| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Баттогоогийн Цогт |
| Хэргийн индекс | 2423000000138 |
| Дугаар | 2025/ХШТ/92 |
| Огноо | 2025-10-01 |
| Зүйл хэсэг | 17.5.1., |
| Улсын яллагч | С.Батсүрэн |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2025 оны 10 сарын 01 өдөр
Дугаар 2025/ХШТ/92
Ч.А-эд холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Ч.Хосбаяр даргалж, шүүгч Б.Амарбаясгалан, Б.Батцэрэн, М.Пүрэвсүрэн, Б.Цогт нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор С.Батсүрэн, шүүгдэгчийн өмгөөлөгч В.Содномцэрэн, нарийн бичгийн дарга П.Доржнамбар нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 39 дүгээр шийтгэх тогтоол, Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 16 дугаар магадлалтай, Ч.А-эд холбогдох 2423000000138 дугаартай хэргийг Завхан аймгийн прокурорын газрын ерөнхий прокурор Н.Батмөнхийн бичсэн эсэргүүцлийг үндэслэн 2025 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Цогтын танилцуулснаар хаалттай хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, ... онд төрсөн, ... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, ял шийтгэлгүй, Д овогт А.
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх Завхан аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн шүүгдэгч Ч.А-эд холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хөнгөрүүлэн өөрчилж,
шүүгдэгч Ч.А-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар алдуул мал завших гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.А-эд 700 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 700,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын дотор хэсэгчлэн сар бүр тэнцүү хэмжээгээр төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж,
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.А-ээс 1,651,635 төгрөгийг гаргуулж хохирогч Д.Ц-д олгож шийдвэрлэсэн байна.
Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, прокурорын бичсэн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Хяналтын шатны шүүхэд Завхан аймгийн прокурорын газрын ерөнхий прокурор Н.Батмөнхийн гаргасан эсэргүүцэлдээ “... Магадлалыг 2025 оны 06 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч танилцаад, анхан шатны болон давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж дүгнэж байна. Үүнд:
Шүүх прокуророос шүүгдэгч Ч.А-эд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчлөхдөө Улсын яллагч нь яллах дүгнэлтдээ шүүгдэгчийн холбогдсон хэргийг "2023 оны 10 дугаар сард Завхан аймгийн ... сумын Айраг нуур багийн "..." гэх газарт байх өөрийн эзэмшлийн адуун сүрэгт нь нийлсэн иргэн Д.Ц-ын эзэмшил, өмчлөлийн зөв талын чих ... имтэй, зөв талын гуяны дээр ширээтэй ...дээр жижиг ...тамгатай сартай хүрэн зүсмийн 2 настай адууг ижил сүргээсээ тасарсан, өмчлөгч нь тодорхойгүй болохыг мэдсээр байж орон нутгийн захиргааны буюу цагдаагийн байгууллагад мэдэгдэж, малын эзнийг тогтоох хүртэл өөрийн эзэмшилд байлган маллах буюу орон нутгийн захиргааны буюу цагдаагийн байгууллагад шилжүүлэх үүргээ биелүүлэлгүй, өөрийн эзэмшилдээ байлган улмаар 2024 оны 08 дугаар сард иргэн У.Г-ид худалдаж борлуулж өөрийн өмчийн адил захиран, зарцуулж түүнд 800.000 (найман зуун мянга) төгрөгийн хохирол учруулсан" гэж буюу шүүгдэгчийн Иргэний хуульд заасан үүргээ биелүүлэлгүй өөрийн өмчлөлийн адуунд нийлсэн адууг худалдсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй гэж дүгнэсэн нь буруу байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт" Гэмт хэрэг түүнд хүлээлгэх хариуцлагыг энэ хуулиар тодорхойлно" гэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт "Энэ хуулийн нэр томьёо ухагдахууныг тайлбарлахад Монгол Улсын хууль, Монгол улсын хуулиар соёрхон баталсан, нэгдэн орсон олон улсын гэрээнд заасан тодорхойлолт хэм хэмжээг баримтална" гэж тус тус заасан ба Мал хулгайлах гэмт хэргийн обьектив шинж болох хулгайлах гэсэн ойлголтыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт "... хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан..." гэж тодорхойлсон. Энэ зүйлд заасан хулгайлах гэсэн ойлголтод Иргэний хуульд заасан үүргээ биелүүлэлгүй өөрийн эзэмшилдээ байлган улмаар худалдсан гэх шинжийг хамааруулаагүй байна.
