| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Болдын Амарбаясгалан |
| Хэргийн индекс | 2206 00000 2167 |
| Дугаар | 2025/ХШТ/93 |
| Огноо | 2025-10-01 |
| Зүйл хэсэг | 17.3.1., 23.2.1., |
| Улсын яллагч | С.Батсүрэн |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2025 оны 10 сарын 01 өдөр
Дугаар 2025/ХШТ/93
Э.Н-д холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Улсын дээд шүүхийн шүүгч Б.Батцэрэн даргалж, шүүгч Б.Амарбаясгалан, С.Соёмбо-Эрдэнэ, Ч.Хосбаяр, Б.Цогт нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор С.Батсүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Доржнамбар нарыг оролцуулан хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 569 дүгээр шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 502 дугаар магадлалтай Э.Н-д холбогдох 2206 00000 2167 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгчийн гаргасан гомдлоор 2025 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Амарбаясгалангийн танилцуулснаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1991 оны ... дугаар сарын ...-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 34 настай, эмэгтэй, дээд боловсролтой, Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2015 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 240 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, уг ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзаж байсан, Х овгийн Э-ийн Н (РД: ...).
Холбогдсон хэргийн талаар:
Прокурорын яллах дүгнэлтэд дурдсанаар шүүгдэгч Э.Н нь:
Баянзүрх дүүргийн ... дүгээр хороо, ... гудамжны ... дугаар байрны ... тоот орон сууцны ... дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн гэрчилгээг хуурамчаар үйлдсэн,
2019 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо, ... тоот гэртээ хохирогчийн “Г” зарим гишүүд нь бүрэн хариуцлагатай нөхөрлөлийн 2019 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 457 дугаартай эрх олгосон, үүргээс чөлөөлсөн баримт бичгийг хуурамчаар үйлдэж, хуурамч болохыг мэдсээр байж ашигласан,
Д.О, М.П нартай бүлэглэн Баянзүрх дүүргийн ... дүгээр хороо, ... гудамжны ... дугаар байрны ... тоот орон сууцны ... дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн хуурамч баримт бичгийг ашиглан иргэн Э.С-д бодит байдлыг нууж, мөнгө зээлж, хүүнд нь байрандаа суулгана гэж итгэл төрүүлэн хуурч, орон сууц хөлслөх тухай гэрээгээр халхавчилж, 2020 оны 08 дугаар сарын 01-ний өдөр 15.500.000 төгрөгийг дансаар шилжүүлэн авч залилсан,
2019 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр Баянзүрх дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Да хүрээ” худалдааны төвийн орчимд хохирогч “Г” зарим гишүүд нь бүрэн хариуцлагатай нөхөрлөлийн нэр дээр бүртгэлтэй, ZVW00-000000 арлын дугаартай, 00-00 УУУ улсын дугаартай цагаан өнгийн “Toyota Prius” 30 загварын тээврийн хэрэгслийг дээрх хуурамч баримт бичиг ашиглан, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, хуурч мэхлэн, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, өмчлөгчийн эд хөрөнгө болон эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авч, бусдад зарж борлуулан 13.000.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Баянзүрх дүүргийн прокурорын газраас Э.Н-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгүүдэд заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх шүүгдэгч Э.Н-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан үргэлжилсэн үйлдлээр, хуурамч баримт бичиг үйлдэх, ашиглах, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгүүдэд заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан үргэлжилсэн үйлдлээр, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, бусдад хохирол учруулж залилах гэмт хэрэгт хамжигчаар оролцсон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож,
шүүгдэгч Э.Н-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгүүдэд заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгэж, уг ялуудыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 1 жил 6 сарын хугацаагаар тогтоож, оршин суух газар болох Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрээс гадагш явахыг хориглож,
шүүгдэгч Э.Н нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө болон эд мөрийн баримтаар тооцогдож ирсэн зүйлгүй болохыг дурдаж,
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Э.Н-аас нийт 20.750.000 төгрөгийг гаргуулан хохирогч Э.С-д 7.750.000 төгрөгийг, хохирогч “Г” зарим гишүүд нь бүрэн хариуцлагатай нөхөрлөлд 13.000.000 төгрөгийг тус тус олгохоор шийдвэрлэжээ.
