| Шүүх | Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Бямбын Алтанцэцэг |
| Хэргийн индекс | 149/2019/00053/Э |
| Дугаар | 00052 |
| Огноо | 2019-04-04 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., |
| Улсын яллагч | Н.Дүүрэнжаргал |
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 04 сарын 04 өдөр
Дугаар 00052
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Ерөнхий шүүгч Б.Алтанцэцэг даргалж явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар:
Нарийн бичгийн дарга С.Төртулах
Улсын яллагч Н.Дүүрэнжаргал
Шүүгдэгч нарын өмгөөлөгч А.Хандмаа
Шүүгдэгч Т.А, Д.Ж нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийв.
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын зөвлөх Н.Дүүрэнжаргалаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн Т.А, Д.Ж нарт холбогдох 1803009130030 тоот эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1992 оны 07 дугаар сарын 10-ны өдөр Дорноговь аймгийн Шивээ-Овоо суманд төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, *тоотод оршин суух хаягтай, 1 удаагийн ял шийтгэлтэй, улсаас авсан гавъяа шагналгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Бөө ургийн овогт Төмөрхуягийн А. /РД:*/
Монгол Улсын иргэн, 1991 оны 03 дугаар сарын 06-ны өдөр Орхон аймагт төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодэрхой ажилгүй, * тоотод оршин суух хаягтай, 1 удаагийн ял шийтгэлтэй, улсаас авсан гавъяа шагналгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Сартуул ургийн овогт Дүгэрсүрэнгийн Ж. /РД:*/
Прокуророос үйлдэж ирүүлсэн яллах дүгнэлтээр:
Шүүгдэгч Т.А, Д.Ж нар нь бүлэглэн Сэлэнгэ аймгийн Мандал сумын 3 дугаар баг, Улаанбаатар төмөр замын Бэрх 221 дүгээр зөрлөгийн төмөр замын хориг хашаанд байх точикийн байранд оршин суух иргэн О.Дхийн гэрт 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдөр нэвтрэн орж пүүз 3 ширхэг, савхин куртик 1 ширхэг, хромон гутал 1 ширхэг, хар эрэгтэй ботинк зэрэг эд зүйлийг хулгайлан авч иргэнд 767500 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Т.А мэдүүлэхдээ: ... Төмөрхүүгийн А би 2018 оны 10 дугаар сарын эхээр билүү дундуур байх. Дхийн гэр лүү би ганцаараа орж гутал хувцасыг нь аваад савхийг нь өмсөөд шуудайнд хийж авсан. Гутлынх нь тавиур дээр нь пүүз, ботинк, хром нь тавиурын хажууд байсан. Гурван пүүз нэг ботинк, нэг савхин хүрэм авсан гэх мэдүүлэг
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Ж мэдүүлэхдээ: ... 2018 оны 10 дугаар сарын хэдэн билээ. Тэр үед надад тийшээ хулгай хийсэн гээд байгаа газар луу орж гуталнаас нь авсан юм нэг ширхэг ч байхгүй шүү дээ. Анхны байцаалтанд надаас аваагүй шүү дээ. Агийн ярьсантай адилхан биздээ гээд надаас хоёр гуравхан асуусанаа тэгээд болчихсон. Би тэр үед хулгай хийсэнийг нь ч гэж мэдээгүй байсан. Би Мандал суманд энд ирж байж мэдсэн юм гэх мэдүүлэг
