Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 05 сарын 27 өдөр

Дугаар 00089

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Ерөнхий шүүгч Б.Алтанцэцэг даргалж, явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар:

 

Нарийн бичгийн дарга                                С.Төртулах

Улсын яллагч                                              Э.Гантулга

Шүүгдэгчийн өмгөөлөгч                              Ч.Мөнгөнцэцэг

           Шүүгдэгч                                                     Р.Ос нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийв.

 

  Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх Э.Гантулгаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дах хэсгийн 2.1, 2.4 дэх хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Рагчаагийн Осэд холбогдох 1832002120147 тоот эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

 

      Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, яс үндэс халх, 1983 он Сэлэнгэ аймгийн Мандал суманд төрсөн, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, ам бүл 2, ээжийн хамт амьдрах, * тоотод оршин суух, эрхэлсэн тодорхой ажилгүй, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай.

Боржигон овогтой Рагчаагийн Ос. /РД: */

 

Тодорхойлох нь:

 

            Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэнд дурьдсанаар:

            Шүүгдэгч Р.Ос нь 2018 оны 10 дугаар сарын 30-наас 31-нд шилжих шөнө Сэлэнгэ аймгийн Мандал сумын 1 дүгээр баг Баруун өлөнтийн 38 тоот хашаанд байсан Тоеота королла маркийн “05-35” СЭА улсын дугаартай тээврийн хэрэгслийн арын салхины шилийг “учрах саадыг арилгах зорилгоор зэвсэг” буюу сүхээр цохиж хагалан, тусгайлан хамгаалсан байр болох машин дотор байсан 0.33 литрийн хэмжээтэй “Хараа" нэртэй архи 1 ширхэг, Самсунг Эс-6 маркийн гар утас зэргийг хулгайлсан гэмт хэрэгт холбогджээ.

 

 Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 Шүүгдэгч Р.Ос шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: ... 2018 оны 10 дугаар 31-ний шилжих шөнө найзуудын хамт Мөөгий ахынд архи уугаад шөнийн 02-03 цагийн үед Чз гэдэг залуу орж ирсэн. Гч, Отгонбаатар хоёрын машиныг  бариад ирлээ гэсэн. Тэгэхээр нь би архи байгаа юм уу гэхэд архи байхгүй машинд нь ганц шил юм байсан гэсэн. Тэгэхэээр нь гэрт очтол хүүхэд нь гэрээ дотроосоо түгжсэн аав, ээж байхгүй гэсэн. Тэгээд би гэрлүүгээ явах гэж байгаад машиныхан хажуугаар өнгөрөхдөө машины цонхоор нь хартал нэг шил архи харагдахаар нь сүхээр цонхын хагалсан. Тэгээд архийн аваад тортой юм байхаар нь татдал доороос нь утас гарч ирэхээр нь утсын авчихсан. Тэгээд гэртээ очоод утсын хөргөгчин дээрээ тавиад орхисон. Өглөө нь яасан ийснээ санахгүй байсан   гэх мэдүүлэг болон талуудын шинжлэн судалсан нотлох баримт болох

     Хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.Гч мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ:…...“...Чинбаяр машины ард нэг шил архи байгаа биздээ гэхээр нь манай нөхөр өө оруулаад ир гээд Чинбаяр бид хоёр гарсан чинь машины баруун хойд талын хаалганы жижиг цонх хагарсан байсан. Дотроос нь арын суудал дээр байсан Самсунг Эс-6 маркийн шинэ гар утас 1 ширхэг, хэмжээг нь мэдэхгуй 1 шил хараа архи байхгүй байсан... Одоо Р.Ос миний хохирлыг бүрэн барагдуулсан надад нэхэмжлэх зүйл гомдол санал байхгүй гэх мэдүүлэг /ХХ-ийн 22-25 дугаар хуудас/

Насанд хүрээгүй гэрч О.Анар-Эрдэнэ мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ:…...“...2018 оны 1 сарын 30-ны өдрийн орой 22 цаг өнгөрч байхад аав Отгонбаатар, ээж Гч нармын хамт машинтай гэртээ ирсэн. Аав ээж 2-г хүргэж өгсөн Чз ах яваад өгсөн. Тэгээд ээж унтаад өгсөн аав нилээн согтуу унтаагүй байсан тэгсэн байшингийн цонхыг Ос ах тогшоод аав чинь байна уу ах нь яг шартаж үхлээ, архи байгаа гэсэн аавыгаа дуудчих гээд байсан. Тухайн үед нилээн согтуу байсан болохоор хэлээгүй тэгээд миний нойр хүрээд байсан болохоор унтаад өгсөн. Тэгээд өглөө буюу 2018 оны 10 сарын 31-ний өглөө 08 цагийн үед аав ээж 2 машины цонх хагалаад дотроос нь архи, гар утас авсан байсан мэдүүлэг /ХХ-ийн 27 дугаар хавтас/