Шүүгдэгчийн гаргасан давж заалдах гомдлоор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 9 дэх заалтыг “Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Э.Н-аас нийт 19.750.000 төгрөгийг гаргуулж хохирогч Э.С-д 6.750.000 төгрөгийг, хохирогч “Г” зарим гишүүд нь бүрэн хариуцлагатай нөхөрлөлд 13.000.000 төгрөгийг тус тус олгосугай” гэж өөрчилж, бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.
Шүүгдэгч Э.Н хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо “... 1.Давж заалдах шатны шүүхээс шүүгдэгч Э.Н нь Д.О, М.П нартай бүлэглэн үл хөдлөхийн эрхийн гэрчилгээг хуурамчаар үйлдсэн, уг хуурамч баримт бичгийг ашиглан иргэн Э.С-г залилсан болох нь хохирогч Э.С-ийн мэдүүлгээр нотлогдож байна гэсэн шийдвэр гаргасанд гомдолтой байна.
Учир нь би Э.С гэх эмэгтэйтэй уулзаж байгаагүй. Түүнийг танихгүй ба давж заалдах шатны шүүх хурал дээр шүүгч хохирогч Э.С-аас “Та Э.Н-ыг өмнө нь харж байсан уу, уулзаж байсан уу” гэж асуухад “Би өмнө уулзаж байгаагүй одоо л харж байна” гэж хариулж байсан. Би үл хөдлөхийн эрхийн гэрчилгээг хуурамчаар үйлдэж, уг хуурамч баримт бичгийг ашиглан иргэн Э.С-г залилсан явдал байхгүй. Энэ үйлдэлд би ямар ч оролцоо хамаарал байхгүй байхад намайг хамтран оролцсон гэж ял шийтгэл оногдуулж байгаад гомдолтой байна.
Гэрч М.Л-ын “... 2020 оны намар гэж санаж байна, сар өдрийг нь санахгүй байна. Саарал, энгийн “Prius 30” загварын тээврийн хэрэгсэлтэй эрэгтэй манай 730 дугаар худаг дээр ирсэн. Тэгээд надтай ирж уулзаад “Та М.П-ын эгч нь үү, би карт авах гэж байгаа юм” гэж хэлсэн. Ингээд нөгөө залуу гар утсаараа М.П-ыг надтай яриулсан. М.П надтай ярихдаа “Миний Хаан банкны картыг наад хүндээ өгчих” гэсэн. Тухайн үед надтай ирж уулзсан туранхай, бор залуу нэг эмэгтэйтэй хамт явж байсан. Нөгөө эмэгтэй нь машинд сууж байсан учир би тэр эмэгтэйг сайн хараагүй, одоо тэр эмэгтэйг танихгүй” (1хх 153-154),
гэрч Б.Б-ийн “2020 оны 08 дугаар сарын 01-ний өдөр, хаана гэдгийг санахгүй байна. Хаан банкны АТМ гадна данснаасаа мөнгө авах гээд зогсож байхад шардуу царайтай ах ирээд “Чиний данс руу мөнгө шилжүүлээд авчихъя” гэхээр нь би зөвшөөрсөн. Тэгээд миний данс руу 1.000.000 төгрөгөөр 2 удаа, нийт 2.000.000 төгрөг шилжүүлээд АТМ-аас гүйлгээ хийгээд гаргуулан авсан” (1хх 157-158) гэх мэдүүлгүүдээр намайг залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэж байгаад гомдолтой байна. Учир нь Д.О М.П-ын эгч дээр очиж Хаан банкны карт авах үед би хамт яваагүй. Дээрх үйл явдалд би оролцоогүй, мэдээгүй юм. Мөн яллагдагч М.П нь дээрх гэмт хэргийг “Э.Н, Д.О нартай бүлэглэн үйлдсэн” гэж илтэд худал мэдүүлсэн байдаг. Учир нь би урьд өмнө уулзаж байгаагүй, түүнийг таньж мэдэхгүй. Шаардлагатай бол хүн болон зураг таньж олуулах ажиллагаа хийгээд “Энэ хүмүүсийн хэн нь Э.Н вэ” гэхэд л намайг танихгүй. Би энэ талаар мөрдөгч болон прокурорт удаа дараа хүсэлт, гомдол гаргахад “шүүх дээр очоод учраа ол” гэсээр өдийг хүргэсэнд гомдолтой байна. Иймд дээрх гэмт хэрэгт хамтран оролцоогүй нөхцөл байдлыг минь харгалзан үзэж, энэ үйлдлийг хэрэгсэхгүй болгон, цагаатгаж өгнө үү. Хэрэв эргэлзээтэй байна гэж үзвэл хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж, яллагдагч М.П хүн болон зураг таньж олуулах ажиллагаа хийлгэж, хэргийг үнэн зөвөөр шийдүүлэх хүсэлтэй байна.