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч О.Дх мэдүүлэхдээ: ... Би 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдөр ээлжийн амралтаа аваад явсан байсан. Тэгээд явахдаа Аз гэдэг эмэгтэй тог байхгүй гээд хөргөгчөө манайд надаас бүр өмнө гуйж тавьсан юм. Тэр охин орж махаа авдаг. Хаана түлхүүр байдагийг мэддэг байсан. Тэрнээс гэвэл энэ хэдийг ороод мах шөл хий гэж юу ч хэлээгүй. Батсайхан гэдэг хүнд ч түлхүүр байгаа мах шөлөө хий гэж хэлээгүй. Тэр хүнд амрах гэж байхад миний гутлыг хэн нэгэн нь өмсчихсөн байсан. Тэр Батсайхан гэдэг хүнд энэ орж гараад байх нь яахав. Юм хум алдчихваа гэж хэлхэд ах нь найдвартай гээд цаадуулдаа хүний хувцас байгаа шүү авад явчихав гэж хэлж байсан. Тэгээд миний гурван пүүз, нэг богино зуны хар ботинк, урт хар хром, хар савхин хүрэм алдсан. Нэг пүүз нь бүр хойд орон доор шинээрээ байсан юм гэх мэдүүлэг болон талуудын шинжлэн судалсан нотлох баримт болох
Хохирогч О.Дх мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ:.. “…2018 оны 10 сарын 24-ний өдөр Лхагва гарагт хувцасаа солих гээд гэртээ ирээд гэрийн түлхүүрээ Ариукагаас утсаар асуухад “Би танай гэрээс хөргөгчөө авсан, түлхүүрийг чинь зөрлөгийн дарга Энхтүвшинд өгсөн байгаа гэхээр нь зөрлөгийн даргаас түлхүүрээ аваад гэртээ ороод хувцасаа солих гэтэл миний 3 пүүз, 1 ширхэг, урт түрүүтэй хар хромон гутал, хар өнгийн богино түрийтэй гутал 1 ширхэг, хар өнгийн богино савхин хүрэм 1 ширхэг зэрэг эд зүйлүүд байхгүй байсан. Тэгээд би манай зөрлөг дээр холбооны төхөөрөмж суурилуулах суурь цутгалын ажил хийж байгаа хүмүүсийн ахлах ажилтан Дн гэх хүн дээр очоод манай гэрт байсан миний эд зүйлийг хулгайлсан байна та нар авсан уу гэхэд манай хоёр ажилтан ажлаа хаяад яваад өгсөн байна тэр хоёр авсан байж магадгүй байхаа, би утас руу нь залгаад холбогдохгүй байна гэж хэлсэн. Тэгэхээр нь та тэр хоёр хүнээс миний эд зүйлийг аваад өгчихвөл би Цагдаа энэ тэр гэхгүй асуудлаа шийдчихье гэж хэлсэн. Дн гэх хүн рүү утасдаж юу болсон талаар нь асуухад тэр хоёр хүн утас нь холбогдохгүй байна. Улаанбаатар явсан байна гэхээр нь цагдаагийн байгууллагад ирж өргөдөл өгсөн ..” гэх мэдүүлэг/хх-ийн 16-19 дүгээр хуудас/
Гэрч А.Аз мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: … “...Би махаа авах гээд Дхийн гэрт ороод хөргөгчөө онгойлгоход манай махнаас өөр мах байхаар нь гайхаад Дх рүү залгаж асуухад би ээлжийн амралтаа авчихсан байгаа болохоор мэдэхгүй байна гэсэн. Тэгэхээр нь зөрлөгийн жижүүр Отгонжаргалаас асуухад манайд суурь цутгалын ажил хийж байгаа хүмүүс махаа хийж байсан байж магадгүй гэж байсан. Тэгээд би суурь цутгалт хийж байгаа хүмүүсийн арай ахмад настай хүнд нь та нар Дхийн гэрт байгаа хөргөгчинд махаа хийсэн юм уу гэж асуухад тийм бид нар махаа хийсэн гэхээр нь гэрт нь хүний юм байгаа юм шүү алга болох вий гээд түлхүүрээ өгөөд нууж тавьдаг газрыг нь зааж өгөөд явуулсан. ...Агийн 86510002 дугаарын утас руу залгахад холбогдохгүй байсан. Тэгээд дахиад 2018 оны 10 сарын 26-ны өдөр залгахад утсаа аваад би ах нь байна чи хэн бэ гэхээр нь би Жонхоо /А/ мөн үү та нар яагаад хүний гутал хувцас хулгайлаад аваад явчихдаг юм бэ гэхэд би А бишээ ах нь байна тэд нар юу гэж хүний шивэртэй гутал хулгайлдаг юм одоо болтол А гэртээ ирээгүй байна. Дүү нарыг минь олж авчирч ирэхгүй бол та нарыг ална шүү гэж хэлээд утсаа тасалсан... тэгээд дахиад залгахад холбогдохгүй байсан. .. тухай хэргийг үйлдсэн хүн нь Ж болон А нараас гарцаагүй гэж би бодож байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 21-22 дугаар хуудас /
