Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 06 сарын 21 өдөр

Дугаар 00107

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын шүүхийн Ерөнхий шүүгч Б.Алтанцэцэг даргалж явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар:

 

             Нарийн бичгийн дарга                    Д.Соёлзул

             Улсын яллагч                                  Э.Гантулга

             Шүүгдэгчийн өмгөөлөгч                  А.Хандмаа

                         Шүүгдэгч                                  Т.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийв.

 

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх Э.Гантулгаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1, 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэн хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Боржигон овогт Төмөрхуягийн Бд /РД:*/ холбогдох эрүүгийн 1932000000122 тоот эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

 

 Шүүгдэгчийн биеийн байцаалт:

   Монгол улсын иргэн, яс үндэс халх, 1979 оны 03 дугаар сарын 27-ны өдөр Өвөрхангай аймгийн Хархорин суманд төрсөн, 40 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 4, эхнэр хүүхдүүдийн хамт *тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, бие эрүүл, ухаан санаа бүрэн, хэрэг хариуцах чадвартай, 5 удаагийн ял шийтгэлтэй,

1.Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн 2003 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн № 72 дугаар шийтгэх тогтоолоор эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дугаар зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар 05 жил 01 сар хорих ялаар,

 2.Дархан-Уул аймаг дахь сум дундын шүүхийн 2005 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн № 94 дугаар шийтгэх тогтоолоор эрүүгийн хуулийн тусгай ангийн 2161 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ялаар шийтгүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт заасныг журамлан Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн 2003 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн № 72 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялаас эдлээгүй үлдсэн 3 жил 06 сар 16 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн 4 жил 06 сар 16 хоногийн хорих ялаар,

3.Сэлэнгэ аймаг дахь сум дундын 2 дугаар шүүхийн 2008 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн № 130 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар 05 жил 10 хоногийн хорих ялаар шийтгүүлж, энэ тогтоолоор оногдуулсан хорих ял дээр Сэлэнгэ аймгийн сум дундын 2 дугаар шүүхийн шүүгчийн 2007 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн № 171 тоот захирамжаар тэнсэн суллагдсан 01 жил 03 сар 27 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн бүгд 6 жил 04 сар 07 хоногийн хорих ялаар,

 4.Сум дундын 21 дүгээр шүүхийн 2014 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн № 17 дугаар шийтгэх тогтоолоор эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.3, 181.2.4, 181.2.5 дах хэсэгт тус тус зааснаар 03 жил 01 хоногийн хорих ялаар шийтгүүлж, эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт зааснаар энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан  03 жил 01 хоногийн хорих ял дээр өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялаас эдлээгүй үлдсэн хорих ялын заримыг буюу 01 сарын хорих ялыг нэмж нэгтгэн 03 жил 01 сар 01 хоногийн хорих ялаар,

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн № 50 дугаартай шийтгэх тогтоолоор эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгүүлсэн, бие эрүүл, ухаан санаа бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овогт Төмөрхуягийн Б. /РД:*/

 

            Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэнд дурьдсанаар:

          Шүүгдэгч Т.Б нь Сэлэнгэ аймгийн Мандал сумын Түнхэл 5-р баг, Довын 19 тоотод оршин суух хаягтай Т.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ эхнэр Ундралтай хэрүүл маргаан хийж, агсам тавьж гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн бөгөөд дуудлагаар очсон багийн цагдаа, цагдаагийн дэд ахлагч Б.Бгийн хууль ёсны шаардлагыг эсэргүүцэж цагдаагийн эрх чөлөөнд халдсаны улмаас Б.Бгийн биед хөнгөн зэргийн гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Тодорхойлох нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

  Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Т.Б мэдүүлэхдээ: 2019 оны 06 дугаар сарын 02-ны орой хуучин ажилладаг байсан МСS ХХК-нд ажилладаг байсан найз Лхагвасүрэн ирээд хамт архи уугаад гэртээ харьсан. Өмнө би эхнэртэйгээ муудалцсан байсан. Манай найз машины түлхүүрээ өгчих гэхээр нь би эхнэрийг өгчих гэсэн өгөхгүй гээд маргалдсан тэхсэн эхнэр цагдаа дуудсан. Цагдаа Бг, хэсгийн төлөөлөгч Ха нар ирсэн тэгээд хууль ёсны шаардлага тависныг нь биелүүлээгүй нь миний буруу гэх мэдүүлэг болон талуудын шинжлэн судалсан нотлох баримт болох

 