2.Би Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэргийн учир шалгагдаж байгаа ба “шүүгдэгч Д оргон зайлсан” үндэслэлээр хэргийг түдгэлзүүлсэн байгаа тул энэ хэргийг нэгтгэн шалгуулж, хэргээ шүүхээр нэг мөр шийдүүлэх хүсэлтийг анхан болон давж заалдах шатны шүүхэд гаргасан боловч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу шийдвэрлэж, миний эрх зүйн байдлыг дордуулсанд гомдолтой байна. Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хуулийн тусгай ангийн нэг зүйл, хэсэгт заасан гэмт хэргийг нэгтгэн нэг шүүхээр нэг мөр шийдүүлэхээр хуульд тодорхой заасан байхад үйлдэл тус бүр дээр тус тусад нь ял оногдуулж байгаа нь миний хуулиар олгогдсон эрхийг хууль бусаар хязгаарлан, нэг зүйл анги дээр хэд хэдэн удаа шүүх хурал хийж, улмаар урьд нь шүүхээр шийтгүүлж, одоо ялтай байгаа болгон гэж эрх зүйн байдлыг минь дордуулж байгаад гомдолтой байна.
Иймд магадлалыг хүчингүй болгож, энэхүү гомдолд дурдсан нэмэлт мөрдөн шалгах ажиллагааг хийлгүүлэн, хэргийг нэгтгэн шүүхээр нэг мөр шийдүүлэх гомдлыг гаргаж байна” гэжээ.
Прокурор С.Батсүрэн хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ “... Шүүгдэгч Э.Н-ын хувьд үйлдсэн гэмт хэрэг нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар бүрэн тогтоогдсон. Харин шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн цаг хугацааны байдалд дүгнэлт хийж үзэхэд шүүгдэгчийн холбогдсон Баянгол дүүргийн шүүхэд байгаа гэх эрүүгийн хэргийн үйлдэл нь 2013 оны 11 сараас 2019 оны 06 дугаар сарын 14-ний үйлдэл байгаа бөгөөд энэ шийтгэх тогтоолоор шийтгэгдсэн хоёр үйлдлийн нэг нь өмнөх, нөгөөх нь хойших гэмт хэрэг байна. Тодруулбал, шүүгдэгч Э.Н нь 2020 оны 07 дугаар сарын 31-ний өдөр байр түрээслэх аман гэрээ байгуулж, иргэн Д.Ц-оос байрны түлхүүрийг авч, 08 дугаар сарын 01-ний өдөр иргэн Э.С-д итгэл төрүүлж, хууран мэхэлж залилсан гэмт хэрэг үйлдсэн. Энэ гэмт хэрэг нь Баянгол дүүргийн шүүхэд түдгэлзсэн байгаа эрүүгийн хэргийн дараа үйлдэгдсэн. Шийтгэх тогтоолоор шийтгэгдсэн 2 дахь үйлдэл нь 2019 оны үйлдэл бөгөөд энэ нь тухайн яллах дүгнэлт үйлдэн шилжүүлсэн үйлдлүүдийн үед үйлдэгдсэн нь 3 дугаар хавтаст хэргийн 145-147 дахь талд авагдсан шүүгдэгчид холбогдох хэргийн яллах дүгнэлтээс тодорхой харагдана. Үүнээс үзэхэд шүүгдэгчийн сүүлийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг гэж зүйлчлэн тусад нь шийдвэрлэх хууль зүйн боломжгүй байна. Энэ нь шүүгдэгчийн эрх зүйн байдалд нөлөөлөхөөр байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт шүүхээр ял шийтгүүлэхийн өмнө өөр гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн шийтгэх тогтоол гарсны дараа тогтоогдсон гэж заасан боловч шүүхээр ял шийтгүүлэхийн өмнө гэмт хэрэг