Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 08 сарын 10 өдөр

Дугаар 603

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Адъяасүрэн даргалж, шүүгч Н.Дамдинсүрэн, шүүгч Б.Мөнх-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч: Н.Б

Хариуцагч: Монголын үндэсний олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөл, /цаашид МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөл гэх/

Гуравдагч этгээд: Л.Н

Нэхэмжлэлийн шаардлага: “МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн 2017 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 02 дугаар тогтоолоор батлагдсан “МҮОНРТ-ийн ерөнхий захиралд нэр дэвшүүлэх, сонгон шалгаруулах, томилох журам”-ын 5 дугаар зүйлийн 5.6 дахь хэсгийг хүчингүй болгуулах, Сонгон шалгаруулах ажлын хэсгийн 2017 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 2 дугаар хуралдаанаас гаргасан “хамгийн өндөр оноо авсан 3 нэр дэвшигчийг Үндэсний зөвлөлийн хуралдаанд танилцуулах” шийдвэрийг хүчингүй болгуулах, Л.Ныг ерөнхий захирлаар томилсон МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн 2017 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн ******* дугаар тогтоолыг хүчингүй болгуулах, МҮОНРТ-ийн ерөнхий захирлын сонгон шалгаруулалтыг хуульд заасны дагуу дахин явуулахыг хариуцагчид даалгах” 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Н.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.С, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.С, Д.Ц, гуравдагч этгээд Л.Н, түүний өмгөөлөгч Л.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Б нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Н.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Олон нийтийн радио, телевизийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-т “Олон нийтийн радио, телевиз энэ хуулийн дагуу байгуулагдаж, гагцхүү олон нийтийн эрх ашигт үйлчилдэг, тэдний өмнө хариуцлага хүлээж, үйл ажиллагаа явуулдаг ашгийн төлөө бус хуулийн этгээд мөн” гэж МҮОНРТ-ийн үндсэн зарчмыг хуульчилсан байдаг. Мөн хуулийн 20 дугаар зүйлийн 20.1-т “Олон нийтийн радио, телевизийн удирдах дээд байгууллага нь олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөл байна”, 21 дүгээр зүйлийн 21.1-т “Үндэсний зөвлөл нь олон нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх орон тооны бус байгууллага бөгөөд 15 гишүүнтэй байна” зэргээр МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийг хуульчилсан. Үндэсний зөвлөл нь МҮОНРТ-ийн Ерөнхий захиралд нэр дэвшигчдийг сонгон шалгаруулахдаа Үндэсний зөвлөлийн 7 гишүүнээс бүрдсэн “ажлын хэсэг” гэгч хуульд заагаагүй бүтцийг бий болгон түүндээ МҮОНРТ-ийн Ерөнхий захирлын сонгон шалгаруулалт нэрийн дор шууд сонгон шалгаруулах эрх олгосон нь Олон нийтийн радио, телевизийн тухай хуулийн 31 дугаар зүйлийн 31.1-д заасан “Олон нийтийн радио, телевизийн Ерөнхий захирлыг Үндэсний зөвлөлийн нийт гишүүдийн олонхийн саналаар, нууц санал хураалтаар 3 жилийн хугацаагаар томилно” гэсэн заалт, мөн хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1, МҮОНРТ-ийн дүрмийн 4.1.6.4 дэх “Үндэсний зөвлөлийн хуралдааныг Үндэсний зөвлөлийн гишүүдийн дийлэнх олонх буюу гуравны хоёроос доошгүй нь хүрэлцэн ирснээр хүчинтэйд тооцно” гэсэн заалтыг тус тус зөрчиж 9 нэр дэвшигчээс оноо нэрээр 6 нэр дэвшигчийг сонгон шалгаруулалтаас хассан. Үндэсний зөвлөл нь Олон нийтийн радио, телевизийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.8-т “олон нийтийн радио, телевизийн Ерөнхий захирлыг энэ хуульд заасан журмын дагуу томилох, чөлөөлөх, түүнтэй гэрээ байгуулах” гэж заасны дагуу мөн хуулийн 24.1.7, 31.1, 31.2, МҮОНРТ-ийн ерөнхий захиралд нэр дэвшүүлэх, сонгон шалгаруулах, томилох журмын 5 дугаар зүйлд тус тус заасны дагуу МҮОНРТ-ийн Ерөнхий захирлыг сонгон шалгаруулж, томилох эрхтэй. Ийнхүү сонгон шалгаруулахдаа Үндэсний зөвлөлийн гишүүдээс бүрдсэн ажлын хэсэг сонгон шалгаруулалтад оролцохоор материалаа ирүүлсэн нэр дэвшигчдийн материалыг судалж, дүгнэлт саналаа Үндэсний зөвлөл /нийт гишүүд/-ийн хуралдаанд танилцуулах үүрэгтэй. Үндэсний зөвлөлийн гишүүдээс бүрдсэн ажлын хэсэгт хууль болон журамд зааснаар нэр дэвшигчийг ямар нэг үндэслэлээр сонгон шалгаруулалтаас хасах эрх олгогдоогүй. 

