Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 03 сарын 30 өдөр

Дугаар 001/ХТ2018/00506

 

“К” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

    Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Б.Ундрах, Г.Цагаанцоож, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн

          2017 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 137/ШШ2017/00293 дугаар шийдвэр,

      Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 

          2017 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 202/МА2017/00037 дугаар магадлалтай,

          Нэхэмжлэгч: “К” ХХК

          Хариуцагч: Д.Од холбогдох

          Нийт 35.481.600 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг     

          Нэхэмжлэгчийн төлөөлөгч А.А хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

          Шүүгч Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв.

     Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н, хариуцагчийн өмгөөлөгч Г.Ц, нарийн бичгийн даргад Г.Наранхүү нар оролцов.

          Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Тус банкны Дорноговь аймаг, Замын-Үүд суман дахь салбарын зээлийн мэргэжилтнээр ажиллаж байсан Д.О ажил олгогчтой харилцан тохиролцож 2013-08- 09-ний өдөр №25 тоот “Ажиллагсдын ипотекийн зээлийн урьдчилгааг төлөх, тогтвортой ажиллах нөхцөлт гэрээ”-г байгуулсан байдаг. Дээрх гэрээний дагуу банк  Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 75 дугаар байрны 1-р орц 64 тоотод 67 м.кв талбайтай орон сууцыг худалдан авахад зориулж 120.600.000 төгрөгийн зээл олгох, 25.200.000 төгрөгийг урьдчилгаа төлбөр болгон төлөх, ингэснээр ажилтан тус банкинд 10 жилийн хугацаатай тогтвор суурьшилтай ажиллах болзолтой гэрээ байгуулсан. Дээрх гэрээгээр ажилтан банкинд 10 жил тогтвортой ажилласан тохиолдолд урьдчилгаа төлбөрийн 10 хувийг хөнгөлөх бөгөөд дээрх хугацаагаар ажиллаагүй тохиолдолд ажилтан нь урьдчилгаа төлбөрийг банкинд хүүтэйгээр буцаан төлөхөөр талууд тохиролцсон. Банкны зүгээс Д.Отай 2015-01-16-ны өдөр байгуулсан “Хөдөлмөрийн гэрээ”-нд 2015-05 -21-ний өдөр №048 тоот “Ажиллагсдын ипотекийн зээлийн урьдчилгааг төлөх, тогтвортой ажиллах нөхцөлт гэрээ”-р хүлээсэн үүргээ биелүүлж 2013-08-26-ны өдөр “Катеринг Деливери” ХХК-ийн Кин дахь  дансанд 20.250.000 төгрөгийг шилжүүлсэн ба урьдчилгааны төлбөрийг Д.О төлсөн. Улмаар 83.500.000 төгрөгийн ипотекийн зээл олгосон. Д.О нь 2016-07-22-ны өдрийн №546 дугаар  тушаалаар ажлаасаа чөлөөлөгдөж, хөдөлмөрийн гэрээг цуцалсан.Иймд  “Ажиллагсдын ипотекийн зээлийн урьдчилгааг төлөх, тогтвортой ажиллах нөхцөлт гэрээ”- 2.4, 2.5, 3.3-г зөрчсөн тул 2.6,3.4-р К-д урьдчилгаанд төлсөн төлбөрийг  хүүгийн хамт нэхэмжлэх эрх үүссэн.  Д.О 2016-07-22-ны өдрийн №546 дугаар  тушаалаар үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөж хөдөлмөрийн гэрээг цуцалсан тул  урьдчилгаанд төлсөн зээлийн урьдчилгаа 25.200.000 төгрөг, зээлийн хүү 10.281.600 төгрөг, нийт 35.481.600 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

