Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 06 сарын 27 өдөр

Дугаар 1231

 

 

 

 

 

 

 

 

 

 

ХХХХ, ХХХХ  нарын

 нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Т.Туяа, Ц.Ичинхорлоо нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 101/ШШ2016/02445 дугаар шийдвэртэй

 

Нэхэмжлэгч ХХХХ, ХХХХ нарын нэхэмжлэлтэй

Хариуцагч ХХХ-д холбогдох

 

Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний   хэргийг

 

Нэхэмжлэгч ХХХХ-ын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн

Шүүгч Ц.Ичинхорлоогийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч ХХХХ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч       ХХХ

Нэхэмжлэгч ХХХХ-ын өмгөөлөгч                                ХХХ

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга                      Ө.Ган-Өнөр нар оролцов.

 

Нэхэмжлэгч ХХХХ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

ХХХХ би ХХХХны ахлах шийдвэр гүйцэтгэгч ХХХХ-ийн 2015 оны 10 дугаар сарын 2-ны өдрийн мэдэгдлийг 2015 оны 10 дугаар сарын 5-ны өдөр хүлээн авч, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.6, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 156 дугаар зүйлийн 156.1 дэх хэсэгт тус тус заасны дагуу дараах үндэслэлээр энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна. "ХХХХ" ХХК нь ХХХХ миний өмчлөлийн Улсын бүртгэлийн ХХХХХХХХХдугаарт бүртгэлтэй Улаанбаатар хот, ХХХХХ дүүрэг, ХХ дугаар хороо барилгын ХХ дугаар байрны ХХ тоот 35 м.кв орон сууцыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Тариалан эрхлэлтийг дэмжих санд үүргийн гүйцэтгэлд барьцаалсан байсныг огт мэдээгүй байсан юм. Харин Баянзүрх дүүргийн шүүхийн 2011 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн 1728 дугаар шийдвэрээр "ХХХХ" ХХК-иас 282 917 096 төгрөг гаргуулж, Хүнс хөдөө аж ахуй, Хөнгөн үйлдвэрийн яамны Тариалан эрхлэлтийг дэмжих санд олгохоор шийдвэрлэсэн, шүүхийн шийдвэр гарч, ХХХ-д 2015 оны 9 дүгээр сарын 3-ны өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байхад миний бие энэ талаар олж мэдээд ихэд гайхаж байна. "ХХХХ" ХХК нь хэний ямар зөвшөөрлөөр миний болон манай гэр бүлийн өмчлөлийн орон сууцыг үүргийн гүйцэтгэлд барьцаалж, одоо ХХХХ дуудлага худалдаанд оруулах гэж байгаа хууль бус үйлдлийг огт ойлгохгүй байна. Тодруулбал, "ХХХХ" ХХК нь миний өмчлөлийн орон сууцыг үүргийн гүйцэтгэлд барьцаалахад надад огт мэдэгдэж, зөвшөөрөл авч байгаагүй юм. Гэтэл өнөөдөр миний байрыг хууль бусаар үүргийн гүйцэтгэл хангуулахаар албадан шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй байгаа юм. Би дээрх орон сууцаа огт барьцаалаагүй, ямар нэгэн зөвшөөрөл, итгэмжлэл гэх зэрэг ямар ч баримт бичгийг иргэн, хуулийн этгээдэд олгоогүй юм. Мөн энэхүү орон сууцыг хамтран өмчлөгч, манай гэр бүлийн гишүүд болох ХХХХ , ХХХХ , ХХХХ , ХХХХХ нарын хэн ч адил энэ талаар мэдээгүй, хэн нэгэнд худалдах, бэлэглэх зэргээр зөвшөөрөл өгөөгүй байгаа юм. Гэтэл миний өмчлөлийн орон сууцаар төлбөр авч Хүнс хөдөө аж ахуй, Хөнгөн үйлдвэрийн аж үйлдвэрийн яамны төлбөрт үүргийн гүйцэтгэлд хангуулахаар хууль бус шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулан Монгол улсын Үндсэн хуульд заасан өмчлөх эрхэд ноцтойгоор халдаж байгаад гомдолтой байна. Өнөөдөр хэн нэгэн этгээд дураараа бусдын өмчлөлийн байрыг барьцаалж хууль бус шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулан бүхэл бүтэн нэг гэр бүлийн өмч хөрөнгийг авахаар санаархаж байгаа хууль бус бусармаг үйлдлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Мөн энэхүү дур зоргоороо авирласан аймшигтай үйлдлийг шалган тогтоолгүйгээр шүүх шийдвэр гаргаж, ХХХХ ажиллагааг явуулж ХХХХХ миний болон гэр бүлийн өмчлөх эрхэд халдаж байгаад гомдолтой байна. Иймд энэхүү хууль бус шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгож өгнө үү" гэжээ.