      Үндэсний зөвлөл нь өөрсдийн дэмжих хүнээ гаргах зорилгоор урьдчилсан “ажлын хэсэг” нэртэй шат бий болгож, МҮОНРТ-ийн Ерөнхий захирлыг сонгон шалгаруулах тухай журмын 5.4 дэх “Ерөнхий захиралд нэр дэвшиж, сонгон шалгаруулалтанд оролцогсдын материалыг Үндэсний зөвлөлийн гишүүдээс бүрдсэн Ажлын хэсэг энэхүү журмын дагуу судалж, дүгнэж, санал дүгнэлтээ Үндэсний зөвлөлийн хуралдаанд танилцуулна” гэсэн заалт нь Олон нийтийн радио телевизийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1-д заасан “Олон нийтийн радио, телевизийн Ерөнхий захиралыг Үндэсний зөвлөлийн нийт гишүүдийн олонхийн саналаар, нууц санал хураалтаар 3 жилийн хугацаагаар томилно” гэсэн заалттай нийцэхгүй байна. Ийнхүү Үндэсний зөвлөл нь хууль болон журамд заасны дагуу “Монгол Улсын иргэн сонгон шалгаруулалтад нэрээ дэвшүүлж, өрсөлдөх эрх”-ийг зөрчсөн нь Н.Б миний хууль ёсны эрх ашиг сонирхлыг зөрчсөн үйлдэл гэж үзэж байна.

       Тиймээс МҮОНРТ-ийн Ерөнхий захирлыг томилсон Үндэсний зөвлөлийн шийдвэрийг хууль бус гэж үзэж байна. Үндэсний зөвлөл нь 2017 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр МҮОНРТ-ийн Ерөнхий захиралд нэр дэвшсэн Л.Н ыг томилсон  Олон нийтийн радио, телевизийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-т “Үндэсний зөвлөл дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ”, 24.1.7-т “олон нийтийн радио, телевизийн Ерөнхий захиралд нэр дэвшүүлэх, томилох журмыг батлах”, мөн 31 дүгээр зүйлийн 31.1-т “Олон нийтийн радио, телевизийн Ерөнхий захирлыг Үндэсний зөвлөлийн нийт гишүүдийн олонхийн саналаар, нууц санал хураалтаар 3 жилийн хугацаагаар томилно” гэж заасныг зөрчиж МҮОНРТ-ийн Ерөнхий захиралд нэр дэвшигчдийг сонгон шалгаруулж, Л.Ныг Ерөнхий захирлаар томилсон МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн тогтоол нь хууль зөрчиж байна. Монголын Үндэсний Олон Нийтийн Радио Телевизийн эрх барих дээд байгууллага болох Үндэсний зөвлөл нь Захиргааны ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.4-т “үйлчилгээг нь нийтээс заавал хэрэглэдэг төрийн ба холимог өмчийн сургууль, эмнэлэг, хэвлэл мэдээлэл, харилцаа холбоо, тээвэр, эрчим хүчний зэрэг байгууллагын захиргаа” захиргааны байгууллага гэж ойлгоно гэж заасны дагуу захиргааны хэргийн шүүхэд хандаж байна.

       Иймд Үндэсний зөвлөл нь хуулиар урьдчилан зохицуулаагүй зүйлийг дур мэдэн ажлын хэсэг нэртэй бүтцийг бий болгосон. МҮОНРТ-ийн ерөнхий захиралд нэр дэвшигчийг сонгон шалгаруулах ажлын хэсгийн шийдвэрийг хүчингүй болгуулж, МҮОНРТ-ийн ерөнхий захиралд нэр дэвшигч Л.Ныг томилсон шийдвэрийг хууль зөрчсөн болохыг тогтоон, хүчингүй болгуулж, МҮОНРТ-ийн ерөнхий захиралд нэр дэвшигчийн сонгон шалгаруулалтыг хуульд заасан журмаар дахин явуулахыг даалгаж өгнө үү. ” гэв. 

      Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Олон нийтийн радио телевизийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1-д зааснаар нийт гишүүдийн олонхийн саналаар, нууц санал хураалтаар 3 жилийн хугацаатайгаар 

томилно, 31.2-т зааснаар ерөнхий захирлыг сонгон шалгаруулах замаар 3 жилийн хугацаатайгаар томилно гэж заасан. Тус эрх нь хэнд хамаатай гэвэл Үндэсний зөвлөлийн бүрэн эрхийн асуудал байгаа. Үүнийг өөр хэн нэгэн этгээд хэрэгжүүлэх боломжгүй. Эдгээр 2 заалтын аль нэгийг нь үндэслээд, нууц санал хураалтаар шийдсэн гэж тайлбарлаж байна. Энэ удаагийн сонгон шалгаруулалтыг сонгон шалгаруулах журмын дагуу явуулсан. 

Үндэсний зөвлөлийн бүрэн эрхээ хэрэгжүүлэх үндсэн үйл ажиллагаа нь хуралдааны хэлбэртэй байна. Хуралдаанд бүх гишүүдийн 3 хуваасны 2 буюу 15 гишүүний 10 гишүүн нь ирснээр хүчинтэйд тооцно. Хуралдаанаар хэлэлцсэн асуудлаа олонхийн саналаа шийдвэрлэдэг байгууллага юм. 

Гэтэл 6 нэр дэвшигч иргэдийг хасахдаа журамд заасны дагуу 7 хүн хэлэлцээд шийдвэрлэсэн. Энэ нь хуулийн агуулгандаа нийцэхгүй байна. Шийдвэр гаргахдаа хуралдаад, гишүүд нь бүгдээрээ оролцож, олонхийн санал хураах ёстой юм байна. Хэрвээ сонгон шалгаруулах ёстой бол Үндэсний зөвлөл нь хэрэгжүүлээд томилох ёстой байж гэж үзэж байна. Журам нь өөрөө захиргааны хэм хэмжээний актын шинжийг агуулж байгаа эсэх асуудал яригдана. Захиргааны ерөнхий хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-д захиргааны хэм хэмжээний актад тавигдах шаардлагыг заасан байдаг. Захиргааны байгууллагаас нийтээр дагаж мөрдүүлэхээр гаргасан гэж заасан. Нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээний акт мөн. Ерөнхий захиралд нэр дэвшээд, өрсөлдөхийг хүсэж байгаа хүмүүс нь энэ журмын дагуу нэрээ дэвшүүлээд, өргөдлөө гаргаад явах боломж нь Монгол Улсын иргэн бүрт нээлттэй байна. Энэ нь гадагш чиглэсэн шинжтэй байна. Нэр дэвшүүлэх сонгон шалгаруулах зарчмаар явахад энэ журмыг хэрэглэхээс өөр аргагүй байна. Байнга давтагдах шинжтэй журам учраас хэм хэмжээний шинжийг агуулж байна гэж үзэж байна. 

