Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 08 сарын 02 өдөр

Дугаар 221/МА/2020/0522

 

      “ЭУ” ХХК-ийн нэхэмжлэлтэй

      захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Баатархүү даргалж, шүүгч Э.Лхагвасүрэн, шүүгч Н.Долгорсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Улаанмуна, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Ц, түүний өмгөөлөгч Н.Б, Н.А, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Э нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 443 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн давж заалдах гомдлоор, “ЭУ” ХХК-ийн нэхэмжлэлтэй, АМГТГКХ-ийн даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Н.Долгорсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 443 дугаар шийдвэрийн 1 дэх заалтаар: Ашигт малтмалын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, 26 дугаар зүйлийн 26.3, 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан нэхэмжлэгч “ЭУ” ХХК-ийн нэхэмжлэлийн зарим хэсэг болох “ЭУ” ХХК-ийн эзэмшлийн ашигт малтмалын хайгуулын XV-009177 дугаартай тусгай зөвшөөрлийн хугацаа дуусгавар болсныг кадастрын бүртгэлийн санд 2019 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсэг болох “ЭУ” ХХК-ийн гаргасан ашиглалтын тусгай зөвшөөрөл олгохыг хүссэн хүсэлтийг холбогдох материалын хамт хүлээн авч, хуулийн дагуу шийдвэрлэхийг АМГТГКХ-т даалгах” шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

2 дахь заалтаар: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 50 дугаар зүйлийн 50.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан хариуцагчаас 35,100 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчээс илүү төлсөн 140,400 төгрөгийг буцаан олгож” шийдвэрлэжээ.

Хариуцагч болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас давж заалдах гомдолдоо: “ ... Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 443 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасныг үндэслэн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж байна.

Нэг. Шүүх шийдвэрийнхээ Үндэслэх хэсэгт “...Дээрхээс үзвэл нэхэмжлэгч хуулийн этгээд нь XV-009177 дугаартай хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусгавар болохоос өмнө АМГТГКХ  шинжээч томилох, тайлан хэлэлцүүлэх талаарх захиргааны байгууллагын үйл ажиллагаа хийгдэж байгаа тухай мэдэгдсэн байх тул ашигт малтмалын хайгуулын XV-009177 дугаартай тусгай зөвшөөрлийн хугацааг кадастрын бүртгэлийн системд дуусгавар болгохгүй байх боломжтой байжээ” гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй болсон гэж үзэж байна.

Ашигт малтмалын тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1-д “Хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл дараахь тохиолдолд дуусгавар болно”, 53.1.1-д “Тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацаа дууссан” гэж заасныг үндэслэн Кадастрын хэлтэс нь хуульд заасан үүргийнхээ дагуу ашигт малтмалын хайгуулын XV-009177 дугаартай тусгай зөвшөөрлийн хугацааг 2019 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр дуусгавар болгосон байна.

Хоёр. Шүүх шийдвэрийнхээ Үндэслэх хэсэгт “...2016 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 539 дүгээр шийдвэр гарах хүртэлх хугацаанд нэхэмжлэгч нь тусгай зөвшөөрөл эзэмшигчийн эрхээ бодитой хэрэгжүүлж, үйл ажиллагаа явуулах боломжгүй нь тодорхой бөгөөд хариуцагч захиргааны байгууллага 2016 оны 07 дугаар сарын 27-ны өдөр гаргасан шийдвэртээ хугацааг “2016 оны 04 дүгээр сарын 05-ны өдрөөс 2019 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр...” гэж заасан нь Ашигт малтмалын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.5-д “Энэ хуульд заасан нөхцөл, шаардлагыг хангасан тохиолдолд ...тусгай зөвшөөрлийн хугацааг 3 жилийн хугацаагаар ...сунгуулах” гэж заасантай нийцээгүй байна” гэж дүгнэжээ.

Анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэх явцад нэхэмжлэгчээс гаргасан 2016 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 539 дүгээр шийдвэрт холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг хуулийн хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн гэж дүгнэн хүлээн авахаас татгалзсан шүүгчийн захирамж гаргасан атлаа дээр дурдсан 2016 оны Кадастрын хэлтсийн даргын шийдвэрийг үндэслэн дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэлгүй болсныг харуулж байна.

Захиргааны хэргийн шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хянан шийдвэрлэх ёстой атал, нэхэмжлэгчийн нэхэмжлэл гаргаагүй асуудлаар дүгнэлт хийн шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй болсон.

Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 443 дугаар шийдвэрийн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хангасан хэсгийг хүчингүй болгож, “ЭУ” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

      ХЯНАВАЛ:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар хариуцагч болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хянаад, дараах үндэслэлээр шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэлээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг тодруулаагүйн улмаас хэргийн үйл баримтад холбогдох нотлох баримтыг бүрэн цуглуулалгүй, хэргийн бодит нөхцөл байдалд үндэслэл бүхий дүгнэлт хийх боломжгүй байдлаар хэргийг шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

Нэхэмжлэгчээс “Т аймгийн Б сумын нутагт орших ИБ нэртэй 78.52 гектар талбай бүхий ашигт малтмалын хайгуулын XV-009177 дугаар тусгай зөвшөөрлийг дуусгавар болгон бүртгэсэн бүртгэл болон ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг хүлээн авч зохих журмын дагуу шийдвэрлэж өгнө үү” гэх шаардлага бүхий нэхэмжлэлийг 2019 оны 08 дугаар сарын 16-ны өдөр гаргасныг шүүхээс нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангуулахаар хугацаа тогтоожээ.

Улмаар нэхэмжлэгчээс 2019 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр “АМГТГ-ын 2019 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 7/3057 дугаар албан бичгийн “ЭУ” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож, захиргааны акт гаргахыг даалгуулах” гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон боловч нэхэмжлэлийн эцэст “Т аймгийн Б сумын нутагт орших ИБ нэртэй 78.52 гектар талбай бүхий ашигт малтмалын хайгуулын XV-009177 дугаар тусгай зөвшөөрлийг дуусгавар болгон бүртгэсэн бүртгэл болон ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг хүлээн авч зохих журмын дагуу шийдвэрлэж өгнө үү” гэж анх шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа хэвээр нь бичсэн байна.

Анхан шатны шүүх “АМГТГ-ын 2019 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 7/3057 дугаар албан бичгийн “ЭУ” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож, захиргааны акт гаргахыг даалгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлээр 2019 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 6537 дугаар захирамжаар захиргааны хэрэг үүсгэжээ.

Тодруулбал, шүүх анх захиргааны хэрэг үүсгэхдээ нэхэмжлэлийн шаардлагыг сайтар тодруулалгүй хэрэг үүсгэснээс маргааны үйл баримтыг зөв тодорхойлох, шүүхэд хандах хуулийн хөөн хэлэлцэх хугацааг хэрхэн тооцох, нэхэмжлэгчийн хүчингүй болгохоор маргаж буй 7/3057 дугаар албан бичиг нь захиргааны актын шинжийг агуулж байгаа эсэх, хариуцагчаас  XV-009177 дугаартай хайгуулын тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон, эсхүл цуцалсан аливаа нэгэн захиргааны акт гаргасан эсэхэд бодитой, үндэслэл бүхий дүгнэлтийг хийж, хэргийг нэг мөр  шийдвэрлэх боломжгүй байдлыг бий болгожээ гэж дүгнэхээр байна.

Шүүх “ “...2016 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 539 дүгээр шийдвэр гарах хүртэлх хугацаанд нэхэмжлэгч нь тусгай зөвшөөрөл эзэмшигчийн эрхээ бодитой хэрэгжүүлж, үйл ажиллагаа явуулах боломжгүй нь тодорхой бөгөөд ... тусгай зөвшөөрлийн хугацааг 3 жилийн хугацаагаар ...сунгуулах” гэж заасантай нийцээгүй байна, ... тусгай зөвшөөрлийн хугацаа дуусгавар болохоос өмнө ... шинжээч томилох, тайлан хэлэлцүүлэх талаарх захиргааны байгууллагын үйл ажиллагаа хийгдэж байгаа тухай мэдэгдсэн байх тул ... тусгай зөвшөөрлийн хугацааг кадастрын бүртгэлийн системд дуусгавар болгохгүй байх боломжтой байжээ” гэж дүгнэн  “ЭУ” ХХК-ийн эзэмшлийн ашигт малтмалын хайгуулын XV-009177 дугаартай тусгай зөвшөөрлийн хугацаа дуусгавар болсныг кадастрын бүртгэлийн санд 2019 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгож шийдвэрлэжээ. 

