Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 03 сарын 25 өдөр

Дугаар 00046

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС:

 

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Ерөнхий шүүгч Б.Алтанцэцэг даргалж, явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар:

                       Нарийн бичгийн дарга                      С.Төртулах

            Улсын яллагч                                    Э.Гантулга

           Хохирогч                                            С.Бм

            Шүүгдэгч                                             Д.Н нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийв.

 

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх Э.Гантулгаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн Боржигон ургийн овогт Дашдондовын Нт холбогдох эрүүгийн 1932000000051 тоот эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.      

      

     Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 Монгол Улсын иргэн, 1984 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр Завхан аймгийн Шилүүстэй суманд төрсөн, 35 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, * гэх газар оршин суух хаягтай, бие эрүүл, ухаан санаа бүрэн улсаас авсан гавъяа шагналгүй, урьд 5 удаагийн ял шийтгэл эдэлж байсан,

1.Сэлэнгэ аймаг дахь сум дундын 2 дугаар шүүхийн 2001 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн № 63 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 123.1.3 дахь хэсэгт зааснаар 100000 төгрөгөөр торгох ялаар,

2.Төв аймгийн сум дундын шүүхийн 2008 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн № 81 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт 2 жилийн хорих ялаар шийтгүүлж, уг ялыг 01 жилийн хугацаагаар тэнсэн харгалзах ялаар,

3.Сэлэнгэ аймаг дахь сум дундын 2 дугаар шүүхийн 2011 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн № 91 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 200000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, 06 сарын баримчлах ялаар,

4.2018 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн № 33 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 500000 төгрөгөөр торгох ялаар,

5.Нийслэлийн Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн № 788 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 01 жилийн хорих ялаар шийтгүүлж уг ялыг 02 жилийн хугацаагаар хойшуулсан, Боржигон овогтой Дашдондовын Н. /РД:*/

Тодорхойлох нь:

 

            Яллах дүгнэлтэнд дурьдсанаар:

 Шүүгдэгч Д.Н нь согтуурсан үедээ 2019 оны 02 дугаар сарын 27-ны өдрөөс 28-нд шилжих шөнө Сэлэнгэ аймгийн Мандал сумын Хэрх 4 дүгээр багийн Гүн худагийн № 68 тоотод хамтран амьдрагч С.Бмг хромон гутлаар удаа дараа цохиж биед нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

  Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Н мэдүүлэхдээ: ... би хэрэг хийсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, дахин гэмт хэрэг үйлдэхгүй байж чадна хөнгөн ял шийтгэж өгнө үү гэв. хохирогчийн мэдүүлэг болон талуудын шинжлэн судалсан нотлох баримт болох

 

            Шүүх хуралданд хохирогч С.Бм мэдүүлэхдээ: ...... Энэ ерөөсөө дандаа архи ууж ирхээрээ л намайг зодож нүддэг. Чамайг ална, хядна гэдэг. Би үгийг нь хүртэл угаасаа биччихсэн байгаа. Ер нь зодно. Би ял авах юм бол чамайг ална гээд байнга л тэгж хэлдэг. Тэгээд хүүхдээрээ дандаа түрий барьдаг. Ээж, аав хоёр нь намайг хутгалж, сэрээдсэнийг нь нуусан. 2017 оны 8 дугаар сард бөөрөнд хоолны сэрээгээр 3-4 удаа хатгаж байсан. Нуугаад намайг цагдаад өгүүлээгүй. Хүний эрээн булчин дандаа битүү газар зодно. Нүүр ам руу цохихгүй. Би эмэгтэй хүн болсон хойно дахиад ингэхгүй, уучлалт гуйж байна гэхээр нь би цагдаад өгдөггүй байсан. Саяны зодоон бол 12 цаг өнгөрөөд энэ над руу залгахад нь аавынх нүүрсгүй болсон гээд би 6 өнгөрөөгөөд такси бариад Замаа гэдэг эгчтэй гэрт нь ирсэн юм. Н гэртээ байсан. Байхаар нь би Нт хэлсэн. Би Цм эгчтэй жаахан гэрт нь байж, сууж байгаад ирье гэж хэлсэн чинь энэ тэг гээд намайг явуулсан юм. Тэгээд тэр айлд өөрөө намайг хүргэж өгчихөөд буцаад явчихсан юм. Би тэр айлд бид нар 12 цаг өнгөрөөгөөд унтсан. Би хойно 3 хүүхэдтэй нь ороод унтангуут 2 цаг өнгөрч байхад Н тэр Эб гэдэг залуутай шал согтуу орж ирсэн. Ирээд хромон гутлаар зодож чамайг алах гэж ирлээ гээд нүдсэн. Хутга хайгаад хутга олдоогүй. Тавиур дээр цэнхэр иштэй хайч байсныг аваад шидэх  шиг л болсон. Энэ хөх рүү хатгаад эд нар салгаад гарсан намайг. Н чамд гэрч гэж байхгүй гээд байгаа юм. Би болсон юмыг үнэн зөвөөр нь л хэлнэ. Намайг Зүүнхараагаар гишгүүлэхгүй. Хоёр нүдийг чинь ухна гэж дандаа хэлдэг. Хамт амьдардаггүй гэж худлаа хэлж байгаа юм. Хамт амьдарсан. Хувцасаа авах гээд очиход намайг хутгалж ална гээд би арай гэж тал хувцсаа аваад л явсан. Та нар энийг үнэн зөвөөр нь надад шийдэж өгнө үү гэв.

