Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 09 сарын 07 өдөр

Дугаар 664

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Батбаатар даргалж, тус шүүхийн хуралдааны 2 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Т.С, 

Хариуцагч: Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газар 

Гуравдагч этгээд: Б.Б 

Нэхэмжлэлийн шаардлага: “Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2017 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн А/**3 тоот тушаалыг хүчингүйд тооцуулах” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Т.С, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.У, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Б, гуравдагч этгээдийн өмгөөлөгч П.Ц, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхжин нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Т.С шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:  “...Т.С нь "Л " ХХК-ийг үүсгэн байгуулж 3 тэрбум төгрөгний үнэ бүхий төмрийн үйлдвэр байгуулсан. Улмаар түүхий эд авах зорилгоор Б гэдэг хүнээс 600.000.000 төгрөгийн зээл авсан ба Бгийн шаардсанаар нөхрийнх нь дүү болох Б.Б гэдэг хүнд компанийн эрхийг барьцаалсан.

Улмаар М*****ийн 1000 тн хаягдал төмрөөр арматур үйлдвэрлэж 900.000.000 төгрөгийг Б, Б.Б , Б.Б нар авч зээлийн гэрээ дуусгавар болж барьцаа чөлөөлөгдөх шаардлага үүссэн. Б.Б нь өөрийнх нь ах Б.Бөд компанийн эрхийг шилжүүлж барьцааг чөлөөлөхөөс татгалзсан болно. Компанийн эрхтэй холбоотой маргаан Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх, Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд хянагдаж байгаа ба Чингэлтэй дүүргийн цагдаагийн газарт Б.Б, Б.Б******* нарын залилан мэхэлсэн үйлдлээр нь шалгаж байна.

Гэтэл шүүхэд маргаан хянагдаж Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 102/Ш32017/02810 тоот захирамжийн тогтоох "...тус компанийн хувьцааг бусдад шилжүүлэх,...эрхийг хориглож, шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулсугай” гэж заасныг зөрчсөн тушаал гаргасан. Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газар нь шинээр батлагдсан хууль тогтоомжийг огт мэддэггүйгээс болж нэхэмжлэгчийн хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн...” гэжээ.

Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.У, Б.Г нар шүүхэд ирүүлсэн тайлбартаа: 

“Иргэн Б.Бөөс тус газарт хандан ирүүлсэн хүсэлтийн дагуу хянахад дараах байдлууд тогтоогдсон болно.Үүнд:

1.Л ХХК нь анх 2013 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр улсын бүртгэлийн 90******16 дугаарт, хуулийн этгээдийн 56****8 регистртэйгээр бүртгэгдсэн байх бөгөөд компанийн 100%-ийн хувьцаа эзэмшигчээр иргэн Т.С /ХЙ84****38/ бүртгэгдэж байсан байна. 

2. Л ХХК-ийн 100%-ийн хувьцааг 2015 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Хувьцаа худалдах, авах гэрээ, компанийн эрх шилжүүлэх гэрээ зэргийг үндэслэн компанийн 100%-ийн хувьцаа эзэмшигчээр иргэн Б.Б бүртгэгдсэн байна.

3. Л ХХК-ийн 100%-ийн хувьцааг 2016 оны 03 дугаар сарын 14-ний компанийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээ, компанийн эрх шилжүүлэх гэрээ зэргийг үндэслэн компанийн 100%-ийн хувьцаа эзэмшигчээр иргэн Б.Б  бүртгэгдсэн байна.

4. Л ХХК-ийн 100%-ийн хувьцааг 2016 оны 07 дугаар сарын 4-нийөдрийн Нийслэлийн Баянзүрх дүүргийн тойргийн нотариатч /279 хувийн дугаартай/-гэрчилсэн компанийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээг үндэслэн компанийн 100%-ийн хувьцаа эзэмшигчээр иргэн Т.С  бүртгэгдэж, улсын бүртгэлийн 000****03 дугаартай гэрчилгээг шинээр олгож, Т.Сийг гүйцэтгэх захирлаар томилсныг тус тус улсын бүртгэлд улсын бүртгэгч Б.А 2016 оны 07 дугаар сарын 07-ны өдөр бүртгэсэн байх бөгөөд ийнхүү улсын бүртгэлд бүртгэхдээ дараах баримт бичгийг үндэслэсэн байна.

