| Шүүх | Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гөлгөөгийн Давааренчин |
| Хэргийн индекс | 150/2017/0045/Э |
| Дугаар | 53 |
| Огноо | 2017-07-05 |
| Зүйл хэсэг | 153.1., |
| Улсын яллагч | Т.Дэлгэрсайхан |
Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2017 оны 07 сарын 05 өдөр
Дугаар 53
Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүнд:
Даргалагч,
Ерөнхий шүүгч Б.Батзориг
Шүүгчид Ц.Амаржаргал
Д.Буянжаргал
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Болормааг оролцуулан, Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум дундын шүүхийн ерөнхий шүүгч Г.Сарантуяа даргалж шийдвэрлэн, шүүх хуралдаанаас гаргасан 2017 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 23 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч бичсэн ялтны давж заалдах гомдлоор Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Анчин овогт Намсрайн Түвшинжаргалд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, эрүүгийн 201718010022 дугаартай, 150/2017/0045/Э индекстэй, 1 хавтас хэргийг 2017 оны 06 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд шүүгч Д.Буянжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.
Биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1975 оны 07 дугаар сарын 12-ны өдөр Сэлэнгэ аймгийн Орхон сум, Элчингийн голд төрсөн, 42 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, айлын мал малладаг, ам бүл 5, эхнэр, хүүхэд, ээж, дүүгийн хамт, Сэлэнгэ аймгийн Орхон сум, Шийрийн Бригадад оршин суух хаягтай, өөрт ногдох хөрөнгөгүй, Сэлэнгэ аймаг дахь Сум дундын 3-р шүүхийн 2001 оны 10-р сарын 30-ны өдрийн 3/92 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 239 дүгээр зүйлийн 239.3-д зааснаар 1 жил 06 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэгдсэн, 2003 оны 04-р сарын 30-нд ялын хугацаа дуусч суллагдсан, Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум дундын шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 08 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99.1 дэх хэсэгт заасан хэргийг хэрэгсэхгүй болгосон, Анчин овгийн Намсрайн Түвшинжаргал /РД:МЙ75071219/
Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр:
Яллагдагч Н.Түвшинжаргал нь 2017 оны 02 дугаар 19-ний өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сэлэнгэ аймгийн Сайхан сумын 2-р багийн нутаг Дөмбөн хорооллын 6-7 тоотод оршин суух өөрийн төрсөн ах иргэн Н.Болдыг хаалгаа тайлж өгсөнгүй хэмээн байшингийнх нь цонхыг санаатайгаар хагалж, телевизийн суваг хүлээн авагчийг эвдэлж, гэмтээн 30.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Анхан шатны шүүх Н.Түвшинжаргалд холбогдох эрүүгийн хэргийг 2017 оны 05 дугаар сарын 19-ний өдөр хянан хэлэлцээд 23 дугаартай шийтгэх тогтоолоор:
-Анчин овогт Намсрайн Түвшинжаргалыг бусдын эд хөрөнгийг санаатай гэмтээсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,
-Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1-д зааснаар Н.Түвшинжаргалыг 1/нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж,
-Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар Н.Түвшинжаргалд оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлж,
-Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1-д зааснаар Н.Түвшинжаргалын энэ хэрэгт цагдан хоригдсон 58 хоногийг түүний хорих ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож,
-Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 249 дүгээр зүйлийн 249.1-д зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Н.Түвшинжаргалд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авж,
-Энэ хэрэгт эд мөрийн баримт шүүхэд хураагдаж ирээгүй, түүнээс гаргуулах байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.
Ялтан Н.Түвшинжаргал давж заалдах гомдолдоо: “...Миний бие Сэлэнгэ аймгийн Хөтөл Дөмбөн хорооллын 6-7 тоотод оршин суух төрсөн ах Болдод 2015 оны зун байшин барьж өгсөн. Байшингийн зүүн талын жижиг цонхыг 2017 оны 02-р сарын 19-ний орой хагалсан. Үүний дагуу шалгагдаж Эрүүгийн хуулийн 153-р зүйлийн 153.1 дэх хэсэгт зааснаар нэг жилийн хорих ялаар шийтгэгдсэн. Одоо ам бүл тавуулаа ээж, эхнэр, дүү хүүхдийн хамт амьдардаг. Намайг мөрдөнд байх хугацаанд ээж маань бие нь муудаж харавсан, одоо хэвтрийн дэглэмд байдаг. Эхнэр Ганчимэг нь 5 сартай жирэмсэн бид нар айлын мал амллаж амьдардаг бөгөөд ээж эхнэр хоёрыг маань асрах хамгаалах хүнгүй төрсөн ах Болд нь гомдол санал байхгүй зэргийг харгалзан үзэж хэргийг минь хөнгөрүүлж шийдвэрлэж өгнө үү...” гэжээ.