Гэрч У.БЭ мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ:…... 2018 оны 10 сарын 30-31-нд шилжих шөнө 00 цагийн орчимд байхаа Р.Ос манай гэрт орж ирсэн тэгээд У.БЭ ахаа тамхи байна гэхээр нь би нэг тамхи гаргаж өгтөл нэг шил Хараа нэртэй 0.33 литрийн архи гаргаж ирсэн тэгээд тэрийг бид 2 хувааж уусан тэгээд нилээн согтоод байхаар нь би чи манайд хоноод явах юм уу гэсэн чинь үгүй харьж амарна гээд яваад өгсөн. Р.Ос нилээн согтуу ганцаараа ирсэн, тэгээд бид 2 нэг шил Хараа нэртэй 0.33 литрийн архийг хувааж уусан. Би хаанаас яаж авсныг нь асуугаагүй ээ надад өөр зүйл үзүүлээгүй, манайд их удаагүй би угаасаа ганцаараа байж байсан тэгээд Р.Ос гэрлүүгээ явсан гэх мэдүүлэг /ХХ-ийн 28 дугаар хуудас/

           Гэрч Н.Чз мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ:…... Маргааш өглөө нь буюу 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн өглөө 08 цагийн үед би Гчийн гэрт очоод түлхүүрийг чинь хүүхдэд чинь өгсөн байгаа биздээ гэсэн чинь Гч хүүхдээсээ түлхүүрээ аваад өмнөх орой дэлгүүрээс авсан архи, талх, 00-н цаас зэрэг зүйлсээ авна гээд надтай цуг гарсан. Тэгсэн машиных нь баруун талын хойд хаалгыг хөшөөд ижиг цонхыг нь хагалсан байсан ба Гч үзээд утас архи алга болсон байна гэсэн. Гэртээ ороод алга болсон зүйлийн талаар ярьж байтал Б.Гчийн хүүхэд нь өчигдөр орой Р.Ос ах ирээд цонх нүдээд байсан гэж ярьсан. Тэгэхээр нь Отгонбаатар, Гч нарын хамт Осийн гэрт очоод асуутал эхлээд аваагүй гээд гүрийгээд байсан би ч тэгээд удаагүй яваад өгсөн...” гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 29-30 дугаар хуудас/

            Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт. /хавтаст хэргийн 4-8 дугаар хуудас/

            Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт. /хавтаст хэргийн 11-13 дугаар хуудас/

            Мэдүүлэгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт. /хавтаст хэргийн 14-17 дугаар хуудас/

         Сэлэнгэ аймгийн Мандал сумын Засаг даргын тамгын газрын эд зүйлийн үнэлгээний комиссын 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн Үнэлгээ тогтоосон акт /Хх-ийн 38 дугаар хуудас/

         * ХХК-ний 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн Үнэлгээний дүгнэлт дугаар: 745 дугаартай үнэлгээ тогтоосон тухай акт, гэрэл зургийн үзүүлэлт /ХХ-ийн 40-41 дүгээр хуудас/

           Шүүгдэгч Р.Осийн хэргээ хүлээж мэдүүлсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 31-32, 48-49 дүгээр хуудас/ болон хувийн байдал тогтоосон баримтууд болох иргэний үнэмлэхний лавлагаа /ХХ-ийн 51 дүгээр хуудас/, багийн засаг даргын тодорхойлолт /ХХ-ийн 50 дугаар хуудас/, хурууны хээний дардас /ХХ-ийг 52 дугаар хуудас/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /ХХ-ийн 54 дүгээр/ зэрэг нотлох баримтууд болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Р.Осийг 2018 оны 10 дугаар сарын 30-наас 31-нд шилжих шөнө Сэлэнгэ аймгийн Мандал сумын 1 дүгээр баг Баруун өлөнтийн 38 тоот хашаанд байсан Тоёота королла маркийн “05-35” СЭА улсын дугаартай тээврийн хэрэгслийн арын салхины шилийг “учрах саадыг арилгах зорилгоор зэвсэг” буюу сүхээр цохиж хагалан, тусгайлан хамгаалсан байх болох машин дотор байсан 0.33 литрийн хэмжээтэй “Хараа" нэртэй архи 1 ширхэг, Самсунг Эс-6 маркийн гар утас зэргийг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэж Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх Э.Гантулгаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дах хэсгийн 2.1, 2.4 дэх хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэн шүүхэд ирүүлжээ.