 Үүнд: УБ-05 маягт, Л ХХК-ийн хувьцаа эзэмшигчийн шийдвэр /энэхүү шийдвэрийн 1 дэх хэсэгт компанийн 100%-ийн хувьцааг Т.Сид шилжүүлэх, 2 дахь хэсэгт компанийг дүрмийг батлах, 3 дахь заалтад зохих материалыг бүрдүүлэн УБСЕГ-ын Хуулийн этгээдийн бүртгэлийн газарт бүртгүүлэх талаар заасан байна/, "Л" ХХК-ийн шинэчилсэн дүрэм, Нийслэлийн Баянзүрх дүүргийн тойргийн нотариатчийн гэрчилсэн компанийн эрх шилжүүлэх гэрээ /гэрээний дугаар 715/, Нийслэлийн Баянзүрх дүүргийн тойргийн нотариатчийн гэрчилсэн компаний хувьцаа худалдах, худалдан авах гэрээ /гэрээний дугаар 716/, Шуурхай зар сонинд 2016 оны 07 дугаар сарын 06-ны өдөр зар өгсөн талаар баримт, Л ХХК-ийн мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг улсын бүртгэлд 2016 оны 07 дугаар сарын 07-ны өдөр бүртгэхэд үндэслэсэн нотариатчийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээ, компанийн эрх шилжүүлэх гэрээ зэрэг нь хуурамч болох нь дараах байдлаар тогтоогдсон болно.

Л ХХК-ийн 100%-ийн хувьцаа эзэмшигч Б.Бийн тус газарт хандан гаргасан хүсэлтийн 1-ийн “Д” хэсэгт өргөдөл гаргах эрхгүй этгээд хуурамч бичиг баримт үйлдэж бүртгэл хийлгэсэн.

Нийслэлийн Баянзүрх дүүргийн тойргийн нотариатч /хувийн дугаар 279/ Л.Х тус газарт гаргасан тайлбартаа “Миний бие Л овогтой Х Баянзүрх дүүргийн тойргийн ,,,, дугаартай нотариатч билээ.

Гэтэл 2016 оны 07 дугаар сарын 04-ний өдөр компанийн эрх шилжүүлэх гэрээг хийсэн талаар иргэн Б.Бийн гомдлоор Баянгол дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэс, мөн тус газрын хэлснээр намайг хийсэн эсэх талаар надаас тодруулга авахад нь би уг гэрээг хийгээгүй гэдгийг хэлж, нотлох баримтаа өгсөн болно.

Уг хийсэн гэрээг би хийгээгүй, мөн тамга тэмдгийг хуурамчаар хийсэн ба баталгааны тэмдэг дээрх миний гарын үсэг нь миний гарын үсэг биш байна.

Мөн тухайн өдөр буюу 2016 оны 07 дугаар сарын 04-нд 715, 716 дугаартай гэрээ хийгдээгүй болно” гэжээ.

Баянзүрх дүүргийн нотариатч /279 хувийн дугаартай/ Л.Хы гэрээний бүртгэлийн дэвтэрт үзлэг хийхэд 2016 оны 07 дугаар сарын 04-ний өдөр 2914-2926 дугаартай гэрээнүүд бүртгэгдсэн байна.

Хүсэлт гаргагч Б.Бийн тус газарт гаргасан хүсэлтэд хавсарган өгсөн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 3 дугаар сарын 7-ны өдрийн 1301 дугаартай дүгнэлтийн дүгнэх хэсгийн 2-т Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн бүртгэлийн архивт хадгалагдаж буй “Л” ХХК-ийн 2016 оны 7 дугаар сарын 4-ний өдрийн “Компанийн эрх шилжүүлэх гэрээ”-ний доод хэсэг, “Гэрээг үйлдсэн” гэсний дээр байх тамганы дардас нь шинжилгээнд харьцуулах загвараар ирүүлсэн 279 дугаартай нотариатчийн тамганы дардасны загваруудтай тохирохгүй байна” гэсэн байна.