Хэрэв хэм хэмжээний шинжийг агуулж байвал мөн хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.1-д заасан шаардлагуудыг хангасан байх ёстой. Тухайлбал Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль, бусад хуульд нийцсэн байх, мөн хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.2-т зааснаар тусгайлан эрх олгосон хуулийн агуулга, зорилго хүрээнд нийцсэн байх гэсэн эдгээр үндсэн шаардлагуудыг дурдсан. Гэтэл маргаан бүхий журмын 5 дугаар зүйлийн 5.4 дэх хэсэгт “Ерөнхий захиралд нэр дэвшиж, сонгон шалгаруулалтад оролцогсдын материалыг Үндэсний Зөвлөлийн гишүүдээс бүрдсэн Ажлын хэсэг энэхүү журмын дагуу судалж, дүгнэж, санал дүгнэлтээ Үндэсний Зөвлөлийн хуралдаанд танилцуулна”, 5.6 дахь хэсэгт “Ерөнхий захиралд нэр дэвшиж, сонгон шалгаруулалтад оролцогсдоос Ажлын хэсэг 2-оос доошгүй нэр дэвшигчийг шалгаруулж, Үндэсний зөвлөлийн хэлэлцүүлэгт оролцуулна.” гэсэн заалтууд нь хоорондоо зөрчилддөг. Дүгнэлтээ гаргаад танилцуулах юм уу, аль эсвэл 2-оос доошгүй нэр дэвшигчийг сонгож оролцуулах юм уу гэдэг нь ойлгомжгүй байна. Тус журмын дагуу 5 дугаар зүйлийн 5.4-д заасны дагуу санал оруулах эрхтэй байж болох юм. Гэтэл үүнийг өөрсдөө дүгнээд, хасах эрх байхгүй гэж үзэж байна. Тэгэхээр журмын 5 дугаар зүйлийн 5.6 дахь хэсэгт заасны дагуу хуулиас давсан эрх хэмжээг хэрэгжүүлсэн гэж үзэж байна.  

Хэм хэмжээний актад тавигдах өөр нэг шаардлага нь улсын бүртгэлд бүртгүүлэх ёстой. Захиргааны ерөнхий хуулийн 67 дугаар зүйлийн 67.2-т “...захиргааны актыг зөвхөн улсын нэгдсэн бүртгэлд бүртгэж, хэм хэмжээний актын эмхэтгэлд нийтэлсний дараа хүчин төгөлдөр дагаж мөрдүүлнэ” гэж заасан. Гэтэл ийм зүйл байхгүй байна. Сонинд 2017 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр нийтэлсэн.  Зар нь 2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр зарлагдаад, 2017 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр сонгон шалгаруулалт явагдсан. Өөрөөр хэлбэл сонгон шалгаруулалтад оролцохыг хүссэн иргэдэд ямар нэгэн байдлаар нээлттэй ил тод байсан шаардлагыг хангахгүй байна гэж үзэж байна. Захиргааны хэм хэмжээний актыг яагаад эмхэтгэлд хэвлэдэг гэвэл бүх иргэдэд нээлттэй, иргэдийн оролцоог хангах үүднээс тусгаж өгсөн байдаг. Гэтэл энэ шаардлагыг хангахгүйгээр 7 хоногийн өмнө танилцуулж байгаа нь захиргааны актын шаардлагыг хангахгүй байна. Мөн хуульд заасны дагуу хэм хэмжээний бүрдүүлбэр хангуулах заалтыг заасан. Захиргааны ерөнхий хуулийн 67 дугаар зүйлийн 67.4-д заасны дагуу “Хүчин төгөлдөр бус захиргааны хэм хэмжээний актыг дагаж мөрдүүлснээс үүсэх үр дагаврыг захиргааны хэм хэмжээний акт гаргасан хуулиар тусгайлан эрх олгогдсон захиргааны байгууллага хариуцна” гэж заасан. Үүнийг МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөл хариуцах нь зүй ёсны асуудал юм” гэв.

         Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Олон нийтийн радио телевизийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.8, 31 дүгээр зүйлийн 31.1 дэх заалтуудыг баримтлан МҮОНРТ-ийн Ерөнхий захирлыг сонгон шалгаруулах, томилох тухай журмыг Үндэсний зөвлөл 2017 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн хурлын 02 тоот тогтоолоор баталж, МҮОНРТ-ийн Ерөнхий захиралд нэр дэвшигчдийг зохих журмын дагуу сонгон шалгаруулах ажлын хэсгийг байгуулсан болно. Сонгон шалгаруулах журмыг өдөр тутмын Өнөөдөр сонин, www.mnb.mn цахим хуудсаар олон нийтэд хүргэж, МҮОНРТ-ийн Ерөнхий захиралд нэр дэвшигчдийг бүртгэх, материалыг хүлээн авах хугацааг 2017 оны 1 дүгээр сарын 16-ны өдрөөс 2017 оны 1 дүгээр сарын 24-ний өдрийн 18 цаг 00 минут хүртэл зарласан. Зарлагдсан хугацаанд нийт 9 нэр дэвшигч материалаа битүүмжлэлтэйгээр ирүүлснийг хүлээн авч, 2017 оны 1 дүгээр сарын 24-ны өдрийн 18:00 цагт материал хүлээн авах ажиллагааг дуусгавар болгосон ба энэ үйл ажиллагаанд хөндлөнгийн хяналтыг хэрэгжүүлж, МҮОНРТ-ийн Үйлдвэрчний хорооны дарга Д.Наранцэцэгийг байлцуулж протокол хөтөлж, баталгаажуулсан болно. МҮОНРТ-ийн Ерөнхий захирлыг сонгон шалгаруулах ажлын хэсэг 2017 оны 1 дүгээр сарын 26-ны өдөр хуралдаж, ерөнхий захиралд нэр дэвшигч 9 хүний материалтай МҮОНРТ-ийн Үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга Д.Н, Д.Туул нарыг байлцуулан битүүмжлэлээс задлан танилцсан. Ажлын хэсгийн анхны хуралдаанаар нэр дэвшигчдийг сонгон шалгаруулах ерөнхий шалгуурын үнэлгээ, ярилцлага явуулах үнэлгээний хуудсаа баталсан. Нэр дэвшигчдийн материалын бүрдүүлэлт, мөрийн хөтөлбөртэй танилцахдаа 9 нэр дэвшигчдийн материалаа ирүүлсэн цаг хугацааны дарааллаар эрэмблэн бүх нэр дэвшигчдийг ярилцлагад урьсан.

