Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 06 сарын 27 өдөр

Дугаар 1230

 

 

 

 

 

 

 

 

 

 “ХХХХ” ХХК-ийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Т.Туяа, Ц.Ичинхорлоо нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 8212 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч “ХХХХ” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч ХХХ-т холбогдох

 

14 604 500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ХХХХ-ийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн,

Шүүгч Ц.Ичинхорлоогийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч    ХХХХ

                                                                         ХХХХ 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга     Ө.Ган-Өнөр нар оролцов.

 

Нэхэмжлэгч “ХХХХ” ХХК-ийн төлөөлөгч ХХХХХ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон итгэмжлэгдсэн төлөөлөгч ХХХХ шүүх хуралдаанд тайлбарлахдаа:

ХХХХХ нь “ХХХХ” ХХК-иас такси үйлчилгээний зориулалтаар 13-07 УНМ улсын дугаартай Хьюндай элентра маркийн автомашиныг түрээсэлдэг. ХХХХХ нь дээрх автомашинаар 2013 оны 12 дугаар сарын 22-ны өдөр ХХХ дүүргийн нутаг дэвсгэр, ХХХХ замаар хөдөлгөөнд оролцох үед ХХХ нь 30-56 УНМ улсын дугаартай “Хьюндай верна” маркийн автомашиныг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 7 дугаар зүйлийн 7.12-т заасныг зөрчсөний улмаас зам тээврийн осол гарсан.Уг зам тээврийн ослын улмаас “ХХХХ” ХХК-ийн өмчлөлийн 13-07 УНМ улсын дугаартай Хьюндай элентра маркийн автомашинд учирсан хохирлын хэмжээг хөрөнгийн үнэлгээний "ХХХХХ" ХХК 7 366 400 төгрөг гэж тогтоосон. Түрээслэгч иргэн ХХХХХ нь 13-07 УНМ улсын дугаартай Хьюндай элентра маркийн автомашины түрээсийн төлбөрт сард 660 000 төгрөгийг төлөх үүрэгтэй байсан бөгөөд 2013 оны 12 дугаар сарын 22-ны өдөр автомашинд эвдрэл учирч уг тээврийн хэрэгслээр таксийн үйлчилгээг хэвийн, аюулгүй гүйцэтгэх боломжгүй болсон бөгөөд өнөөг хүртэл хугацаанд уг тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцоогүй. Өөрөөр хэлбэл уг автомашины эвдрэл засагдаагүй. Зам тээврийн осол нь хариуцагч ХХХын буруутай үйлдлээс болсон нь удаа дараагийн шинжээчдийн дүгнэлтээр тогтоогдсон. Нэхэмжлэгч "ХХХХ" ХХК нь 13-07 УНМ улсын дугаартай, Хьюндай элентра маркийн автомашинд учирсан эвдрэл хохирол 7 366 400 төгрөг, үнэлгээний ажлын хөлс 98 000 төгрөг, тээвэрлэлтийн хөлс 70 000 төгрөг, прокурорын газрын архивын үйлчилгээний хураамжийн төлбөрт төлсөн 4 200 төгрөг, тээврийн хэрэгсэл саатуулах байрны төлбөр      5 000 төгрөг, нотариатын үйлчилгээний төлбөр 10 900 төгрөг, 2013 оны 12 дугаар сарын 22-ны өдрөөс 2014 оны 1 дүгээр сарын 29-ний өдрийг хүртэл хугацааны олох байсан орлого 840 000 төгрөг, нийт 8 394 500 төгрөгийг хариуцагч ХХХаас нэхэмжилсэн. Уг иргэний хэрэгт хариуцагч талын хүсэлтийн дагуу зам тээврийн осол дээр болон автомашины эвдрэлтэй холбоотой шинжээч томилогдон ажиллагаа түдгэлзсэн байсан тул манай байгууллагад нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэх боломж байгаагүй. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2014 оны 1 дүгээр сарын 29-ний өдрөөс 2014 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийг хүртэл буюу 9 cap, 13 хоногт олох байсан орлого 6 210 000 төгрөгийг нэхэмжилж, нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлсэн бөгөөд хариуцагч ХХХаас нийт 14 604 500 төгрөгийг нэхэмжилж байна гэжээ.

