Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 05 сарын 22 өдөр

Дугаар 00085

 

Монгол улсын нэрийн өмнөөс:

 

            Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Ерөнхий шүүгч Б.Алтанцэцэг даргалж тус шүүхийн танхимд

Нарийн бичгийн дарга                              С.Төртулах

Улсын яллагч                                              Э.Гантулга

Шүүгдэгчийн өмгөөлөгч                         С.Сувдаа

Шүүгдэгч                                                       Ж.Б нарыг оролцуулан нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Сэлэнгэ аймаг Мандал сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвөлөх Э.Гантулгаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн Молкожанжигет ургийн овогт Жүкейний Бэд холбогдох 1932000150070 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

     Монгол улсын иргэн, яс үндэс Казак, 1983 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр Сэлэнгэ аймгийн Мандал суманд төрсөн, 36 настай, эрэгтэй, Бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, *тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, улсаас авсан гавьяа шагналгүй, бие эрүүл ухаан санаа бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Молкожанжигет ургийн овогт Жүкейний Б. /РД: /*

      Шүүгдэгч А.Б нь 2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр зөвшөөрөлгүй Сэлэнгэ аймгийн Мандал сумын Түнхэл 5 дугаар багийн нутаг Буянтын зоо гэх газраас 4 метрийн урттай 23 ширхэг нойтон шинэс мод бэлтгэн 15-43 СБА улсын дугаартай ЗИЛ-131 загварын тээврийн хэрэгслээр гаралүүслийн гэрчилгээгүйгээр тээвэрлсэн гэмт хэрэгт холбогджээ.

Тодорхойлох нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ж.Б өгсөн:…. Зөвшөөрөлгүй явж ойд тод хийж тээвэрлэж яваад байгаль орчинд баригдсан, хийсэн хэрэгтээ гэмшиж байна хөнгөн ял шийтгэж өгнө үү  гэх мэдүүлэг болон талуудын шинжлэн судалсан нотлох баримт болох

Иргэний нэхэмжлэгч С.Бц мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:…. Ж.Бэд холбогдох эрүүгийн хэрэгт байгаль орчинд учруулсан 4.043.520 төгрөгийг нэхэмжилж байна гэх мэдүүлэг /Хх-н 36 дугаар хуудас/

           Гэрч А.Эб мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:….”... 2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр 09 цагийн үед манай гэрийн гадаа Ж.Б өөрийн ЗИЛ-131 маркийн машинтай ирж надаас модонд явахуу гэж асуухаар нь зөвшөөрч хамт явсан. Би Ж.Бэд ойгоос мод бэлтгэх зөвшөөрөл байгаа гэж бодсон. Нэг удаа туслах ажилтнаар явхад жолооч Ж.Бээс 50.000 төгрөг төгрөийн хөлс авдаг. Тэгээд Ж.Б, Жинүс бид гурав 2019 оны 01 дүгээр сарын 16-ны өглөө Буянтын зоо гэх газарт очиж 11 шинэс мод хөрөөдөж унагаад 4 метрийн урттай тайрч бэлдээд ЗИЛ-131 ачиж орой 18 цагийн үед Түнхэл тосгонруу орж яваад Байгаль орчны хяналтын байцаагч, хэсгийн төлөөлөгч нарт саатуулагдсан гэх мэдүүлэг /хх-ийн 44 дүгээр хуудас/