Эрүүгийн хуульд заасан мал хулгайлах гэмт хэргийн шинжид хамаарахгүй шинж болох Иргэний хуульд заасан үүргээ биелүүлэлгүй алдуул малыг бусдад худалдсан гэх шинжээр шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлгүй.
Мал хулгайлах болон алдуул мал завших гэмт хэргүүдийн хувьд хууль ёсны эзэмшигчээс далд аргаар үйлддэгээрээ хоорондоо төстэй боловч хууль ёсны эзэмшлээс гэмт этгээдийн эзэмшилд шилжиж буй байдлаараа ялгагдан зүйлчлэгдэнэ.
Гэмт этгээдийн идэвхтэй үйлдлийн үр дүнд эд хөрөнгийн шилжилт хийгдэх нь хулгайн гэмт хэрэг бөгөөд мал өөрийн хөлөөр эсхүл гэмт этгээдээс үл хамаарах хүчин зүйлийн үр дүнд түүний эзэмшилд шилжин ирсэн бол завших гэмт хэргийн шинжтэй гэж үзнэ.
Тухайлбал, хулгайлах гэмт хэрэг ихэвчлэн эд хөрөнгийг өмчлөгч, эзэмшигчид нь мэдэгдэхгүйгээр, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах идэвхтэй үйлдлээр. илэрдэг бол ... алдуул мал завших гэмт хэргийн хувьд гэмт этгээд бусдын өмчийг өөрт олж авахын тулд идэвхтэй үйлдэл хийдэггүй ба хохирогчийн эд хөрөнгө гэмт этгээдийн эзэмшилд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас шилжсэний дараа гэмт этгээдэд завших сэдэлт төрж, шамшигдуулсан, захиран зарцуулдаг болно.
Алдуул мал гэдэг нь хэн нэг этгээдийн ямар нэг оролцоогүйгээр ижил сүргээсээ тасарсан, байнга бэлчээрлэх нутаг газраасаа холдож, өөр нутаг бэлчээрт шилжин байрласан, өмчлөгч, эзэмшигч нь хэн болох нь тодорхойгүй, мэдэгдэхгүй эзэнгүйдсэн байгаа малыг ойлгоно.
Алдуул мал завших гэмт хэрэг нь гэм буруутай этгээдийн ямар нэг оролцоогүйгээр өөрийн жинхэнэ өмчлөгчийн хүсэл зоригоос гадуур сүргээсээ тасран салж, байнга идээшсэн нутаг бэлчээрээсээ холдон өөр нутаг бэлчээрт шилжин байрлаж байгаа малын эзнийг олох алхам хийгээгүй эс үйлдэхүйгээр бусдын мал гэдгийг мэдсээр байж санаатайгаар завшсан шууд санаатай үйлдлээр илэрнэ.
Алдуул малын эзнийг олох идэвхтэй үйлдэл хийх гэдэг нь Монгол Улсын Иргэний хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт “алдуул мал олсон этгээд нь энэ тухай орон нутгийн засаг захиргааны буюу цагдаагийн байгууллагад мэдэгдэж малын эзнийг тогтоох хүртэл өөрийн эзэмшилд байлган маллах буюу орон нутгийн захиргааны буюу цагдаагийн байгууллагад шилжүүлэх үүрэгтэй" гэж заасан үүргээ биелүүлэх явдал юм.
