| Шүүх | Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Бямбын Алтанцэцэг |
| Хэргийн индекс | 149/2019/00040/Э |
| Дугаар | 00056 |
| Огноо | 2019-04-05 |
| Зүйл хэсэг | 11.1.2.4., |
| Улсын яллагч | Н.Дүүрэнжаргал |
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 04 сарын 05 өдөр
Дугаар 00056
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Ерөнхий шүүгч Б.Алтанцэцэг даргалж, шүүгч Ж.Эрдэнэбат, шүүгч Б.Эрдэнэмөнх нарын бүрэлдэхүүнтэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар
Нарийн бичгийн дарга С.Төртулах
Улсын яллагч Н.Дүүрэнжаргал
Иргэдийн төлөөлөгч Ө.Гантуяа
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Мөнгөнцэцэг
Хохирогч Б.Дд
Шүүгдэгч П.С нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийв.
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокурор Н.Дүүрэнжаргалаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн П.Сд холбогдох 1932000000018 тоот эрүүгийн хэргийг 2019 оны 03 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:
Монгол Улсын иргэн, 1983 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал суманд төрсөн,39 настай, эрэгтэй, дээд боловсролтой, вагоны техникч мэргэжилтэй, Улаанбаатар Төмөр замын ачааны вагон засварын депод сэв шалгагч ажилтай байсан,ам бүл 5 эхнэр хүүхдийн хамт * тоотод оршин суух хаягтай, 1 удаагийн ял шийтгэлтэй,
Сэлэнгэ аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн 2004 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн № 102 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.2.4-д зааснаар 5 жил 1 хоног хорих ялаар шийтгүүлж 2006 оны 07 дугаар сарын 05-ны өдөр өршөөлийн хуульд хамрагдан тэнсэн суллагдсан, гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овогт Пүрэвдоржийн С. /РД: */
Прокуророос үйлдэж ирүүлсэн яллах дүгнэлтээр:
Шүүгдэгч П.С нь Сэлэнгэ аймгийн Мандал сумын 2 дугаар баг, Улиастайн № 32 тоотод 2019 оны 01 дүгээр сарын 11-ний өдрөөс 12-нд шилжих шөнийн 00 цаг 20 минутын орчим согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ иргэн Б.Ддын хэвлийн ар хэсэгт хутгалж эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч П.С мэдүүлэхдээ: ... 2019 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр би аж ахуй руу эхнэр хүүхэдтэйгээ явчихаад буцаж явсан. Сб, Ад хоёр надруу залгасан. Шинэ машин авсан гээд уулзъя гэсэн. Тэрний өмнө Бз залгаад би найзтайгаа байна хүрээд ирээч гэж байсан. Би гэрийн гадаа очиход Сб, Ад хоёр байсан. Эхнэр хүүхдээ оруулчихаад тэр хоётой хамт суварага гарч 2 литртэй пиво 2-ийг уусан. Тэгээд байж байхад Бз ахин залгахаар нь тэднийх руу очих уу гэхэд яах юм бэ, таньж мэдэхгүй юм чинь гэхээр нь төв рүү ороод байж байхад ахиж залгаад байхаар нь нэг дор ажилладаг улс юм чинь гээд очиход Даншдондов, Гансүх гэдэг хоёр найзтайгаа байсан. Энэ хэд нэг шил архи уугаад дуусаж байсан. Тэгээд бид нар хоорондоо танилцаад Дондов энэ хэд нар дэлгүүр яваад ирье гээд гаднаас 2 шил архи, 2 пиво авсан байснаас ууж барахгүй гээд 1 шил архийг нь уусан. Бз түрүүлээд