Гэрч Ч.Мхгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:…. “...Би 2019 оны 01 сарын 16-ны өдөр Түнхэл 5-р багийн хэсгийн төлөөлөгч Х.Хараагийн хамт Сэлэнгэ аймгийн Мандал сумын Түнхэл 5-р баг Улаан шавартын чиглэлд технологийн хяналт шалгалтын ажлаар явсан юм. Тэгтэл 18 цаг 30 минутын үед Түнхэлийн ам гэх газраас 15-43 СБА улсын дугаартай ЗИЛ-131 маркын тээврийн хэрэгсэлд Ж.Б гэгч нь 4 метрийн урттай 23 ширхэг шинэс мод ойгоос бэлтгэж тээвэрлэж явахтай нь таарч саатуулан шалгасан. Тэр үед Ж.Б бидэнд тайлбарлахдаа Ц.Баасансүрэн захиралтай УБЦО ХХК-ны модыг бэлтгэж тээвэрлэж явна гэж тайлбарлаад бидэнд Хайрхан буянт ХХК-ны мод тээвэрлэх хяналтын хуудас бичиг үзүүлж шалгуулсан. УБЦО ХХК-ны ойн сан буюу Буянтын ам гэх газраас бэлтгэсэн гэж бидэнд тайлбарласан юм. УБЦО ХХК нь 2018 онд ойгоос 600м/куб хэрэглээний мод, 250 м/куб түлээний мод бэлтгэх эрхийг Хараагийн бүсийн ойн ангитай гэрээ хийж зөвшөөрөл авсан байсан. Би дээрх УБЦО ХХК-ны мод бэлтгэх үйл ажиллагаанд хяналт тавьж ажиллахад 2018 оны 12 дугаар сард ойгоос хэрэглээний мод бэлтгэх хэмжээ нь дууссан байсан. Би захирал Баасансүрэнд хэрэглээний мод бэлтгэх эрх чинь дууссан байна ойдоо ойн цэвэрлэгээ хийж хүлээлгэж өгөөрэй гэж хэлээд хэсэг хугацааны дараа буюу 2018.12.07- шалгахад ойн цэвэрлэгээ хийгээгүй ойгоо хүлээлгэж өгөөгүй учраас миний зүгээс зөрчлийн тухай хуулийн дагуу арга хэмжээ авсан...” гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 45-46-р хуудас/

  • Гэрч Г.Обийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:…. “...”УБЦО” ХХК нь Сэлэнгэ аймгийн Мандал сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2018.02.01-ний өдрийн №46 дугаартай тогтоолын дагуу 2018.02.07-ны өдөр Хараагийн бүсийн сум дундын ойн ангитай “Мод бэлтгэх гэрээ” хийж мод бэлтгэх эрх авсан. 2019 оны 01 сарын 16-ны өдөр УБЦО ХХК нь ойгоос мод бэлтгэх эрхийн бичиг надаас аваагүй...” гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 47-48-р хуудас/
  • Гэрч Ч.Огийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:…. “...Би Бийг мод бэлтгүүлэхээр явуулаагүй. Манай хүү Баасансүрэнгийн УБЦО ХХК нь 2018 оны 02 сарын 07-ны өдрөөс 2018 оны 12 сарын 25-ны өдрийг хүртэл хугацаанд мод бэлтгэх гэрээ хийж модоо бэлтгэж дууссан. Ж.Б өөрөө л хувиараа мод бэлтгэхээр явсан байх...” гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 49-р хуудас/
  • Гэрч Ц.Пдын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:…. “...Манай Хайрхан буянт ХХК-нь ойгоос мод бэлтгэх эрхийн бичгээ өөрсдийнхөө гар дээр авч үлддэг харин мод тээвэрлэх хяналтын хуудсыг жолооч нарт болон уулын мастерт олгуулж уул руу өгч явуулдаг. Би Ж.Б яагаад манай компаний тамгатай мод тээвэрлэх хяналтын хуудас байсныг сайн ойлгохгүй байна...” гэсэн мэдүүлэг/ХХ-ийн 53-р хуудас/
  • Гэрч Х.Жсийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:…. “...2019 оны 01 дүгээр сарын 16-ны өглөө гэртээ байж байхад Б гэдэг залуу модонд явах уу гээд ЗИЛ-131 маркын тээврийн хэрэгсэлтэй Б Эб нарын хамт Сэлэнгэ аймгийн Мандал сумын 5-р баг Түнхэл тосгоны Буянтын ам гэх газарлуу УБЦО хөрөө рамны модонд явж 23 ширхэг хуурай нойтон нийлсэн мод бэлтгээд буцаад уулнаас бууж яваад байгаль орчны улсын байцаагч, цагдаа нартай таарсан... Эб бид хоёр Быг ойгоос мод бэлтгэх зөвшөөрөлтэй л гэж бодож байсан...” гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 39, 41-р хуудас/
  • Гэрч Ч.Удын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:….  “...Миний нэр дээр 15-43 СБА улсын дугаартай ЗИЛ-131 загварын тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байдаг нь үнэн. Гэхдээ дээрх тээврийн хэрэгслийг 2011 онд Сэлэнгэ аймгийн Мандал сумын Түнхэл 5-р багийн иргэн Ж.Б гэдэг хүнд 8 сая төгрөгөөр худалдан борлуулсан юм. Б бид хоёр бие биенийгээ таньдаг болохоор худалдах, худалдан авах гэрээ хийгээгүй...” гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 50-р хуудас/