Энэ хэргийн тухайд 2023 оны 10 дугаар сард Ч.А- нь өөрийн адуутай нийлсэн Д.Ц-ын 1 тооны адууг 2024 оны 08 дугаар сард энэхүү нөхцөл байдлыг ашиглан Иргэний хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт заасан үүргээ биелүүлэлгүй бусдын эзэмшил ашиглалтад байгаа өөрөө захиран зарцуулах эрхгүй гэдгээ мэдсээр байж Н.Г-ид 600,000 төгрөгөөр худалдаж бага хэмжээнээс дээш хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан алдуул мал завших гэмт хэргийн шинжтэй байна гэж тайлбарлан гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн байна.
Завхан аймаг дахь Сум дундын анхан шатны шүүх 2025 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр хянан хэлэлцээд 2025/ШЦТ/39 дугаартай шийтгэх тогтоолыг 2025 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 16 цаг 45 минутад хүлээн авч танилцаад шүүхийн шийдвэр үндэслэлгүй, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохдоо прокуророос яллах дүгнэлт үйлдсэн хэргийн хүрээнд бус, хэргийн зүйлчлэлийг үндэслэлгүйгээр хөнгөрүүлэн өөрчилсөн гэж дүгнэж, дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд:
Эрүүгийн хуулийн 17 дугаар бүлгийн 17.12 дугаар зүйлд заасан мал хулгайлах гэмт хэрэг нь бусдын өмчлөлд байгаа таван хошуу малыг нууц, далд аргаар, шунахай сэдэлтээр, хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар авч, үнэ төлбөргүй өөрийн өмчийн адил захиран зарцуулах боломжийг бүрдүүлсэн буюу захиран зарцуулсан үйлдэл бөгөөд энэ нь эрүүгийн эрх зүйн онол, хууль хэрэглээний жишигт тогтсон ойлголт билээ.
Энэхүү гэмт хэрэг зөвхөн шунахай сэдэлтээр буюу бусдын өмчлөлийн малыг хууль бусаар завшиж өөртөө хэрэглэх болон зарж борлуулан ашиг хонжоо олох зорилготой, шууд санаатай үйлдэгддэг онцлогтой юм.
Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар, тухайлбал, шүүгдэгч Ч.А-ийн “... 2023 оны өвөл манай адуу ... сумын Айраг нуур багийн нутаг “...” гэх нэртэй эзэнгүй бэлчээрт байсан би 2023 оны 10 дугаар сарын дундуур тухайн газар адуугаа бүртгэх гээд очсон чинь манай адуунд сартай хүрэн зүсмийн багавтар адуу нийлчихсэн харагдаж байсан. Тэгээд өвөл ганц хоёр удаа адуугаа эргэж тойрч очиход тухайн адуу манай адуунд байж л байсан. Тэгээд 2024 оны 05 дугаар сард адуугаа дэллэх гээд адуунуудаа хашаанд шахсан чинь зөв талын гуяны дээр ширээтэй ...дээр нар саран тамгатай, зөв талын чихэн дээр ... имтэй сартай хүрэн зүсмийн адуу байсан. Тэгээд би адуунуудаа дэллэчхээд бүгдийг нь гаргаад явуулсан. Тэгээд тэрнээс хойш адуун дээрээ нэг их очиж чадалгүй байж байгаад 2024 оны 08 дугаар сарын дунд хэсэгт манай сумын У.Г гэдэг хүн адуу худалдаж авна гэхээр нь хөдөө адуу руугаа яваад нөгөө сартай хүрэн үрээг тууж авч ирээд У.Г-ид зарж борлуулсан. Тэгээд хоёр гурав хоногийн дараа хөдөө явж байгаад гэртээ ирсэн чинь манай ах Д руу залгаад У.Г-ид зарсан адуу чинь Ц-н адуу юм биш үү эзэн нь таниад байна гэхээр нь би урдаас нь хэний адуу гэдгийг нь бол би сайн мэдэхгүй 2023 оны 10 дугаар сард манай адуунд нийлчихсэн байсан эзэн нь олдохгүй болохоор нь би зарчихсан юм гэж хэлсэн..." гэсэн мэдүүлэг,
