| Шүүх | Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Бямбын Алтанцэцэг |
| Хэргийн индекс | 149/2019/00031/Э |
| Дугаар | 00027 |
| Огноо | 2019-02-27 |
| Зүйл хэсэг | 27.10.1., |
| Улсын яллагч | Б.Эрхэмбаатар |
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 02 сарын 27 өдөр
Дугаар 00027
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Алтанцэцэг даргалж, явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар:
Нарийн бичгийн дарга С.Төртулах
Улсын яллагч Б.Эрхэмбаатар
Шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Даваасүрэн
Шүүгдэгч Д.У нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийв.
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын зөвлөх Э.Гантулгаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Цэнджав ургийн овогт Дамдинсүрэнгийн Ут холбогдох эрүүгийн 1832002410011 тоот эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн, 1969 оны 02 дугаар сарын 14-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн. 50 настай, эмэгтэй, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, ам бүл 4, * тоотод оршин суух хаягтай, Мандал сумын 3 дугаар дунд сургуульд багш ажилтай, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, бие эрүүл, ухаан санаа бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Цэнджав ургийн овогт Дамдинсүрэнгийн У. /РД:*/
Прокуророос үйлдэж ирүүлсэн яллах дүгнэлтээр:
Шүүгдэгч Д.У нь 2018 оны 11 дүгээр сарын 29-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал сумын 7 дугаар багийн нутаг Нэгдсэн эмнэлгийн баруун тзлын төв эсфальтан замд 99-01 УНБ улсын дугаартай Тоёта румион маркын тээврийн хэрэгслийг жолоодож яваад Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 15.10 Жолооч зүүн гар тийш буюу буцаж эргэхдээ уулзварт ороод, адил замаар өөдөөс чигээрээ яваа болон багуун гар тийш эргэх тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө, гэсэн заалтыг зөрчсөний улмаас эсрэг урсгалд зорчин явсан 35-36 СЭҮ улсын дугаартай Тоёота Айсес маркийн тээврийн хэрэгсэлтэй мөргөлдсөний улмаас зорчигч Ж.Ббын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Тодорхойлох нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгч Д.У шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: ... Би өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Үйлдсэн гэмт хэрэг тодорхой тул мэдүүлэг өгөхгүй гэх мэдүүлэг болон талуудын шинжлэн судалсан нотлох баримт болох
Хохирогч Ж.Бб мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ:... Би 2018 оны 11 сарын 29-ний өдөр Оч эгчийн жолоодож явсан авто машины урд суудалд сууж явсан юм. Бид хоёр мод боловсруулах үйлдвэрийн хажуугийн замаар Нэгдсэн эмнэлэгийн чиглэлд явж байхад буюу яг нэгдсэн эмнэлгийн баруун талын замын уулзвар дээр эсрэг урсгалаас хар өнгийг автомашин зүүн гар тийшээгээ гэнэт эргэж манай машинд мөргуүлсэн. Хүчтэй мөргөлдсөний улмаас машин замаас гарч зогссон байсан. Нэг мэдхэд миний зүүн хөл хугарч гэмтсэн бололтой янгинаж өвдөөд намайг түргэний машин ирээд эмнэлэгт хүргэсэн гэх мэдүүлэг /ХХ-ийн 13-14, 22 дүгээр хуудас/
Иргэний нэхэмжлэгч Т.Ог мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ:... “...Миний эзэмшлийн Тоёота Исис загварын 35-36 СЭҮ улсын дугаартай автомашиныг 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр миний ээж Б.Оч жолоодож явахад эсрэг урсгалаас зүүн гар тийш эргэсэн тээврийн хэрэгсэл мөргөж, миний машинд эвдрэл учирсан юм. Автомашины эвдрэлийн үнэлгээг “Ашид билгүүн” ХХК-р 174.000 төгрөгийн төлбөр төлж тогтоолгоход 3.385.000 төгрөгийн шууд хохирол, 670.000 төгрөгийн шууд буд, нийт 4.055.000 төгрөгийн хохирол учирсан болох нь тогтоогдсон бөгөөд автомашинаа оношлогоонд оруулахаар Улаанбаатар хот руу тээвэрлэн хүргэхэд 250.000 төгрөг, авто оношлогоонд оруулахад 45.000 төгрөг төлсөн. Иймд буруутай жолоочоос ний 4.532.000 төгрөгний хохирол нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 24-25 дугаар хуудас/