 

Шинжээчийн дүгнэлт 2019 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн № 2019/04 ……..

Асуулт 1.Ж.Б 2019.01.16-ны өдөр ойгоос 4 метрийн урттай, 23 ширхэг нойтон модны экологи - эдийн засгийн үнэлгээг тогтоож өгнө үү?

Хариулт 1. Иргэн Ж.Бийн 2019.1.16-ний өдөр бэлтгэсэн гэх Мандал сумын Түнхэл тосгоны захирагчийн албаны журмын хашаанд байсан 4 метрийн урттай, 18-44 см голчтой 23 ширхэг нойтон шинэс модыг Монгол улсын стандарт -MNS 2379:2010, Бөөрөнхий модон материалын эзэлхүүний хүрдийг ашиглан хэмжиж үзэхэд 7,8мЗ байна. Ойн тухай хуулийн 8 дугаар зүйл 8.1-д заасны дагуу Сэлэнгэ аймгийн Мандал сумын ойн ойн сан нь Ашиглалтын бүс, 3-р мужид хамаарагддаг бөгөөд Байгаль орчны сайдын 2009 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн “Ойн экологи - эдийн засгийн үнэлгээг батлах тухай” 394-р тоот тушаалд 3-р мужийн ойд 1 шоометр хэрэглээний нойтон бөөрнхий шинэс мод нь 96000 төгрөг байхаар тогтоосон. Нэг шоометр модны экологи-эдийн засгийн үнэлгээг мод, модон материалд шилжүүлэхэд бэлтгэсэн мод, модон материалын ашиглалтын гарцын дагуу итгэлцүүрээр үржүүлнэ.

Үүнд: ХЭрэглээний бөөрөнхий мод /нойтон/ -1,8 байна.

Нойтон шинэс мод 7,8м3 х 96000 төгрөг х 1,8 = 1 347 840 төг.

7,8мЗ нойтон шинэсэн гуалин модны экологи эдийн засгийн үнэлгээ нь Нэг сая гурван зуун дөчин долоон мянга найман зуун дөчин төгрөг /1 347 840 төг/ болж байна. /Мод хэмжсэн тэмдэглэлийг хавсаргав/

 

Асуулт 2. Хэргийн газрын үзлэгээр Ж.Б нь 2019.01.16-ны өдөр мод бэлтгэсэн болох тогтоогодсон N 48° 40' 20.0”, Е106° 59' 14.7" цэг нь “УБЦО” ХХК болон “Хайрхан буянт” ХХК-ий мод бэлтгэхээр тусгаарлаж авсан талбайд хамаарч байгаа эсэх?

Хариулт 2. Уг цэг нь УБЦО ХХК болон Хайрхан буянт ХХК-ний 2018 оны тусгаарлалт хийсэн талбайн гадна талд буюу тусгаарлалт хийсэн талбайд хамаарахгүй байна.

Асуулт 3. УБЦО ХХК нь 2018, 2019 онд ойгоос мод бэлтгэх гэрээ хийж эрх авсан эсэх?, Хэрэв гэрээ хийж эрх авсан бол 2019.01.16-ны өдөр ойгоос мод бэлтгэх эрхтэй байсан уу? Эсхүл ойгоос мод бэлтгэх эрхийн хугацаа дууссан байсан уу?