Гэрч Д.А-гийн Би энэ оны хавар яг хэзээ байсныг мэдэхгүй байна. Хүргэн А-д адуугаа дэллэх гээд тууж ирээд манай өвөлжөөний хашаанд хашсан. Тэгээд хүргэн адуугаа дэллэх үед хашаанд байсан адуунууд хашаа дээгүүр харайгаад байсан болохоор ээж гарч ирээд харж байгаа ч гэхээр нь би хашааны гадна зогсоод адуунуудыг нь харж байсан чинь адууны дунд арай өөр зүсмийн тамга нь ондоо нэг адуу байсан тэгэхээр нь би хүргэнээс энэ юун адуу вэ? гэж асуусан чинь сайн мэдэхгүй байна өнгөрсөн жил намар адуугаа нэг эргэж ирэхэд адуунд нийлсэн байсан хэний адуу гэдгийг нь мэдэхгүй байна гэж хэлсэн. Би тэгж тэр сартай хүрэн үрээг нийлсэн байсныг мэдсэн. Тухайн үед тэдний адуунд өөр айлын адуу байгаагүй. Тухайн адуу Ч.А-ийн адуунд ирэхдээ ганцаараа гүйж ирсэн гэж хэлж байсан...” гэсэн мэдүүлэг,
Гэрч Х.Б-ийн “... Би өнгөрсөн жил буюу 2023 оны 10 дугаар сард адуунд явж байхад А-ийн адуугаар ороход тэдний адуунд сартай хүрэн зүсмийн ширээтэй ...дээрээ нар, сар тамгатай адуу байсан. Дараа нь А-тэй ярилцаж байхад манай адуунд нэг үрээ нийлсэн байна гэж ярьсан. Тухайн үед адууны эзнийг мэдэхгүй болохоор яг хэний адуу гэдгийг нь мэдээгүй. Тухайн адуу А-ийн адуунд өвөлжөөд, хаваржаад, зуссан. Тухайн адуу нь Ч.А-ийн адуунд ирэхдээ ганцаараа гүйж ирсэн байсан. Өөр ямар нэгэн адуу байгаагүй. Тухайн адууг хэн нэгнээс худалдаж аваагүй өөрөө гүйж ирсэн адуу...” гэсэн мэдүүлгүүдээр хохирогч Д.Ц-ын 1 тооны адуу ижил сүргээсээ тасарч, хэн нэгний хариулгагүйгээр ... аймгийн ... сумын ... нуур багийн "..." гэх газар бэлчээрлэж байсан Ч.А-ийн адуунд 2025 оны 10 дугаар сард нийлсэн байсан үйл баримт тогтоогдсон.
Шүүгдэгч Ч.А- нь өөрийн адуунд нийлсэн хохирогч Д.Ц-ын 1 тооны адууг эзэнд нь хэлэлгүй өөрийн өмч мэтээр захиран зарцуулсан байдал нь тогтоогдож байгаа бөгөөд хэний мал болохыг асууж сураглалгүйгээр, шунахай сэдэлтээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч, бүр мөсөн, үнэ төлбөргүй өөрийн өмчийн адил захиран зарцуулсан шууд санаатай үйлдлийг мал хулгайлах гэмт хэргийн шинжтэй байна гэж прокуророос үзсэн болно.
Мөн энэ тохиолдолд буюу ижил сүргээсээ тасарсан, өмчлөгч нь тодорхойгүй уг адууны талаар Ч.А- нь Иргэний хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д зааснаар “...орон нутгийн захиргааны буюу цагдаагийн байгууллагад мэдэгдэж, малын эзнийг тогтоох хүртэл өөрийн эзэмшилд байлган маллах буюу орон нутгийн захиргааны буюу цагдаагийн байгууллагад шилжүүлэх үүрэгтэй” болно.