Гэрч Э.Ос мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: … “...Сэлэнгэ аймгийн Мандал суманд Днтой хамт ажиллаж байгаад ирсэн, ирэхдээ А цалин мөнгө өгсөнгүй гээд хүний гутал, хувцас авчихсан гэж байсан. Би тэр гутал хувцас зэргийг нь хараагүй, хаана байгааг нь мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 24-25 дугаар хуудас/
Гэрч Г.Дн мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: … “...Бид хоёр тэр байшин руу ороод гутал, хувцсыг нь гоё харагдаад байхаар нь аваад Мандал суман дээр явж байгаад хүмүүстэй зодолдож маргалдаад зугтаах үедээ шуудайтай нь хаячихаад явчихсан. Одоо савхин куртикийг нь А өмсөөд явж байна” гэхээр нь "Тэгвэл та хоёр энд буцаж ирээд энэ залуутай уулзаад төлбөр мөнгийг нь төлөөд хохиролгүй болго” гэхэд “Та наагуураа зохицуулаад өнгөрөөчих тэхүү? Бид хоёр таниас айгаад утсаар холбогдож чадаагүй юм аа? Хэрэв та наагуураа төлбөр мөнгийг нь өгөөд зохицуулчихвал бид хоёр энүүгээр ажил хийж байгаад танд дараа нь өгье тэх үү" гэхээр нь “Үгүй ээ өөрсдөө ирж учраа ол" гэхэд “бид нар очиж чадахгүй” гээд утсаа тасалчихсан...” гэх мэдүүлэг /хх- ийн 27-28 дугаар хуудас/
Гэрч Х.Бб мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: … “...Та хоёр хүний гутал, хувцас авчихсан юм уу?” гэхэд “Тийм ээ бид хоёр гоёх гэж өмсөж яваад Мандал суман дээр явж байгаад хүнтэй мууцалдаад цагдаад баригдаад Цагдаа дээр 72 цаг сууж байгаад Улаанбаатар хотод ирсэн юм. Уучлаарай бид хоёр тэр гутал хувцасыг авчихсан...тэгэхээр А, Ж хоёр тэр айл руу ороод гутал хувцасыг нь хулгайлсан нь гарцаа байхгүй гэж би бодож байна. Ж ч надтай ярихдаа авчихсан юм аа, уучлаарай гээд хэргээ хүлээгээд байсан....” гэх мэдүүлэг /хх-ийн 30 дугаар хуудас хуудас/
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 06-14 дүгээр хуудас/
Файн эстимэйт ХХК-наас ирүүлсэн хохирлын үнэлгээний тайлан “...иргэн Х.Дхийн эд хөрөнгийн хохирлын бодит үнэ цэнийг 767.500 төгрөг гэж тогтоов гэх үнэлгээ /хх-ийн 39-42 дугаар хуудас/
Шүүгдэгч нарын хувийн байдлыг тогтоосон баримтууд:
Т.Агийн талаар. Ял шийтгэгдсэн эсэх талаарх ял шалгах хуудас /Хх-ийн 64 дүгээр хуудас/, Нийслэлийн Хан-Уул дүүргийн 7 дугаар хорооны засаг даргын тодорхойлолт /хх-ийн 68 дугаар хуудас/, иргэний үнэмлэхний лавлагаа /Хх-ийн 85 дугаар хуудас/, Хурууны хээний дардас /Хх-ийн 86 дугаар хуудас/,