         Хохирогч С.Бм мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: .“... 2019 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 12 цагийн үед Хэрх тосгонд оршин суудаг Жс гэх айлынд очоод тухайн айлдаа байж байгаад шөнө унтаж байтал 02-03 цагийн үед манай нөхөр Н гаднаас Эб гэх залуутай орж ирээд үгийн зөруүгүй би чамайг алах гэж ирлээ гээд хромон гутлаа тайлаад намайг гутлаараа зодож эхэлсэн. Тухайн үед Жсы гэрт 4-12 насны 3 хүүхэд Жсы эхнэр Цм нар байсан мөн манай нөхөр Нтай цуг явж байсан Эб байсан. Н намайг цуг явсан Эб гэх залуугийн машинд суухгүй бол ална шүү архи авч өг гээд уг машинд чирж суулгахад Цм эгч машинд цуг суусан. Тэгээд Зүүнхараа орж Рашаантын 18 гэх дэлгүүр орж 1 шил 0.5 литрийн Хараа нэртэй архи аваад Тэмээтийн хонхор руу гэртээ очоод тус архийг Н бага зэргийг уугаад энэ хоёрыг явахаар нь чамайг ална аа гээд байсан. Тэгэхэд Цм эгч надад хандаж явъя энд байвал чи алуулах юм шиг байна гээд би нөхөр Нын найз Эб, Цм эгч нартай гэрээсээ гарч Зүүн хараад байдаг эгч Хулсаныд ирсэн. Би тухайн үед маш их айсан байсан болохоор хаана хэрхэн цохисныг нь мэдэхгүй байна...” гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 4-5, 15-16 дугаар хуудас/

         Мөрдөн байцаалтанд гэрч Д.Цм мэдүүлэхдээ:.. “...2019 оны 02 дугаар сарын 27-ны өдөр хэдэн цагийг нь санахгүй байна Бм манай гэрт Барс худалдааны төвийн ногоон талбайн манаач эмэгтэйтэй ирсэн юм. Манайд ирэхдээ манай хадам ах Чимэдээ гэх хүнд урьд өмнө нь нүүрс авсан мөнгөө өгөх гэж ирсэн юм байна лээ тэгээд манай нөхөрт Бм хандаж нэг шил юм уух уу гэхэд манай нөхөр Жс тэгье гээд нэг шил 0.75 литрийн хараа нэртэй архи аваад манай гэрт би манай нөхөр Жс, Бм бид 3 хувааж уусан. Тэгсэн Бм хадмынд нүүрс хүргэж өгнө гэхээр нь такси дуудаад би Бмтай цуг нүүрсийг нь Зүүнхараа орж Бмгийн хадам аавынд хүргэж өгсөн. Хадмынд нь очиход Н аавындаа байж байсан... Тэгээд Бм замаасаа нэг шил архи авч манай гэрт ирээд тус архийг хувааж уугаад орой болсон тул Бм гэрийн ард байдаг байшинд манай бага насны хүүхэдтэй цуг унтахаар орсон. Тэгсэн шөнө 02 цаг өнгөрч байх үеэр Н манай гэрт орж ирээд Бм хаана байна гээд ороод ирэхээр нь ард байшинд хүүхдүүдтэй унтаж байгаа гэсэн чинь Н гараад явсан. Тэгэхээр нь би тэр хоёрыг зодолдоод хүүхэд айлгачиж магадгуй гээд араас нь орсон чинь Н Бмг явъя тээд хэвтэж байсан орноос нь татаад байсан. Бм явахгүй гээд байх шиг байсан. Тэгсэн Н түрийтэй хар өнгийн гутлаар Бмг хэвтэж байхад нь дээрээс нь 2-3 удаа цохих шиг болсон. Тэгээд Н Бмг манай байшингаас чирээд гаргасан...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 17-18 дугаар хуудас/