          Хохирогч Б.Бг мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгт: …“...Би 2019 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 17 цагийн үед түнхэл тосгоны хэсгийн мөрдөгч а/д Х.Хагийн хамт хариуцсан Түнхэлд тосгоны нутаг дэвсгэрт хяналт тавин эргүүл хийж ажиллаж байх явцад миний 94030268 дугаарын утсанд тус багийн иргэн Т.Бы эхнэр Ундармаагаас манай нөхөр Т.Б агсан тавиад байна гэсэн мэдээлэл өгсөн юм. Тэр үед а/д Ха Быг явъя гэхэд явахгүй байхаар нь би Бд хандаж явъя хурдал гэж хэлсэн чинь гэрээсээ гарч 2-3 алхаад шууд миний баруун чихрүү гараараа цохисон. Тэр үед а/д Ха бид хоёр түүнийг бариад авсан. Б бид хоёртой зууралдаж дээгүүрээ өмссөн хувцаснаасаа тайлж мултраад миний шанаа руу дахин цохисон. Бид 2 Бы хоёр гараас нь барьж хөдөлгөөнийг нь хориод хашааны гадаа авч гарсан. Б согтуурхаад надад хандаж чамайг нэг мөсөн гүйцээнэ гээд заналхийлж биднээс мултраад дахин миний толгойруу цохьсон. Мөн л бид 2 түүнийг барьж аваад голын цаана байгаа миний машин руу очсон. Машинд суулгах гэсэн чинь Батайхан суухгүй, шаардлага эсэргүүцээд чам шиг муу гөлөгийг ална гэж над руу дайраад баруун шанаа тус газарт гараараа 2 удаа хүчтэй цохьсон. Тэгэхэд миний баруун чихний араас цус гарч толгой манараад явчихсан, би газар суун туссан юм. Ингээд а/д Х.Ха бид хоёр хамжиж Т.Быг машинд суулгаж Цагдаагийн хэсэгт хүргэн гарт нь гав зүүж дараа нь Зүүнхраагийн цагдаагийн хэлтсийн эрүүлжүүлэх байр руу хүргэсэн юм. гэх мэдүүлэг /хх-ийн  26-27 дугаар хуудас/

           Гэрч Х.Хагийн мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгт:.... 2019 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 17 цагийн үед би багийн цагдаа д/а Б.Бгийн хамт Түнхэл тосгоны нутаг дэвсгэрт ерөнхийд нь хяналт тавин ажиллаж явахад цагдаа Бгийн 94030268 дугаарын утсанд, манай нөхөр Төмөрхуягийн Б гэртээ агсам тавиал байна гэсэн мэдээллийг Бы эхнэр Ундармаа өгснийг Бг надад хэлсэн. Ингээд бид 2 цагдаа Бгийн Тоёота гранд марк-2 маркын 00-13 СЭҮ улсын дугаартай автомашинаар дуулагын хаяг дээр 10 минутын дараа очсон. Бг түүнд алив хурдал явъя гэж хэлсэн чинь Б гэнэт чи ер нь өдөөд байгаа шүү гэж хэлээд 3 орчим алхамын зайнаас үсэрч очоод Бгийн баруун шанааруу зүүн гараараа нэг удаа цохиход нь би Бы араас нь барьж аваад гэрээс нь чирж гаргаад машин руу авч явах гэхэд шаардлага эсэргүүцээд гараас мултарч хажууд явсан Бгийн баруун шанааруу зүүн гараараа дахин нэг удаа цохиход Бгтэй барилцаж аваад хувцаснаас нь зуураад ноцолдож мөрдөсийг хуу татахад цамцны товчнууд нь мултарч дотуур өмссөн майкны мөр тасарсан ...” гэсэн мэдүүлэг /XX- ийн 28-29-р хуудас/

 

2019 оны 06 дугаар сарын 04-ны өдрийн Шүүх эмнэлэгийн үзлэг хийсэн акт № 121  дугаартай Шинжээчийн дүгнэлтэнд: ...

 

         1.Б.Бгийн биед баруун чихний гадна дэлбэн, зүүн гарын алганы гадна хэсэгт шарх, хүзүү, баруун эгэм, цээж, зүүн гарын шуунд цус хуралт, баруун шанаа, хүзүүнд зөөлөн эдийн гэмтэл тоггоогдлоо.

         2.Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн олон удаагийн үйлчилэлээр үүсгэгдэх боломжтой. Цаг хугацааг нарийвчлан тогтоох боломжгүй, шинэ гэмтэл байх боломжтой.

         3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

         4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй гэх дүгнэлт /ХХ-ийн 17 дугаар хуудас/

 

         Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон баримтууд: Иргэний үнэмлэхний лавлагаа /ХХ-ийн 42 дугаар хуудас/,  шүүгдэгчийн хурууны хээний дардас /ХХ-ийн 44 дугаар хуудас/, шүүгдэгчийн  ял шийтгэгдсэн эсэх талаарх ял шалгах хуудас /хх-ийн 45-62 дугаар хуудас/, Түнхэл 5 дугаар багт оршин суудаг нь үнэн гэх тодорхойлолт /хх-ийн 41 дугаар хуудас/, хохирогч Б.Бг гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй тухай хүсэлт /хх-ийн 31-32 дугаар хуудас/, шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлд “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасныг баримтлан шүүгдэгч нарын гэм буруугийн асуудлыг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор дараах байдлаар хянан шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч Т.Б нь Сэлэнгэ аймгийн Мандал сумын Түнхэл 5-р баг, Довын 19 тоотод оршин суух хаягтай Т.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ эхнэр Ундралтай хэрүүл маргаан хийж, агсам тавьж гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн бөгөөд дуудлагаар очсон багийн цагдаа, цагдаагийн дэд ахлагч Б.Бгийн хууль ёсны шаардлагыг эсэргүүцэж цагдаагийн эрх чөлөөнд халдсаны улмаас Б.Бгийн биед хөнгөн зэргийн гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

           Хохирогч Б.Бгийн мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /ХХ-ийн 31-32 дугаар хуудас/, гэрч Х.Хагийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хх-ийн 28-29 дүгээр хуудас/, 2019 оны 06 дугаар сарын 24-ны өдрийн Шүүх эмнэлэгийн үзлэг хийсэн акт №121 дугаартай дүгнэлт /ХХ-ийн 17-18 дугаар хуудас/, шүүгдэгч Т.Б нь мөрдөн байцаалтанд хэргээ хүлээн өгсөн мэдүүлэг /хх-ийн 40 дугаар хуудас/ болон тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудаар нотлогдож байна гэж шүүх дүгнэв.

 

Шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримт болох шүүгдэгчийг сэжигтэн, яллагдагчаар мөн хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хуулийн шаардлага хангасан, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих мэдлэг, дадлага туршлагатай, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч гаргасан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

 

Прокуророос шүүгдэгч Т.Бг “хууль сахиулагчийг эсэргүйцэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, мөн “хууль сахиулагчийн албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн” гэж Эрүүгийн хуулийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн ирүүлсэн нь тохирсон байна гэж үзлээ.

 

Шүүгдэгч Т.Б нь өөрийн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч байгаа болно.

           Иймд шүүгдэгч Т.Б нь Сэлэнгэ аймгийн Мандал сумын Түнхэл 5 дугаар баг, Довын № 19 тоотод согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ эхнэр Ундралтай хэрүүл маргаан хийж, агсам тавьж гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн бөгөөд дуудлагаар очсон багийн цагдаа, цагдаагийн дэд ахлагч Б.Бгийн хууль ёсны шаардлагыг эсэргүүцэж цагдаагийн эрх чөлөөнд халдсаны улмаас эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг, хууль сахиулагчийн албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан, эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн, ялыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлууд болон прокурорын саналыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Т.Быг 500 нэгж буюу 500000 торгох, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 08 /найм/ сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж, шүүгдэгчийн ажил эрхлэлтийн байдал, бусад орлого олох боломжийг харгалзан торгуулийн 500000 төгрөгийг 02 /хоёр/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг даалгах нь зүйтэй байна.

Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсагт зааснаар Т.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 08 сарын хорих ялыг 01 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3 хэсэгт зааснаар Т.Быг согтууруулах ундааны зүйл хэрэглэхийг 06 /зургаан/ сарын хугацаагаар хязгаарлалт тогтоох зүйтэй гэж үзэв.

Хохирогч Б.Бг нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул энэ хэрэгт хэлэлцэгдэх хохирол төлбөргүй байна гэж дүгнэв.

 

           Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, Т.Б өмнө авсан бусдын батлан даалтанд байлгах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээх зэргийг тус тус дурьдаад

Монгол улсын Шүүхийн  тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг,36.3 дугаар зүйлийн 1,3,36.5 дугаар зүйлийн 2, 36.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг,  36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг. 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

           1. Шүүгдэгч Боржигон овогт Төмөрхуягийн Быг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” мөн “хууль сахиулагчийн албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн” гэмт хэргийг үйлдсэнд тус,тус гэм буруутайд  тооцсугай.

           2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Быг 500 /таван зуун/ нэгж буюу 500000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ял, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 08 /найм/ сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

           3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Бы торгуулийн 500000 төгрөгийг 02 /хоёр/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож сард 250.000 төгрөгийг хэсэгчлэн төлөхийг  даалгасугай.

           4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг баримтлан Т.Быг торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.

           5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсагт зааснаар шүүгдэгч Т.Бд оногдуулсан хорих ялыг 01 /нэг/ жилийн хугацаагаар тэнссгүэй. 

           6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3 хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Быг согтууруулах ундааны зүйл хэрэглэхийг 06 /зургаан/ сарын хугацаагаар хязгаарлалт тогтоосугай.

           7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон хязгаарлалтыг зөрчсөн бол Прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдсүгэй.

           8. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй хэлэлцэх төлбөргүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдсугай.

          9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүхийн тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.

          10. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Т.Б өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

         Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуульд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах давж заалдах гомдлоо шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Б.АЛТАНЦЭЦЭГ.