 

Хариуцагч ХХХ шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие нь 2013 оны 12 дугаар сарын 22-ны өдөр "ХХХХ" ХХК-ийн УНМ 13-07 улсын дугаартай автомашинтай мөргөлдөж, авто замын осол гарсан. "ХХХХ" ХХК-ийн нэхэмжилсэн 8.394.500 төгрөгөөс автомашины бодит хохирол 6 492 000 төгрөгийг төлөх буюу бусад нэхэмжилсэн мөнгийг хүлээн зөвшөөрөхгүй ба төлөхгүй. Одоо миний биеийн байдал хүнд, хэвтэрт байдаг, явж чаддаггүй, хүзүү хугарч, цус харвасан, нүдний ухархай цөмөрсөн, хугаралттай, тархиндаа харвалт өгсөн учир тууштай эмчилгээ хийлгэх шаардлагатай болсон. Миний бие хөдөлмөрийн чадвараа алдаж группт орсон, ам бүл гурвуулаа, төрсөн ах ХХХ, хагас өнчин дүү ХХХ-ийн хамт амьдардаг. Уг автомашины бодит хохирлыг боломжоороо төлж барагдуулна гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар хариуцагч ХХХаас 13 438 100 төгрөг гаргуулан нэхэмжлэгч "ХХХХ" ХХК-д олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 1 166 400 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч "ХХХХ" ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 230 982 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ХХХаас 225 140 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч "ХХХХ" ХХК-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч ХХХаас 150 000 төгрөг гаргуулан хөрөнгийн үнэлгээний "ХХХХХ" ХХК-д, 200 000 төгрөг гаргуулан Шинжлэх ухаан технологийн их сургуулийн ХХХ-т тус тус олгож шийдвэрлэсэн байна.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ХХХ давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийг оролцуулалгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн нь үндэслэлгүй гэж үзэж байна. Учир нь, 2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр шүүх хуралдаан болох үед хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ХХХХ-ийн бие тодорхой хугацааны туршид муу байсан, эмчийн байнгын хяналт доор байсан, 2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр шүүх хуралдаан болох үед харвалтын шинж илэрсэн зэргээс шалтгаалан шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгааны улмаас оролцох боломжгүй болж, биечлэн очиж хүсэлт гаргах боломжгүй байсан учир шүүгчийн туслах ХХХ-тэй утсаар холбогдон шүүх хуралдаанд оролцох боломжгүй байгаа тул шүүх хуралдааныг хойшлуулж өгөх хүсэлт гаргасан. Ийнхүү утасаар хүсэлт гаргахад шүүгчийн туслахын зүгээс хүсэлтийг хүлээн авсан тухай мэдэгдсэн. Гэтэл 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдөр ХХХ шүүгчийн туслахтай очиж уулзахад шүүгчийн туслахын зүгээс шүүх хуралдаан 11 дүгээр сарын 30-ны өдөр болж шийдвэр гарсныг мэдэгдэхэд шүүх хуралдаан өөрийн эзгүйд болсныг хариуцагч анх мэдсэн болно. Иймд анхан шатны шүүхийн зүгээс хариуцагчийн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.2-т заасан "шүүх хуралдаанд оролцох" эрхийг нь хангалгүйгээр хэрэг хянан шийдвэрлэсэн учир анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү. Хариуцагч нь улсын тэмдэгтийн хураамж төлөх төлбөрийн чадваргүй тул улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлж өгнө үү.

                                                     ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан “Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна” гэсэн хуулийн шаардлагыг хангаагүй байна.