Л” ХХК-ийн мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг тус газрын хуулийн этгээдийн улсын бүртгэлд 2016 оны 07 дугаар сарын 07-ны өдөр бүртгэсэн Бүртгэлээр компанийн гүйцэтгэх захирал Б.Бийг өөрчлөн Т.Сийг Гүйцэтгэх захирлаар бүртгэсэн байх бөгөөд энэ талаарх эрх бүхий этгээдийн шийдвэр, нотлох баримт хувийн хэрэгт авагдаагүй байна.

Л ХХК-ийн мэдээлэлд оруулсан өөрчлөлт /Компанийн тус газрын  100 хувийн хувьцаа эзэмшигч Б.Бийг өөрчилж Т.Сийг бүртгэсэн, компанийн гүйцэтгэх захирлаар Т.Сийг бүртгэсэн, компанийн улсын бүртгэлийн гэрчилгээг шинээр дахин олгосон/-ыг улсын бүртгэлд 2016 оны 07 дугаар сарын 07-ны өдөр бүртгэсэн бүртгэлд  дараах хууль тогтоомжууд зөрчигдсөн байна гэж үзсэн болно.Үүнд:

Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 3.1.5-д ‘‘нотлох баримтад үндэслэж, хуульд заасан журмын дагуу хөтлөх”, 17.3-т “Улсын бүртгэлд бүртгүүлэхээр хүсэлт гаргаж байгаа этгээд нь бүртгүүлэхээр мэдүүлж байгаа эрхийн нотлох баримтыг бүрэн гүйцэд, үнэн зөв гаргаж өгөх үүрэгтэй. Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 11 дүгээр зүйлийн 11.5.2-д “Энэ хуулийн 5.3-5.5-д заасан улсын бүртгэл хийлгэх тухай хүсэлт, түүнд хавсаргасан нотлох баримт бичгийг авч хянан улсын бүртгэлд бүртгэх тухай шийдвэр гаргах”, 11.5.3-т “энэ хуулийн 11.5.2-т заасан нотлох баримт нь зөрчилтэй, бүрэн бус, холбогдох хуулийн заалтыг зөрчсөн бол улсын бүртгэлд бүртгэхээс татгалзах”, 11.5.12-т өөрийн гүйцэтгэсэн улсын бүртгэлийн хувийн хэргийн нотлох баримтын бүрдэл болон түүний үнэн зөвийг хуулийн өмнө хариуцах" гэж заасныг тус тус зөрчсөнийг тогтоож, Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын шийдвэрээр уг бүртгэлийг хүчингүй болгон шийдвэрлэсэн болно.

Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын А/**3 дугаар тушаал нь холбогдох хууль тогтоомжид нийцсэн гэж үзэж байна.

Иймд иргэн Т.Сийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэнэ үү” гэжээ.

Гуравдагч этгээд  Б.Бийн өмгөөлөгч  П.Ц шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Нэхэмжлэгчийн нэхэмжлэлдээ Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга 2017 оны 3 дугаар сарын 31-ний өдөр тушаал гаргахдаа чухам ямар хууль, журам зөрчсөн эсэх талаар ямар нэгэн үндэслэл, тайлбар дурдаагүй байгаа бөгөөд энэ нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуульд "захиргааны акт ... хууль бус ... болох нь тогтоогдвол түүнийг хүчингүй болгох" тухай заасан байдагтай нийцэхгүй байгаа юм.

Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2017 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн А/**3 дугаар тушаал нь Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4, Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 9-р зүйлийн 9.1.5 дахь заалтуудыг тус тус үндэслэл болгосон байдаг.

Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4-д Агентлагийн дарга энэ хууль болон холбогдох бусад хуулиар олгосон бүрэн эрхэд хамаарах асуудлаар тушаал гаргана" гэж, Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д Улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын дарга дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ гээд мөн зүйлийн 9.1.5 дахь хэсэгт “улсын бүртгэлийн байгууллагын албан хаагчийн үйл ажиллагаанд хяналт тавьж, түүний хууль зөрчсөн шийдвэрийг өөрчлөх, хүчингүй болгох" гэж тус тус заасан байгаа ба эндээс Оюуны өмч, улсын бүртгэлийн газрын дарга нь эрх хэмжээнийхээ хүрээнд хуулийн дагуу тушаал гаргасан гэж үзэхээр байна.

