| Шүүх | Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дагвадоржийн Мөнхтуяа |
| Хэргийн индекс | 145/2016/00444/И |
| Дугаар | 444 |
| Огноо | 2016-10-27 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2016 оны 10 сарын 27 өдөр
Дугаар 444
Өвөрхангай аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхтуяа би
Нэхэмжлэгч: Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн 7 дугаар хороо 115-9 тоотод оршин суух, 1957 онд төрсөн, 59 настай, Очирхоон овгийн Лхагважавын Цогбаярын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 5 дугаар баг, Өнөр гудамж 33 а тоотод оршин суух, 1991 онд төрсөн, 25 настай, Боржигон овгийн Батбаярын Ганбаярт холбогдох
5000000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагчаас гаргасан тайлбарыг хүлээн авч
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Л.Цогбаяр шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Б.Ганбаяр нь 2014 оны 03 дугаар сард миний эзэмшлийн BEIBEN маркийн 43-17 УНА улсын дугаартай улбар шар өнгийн ачааны самосвал машиныг 38000000 төгрөгөөр худалдаж аваад 25000000 төгрөгийг бэлнээр өгч үлдэгдэл 8000000 төгрөгөндөө стана маркийн микро автобус үлдээгээд явсан. Миний хүү Ц.Нямдоржийн ажил дээр иргэн Б.Ганбаяр нь 2014 оны 7,8 дугаар сарын үед машинаа засна гэж микро автобусныхаа түлхүүрийг аваад өөр түлхүүр үлдээгээд микро автобусаа нууцаар аваад явсан. Гэвч энэ хугацаанд машины үнийг төлөөгүй учир миний бие 2015 оны 09 дүгээр сарын 23-нд Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд өргөдөл гаргаж Тахарын ерөнхий газраар оршин суугаа хаягийг нь тогтоолгосон. Б.Ганбаяр нийт 8000000 төгрөгнөөс 2016 оны 01 дүгээр сарын 08-нд 1000000 төгрөг, 4 дүгээр сарын 13-нд 2000000 төгрөгөөр хэсэгчилэн төлж барагдуулсан хэдий ч үлдэгдэл 5000000 төгрөгийг янз бүрийн шалтаг шалтгаан зааснаар сүүлдээ утсаа ч авахаа больж өдийг хүрлээ. Иймд Б.Ганбаяраас 5000000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Б.Ганбаяр шүүхэд гаргасан тайлбартаа: Л.Цогбаярын нэхэмжилсэн 5000000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Иймд хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Л.Цогбаяр нь Б.Ганбаярт холбогдуулан 5000000 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Хариуцагч Б.Ганбаяр нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлага болох 5000000 төгрөгийг төлөхөөр хүлээн зөвшөөрсөн тайлбар шүүхэд ирүүлсэн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч Л.Цогбаярын нэхэмжлэлийн шаардлага болох 5000000 төгрөгийг хариуцагч Б.Ганбаяр төлөхөөр хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагч Б.Ганбаяраас 47475 төгрөг, орон нутгийн 5540607728 тоот данснаас 47475 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Л.Цогбаярт олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 94950 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг хариуцагчид мэдэгдсүгэй.
4. Шүүгчийн захирамжинд нэхэмжлэгч, хариуцагч нар давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.
ШҮҮГЧ Д.МӨНХТУЯА