       Хариуцагчийн гаргасан хариу тайлбарт: Нэхэмжлэлийг  эс зөвшөөрч  байна. 2012-05-04-ний өдрийн ажиллагсдын орон сууцны зээлийн гэрээ /№384/-ний 3.1-д орон сууцны 1 м.кв талбайн үнэ 1.300.000 төгрөг байх, 3.2-т ажилтныг төлөөлж банкнаас барилгын компанийн үнэ хариуцах төлбөрийн хэмжээ 1 м.кв нь 150.000 төгрөг байхаар тохирсон. 2012-05-04-ний өдрийн орон сууцны санхүүжилтийн гэрээ /№86/-ний 1.6.3-т компани болон захиалагчийн хооронд байгуулсан орон сууц худалдах, худалдан авах гэрээнд заагдсан Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 16-р хороолол, 130 айлын орон сууцны 64 тоотод байрлах 67 м.кв 3 өрөө орон сууц байхаар тохирсон. Гэтэл 2012-03-06-ны өдрийн орон сууц захиалгаар бариулах гэрээний 2.1-д уг орон сууцны үнийг 1 м.кв нь банкны ажиллагсдад 1.800.000 төгрөг байна гэж үнийг 500.000 төгрөгөөр нэмэгдүүлсэн, 2013-08-09-ний зээлийн урьдчилгааг төлөх, тогтвортой ажиллах гэрээ №25, 2015-05-22-ны  хөдөлмөрийн гэрээнд өөрчлөлт оруулах тухай 48 дугаар гэрээ нь зөвхөн банкны талын шаардлагаар хийгдсэн. 2012-05-04-ний өдрийн орон сууцны зээлийн гэрээ /№384/-ний нөхцөлийг дордуулсан тул  зөвшөөрөхгүй.  2016-07-22-ны өдрийн 546 тушаалаар намайг ноцтой зөрчил гаргасан гэж ажлаас чөлөөлсөн. Энэ тушаалыг эс зөвшөөрч шүүхэд нэхэмжлэл гаргах боломж надад олдоогүй. Энэ тушаалд 2015-05-22-ны өдрийн хөдөлмөрийн гэрээнд өөрчлөлт оруулах тухай гэрээний 5.2-т заасны дагуу банкнаас санхүүгийн дэмжлэг олгосон 30.150.000 төгрөг, хүүгийн төлбөр 12.301.200 төгрөг, бүгд 42.451.200 төгрөгийг төлүүлэхийг заасан атлаа 2017-06-25-ны 1/2574 тоот нэхэмжлэлдээ зээлийн урьдчилгаа 25.200.000 төгрөг, хүү /24 сар/ 10.281.600 төгрөг нийт 35.481.600 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн нь ойлгомжгүй байна. 2012-05-04-ний өдрийн ажиллагсдын орон сууцны зээлийн гэрээ /№384/-ний дагуу 7.930.254 төгрөгийн зээлийн хүү, 1.412.088 төгрөгийн үндсэн зээл, 2013-08-20-ны өдрийн зээлийн гэрээ /№230/-ний дагуу 20.140.276 төгрөгийн зээлийн хүү 5.994.113 төгрөгийн үндсэн зээл, нийт 35.476.731 төгрөгийн зээл, зээлийн хүүний төлөлт хийгдсэн. Иймд банкны нэхэмжилсэн 35.481.600 төгрөгийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

        Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 137/ШШ2017/00293 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.1-д заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул Д.Од холбогдох урьдчилгаа  25.200.000 төгрөг, хүү 10.281.600 төгрөг, нийт 35.481.600 төгрөг гаргуулах тухай  К ХХК-ны нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс төлсөн 335.360 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

        Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 202/МА2017/00037 дугаар магадлалаар Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 137/ШШ2017/00293 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч К ХХК-ийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхижээ.

         Нэхэмжлэгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Д.О “К” ХХК-ийн Замын-Үүд салбарт зээлийн эдийн засагчаар ажиллаж байсан. Ажил олгогчтой ажилтан нь харилцан тохиролцож 2013 оны №25 тоот гэрээ байгуулсан. Энэхүү гэрээний дагуу банк нь ажилтанд Баянзүрх дүүрэг, 16 дугаар хороо, 16 дугаар хороолол, 75 дугаар байрны 1 дүгээр орцны 64 тоотод байрлах 67 м.кв 3 /гурван/ өрөө орон сууцыг худалдан авахад зориулж 120,600,000 төгрөгийн зээлийг олгосноос 25,200,000 төгрөгийг түүний өмнөөс “К” ХХК төлсөн. “К” ХХК өөрөө бусдын өмнөөс үүрэг гүйцэтгэх ёстой этгээдээс шаардаж, урьдчилгаа төлбөрт 25,200,000 төгрөг, хүүгийн төлбөрт 10,281,600 төгрөгийг Д.Оаас гаргуулахаар нэхэмжилсэн. Гэтэл шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль буруу хэрэглэж, нотлох баримтыг хуулийн дагуу үнэлээгүй, хэргийг тал бүрээс нь бодитой дүгнэлт хийгээгүй, нэг талыг барьж хариуцагчид давуу байдал олгон шийдвэрлэсэн гомдолтой байна. Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1, 40.2-т зааснаар нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцсэн гэж давж заалдах шатны шүүх үзсэн нь үндэслэлгүй. Нэхэмжлэгчээс зээлийн гэрээ, барьцааны гэрээ, Катеринг деливери ХХК-ийн дансны хуулга, тооцоо нийлсэн акт, хөдөлмөрийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээ, тогтвортой ажиллах нөхцөлт гэрээ зэрэг баримтаар нэхэмжлэлээ нотолсон. Гэвч шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1, 40.2-т зааснаар нотлох баримтыг тал бүрээс нь бодитой, харьцуулан хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь дүгнэж үзсэнгүй. Ажилтан “К” ХХК нарын хороонд 2015-05-22-ны өдөр байгуулсан 048 тоот Хөдөлмөрийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай” гэрээ /хх 20-21 тал/ нь Иргэний хуулийн 189.1-н зохицуулалтад нийцсэн, талууд хүсэл зоригоо чөлөөтэй илэрхийлж, сайн дурын үндсэн дээр өөрсдөө үйлдсэн бөгөөд дээрх нэхэмжлэлийн шаардлага хангагдах хууль зүйн үндэслэлтэй юм.  Гэтэл шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн бөгөөд хэргийн үйл баримт болон хариуцагч талаас гаргасан тайлбар, татгалзал зэргээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэл, нотлох баримт хавтаст хэрэгт байхгүй. Түүнчлэн, давж заалдах шатны шүүх “...анхан шатны шүүх Иргэний хуулийн 496.1-д заасныг үндэслэж "К” ХХК нь Д.Оы өмнөөс ипотекийн зээлийн урьдчилгаа төлбөр 25,200,000 төгрөг төлснөө үндэслэл бүхий эргэлзээгүй баримтаар нотлоогүй гэж дүгнэсэн нь үндэслэл бүхий болжээ” гэж нотлох баримтыг үгүйсгэж дахин үндэслэл муутай дүгнэлт хийсэн. Хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтаар “К” ХХК болон “Катеринг дилвери” ХХК нарын хооронд 2012-03-06-ны өдөр байгуулсан “Орон сууц захиалгаар бариулах гэрээ”-ний дагуу талууд маргаан бүхий орон сууцны м.кв-ыг 1,800,000 төгрөгөөр бариулсан. Харин банк ажилчдынхаа амьдрах орчин нөхцөлийг дээшлүүлэх зорилгоор үүрэг бүхий этгээдүүдийн өмнөөс тэдний үүргийг гүйцэтгэсэн. Энэ нь “Катеринг дилвери” ХХК-ийн харилцах данс руу шилжүүлсэн меморалын баримт, дансны хуулга, “К” ХХК, “Катеринг дилвери” ХХК”ийн хороонд байгуулсан “Тооцоо нийлсэн акт” гэх эдгээр үйл баримтаар хангалттай нотлогддог. Гэтэл анхан шатны шүүх нэхэмжлэгч  шаардлага үндэслэлээ нотлоогүй мэт үзэж нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг эс зөвшөөрч дээрх үндэслэлүүдээр гомдол гаргаж байгаа болно. Иймд шийдвэр, магадлалыг тус тус хүчингүй болгож, нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.

                                                                  ХЯНАВАЛ:

        К ХХК нь 2017 оны 06 дугаар сарын 29-ний өдөр Д.Од холбогдуулан нэхэмжлэл гаргаж, орон сууц худалдан авахад зориулж шилжүүлсэн 25.200.000 төгрөг, 24 сарын хүү 10.281.600 төгрөг нийт 35.481.600 төгрөг шаарджээ.  

        Анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосныг давж заалдах шатны шүүх хэвээр үлдээсэн байна.

       Хяналтын шатны шүүхэд гаргасан нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв. 