 

Нэхэмжлэгч ХХХХ-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ХХХХ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Шийдвэр гүйцэтгэгч ХХХХ нь ХХХХ-ийн өмчлөлийн ХХХХ дүүргийн ХХ дугаар хороо, Барилгын ХХХ дугаар байрны ХХ тоот хаягт байрлах, Улсын бүртгэлийн ХХХХХХХХХдугаартай орон сууцны зориулалттай 35 м.кв талбайтай 3 өрөө байрыг Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 9111/4 дугаартай захирамжийг үндэслэн төлбөр төлөгч "ХХХХ" ХХК-иас ХХААХҮЯамны "Тариалан эрхлэлтийг дэмжих" санд төлөх өр төлбөрт битүүмжилсэн байна. Шийдвэр гүйцэтгэгчийн хууль бус үйлдлийн талаар ахлах шийдвэр гүйцэтгэгчид гомдол гаргасан боловч хэргийн бодит нөхцөл байдлыг олохын оронд гомдол хүлээн авах боломжгүй гэсэн хариуг өгсөн. ХХХХХХХХХдугаартай үл хөдлөх хөрөнгийг ХХХХ нь ХХХ-оос 2010 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн орон сууц худалдах, худалдан авах гэрээний дагуу шилжүүлэн авсан. ХХХХ нь ХХХХ-ээс 2010 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр шилжүүлэн авсан, ХХХХ нь 2010 оны 2 дугаар сарын 8-ны өдөр ХХХХ, ХХХХ , ХХХХ , ХХХХ , ХХХХ нараас шилжүүлэн авсан байдаг. Гэтэл Баянзүрх дүүргийн шүүхийн шүүгчийн 2011 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн 1728 дугаартай шүүгчийн захирамж, Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 9111/4 дугаартай захирамжийг үндэслэн эдгээр захирамжид дурдсан хэргийн оролцогч ХХХХ-ийн өмчлөлийн ХХХХХХХХХдугаартай орон сууцыг битүүмжилсэн нь өмчлөгчийн өмчлөх эрхэд ноцтой халдсан хууль бус үйлдэл юм. Баянзүрх дүүргийн шүүхийн шүүгчийн 2011 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн 1728 дугаартай шүүгчийн захирамж нь ямар нотлох баримтыг үндэслэн шийдвэрлэгдсэн эсэх нь тодорхойгүй. Учир нь, хариуцагч "ХХХХ" ХХК болон түүний захирал ХХХХ нэхэмжлэлийн шаардлагыг шууд хүлээн зөвшөөрч хэргийг шийдвэрлүүлсэн нь шүүхийг хөндлөнгөөс хянан шийдвэрлэх боломжгүй нөхцөл байдалд хүргэсэн байна. Мөн ХХХХХХХХХдугаартай үл хөдлөх хөрөнгө ХХААХҮЯамны "Тариалан эрхлэлтийг дэмжих сан"-ийн зээлийн гэрээний барьцаанд байсан атлаа ХХХХ ХХХХ , ХХХХ нарын тус тусын өмчлөлд шилжин бүртгэгдэх боломжгүй юм. Монгол улсын хууль, тогтоомжоор барьцааны гэрээг бичгээр байгуулж, улсын бүртгэлд бүртгүүлснээр хүчин төгөлдөр болдог. Мөн үл хөдлөх хөрөнгө нь ХХХХ гийн өмчлөлд 2010 оны 2 дугаар сарын 8-ны өдөр шилжсэн байтал. ХХХХ, ХХХХ д өөрөө өмчлөгч нь мэтээр 2010 оны 9 дүгээр сарын 