Хариулт: 3. УБЦО ХХК нь 2018 оны “Мод бэлтгэх гэрээ”-г 2018 оны 02 сарын 07 -ны өдрөөс 2018 оны 12 сарын 25-ны өдөр хүртэл 850 мЗ хэрэглээ, түлээний мод, Засаг даргын нөөцөөс Түнхэлийн гүүр засварлах ажилд 130м3 шинэс модыг тус тус бэлтгэхээр зөвшөөрөл авч 2018008 тоот гэрээг Ойн ангийн даргатай байгуулсан. Сумын Засаг даргын 2019 оны 01 сарын 15-ны өдрийн А/06 тоот захирамжаар мод бэлтгэх гэрээг 2019 оны 01 сарын 15-ны өдрөөс 2019 оны 01 сарын 28-ны өдрийг хүртэл 14 хоногийн хугацаагаар сунгаж мод бэлтгэх эрх үүссэн боловч дээрх хугацаанд мод бэлтгэх эрхийн бичиг, зөвшөөрөл аваагүй болно.

Асуулт 4. Иргэн Ж.Б 2019.01.16-ны өдөр ойгоос мод бэлтгэх эрхийн бичиг авсан эсэх?

Хариулт 4.Иргэн Ж.Б 2019.01.16-ны өдөр ойгоос мод бэлтгэх эрхийн бичиг, зөвшөөрөл ойн ангиас аваагүй болно гэх /Хх-н 55-56 дугаар хуудас/

 

Хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /Хх-н 05-13 дугаар хуудас/

15-43 СБА улсын дугаартай тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /Хх-н 10-16 дугаар хуудас/

            15-43 СБА улсын дугаартай ЗИЛ-131 маркийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /Хх-н 18-19 дүгээр хуудас/

            Эд зүйлийн үнэлгээ тогтоосон баримт /хх-ийн 21 дүгээр хуудас/

            Нойтон шинэс мод /4 метрийн урттай/ 23 ширхэг битүүмжилсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 23-24 дүгээр хуудас/

15-43 СБА улсын дугаартай ЗИЛ-131 маркийн тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /Хх-н 26 дугаар хуудас/

           Хятад улсад үйлдвэрлэсэн цагаан алаг өнгийн хөрөөг эд мөрийн баримтаар тооцсон мөрдөгчийн тогтоол, гэрэл зургийн үзүүлэлт /Хх-н 30-31 дүгээр хуудас/

            Сэлэнгэ аймгийн Мэргэжлийн хяналтын газар Улсын байцаагчийн 2019 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн “хохиол тооцох тухай” акт /хх-ийн 63 дугаар хуудас/

            Шүүгдэгч Ж.Бийн 4.043.520 төгрөгийн хохирол төлсөн тухай баримт /хх-ийн 64 дүгээр хуудас/

            Ж.Бийн иргэний үнэмлэхний хуулбар /Хх-н 73 дугаар хуудас/

             Ж.Б нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан талаар Мэдээллийн санд бүртгэгдээгүй гэсэн Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газрын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /Хх-н 74 дүгээр хуудас/

            Ж.Бийн хурууны хэрээний дардас /хх-ийн 75 дугаар хуудас/ зэрэг болно.        

 

             Шүүгдэгч Ж.Б нь 2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр зөвшөөрөлгүй Сэлэнгэ аймгийн Мандал сумын Түнхэл 5 дугаар багийн нутаг Буянтын зоо гэх газраас 4 метрийн урттай 23 ширхэг нойтон шинэс мод бэлтгэн 15-43 СБА улсын дугаартай ЗИЛ-131 загварын тээврийн хэрэгслээр гаралүүслийн гэрчилгээгүйгээр тээвэрлэн ойн санд 4.043.520 төгрөгийн хохирол учруулсан болох нь шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул хууль бусаар буюу зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн, тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

            Шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримт болох иргэний нэхэмжлэгч, гэрч нарын мэдүүлэг нь хуульд заасан шаардлагыг хангасан, хууль зөрчөөгүй, мэргэжлийн байгууллагын үнэлгээний дүгнэлт нь үндэслэл бүхий байх тул энэ хэрэгт хамааралтай ач холбогдолтой нотлох баримтууд гэж үнэлсэн болно.

