад явуулсан” гэсэн зөрүүтэй тайлбар гаргажээ.

 

Мөн хэргийн 12 дугаар талд нотлох баримтаар авагдсан Монгол Хьюндай автомотив Орхон аймаг салбарын “Автомат хурдны хайрцагийг солив үнэ 60 000 төгрөг” гэсэн бичгийн баримт авагдсан байгаагаас үзэхэд талуудын маргааны зүйл болж буй машины хурдны хайрцаг солигдож бүрэн ажиллах боломжтой болсон эсэх нь тодорхойгүй, шүүх хоорондоо зөрчилдөөнтэй баримтын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй байгаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсгийн заалтыг зөрчсөн байна.

 

Дээрх ажиллагааг давж заалдах шатны шүүхээс нөхөж гүйцээх боломжгүй, хэргийн үйл баримт бүрэн тогтоогдоогүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.3-т заасан үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Энэ талаар давж заалдсан хариуцагчин өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хүлээн авах боломжтой байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168.1.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 2-ны өдрийн 101/ШШ2016/03853 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамжаар улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч ХХХХ ас төлсөн 182 480 төгрөгийг буцаан олгохыг дурьдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                          ШҮҮГЧИД                                      Т.ТУЯА

 

                                                                                Ц.ИЧИНХОРЛОО