Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 12 сарын 09 өдөр

Дугаар 2019/ШЦТ/367

 

 

                                    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Т.Хүрэлбаатар даргалж,

Нарийн бичгийн дарга Г.Буянжаргал,

Улсын яллагч Д.Оюунбилэг,

Шүүгдэгч Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Бхолбогдох эрүүгийн 1938006980424 дугаартай хэргийг 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.Б нь 2019 оны 10 дугаар сарын 06-нд ... улсын дугаартай портер маркын машинаар зохих зөвшөөрөлгүй 4.48 м.куб хэмжээтэй хуурай түлээний шинэс мод тээвэрлэж экологи эдийн засагт 268.800 төгрөгний хохирол учруулж хууль бусаар мод бэлтгэх гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

  Шүүгдэгч Б.Б нь 2019 оны 10 дугаар сарын 06-нд ... улсын дугаартай портер маркын машинаар зохих зөвшөөрөлгүй 4.48 м.куб хэмжээтэй хуурай түлээний шинэс мод тээвэрлэж экологи эдийн засагт 268.800 төгрөгний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогдуулан Хөвсгөл аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж эрүүгийн 1938006980424 дугаартай хэргийг шүүхэд ирүүлжээ.

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Б.Бийн мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “...Би 2019 оны 10 дугаар сарын 06-ны өдөр Түнэл сумын Домбон Хавчуу гэх газраас мод бэлтгэж Мөрөн сум руу гарал үүслийн эрхийн бичиггүй модыг өөрийн эзэмшлийн ... улсын дугаартай Портер маркийн тээврийн хэрэгслээр дан хожуул мод тээвэрлэж Мөрөнд орж ирээд цагдаад баригдсан...Хийсэн хэрэгтээ гэмшиж байна...” гэх мэдүүлэг,

      Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 5-7-р хуудас/,

      Модонд  үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 8-10-р хуудас/,

      Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол, тэмдэглэл /хх-ийн 11-14-р хуудас/,

      Хохирогч Ц.Баасанхүүгийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Намайг Түнэл сумын ЗДТГ-аас хохирогчоор тогтоосон байсан юм. Би модны шинжилгээнд гарсан мөнгөн дүнг нэхэмжилмээр байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 20-р хуудас/,

Гэрч Д.О-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би 2019 оны 10 дугаар сарын 06-ны орой ахлагч Баянмөнхийн хамтаар хөдөлгөөнт эргүүлийн үүрэг гүйцэтгэж байсан юм. Тэгээд орой 23 цаг 30 минутын орчимд Мөрөн сумын 9-р багт эргүүл хийж байгаад цагаан өнгийн ... улсын дугаартай портер маркийн машин мод ачсан явж байхаар нь зогсоож шалгасан чинь мод бэлтгэх эрхийн бичиг байхгүй байсан. Тэгэхээр нь журмын хашаанд хийж саатуулсан. Б.Б нь гарал үүслийн бичиг аваагүй мод бэлтгэж ачсан гэж ярьсан. Бичиг баримт байхгүй байсан. Түлшний зориулалттай шажилсан мод байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 21-22-р хуудас/,

Хөвсгөл аймгийн Түнэл сумын “Түнэл-Эг” сумын ойн ангийн 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн шинжээчийн дүгнэлтэд:

 1. Иргэн Б.Бийн тээвэрлэсэн модонд хэмжилт хийхэд 4.48 м.куб хэмжээтэй хуурай түлээний шинэс мод байв.

 2. Түнэл сумын 3 дугаар багийн нутаг “Хавчуу” гэх газар нь ойн 2012 оны ой зохион байгуулалтын номноос үзэхэд 1 мужлалд хамаарсан байна.

3. Иргэн Б.Бийн бэлтгэсэн модонд хэмжилт хийж хохирлын хэмжээг тооцохдоо хэрэглээний шинэс мод 60.000, 1.0 итгэлцүүр,модны хэмжээ 4.48 экологи эдийн засгийн үнэлгээ 268.800 хууль бусаар 4.48 м.куб хуурай түлээ бэлтгэсэн байна...гэх дүгнэлт /хх-ийн 27-29-р хуудас/,

      Хөрөнгө үнэлсэн тайлан /хх-ийн 35-р хуудас/,

      Хохирол 806.400 төгрөг төлсөн тухай Хаан банкны 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн банк хоорондын шилжүүлгийн баримт,

 Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон оршин суугаа газрын тодорхойлолт, иргэний үнэмлэхний хуулбар, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 45, 58-р хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Эрүүгийн 1938006980424 дугаар хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үнэллээ.