            Шүүгдэгч Ж.Бийн зохих зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн, тээвэрлэсэн гэмт хэргийн  улмаас ойн санд 4.043.520 төгрөгийн хохирол учирсан бөгөөд энэ үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг хангаж байх тул прокуророос энэ зүйл ангиар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн нь үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Ж.Бийн үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарах бөгөөд шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан 900 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 900.000 төгрөгөөр торгох ялыг оногдуулах, шүүгдэгчийн сарын өрхийн орлого, эрхэлсэн ажилгүй байдал, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 6 сарын хугацаанд 6 хувааж сард 150.000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч Ж.Б нь ойн санд учруулсан хохиролд 4.043.520 төгрөгийг төлсөн болохыг дурьдах нь зүйтэй байна.

           Шүүгдэгч Ж.Б нь ойд зохих зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэсэн нь тогтоогдсон бөгөөд хууль бусаар бэлтгэсэн 4 метрийн урттай 23 ширхэг нойтон шинэс модыг битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгож, 1347840 үнэлгээ бүхий  23 ширхэг нойтон шинэс  модыг хураан  улсын орлого болгох нь үндэслэлтэй байна.

Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ж.Бийг гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 15-43 СБА улсын дугаартай ЗИЛ-130 маркийн 10.000.000 төгрөгөөр үнэлэгдсэн тээврийн хэрэгслийг хураан авч улын орлого болгох нь зүйтэй гэж үзлээ.

 

            Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн Хятад улсад үйлдвэрлэсэн 120000 төгрөгөөр үнэлэгдсэн, цагаан өнгийн цахилгаан хөрөөг улсын орлого болгохоор Сэлэнгэ аймаг Мандал сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд шилжүүлэх, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хилийн хориг тавигдаагүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдаад

 

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсгийн 5.1, 5.2, 5.3, 5.4, 36.1 дүгээр зүйлийн 8 дах хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3, 2.4, 3 дах хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

            1.Шүүгдэгч Молкожанжигет ургийн овогт Жүкейний Бийг зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн, гарал үүслийн гэрчилгээгүйгээр тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

            2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Ж.Бийг 900 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 900.000 /есөн зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

            3.Эрүүгийн хуулийн ерөнхий 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Ж.Б нь 900.000 /есөн зуун мянган/ төгрөгийн торгох ялыг 06 сарын хугацаанд  сар бүр 150000 төгрөг  төлөхөөр тогтоосугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4  дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ж.Бийг гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 15-43 СБА улсын дугаартай ЗИЛ-130 маркийн /10.000.000 төгрөгөөр/  үнэлэгдсэн тээврийн хэрэгслийг хураан улсын орлого болгосугай.

5.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн Хятад улсад үйлдвэрлэсэн улаан цагаан өнгийн  /120000 төгрөгөөр үнэлэгдсэн/ цахилгаан хөрөө 1 ширхэг, 4 метрийн урттай 23 ширхэг / 1347840 төгрөгийн  үнэлгээтэй/ нойтон шинэс модыг улсын орлого болгохоор Сэлэнгэ аймаг Мандал сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд шилжүүлсүгэй.

          6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож  хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

            7.Шүүгдэгч Ж.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хилийн хориг тавигдаагүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурьдсугай.

            8.Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Ж.Бэд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

            9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дахь хэсэгт зааснаар шүүхийн цагаатгах тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.

 

            Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуульд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах давж заалдах гомдлоо шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ                          Б.АЛТАНЦЭЦЭГ