үйлдсэн гэдэг ойлголт нь нэг төрлийн буюу үргэлжилсэн нэг гэмт хэрэгт тооцогдох хэд хэдэн үйлдэлд шууд хамаарахгүй. Харин өөр өөр төрлийн нийлмэл гэмт хэрэгт хамаарах үндэслэл болно. Энэ талаар хяналтын шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 196 дугаар тогтоолоор жишиг тогтоож шийдвэрлэж байсан байна. Шүүхээр хэргийг хянан хэлэлцэх үед шүүгдэгчээс тухайн гэмт хэрэгт шалгагдаад шийдвэрлэх гэж байгаа гэж шүүх хуралдааны явцад мэдүүлсэн байдаг. Мөн хэрэгт 2021 оны 06 дугаар сарын 24-ний өдөр прокуророос 417 дугаартай яллах дүгнэлт үйлдэж хэргийг Баянгол дүүргийн шүүхэд шилжүүлсэн баримт хэрэгт авагдсан. Иймд тус тусад нь шийдвэрлэх боломжгүй нэг төрлийн буюу хэргийн зүйлчлэлд нөлөөлөх нөхцөл байдал үүсэж байх тул шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгох дүгнэлтийг гаргаж байна” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Шүүгдэгч Э.Н-д холбогдох хэргийг түүний гаргасан гомдлыг үндэслэн хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.
2.Анхан болон давж заалдах шатны шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгчийн “шударга шүүхээр шүүлгэх” эрхийг хязгаарлаж, эрх зүйн байдлыг дордуулах нөхцөлийг бий болгосон, мөн хуулиар тогтоосон шаардлагад үл нийцэх шийдвэр гаргасан нь шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгох үндэслэл болж байна.
3.Хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн хүнд ял оногдуулахдаа гэмт хэрэг тус бүрт оногдуулсан ялыг нэмж нэгтгэн, нийт эдлэх ялын төрөл, хэмжээг тогтоодог бол шүүхээр ял шийтгүүлэхийн өмнө өөр гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн шийтгэх тогтоол гарсны дараа тогтоогдвол тус тусын хэргүүдэд нь ял оногдуулж, нэмж нэгтгэх талаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан байдаг.
Шүүгдэгч хэдийгээр хуульд зааснаар гэм буруугаа хүлээх, нотлох үүрэг хүлээхгүй боловч холбогдсон хэргүүдээ нэг яллах дүгнэлтийн хүрээнд шийдвэрлүүлэн эрх зүйн байдлаа дээрдүүлэх хууль зүйн боломж нь гагцхүү шүүгдэгчийн үйлдсэн хэргүүдээ илчлэн, эрх бүхий албан тушаалтанд мэдээлэх хүсэл зоригоос хамаардаг ба энэ нь хожим ял шийтгэгдсэний дараа өмнө үйлдсэн нэг ижил төрлийн хэрэг нь илэрч, хүнд ял шийтгүүлэхгүй, эрх зүйн байдал нь дордохгүй байх нөхцөл болдог байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйг нэг гэмт хэрэгт тооцох зохицуулалтыг хэрэглэх нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг хөнгөрүүлэх ач холбогдолтой боловч мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар татах болон яллах дүгнэлт үйлдэх үед уг зохицуулалтыг хэрэглэх боломж шүүгдэгчийн бүх гэмт хэрэг илэрч, тогтоогдоогүй тохиолдолд мөрдөгч, прокурорын хувьд хязгаарлагдмал байдаг.