Монгол улсын Дээд шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 171 дугаар тогтоолд зааснаар “... Дээрх хуульд заасан үүргээ биелүүлсний дараа Н.Э өөрийнх нь сүрэгт ирж нийлсэн үхрийг хууль бусаар ашигласан бол түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн 17.5 дугаар зүйлийн 1-д заасан “алдуул малыг завшсан” гэмт хэрэгт тооцох үндэслэлтэй боловч тэрээр хуулиар хүлээлгэсэн үүргийг эс биелүүлж, эзэн нь тодорхойгүй үхрийг /1,200,000 төгрөгөөр үнэлэгдсэн/ өөрийн өмчийн адил хууль бусаар, шунахайн сэдэлтээр захиран зарцуулсныг /махалж борлуулсан/ хоёр шатны шүүх бусдын малыг хулгайлах гэмт хэрэг гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалд нийцсэн, хууль ёсны ба үндэслэлтэй болсон...” гэж тайлбарласнаас үзэхэд:
Анхан шатны шүүх нь 2023 оны 10 дугаар сард Ч.А- нь өөрийн адуутай нийлсэн Д.Ц-ын 1 тооны адууг 2024 оны 08 дугаар сард энэхүү нөхцөл байдлыг ашиглан Иргэний хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт заасан үүргээ биелүүлэлгүй алдуул малыг бусдын өмчлөл эзэмшилд байгааг урьдчилан мэдсэн нөхцөл байдлыг үндэслэл болгож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэсэн хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.
Иймд Завхан аймаг дахь Сум дундын анхан шатны шүүх 2025 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 2025/ШЦТ/39 дугаартай шийтгэх тогтоол, Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 16 дугаартай магадлалыг хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр дахин хянан хэлэлцүүлэхээр Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан прокурорын эсэргүүцэл бичив” гэжээ.
Мөн шатны шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч В.Содномцэрэн хэлсэн саналдаа “... Ч.А-эд холбогдох эрүүгийн хэргийг Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр шийдвэрлэсэн. Уг шийдвэрийг прокурор эс зөвшөөрч, Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 16 дугаар магадлал гарсан. Шүүхийн шийдвэр, магадлал хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна. Прокурорын гаргасан эсэргүүцэл үндэслэлгүй байна. Прокурорын гаргасан эсэргүүцэлтэй холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1, мөн хуулийн 17.12 дугаар зүйлд заасан гэмт хэргийн зүйлчлэлийн хоорондох ялгааг улсын дээд шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 653 дугаар тогтоол дээрх гэмт хэргийг ялган зүйлчлэх ухагдахууны талаар заасан. Иймд дээр заасан үйл баримттай холбогдуулан үзэхэд хавтаст хэрэгт Ч.А- нь ямар нэгэн өөрийн үйлдлээр тухайн малыг авчирсан буруутай үйл баримт авагдаагүй. Хоёрдугаарт тухайн адуу тохиолдлын шинж чанартай Ч.А-ийн адуунд ирсэн гэдэг нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байх тул анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.
Прокурор С.Батсүрэн шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ “... Завхан аймгийн прокурорын газрын ерөнхий прокурорын бичсэн эсэргүүцлийг агуулгын хувьд дэмжиж байна. Шүүхийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.4 дэх хэсэгт “Улсын дээд шүүх давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу хянан үзэх замаар хууль хэрэглээний нэгдмэл байдлыг хангана” гэж заасан бөгөөд урьд Дээд шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 171 дүгээр тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлд заасан мал хулгайлах гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлд заасан “алдуул мал завших” гэмт хэргээс ялган зүйлчилж, шийдвэрлэх талаар хууль хэрэглээний практикийг тогтоосон. Тодруулбал, Улсын дээд шүүхээс Иргэний хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д “Алдуул мал олсон этгээд нь энэ тухай орон нутгийн захиргааны буюу цагдаагийн байгууллагад мэдэгдэж малын эзнийг тогтоох хүртэл өөрийн эзэмшилд байлган маллах буюу орон нутгийн захиргааны буюу цагдаагийн байгууллагад шилжүүлэх үүрэгтэй” гэж заасантай холбож тайлбарласан бөгөөд Иргэний хуульд заасан үүргээ биелүүлээгүй бол мал хулгайлах гэмт хэрэг хэмээн тайлбарласан. Шүүгдэгч нь бусдын 1 тооны адууг өөрийн малд нийлсэн гэдгийг мэдсээр байж бусдад худалдан борлуулсан үйл баримт нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна. Иймд шүүгдэгч Ч.