Нэхэмжлэлд дурдагдсан “Л” ХХК-ийг хэн үүсгэн, байгуулж, хэдэн төгрөгөөр үйлдвэр байгуулсан, хэнээс хэрхэн зээл авсан гэх мэт асуудлууд нь маргаан бүхий захиргааны актыг хүчингүй болгохтой ямар ч холбоогүй асуудал юм” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Т.Соос Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдуулан “Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2017 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн А/**3 тоот тушаалыг хүчингүйд тооцуулах” гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон болно .

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үндэслэн дараах нөхцөл байдлыг тогтоож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2017 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн А/**3 дугаар тушаалаар  “Л” ХХК-ийн хувьцаа эзэмшигч Б.Бийг өөрчлөн Т.Сийг бүртгэсэн, компанийн гүйцэтгэх захирал Б.Бийг өөрчлөн Т.Сийг бүртгэсэн, компанийн улсын бүртгэлийн гэрчилгээг шинэчлэн дахин олгосон бүртгэлийг тус тус хүчингүй болгож шийдвэрлэсэн байна. 

Тодруулбал, 2016 оны 07 дугаар сарын 07-ны өдөр Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн албаны улсын бүртгэгч УБ-05 маягт , “Л” ХХК-ийн хувьцаа эзэмшигчийн шийдвэр , “Л” ХХК-ийн шинэчилсэн дүрэм , нийслэлийн Баянзүрх дүүргийн тойргийн нотариатчийн гэрчилсэн компанийн эрх шилжүүлэх гэрээ , нийслэлийн Баянзүрх дүүргийн тойргийн нотариатчийн гэрчилсэн компанийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээ, шуурхай зар сонинд 2016 оны 07 дугаар сарын 06-ны өдөр зар өгсөн талаар баримт  зэргийг үндэслэн Т.Сийг Улсын бүртгэлийн 90******16 дугаартай, 56****8 регистрийн дугаартай “Л” ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигчээр бүртгэж, улсын бүртгэлийн 000****03 дугаартай гэрчилгээг шинээр олгожээ . 

Уг бүртгэлийг эс зөвшөөрч иргэн Б.Бөөс Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт хандан өргөдөл  гаргаснаар дээрх бүртгэлд Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 10 дугаар зүйлийн 10.5, Улсын бүртгэлийн хяналтын дүрмийн 2 дугаар зүйлийн 2.1.3, Оюуны өмч, Улсын бүртгэлийн үйл ажиллагаанд хяналт тавих журмын 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэгт заасныг баримтлан Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын Хяналтын газрын улсын ахлах байцаагч Ч.Э********, хяналтын улсын байцаагч Б.Г нар хяналт шалгалт явуулан 2017 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 637 дугаартай дүгнэлт  гаргажээ.

Оюуны өмч, Улсын бүртгэлийн ерөнхий газар нь хуулиар олгосон эрх хэмжээнийхээ хүрээнд хэм хэмжээний актад  заасныг баримтлан маргаан бүхий бүртгэлд хяналт, шалгалт хийж, нотлох баримт бүрдүүлэх эрхтэй байна. 

2017 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 637 дугаартай дүгнэлтээр  улсын бүртгэгч Б.Агийн “Л” ХХК-ийн  хувьцаа эзэмшигчээс Б.Бийг хасч Т.Сийг нэмсэн 2016 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн  бүртгэлд “...Л” ХХК-ийн  хувьцаа эзэмшигчийн шийдвэр, компанийн шинэчилсэн дүрэм, компанийн эрх шилжүүлэх гэрээ...” зэргийг хуурамчаар үйлдэн бүрдүүлж Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.5-д ‘‘нотлох баримтад үндэслэж, хуульд заасан журмын дагуу хөтлөх”, 17 дугаар зүйлийн 17.3-д “Улсын бүртгэлд бүртгүүлэхээр хүсэлт гаргаж байгаа этгээд нь бүртгүүлэхээр мэдүүлж байгаа эрхийн нотлох баримтыг бүрэн гүйцэд, үнэн зөв гаргаж өгөх үүрэгтэй. Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 11 дүгээр зүйлийн 11.5.2-д “Энэ хуулийн 5.3-5.5-д заасан улсын бүртгэл хийлгэх тухай хүсэлт, түүнд хавсаргасан нотлох баримт бичгийг авч хянан улсын бүртгэлд бүртгэх тухай шийдвэр гаргах”, 11.5.3-д “энэ хуулийн 11.5.2-т заасан нотлох баримт нь зөрчилтэй, бүрэн бус, холбогдох хуулийн заалтыг зөрчсөн бол улсын бүртгэлд бүртгэхээс татгалзах”, 11.5.12-т өөрийн гүйцэтгэсэн улсын бүртгэлийн хувийн хэргийн нотлох баримтын бүрдэл болон түүний үнэн зөвийг хуулийн өмнө хариуцах" гэж заасныг тус тус зөрчсөн  болох нь тогтоогдож байна.