        Нэхэмжлэгч нь “Ажиллагсдын ипотекийн зээлийн урьдчилгааг төлөх, тогтвортой ажиллах нөхцөлт” 2013 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 25 дугаар гэрээг үндэслэл болгосон бөгөөд уг гэрээний 2.4, 2.6-д зааснаар “К” нь ажилтныг тогтвор суурьшилтай, үр бүтээлтэй ажилласанд нь урамшуулал болгож, мөн цаашид тогтвор суурьшилтай, үр бүтээлтэй ажиллах, амьдрах орчин нөхцөлийг нь дээшлүүлэх зорилгоор Д.Оы худалдан авч буй Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 75 дугаар  байрны 64 тоот орон сууцны урьдчилгаа төлбөр болох 25 200 000 төгрөгийг төлөх, хариуцагч 10 жилээс доошгүй хугацаагаар тогтвортой, үр бүтээлтэй ажиллах, энэ хугацаанаас өмнө ажилтны болон захиргааны санаачилгаар хөдөлмөрийн гэрээ цуцлагдсан тохиолдолд ажилтан орон сууцны урьдчилгаанд төлүүлсэн төлбөрийг сарын 1.7 хувийн хүүгийн хамт буцаан төлөхөөр харилцан тохирчээ. Гэрээний агуулга хууль зөрчөөгүй бөгөөд уг гэрээг хөдөлмөрийн харилцаанаас тусдаа бие даасан гэрээ байна.

       Кны гүйцэтгэх захирлын 2016 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 546 дугаар тушаалаар Д.Оыг ажлаас нь чөлөөлж хөдөлмөрийн гэрээг цуцалсан байх ба тушаал хүчинтэй байна. Хөдөлмөрийн гэрээг цуцалсан нь  “Ажиллагсдын ипотекийн зээлийн урьдчилгааг төлөх, тогтвортой ажиллах” гэрээнд заасан нөхцөл буюу орон сууцны урьдчилгаа төлбөрийг буцаан авах эсэх асуудалд хамааралтай байна. Гэрээний 2.6-д “Ажилтан тогтвортой ажиллах хугацаагаа дуусахаас өмнө өөрийн хүсэлтээр болон захиргааны санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцалсан тохиолдолд энэхүү гэрээний 2.2-т заасан ажилтны өмнөөс банкны төлсөн гэрээний 2.2-т заасан төлбөрийг сарын 1,7 хувийн хүүгийн хамт банкинд буцааж төлж барагдуулна...” гэж заажээ.

       Хэрэгт авагдсан баримтаас үзвэл зохигчид нь “Ажиллагсдын ипотекийн зээлийн урьдчилгааг төлөх, тогтвортой ажиллах нөхцөлт” гэрээг бичгээр байгуулж, гарын үсгээ зурсан хэдий ч гэрээнд заасан орон сууцны урьдчилгаа төлбөр 25 200 000 төгрөгийг  “К”-ны зүгээс хариуцагчийн нэрийн өмнөөс шилжүүлсэн гэх байдал тогтоогдоогүй тул хариуцагчид мөнгийг буцааж төлөх үүрэг үүсээгүй, нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй гэж үзсэн шүүхийн дүгнэлт хуульд нийцсэн байна.

       2013-08-20-ны өдрийн 230 дугаартай гэрээгээр К нь 83,500,000 төгрөгийг сарын 0,67 хувь, жилийн 8 хувийн хүүтэй 20 жилийн хугацаатай байгуулж /хх 6-11/, үүргийн гүйцэтгэлд Баянзүрх дүүргийн 16-р хороо, 16-р хороолол, 75-р байрны  64 тоот 3  өрөөг барьцаалсан /хх 12-14/ байх бөгөөд уг гэрээний дагуу хариуцагч төлбөрийг төлж байгаа /хх 48-49/ энэ талаар маргаангүй байна.

       Нэхэмжлэгчээс шүүхэд гаргаж өгсөн 2013 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн мемориалын баримтад /хх-24/ “ажиллагсдын хөнгөлөлт”-д 221.880.000 төгрөгийг нэхэмжлэгчээс “КАТ ЭНД ДЕЛИВЕР” ХХК-д төлсөн гэж тэмдэглэгдсэн боловч үүнд хариуцагчийн өмнөөс төлсөн төлбөр багтсан эсэхийг нэхэмжлэгч нотлоогүй байна

       Хоёр шатны шүүх “К”-ны нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн талаар  Иргэний хуульд нийцсэн дүгнэлт хийж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул  шийдвэр, магадлалыг хэвээр үлдээв.

       Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ :

       1. Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 137/ШШ2017/00293 дугаар шийдвэр, Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 202/МА2017/00037 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

        2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдөр төлсөн 344.039 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

                                 ТАНХИМЫН ТЭРГҮҮН                           Х.СОНИНБАЯР

                                  ШҮҮГЧ                                                     Б.УНДРАХ