Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 11 сарын 16 өдөр

Дугаар 394

 

СҮХБААТАР АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН
ИРГЭНИЙ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ 
ШҮҮХИЙН ШИЙДВЭР

2016 оны 11 сарын 16                                          Дугаар 394                                         Баруун-Урт

                                                          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сүхбаатар аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч П.Болормаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн иргэний шүүх хуралдаанаар:

Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 8-р баг, “Талбулаг” гэх газар нутаглах Хэрээд овогт Батсүхийн Эрдэнэцэцэгийн ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.Эрдэнэцэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Бат-Эрдэнэ нар оролцов.  

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.Эрдэнэцэцэг шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 1980-1986 онуудад Сүхбаатар аймгийн Халзан сумын “Хөдөлмөр” нэгдэлд малчнаар ажиллаж байсан. Тухайн үед хөдөлмөрийн дэвтрийг нэгдлийн тоо бүртгэгч, бригадын дарга нар бичилт хийж, шинэ хөдөлмөрийн дэвтэр нээж өгнө гээд хурааж авсан боловч эргэж авчирч өгөөгүй. Одоо би өндөр насны тэтгэвэртээ орох гэсэн боловч ажиллаж байсан байдлаа шүүхийн шийдвэрээр баталгаажуулах шаардлагатай болсон. Харин аймгийн архивын тасгаас цалингийн түүвэр хийх явцад надтай хамт ажиллаж байсан А.Монхоон, Д.Баярцогт, манай нөхөр У.Энхсайхан нарын цалингийн цэсэн дээр миний нэрийг Цэцгээ гэж бичиж цалин олгосон байсныг би минийх мөн гэж хуулбарлаж авсан.  Иймд миний 1980 оны 01-р сарын 01-ээс 1986 оныг дуустал Сүхбаатар аймгийн Халзан сумын “Хөдөлмөр” нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Хэрээд овогт Батсүхийн Эрдэнэцэцэг нь 1980 оны 01-р сарын 01-ээс 1986 оныг дуустал Сүхбаатар аймгийн Халзан сумын “Хөдөлмөр” нэгдэлд малчнаар ажиллаж байсан болох нь нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан тайлбар, Сүхбаатар аймгийн Архивын тасгийн 2013 оны 05-р сарын 01-ний өдрийн 277/15 тоот цалингийн лавлагаа, /Цэцгээгийн  1980-1986 онуудад ажиллаж байхдаа авч байсан цалингийн бичилт бүхий/, Б.Эрдэнэцэцэгтэй Сүхбаатар аймгийн Халзан сумын “Хөдөлмөр” нэгдэлд хамт малчнаар ажиллаж байсан А.Монхоон, Д.Баярцогт, түүний нөхөр У.Энхсайхан нарын нэр хамт бичигдсэн цалингийн цэснээс түүвэрлэж авсан Цэцгээ нэртэй цалингийн лавлагаа нь Б.Эрдэнэцэцэгийн цалингийн лавлагаа мөн гэж шүүх үнэлсэн болно. Гэрч Г.Борчулууны шүүхэд өгсөн: Б.Эрдэнэцэцэг нь 1978-1990 онуудад Сүхбаатар аймгийн Халзан сумын “Хөдөлмөр” нэгдлийн 1-р бригадад хонин суурь маллаж байсан. Би Эрдэнэцэцэгийг Цэцгээ нэрээр нь сайн мэднэ. Эрдэнэцэцэг гэдэг нэртэй гэдгийг сая л мэдлээ. Бид хамт ажиллаж байхдаа Цэцгээ л гэж дууддаг байсан. Эрдэнэцэцэгийн нөхрийг нь Энхсайхан гэдэг юм. Бид Сайханаагийн эхнэр Цэцгээ л гэж дууддаг. Бид “Ихэр барилга” , “Цагаан Шандны хөндий”, Эрдэнэ-Ус”, “Шар худаг” гэх газруудаар хамт нутаглаж Энхсайханых хонин суурьтай, манайх туслах малчнаар нь ажиллаж байсан. Бид нэг нутаг усанд, нэг баг, бригадад олон жил айл аймаг явсан, Эрдэнэцэцэгтэй хамт ажиллаж байсан болохоор түүний ажиллаж байсан байдлыг сайн мэднэ. Би 1975-1990 онуудад Сүхбаатар аймгийн Халзан сумын “Хөдөлмөр” нэгдлийн 1-р бригадад хонь маллаж байсан. 1990 онд Халзан сумын “Хөдөлмөр” нэгдэл татан буугдаж, компани байгуулагдаж манайх эм хонин суурь маллаж байсан” гэх мэдүүлэг, гэрч Д.Халтархүүхэний шүүхэд өгсөн: “Би Эрдэнэцэцэгийг Цэцгээ нэрээр нь сайн мэднэ. Б.Эрдэнэцэцэг 1978-1990 онуудад Сүхбаатар аймгийн Халзан сумын “Хөдөлмөр” нэгдлийн 1-р бригадад аав, ээжийнхээ хамт хонин суурь маллаж байсан. Бид хамт ажиллаж байхдаа Цэцгээ л гэж дууддаг. Цэцгээ нэрээр нь сайн мэднэ. Эрдэнэцэцэг нэрийг нь сая л сонсч мэдлээ. Эрдэнэцэцэгийн нөхрийг нь Энхсайхан гэдэг юм. Бид Сайханаагийн эхнэр Цэцгээ л гэж дууддаг. Энхсайхан манайхан бид нэг нутаг усанд, нэг баг, бригадад олон жил айл аймаг явсан, Эрдэнэцэцэгтэй хамт ажиллаж байсан болохоор түүний ажиллаж байсан байдлыг сайн мэднэ. Халзан сумын “Хөдөлмөр” нэгдлийн албан контор нь гурван удаа шатаж архив байхгүй болчихоод, олон хүн хохироход хүрээд байгаа юм.Би 1971-1990 онуудад Сүхбаатар аймгийн Халзан сумын “Хөдөлмөр” нэгдлийн 1-р бригадад үхэр маллаж байсан. Мөн Энх-Амарын үнээ фермд агентийн худалдагчаар ажиллаж байсан. Бараагаа аваад хөдөө сууриудаар зөөвөрлөж явдаг байсан гэх мэдүүлэг, зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байх тул Хэрээд овогт Батсүхийн Эрдэнэцэцэг нь 1980 оны 01-р сарын 01-ээс 1986 оныг дуустал Сүхбаатар аймгийн Халзан сумын “Хөдөлмөр” нэгдэлд малчнаар ажиллаж байсан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

    Нэхэмжлэгч Б.Эрдэнэцэцэгийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээхээр шийдвэрлэлээ.
                                                                                                                                                                                                                                                                                                           
    Монгол Улсын Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1, 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Хэрээд овогт Батсүхийн Эрдэнэцэцэг нь 1980 оны 01-р сарын 01-ээс 1986 оныг дуустал Сүхбаатар аймгийн Халзан сумын “Хөдөлмөр” нэгдэлд малчнаар ажиллаж байсныг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Б.Эрдэнэцэцэгийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн  70200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

      3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

 4.Монгол улсын иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                         П.БОЛОРМАА