нилээн согтоод Сбыг жаахан өдөж хоргоогоод тэр хоёр орж гараад байсан. Гурав дахиа орж ирэхдээ Бз дээгүүрхээ тайлж шидээд Сб ер нь яагаад байна гээд байсан. Бүгд анзаарч байсан л даа. Бүгд үйлдлээ мэдэх хэмжээнд байсан. Тэгээд Ад чи яагаад байгаа юм бэ гэхэд сууж байхад нь Адг мөргөсөн. Ад босож ирээд хоолойн дээр нь тулаад зогссон чинь босгочих гэхээр нь босготол Бз шургуул руу гүйгээд татахад хутга заазуур асгараад, дундаас нь элдүүр аваад Ад бид хоёрыг цохиход Сб гаднаас гүйж орж ирээд үүдэнд Бзийг дараад авсан. Тэр хооронд гүйж очоод Ад , Сб хоёр өшиглөөд би ч наанаас нь чи яаж байгаа юм гээд гурвуулаа бөөгнөрөөд зогсож байхад Дд тэндээс ална хэнийг чинь хэрчих вэ гээд заазуур аваад босоод ирсэн. Найзыгаа өмөөрөөд. Тэгээд би ухраад холдсон. Ад энэ хоёр тулаад ноцолдоод хоёр удаа унаж босож ирсэн. Тэгээд айлын шкафны хаалга цөмрөөд харсан цус гарсан байсан. Адг шкафанд тулгаад хойлойд нь заазуур тулгаад ална гэж орилсон. Бз тэндээс наадуулаа ал гэж орилоод байсан. Тэгээд би огтлоод хаячих вийдээ гэж бодоод л ухасхийсэн. Болиулчихъя гээд л. Тэгээд хойноос нь очоод татсан. Тэгээд би хутгалчихсан. Тэр зуур би арай ч илүү хутга орчихоогүй байгаа гэж бодоод. Тэгээд тэр хооронд Дондов яаая гээд буйданд очоод суусан. Бзийг босгоод хажууд нь очоод суулгасан. Сб, Ад хоёр очоод энэ хоёрыг зодох гэхэд нь би Адг дуудаад зодож болохгүй. Би сая хутгалчих шиг боллоо гэж хэлэхэд яаж байгаа юм бэ үзье гээд очоод харахад нуруундаа шархадсан байсан. Тэгээд Ад, Баатраа хоёр эмнэлэг яваад спирт, бент авчираад бид нар цэвэрлэж боогоод эмнэлэг дуудах уу яах уу гээд айгаад эргэлзээд байж байтал Бз гараад дуудчихсан. Тэгээд л цагдаа ирсэн, Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч П.Дд мэдүүлэхдээ: ... 2019 оны 01 дүгээр сарын 10-ны орой Бз найзтайгаа уулзсан. Тэгээд уулзаад юм ярьж сууж байгаад урд байшин руу нь бууз, архи аваад очсон. Тэгээд байж байхад Гансүх ирээд бид гурав уусан. Бз ажлынхаа ахыг дуудсаар байгаад С ах хоёр залуутай ирсэн. Бз манай ажлын ах байгаа юм гээд сайхан танилцлаа гээд дэлгүүр яваад архиа авчираад ууж эхлээгүй байхад Гансүх эхнэр нь төрөх гэж байгаа гээд явсан. Тэгээд Сб, Бз хоёр орж гараад л сонин болоод л байсан. Бзийг би сайн мэднэ уухаараа агсам болчихдог юм. Сб тэр хоёр орж гарч байгаад сүүлийнх дээр муудалцаад үүдэнд Бзийг унагаагаад тэрний өмнө Сл ах бид хоёр галын өмнө сууж байхад Бз орж ирэнгүүтээ шургуулга татаж унагаад заазуур хутга халбага сэрээ зөндөө унаад тэндээс ганжин аваад Ад, Сл ахыг цохиод цаанаас Сб орж ирээд татаж унагаад Ад дээрээс нь өшиглөөд тэгээд би ганцараа суугаад үлдсэн юм. Тэгэнгуут манай найзыг унагаачихсан тэнд 3 том биетэй залуу найзыг унагачихсан. Нэг нь багалзуурдсан. Нэг нь нүүр ам руу нь өшиглөөд байсан. Би нилээн халамцуу байсан. Гэхдээ юм аа мэдэж байгаа. Тэгээд угаасаа эд нарт зодуулах юм байна гээд айлгаад болиулах үүднээс айлгах зорилгоор заазуур аваад хэнийг чинь алах юм бэ гэж хэлсэн. Заазуур аваад би очсон чинь Ад шууд тонгороод намайг