Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2016 оны 11 сарын 18 өдөр

Дугаар 399

 

СҮХБААТАР АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН
ИРГЭНИЙ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН
ШҮҮГЧИЙН ЗАХИРАМЖ

2016 оны 11 сарын 18                                            Дугаар 399                                          Баруун-Урт

                                                                Зохигчдын эвлэрлийг баталж,
                                                              хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Сүхбаатар аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч П.Болормаа  би Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын 5-р багт оршин суух Ц.Цэдэнбалын нэхэмжлэлтэй,  Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 1-р багт оршин суух Г.Мөнхбатад холбогдох үхэрний үнэ 1205000 /нэг сая хоёр зуун таван мянган/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 10-р сарын 04-ний өдөр хүлээн авч хянаад 

                                            ТОДОРХОЙЛОХ нь:
    
            Нэхэмжлэгч Ц.Цэдэнбал шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Би 2015 оны 09-р сард хурдан удмын 3 удаагийн медальтай хонгор соёолон азаргаа Г.Мөнхбатад тугалтай үнээ, бүдүүн морь авахаар тохиролцож зарсан. Бүдүүн морио авсан. Тугалтай үнээгээ авч чадалгүй өдийг хүрлээ. Тугалтай үнээ одоо бяруутай үнээ болсон. Би Г.Мөнхбатаас бяруутай үнээгээ удаа дараа нэхэж очсон боловч өгөөгүй. Иймд 1205000 /нэг сая хоёр зуун таван мянган/ төгрөгийг Г.Мөнхбатаас гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан юм. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд хариуцагч Г.Мөнхбаттай харилцан ярилцаж тохиролцон 2016 оны 11-р сарын сарын 29-ний өдрийн дотор 1205000 төгрөгөнд сувай үнээ авахаар эвлэрч эвлэрлийн гэрээ байгууллаа гэжээ.

Хариуцагч Г.Мөнхбат шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: Ц.Цэдэнбалын шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Би анх 2015 оны 09-р сард Ц.Цэдэнбалаас хурдан удмын хонгор соёолон адуу худалдан авч, бүдүүн адуу, 1 тугалтай үнээ өгөхөөр тохиролцож наймаа хийсэн. Адуугаа өгсөн. Үхрийг өгөөгүй байсан. Ц.Цэдэнбал нь үхэрний үнэ 1205000 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан байсан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд нэхэмжлэгч Ц.Цэдэнбалтай харилцан ярилцаж тохиролцон 2016 оны 11-р сарын сарын 29-ний өдрийн дотор 1205000 төгрөгөнд сувай үнээ өгөхөөр эвлэрч эвлэрлийн гэрээ байгууллаа гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

    Нэхэмжлэгч Ц.Цэдэнбал нь хариуцагч Г.Мөнхбатаас үхэрний үнэ 1205000 /нэг сая хоёр зуун таван мянган/ төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд хариуцагч Г.Мөнхбат нь үхэрний үнэ 1205000 төгрөгөнд сувай үнээг нэхэмжлэгч Ц.Цэдэнбалд төлөхөөр хүлээн зөвшөөрч, нэхэмжлэгч Ц.Цэдэнбал нь хүлээн авахаар зохигчид эвлэрэн хэлэлцэж, эвлэрлийн гэрээ байгуулсан нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолыг хөндөөгүй, хуулинд харшлаагүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч Ц.Цэдэнбалын 1205000 төгрөгний улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 33470 төгрөгний тал хувь 16735 төгрөгийг улсын төсвийн орлогоос, үлдэх 16735 төгрөгийг хариуцагч Г.Мөнхбатаас тус тус гаргуулж нэхэмжлэгч Ц.Цэдэнбалд олгохоор шийдвэрлэлээ.

    Монгол улсын Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Нэхэмжлэгч Ц.Цэдэнбал нь хариуцагч Г.Мөнхбатаас үхэрний үнэ 1205000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагандаа сувай үнээг 2016 оны 11-р сарын 29-ний өдрийн дотор авахаар зохигчид эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-т зааснаар Ц.Цэдэнбалын 1205000 төгрөгний улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 33470 төгрөгний тал хувь 16735 төгрөгийг улсын төсвийн орлогоос,  үлдэх 16735 төгрөгийг хариуцагч Г.Мөнхбатаас тус тус гаргуулж нэхэмжлэгч Ц.Цэдэнбалд олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг Сүхбаатар аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албанд даалгасугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид энэ захирамжинд давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах  эрхгүйг дурдсугай.

 

 
    ШҮҮГЧ                                      П.БОЛОРМАА