А-ийн үйлдэл нь мал хулгайлах гэмт хэргийн шинжийг хангасан байна. Гэхдээ хэргийг Эрүүгийн хуулийн 17.5 дугаар зүйлд заасан гэмт хэрэг гэж үзэж анхан болон давж заалдах шатны шүүх хянан шийдвэрлэхдээ хууль хэрэглээний дараах 2 зөрчлийг гаргасан байна. Үүнд: нэгдүгээрт шүүх шүүгдэгчийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг гэж хууль зүйн дүгнэлт хийж шийдвэрлэхдээ тухайн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан гэмт хэрэг үйлдэгдсэнээс хойш 1 жилийн хугацаа өнгөрсөн буюу хөөн хэлэлцэх хугацаа дууссан байхад эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийдвэрлэсэн нь буруу байна. Өөрөөр хэлбэл, хохирогч нь мэдүүлэгтээ 2023 оны 08 дугаар сарын 15-22-ны өдрийн хооронд 4 тооны адуугаа алдсан гэж 2024 оны 10 сарын 28-нд буюу 1 жилийн дараа цагдаагийн байгууллагад гомдол гаргасан. Прокуророос 2024 оны 11 дүгээр сарын 21-нд Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 1-д зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан бөгөөд энэ хэргийн хөөн хэлэлцэх хугацаа 5 жил бөгөөд хугацаандаа байсан. Гэтэл шүүх хэргийг хянан хэлэлцээд хэргийн зүйлчлэлийг 17.5 дугаар зүйлийн 1 болгон өөрчлөхөд уг хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан байна. Хоёрдугаарт Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт Эрүүгийн хуулийн тодорхой зүйл хэсэгт заасан гэмт хэргүүдийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож, дүгнэлт гаргахаар хуульчилсан ба Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлд заасан “алдуул мал завших” гэмт хэрэг байхгүй байна. Өөрөөр хэлбэл, алдуул мал завших гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоохоор хуульчлаагүй ба анхан болон давж заалдах шатны шүүхээс энэ гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.А-ээс 1.651.635 төгрөгийг гаргуулж хохирогчид олгохоор шийдвэрлэсэн нь хууль буруу хэрэглэсэн үндэслэл болж байна. Иймд хууль буруу хэрэглэсэн үндэслэлээр анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох дүгнэлт гаргаж байна” гэв.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэсэн үндэслэлээр Завхан аймгийн прокурорын газрын ерөнхий прокурор Н.Батмөнхийн бичсэн эсэргүүцлийн дагуу Ч.А-эд холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд заасан эрх хэмжээний хүрээнд анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн эсэх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн эсэх, шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянан үзэв.
Шүүгдэгч Ч.А- нь 2023 оны 10 дугаар сард ... аймгийн ... сумын ... баг, “...” гэх газар ижил сүргээсээ тасарч адуун сүрэгт нь нийлсэн иргэн Д.Ц-ын өмчлөлийн зөв талын гуяндаа ширээтэй ...дээр жижиг ... тамгатай сартай хүрэн зүсмийн 2 настай адууг алдуул мал гэдгийг мэдсээр байж орон нутгийн захиргаа болон цагдаагийн байгууллагад мэдэгдэлгүй өөрийн эзэмшилд байлгаж маллаж байгаад 2024 оны 08 дугаар сард иргэн У.Гид худалдан борлуулж өөрийн өмч мэт захиран зарцуулж 800.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, анхан шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн, тухайн хэрэгт ач холбогдолтой, хамаарал бүхий нотлох баримтуудаар нотлогдсон талаарх 2 шатны шүүхийн дүгнэлт хэргийн жинхэнэ байдалд нийцсэн, үндэслэл бүхий болжээ.