Д.Жийн талаар талаар. Ял шийтгэгдсэн эсэх талаарх ял шалгах хуудас /Хх-ийн 65 дугаар хуудас/, Нийслэлийн Хан-Уул дүүргийн 7 дугаар хорооны засаг даргын тодорхойлолт /хх-ийн 67 дугаар хуудас/, иргэний үнэмлэхний лавлагаа /Хх-ийн 88 дугаар хуудас/, Хурууны хээний дардас /Хх-ийн 89 дүгээр хуудас/, хохирогч О.Дхийн шүүгдэгч Т.А, Д.Ж нараас хохирол төлбөр хүлээн авсан тухай баримт зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлд “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасныг баримтлан шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор дараах байдлаар хянан шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Т.А, Д.Ж нар нь Сэлэнгэ аймгийн Мандал сумын 3 дугаар баг, Улаанбаатар төмөр замын Бэрх 221 дүгээр зөрлөгийн төмөр замын хориг хашаанд байрлах точикийн байранд оршин суух иргэн О.Дхийн гэрт 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдөр нэвтрэн орж пүүз 3 ширхэг, савхин куртик 1 ширхэг, хромон гутал 1 ширхэг, хар эрэгтэй ботинк зэрэг эд зүйлийг бүлэглэн хулгайлан авч иргэнд 767500 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:
Хохирогч О.Дхийн шүүх хуралдаанд болон мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ:.. “…2018 оны 10 сарын 24-ний өдөр Лхагва гарагт хувцасаа солих гээд гэртээ ирээд гэрийн түлхүүрээ Ариукагаас утсаар асуухад “Би танай гэрээс хөргөгчөө авсан, түлхүүрийг чинь зөрлөгийн дарга Энхтүвшинд өгсөн байгаа гэхээр нь зөрлөгийн даргаас түлхүүрээ аваад гэртээ ороод хувцасаа солих гэтэл миний 3 пүүз, 1 ширхэг, урт түрүүтэй хар хромон гутал, хар өнгийн богино түрийтэй гутал 1 ширхэг, хар өнгийн богино савхин хүрэм 1 ширхэг зэрэг эд зүйлүүд байхгүй байсан. Тэгээд би манай зөрлөг дээр холбооны төхөөрөмж суурилуулах суурь цутгалын ажил хийж байгаа хүмүүсийн ахлах ажилтан Дн гэх хүн дээр очоод манай гэрт байсан миний эд зүйлийг хулгайлсан байна та нар авсан уу гэхэд манай хоёр ажилтан ажлаа хаяад яваад өгсөн байна тэр хоёр авсан байж магадгүй байхаа, би утас руу нь залгаад холбогдохгүй байна гэж хэлсэн. Тэгэхээр нь та тэр хоёр хүнээс миний эд зүйлийг аваад өгчихвөл би Цагдаа энэ тэр гэхгүй асуудлаа шийдчихье гэж хэлсэн. Дн гэх хүн рүү утасдаж юу болсон талаар нь асуухад тэр хоёр хүн утас нь холбогдохгүй байна. Улаанбаатар явсан байна гэхээр нь цагдаагийн байгууллагад ирж өргөдөл өгсөн ..” гэх мэдүүлэг/хх-ийн 16-19 дүгээр хуудас/, Гэрч А.Аз мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: … “...Би махаа авах гээд Дхийн гэрт ороод хөргөгчөө онгойлгоход манай махнаас өөр мах байхаар нь гайхаад Дх рүү залгаж асуухад би ээлжийн амралтаа авчихсан байгаа болохоор мэдэхгүй байна гэсэн. Тэгээд дахиад 2018 оны 10 сарын 26-ны өдөр залгахад утсаа аваад би ах нь байна чи хэн бэ гэхээр нь би Жонхоо /А/ мөн үү та нар яагаад хүний гутал хувцас хулгайлаад аваад явчихдаг юм бэ гэхэд би А бишээ ах нь байна тэд нар юу гэж хүний шивэртэй гутал хулгайлдаг юм одоо болтол А гэртээ ирээгүй байна. Дүү нарыг минь олж авчирч ирэхгүй бол та нарыг ална шүү гэж хэлээд утсаа тасалсан... тэгээд дахиад залгахад холбогдохгүй байсан. .. тухай хэргийг үйлдсэн хүн нь Ж болон А нараас гарцаагүй гэж би бодож байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 21-22 дугаар хуудас/, Гэрч Э.Ос мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: … “...