Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 07 сарын 04 өдөр

Дугаар 00115

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын шүүхийн Ерөнхий шүүгч Б.Алтанцэцэг даргалж явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар:

 

             Нарийн бичгийн дарга                   Д.Соёлзул

             Улсын яллагч                                 Н.Улсболд

                         Шүүгдэгч                                          Н.Д нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийв.

 

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын зөвлөх Н.Улсболд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Гэндэн овогт Найдангийн Д /МБ78100217/-д холбогдох эрүүгийн 1932000000130 тоот эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн 1978 оны 10 дугаар сарын 02-ны өдөр Архангай аймгийн Жаргалант суманд төрсөн, 41 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 6, эхнэр хүүхдүүдийн хамт амьдардаг, * дүгээр точикт оршин суух хаягтай, урьд өмнө ял шийгэл эдэлж байгаагүй, Боржигон овогт Найдангийн Д. /*/

 

            Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэнд дурьдсанаар:

           Шүүгдэгч Н.Д нь 2019 оны 06 дугаар сарын 06-ны өдөр Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Хараа 1 дүгээр багийн Төмөр замын 179 дүгээр өртөөний урдуур урсан өнгөрөх Хараа голын эрэг дээр Л.Гзтай урьдын маргааны улмаас маргадлан толгойн тус газарт нь цохиж зодон эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Тодорхойлох нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

  Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.Д мэдүүлэхдээ: ... 2019 оны 06 дугаар сарын 06-ны өдөр морины уяан дээр маргаан болсон. Урд нь Гз согтуу явж байгаад намайг заамдаж байсан юм. Тэгээд тэрнээс болоод Гз Дн бид гурав 2 шил архи уугаад Гз бид 2 биеэ биенээ заамдалцаад би хамарлуу нь 1 удаа цохисон гэтэл хамраас нь цус гарсан юм гэх мэдүүлэг болон талуудын шинжлэн судалсан нотлох баримт болох

 

            Хохирогч Л.Гз мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгт: … “...Миний мэдэж байгаагаар би Дн, Алагаа ах хоёртой архи уусан. Нилээн согтсоныхоо дараа Алагаа ахтай маргаж байснаа мэдэж банйа. Нэг мэдэхэд тасраад уначихсан байсан. Хамгийн сүүлд Алагаа ахтай маргасан болохоор Алагаа ах цохьсон байх. Тэрнээс Дн, Алагаа ах бид гуравын архи уусан гэзэрт бид гураваас өөр хүн байгаагүй. Дн бид хоёр хэрүүл маргаан хийгээгүй. Зөвхөн Алагаа ах бид хоёр маргаж байсан. Хоё жилийн өмнө би Алагаа ахтай маргаад зодолдож байсан юм. тухайн үед тэр хэрүүлээ яриад маргаад байснаа санаж байна. тэгээд Алагаа ах  намайг цохисоноо хүлээн зөвшөөрч надаас уучлалт гуйсан. Миний хамрын яс хугарсан тархинд хавганасан, зүүн нүд хөхөрсөн байна. үүнээс өөр бэртсэн зүйл байхгүй. Д ах миний хохиролыг бүрэн төлж барагдуулсан миний зүгээс ямар нэгэн гомдол санал байхгүй гэх мэдүүлэг /хх-ийн 05-06 дугаар хуудас/

            Гэрч Б.Лхгийн мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгт: … Л.Гз эрүүл болсонхоо дараа Алагаа ахтай архи уугаад бид хоёр маргасан. Тэгээд Алагаа ах намайг зодсон гэж ээждээ хэлсэн байналээ. Тэрнээс би хэнд зодуулсан талаар нь сайн мэдэхгүй байна гэх мэдүүлэг /хх-ийн 09 дүгээр хуудас/

  Гэрч Д.Днын мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгт:... Би Л.Гзг хэнд зодуулснгы хараагүй болохоор мэдэхгүй байна. Гз, Алагаа ах бид гурав архи уусан тэгээд намайг явахад Алагаа ах, Гз хоёр үлдсэн өөр хүн байхгүй байсан. Цунг архи уугаад сууж байхад Алагаа ах Гз нар өмнө нь хэрэлдэж байснаа яриад чи би гээд маргаж байсан гэхдээ нэг нэгнээ цохиж зодоогүй л үлдсэн юм гэх мэдүүлэг /хх-ийн 11 дүгээр хуудас/

 

 2019 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн Шүүх эмнэлэгийн үзлэг хийсэн акт № 511 дугаартай Шинжээчийн дүгнэлтэнд: ...