         Мөрдөн байцаалтанд гэрч Ж.Жс мэдүүлэхдээ:.. “...Бм 2019 оны 02 сарын 27-ны өдөр манай гэрт 14 цагийн үед ирэхдээ эрүүл архи согтууруулах ундаа хэрэглээгүй байсан. Биед нь ил харагдах гэмтэл шарх сорви байгаагүй... Түхайн үйл явдал болсноос хойш 2 хоногийн дараа байх Н манай гэрт ирээд дүү нь бүр баларч явна Бм гэртээ ирдэггүй ээ. Намайг цагдаад өгсөн байна...” гэх мэдүүлэг /XX- ийн 20 дугаар хуудас/

Мөрдөн байцаалтанд гэрч Б.Өц мэдүүлэхдээ:.. “...2019 оны 02 сарын 26-ны өдөр гадаа гэгээ тасарсан харанхуй байсан хэдэн цаг болж байсныг нь мэдэхгүй байна. Би “Нар” хүнсний дэлгүүртэй нөхөр Гантулгатайгаа цуг байж байтал нэг танихгүй эмэгтэй хүн манай дэлгүүрийн коридорт аллаа шдээ гээд орилохоор нь гартал нэг танихгүй эмэгтэй манай дэлгүүрийн коридорт зогсож байсан яасан бэ гэсэн чинь намайг аллаа гэхээр хэн гэсэн чинь манай нөхөр гэсэн тэхээр нь гараад харахад Ундрага зоогийн газрын урд 2 хүн зогсож байсан гадаа харанхуй байсан болохоор хэн байсныг таниагүй. Тухайн эмэгтэй манай дэлгүүр дотор орж ирчээд гарахгүй байсан юу болсныг нь асуухад манай нөхөр зодоод гэж байсан өөр зүйл яриагүй. Удалгүй тухайн эмэгтэйн эгч нь ирж тухайн эмэгтэйг аваад явсан. Түүнээс тухайн 2 хүнийг зодолдож байхыг нь хараагүй салгасан зүйл байхгүй. Гэмтэж бэртсэн гэх зүйл байхгүй байсан. Үс нь сэгсийсэн байдалтай байсан гэх мэдүүлэг /ХХ-ийн 21 дүгээр хуудас/