       МҮОНРТ-ийн Ерөнхий захирлыг сонгон шалгаруулах журмын дагуу ерөнхий шалгуур нь боловсрол, ажлын туршлага, байгууллагын удирдлагын чадавхи, гадаад хэлний мэдлэг гэсэн үндсэн шалгууруудтай байлаа. Ажлын хэсгийн гишүүд нэр дэвшигчдийн ирүүлсэн материалтай нэг бүрчлэн танилцаж, хүн тус бүрээр хэлэлцэн нэр дэвшигчидтэй нээлттэй ярилцлагыг явуулсан. Ажлын хэсгийн гишүүд нэр дэвшигчдийн бүрдүүлсэн материал, мөрийн хөтөлбөр болон нээлттэй ярилцлагыг үндэслэн байгууллагын удирдлага зохион байгуулалт, санхүүгийн удирдлага менежмент, нэвтрүүлгийн бодлого контент нэвтрүүлэлт, техникийн шинэчлэл байгууллагын өрсөлдөх чадвар, хөтөлбөрөө танилцуулсан байдал, ур чадвар гэсэн үзүүлэлтүүдээр нэр дэвшигч нарыг хүн тус бүрээр дүгнэн оноо өгч, өндөр оноо авсан дарааллаар нь нэр дэвшигчдийг шалгаруулан байр эзлүүлсэн болно. МҮОНРТ-ийн Ерөнхий захиралд нэр дэвшигч хүн тус бүрт өгсөн ажлын хэсгийн гишүүн тус бүрийн оноог нэгтгэн үзэхэд нэр дэвшигч Л.Н /379 оноо/, нэр дэвшигч Б.Ц /329 оноо/, нэр дэвшигч Б.У /321 оноо/ авсан тул журмын дагуу хамгийн өндөр оноо авсан 3 нэр дэвшигчийг Үндэсний зөвлөлийн хуралдаанд танилцуулах нь зүйтэй гэж ажлын хэсгийн хуралдаанаас шийдвэрлэсэн. МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн 2017 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн хуралдаанд Үндэсний Зөвлөл бүрэн бүрэлдэхүүнээрээ /15 гишүүнээс 14 гишүүн нь оролцсон, оролцоогүй нэг гишүүн болох М нь гадаад улсад албан ажлаар зорчсон/ оролцсон ба тус хуралдаанд МҮОНРТ-ийн Ерөнхий захиралд нэр дэвшигчдийн сонгон шалгаруулах ажиллагаа хэрхэн явагдсаныг танилцуулж, сонгон шалгаруулалтанд хамгийн өндөр оноо авсан 3 нэр дэвшигч болох Л.Н, Б.Ц, Б.У нарыг Үндэсний зөвлөлийн хуралдаанд оролцуулж, тэдний мөрийн хөтөлбөртэй Үндсэний зөвлөлийн гишүүд танилцсан. Үндэсний зөвлөлийн гишүүд нэр дэвшигч Л.Н, Б.Ц, Б.У нарын мөрийн хөтөлбөртэй танилцан, ярилцлага явуулсны дараа МҮОНРТ-ийн Ерөнхий захирлыг сонгохдоо МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн нийт гишүүдийн нууц санал хураалт явуулах нь зүйтэй гэж хуралдаанаас шийдвэрлэсэн. Уг шийдвэрийн дагуу Ерөнхий захирлыг сонгох нууц санал хураалтын тооллогын комиссыг байгуулж, уг комиссын бүрэлдэхүүнд Үндэсний зөвлөлийн гишүүн Д.Г, Д.Ц, Б.З нар ажилласан. Эхний нууц санал хураалтаар нэр дэвшигч Л.Н 7 гишүүний санал, Б.Ц 4 гишүүний санал, Б.У 3 гишүүний санал тус тус авсан. Нийт гишүүдийн нууц санал хураалтаас нэр дэвшигчдийн аль нь ч олонхийн санал авч чадаагүй тул санал хураалтыг дахин явуулахаар шийдвэрлэсэн. Ингээд хамгийн олон санал авсан 2 нэр дэвшигч дээр дахин нууцаар санал хураалтыг явуулж, нэр дэвшигч Л.Н 10 гишүүний санал, Б.Ц 4 гишүүний санал авч комиссын хуралдаанаар нэр дэвшигч Л.Н олонхийн санал авсан тул МҮОНРТ-ийн Ерөнхий захиралд томилох саналыг Үндэсний зөвлөлийн хуралдаанд танилцуулсан. Ингээд 2017 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн Үндэсний зөвлөлийн ******* тоот тогтоолоор нэр дэвшигч Л.Н-ыг МҮОНРТ-ийн Ерөнхий захирлаар томилсон болно.