Тухайн хэргийн хувьд нотолбол зохих байдлыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан арга, хэрэгсэл ашиглан эргэлзээгүй, хөдөлбөргүй шалган тогтоосон байх бөгөөд шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтыг цуглуулж бэхжүүлэхдээ хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарлах замаар ноцтой зөрчсөн, энэ нь шүүхийн шийдвэрт сөргөөр нөлөөлсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.
Хууль бус буюу Эрүүгийн хуулиар тодорхойлсон гэмт үйлдлийг хүсэл зоригийн илэрхийлэл зорилго, сэдэлтээр өдөөгдөн илрэх хүний идэвхтэй үйлдлийн шинж чанар, арга зэргийг харгалзан зөв зүйлчлэх нь хэргийн бодит байдлыг тогтоох, хэргийн зүйлчлэл, гэм буруу, оногдуулбал зохих ялын төрөл, хэр хэмжээ зэргийг шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой билээ.
"Алдуул мал" гэдэг нь хэн нэгний оролцоогүйгээр сүргээсээ тасран салж, байнга идээшсэн нутаг бэлчээрээсээ холдож, өөр нутагт буюу газар оронд шилжин байршсан өмчлөгч, эзэмшигч нь тодорхойгүй эзэнгүйдсэн малыг ойлгодог болно.
Харин уг малын өмчлөгч, эзэмшигчид нь мэдэгдэлгүйгээр нууцаар, хууль бус идэвхтэй үйлдлээр буюу хөлөөр нь туух, ачиж авч явах зэргээр бусдын өмчлөл, эзэмшлээс өөрийн хууль бус эзэмшил, өмчлөлд шилжүүлсэн үйлдлийг мал хулгайлах гэмт хэргээр зүйлчлэх нь хууль хэрэглээнд жишиг болж тогтсон ойлголт юм.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлд заасан “Алдаатай гүйлгээ, андуурагдсан илгээмж, гээгдэл эд хөрөнгө, алдуул мал завших” гэмт хэргийн хувьд гэмт этгээд бусдын өмчийг өөрт олж авахын тулд урьдаас идэвхтэй үйлдэл хийгээгүй байхад бусдын эд хөрөнгө гэмт этгээдийн эзэмшилд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас өөрийнх нь эзэмшилд шилжсэн гэдгийг мэдсээр байж уг эд хөрөнгийг завших сэдэл төрж, хууль бусаар захиран зарцуулсан байдлаар илэрдэг онцлогтой.
Өөрөөр хэлбэл Иргэний хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д заасны дагуу алдуул мал олсон этгээд нь энэ тухай орон нутгийн захиргааны буюу цагдаагийн байгууллагад мэдэгдэж, тодорхой буюу хуульд заасан 1 жилийн хугацаа өнгөрсний дараа өмчлөгч, эзэмшигч нь гарч ирээгүй тохиолдолд өөрийн өмчийн адил захиран зарцуулах эрх үүсдэг бол эрх бүхий байгууллага, албан тушаалтанд мэдэгдэх үүргээ биелүүлэлгүй захиран зарцуулсан тохиолдол нь гэмт хэрэгт тооцогддог болно.
Анхан болон давж заалдах шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Ч.А-ийн гэмт үйлдлийн талаар хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийж, хуулиар олгогдсон бүрэн эрхийнхээ хүрээнд хэргийн зүйлчлэлийг зөвтгөн өөрчилж хөнгөрүүлэн шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийн холбогдох зүйл, заалтыг зөв тайлбарлан хэрэглэжээ.
Гэхдээ анхан шатны шүүх прокуророос шүүгдэгч Ч.А-эд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “алдуул мал завших” гэмт хэрэг болгон хөнгөрүүлэн өөрчилж шийдвэрлэхдээ тухайн хэргийн хөөн хэлэлцэх хугацаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1.1-д зааснаар 1 жил болохыг анхааралгүй орхигдуулсан нь хууль хэрэглээний ноцтой алдаа болно.