Прокуророос шүүгдэгч Р.Осийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дах хэсгийн 2.1-т зааснаар “Хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч”, 17.1 дүгээр зүйлийн 2.4-т зааснаар “Учрах саадрыг арилгах зорилгоор зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж” бусдын эд хөрөнгийг нууц, далд аргаар, шунахай сэдэлтээр хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ба улсын яллагчаас шүүгдэгчийг авто машины кабинаас эд зүйл авсан үйлдлийг УДШ-ийн 2006 оны 28 дугаар тогтоолын тайлбараар агуулах сав гэсэн ойлголтонд хамаарч байх  тул  агуулах саванд нэвтэрсэн гэж яллаж байгааг шүүх хүлээн  авах үндэслэлгүй гэж үзэж Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1 дэх хэсэг, тээврийн хэрэгсэл гэж “хүн ачаа, суурилагдсан тоног төхөөрөмжийг замаар тээвэрлэхэд зориулсан хэрэгсэлийг гэж тодорхойлсон хуулийн нэр томьёоны тодорхойлолтонд хамаарагдаж байгаа, 2015 оны эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт заасан “Хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр тусгайлан хамгаалсан байр, агуулахад “ гэж нэрлэн заасан обьектод тээврийн хэрэгсэл хамаарахгүй гэж үзэж байна. Шүүгдэгч Р.Осэд холбогдох хэргийн нэвтэрч үйлдсэн гэх хүндүүлэх бүрэлдэхүүнийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.   

Шүүгдэгч Р.Осийг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар “Учрах саадрыг арилгах зорилгоор зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж” гэмт хэрэг үйлдсэн гэж яллаж байгаа яллагчийн саналыг хүлээн авч.  

 

 

 

Шүүгдэгч Р.Осийг 2018 оны 10 дугаар сарын 30-наас 31-нд шилжих шөнө Сэлэнгэ аймгийн Мандал сумын 1 дүгээр баг Баруун өлөнтийн 38 тоот хашаанд байсан Тоёота королла маркийн “05-35” СЭА улсын дугаартай тээврийн хэрэгслийн арын салхины шилийг “учрах саадыг арилгах зорилгоор зэвсэг” буюу сүхээр хөшиж цонхны шилийг  хагалан, машин дотор байсан 0.33 литрийн хэмжээтэй “Хараа" нэртэй архи 1 ширхэг,Самсунг Эс-6 маркийн гар утас зэргийг хулгайлсан авч 246500 төгрөгний хохирол цчруулсан  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах  нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгчийн гэм бурууг нотолсон хохирогч, гэрч нарын мэдүүлэг нь хуульд заасан үндэслэл журмыг хангасан, тэднийг байцаахдаа хууль зөрчөөгүй, хуульд заасан эрх, үүргийг нь тайлбарлан өгсөн, мөн шинжээчийн дүгнэлт нь хууль ёсны, үндэслэл бүхий эргэлзээгүй байна гэж үзэн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой нотлох баримтууд гэж үнэлсэн болно.

  Иймд шүүгдэгч Р.Осийг эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцон ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан, эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн, ялыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал, хохирогч, иргэний нэхэмжлэгч нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй болох мөн өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогч нь гар утсаа буцаан авч хохирол арилсан, төлөх хохирол төлбөргүй, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан хуульд заасан хорих ялыг хөнгөрүүлж оногдуулах, мөн оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй байна гэж үзлээ.

 Мөн шүүгдэгч Р.Осийн үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүнд гэмт хэргийн ангилалд хамаарч байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх боломжгүй байна.

 Хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.Гч нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурьдах  зүйтэй байна.

Шүүгдэгч Р.Ос хохирлыг нөхөн төлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т зааснаар ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Р.Осийг энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон 01 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож, эдлэх ялыг 2019 оны 05 дугаар сарын 27-ны өдрөөс эхлэн тоолох нь зүйтэй байна.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан СД-г хавтаст хэрэгт хадгалах, 47 см урттай 1 ширхэг сүхийг хохирогч Б.Гчт буцаан олгох, хохирогч, иргэний нэхэмжлэгч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй  болохыг тус тус дурьдаад шүүх хуралдаанаас

 

Монгол улсын Шүүхийн  тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.4 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг,36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг,  36.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.7 дугаар зүйлийн 1  дэх хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

           

   1. Шүүгдэгч Боржигон овогт Рагчаагийн Осийг Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх Э.Гантулгаас эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дах хэсгийн 2.1-т зааснаар  хулгайлах гэмт хэргийг “Хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч” үйлдсэн хэргийн зүйлчлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

  2.Шүүгдэгч Р.Осийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар хулгайлах гэмт хэргийг учрах саадыг арилгах зорилгоор зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

  3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д зааснаар Р.Осийг 01 /нэг/ жил 01 /нэг/ хоногийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

  4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасныг баримтлан Р.Осэд оногдуулсан 01 /нэг/ жил 01 /нэг/ хоногийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Р.Осийг энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон 01 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.

  6.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан СД-г хавтаст хэрэгт хадгалах, 47 см урттай 1 шихэрг сүхийг хохирогч Б.Гчт  буцаан олгох, хохирогч, иргэний нэхэмжлэгч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй болохыг тус тус дурьдсугай.

7.Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Р.Осэд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс эхлэн өөрчилж цагдан хорьж, эдлэх ялыг 2019 оны 05 дугаар сарын 27-ны өдрөөс эхлэн тоолсугай.

  8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүхийн шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.

  9.Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч,  хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуульд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах давж заалдах гомдлоо шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг  дурьдсугай.

           10.Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Р.Осэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                        Б.АЛТАНЦЭЦЭГ