Мөрдөн байцаалтанд гэрч Эс мэдүүлэхдээ:.. “..2019 оны 02 сарын 28-ны үүрийн 05-06 цагийн орчим миний дүү Бм манай гэрт орж ирээд надтай юм ярйлгүйгээр унтаад өгсөн. Тухайн үед би нүүр биеийг нь анзаараагүй юм. Тэгээд би өглөө 8 цаг өнгөрөөгөөд боссон чинь манай дүү Бмгийн нүд хөхөрсөн өмсөж явсан хувцас нь цус болсон байсан яасан юм бэ гэсэн чинь манай нөхөр Н намайг айлд унтаж байсан чинь ирж зодоод гэж байсан. Тэгээд би дүү Бмгаа дагуулаад цагдаагийн байгууллага дээр очсон юм. 2018 оны 12 сарын эхээр манай дүү Бм 241 дүгээр зөрлөгт байдаг манай ээж Тавхайнийд ирээд манай нөхөр Н намайг зодоод сүхээр цавчиж ална гээд хөөгөөд байна гэж орж ирсэн. Тухайн үед би ээжийндээ байж байсан юм. С.Бмгийн нуруу хэсэг нь их гэмтэл авсан байсан. Хазаар юм уу ташуур юм уу гэхээр зүйлээр ороолгож зодсон байсан. Тухайн үед цагдаад мэдэгд гэсэн чинь би өөрөө эмчид үзүүлчээд цагдаагийн байгууллагад хандчаад ирье гээд Зүүнхараа явсан. Н манай дүү Бмг их зоддог юм шиг байгаа юм. Архи согтууруулах ундаа үнэртэхгүй байсан. Н 2019 оны 03 сарын 01-ны өдөр 15-16 цагийн үед байх Н манай дүү Бмгийн утас руу залгаад байхаар нь би утсыг нь аваад чи яах гээд байгаа юм бэ гэсэн яадийн муу пиздаа авгай миний муу лаларууд минь хасагууд минь хүүс тэмрэнэ шүү би шийдсэн хулгайч гэж утсаар заналхийлж доромжилсон гэх мэдүүлэг /ХХ-ийн 08 дугаар хуудас/

 

            Шүүх эмнэлэгийн үзлэг хийсэн акт. 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн Шинжээчийн дүгнэлт № 54

            1.С.Бмгийн биед баруун хөхөнд шарх, зуүн нүдний дээд зовхинд цус хуралт, баруун хацар, баруун гарын шуунд зулгаралт, зүүн нүдний дээд зовхинд зөөлөн эдийн гэмтэл тогтоогдлоо.

          2.Дээрх баруун хөхөнд шарх гэмтэл нь хурц ир үзүүртэй хүчин зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр, зүүн нүдний дээд зовхинд цус хуралт, баруун хацар, баруун гарын шуунд зулгаралт, зүүн нүдний дээд зовхинд зөөлөн эдийн гэмтэл нь хатуу мохоо хүчин зүйлийн нэгээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

            3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

             4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 23 дугаар хуудас/

 

  Аюулын зэргийн үнэлгээ хийсэн тухай маягт /хх-ийн 09-12 дугаар хуудас/

  Хэргийг хялбаршуулсан журамаар шийдвэрлэж өгнө үү гэх шүүгдэгчийн хүсэлт /хх-ийн 28 дугаар хуудас/

Шүүгдэгч Д.Нын хувийн байдлыг тогтоосон баримт багийн засаг даргын тодорхойлолт /хх-ийн 33 дугаар хуудас/ иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 34 дүгээр хуудас/, Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудасял /хх-ийн 35 дугаар хуудас/, шийтгэх тогтоол болон захиргааны шийтгэл хүлээж байсан тухай шийтгэврийн хуулбар /37-52 дугаар хуудас/ зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар:            

             Шүүгдэгч Д.Н нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 02 дугаар сарын 27-ны өдрөөс 28-нд шилжих шөнө Сэлэнгэ аймгийн Мандал сумын Хэрх 4 дүгээр багийн Гүн худагийн № 68 тоотод гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хамтран амьдрагч С.Бмг / бусдадтай нийлж архи уудаг, айлд хонолоо гэх шалтгаанаар  хромон гутлаар зодож цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан ялыг оногдуулах үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

Шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримт болох хохирогч, гэрч нарын мэдүүлэг нь хуульд заасан шаардлагыг хангасан, хууль зөрчөөгүй, мөн шинжээчийн дүгнэлт нь эргэлзээгүй, үндэслэл бүхий байх тул энэ хэрэгт хамааралтай ач холбогдолтой нотлох баримтууд гэж үнэлсэн болно.

             Хохирогч С.Бмгийн биед баруун хөхөнд шарх, зуүн нүдний дээд зовхинд цус хуралт, баруун хацар, баруун гарын шуунд зулгаралт, зүүн нүдний дээд зовхинд зөөлөн эдийн гэмтэл тогтоогдлоо, Дээрх баруун хөхөнд шарх гэмтэл нь хурц ир үзүүртэй хүчин зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр, зүүн нүдний дээд зовхинд цус хуралт, баруун хацар, баруун гарын шуунд зулгаралт, зүүн нүдний дээд зовхинд зөөлөн эдийн гэмтэл нь хатуу мохоо хүчин зүйлийн нэгээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой, Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэсэн нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг хангаж байх тул гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

 

            Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлд зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхээр заасан бөгөөд прокурорын санал болгосон эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээг Д.Н нь зөвшөөрч гарын үсэг зурсан ба хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт /хх-ийн 28 дугаар хуудас/-ээ бичгээр өгсөн нь хуульд заасан нөхцөл, журам хангагдсан байна.