 

Нэхэмжлэгч “ХХХХХ” ХХК нь хариуцагч ХХХ-т холбогдуулан автомашинд учирсан эвдрэл хохирлын 7 366 400 төгрөг, үнэлгээний ажлын хөлс 98 000 төгрөг, тээвэрлэлтийн хөлс 70 000 төгрөг, прокурорын газрын архивын үйлчилгээний хураамжийн төлбөрт төлсөн 4 200 төгрөг, тээврийн хэрэгсэл саатуулах байрны төлбөр 5 000 төгрөг, нотариатын үйлчилгээний зардалд 10 900 төгрөг олох байсан орлогод 7 050 000 төгрөг нийт 14 604 500 төгрөг гаргуулахаар нэхэмжилж, хариуцагч автомашинд учирсан хохирлын 6 492 000 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч, үлдэх шаардлагыг эс зөвшөөрөн маргасан байна.

 

Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд хариуцагч ХХХ нь “Хьюндай верна” маркийн 30-56 УНМ улсын дугаартай автомашиныг жолоодож явахдаа 2013 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 09 цагийн орчимд Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 7 дугаар зүйлийн 7.12 дахь заалтыг зөрчсөнөөс “ХХХХ” ХХК-ийн эзэмшлийн ХХХХХ ын жолоодож явсан 13-07 УНМ улсын дугаатай “Хьюндай элентра” маркийн автомашиныг мөргөж зам тээврийн осол гаргасан болох нь 2013 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн Замын цагдаагийн газрын зам тээврийн осол, хэрэг үзлэгээр тогтоосон байдал, осол гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч зургууд болон талуудын тайлбараар тогтоогдсон байна. /хэргийн 14-15 дугаар тал/

 

Шинжлэх ухаан технологийн их сургуулийн механик тээврийн сургуулийн Авто салбарын техникийн шинжээчийн 2015 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн дүгнэлт, Нийслэлийн замын цагдаагийн газрын 2014 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр гаргасан шинжээчийн дүгнэлт, Тээврийн прокуорын газрын эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан тухай 2014 оны 1 дүгээр сарын 8-ны өдрийн 68 дугаар тогтоол зэрэг баримтуудаас үзэхэд дээрх осол гарсанд хариуцагч ХХХ гэм буруутай байсан байна. /хэргийн 74, 96,133 дугаар тал/

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүйгээр үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж заасан бөгөөд хариуцагч ХХХын буруутай болох нь тогтоогдсон байх тул замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн буруутай үйлдлийн улмаас осол гарч нэхэмжлэгч компанийн эд хөрөнгөд гэм хор учирсан байх тул хариуцан арилгах үүрэгтэй болно.

 

   Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд автомашинд учирсан хохирлын хэмжээг “ХХХ” даатгалын хохирлын үнэлгээний компани 7 366 400 төгрөгөөр,”ХХХХ” ХХК-ийн үнэлгээгээр 6 200 000 төгрөгөөр тус тус тогтоожээ. /хэргийн 21-22,114-117 дугаар тал/

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид автомашинд учирсан хохирлын үнэлгээний талаар маргаж, шүүхээс шинжээч томилсноор, хөрөнгө үнэлгээний “ХХХХ” ХХК-ийг томилж дүгнэлт гаргуулсан атлаа анхан шатны шүүх авто ослын улмаас учирсан хохирлын хэмжээг эрүүгийн хэрэгт томилогдсон “ХХХХ” ХХК-ийн шинжээчийн дүгнэлтийг үндэслэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан журамд нийцэхгүй гэж үзлээ.

 

Иймд шүүхээс томилогдсон шинжээчийн дүгнэлтийг үндэслэн хариуцагчаас автомашинд учирсан хохирлын хэмжээг 6 200 000 төгрөгөөр тооцон гаргуулж, мөн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас автомашин эвдэрч хэмхэрсний улмаас тээвэрлэсний зардалд 70 000 төгрөг, тээврийн хэрэгслийг саатуулах байранд байлгасны хөлс 5 000 төгрөг гаргуулах нь зүйтэй байна гэж үзлээ.