Мөн “...XV-009177 дугаартай тусгай зөвшөөрлийг зохих журмын дагуу сунгахыг даалгасан Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 852 дугаар шийдвэрээр тус тусгай зөвшөөрлийн эзэмших эрхийг сэргээж, үүнийг үндэслэн АМГГУУКХ-ийн даргын 2016 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 539 дүгээр шийдвэрээр тусгай зөвшөөрлийн хугацааг 2016 оны 04 дүгээр сарын 05-ны өдрөөс 2019 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийг дуустал 3 жилийн хугацаагаар сунгаж, энэ талаар нэхэмжлэгчид мэдэгджээ” гэж шийдвэрийн Үндэслэх хэсэгтээ  заажээ. 

Үүнээс дүгнэхэд шүүхийн шийдвэрээр XV-009177 дугаартай тусгай зөвшөөрлийн эзэмших эрхийг сэргээхдээ хариуцагчийн 2016 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 539 дүгээр шийдвэрээр уг тусгай зөвшөөрлийн хугацааг 2016 оны 04 дүгээр сарын 05-ны өдрөөс 2019 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийг дуустал хугацаагаар сунгасныг талууд мэдэж байсан, тухайн үед хугацааны талаар нэхэмжлэгчээс маргаагүй атлаа 3 жил гаруй өнгөрсний дараа буюу 2019 оны 08 дугаар 16-ний өдөр шүүхэд анх нэхэмжлэл гаргасан нь ойлгомжгүй байна.  

Түүнчлэн шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2020 оны 05 дугаар сарын 25-ны өдөр нэхэмжлэгчээс “2016 оны 04 дүгээр сарын 05-ны өдрөөс 2016 оны 07 дугаар сарын 27-ны өдөр хүртэл эзэмшээгүй алдсан 113 хоногийн тусгай зөвшөөрөл эзэмших эрхийг нөхөж олгохыг АМГТГКХ-т  даалгаж өгнө үү” гэж нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлснийг хуулийн хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн гэж дүгнэн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.8-д заасныг баримтлан хүлээн авахаас татгалзсан атлаа АМГГУУКХ-ийн даргын 2016 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 539 дүгээр шийдвэрийг үндэслэн дүгнэлт хийж, “...XV-009177 дугаартай тусгай зөвшөөрлийн хугацаа дуусгавар болсныг кадастрын бүртгэлийн санд 2019 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгох” шаардлагыг хангаж шийдвэрлэжээ. 

Ашигт малтмалын тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1 дэх хэсэгт хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл дуусгавар болох тохиолдлуудыг нэрлэн зааж,  53.1.1-д “Тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацаа дууссан” гэж заасан бөгөөд хариуцагчаас “хуульд заасан үүргийнхээ дагуу ашигт малтмалын хайгуулын XV-009177 дугаартай тусгай зөвшөөрлийн хугацаа 2019 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр дуусгавар болсныг мөн оны 04 дүгээр сарын 17-ны өдөр уул уурхайн кадастрын системд бүртгэсэн” гэж тайлбарласныг буруутгах боломжгүй байна.   

Учир нь Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д “Захиргааны акт гэж захиргааны байгууллагаас тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон амаар, бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр болон үйл ажиллагааг ойлгоно” гэж заасан бөгөөд энэ тохиолдолд тусгай зөвшөөрлийн хугацаа дуусгавар болсныг уул уурхайн кадастрын бүртгэлд бүртгэж байгаа нь захиргааны актын шинжийг агуулж байгаа эсэхийг нягтлан, нэхэмжлэлийн шаардлагыг тодруулах зайлшгүй шаардлагатай.

Давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг тодруулж, түүнд холбогдох нотлох баримтыг цуглуулах хууль зүйн боломжгүй тул шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг тодорхой болгосны үндсэн дээр маргаж буй актын хууль зүйн үндэслэл, түүнд өгөх тайлбар, нотлох баримтыг хэргийн нөхцөл байдалтай уялдуулан тайлбарлаж хэргийг дахин шийдвэрлэх шаардлагатай гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1, 121.1.4, 121.3.3, 121.3.4 дэх хэсгийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 29-ны өдрийн 443 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

                              ШҮҮГЧ                                                      Д.БААТАРХҮҮ

 

                              ШҮҮГЧ                                                      Э.ЛХАГВАСҮРЭН

 

                              ШҮҮГЧ                                                      Н.ДОЛГОРСҮРЭН