8-ны өдөр ХХХХХХХХХдугаартай үл хөдлөх хөрөнгийг зээлийн барьцаанд тавиж болохгүй. ХХХХаас ХХХХ д итгэмжлэл олгоход наториатчаас үл хөдлөх хөрөнгийн жинхэнэ өмчлөгч гэдгийг нь тодруулах ёстой. Мөн ХХХХ , ХХХХ , ХХХХ , ХХХХ нартай хамтран өмчилж байсан учир үл эд хөдлөх хөрөнгийн барьцаанд тавих итгэмжлэлийг ХХХХ д олгохдоо бусад өмчлөгч нараас зөвшөөрөл авна. ХХХХ нь иргэний хувиар итгэмжлэл авсан байж "ХХХХ" ХХК-ийн зээлийн барьцаанд бариулсан нь Монгол улсын бусад хууль, тогтоомжид харшлах юм. Энэ мэтээр хууль зөрчсөн бусдын өмчлөлийн эд хөрөнгийг барьцаанд бариулан шийдвэр гаргуулсныг ХХХХ бодит нөхцөл байдлыг тогтоолгүй, ХХХХ-ийн өмчлөх эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж байна. Иймд шийдвэр гүйцэтгэх ажиллагаанаас ХХХХ-ийн өмчлөлийн ХХХХХХХХХдугаартай үл хөдлөх хөрөнгийг битүүмжилсэн шийдвэр гүйцэтгэх үйл ажиллагааг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч ХХХХ шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Баянзүрх дүүргийн шүүхийн 2011 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн 1728 дугаар шийдвэрээр "ХХХХ" ХХК-иас 282.917.096 төгрөг гаргуулж Хүнс хөдөө аж ахуй, Хөнгөн үйлдвэрийн яамны Тариалан эрхлэлтийг дэмжих санд олгохоор шийдвэрлэсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт заасны дагуу ХХХХ хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр, гүйцэтгэх хуудсыг үндэслэн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж ХХХХ дүүргийн ХХ дугаар хороо, ХХ дугаар байрны ХХ тоот, 3 өрөөр орон сууцыг битүүмжилсэн. Шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 3-т үүргийн гүйцэтгэлд барьцаалсан ХХХХХ дүүргийн ХХ дугаар хороо, ХХ дугаар байрны ХХ тоот, 3 өрөө орон сууцыг дуудлага худалдаанд оруулж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар заасан бөгөөд Шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2-т "Үүргийн гүйцэтгэлд барьцаалсан эд хөрөнгийг бусдад шилжүүлсэн бол уг эд хөрөнгө хэний эзэмшилд шилжсэнийг үл харгалзан түүнээс төлбөр гаргуулна" гэж заасан тул барьцаа хөрөнгийг битүүмжлэлээс чөлөөлөх үндэслэлгүй гэж үзэж байна. Иймд нэхэмжпэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.3 дахь хэсэгт зааснаар, хариуцагч ХХХ-д холбогдох, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч ХХХХ, ХХХХ нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т зааснаар нэхэмжлэгч ХХХХ, ХХХХ нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.  

