| Шүүх | Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Төмөрийн Балжинням |
| Хэргийн индекс | 140/2016/00347/И |
| Дугаар | 347 |
| Огноо | 2016-09-15 |
| Маргааны төрөл | Нийгмийн даатгалын шимтгэлийн маргаан, |
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2016 оны 09 сарын 15 өдөр
Дугаар 347
Зохигчид эвлэрэн хэлэлцсэнийг
батлах тухай
Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Балжинням би Завхан аймгийн ******* нэхэмжлэлтэй ******* ХХК-д холбогдох нийгмийн даатгалын шимтгэлийн өр 8742.9 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хүлээн авч хянаад ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Завхан аймгийн ******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Монгол Улсын Нийгмийн даатгалын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1, 16.3, 17 дугаар зүйлийн 17.1.1 дэх хэсгүүдийг зөрчиж ******* ХХК нь 2016 оны 06 дугаар сарын 01-ний өдрийн байдлаар нийгмийн даатгалын шимтгэлийн 5828.6 мянган төгрөг, түүнд ногдох алданги 2914.3 мянган төгрөг, нийт 8742.9 мянган төгрөгийн өртэй байна. Уг төлбөрийг барагдуулах талаар манай байгууллага болон хариуцсан байцаагч шаардан гэрээ хэлцэл хийж, албан мэдэгдэл өгч байсан боловч тухайн компани нь уг мөнгийг төлөхгүй ихээхэн хэмжээний өр үүсгэж даатгуулагчдын тэтгэвэр тэтгэмжийг цаг хугацаанд нь олгохыг саатуулж даатгалын байгууллагын жигд үйл ажиллагааг алдагдуулж байна.
Иймд ******* ХХК-иас нийгмийн даатгалын шимтгэлийн өр 8742.9 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч ******* ХХК-ны захирал С.******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Манай компани нь 1971 онд МБК-ийн харьяа ******* хот дахь цех нэртэйгээр байгуулагдан улмаар 1993 онд хувьчлагдан ******* сумын ******* багийн нутагт мод боловсруулах үйлдвэрлэл, худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Манай компанид нийгмийн даатгалын шимтгэлийн өр төлбөр үүссэн доорхи шалтгаан байсан:
- 2014 оны сүүлч 2015 онд албан байгууллага, иргэдийн захиалга багассан, хамтран ажилладаг барилгын компаниуд энэ онуудад улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэх ажлууд нь зогссон санхүүжилт нь орж ирээгүй тул компаний орлого зогссон.
- Монгол улсад болж байгаа санхүүгийн хямрал нь орон нутагт ажиллаж байгаа жижиг үйлдвэр, аж ахуй газруудад маш хүндээр туссан, миний бие нь ажил олгогчийн хувьд хамт олонтойгоо хамтран шийдвэр гаргаж тогтмол ажлын байрыг хадгалах боломжгүй болж 2015 оны 9 сарын 30-наар компаний тогтмол цалинтай ажилчидаа цомхотгосон юм.
- Миний ээж энэ компанид 40 гаруй жил нягтлан бодогч хийсэн Ц.******* маань 2015 оны 9 сараас хойш элэгний хорт хавдар, хөхний хорт хавдараар өвдсөн учраас миний бие жаахан олсон орлогоо ээжийнхээ эмчилгээнд зориулж байсан тул НДШ ногдуулсан төлбөрийг төлөх боломжгүй байсан юм.
Иймд бидний энэ нөхцөл байдлыг ойлгон хүлээн авч нийгмийн даатгалын шимтгэлийн үлдэгдэл 5828.6 мянган төгрөгийн үлдэгдэлтэй төлбөрт алданги тооцохгүй байхыг хүсэж байгаа хүсэлтийг хүлээн авч бидний ажилд туслана уу гэжээ.
Зохигчдын хооронд байгуулсан эвлэрлийн гэрээнд: Завхан аймгийн ******* нь ******* ХХК-иас нийгмийн даатгалын шимтгэлийн дутуу төлөлт болох 5828.6 мянган төгрөг, түүнд алданги 2914.3 мянган төгрөгийг нэхэмжилсэн.
******* ХХК-ний нийгмийн даатгалын шимтгэлийн дутуу төлөлтийн талаар *******тэй харилцан тохиролцож, 2013-2014 оны дутуу төлөлт 2586.6 мянган төгрөг, алданги 1293.3 мянган төгрөг, 2015 оны дутуу төлөлт 3241.9 мянган төгрөг, нийт 7121.9 мянган төгрөгийг 2016 оны 10, 11, 12 саруудад хуваан төлөхөөр харилцан тохиролцов гэжээ.
Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Завхан аймгийн ******* нь ******* ХХК-иас нийгмийн даатгалын шимтгэлийн өр 8742.9 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид эвлэрч нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг 7121.9 мянган төгрөгөөр тогтон эвлэрлийн гэрээ байгуулсан болох нь талуудын хооронд байгуулагдсан эвлэрлийн гэрээгээр тогтоогдож байна.
Талуудын хооронд байгуулсан эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа учир улсын тэмдэгтийн хураамжийг хариуцагч байгууллагаас гаргуулахдаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэлийн үнийн дүнд тохирох хураамжийн тал хувиар гаргуулах үндэстэй гэж үзээд
МОНГОЛ УЛСЫН ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН 123 ДУГААР ЗҮЙЛИЙН 123.1, 74, 75 ДУГААР ЗҮЙЛД ЗААСНЫГ УДИРДЛАГА БОЛГОН ЗАХИРАМЖЛАХ НЬ:
1. Нэхэмжлэгч Завхан аймгийн *******, хариуцагч ******* ХХК нар нь нэхэмжлэлийн шаардлагынталаар тохиролцож 7.121.907 төгрөгийг 2016 оны 10-р сард 2.000.000 төгрөг, мөн 11-р сард 2.000.000 төгрөг, 12-р сард 3.121.907 төгрөгийг төлөхөөр эвлэрэн хэлэлцснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Монгол Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60-р зүйлийн 60.1, 56-р зүйлийн 56.1, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсгүүдэд зааснаар хариуцагч байгууллагаас улсын тэмдэгтийн хураамжид 64450 төгрөг гаргуулж улсын орлого болгосугай.
3. Захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийг мэдэгдсүгэй.
4. Зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Т.БАЛЖИННЯМ