МҮОНРТ-ийн Ерөнхий захирлын сонгон шалгаруулалтыг зохион байгуулж явуулан, нэр дэвшигч Л.Н-ыг Монголын Үндэсний Олон Нийтийн Радио Телевизийн Ерөнхий захирлаар томилохдоо Олон нийтийн радио, телевизийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, 24.1.7, 24.1.8, 31 дүгээр зүйлийн 31.1 дэх заалтуудыг зөрчөөгүй ба нэр дэвшигч Н.Бгийн сонгон шалгаруулалтад нэрээ дэвшүүлж, өрсөлдөх эрхийг зөрчөөгүй болно. Нэр дэвшигч Н.Б нь сонгон шалгаруулалтанд оролцохоор холбогдох материалуудыг ирүүлснийг ажлын хэсэг хүлээн авч танилцан, түүнийг ярилцлагад урьж оролцуулан, МҮОНРТ-ийн Ерөнхий захирлыг сонгон шалгаруулах, томилох тухай журмын дагуу байгуулагдсан ажлын хэсгээс тус нэр дэвшигчийг ерөнхий шалгуурын үзүүлэлтээр дүгнэхэд 269 оноо авч, авсан оноогоор нэр дэвшигчдийн 6 дугаарт орсон болно. Иймд иргэн Н.Б гийн гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

       Гуравдагч этгээд Л.Н шүүхэд ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Л.Н би МҮОНРТ-ийн Ерөнхий захирлын сонгон шалгаруулалтад оролцон тэнцэж, Үндэсний зөвлөлийн 2017 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн ******* дугаар тогтоолын дагуу Ерөнхий захирлаар 3 жилийн хугацаатай томилогдон ажиллаж байна. Олон нийтийн радио, телевизийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.7 дахь хэсэгт Үндэсний зөвлөлийн бүрэн эрхийг “олон нийтийн радио, телевизийн Ерөнхий захиралд нэр дэвшүүлэх, томилох журмыг батлах” гэж заасны дагуу Үндэсний зөвлөлийн 2017 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 02 дугаар тогтоолоор “МҮОНРТ-ийн Ерөнхий захиралд нэр дэвшүүлэх, сонгон шалгаруулах, томилох журам"-ыг баталсан. Энэ журмын 5 дугаар зүйлийн 5.4 дэх хэсэгт “Ерөнхий захиралд нэр дэвшиж, сонгон шалгаруулалтад оролцогсдын материалыг Үндэсний Зөвлөлийн гишүүдээс бүрдсэн ажпын хэсэг энэхүү журмын дагуу судалж, дүгнэж, санал дүгнэлтээ Үндэсний зөвлөлийн хуралдаанд танилцуулна” гэж заасан. 2017 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 02 дугаар тогтоолоор томилогдсон ажлын хэсэг энэ журмын дагуу үйл ажиллагаагаа явуулан Үндэсний зөвлөлийн хуралдаанд санал, дүгнэлтээ оруулж хэлэлцүүлэн, Үндэсний зөвлөлийн хуралдаанаас олонхийн саналаар Ерөнхий захирлыг сонгон шалгаруулсан байна. Иймд МҮОНРТ-ийн Ерөнхий захиралд нэр дэвшүүлэх, сонгон шалгаруулах, томилох журам нь Үндэсний зөвлөл өөрийн бүрэн эрхийн хүрээнд баталсан, Ерөнхий захиралд нэр дэвшүүлэх, сонгон шалгаруулах, томилох үйл ажиллагаанд дагаж мөрдөх хэм хэмжээ тогтоосон хүчин төгөлдөр акт болно. Энэ журмын дагуу холбогдох бүх материалыг бүрдүүлэн 2017 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр 17 цаг 41 минутад хүлээлгэн өгч хоёрдугаар сарын 26-нд Сонгон шалгаруулалтын ажлын хэсгийн уулзалт ярилцпагад орж нийт 379 оноогоор 9 хүнээс нэгдүгээрт орсон. 2017 оны 2 дугаар сарын 27-ны өдөр Үндэсний зөвлөлийн хуралдаанд дуудагдан оролцож Олон Нийтийн Радио Телевизийн тухай хуулийн 31.1 дэх хэсэгт “Олон нийтийн радио, телевизийн Ерөнхий захирлыг Үндэсний зөвлөлийн нийт гишүүдийн олонхийн саналаар, нууц санал хураалтаар 3 жилийн хугацаагаар томилно” гэж заасны дагуу нийт 14 гишүүнээс 10 хүний саналаар Ерөнхий захирлын албан тушаалд томилогдсон.

      Иймд Н.Б гийн энэ нэхэмжлэлийн шаардлага нь хууль, журмын дагуу сонгон шалгаруулалтад оролцон, Ерөнхий захирлаар томилогдсон миний эрх ашгийг хөндөж байгаа тул нэхэмжиллийг хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсьө. Ерөнхий захирлаар томилсон МҮОНРТ-ийн Үндэсний зевлөлийн тогтоолыг түдгэлзүүлэх болон Ерөнхий захирлын сонгон шалгаруулалтыг дахин явуулах үндэслэлгүй гэж үзэж байна” гэв.

Гуравдагч этгээдийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулж хариуцагчийн шүүхэд гаргаж байгаа тайлбартай зарчмын хувьд санал нэг байна. МҮОНРТ-ийн ерөнхий захирлыг сонгон шалгаруулах үйл явц хууль журмын дагуу явагдсан эсэх, нэхэмжлэгч Н.Б гийн хууль ёсны эрх ашгийг хэрхэн яаж зөрчсөн эсэхэд шүүх дүгнэлт өгөх шаардлагатай. 