унагаачихсан юм. Тэгээд бид хоёр дээр доор ороод ноцолдоод байж байхад Бз ч дуруулаад зодуулаад, би даруулаад зодуулах юм байна гээд бодонгуутаа тухайн үед шийдэх бодол, яасан ч яахав гээд шийдэх бодол төрж заазуураар хальт ингэхэд заазуурын хойд хэсгээр Адгийн гарыг нь зүссэн. Ингээд бид хоёр босож ирээд би шкаф руу түлхэхэд хаалга нь цөмөрч ороод би дээрээс нь дараад тэгээд би ер нь бол шийдчихсэн байсан. Тэгээд заазуураар угаасаа хоолойд нь тулгасан байсан нь үнэн. Тухайн үедээ бараг шийдчихсэн байсан. Зодуулсан байсан учраас. Тэгээд нилээн архи уучихсан, халамцуу бараг алвал алчихъя, яавал ч яая гэсэн тиймэрхүү байдалтай байсан. Алчихсан ч яадаг юм гээд бодож байж байтал яг ингэхэд араас хүн татсан. Тэгэхэд намайг хэн татсаныг мэдээгүй. Намайг татангуут Адг татаж авахдаа миний гарнаас заазуурыг салгаж авсан. Жаахан байж байхад нуруу халуун оргиод явчихсан. Эргээд хархад Сл ах байхаар нь намайг хутгалчихаж байгаа юм байх даа л гэж бодсон. Гэхдээ яахав нэг талаасаа миний бодлоор би хохирогч болчихсон байна. Сл ах ийм байдалтай байна. Хэрэв Сл ах намайг зогсоогоогүй бол бас юу ч болоо билээ. Би хүн амины хэрэгт орчих ч байсан юм уу. Иймэрхүү байдлаар баярлалаа гэж хэлэлтэй биш. Гэхдээ бас дараа нь нэг талаар баярласан л даа. Эмнэлэгт байхад хэцүү байсан. Гэхдээ одоо миний бие сайжирсан байна. Тэр болгонд бүгдэд нь эргэж ирсэн. Эмчилгээний зардал, гомдол хохирлыг 100 хувь барагдуулсан. Намайг аварсан ч юм билүү гэж боддог юм гэв.
Хохирогч П.Дв мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: ... Тэгэхээр нь би шургуулганаас унасан заазуурыг аваад аюул болж магадгүй гэж бодоод холдуулах санаатай аваад хажуу өрөөний хаалганы тийш шидээд та нар болиоч гээд очиж Адг татахад бид хоёр цугтаа газар унасан. Бид хоер хоорондоо маргалдаж босч ирээд хувцасны шүүгээний орчим байж байхад С араас татаж газар унагаасан. Тэгэхэд миний нуруугаар халуун оргиод байхаар нь гараараа тэмтэрч үзсэн тэгсэн миний гар цус болсон байсан тэгэхээр нь би та нар намайг хутгалчихаж байгаа юмуу гээд хажуу тийшээ хартал С хутга барьчихсан үзүүр цус болсон сандал дээр сууж байсан. Тэгээд Ад хүрч ирээд миний цамцыг сөхөж хараад хутгалсан байна шдээ, цус гарч байна гэж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 25-29 дүгээр хуудас/
Гэрч С.Сб мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: ... “...Бз цээж нүцгэлчихсэн гартаа гурилын илдүүр мод барьчихсан С, Ад хоёртой зууралдчихсан зогсож байхаар нь би очоод Бзийг салгаж аваад газарт шалан дээр дараад дээр нь суучихсан юм. Тэгтэл Дд гэдэг залуу нь гартаа заазуур барьчихсан манай найз Ад руу дайрчихсан “Хэнийг чинь хэрчих юм бэ” гэж орилоод байсан. Батзорийг би дараад газарт байж байхад Бз “Та намайг босгочих л доо манай найзыг зодоод байна шүү дээ” гэж хэлэхээр нь би Бзийг босгож буйдан дээр суулгасан. Ддыг бас буйдан дээр суулгасан тэгтэл Дд нь нуруугаа бариад өвдөж зовиурлаад байхаар нь хувцасыг нь сөхөөд харсан чинь нуруундаа нэг хутгалагдсан байсан. Дд, Ад хоёрыг зууралдаж байхад С хутгалчихсан нь тодорхой санагдаж байсан гэхдээ би яг хутгалж байхыг нь хараагүй, Бзийг дараад шалан дээр байж байсан юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 35-36 дугаар хуудас/