Нэг ижил зүйл, хэсгээр зүйлчлэгдэх хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн талаараа мөрдөн шалгах, хяналт тавих эрх бүхий албан тушаалтанд мэдэгдсэн, энэ талаарх мэдээлэл, баримтыг гарган өгсөн тохиолдолд прокурор тэдгээр үйлдлүүдийг нэгтгэж, нэг яллах дүгнэлтээр хэргийг шийдвэрлүүлэх үүрэгтэй ба энэ хүрээнд ял оногдуулах нь гагцхүү гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдэд шударгаар ял оногдуулах зорилгод суурилж, шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүй байхад чиглэнэ.
Харин өөр зүйл, хэсэгт хамаарах хэргүүдийг нэг, эсхүл хэд хэдэн шийтгэх тогтоолоор шийдвэрлэхэд аль ч тохиолдолд ашигтай байдлын асуудал хөндөгдөхгүй бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлд зааснаар нэмж нэгтгэх боломжтой.
4.Баянзүрх дүүргийн прокурорын газраас Э.Н-ыг хуурамч баримт бичиг үйлдэж, ашиглан бусдыг залилсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1, 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд гэмт хэрэгт холбогдуулан 2023 оны 02 дугаар сарын 03-ны өдөр 154 дугаартай яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн ба шүүгдэгч Э.Н, түүний өмгөөлөгч А.Энхбуйр нараас “ижил зүйлчлэл бүхий тусдаа эрүүгийн хэрэг Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжсэнтэй холбогдуулан тус хэрэгтэй хамтад нь шийдвэрлүүлэх” хүсэлт (3 дугаар хавтаст хэргийн 115 дахь тал) гаргажээ.
Тус хүсэлтдээ Баянгол дүүргийн прокурорын газрын 2021 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 417 дугаартай Э.Н-ыг 2013 оны 11 дүгээр сараас 2019 оны 05 дугаар сарын хооронд бусдыг залилж, их хэмжээний хохирол учруулсан гэх хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар зүйлчлэн үйлдсэн яллах дүгнэлт (3 дугаар хавтаст хэргийн 144-201 дэх тал)-ийг хавсарган өгсөн байна.
Улмаар 2023 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн урьдчилсан хэлэлцүүлгээр шүүгдэгч, түүний өмгөөлөгч нарын гаргасан хүсэлтийг хүлээн авч, хэргийг прокурорт буцаасан ба Баянзүрх дүүргийн прокурорын газарт хэргийг 2023 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч, 2023 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 121 дүгээр тогтоолоор шүүхээс буцсан хэрэгт нэмэлт ажиллагаа хийлгүүлэхээр шилжүүлсэн боловч шүүгчийн захирамжид заасан ажиллагааг хийлгүйгээр мөн сарын 15-ны өдөр дахин яллах дүгнэлт үйлдэн (3 дугаар хавтаст хэргийн 205 дахь тал) хэргийг шүүхэд ирүүлжээ.
Э.Н-аас “Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжаар түдгэлзүүлсэн хэргийг нэгтгүүлэх”-ээр урьдчилсан хэлэлцүүлэг явуулах хүсэлт гаргаж, дурдсан шүүгчийн захирамжийг хавсарган өгснийг шүүх хүлээн авахаас татгалзан, яллагдагчийг шүүхэд шилжүүлсэн боловч энэ талаарх үндэслэлээ захирамждаа огт тусгаагүй байна.
