Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 06 сарын 14 өдөр

Дугаар 00103

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын шүүхийн  Ерөнхий шүүгч Б.Алтанцэцэг даргалж явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар:

 

             Нарийн бичгийн дарга                   С.Төртулах

             Улсын яллагч                                 Э.Гантулга

                         Шүүгдэгч                                          Н.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийв.

 

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх Э.Гантулгаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Боржигон ургийн овогт Нэргүйн Бд холбогдох эрүүгийн 1932000950121 тоот эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

 

 Шүүгдэгчийн биеийн байцаалт:

           Монгол Улсын иргэн, 1976 оны 08 дугаар сарын 01-ний өдөр Сэлэнгэ аймаг Мандал суманд төрсөн, 43 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, *тоотод оршин суух хаягтай, анх удаагийн ял шийтгэлтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай,

Боржигон ургийн овогт Нэргүйн Б. /РД:*/

 

            Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэнд дурьдсанаар:

          Шүүгдэгч Н.Б нь 2019 оны 05 дугаар сарын 21-ний өдөр 19 цагийн орчим Сэлэнгэ аймгийн Мандал сумын Тарни 8-р багийн нутаг Хамартын хөтөл гэх газарт Ц.Тхийг “танай нохой ишиг барьлаа, нохойгоо уяж бай” гэж хэлснээс болж маргалдан улмаар Ц.Тхийн нүүрэн тус газарт нь удаа дараа цохиж биед нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Тодорхойлох нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

  Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.Б мэдүүлэхдээ:  Хийсэн хэрэгтээ гэмшиж гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хөнгөн ял шийтгэж өгнө үү дахин гэмт хэрэг үйлдэхгүй байж чадна гэх мэдүүлэг болон талуудын шинжлэн судалсан нотлох баримт болох

 

          Хохирогч Ц.Тх мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгт: …“...Манайх 2019 оны 05 дугаар сарын 20-ны өдөр хөрш айлын Н.Бгийн нохойд 2 ишиг бариулчихсан. Манай эхнэр бид 2 Бгийн утасруу залгахад утсаа аваагүй. Ингээд маргаан буюу 21-ний өглөө би эхнэрээрээ Бгийн гэр утас руу утсаа ав даа наад нохойгоо уяарай хэрүүл хиймээргүй байна. Нохойгоороо ишиг бариулчихаад хохино гэдэг чинь юу гэсэн үг вэ наад хэлсэн үг чинь хуультай байдаг ш дээ гэж мэссэж бичүүлсэн. Ингээд би багийн засаг дарга Н.Батбаяр руу утасдаж Бгийн нохой ишиг барьчихсан та нохойгоо уя гэж хэлээч гэж хэлсэн. Би 21-ний орой 19 цагийн орчим үхрээ хурааж явахдаа замаараа Бгийн хажуугаар өнгөрсөн. Тэгтэл эхнэр нь гаднаа байж харагдахаар нь танайх нохойгоо уяач ээ хоёр ишиг барьчихлаа ш дээ гэхэд Б гэрээсээ гарч ирээд янхан новш минь яах гээд байгаа юм бэ манай нохой танай ишгийг барьж байгааг харсан юм бол өөрсдөө салгах чинь яасан юм гэж хэлсэн. Би мотоциклоосоо бууж очихын хооронд ишиг барьчихсан ш дээ гэж хэлэхэд Б намайг заамдаж аваад нүүрэн тус газар 2 удаа гараараа цохиод намайг пудволкооор минь боосон. Бгийн эхнэр миний араас татаад Б бид 2 газарт унасан. Б намайг дээр сууж байгаад толгой руу гараараа хэд хэдэн удаа цохисон. гэх мэдүүлэг /хх-ийн 08-09 дүгээр хуудас/

 

2019 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн Шүүх эмнэлэгийн үзлэг хийсэн акт № 111  дугаартай Шинжээчийн дүгнэлтэнд: ...

 

         1.Ц.Тхийн биед баруун нүдний дээд зовхин, баруун хацар, зүүн хацар, эрүүний зүүн дээд хэсэг, хүзүүний баруун тал, баруун гарын бугуйн үений гадна хэсэг, зүүн гарын 2-р хурууны 1 болон 2-р үений хооронд зулгаралт, баруун гарын бугалганд цус хуралт, толгойн хуйханлд зөөлөн эдийн гэмтэл тоггоогдлоо.

         2.Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчилэлээр үүсгэгдэх боломжтой. Цаг хугацааг нарийвчлан тогтоох боломжгүй, шинэ гэмтэл байх боломжтой.