Нэхэмжлэлийн шаардлагатай танилцаад, нэг л асуудлаар гомдол гаргаж байна гэж ойлгосон. Өөрөөр хэлбэл Үндэсний зөвлөлийн 14 гишүүн Олон нийтийн радио, телевизийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1-д заасан эрхийг хэрэгжүүлээгүй нь миний эрх ашиг зөрчигдөж байна гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна. Олон нийтийн радио, телевизийн тухай хуульд Үндэсний зөвлөлийн бүрэн эрхийг хуульд тодорхой заагаад өгсөн. МҮОНРТ-ийн ерөнхий захиралд нэр дэвшүүлэх, эрх үүрэг нь хуулиар олгогдсон байна. Энэ журмын 5 дугаар зүйлд сонгон шалгаруулах журмыг зохицуулсан байна. Тус журмын 5 дугаар зүйлийн 5.4 дүгээр зүйлд “Ерөнхий захиралд нэр дэвшиж, сонгон шалгаруулалтад оролцогсдын материалыг Үндэсний Зөвлөлийн гишүүдээс бүрдсэн ажлын хэсэг энэхүү журмын дагуу судалж, дүгнэж, санал дүгнэлтээ Үндэсний Зөвлөлийн хуралдаанд танилцуулна” гэж заасан заалтад нэхэмжлэгчээс гомдож байна. 

Ажлын хэсэг нь 8 гишүүний бүрэлдэхүүнтэй байгуулагдаад, нэр дэвшигчтэй холбоотой санал, дүгнэлтийг Үндэсний зөвлөлд хүргүүлсэн. Үндэсний зөвлөлөөс Олон нийтийн радио, телевизийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1-д заасны дагуу нууц санал хураалтаар өндөр оноо авсан Л.Ныг сонгон шалгаруулсан.

Хэргийн материалтай танилцахад Н.Б-гийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн зүйл тогтоогдохгүй нөхцөл байдал байна. Хэрэгт авагдсан баримтуудаар энэ нь нотлогдож байгаа учраас нэхэмжлэлийн шаардлагыг хангахгүй байх нь зүйтэй байна. Үндэсний зөвлөлөөс хуулиар олгогдсон эрхийнхээ хүрээнд ажлын хэсгийг явуулсан байна. Ажлын хэсэг нь хуульд заасны дагуу бүх материалыг Үндэсний зөвлөлд танилцуулсан болох нь батлагдсан. Үндэсний зөвлөл нь энэ асуудлыг санал хураалтаар шийдсэн болох нь батлагдсан.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс акт нь нэг удаагийн үйлчлэлтэй акт гэж тайлбарлаж байна. Тухайн үед МҮОНРТ-ийн ерөнхий захирлыг сонгон шалгаруулах үйл ажиллагааг зохицуулсан журам батлагдсан. Гол асуудал нь нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа дурдахдаа ажлын хэсгийн эхний уулзалтанд ороод, оноо нь хүрээгүй учраас Үндэсний зөвлөлд танилцуулаагүй учраас энэ асуудалд гомдож байна. Гомдоод байгаа асуудалдаа Үндэсний зөвлөлийн 14 гишүүн нь бүгд миний материалтай танилцах байсан гэж нэхэмжлэгчээс тайлбарлаж байна. Гаргасан  захиргааны акт нь маргаан үүсээд байгаа учраас агуулгын хувьд алдаатай, хууль зөрчсөн, хууль бус үйлдэл хийхийг шаардсан, биелүүлэх этгээд нь тодорхой бус, өөрөөр хэлбэл захиргааны актын хэм хэмжээг зөрчсөн эсэхэд шүүх дүгнэлт өгөх болж байна. Олон нийтийн радио телевизийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1-д заасан заалтаар Үндэсний зөвлөл нь МҮОНРТ-ийн ерөнхий захиралд нэр дэвшигчийн олонхийн саналаар, нууц санал хураалтаар 3 жил хүртэл хугацаагаар томилно гэсэн үг байгаа учраас нэр дэвшигчийг гэж оруулсан бол журмын хувьд зохицуулалт нь өөр болно. Энэ асуудалд нэхэмжлэгчийн ярьж байгаа нь огт үндэслэлгүй байна. МҮОНРТ-ийн ерөнхий захирлыг сонгон шалгаруулах журам нь хуулийн зүйл заалтын зохицуулалтын дагуу хийгдсэн байгаа учраас хүчин төгөлдөлдөр хэм хэмжээний акт гэж үзэх бүрэн үндэслэл байна. Утга агуулгын хувьд, захиргааны актыг батлан гаргасан албан тушаалтны хувьд, мөн эрх хэмжээ тогтоосон гүйцэтгэгч субъектын хувьд, эрх зүйн үндэслэл, хэм хэмжээ тогтоосон энэ бүхэн асуудлууд нь Захиргааны ерөнхий хуулийн бүх зүйл заалттай нийцсэн акт юм” гэв.

Иргэдийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Нэхэмжлэгч Н.Б-гийн нэхэмжлэлтэй, Монголын үндэсний олон нийтийн радио телевизийн Үндэсний зөвлөлд холбогдох захиргааны хэргийн шүүх хуралдаанд иргэдийн төлөөлөгчөөр оролцлоо.

МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөл ерөнхий захирлыг сонгон шалгаруулах журам батлаад, Монголын үндэсний олон нийтийн радио телевизийн Үндэсний зөвлөл 15 гишүүнтэй нууц санал хураалтаар 3 хүнийг шалгаруулаад түүнээс хамгийн өндөр авсан Л.Н-ыг ерөнхий захирлаар томилсон байна. Нэхэмжлэгч Н.Б 269 оноо авсан байдаг. Нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээдийн хооронд үүссэн энэ маргааныг Захиргааны хэргийн анхан шатны шүүх хуулийн дагуу шийдвэрлэх нь зүйтэй” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

        Нэхэмжлэгч Н.Б тус шүүхэд “МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн 2017 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 02 дугаар тогтоолоор батлагдсан “МҮОНРТ-ийн ерөнхий захиралд нэр дэвшүүлэх, сонгон шалгаруулах, томилох журам”-ын 5 дугаар зүйлийн 5.6 дахь хэсгийг хүчингүй болгуулах, Сонгон шалгаруулах ажлын хэсгийн 2017 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 2 дугаар хуралдаанаас гаргасан “хамгийн өндөр оноо авсан 3 нэр дэвшигчийг Үндэсний зөвлөлийн хуралдаанд танилцуулах“ шийдвэрийг хүчингүй болгуулах, Л.Н ыг ерөнхий захирлаар томилсон МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн 2017 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн ******* дугаар тогтоолыг хүчингүй болгуулах, МҮОНРТ-ийн ерөнхий захирлын сонгон шалгаруулалтыг хуульд заасны дагуу дахин явуулахыг хариуцагчид даалгах” нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

МҮОНРТ-ийн ерөнхий захиралд нэр дэвшүүлэх, сонгон шалгаруулах, томилох журмын 5 дугаар зүйлийн 5.6 дахь хэсгийг хүчингүй болгуулах, Сонгон шалгаруулах ажлын хэсгийн 2017 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 2 дугаар хуралдаанаас гаргасан “хамгийн өндөр оноо авсан 3 нэр дэвшигчийг Үндэсний зөвлөлийн хуралдаанд танилцуулах” шийдвэрийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Хариуцагч МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөл нь 2017 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн 02 дугаар  тогтоолоор МҮОНРТ-ийн Ерөнхий захиралд нэр дэвшүүлэх, сонгон шалгаруулах, томилох журмыг баталжээ.

 МҮОНРТ-ийн Ерөнхий захиралд нэр дэвшүүлэх, сонгон шалгаруулах, томилох журмын 5 дахь хэсгийн 5.6-д “Ерөнхий захиралд нэр дэвшиж сонгон шалгаруулалтад оролцогсдоос Ажлын хэсэг 2-оос доошгүй нэр дэвшигчийг шалгаруулж, Үндэсний зөвлөлийн хэлэлцүүлэгт оролцуулна” гэсэн заалт нь Олон нийтийн радио, телевизийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.7-д “олон нийтийн радио, телевизийн Ерөнхий захиралд нэр дэвшүүлэх, томилох журмыг батлах” бүрэн эрхийнхээ хүрээнд гаргасан зохицуулалт бөгөөд нэхэмжлэгчийн сонгон шалгаруулалтад оролцох эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзэх боломжгүй байна.

Түүнчлэн нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчөөс “МҮОНРТ-ийн Ерөнхий захиралд нэр дэвшүүлэх, сонгон шалгаруулах, томилох журам нь нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээний акт учраас Захиргааны ерөнхий хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1, 60 дугаар зүйлийн 60.1.1, 67 дугаар зүйлийн 67.2-т заасан шаардлагуудыг хангасан байх ёстой.” гэж маргаж байгаа нь үндэслэлгүй гэж дүгнэлээ.

Тодруулбал Захиргааны ерөнхий хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-д “Захиргааны хэм хэмжээний акт гэж хуулиар тусгайлан эрх олгогдсон захиргааны байгууллагаас нийтээр заавал дагаж мөрдүүлэхээр гаргасан, гадагш чиглэсэн, үйлчлэл нь байнга давтагдах шинжтэй” байхаар хуульчилжээ. 

Нэхэмжлэгч МҮОНРТ-ийн Ерөнхий захиралд нэр дэвшүүлэх, сонгон шалгаруулах, томилох журмыг бүхэлд нь хүчингүй болгуулахаар маргаагүй бөгөөд уг журмын 5 дахь хэсгийн 5.6 дахь заалт нь хэм хэмжээний актад тавигдах шаардлагад нийцээгүй өөрөөр хэлбэл захиргааны байгууллагаас нийтээр заавал дагаж мөрдүүлэхээр гаргасан, гадагш чиглэсэн, үйлчлэл нь байнга давтагдах шинжийг агуулаагүй байна.

Мөн Үндэсний зөвлөлөөс МҮОНРТ-ийн Ерөнхий захиралд нэр дэвшүүлэх, сонгон шалгаруулах, томилох журмыг баталсантай холбогдуулан МҮОНРТ-ийн Ерөнхий захирлыг сонгон шалгаруулах ажлын хэсгийг байгуулсан бөгөөд уг ажлын хэсгээс МҮОНРТ-ийн Ерөнхий захирлын сонгон шалгаруулалтын зарыг өдөр тутмын сонин  болон Үндэсний зөвлөлийн цахим хуудсанд зарласны дагуу нийт 9 нэр дэвшигч материалаа ирүүлснийг хүлээн авч, сонгон шалгаруулалтыг явуулжээ.

Уг ажлын хэсэг нь сонгон шалгаруулалтад хамгийн өндөр оноо авсан 3 нэр дэвшигчийг Үндэсний зөвлөлийн хуралдаанд танилцуулахаар 2017 оны 1 дүгээр сарын 26-ны өдрийн 2 дугаар  хуралдаанаар шийдвэрлэсэн нь МҮОНРТ-ийн Ерөнхий захиралд нэр дэвшүүлэх, сонгон шалгаруулах, томилох журмын 5 дахь хэсгийн 5.6-д “Ерөнхий захиралд нэр дэвшиж сонгон шалгаруулалтад оролцогсдоос Ажлын хэсэг 2-оос доошгүй нэр дэвшигчийг шалгаруулж, Үндэсний зөвлөлийн хэлэлцүүлэгт оролцуулна” гэсэн журмыг зөрчөөгүй байна.