Тодорхойлох нь:
Хэргийн материалыг судлан үзвэл Н.Түвшинжаргал нь 2017 оны 02 дугаар 19-ний өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сэлэнгэ аймгийн Сайхан сумын 2-р багийн нутаг Дөмбөн хорооллын 6-7 тоотод оршин суух, өөрийн төрсөн ах иргэн Н.Болдыг хаалгаа тайлж өгсөнгүй хэмээн байшингийнх нь цонхыг санаатайгаар хагалж, телевизийн суваг хүлээн авагчийг эвдэлж, гэмтээн 30.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдож, Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд Н.Түвшинжаргалыг дээр дурьдсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол гаргасан нь шүүхийн шийтгэх тогтоол нь үндэслэлтэй байна.
Ялтны “...хэргийг минь хөнгөрүүлж өгнө үү...” гэх үндэслэлээр бичсэн давж заалдах гомдлын дагуу хэргийн материалыг судлан үзвэл: Ялтан Н.Түвшинжаргал нь 2017 оны 02 дугаар 19-ний өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сэлэнгэ аймгийн Сайхан сумын 2-р багийн нутаг Дөмбөн хорооллын 6-7 тоотод оршин суух өөрийн төрсөн ах иргэн Н.Болдыг хаалгаа тайлж өгсөнгүй хэмээн байшингийнх нь цонхыг санаатайгаар хагалж, телевизийн суваг хүлээн авагчийг эвдэлж, гэмтээн 30.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь хэрэгт авагдсан нотлох баримтууд болон өөрийнх нь хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, бусад баримтуудаар нотлогдон тогтоогдсон, хэргийн зүйлчлэл тохирсон, шүүхээс түүнд хуульд заасан ял шийтгэл оногдуулжээ.
Эрүүгийн хуулийн /шинэчлэн найруулсан/ 17.8 дугаар зүйлийн 1-д “Эд хөрөнгө устгах, гэмтээх” гэмт хэргийг тодорхойлохдоо “...бага хэмжээнээс дээш хохирол учруулсан...”-ыг гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан бөгөөд мөн хуулийн 2.5 дугаар зүйлийн 4.3-д зааснаар “бага хэмжээний хохирол гэдгийг 300 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс доош хэмжээг ойлгоно” гэж заасан, мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3-д зааснаар “нэг нэгж нь нэг мянган төгрөгтэй тэнцүү байна” гэж заасан зэргээс үзэхэд энэ төрлийн гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэмжээ нь 300000 төгрөгнөөс дээш байж энэ төрлийн гэмт хэрэгт тооцохоор хуульчлагдсан байна.
Ялтан Н.Түвшинжаргалын үйлдсэн бусдын эд хөрөнгийг санаатай гэмтээсэн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлын хэмжээ нь 30000 төгрөг бөгөөд дээр дурьдсан хохирлын хэмжээнд хүрэхгүй, Эрүүгийн хуулиар /шинэчлэн найруулсан/ түүний үйлдлийг гэмт хэрэгт тооцохгүй болсон байх тул Эрүүгийн хуулийн /шинэчлэн найруулсан/ 1.9 дүгээр зүйлийн 1-д заасны дагуу гэмт хэрэгт тооцохгүй болсон, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэж, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгон, түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон цагаатгах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 23 тоот шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн /шинэчлэн найруулсан/ 1.9 дүгээр зүйлийн 1-д зааснаар Н.Түвшинжаргалд Эрүүгийн хуулийн /2002 оны/ 153 дугаар зүйлийн 153.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгасугай.
2. Н.Түвшинжаргалд цагдан хорихоор авсан таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, нэн даруй сулласугай.
3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1,2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогоогдсон үндэслэлээр оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Б.БАТЗОРИГ
ШҮҮГЧИД Ц.АМАРЖАРГАЛ
Д.БУЯНЖАРГАЛ