Улмаар шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцээд түүнийг прокуророос ялласан зүйл, хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцон, ял шийтгэснийг давж заалдах шатны шүүх хэвээр үлдээснээр түүний эрх зүйн байдал дордох үндэс болжээ.
Шүүгдэгчийн хувьд прокурор, шүүхийн шатанд өөрт холбогдох ижил зүйл, хэсэг бүхий хоёр тусдаа хэргийг нэг шийтгэх тогтоолоор шийдвэрлүүлэх хүсэлтэй байгаагаа удаа дараа илэрхийлж, холбогдох баримтуудыг гарган өгсөөр ирсэн боловч прокурор, анхан болон давж заалдах шатны шүүх үндэслэлгүйгээр хүлээн авахаас татгалзсан, тус тусын шийдвэрүүддээ энэ талаар дүгнэлгүй орхигдуулсан нь оролцогчийн эрхийг ноцтой зөрчиж, эрх зүйн байдал нь дордох нөхцөлийг бүрдүүлсэн байна гэж хяналтын шатны шүүхээс дүгнэв.
5.Монгол Улсын шүүхийн тухай хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиудаас гадна Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2021 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 29 дүгээр тогтоолоор баталсан “Шүүхийн шийдвэр боловсруулах журам, аргачлал”-аар шүүхийн шийдвэрт тавигдах шаардлагуудыг журамласан бөгөөд шат шатны шүүхүүд шийдвэрүүдээ үүнд нийцүүлэн гаргах үүрэгтэй.
Учир нь шүүх аливаа хуулийг хэрэглэх замаар хэргийг хянан шийдвэрлэхдээ хуульд тулгуурласан үндэслэлээ зөвтгөх, түүнийгээ тайлбарлах үүрэг хүлээдэг бөгөөд энэ нь хэргийн оролцогчийн “шударга шүүхээр шүүлгэх” эрхийн баталгаа болохоос гадна хууль дээдлэх ёсны нэгэн хэсэг болно.
Шүүх нэг талаас гэмт хэргийн улмаас хохирол хүлээсэн этгээдийн зөрчигдсөн эрхийг сэргээн эдлүүлэх, нөгөө талаас гэмт хэрэгт холбогдсон хүн, хуулийн этгээдийн гэмт хэрэг үйлдсэнийг тогтоосноор халдашгүй чөлөөтэй байх эрхийг хязгаарладаг. Ингэснээр шүүхээс тогтоож буй үйл баримт, оногдуулж буй ял зэрэг нь бүхэлдээ нотлох баримтад үндэслэгдэх ёстой.
Оролцогч өөрийн талыг хамгаалсан баримт сэлт, мэдээллийг гаргаж өгөх, түүнийгээ үнэлүүлэх, хэрэгт ач холбогдолтой бусад байдлуудыг тогтоолгох талаар хүсэлт, гомдол гаргах эрхийг нь хангаж, үүнийг нь хэрхэн шийдвэрлэсэн талаар шүүхийн шийдвэрт заавал тусгах ёстой бөгөөд энэ нь шүүх хуульд захирагдаж, түүнд нийцсэн шийдвэр гаргасныг илэрхийлэхээс гадна гомдолд үндэслэл бүхий хариу өгч, “шударга шүүхээр шүүлгэх” эрх хангагдах ач холбогдолтой.
Шүүхийн шийдвэрийг үндэслэгээтэй гаргах нь талуудад ойлгомжтой, хүлээн зөвшөөрөгдөхүйц байхаас гадна шүүн таслах ажиллагааны дур зоргоос сэргийлэх баталгаа болдог байна. Энэ нь:
Нэгдүгээрт, үндэслэгээг гаргахын тулд шүүгчээс талуудын тайлбар үндэслэлийг сонсож, зохих үнэлэлт дүгнэлт өгөх, шийдвэрийг зөвтгөж, хууль ёсны болгох үндэслэлийг заавал олж тогтоохыг шаарддаг.
Хоёрдугаарт, нийгмийн зүгээс шүүхийн үйл ажиллагаа, хууль зүйн хэм хэмжээг ойлгох, ямар хэрэгт ял шийтгэгдэж байгаагаа мэдэх бололцоог бүрдүүлнэ.