Гэрч Гэрч Б.Оч мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ:.. "...Би охин Т.Огийн эзэмшлийн 35-36 СЭҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодон хажууд Ж.Бб гэдэг хүнийг суулгаад 2018-11-29-ний өдөр 13 цагийн орчим Төмөр Замын мод боловсруулах үйлдвэрээс ертөнцийн зүгээр урагшаа төв замаар зорчиж явахад Мандал сумын нэгдсэн эмнэлгийн баруун талын уулзварын орчимд эсрэг талаас хар өнгийн автомашин зүүн гар тийш эргэхээр дохио өгөөд ирж явсан. Би гол замаар түрүүлж нэвтрэх эрхтэйн дагуу явж байтал тэр машин намайг өнгөрүүлэхгүйгээр зүүн гар тийш эргэх үйлдэл хийж байхаар тоормосоо тултал гишгээд дугуй чархираад тоормослоход тэр машин миний машины зүүн тал руу хүчтэй мөргөснөөр аль аль нь замаас гараад зогссон. Буугаад ирсэн чинь тухайн машины жолооч эмэгтэй яанаа би юугаа ч мэдэхгүй байна гэж хэлж байсан ба энэ үед миний машинд сууж явсан Ж.Бб эгчээ түргэн дуудаарай миний хөл өвдөөд байна гэж хашгирахаар нь очход ослоос шалтгаалаад хөл нь гэмтчихсэн байсан...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 30 дугаар хуудас/
Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн “Хүний биед хийсэн шүүх эмнэлэгийн шинжилгээ” №14327 дугаартай шинжээчийн дүгнэлт:
1.Ж.Ббын биед зүүн тахилзуур болон шаант ясны далд хугарал гэмтэл тогтоогдлоо.
2.Дээрх гэмтэл нь зам тээврийн ослын үед үүсгэгдэнэ.
3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.
4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй дүгнэлт /ХХ-ийн 43 дугаар хуудас/
Шинжээчийн № 35 дугаартай дүгнэлт:
Асуулт:1.“Тоёота исис” загварын 35-36 сэү улсын дугаартай автомашины жолооч Б.Оч, “Тоёота кролла” загварын 99-01 унб улсын дугаартай автомашины жолооч Д.У, нарын хэн нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн ямар, ямар заалтуудыг зөрчсөний улмаас осол, хэрэг гарсан байна вэ?
Асуулт:2. Жолооч Б.Очийн жолоодож явсан “Тоёота исис” загварын 35-36 сэү улсын дугаартай автомашины хурдыг тогтоох.
Асуулт:3.“Асуултанд дурьдагдаагүй боловч тусгай мэдлэгийн хүрээнд бусад хариулт өгөх.
Хариулт:1. “Тоеоtа Рumion” загварын 99-01 УНБ улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож явсан Д.У нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн байна. Жолооч Д.У нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 15.10. Жолооч зүүн гар тийш буюу буцаж эргэхдээ уулзварт ороод, адил замаар өөдөөс чигээрээ яваа болон баруун гар тийш эргэх тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө гэсэн заалтыг зөрчсөн байна.
Хариулт:2. Тоёота Когоlla” загвартай 35-36 сэү улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож явсан Б.Очийн автомашинд хурдыг тогтоох боломжгүй. /Учир нь тоормосны мөрний төгсгөлөөс цааш автомашин зогссон зай хүртэл тоормосны мөр үүсээгүй учир хурдыг тогтоох боломжгүй байна/ Гэвч тоормосны мөрний уртаар тодорхойлоход: Тогтмол тоо 254*тоормосны мөр 8.80=Үүнээс гарсан тоог *0.7= үүнээс гарсан тоог язгуураас гаргахад =39.5 км цагийн хурдтай явсан гэж үзэхээр байна.
Хариулт:3.“Тоеоtа Рumion” загварын 99-01 унб улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож явсан Д.У нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн байна. Жолооч Д.У нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 15.10. Жолооч зүүн гар тийш буюу буцаж эргэхдээ уулзварт ороод, адил замаар өөдөөс чигээрээ яваа болон баруун гар тийш эргэх тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө гэсэн заалт зөрчсөний улмаас зам тээврийн осол гарсан гэж үзэж байна гэх дүгнэлт /ХХ-ийн 48 дугаар хуудас/
2018 оны 12 дугаар сарын 28-ны өдөр. Техникийн шинжээчийн дүгнэлт: № 12/37
Асуулт 1. Тоёота Айсес маркийн 35-36 СЭҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Б.Оч нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн эсэх. Хэрэв тийм бол замын хөдөлгөөний ямар заалтуудыг зөрчсөн байна вэ?
Хариулт 1. Тоёота Айсес маркийн 35-36 СЭҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Б. Оч нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн эсэх нь хавтаст хэрэгт авагдсан материалаас тогтоогдохгүй байна.
Асуулт 2. Тоёота Королла маркийн 99-01 УНБ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Д.У нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн эсэх. Хэрэв тийм бол замын хөдөлгөөний ямар заалтуудыг зөрчсөн байна вэ?