Гэрч Б.Ад мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: ... “...2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр Намайг Бзийн гэрт анх ороход Бз, Сл 2 юм яриад сууж байсан. Тэгээд бид нар нийт 6-лаа архи уусан. Тэгэж баигаад Бзийн нэг найз нь эхнэрийнх нь бие өвдөөд байна гээд харихаар явсан. Архи ууж байхдаа би буцахдаа машинаа бариулахаар Баатараа гэх найзаа дуудсан юм. Тэр ч удалгүй ирсэн. Сүүлдээ Бз, Сб хоорондоо муудалцаад ганц 2 үг сөргөөгөөд 2-3 удаа гэрээс орж гараад байсан. Тэгэхээр нь би Бзийг чи яагаад хүнтэй муудалцаад байгаа юм бэ болохгүй шдээ гэж хэлэхэд Бз намайг барьж аваад нүүр лүү 2 удаа мөргөсөн. Тэгэхээр нь би Бзийг хавираад орлуу нь суулгасан. Тэгсэн чинь Бз уурлаж босож ирээд хоолны шүүгээнээс гурилын ганжин барьж ирээд миний зүүн мөрний орчим 2 удаа цохьсон. Тэгэхэд Сл та 2 болиоч гээд салгахаар босож ирэхэд Слын араас Бзын найз гэх залуу буюу хохирогч заазуур барьж босож ирээд Бзоо хэнийг шаах юм одоо ална шүү гээд орилоод байхаар нь чи ямар их хүн заазуурддаг юм чаддаг юм бол намайг заазуурд гэсэн чинь заазуураар миний баруун гаруу сарвууруу цохихоор нь би барьж аваад тэр залууг хөмрөөд газар унагаад дээрээс нь дарсан чинь доороос заазуураар миний хоолойд тулгаад пизда минь алчихна шүү гээд байсан. Энэ үед Баатараа намайг араас татаж босгосон. Намайг боссоны дараа тэр залуугийн гарт байсан заазуур байхгүй болсон байсан. Тэгээд нөгөө нөхөр босоод орлуу явсан. Энэ үед Сл надад би наад залууг чинь хатгачихлаа гэж хэлсэн. Тэгээд тэр залууг орон дээр суухад Сб урд нь очоод та нар яагаад байгаа юм бэ ингэж болохгүй ш дээ гээд тэр залуутай яриад зогсоод байсан. Тэгсэн чинь тэр залуугийн сууж байсан орны арын хэсэг нь цус болоод эхэлсэн. Тэгээд Бз манай найзыг хутгалсан байна гээд тэр хавиар бөөн юм болоод байхаар нь наадахыг чинь эмнэлэг авч явахгүй бол болохгүй ээ гэхэд Бэтзориг яахын бэ би найзыгаа мэдэж байна гээд байхаар нь Баатараа бид 2 аптек явж шархны бинт, спирт, хөвөн өвчин намдаах эм тариа зэргийг аваад буцаж очсон. Замдаа би цагдаад ажилладаг найз Бат-Ирээдүйрүү залгаад болсон явдлын талаар хэлсэн чинь жижүүрлүү чи албан ёсоор дуудлага өг гэж хэлсэн. Тэгээд дуудлага өгөх гэсэн чинь Бз хэрэггүй зүгээр гээд байснаа гарч яваад өөрөө цагдаад дуудлага өгсөн байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 41-45 дугаар хуудас/