5.1.Анхан шатны шүүх шүүгдэгч Э.Н-ыг бусадтай бүлэглэн үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн гэрчилгээг хуурамчаар үйлдэж, тус баримт бичгийг ашиглан хохирогч Э.С-г залилсан, мөн “Г” зарим гишүүд нь бүрэн хариуцлагатай нөхөрлөлийн эрх олгосон, үүргээс чөлөөлсөн баримт бичгийг хуурамчаар үйлдэж, тус нөхөрлөлийн эд хөрөнгийг бусдад худалдан хохирол учруулсан гэмт хэргийн үйл баримт нь зөвхөн үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн гэрчилгээг хуурамчаар үйлдэж, хохирогч Э.С-г залилсан гэх хэрэгт хамааралтай нотлох баримтуудаар бүхэлдээ нотлогдсон мэтээр дүгнэсэн нь “үндэслэл бүхий байх” хуулийн шаардлагыг хангахгүй болно.
Тодруулбал, хохирогч “Г” зарим гишүүд нь бүрэн хариуцлагатай нөхөрлөлд хохирол учруулсан гэх хэрэгт хамааралтай ямар нотлох баримтуудыг шинжлэн судалсан, шүүхээс тогтоосон үйл баримт нь хэрэгт авагдсан ямар нотлох баримтаар нотлогдсон болох, нотлох баримтын агуулга, түүнд хийсэн хууль зүйн дүгнэлтийг огт тусгаагүй байна.
5.2.Давж заалдах шатны шүүх шүүгдэгчийн гаргасан давж заалдах гомдлоор хэргийг хянан хэлэлцэж гаргасан 502 дугаар магадлалын “тодорхойлох” хэсэгт бичигдсэн Э.Н нь хуурамч баримт бичиг үйлдсэн, түүнийгээ ашиглаж хохирогч “Г” зарим гишүүд нь бүрэн хариуцлагатай нөхөрлөл, Э.С нарыг залилж хохирол учруулсан, хэргийн үйл баримтыг тогтоосон нотлох баримт, түүний агуулга нь анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт бичигдсэнтэй үг, үсгийн зөрүүгүй байх тул үүнийг давж заалдах шатны шүүхийн өөрийн хийсэн дүгнэлт гэхэд учир дутагдалтай болжээ.
Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүх шүүгдэгч Э.Н-ын хохирогч Э.С-г залилж, хохирол учруулсан гэх хэргийн нотлох баримтуудыг л шийтгэх тогтоолдоо тусгасан алдааг илрүүлж, хуульд заасан бүрэн эрхийн дагуу шийтгэх тогтоолыг хүчингүй болгох байтал шийтгэх тогтоолыг хуулбарлах байдлаар үйл баримтын дүгнэлтийг хийж, өөрчлөлт оруулж шийдвэрлэсэн нь магадлалын хувьд мөн адил шүүхийн шийдвэрийн хуулиар тогтоосон шаардлага үгүйсгэгдэж байна.
5.3.Давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч П.Гансүхээс “шүүгдэгчид холбогдох хэргүүдийг нэгтгэх, мөн 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулах” тайлбар гаргасны дагуу прокурор дүгнэлтдээ Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулаагүй талаарх үндэслэлээ дурдсан, мөн илтгэгч шүүгчээс ч “2019 оны үйлдэл нь 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдана шүү дээ, та яагаад хамрагдахгүй гэж үзэж байна вэ, анх удаа гэмт хэрэг үйлдсэн хүн хамрагдана гэсэн хязгаарлалт байхгүй” гэж хэлсэн нь шүүх хуралдааны тэмдэглэл (4 дүгээр хавтаст хэргийн 41 дэх тал)-д тусгагджээ.