Хариулт 2. Тоёота Королла маркийн 99-01 УНБ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Д.У нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн “15.10 Жолоочзүүн гар тийш ... эргэхдээ ... адил замаар өөдөөс чигээрээ яваа ... тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө.” заалтыг зөрчсөн байна.
Асуулт 3. Тоёота Айсес маркийн 35-36 СЭҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийн хурдыг тогтоох боломжтой эсэх? Хэрэв боломжтой бол хэдэн км/ц хурдтай явсан байна вэ? Энэ нь осол хэрэг гарахад нөлөөлсөн эсэх? /тээврийн хэрэгсэл нарт учирсан гэмтэл эвдрэлийн байдлын харьцуулан, машины инерци, дугуйны дарагдлын мөр, хүчний үйлчлэл болон шинжлэх ухааны дэвшилтэт технологийн чадлаас шалтгаалан хурдыг тогтоох боломжтой эсэх?
Хариулт 3. Тоёота Айсес маркийн 35-36 СЭҮ улсын дугаартай автомашины жинхэнэ хурдыг олох боломжгүй.
Асуулт 4. Урьд гаргасан техникийн шинжээч, цагдаагийн хошууч Ц. Одбаярын 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн № 35 дугаартай дүгнэлт үндэслэлтэй эсэх?
Хариулт 4. Монгол улсын ЭХХШТ хуулийн 9.1.2-д “Шинжээч хийсэн шинжилгээгээ үндэслэн тусгай мэдлэгийн хүрээнд өөрийн нэрийн өмнөөс дүгнэлт гаргаж, хариуцлага хүлээнэ.”, ШШТХ-ийн 17.4 хэсэгт “Шинжээч өөрийн гаргасан дүгнэлтээ үнэн зөв эсэхийг хариуцна” гэж заасан байдаг тул бусад шинжээчдийн гаргасан дүгнэлт үндэслэлтэй эсэхэд бид хариулт өгөх боломжгүй байна.
Асуулт 5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.6 дугаар зүйлийн 2-д заасны дагуу шинжээч тавьсан асуултад хязгаарлагдалгүй өөрийн тусгай мэдлэгийн хүрээнд шинжилгээний явцад илэрсэн нөхцөл байдлуудыг дүгнэлтэд тусгаж өгнө үү.
Хариулт 5. Хавтаст хэрэгт авагдсан материалтай танилцах явцад асуултад дурьдагдаагүй боловч хэрэг ач холбогдол бүхий нөхцөл байдал илэрсэнгүй гэх дүгнэлт /ХХ-ийн 66-68 дугаар хуудас/
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, зам тээврийн осол хэрэг үзлэгээр тогтоосон байдал, осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлт /Хх-н 05-08 дугаар хуудас/
“Тоёота румиум” маркийн 99-01 СЭҮ улсын дугаартай автомашины битүүмжилсэн тухай тэмдэглэл /Хх-ийн 11 дүгээр хуудас/
“Тоёота Исис” маркийн 35-36 СЭҮ улсын дугаартай автомашины тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /Хх-н 28 дугаар хуудас/
Шүүгдэгч Д.Уийн жолооны үнэмлэхний хуулбар /ХХ-ийн 32 дугаар хуудас/
“Тоёота румиум” маркийн 99-01 СЭҮ улсын дугаартай автомашины тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /Хх-н 38 дугаар хуудас/
Шүүгдэгч Д.Уийн согтуурал шалгасан тухай тэмдэглэл /0.00 хувь/ /Хх-ийн 39 дүгээр хуудас/
“Ашид билгүүн” ХХК-ний Автомашин техникийн үнэлгээний тайлан /ХХ-ийн 73 дугаар хуудас/
Сэлэнгэ аймгийн Мандал сумын 7 дугаар багийн засаг даргын тодорхойлолт /Хх-ийн 85 дугаар хуудас/
Шүүгдэгч Д.У нь ял шийтгүүлсэн талаар ЦЕГ-ын МНБГ-ын Лавлагааны санд бүртгэгдээгүй гэсэн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /Хх-н 82 дугаар хуудас/
Сэлэнгэ аймгийн Мандал сумын Ерөнхий боловсролын 3 дугаар сургуулийн Д.Уийн талаар ажил байдлыг тодорхойлолт /ХХ-ийн 88 дугаар хуудас/
Шүүгдэгчийн хурууны хээний дардас /ХХ-ийн 90 дүгээр хуудас/
Шүүгдэгчийн үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн лавлагаа /ХХ-ийн 91 дүгээр хуудас/
Хохирогч Ж.Ббод эрүүл мэндэд учирсан эрүүл мэндийн хохиролд 800000 төгрөгийн хохирол төлсөн, одоо нэхэмжлэх зүйлгүй, хохирол бүрэн барагдсан гомдол саналгүй тухай хүсэлт, иргэний нэхэмжлэгч Т.Огийн машинд учирсан эвдрэл гэмтлийн нөхөн төлбөрт даатгалын байгууллагаас 4055000 төгрөгийн хохирол төлбөр төлөгдсөн, шүүх хуралдааны шатанд 305000 төгрөг хохирол төлсөн тухай тайлбар болон төлбөр төлсөн тухай баримт зэрэг болно. , төгрөгийн
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлд “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасныг баримтлан шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор дараах байдлаар хянан шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Д.У нь 2018 оны 11 дүгээр сарын 29-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал сумын 7 дугаар багийн нутаг Нэгдсэн эмнэлгийн баруун тзлын төв эсфальтан замд 99-01 УНБ улсын дугаартай Тоёта румион маркын тээврийн хэрэгслийг жолоодож яваад Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 15.10 Жолооч зүүн гар тийш буюу буцаж эргэхдээ уулзварт ороод, адил замаар өөдөөс чигээрээ яваа болон багуун гар тийш эргэх тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө, гэсэн заалтыг зөрчсөний улмаас эсрэг урсгалд зорчин явсан 35-36 СЭҮ улсын дугаартай Тоёота Айсес маркийн тээврийн хэрэгсэлтэй мөргөлдсөний улмаас зорчигч Ж.Ббын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан болох нь шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан ялыг оногдуулах үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.
Шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримт болох шүүгдэгчийг яллагдагчаар мөн хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хуулийн шаардлага хангасан, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, Шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих мэдлэг, дадлага туршлагатай, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч гаргасан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.
Шүүгдэгч Д.У нь хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаснаас зорчигч Ж.Ббын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүнийг шинжийг хангаж байх тул прокуророос энэ зүйл ангиар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн нь тохирсон байна.
Шүүгдэгч Д.У нь Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 1-д заасан автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль,түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас бусдын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч байгаа болно.
.
Иймд Д.Уийг “хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг” зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргасан гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан, эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн, ялыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлууд болон прокурорын саналыг харгалзан түүнийг Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу (1 нэгж=1000 төгрөг) 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэл оногдуулж, оногдуулсан ялыг шүүгдэгчийн хөдөлмөр эрхлэлтийн байдал, цалин хөлс, бусад орлого олох боломжийг тооцон 04 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоох нь зүйтэй байна.
Хохирогч, иргэний нэхэмжлэгч нар нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйл байхгүй болохыг дурьдах нь зүйтэй байна.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн автомашины гуперний хагархайг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах, хэргийн газрын үзлэгийг дуу, дүрсний үзлэгээр бэхжүүлсэн 1 ширхэг СД-г хавтаст хэрэгт хадгалах, “Тоёота румиум” маркийн 99-01 СЭҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүжилсэн тогтоолыг хүчингүй болгох, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хилийн хориг тавигдаагүй, бусдад төлөх төлбөргүй, Д.Ут өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээх зэргийг тус тус дурьдаад
Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.4 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг,36.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.10 дугаар зүйл, 38.1дүгээр зүйл, 38.2 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь: :
1.Шүүгдэгч Цэнджав овогт Дамдинсүрэнгийн Уийг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас бусдын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Д.Уийг 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 500 /таван зуун мянган/ төгрөгөөр торгосугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг зааснаар шүүгдэгч Д.У нь торгууль 500.000 /таван зуун мянган/ төгрөгийг 04 сарын хугацаанд буюу нэг сард 125.000 /нэг зуун хорин таван мянган/ төгрөгөөр хэсэгчлэн төлж биелүүлэхийг даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дах хэсэг зааснаар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй /1 нэгж х1000=15000/ тэнцэх хэмжээг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5.Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8 дахь хэсэгт зааснаар энэ хэргийн улмаас Д.Уийн эзэмшлийн “Тоёота румиум” маркийн 99-01 СЭҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжилсэн мөрдөгчийн тогтоолыг хүчингүй болгосугай.
6.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн автомашины гуперний хагархайг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах, хэргийн газрын үзлэгийг дуу, дүрсний үзлэгээр бэхжүүлсэн 1 ширхэг СД-г хавтаст хэрэгт хадгалах, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хилийн хориг тавигдаагүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.
7.Шүүгдэгч Д.Ут өмнө авсан хувийн баталгаа гаргасан таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээсүгэй.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүхийн тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.
9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар гомдол эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан, хүргүүлсэнээс өдрөөс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ Б.АЛТАНЦЭЦЭГ.