Гэрч Б.Бз мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ:... “...Байшин руу Сб ах бид хоёр орсон. Би зуухны хажууд сандал дээр суусан чинь Сб ах надад “чи муу ер нь яагаад байгаа пазаан бэ, пизда минь” гэж хэлэхээр нь би сандал дээрээс босч ирээд дээгүүрэх хувцасаа тайлж яагаад байгаа юм бэ Сб ахаа гэж хэлтэл Сб ах шууд миний хоолойг багалзуурдаж буйдан руу дарсан. Тэгтэл манай найз Дд намайг өмөөрөөд босч ирсэн. Дд бид 2 руу С, Сб ах хоёр дайрч манай гэр дотор бид нар зууралдаж ноцолдож эхэлсэн. Тэгтэл манай найз Дд нуруугаа барьчихаад амьсгаа нь давхцаад буйдангийн урд зогсоод байсан. Сгийн гарт манай гэрт байдаг хар иштэй, нарийн үзүүртэй хутга цус болчихсон байсан. Ддын фудволкыг сөхөөд би харсан чинь нуруундаа нэг удаа хутгалагдсан байсан. Би С ахад та яаж байгаа юм бэ манай найзыг хутгалчихсан байна шүү дээ гэж хэлтэл С ах муу хижиг минь суу чамайг ч гэсэн хутгалж ална шүү мэдүү чи гэж хэлээд зуухны хажуу талын сандал дээр суугаад гартаа барьж байсан цустай хутгаа сандал доороо тавьсан” гэх мэдүүлэг /хх-ийн 46-47 дугаар хуудас/
Гэрч О.Лб мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: ... “...Сб бид хоёр тамхи татаад зогсож байсан чинь байшин дотор зодоон болоод байсан. Тэгэхлээр нь Сб бид хоёр салгах гээд байшин руу орсон чинь Бз дээгүүрээ нүцгэн гартаа гурилын мод барьчихсан далайчихсан зогсож байсан. Тэгсэн чинь Сб Бзийг дарж унагаасан чинь Бзийн найз Дд гэдэг залуу гартаа заазуур бариад би хэнийг чинь шаах юм бэ гээд орилоод байсан. Тэгсэн чинь Ад чи намайг шаа гэж хэлсэн чинь Дд заазуураа Адгийн күртикнийх нь наанаас нь хоолойнд нь тулгасан би Ддыг болиоч гэж хэлсэн чинь Ад нөгөө Ддыг тохож шидээд доороо хийчихсэн. Би Ддын барьж байсан заазуурыг нь барьж аваад онгорхой шүүг рүү нөгөө заазуурыг нь шидчихсэн. Тэгсэн чинь Ад чи намайг яадаг хэн юм бэ гээд Ддын дээрээс хэд хэдэн удаа цохисон. Тэгэхлээр нь би одоо боль гэж хэлээд тэр хоёрыг хоёр тийш нь салгасан. Тэгээд С, Дд, Ад, Сб, Бз нар буйдангийн тэнд очоод дахиж хоорондоо маргалдаад байхаар нь би та нараа одоо боль гэж хэлээд нэг нэгээр нь салгасан. Ддыг салгаад тонгойлгосон чинь налчихсан байсан буйдан нь цус болчихсон байсан. Мөн өмсөж явсан цамц цус болчихсон байхаар нь би юу болсон юм бэ гэж асуугаад эмнэлэг явъя гэж хэлээд Ддын цамцыг нь дахиж сөхөж үзсэн чинь Ддын баруун талын нуруу хэсгээс нь цус гарч байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 49-50 дугаар хуудас/
2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн Шинжээчийн № 24 дугаартай дүгнэлтийн дүгнэлт хэсэгт: …
1.Б.Ддын биед хэвлийд нэвтэрсэн шарх, гялтанд шарх, хэвлийн хөндийн цус алдалт гэмтэл тогтоогдлоо.
2.Дээрх гэмтэл нь хурц ир үзүүртэй хүчин зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.
3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна
4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөх эсэх нь эмчилгээний эдгэрэлтээс хамаарна гэх дүгнэлт /хх-ийн 56 дугаар хуудас/
Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэн 2019 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн Шинжээчийн №02 дугаартай дүгнэлтийн дүгнэлт хэсэгт: …
1.Иргэн Б.Ддын бие махбодид учирсан гэмтэл 2x0,2 см хэмжээтэй босоо чиглэлтэй хурц ир үзүүртэй хүчин зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой цооролт байна.
2.Б.Ддын гэмтэл олох үеийн байрлалыг тогтоох боломжгүй.
3.Б.Дд, довтлогч хоёрын байрлалыг тогтоох боломжгүй.