            Шүүгдэгч Б.Н нь өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа болно.

            Шүүгдэгч, хохирогч нар нь иргэний гэр бүлийн байгуулагад гэрлэлтээ албан ёсоор бүртгүүлж батлуулаагүй боловч 2013 оноос нэг гэрт хамтран амьдраад 6 жил болж байгаа, тэдний дундаас төрсөн хүүхэд Рамаан 2 настай эрэгтэй, Д.Нын 3 хүүхдүүдийн хамт ам бүл зургуулаа хөдөө мал маллан амьдардаг. Д.Н нь  гэмт хэрэг үйлдэн 5 удаа ял шйитгэгдэж байсан, мөн удаа дараа зөрчил гарган зөрчлийн тухай хуулиар арга хэмжээ тооцогдож байсан нь /ХХ-40-51/ талд авагдсан зөрчил шийвэрлэлтийн бүртгэлээр, 2017 оны 10 дугаар сард “согтуурсан үедээ  гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн зөрчил гаргаж 7 хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл хүлээж байсан тухай баримтууд хэрэгт авагджээ.  Д.Нын уг үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг буюу хүндрүүлэх бүрэлдэхүүнтэйгээр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн шинжийг агуулсан байна. Уг хүндрүүлэх бүрэлдэхүүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж “ гэж тодорхойлжээ. Иймд Д.Ныг “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Сум дундын Прокурорын газрын Прокуророос Эрүүгийн хэрэг хянан шийдэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу (1 нэгж=1000 төгрөг) 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэл оногдуулах саналыг ирүүлсний /ХХ-66-р хуудас/ дагуу оногдуулсан ялыг шүүгдэгчийн хөдөлмөр эрхлэлтийн байдал, цалин хөлс, бусад орлого олох боломжийг тооцон 03 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоох нь зүйтэй байна.

          Хохирогч С.Бм нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд шүүгдэгч Д.Наас хохирол төлбөр нэхэмжилсэн тухай баримт гаргаж өгөөгүй тул  одоогоор энэ хэрэгт хэлэлцэгдэх төлбөргүй байна. Хохирогч нь энэ гэмт хэргийн улмаас учирсан гэмтлээ эмчлүүлэхтэй холбогдон гарсан хохиролоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдэрлэх журмаар нэхэмжлэх эрх нь  нээлттэйг тогтоолд тусгах нь зүйтэй  гэж үзлээ.

           Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хилийн хориг тавигдаагүй, битүүмжилсэн эд зүйлгүй, шүүгдэгч Д.Нт өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээх зэргийг тус тус дурьдаад

                 

Монгол улсын Шүүхийн  тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1,3,36.5 дугаар зүйлийн 2, 36.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг,  36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг. 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Боржигон овогтой Дашдондовын Ныг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.       

            2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дах хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Ныг 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгосугай.

 

           3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг зааснаар шүүгдэгч Д.Н нь торгууль 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгийг 03 сарын хугацаанд сар бүр 150000 төгрөг хэсэгчлэн төлж биелүүлэхийг даалгасугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дах хэсэг зааснаар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй /1 нэгж х1000=15000/ тэнцэх хэмжээг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, Д.Н нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүйг, битүүмжилсэн эд хөрөнгөгүйг дурьдсугай.

 

6.Хохирогч С.Бм нь энэ гэмт хэргийн улмаас учирсан гэмтлээ эмчлүүлэхтэй холбогдон гарсан хохиролоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурьдсугай.

 

7.Шүүгдэгч Д.Нт өмнө авсан хувийн баталгаа гаргасан таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээсүгэй.

 

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүхийн тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.    

    

9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар гомдол эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан, хүргүүлсэнээс өдрөөс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурьдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Б.АЛТАНЦЭЦЭГ