Сэлэнгэ аймгийн Мандал суманд Днтой хамт ажиллаж байгаад ирсэн, ирэхдээ А цалин мөнгө өгсөнгүй гээд хүний гутал, хувцас авчихсан гэж байсан. Би тэр гутал хувцас зэргийг нь хараагүй, хаана байгааг нь мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 24-25 дугаар хуудас/, Гэрч Г.Дн мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: … “...Бид хоёр тэр байшин руу ороод гутал, хувцсыг нь гоё харагдаад байхаар нь аваад Мандал суман дээр явж байгаад хүмүүстэй зодолдож маргалдаад зугтаах үедээ шуудайтай нь хаячихаад явчихсан. Одоо савхин куртикийг нь А өмсөөд явж байна” гэхээр нь "Тэгвэл та хоёр энд буцаж ирээд энэ залуутай уулзаад төлбөр мөнгийг нь төлөөд хохиролгүй болго” гэхэд “Та наагуураа зохицуулаад өнгөрөөчих тэхүү? Бид хоёр таниас айгаад утсаар холбогдож чадаагүй юм аа? Хэрэв та наагуураа төлбөр мөнгийг нь өгөөд зохицуулчихвал бид хоёр энүүгээр ажил хийж байгаад танд дараа нь өгье тэх үү" гэхээр нь “Үгүй ээ өөрсдөө ирж учраа ол" гэхэд “бид нар очиж чадахгүй” гээд утсаа тасалчихсан...” гэх мэдүүлэг /хх- ийн 27-28 дугаар хуудас/, Гэрч Х.Бб мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: … “...Та хоёр хүний гутал, хувцас авчихсан юм уу?” гэхэд “Тийм ээ бид хоёр гоёх гэж өмсөж яваад Мандал суман дээр явж байгаад хүнтэй мууцалдаад цагдаад баригдаад Цагдаа дээр 72 цаг сууж байгаад Улаанбаатар хотод ирсэн юм. Уучлаарай бид хоёр тэр гутал хувцасыг авчихсан...тэгэхээр А, Ж хоёр тэр айл руу ороод гутал хувцасыг нь хулгайлсан нь гарцаа байхгүй гэж би бодож байна. Ж ч надтай ярихдаа авчихсан юм аа, уучлаарай гээд хэргээ хүлээгээд байсан....” гэх мэдүүлэг /хх-ийн 30 дугаар хуудас хуудас/, Т.Агийн гэрчээр болон яллагдагчаар хэргээ хүлээн мэдүүлсэн “...Тэгээд явах гэсэн зардлын мөнгө байхгүй байсан болохоор Д Ж бид хоёр тэр айл руу түлхүүрээр нь онгойлгож ороод 1 ширхэг хром, 1 ширхэг савхин куртик, 3 ширхэг пүүз, 1 ботинк байхаар нь аваад Зүүнхараад ирж 1 ширхэг хром, 1 ширхэг савхин курткийг танихгүй хүнд 45.000 төгрөгөөр зарчихаад Улаанбаатар хот орох таксинд сууж ирсэн юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 35-36, 57-58 дугаар хуудас/, Д.Жын гэрчээр болон яллагдагчаар хэргээ хүлээн мэдүүлсэн “...Т.Аптанхүү бид хоёр энд ажлаад ер нь бүтэхгүй юм байна Улаанбаатар явья гэж яриад зардлын мөнгө байхгүй байсан болохоор бид нарын байрлаж байсан айлын хажуу талын эзэнгүй айл руу түлхүүрээр нь онгойлгож ороод 3 ширхэг пүүз, 3 ширхэг ботинк, 1 ширхэг хром, 1 ширхэг савхин куртик хулгайлаад Зүүнхараад ирсэн. Тэгээд олон хөлийн газар очоод нэг эрэгтэй хүнд хром, савхин курткыг 45.000 төгрөгөөр зараад Улаанбаатар хот руу явах зардал хийгээд ирсэн юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 37, 49-51-р хуудас/, Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 06-14 дүгээр хуудас/, Файн эстимэйт ХХК-наас ирүүлсэн хохирлын үнэлгээний тайлан “...иргэн Х.Дхийн эд хөрөнгийн хохирлын бодит үнэ цэнийг 767.500 төгрөг гэж тогтоов гэх үнэлгээ /хх-ийн 39-42 дугаар хуудас/ болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудаар нотлогдож байна гэж шүүх дүгнэв.
Шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримт болох шүүгдэгчийг яллагдагчаар мөн хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хуулийн шаардлага хангасан, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих мэдлэг, дадлага туршлагатай, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч гаргасан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.
Прокуророос шүүгдэгч Т.А, Д.Ж нарыг бүлэглэн Сэлэнгэ аймгийн Мандал сумын 3 дугаар баг, Улаанбаатар төмөр замын Бэрх 221 дүгээр зөрлөгийн төмөр замын хориг хашаанд байрлах точикийн байранд оршин суух иргэн О.Дхийн гэрт 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдөр нэвтрэн орж пүүз 3 ширхэг, савхин куртик 1 ширхэг, хромон гутал 1 ширхэг, хар эрэгтэй ботинк зэрэг эд зүйлийг хулгайлан авч иргэнд 767500 төгрөгийн хохирол учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь тохирсон байна гэж үзлээ.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Т.А, Д.Ж нарт ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1, 1.3 дах хэсэгт заасныг журамлан шүүгдэгч нарын гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан хуульд заасан хорих ялыг хөнгөрүүлж оногдуулах, мөн оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй байна гэж үзлээ.
Мөн шүүгдэгч Т.А, Д.Ж нарын үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүнд гэмт хэргийн ангилалд хамаарч байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх боломжгүй байна.
Шүүгдэгч Т.А, Д.Ж нар нь хохирогчид учруулсан хохирлыг нөхөн төлсөнг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т зааснаар ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзэв.
Хохирогч, иргэний нэхэмжлэгч О.Дх нь эд зүйлийн үнэд шүүгдэгч Т.Агээс 384.000 төгрөг, Д.Жаас 384.000 төгрөгийг тус тус хүлээн авсан тул нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй гэснийг дурьдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Т.Аг энэ гэмт хэргийн улмаас 2019 оны 03 дугаар сарын 13-ны өдрөөс 2019 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 21 хоногийг, шүүгдэгч Д.Жийг энэ гэмт хэргийн улмаас улмаас 2019 оны 03 дугаар сарын 13-ны өдрөөс 2019 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 21 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцох.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдаад шүүх хуралдаанаас
Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.4 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Бөө ургийн овогт Төмөрхуягийн А, Сартуул ургийн овогт Дүгэрсүрэнгийн Ж нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлсан гэмт хэргийг орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар Т.Аг 01 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар, Д.Жийг 01 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасныг баримтлан Т.А, Д.Ж нарт оногдуулсан 01 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Т.Аг энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон 21 хоногийг, шүүгдэгч Д.Жийн цагдан хоригдсон 21 хоногийг хугацааг тус тусын эдлэх ялд нь оруулан тооцсугай.
5.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.
6.Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Т.А, Д.Ж нарт өмнө авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, эдлэх ялыг нь 2019 оны 04 дүгээр сарын 03-ны өдрөөс эхлэн тоолсугай.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүхийн шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.
8.Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуульд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах давж заалдах гомдлоо шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
9. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Т.А, Д.Ж нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.АЛТАНЦЭЦЭГ.