2.Б.Ддыг хутгалж, дүрсэн багаж мэсний ир нь босоо чиглэлтэй байна.” гэх дүгнэлт /хх-ийн 66 дугаар хуудас/
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /ХХ-ийн 5-11 дүгээр хуудас/
Үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 12-16 дугаар хуудас/
Эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /ХХ-ийн 19 дүгээр хуудас/
Эд зүйлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 20-23 дугаар хуудас/
Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 30-32 дугаар хуудас/
Яаралтай тусламжийн үйлчилгээний хуудас /хх-ийн 57-58 дугаар хуудас/
Хохирогч Б.Ддын эмчлүүлэгчийн хэрэглэсэн эмийн хуудас, өвчний түүх /хх-ийн 96-114 дүгээр хуудас/
Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон баримтууд: Иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 82 дугаар хуудас/, Сэлэнгэ аймгийн Мандал сумын 9 дүгээр багийн Засаг даргын тодорхойлолт /ХХ-ийн 84 дүгээр хуудас/, хурууны хээний дардас /хх-ийн 86 дугаар хуудас/, ял шийтгэгдсэн эсэх талаарх ял шалгах хуудас /ХХ-н 87 дугаар хуудас/, шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 9293 дугаар хуудас/, Оюуны өмч, Улсын бүртгэлийн ерөнхий газрын эд хөрөнгөтэй эсэх лавлагаа /хх-ийн 94 дүгээр хуудас/ хохирогч Б.Ддын эмчлүүлсэн бүх зардлаа авсан, гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй тухай хүсэлт зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлд “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасныг баримтлан шүүгдэгчийн гэм буруутай эсэх асуудлыг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор дараах байдлаар хянан шийдвэрлэлээ.
Шүүгдэгч П.С нь Сэлэнгэ аймгийн Мандал сумын 2 дугаар баг, Улиастайн № 32 тоотод оршин суух иргэн Б.Бзийн байшинд 2019 оны 01 дүгээр сарын 11-ний өдрөөс 12-нд шилжих шөнийн 00 цаг 20 минутын орчим согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ иргэн Б.Ддын хэвлийн ар хэсэгт хутгалж эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:
Хохирогч П.Дв мөрдөн байцаалтанд мэдүүлсэн: ... Тэгэхээр нь би шургуулганаас унасан заазуурыг аваад аюул болж магадгүй гэж бодоод холдуулах санаатай аваад хажуу өрөөний хаалганы тийш шидээд та нар болиоч гээд очиж Адг татахад бид хоёр цугтаа газар унасан. Бид хоер хоорондоо маргалдаж босч ирээд хувцасны шүүгээний орчим байж байхад С араас татаж газар унагаасан. Тэгэхэд миний нуруугаар халуун оргиод байхаар нь гараараа тэмтэрч үзсэн тэгсэн миний гар цус болсон байсан тэгэхээр нь би та нар намайг хутгалчихаж байгаа юмуу гээд хажуу тийшээ хартал С хутга барьчихсан үзүүр цус болсон сандал дээр сууж байсан. Тэгээд Ад хүрч ирээд миний цамцыг сөхөж хараад хутгалсан байна шдээ, цус гарч байна гэж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 25-29 дүгээр хуудас/, Гэрч С.Сб мөрдөн байцаалтанд мэдүүлсэн:... “...Дд, Ад хоёрыг зууралдаж байхад С хутгалчихсан нь тодорхой санагдаж байсан гэхдээ би яг хутгалж байхыг нь хараагүй, Бзийг дараад шалан дээр байж байсан юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 35-36 дугаар хуудас/, Гэрч Б.Ад мөрдөн байцаалтанд мэдүүлсэн: ... “...Энэ үед Сл надад би наад залууг чинь хатгачихлаа гэж хэлсэн. Тэгсэн чинь тэр залуугийн сууж байсан орны арын хэсэг нь цус болоод эхэлсэн. Тэгээд Бз манай найзыг хутгалсан байна гээд тэр хавиар бөөн юм болоод байхаар нь наадахыг чинь эмнэлэг авч явахгүй бол болохгүй ээ гэхэд Бз яахын бэ би найзыгаа мэдэж байна гээд байхаар нь Баатараа бид 2 аптек явж шархны бинт, спирт, хөвөн өвчин намдаах эм тариа зэргийг аваад буцаж очсон....” гэх мэдүүлэг /хх-ийн 41-45 дугаар хуудас/, Гэрч Б.Бз мөрдөн байцаалтанд мэдүүлсэн: ... “...