 

Эд хөрөнгөд учирсан хохирлын хэмжээг тодорхойлохдоо Иргэний хуулийн 229 дүгээр 229 дүгээр зүйлийн 229.2 дахь хэсэгт зааснаар хохирогчийн ашиг сонирхол, гэм хор учруулсан нөхцөл байдал, гэм хор учруулагчийн гэм буруугийн хэр хэмжээг харгалзан үзэж, мөн хуулийн 228 дугаар зүйлийн 228.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар гэм хор учруулснаас өмнөх байдалд нь сэргээхэд шаардлагатай хөрөнгийн хэмжээгээр тогтооно. 

 

Харин прокурорын газрын архивын болон нотариатын үйлчилгээний хөлсийг хуульд заасны дагуу үйлчилгээ авч байгаа этгээд өөрөө төлдөг журамтай тул хариуцагчаас хохиролд тооцон гаргуулах шаардлагагүй юм.

 

Нэхэмжлэгч байгууллага шүүхэд нэхэмжлэл гаргахдаа 2013 оны 12 дугаар сарын 22-ны өдрөөс 2014 оны 1 дүгээр сарын 29-ний өдрийг хүртэлх хугацааны олох байсан орлогод 840 000 төгрөг нэхэмжилсэн шаардлагаа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэмэгдүүлж 2014 оны 1 дүгээр сарын 29-ний өдрөөс 2014 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийг хүртэлх хугацаанд олох байсан орлогод 6 210 000 төгрөг нийт 7 050 000 төгрөг нэхэмжилжээ./ хавтаст хэргийн 1-2, 154 дүгээр тал/

 

Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэж заасан байх тул автын осол гарснаас хойшхи хугацаанд тээврийн хэрэгслийг засварлаж, ашиглаагүй явдалд хариуцагч ХХХыг шууд гэм буруутай байна гэж үзэх үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагаас олох байсан орлого нэхэмжилсэн хэсгийг хангах боломжгүй байна. Учир нь нэхэмжлэгч нь өөрийн өмчлөлийн тээврийн хэрэгслийг засварлаж, ашиглалтад оруулах боломжгүй байсанд хариуцагчийн зүгээс саад учруулсан гэх нөхцөл байдал баримтаар тогтоогдоогүй.

 

Тухайн авто ослыг гарахад хариуцагч гэм буруутай болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон тул осол гарахад нэхэмжлэгчийн гэм буруутай үйлдэл нөлөөлсөн гэх талаар баримт авагдаагүй тул гэм буруутай гэдгийг болон энэ асуудлаар хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангах боломжгүй байна.

 

Түүнчлэн анхан шатны шүүх 2015 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн шүүх хуралдаанаар хариуцагчийн “Миний бие эвгүйрхээд байна. Шүүх хуралдааныг үргэлжлүүлж чадахгүй, нэмэгдүүлсэн шаардлагатай танилцана” гэсэн үндэслэл зааж, шүүх хуралдааныг хойшлуулах талаар гаргасан хүсэлтийг хүлээн авч шүүх хуралдааныг 2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл хойшлуулж, хуралдааны товыг зохих ёсоор мэдэгдсэн байх тул хариуцагчийг шүүх хуралдаанд оролцох боломжоор хангаагүй гэж түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдол гаргасныг хангахгүй болно. /хэргийн 163-165 дугаар тал/

 

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний болон агуулгын хувьд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1.Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 30 -ний өдрийн 8212 дугаар шийдвэрийн

1 дэх заалтын “… 13 438 100 төгрөг …” гэснийг “… 6 275 000 төгрөг …” гэж,

“...1 116 400 төгрөг...”  гэснийг “...8 329 500...” төгрөг гэж ,

шийдвэрийн 2 дахь заалтын “…225 400 төгрөг …” гэснийг “…115 430 төгрөг…” гэж өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн 101/Ш32016/16552 тоот захирамжаар хариуцагч нь давж заалдах журмаар гомдол гаргахад төлөх улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурьдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                              Ж.ОЮУНТУНГАЛАГ                 

 

                                          ШҮҮГЧИД                               Т.ТУЯА

 

                                                                                         Ц.ИЧИНХОРЛОО