Гэвч магадлалын 9 дүгээр хуудаст “шүүгдэгч Э.Н-аас “...Өршөөлийн хуульд хамруулаагүй, нэг шийтгэх тогтоолоор шийдэх ёстой байсан хэргийг 3 шийтгэх тогтоол болгон шийдвэрлэж байгаад гомдолтой байна. Иймд шийтгэх тогтоолуудыг нэгтгэн шийдвэрлэж өгнө үү. ...” гэх агуулга бүхий давж заалдах гомдол гаргасныг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ” гэж дурдаад, залилах гэмт хэргийн үндсэн шинж, тогтоосон хэргийн үйл баримт, оногдуулсан ял, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх тухай заалтад өөрчлөлт оруулсан үндэслэлээ дурдсан байна.
Харин “хэргийг нэгтгүүлэн нэг шийтгэх тогтоолоор шийдвэрлүүлэх” талаарх гомдлыг ямар шалтгаанаар хэрэгсэхгүй болгосон талаарх хууль зүйн үндэслэл магадлалд огт дүгнэгдээгүйгээс гадна шүүгдэгчид оногдуулсан ялыг ямар үндэслэлээр Өршөөл үзүүлэх тухай хуульд зааснаар өршөөн хэлтрүүлээгүй, хасаагүй болохоо үндэслэлтэйгээр тайлбарлаж чадаагүй, хэрэгт буй тодорхой баримтад холбогдох хуулийг өөрөө хэрэглэн дүгнэлт хийхээс зайлсхийсэн гэж үзэхээр байна.
5.4.Шийтгэх тогтоол, магадлал дахь шүүгдэгчийн биеийн байцаалт хэсэгт “Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 311 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар 8 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэгдсэнийг Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн 2021/ДШМ/27 дугаар магадлалаар бүхэлд нь хүчингүй болгосон” хэмээн хоорондоо огт хамааралгүй шүүхийн шийдвэрүүдийг бичсэн байна.
Түүнээс гадна шийтгэх тогтоолын 5 дугаар талд “Г” зарим гишүүд нь бүрэн хариуцлагатай нөхөрлөлийн нэрийг “Г-тай холбоотой баримууд” гэж алдаатай бичсэн, давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааны тэмдэглэлд илтгэгч шүүгчийн асуусан асуултыг шүүгдэгч асуусан мэтээр, оролцогч нарын хэн нь асуулт асуусан болох нь ойлгомжгүй байдлаар тусгажээ.
Шүүхийн шийдвэрийн үндэслэгээ нь хүний эрхийн зарчмуудыг баримталсны тусгал болдог бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хугацаа, хурд, ачаалал зэрэг хүчин зүйлийн улмаас хэрэг, маргааныг зохих ёсны үндэслэлгүй шийдвэрлэж үл болно.
Дээр дурдсанчлан үүрэгт ажилдаа хэт хайнга хандсан алдаа гаргасныг буруутган дүгнэж, цаашид анхаарах нь зүйтэй болохыг тэмдэглэж байна.
6.Хяналтын шатны шүүхээс дээрх үндэслэлүүдээр шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгохоор тогтсон бөгөөд ийнхүү хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцэхтэй холбогдуулан шүүгдэгчийн хуурамч баримт бичиг үйлдсэн гэх асуудал нь залилах гэмт хэргийн аргад хамаарч, тус зүйл хэсгээр зүйлчлэх эсэх, шүүгдэгчийг Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулах эсэх, хуульд заасан хөөн хэлэлцэх хугацааны дотор яллагдагчаар татсан эсэх, мөн шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэхэд хамтран оролцсон хэлбэр буюу хатгагч, гүйцэтгэгч, хамжигчийн аль нь болох зэрэг асуудалд хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт өгөх нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:
2.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хяналтын шатны шүүхийн тогтоол эцсийн шийдвэр байх ба уг тогтоолд гомдол гаргахгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Б.БАТЦЭРЭН
ШҮҮГЧ Б.АМАРБАЯСГАЛАН
С.СОЁМБО-ЭРДЭНЭ
Ч.ХОСБАЯР
Б.ЦОГТ