Харин нэхэмжлэгч Т.С болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч өмгөөлөгч нараас “...Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга  2017 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн А/**3 дугаар тушаалыг гаргахдаа Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэгч Б.Бийн нэхэмжлэлтэй, Т.Сид холбогдох иргэний хэрэг хянагдаж байгаа бөгөөд тус шүүхийн шүүгчийн 2017 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 02810 дугаар шүүгчийн захирамжийн дагуу “Л” ХХК-ийн бүртгэлд шилжилт хөдөлгөөн хийхийг хориглосон байхад эрх нь зөрчигдсөн этгээдийг татан оролцуулахгүйгээр нэг талыг барьсан дүгнэлт гаргаж, бүртгэлийг хүчингүй болгосон...” зэрэг үндэслэлээр хүчингүй болгуулахаар маргаж байгаа нь үндэслэлгүй байна.

Учир нь бүртгэлд шилжилт хөдөлгөөн хийхийг хориглох, хууль бус бүртгэлийг хүчингүй болгуулах тухай ойлголтууд хоорондоо харилцан хамааралгүй эрх зүйн тусдаа ойлголт болно.

Түүнчлэн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн /2015 он/ 23 дугаар зүйлийн 23.3-д “Хуулийн этгээдийн эрх шилжүүлэх өөрчлөлтийг улсын бүртгэлд бүртгүүлэхэд дараах баримт бичгийг бүрдүүлнэ:” гээд 23.3.1-23.3.5-д “...баталсан маягтын дагуу гаргасан өргөдөл, үүсгэн байгуулах баримт бичигт өөрчлөлт оруулах тухай шийдвэр, үүсгэн байгуулах баримт бичигт оруулсан өөрчлөлт, шаардлагатай тохиолдолд итгэмжлэл...” гэж нэрлэн заасан баримт бичгийг хуурамчаар бүрдүүлсэн байхад бүртгэлийн байгууллагын эрх бүхий албан тушаалтан  2016 оны 07 дугаар сарын 07-ны өдөр иргэн Т.Сийг Улсын бүртгэлийн 90******16 дугаартай, 56****8 регистрийн дугаартай “Л” ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигчээр бүртгэж, улсын бүртгэлийн 000****03 дугаартай гэрчилгээг шинээр олгосон хууль бус болжээ. 

Иймд энэхүү бүртгэлийг хүчингүй болгосон Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4 дэх хэсэг, Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.5 дахь заалт, хяналтын улсын байцаагчийн 2017 оны 637 дугаартай дүгнэлт зэргийг үндэслэн гаргасан Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2017 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн А/**3 дугаар тушаал нь хууль зүйн үндэслэл бүхий эрх зүйн акт байх бөгөөд уг актыг улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй байна. 

Угтаа бол нэхэмжлэгч Т.С нь анхнаасаа “Л” ХХК-ийн үүсгэн байгуулах баримт бичигт Б.Бийг бүртгэсэн 2016 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн нэмэлт өөрчлөлтөд эрх бүхий байгуулага болон харьяалах шүүхэд гомдол гарган хуульд заасан боломжийг бүрэн ашиглах ёстой байсан болохыг дурьдах нь зүйтэй.

 

           Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлий 106.1, 106.3, 106.3.14 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:  

 

1.Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.5, 9 дүгээр зүйлийн 9.1.5, 11 дүгээр зүйлийн 11.5.12-т заасныг баримтлан нэхэмжлэгч Т.Соос Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдуулан гаргасан “Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2017 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн А/**3 тоот тушаалыг хүчингүйд тооцуулах” тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасныг үндэслэн нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг хэргийн оролцогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                     Л.БАТБААТАР