 

1.Л.Гзгийн биед тархи доргилт, хамар ясны хугарал зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

         3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4.Хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хх-ийн 19-20 дугаар хуудас/

 

         Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон баримтууд: Шүүгдэгчийн хурууны хээний дардас /хх-ийн 32 дугаар хуудас/ , шүүгдэгчийн  ял шийтгэгдсэн эсэх талаарх ял шалгах хуудас /хх-ийн 30 дугаар хуудас/, Иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 28 дугаар хуудас/ хохирогч Л.Гзгийн нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй тухай хүсэлт /хх-ийн 34 дүгээр хуудас/, шүүгдэгчийн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлд “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасныг баримтлан шүүгдэгч нарын гэм буруугийн асуудлыг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор дараах байдлаар хянан шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч Н.Д нь 2019 оны 06 дугаар сарын 06-ны өдөр Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Хараа 1 дүгээр багийн Төмөр замын 179 дүгээр өртөөний урдуур урсан өнгөрөх Хараа голын эрэг дээр Л.Гзтай урьдын маргааны улмаас маргадлан толгойн тус газарт нь цохиж зодон эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

           Хохирогч Л.Гзгийн мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 05-06 дугаар хуудас/, Гэрч Б.Лхгийн мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 09 дүгээр хуудас/, Гэрч Д.Днын мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 11 дүгээр хуудас/ 2019 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн Шүүх эмнэлэгийн үзлэг хийсэн акт №511 дугаартай дүгнэлт /хх-ийн 19 дүгээр хуудас/, шүүгдэгч Н.Дгийн мөрдөн байцаалтанд хэргээ хүлээн өгсөн мэдүүлэг /хх-ийн 24 дүгээр хуудас/ болон тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудаар нотлогдож байна гэж шүүх дүгнэв.

 

Шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримт болох шүүгдэгчийг сэжигтэн, яллагдагчаар мөн хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хуулийн шаардлага хангасан, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих мэдлэг, дадлага туршлагатай, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч гаргасан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

Прокуророос шүүгдэгч Н.Д нь хохирогч Л.Гзгийн биед хөнгөн хохирол учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь тохирсон байна гэж үзлээ.

            Иймд шүүгдэгч Н.Д нь 2019 оны 06 дугаар сарын 06-ны өдөр иргэн Л.Гзгийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан, эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн, ялыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлууд болон прокурор, өмгөөлөгчийн саналыг харгалзан түүнийг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу (1 нэгж=1000 төгрөг) 500.000 /Таван зуун мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэл оногдуулж, оногдуулсан ялыг 01 сарын хугацаанд сард 500000 төгрөрийг төлөхөөр тогтоох нь зүйтэй байна.

Хохирогч, иргэний нэхэмжлэгч нь  гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул энэ хэрэгт хэлэлцэгдэх хохирол төлбөргүй байна гэж дүгнэв.

 

           Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, Н.Д нь өмнө авсан бусдын батлан даалтанд байлгах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээх зэргийг тус тус дурьдаад

Монгол улсын Шүүхийн  тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг,36.3 дугаар зүйлийн 1,3,36.5 дугаар зүйлийн 2, 36.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг,  36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг. 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

  1.Шүүгдэгч Боржигон овогт Найдангийн Дг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

  2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Н.Дг 500 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 500000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

  3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Н.Дг торгуулийн 500000 төгрөгийг 01 /нэг/ сарын хугацаанд төлөхийг даалгасугай.

  4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг баримтлан Н.Дг торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.

  5.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй хэлэлцэх төлбөргүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдсугай.

6. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Н.Дд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7.Энэ шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг мэдэгдсүгэй.

        8. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуульд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах давж заалдах гомдлоо шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Б.АЛТАНЦЭЦЭГ.