         3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

         4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй гэх дүгнэлт /ХХ-ийн 29-30 дугаар хуудас/

 

         Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон баримтууд: Иргэний үнэмлэхний хуулбар /ХХ-ийн 48 дугаар хуудас/,  шүүгдэгчийн хурууны хээний дардас /ХХ-ийн 51 дугаар хуудас/, шүүгдэгчийн  ял шийтгэгдсэн эсэх талаарх ял шалгах хуудас /хх-ийн 53 дүгээр хуудас/, ерөнхий боловсролын 3 дугаар сургуулийг төгссөн тодорхойлолт /хх-ийн 50 дугаар хуудас/, тарни 8 дугаар багт оршин суудаг нь үнэн гэх тодорхойлолт /хх-ийн 47 дугаар хуудас/, шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 25-31 дүгээр хуудас/, хохирогч Ц.Тх гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй тухай хүсэлт /хх-ийн 49 дугаар хуудас/, шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлд “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасныг баримтлан шүүгдэгч нарын гэм буруугийн асуудлыг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор дараах байдлаар хянан шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч Н.Б нь 2019 оны 05 дугаар сарын 21-ний өдөр 19 цагийн орчим Сэлэнгэ аймгийн Мандал сумын Тарни 8-р багийн нутаг Хамартын хөтөл гэх газарт Ц.Тхийг “танай нохой ишиг барьлаа, нохойгоо уяж бай” гэж хэлснээс болж маргалдан улмаар Ц.Тхийн нүүрэн тус газарт нь удаа дараа цохиж биед нь хөнгөн хохирол гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

           Хохирогч Ц.Тхийн мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /ХХ-ийн 07-09 дугаар хуудас/, 2019 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн Шүүх эмнэлэгийн үзлэг хийсэн акт №110, 111, 124  дугаартай дүгнэлт /ХХ-ийн 25, 29, 39 дугаар хуудас/, шүүгдэгч Н.Б нь мөрдөн байцаалтанд хэргээ хүлээн өгсөн мэдүүлэг /хх-ийн 04, 17 дугаар хуудас/ болон тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудаар нотлогдож байна гэж шүүх дүгнэв.

 

Шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримт болох шүүгдэгчийг сэжигтэн, яллагдагчаар мөн хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хуулийн шаардлага хангасан, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих мэдлэг, дадлага туршлагатай, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч гаргасан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

 

Прокуророос шүүгдэгч Н.Бг Ц.Тхтай маргалдаж улмаар нүүрэн тус газарт нь удаа дараа цохиж биед нь хөнгөн хохирол учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэхь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь тохирсон байна гэж үзлээ.

 

Шүүгдэгч Н.Б нь гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч байгаа болно.

            Иймд шүүгдэгч Н.Б нь 2019 оны 05 дугаар сарын 21-ний өдөр 19 цагийн орчим Сэлэнгэ аймгийн Мандал сумын Тарни 8-р багийн нутаг Хамартын хөтөл гэх газарт Ц.Тхийг “танай нохой ишиг барьлаа, нохойгоо уяж бай” гэж хэлснээс болж маргалдан улмаар Ц.Тхийн нүүрэн тус газарт нь удаа дараа цохиж биед нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан, эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн, ялыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлууд болон прокурорын саналыг харгалзан түүнийг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу (1 нэгж=1000 төгрөг) 500.000 /Таван зуун мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэл оногдуулж, оногдуулсан ялыг 03 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоох нь зүйтэй байна.

Хохирогч Ц.Тх нь  гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул энэ хэрэгт хэлэлцэгдэх хохирол төлбөргүй байна гэж дүгнэв.

 

           Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, Н.Бд өмнө авсан бусдын батлан даалтанд байлгах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээх зэргийг тус тус дурьдаад

Монгол улсын Шүүхийн  тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг,36.3 дугаар зүйлийн 1,3,36.5 дугаар зүйлийн 2, 36.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг,  36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг. 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

           1.Шүүгдэгч Боржигон овогтой Нэргүйн Бг бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

           2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Н.Бг  500 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 500000 /Таван зуун мянган/ төгрөгөөр торгож шийтгэсүгэй.

           3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 500.000 төгрөгөөр торгох ялыг 03 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг шүүгдэгч Н.Бд даалгасугай.

           4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дах хэсэгт зааснаар Н.Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож  хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

           5.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэлцэгдэх төлбөргүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдсугай.

          6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүхийн тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.

          7. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Н.Бд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

         Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуульд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах давж заалдах гомдлоо шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Б.АЛТАНЦЭЦЭГ.