Иймд нэхэмжлэгчийн МҮОНРТ-ийн ерөнхий захиралд нэр дэвшүүлэх, сонгон шалгаруулах, томилох журам”-ын 5 дугаар зүйлийн 5.6 дахь хэсгийг хүчингүй болгуулах, Сонгон шалгаруулах ажлын хэсгийн 2017 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 2 дугаар хуралдаанаас гаргасан “хамгийн өндөр оноо авсан 3 нэр дэвшигчийг Үндэсний зөвлөлийн хуралдаанд танилцуулах“ шийдвэрийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй гэж үзлээ. 

Л.Н-ыг ерөнхий захирлаар томилсон МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн 2017 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн ******* дугаар тогтоолыг хүчингүй болгуулах, МҮОНРТ-ийн ерөнхий захирлын сонгон шалгаруулалтыг хуульд заасны дагуу дахин явуулахыг хариуцагчид даалгах нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

МҮОНРТ-ийн Ерөнхий захирлын сонгон шалгаруулалтад нэр дэвшигчдийн материалыг 2017 оны 1 дүгээр сарын 24-ний өдөр Үндэсний зөвлөлийн ажлын хэсэг хүлээн авч, МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн 2017 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн 07 дугаар  тогтоолоор МҮОНРТ-ийн Ерөнхий захирлыг томилох, санал хураалт зохион байгуулах тооллогын комиссыг байгуулжээ.

МҮОНРТ-ийн ерөнхий захирлыг сонгон шалгаруулах ажлын хэсгээс сонгон шалгаруулалтад хамгийн өндөр оноо авсан Л.Н, Б.Ц,  Б.У нарыг Үндэсний зөвлөлийн хуралдаанд танилцуулж, ерөнхий захирлыг сонгох Тооллогын комиссын 2017 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 2 дугаар  тогтоолоор Үндэсний зөвлөлийн нийт гишүүдийн олонхийн санал буюу 71,4 хувийн санал авсан Л.Ныг МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн 2017 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн ******* дугаар  тогтоолоор МҮОНРТ-ийн Ерөнхий захирлаар томилсон нь Олон нийтийн радио телевизийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1-д “Олон нийтийн радио, телевизийн Ерөнхий захирлыг Үндэсний зөвлөлийн нийт гишүүдийн олонхийн саналаар, нууц санал хураалтаар 3 жилийн хугацаагаар томилно”, 31.2-т “Ерөнхий захирлыг сонгон шалгаруулах замаар томилж болно” гэж тус тус заасантай нийцсэн тул  Л.Н-ыг ерөнхий захирлаар томилсон МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн 2017 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн ******* дугаар тогтоолыг хүчингүй болгох, МҮОНРТ-ийн ерөнхий захирлын сонгон шалгаруулалтыг дахин явуулахыг хариуцагчид даалгах үндэслэлгүй байна.

      Иймд нэхэмжлэгч Н.Бгийн тус шүүхэд гаргасан МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн 2017 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 02 дугаар тогтоолоор батлагдсан “МҮОНРТ-ийн ерөнхий захиралд нэр дэвшүүлэх, сонгон шалгаруулах, томилох журам”-ын 5 дугаар зүйлийн 5.6 дахь хэсгийг хүчингүй болгуулах, Сонгон шалгаруулах ажлын хэсгийн 2017 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 2 дугаар хуралдаанаас гаргасан “хамгийн өндөр оноо авсан 3 нэр дэвшигчийг Үндэсний зөвлөлийн хуралдаанд танилцуулах нь зүйтэй” гэсэн шийдвэрийг хүчингүй болгуулах, Л.Ныг ерөнхий захирлаар томилсон МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн 2017 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн ******* дугаар тогтоолыг хүчингүй болгуулах, МҮОНРТ-ийн ерөнхий захирлын сонгон шалгаруулалтыг хуульд заасны дагуу дахин явуулахыг хариуцагчид даалгах шаардлагуудыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

             Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1******* дугаар зүйлийн 1*******.1, 1*******.3, 1*******.3.14 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Олон нийтийн радио телевизийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.7, 24.1.8, 31 дүгээр зүйлийн 31.1, 31.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч Н.Бгийн гаргасан “МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн 2017 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 02 дугаар тогтоолоор батлагдсан “МҮОНРТ-ийн ерөнхий захиралд нэр дэвшүүлэх, сонгон шалгаруулах, томилох журам”-ын 5 дугаар зүйлийн 5.6 дахь хэсгийг хүчингүй болгуулах, Сонгон шалгаруулах ажлын хэсгийн 2017 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 2 дугаар хуралдаанаас гаргасан “хамгийн өндөр оноо авсан 3 нэр дэвшигчийг Үндэсний зөвлөлийн хуралдаанд танилцуулах” шийдвэрийг хүчингүй болгуулах, Л.Н-ыг ерөнхий захирлаар томилсон МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн 2017 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн ******* дугаар тогтоолыг хүчингүй болгуулах, МҮОНРТ-ийн ерөнхий захирлын сонгон шалгаруулалтыг хуульд заасны дагуу дахин явуулахыг хариуцагчид даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.  

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй. 

Захиргааны  хэрэг   шүүхэд  хянан  шийдвэрлэх  тухай  хуулийн  114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл, гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

                                ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Б.АДЪЯАСҮРЭН

ШҮҮГЧИД                               Н.ДАМДИНСҮРЭН

                                                                                                 Б.МӨНХ-ЭРДЭНЭ