Дд бид 2 руу С, Сб ах хоёр дайрч манай гэр дотор бид нар зууралдаж ноцолдож эхэлсэн. Тэгтэл манай найз Дд нуруугаа барьчихаад амьсгаа нь давхцаад буйдангийн урд зогсоод байсан. Сгийн гарт манай гэрт байдаг хар иштэй, нарийн үзүүртэй хутга цус болчихсон байсан. Ддын фудволкыг сөхөөд би харсан чинь нуруундаа нэг удаа хутгалагдсан байсан. Би С ахад та яаж байгаа юм бэ манай найзыг хутгалчихсан байна шүү дээ гэж хэлтэл С ах муу хижиг минь суу чамайг ч гэсэн хутгалж ална шүү мэдүү чи гэж хэлээд зуухны хажуу талын сандал дээр суугаад гартаа барьж байсан цустай хутгаа сандал доороо тавьсан” гэх мэдүүлэг /хх-ийн 46-47 дугаар хуудас/, Гэрч О.Лб мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: ... “...Тэгээд С, Дд, Ад, Сүхбол, Бз нар буйдангийн тэнд очоод дахиж хоорондоо маргалдаад байхаар нь би та нараа одоо боль гэж хэлээд нэг нэгээр нь салгасан. Ддыг салгаад тонгойлгосон чинь налчихсан байсан буйдан нь цус болчихсон байсан. Мөн өмсөж явсан цамц цус болчихсон байхаар нь би юу болсон юм бэ гэж асуугаад эмнэлэг явъяа гэж хэлээд Ддын цамцыг нь дахиж сөхөж үзсэн чинь Ддын баруун талын нуруу хэсгээс нь цус гарч байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 49-50 дугаар хуудас/, 2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн Шинжээчийн №24 дугаартай дүгнэлтийн дүгнэлт хэсэгт: …
1.Б.Ддын биед хэвлийд нэвтэрсэн шарх, гялтанд шарх, хэвлийн хөндийн цус алдалт гэмтэл тогтоогдлоо.
2.Дээрх гэмтэл нь хурц ир үзүүртэй хүчин зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.
3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна
4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөх эсэх нь эмчилгээний эдгэрэлтээс хамаарна гэх дүгнэлт /хх-ийн 56 дугаар хуудас/,
Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэн 2019 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн Шинжээчийн № 02 дугаартай дүгнэлтийн дүгнэлт хэсэгт: …
1.Иргэн Б.Ддын бие махбодид учирсан гэмтэл 2x0,2 см хэмжээтэй босоо чиглэлтэй хурц ир үзүүртэй хүчин зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой цооролт байна.
2.Б.Ддын гэмтэл олох үеийн байрлалыг тогтоох боломжгүй.
3.Б.Дд, довтлогч хоёрын байрлалыг тогтоох боломжгүй.
2.Б.Ддыг хутгалж, дүрсэн багаж мэсний ир нь босоо чиглэлтэй байна.” гэх дүгнэлт /хх-ийн 66 дугаар хуудас/, Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /ХХ-ийн 5-11 дүгээр хуудас/, Үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 12-16 дугаар хуудас/, Эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /ХХ-ийн 19 дүгээр хуудас/, Эд зүйлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 20-23 дугаар хуудас/, Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 30-32 дугаар хуудас/, Яаралтай тусламжийн үйлчилгээний хуудас /хх-ийн 57-58 дугаар хуудас/, Хохирогч Б.Ддын эмчлүүлэгчийн хэрэглэсэн эмийн хуудас, өвчний түүх /хх-ийн 96-114 дүгээр хуудас/ болон тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудаар нотлогдож байна гэж шүүх дүгнэв.
Шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримт болох шүүгдэгчийг яллагдагчаар мөн хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хуулийн шаардлага хангасан, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих мэдлэг, дадлага туршлагатай, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч гаргасан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.
Прокуророос шүүгдэгч П.Сг хохирогч Б.Ддын эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг зэвсэг хэрэглэж үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь тохирсон байна гэж үзлээ.
Иймд шүүхээс шүүгдэгч П.Сг Сэлэнгэ аймгийн Мандал сумын 2 дугаар баг, Улиастайн № 32 тоотод 2019 оны 01 дүгээр сарын 11-ний өдрөөс 12-нд шилжих шөнийн 00 цаг 20 минутын орчим согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ иргэн Б.Ддын баруун талын нурууны хэвлийн ар хэсэгт хутгалж, түүний биед хутга 10 см гүн хэвлийд нэвтэрсэн шарх, гялтанд шарх, хэвлийн хөндийн цус алдалт гэмтэл бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзэв.