 

Нэхэмжлэгч ХХХХ давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна. Нэхэмжлэгч ХХХХ миний өмчлөлийн ХХХХ дүүргийн ХХ-р хороо, ХХХ дугаар байрны ХХ тоот хаягт байрлах, улсын бүртгэлийн ХХХХХХХХХдугаартай орон сууны зориулалттай 35 м.кв талбайтай 3 өрөө байрыг ХХХХнаас битүүмжлэн, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулсан.

Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэргийн бодит нөхцөл байдал, үнэн мөнийг тунгаахыг зорилгүй, “ХХХХ шүүгчийн хүчин төгөлдөр захирамжийн дагуу ажиллагаа явуулж байгаа учраас гомдлыг хангах үндэслэлгүй байна" гэж дүгнэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан “Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна” гэсэн шаардлагад нийцэхгүй байна. Иймд дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган шийдвэрлэж өгнө үү.

 

                                                     ХЯНАВАЛ:

 

            Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

 

            Нэхэмжлэгч ХХХХ, ХХХХ нар нь хариуцагч ХХХ-д холбогдуулан ХХХХ-ийн өмчлөлийн ХХХХХХХХХдугаартай үл хөдлөх эд хөрөнгө битүүмжилсэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрөн маргажээ.   

 

Баянзүрх дүүргийн шүүхийн 2011 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн 1728 дугаар захирамжаар нэхэмжлэгч ХХААХҮЯ-ны Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн нэхэмлэлтэй, “ХХХХ” ХХК-д холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлтэд 282 917 096 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хариуцагч “ХХХХХ “ ХХК хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч шүүхийн шийдвэрийг сайн дураараа эс биелүүлбэл нэхэмжлэлийн шаардлагыг барьцааны гэрээнд барьцаалагдсан газар орон сууцыг тус тус дуудлага худалдаанд оруулж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэлийн албанд даалгаж шийдвэрлэсэн шийдвэр хүчин төгөлдөр байна. /хэргийн 4-5 дугаар тал/

 

Нийслэлийн шийдвэр гүйцэтгэлийн алба 2015 оны 5 дугаар сарын 29-ний өдөр “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” 29/01 тоот тогтоолоор ХХХХ дүүргийн ХХ-р хороо, ХХХ дугаар байрны ХХ тоот 3 өрөө орон сууцыг битүүмжилжээ. /хэргийн 63 дугаар тал/

 

Дээрх орон сууцныг ХХХХ нь ХХХ-оос 2010 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр маргааны зүйл болж буй орон сууцыг худалдах, худалдан авах гэрээний дагуу өмчлөлдөө шилжүүлэн авч өмчлөгч нь болжээ. 

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 2 дугаар сарын 19-ний өдрийн 101/ШШ2016/ 01643 дугаар шийдвэрээр “ХХХХ” ХХК болон хариуцагч ХХААХҮЯ-ны Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн хооронд 2010 оны 9 дүгээр сарын 14-ны өдөр байгуулагдсан ДТ2010/У/Х-17 дугаартай “2010 оны ургац хураалтад дизель түлш олгох гэрээ”-ний 1.5 дахь заалтын “Эрхийн улсын бүртгэлийн ХХХХХХХХХдугаартай 35 м.кв орон сууцыг барьцаалсан” хэсгийг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцсон шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр байна. /хэргийн 162-165 дугаар тал/

 

Баянзүрх Сүхбаатар Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 2 дугаар сарын 19-ний өдрийн 101/ШШ2016/01643 тоот шийдвэрээр “ХХХХ” ХХК болон Хүнс, Хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн хооронд 2010 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр байгуулагдсан ДТ2010/У/Х-17 дугаартай “2010 оны ургац хурааалтад дизель түлш олгох гэрээ” нэртэй гэрээний 1.5 дахь заалтын эрхийн улсын бүртгэлийн ХХХХХХХХХдугаартай, 35 м.кв орон сууцыг барьцаалсан хэсгийг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцсон байх бөгөөд энэ үйл баримттай холбоотой Баянзүрх дүүргийн 2011 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн 1728 дугаар захирамжаар “Нэхэмжлэгч Хүнс, Хөдөө аж ахуй, Хөнгөн үйлдвэрийн яамны Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн нэхэмжлэлтэй, “ХХХХ” ХХК-нд холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлтэд 282 917 096 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн хариуцагч “ХХХХ” ХХК нь нэхэмжлэгчийн нэхэмжилсэн 282 917 096 төгрөгийг төлөхөөр хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон” захирамж хүчинтэй хэвээр байгаа эсэх үйл баримт тодорхой бус байна.

 

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нэхэмжлэлийн шаардлагыг үндэслэл, хариуцагчийг татгалзалд хамааралтай нотлох баримтыг тал бүрээс нь үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлсэн гэж үзэхэд учир дутагдалтай байна.

 

Дээрх ажиллагааг давж заалдах шатны шүүхээс нөхөн гүйцээх боломжгүй, шүүх хэргийн үйл баримтын талаар үндэслэл бүхий дүгнэлт өгөөгүй байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцааж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хүлээн авах нь зүйтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1.Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 3 дугаар сарын 17-ний өдрийн 101/ШШ016/02445 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 

  2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамжаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч ХХХХ ас төлсөн 70 200 төгрөгийг буцаан олгохыг дурьдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                   Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                                          ШҮҮГЧИД                                  Т.ТУЯА

 

                                                                                             Ц.ИЧИНХОРЛОО