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна гэж шүүх үзлээ.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Б.Б нь 2019 оны 10 дугаар сарын 06-нд ... улсын дугаартай портер маркын машинаар зохих зөвшөөрөлгүй 4.48 м.куб хэмжээтэй хуурай түлээний шинэс мод тээвэрлэж экологи эдийн засагт 268.800 төгрөгний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судлагдсан шүүгдэгч Б.Бийн мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлэг,

Хохирогч Ц.Баасанхүүгийн /хх-ийн 20-р хуудас/, гэрч Д.Отгонхуягийн /хх-ийн 21-22-р хуудас/  мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлгүүд,

      Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 5-7-р хуудас/,

      Модонд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 8-10-р хуудас/,

      Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол, тэмдэглэл /хх-ийн 11-14-р хуудас/,

      Хөвсгөл аймгийн Түнэл сумын “Түнэл-Эг” сумын ойн ангийн 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 27-29-р хуудас/,

      Хөрөнгө үнэлсэн тайлан /хх-ийн 35-р хуудас/,

      Хохирол 806.400 төгрөг төлсөн тухай Хаан банкны 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн банк хоорондын шилжүүлгийн баримт зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Б.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль бусаар мод бэлтгэх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх дүгнэв.

Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хууль зүй, ёс зүйн ухамсар дутмаг нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзлээ.

Хууль бусаар мод бэлтгэх гэмт хэргийг шүүгдэгч Б.Б нь ганцаараа үйлдсэн болох нь хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна.

Шүүгдэгч нь хууль бусаар мод бэлтгэх гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, хор уршигт зориуд хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд: Шүүгдэгч Б.Б  нь экологи эдийн засагт 268.800 төгрөгний хохирол учруулсан бөгөөд Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т “ойн санд учирсан хохирлыг ойн экологи–эдийн засгийн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр” тогтооно гэж заасны дагуу шүүгдэгч Б.Б нь экологи эдийн засагт учруулсан хохирлыг гурав дахин нэмэгдүүлж 806.400 төгрөгний хохирлыг төлж барагдуулсан болох нь Төрийн сангийн 100171300988 дугаарын дансанд 806.400 төгрөгийг Б.Бээс шилжүүлсэн ХААН банкны 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн банк хоорондын шилжүүлгийн баримтаар тогтоогдож байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан, хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Б.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль бусаар мод бэлтгэх гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсон тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Б.Б нь 2008 онд  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 3 жил 4 сарын хорих ялаар шийтгүүлж байсан болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 45-р хуудас/-аар тогтоогдож байна.

 Шүүгдэгч Б.Б нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөн зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

Шүүгдэгч Б.Б нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлоо нөхөн төлсөн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг, гэр бүлээ тэжээн тэтгэдэг зэрэг хувийн байдал болон гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэмжээ зэргийг харгалзан торгох ял оногдуулах нь зүйтэй гэж үзэв.

Эрүүгийн 1938006980424 дугаартай хэрэгт битүүмжлэгдсэн 4.48 м.куб хуурай модыг хурааж улсын орлогод оруулахыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, ... улсын дугаартай Портер маркийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн 2019 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн 36 дугаартай прокурорын тогтоолыг хүчингүй болгох нь зүйтэй байна.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

      1. Шүүгдэгч Б.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль бусаар мод бэлтгэх гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.

      2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бийг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

      3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б нь торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг дурдсугай.

      4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эрүүгийн 1938006980424 дугаар хэрэгт битүүмжлэгдсэн 4.48 м.куб модыг хурааж улсын орлогод оруулахыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, ... улсын дугаартай Портер маркийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн 2019 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн 36 дугаартай прокурорын тогтоолыг хүчингүй болгосугай.

      5. Эрүүгийн 1938006980424 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

      6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

      7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Бт урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                             Т.ХҮРЭЛБААТАР