Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 11 сарын 04 өдөр

Дугаар 391

 

СҮХБААТАР АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН
ИРГЭНИЙ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ 
ШҮҮХИЙН ШИЙДВЭР

2016 оны 11 сарын 04                                             Дугаар 391                                         Баруун-Урт

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сүхбаатар аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч П.Болормаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн иргэний шүүх хуралдаанаар:

Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын 3-р баг, “Алтан” гэх газар нутаглах Цэгмэдийнхэн овогт Ичинхоролын Өнөрцэцэгийн ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч И.Өнөрцэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Бат-Эрдэнэ нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч И.Өнөрцэцэг шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 1982-1990 онуудад Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын “Эх орны төлөө” нэгдлийн талхны газарт талхчин, мөн малчнаар ажиллаж байсан. Энэ бүгд бичилт хийгдсэн хөдөлмөрийн дэвтэр байгаа боловч нийгмийн даатгалын хэлтэс нь миний хөдөлмөрийн дэвтрийг зөрчилтэй байна, ажиллаж байсан байдлаа шүүхийн шийдвэрээр баталгаажуулах шаардлагатай гэсэн юм. Иймд 1982-1990 онуудад Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын “Эх орны төлөө” нэгдэлд талхчин, малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Цэгмэдийнхэн овогт Ичинхоролын Өнөрцэцэг нь 1982 оны 08-р сарын 15-аас 1983 оны 08-р сарын 25-ыг хүртэл Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын “Эх орны төлөө” нэгдлийн талхны газарт талхчинаар, 1983 оны 08-р сарын 25-аас 1990 оныг дуустал Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын “Эх орны төлөө” нэгдэлд малчнаар тус тус ажиллаж байсан болох нь нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан тайлбар, Сүхбаатар аймгийн Архивын тасгийн 2016 оны 11-р сарын 03-ны өдрийн 252/15 тоот цалингийн лавлагаа, /И.Өнөрцэцэгийн 1982-1988 онуудад ажиллаж байхдаа авч байсан цалингийн бичилт бүхий/, хөдөлмөрийн дэвтрийн хуулбар. Хөдөлмөрийн дэвтрийн овог нь Сэрд гэж бичигдсэн нь миний ээжийн ахаар намайг овоглож бичсэн байсан гэх нэхэмжлэгчийн тайлбар, 1982 оны 07-р сарын 25-ны өдөр нээлгэсэн Сэрд овогтой Өнөрцэцэг гэсэн хөдөлмөрийн дэвтэр дээр наагдсан зураг нь Ичинхорол овогтой Өнөрцэцэгийн зураг мөн байгаа, хөдөлмөрийн дэвтэр дээрх бичилт зэргийг харгалзаж С.Өнөрцэцэг нэртэй хөдөлмөрийн дэвтэр нь Ичинхорол нэртэй Өнөрцэцэгийн хөдөлмөрийн дэвтэр мөн гэж шүүх үнэллээ. Гэрч Д.Батболдын шүүхэд өгсөн: “И.Өнөрцэцэг нь 1982-1990 онуудад Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын “Эх орны төлөө” нэгдлийн 3-р бригад буюу Төв бригадад малчин, саальчин байсан. Намайг 1983 онд нэгдэлд ажилд ороход Өнөрцэцэг ажиллаж байсан. И.Өнөрцэцэгийн нөхрийг нь Бяхарын Батаа гэдэг. Намайг Төв бригадад үхэрчнээр ажиллаж байхад Өнөрцэцэг Төв бригадад малчин саальчнаар ажиллаж байсан. Төв бригад бол үхрийн бригад байсан. “Эхэн- худаг”, “Хөөвөр” гэж хоёр том саалийн тасаг ч байсан. Бид нэг нутаг усанд, нэг баг, бригадад олон жил айл аймаг явсан, И.Өнөрцэцэгтэй хамт ажиллаж байсан болохоор түүний ажиллаж байсан байдлыг сайн мэднэ.Би 1983-1990 онуудад Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын “Эх орны төлөө” нэгдлийн 3-р бригад буюу Төв бригадад үхэрчнээр ажиллаж байсан” гэх мэдүүлэг, гэрч Д.Улаанхүүгийн шүүхэд өгсөн: И.Өнөрцэцэг нь Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын “Эх орны төлөө” нэгдлийн Төв бригадад малчин, саальчин байсан. Анх бол нэгдэлд харъяалагддаг талхны цехэд талхчин байсан. 1983 оноос эхлэн нэгдэлд саальчин байсан. Нэгдэл 1991 онд хувьчлагдсан. И.Өнөрцэцэг нь 1991 он хүртэл “Эх орны төлөө” нэгдэлд малчин, саальчнаар ажиллаж байсан. Өнөрцэцэг нь ээжээрээ овогтой. Ээжийг нь Ичинхорол гэж хөгшин байсан. Саяхан нас барсан. Би анхнаасаа сургууль соёл төгсөөгүй  нэгдэлд малчин байсан. Би 1980-1990 оныг дуустал Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын “Эх орны төлөө” нэдэлд  үхэрчнээр ажиллаж байсан. Бид нэг нутаг усанд, олон жил айл аймаг явсан, хамт ажиллаж байсан болохоор И.Өнөрцэцэгийн ажиллаж байсан байдлыг сайн мэднэ” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байх тул Цэгмэдийнхэн овогт Ичинхоролын Өнөрцэцэг нь 1982 оны 08-р сарын 15-аас 1983 оны 08-р сарын 25-ыг хүртэл Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын “Эх орны төлөө” нэгдлийн талхны газарт талхчинаар, 1983 оны 08-р сарын 25-аас 1990 оныг дуустал Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын “Эх орны төлөө” нэгдэлд малчнаар тус тус ажиллаж байсан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

    Нэхэмжлэгч И.Өнөрцэцэгийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээхээр шийдвэрлэлээ.
                                                                                                                                                                                                                                                                                                           
    Монгол Улсын Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1, 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Цэгмэдийнхэн овогт Ичинхоролын Өнөрцэцэг нь 1982 оны 08-р сарын 15-аас 1983 оны 08-р сарын 25-ыг хүртэл Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын “Эх орны төлөө” нэгдлийн талхны газарт талхчинаар, 1983 оны 08-р сарын 25-аас 1990 оныг дуустал Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын “Эх орны төлөө” нэгдэлд малчнаар тус тус ажиллаж байсныг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч И.Өнөрцэцэгийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн  70200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

      3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

 4.Монгол улсын иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                         П.БОЛОРМАА