Хохирогч Д.Ц- нь 2024 оны 10 дугаар сарын 28-ны өдөр ... аймгийн ... сумын цагдаагийн тасагт “... ... аймгийн ... сумын ... гэдэг газар нутаглаж байсан адуунаас 2023 онд 4 адуу алга болсон. Энэ алаг болсон адуунаас нэг нь 2024 оны 8 сард ... сумын ... багийн иргэн Г..-ийн авч байсан актанд ирж ачигдах гэж байхад нь би олж мэдсэн. Уг адууг ... сумын иргэн Ч.А- өгсөн болохыг тогтоосон. Энэ хүн эхлээд энэ адууг манай найз бэлгэнд өгсөн гэж ярьсан. Одоо болохоор манай адуунд ирээд хоёр жил болсон гэж ярьж байна. Иймд энэ хүний үнэн, зөвийг тогтоож миний алдсан адууг тоо ёсоор нь олгож өгнө үү” гэсэн өргөдлийн дагуу хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулж, шүүгдэгч Ч.А-эд 2024 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татжээ.
Уг хэргийн хөөн хэлэлцэх хугацаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1.2-т зааснаар 5 жил ба шүүгдэгч Ч.А-ийг хөөн хэлэлцэх хугацааны дотор яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.
Шүүх хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчлөхдөө гэмт хэрэг үйлдэгдсэн өдрөөс хойш Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1.1-д заасан нэг жилийн хугацаа өнгөрсний дараа эрүүгийн хэрэг үүсгэсэн гэж дүгнэх нөхцөл байдал тогтоогдсон байтал анхан болон давж заалдах шатны шүүх анхааралгүй орхигдуулсан байх тул шүүгдэгч Ч.А-эд холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.2-т заасан “гэмт хэргийг хөөн хэлэлцэх хугацаа дууссаны дараа эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан” гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Мөн анхан болон давж заалдах шатны шүүх гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг арилгуулах, нөхөн төлүүлэх зорилтын хүрээнд 2023 оны 07 дугаар сарын 01-ны өдрөөс мөрдөгдөж эхэлсэн эдийн бус гэм хорыг арилгах тухай Иргэний хуулийн шинэ зохицуулалтыг хэрэглэж хохирогчийн сэтгэцэд учирсан гэм хорын төлбөрийн асуудлыг шийдвэрлэхдээ дараах хууль хэрэглээний алдааг гаргасан байна.
Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэг болон Хууль зүй, дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн А/268, А/275 дугаар хамтарсан тушаалаар баталсан журмын 2.1.1-2.1.5-д нэрлэн заасан гэмт хэргийн хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож, Иргэний хуульд заасан үндэслэл, журмын дагуу нөхөн олговор олгохоор хуульчилсан болно.
Гэтэл шүүх энэхүү журамд нэрлэн дурдаагүй буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийг мөнгөн хэлбэрээр арилгуулахаар шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй бөгөөд давж заалдах шатны шүүх энэ талаар ямар нэгэн дүгнэлт хийгээгүй алдааг анхааруулан тэмдэглэх нь зүйтэй.
Иймд шүүгдэгч Ч.А-ээс хохирогч Д.Ц-ын сэтгэцэд учирсан гэм хорыг арилгуулах зорилгоор нөхөн төлбөр гаргуулахаар шийдвэрлэсэн шийтгэх тогтоолын 6 дахь заалтыг хүчингүй болгох нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх хуралдаанаас шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.2-т заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:
1. Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 39 дүгээр шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дахь заалтыг “Шүүгдэгч Ч.А-эд холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.2-т заасан “гэмт хэргийг хөөн хэлэлцэх хугацаа дууссаны дараа эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.” гэж өөрчилж, 4, 5, 6 дахь заалтыг хүчингүй болгосугай.
2. Шийтгэх тогтоол, магадлалын бусад заалт, хэсгийг хэвээр үлдээж, Завхан аймгийн прокурорын газрын ерөнхий прокурор Н.Батмөнхийн бичсэн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.
ДАРГАЛАГЧ Ч.ХОСБАЯР
ШҮҮГЧИД Б.АМАРБАЯСГАЛАН
Б.БАТЦЭРЭН
М.ПҮРЭВСҮРЭН
Б.ЦОГТ