Дээрх гэмт хэрэг гарахад шүүгдэгч П.С, хохирогч Б.Дд болон нэр бүхий гэрч нар архидан согтуурч хоорондоо маргалдан нийгэмд тогтсон ёс суртахууны хэм хэмжээг зөрчиж, зүй бус авир гаргаж, хоорондын үл ойлголцол, зан харьцааны зөрчил зэрэг шалтгаан нөхцөлүүд нөлөөлсөн гэж үзэхээр байна.
Шүүхээс шүүгдэгч П.Сд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хохирогчид эмчилгээний зардалд 3,0 сая төгрөгийг төлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа, шүүгдэгчийн хувийн байдал болон хохирогч Б.Ддын нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг журамлан хэрэглэх боломжтой гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Шүүгдэгч П.Сг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг зэвсэг хэрэглэж үйлдсэн гэм буруутай болохыг тогтоож шийдвэрлэсэн тул гэм буруугийн зарчим, шударга ёсны зарчимд нийцүүлэн, улсын яллагч, шүүгдэгчийн өмгөөлөгч нараас гаргасан эрүүгийн хариуцлагын талаарх санал дүгнэлт зэргийг тус тус харгалзан, П.Сд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан ялын доод хэмжээний гуравны хоёроос багагүй хорих ял оногдуулж, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар энэн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн нийт урт нь 32.3 см, 20 см ажлын хэсэгтэй 3 ширхэг хадаастай хар өнгийн бариултай нэг ширхэг хутга, Адидас /adidas/ бичигтэй фудволк нэг ширхэг, 30*30 хэмжээтэй шар өнгийн цус мэт зүйлээр бохирлогдсон аяганы алчуур нэг ширхэг, 60*30 хэмжээтэй цагаан цэнхэр өнгийн цус мэт зүйлээр бохирлогдсон алчуур нэг ширхэг зэргийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц зохих журмын дагуу устгуулахаар “Эд мөрийн баримт устгах комисс”-т шилжүүлэн устгуулж зохих баримт үйлдэн хэрэгт хавсаргахыг Ерөнхий шүүгчийн туслах Д.Батсайханд даалгах нь зүйтэй байна.
Мөн шүүгдэгч П.Сд 2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр тогтоосон хилийн хориг тогтоох тухай таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгох, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг CD-г хавтаст хэрэгт хадгалах, П.С нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг мөн хохирогч Б.Дд нь “гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэснийг тус тус дурьдаад
Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.4,Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1 дүгээр зүйлийн 1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Боржигон овогт Пүрэвдоржийн Сг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д заасан зэвсэг хэрэглэж хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар П.Сг 03 /гурав/ жил 05 /тав/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.Сд оногдуулсан 03 жил 05 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлсүгэй.
4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг CD-г хавтаст хэрэгт хадгалах, П.С нь цагдан хоригдсон хоноггүй, битүүмжилсэн хөрөнггөгүй, бусдад төлөх төлбөргүйг тус тус дурьдсугай.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн нийт урт нь 32.3 см, 20 см ажлын хэсэгтэй 3 ширхэг хадаастай хар өнгийн бариултай нэг ширхэг хутга, Адидас /adidas/ бичигтэй фудволк нэг ширхэг, 30*30 хэмжээтэй шар өнгийн цус мэт зүйлээр бохирлогдсон аяганы алчуур нэг ширхэг, 60*30 хэмжээтэй цагаан цэнхэр өнгийн цус мэт зүйлээр бохирлогдсон алчуур нэг ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж зохих баримт үйлдэж хэрэгт хавсаргахыг Ерөнхий шүүгчийн туслах Д.Батсайханд даалгасугай.
6. Хохирогч нь энэ гэмт хэргийн улмаас учирсан гэмтлээ цаашид зайлшгүй эмчлүүлэхэд гарах болон гарсан зардал, хор уршгийг арилгуулахаар тухай бүрт нь нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдсугай.
7. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол П.Сд өмнө авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, П.Сгийн эдлэх ялыг 2019 оны 04 дүгээр сарын 05-ны өдрөөс эхлэн тоолсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар П.Сд “Монгол улсын хилээр гарахыг хязгаарлах” хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авсан шүүгчийн захирамжийг тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.
9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүхийн шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.
10. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэй.
Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч П.Сд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.АЛТАНЦЭЦЭГ