| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Сосорбурамын Соёмбо-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 2234004340315 |
| Дугаар | ХШТ/2025/104 |
| Огноо | 2025-10-15 |
| Зүйл хэсэг | 27.10.2.2., |
| Улсын яллагч | Г.Эрдэнэ |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2025 оны 10 сарын 15 өдөр
Дугаар ХШТ/2025/104
Ц.Т-д холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Монгол Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын шүүгч Ц.Оч даргалж, шүүгч Б.Амарбаясгалан, Б.Батцэрэн, С.Соёмбо-Эрдэнэ, Б.Цогт нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Г.Эрдэнэ, шүүгдэгч Ц.Т, түүний өмгөөлөгч Л.Намнансүрэн, иргэний хариуцагч П.Д, түүний өмгөөлөгч Д.Ганбат, нарийн бичгийн дарга Э.Буяндэлгэр нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 2025/ШЦТ/96 дугаар шийтгэх тогтоол, Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 2025/ДШМ/39 дүгээр магадлалтай, Ц.Т-д холбогдох 2234004340315 дугаартай эрүүгийн хэргийг прокурорын бичсэн эсэргүүцлээр 2025 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Соёмбо-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.
1. Ц.Т, 1995 оны 08 дугаар сарын 21-ний өдөр Архангай аймагт төрсөн, 30 настай, эмэгтэй, дээд боловсролтой, хүний их эмч мэргэжилтэй, “****” дүрс оношилгооны эмч ажилтай, ам бүл 3, нөхөр, хүүхдийн хамт **** дүүрэг, **** дугаар хороо, **** тоотод оршин суух хаягтай, /РД: ****/
Шүүгдэгч Ц.Т нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ ****УНҮ улсын дугаартай “Тоёота Харьер” маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 13.1 “Жолооч гүйцэж түрүүлэхийн өмнө хөдөлгөөний эрчим, хурд хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан, уг үйлдлийг гүйцэтгэхэд аюул үүсгэхгүй, бусдын хөдөлгөөнд саад учруулахгүй байх, мөн хүрэлцэхүйц хэмжээний зай байгаа эсэхийг анхаарч мэдсэн байвал зохино.”, 13.2 “д” “гүйцэгдсэн тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд аюул, саад учруулахгүйгээр буцаж эгнээндээ орох боломжгүй тохиолдолд гүйцэж түрүүлэхийг хориглоно...” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас 2022 оны 06 дугаар сарын 05-ны өдөр Төв аймгийн Аргалант сумын Хөшөөт 2 дугаар баг Уушгийн хөтөл гэх газар хатуу хучилттай асфальтан замд зам тээврийн осол гаргаж ****УБМ улсын дугаартай “Тоёота Ланд Круйзер 200” загварын тээврийн хэрэгсэл, ****АРА улсын дугаартай “Хьюндай Портер” загварын тээврийн хэрэгсэл, ****УНҮ улсын дугаартай “Тоёота Харьер” загварын тээврийн хэрэгсэл, ****УББ улсын дугаартай “Тоёота Приус 20” загварын тээврийн хэрэгсэл, ****УНУ улсын дугаартай “Истана” загварын тээврийн хэрэгслүүд хоорондоо мөргөлдөж, “Хьюндай Портер” загварын тээврийн хэрэгслийн зорчигч С.Б-ийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх шүүгдэгч Ц.Т-г тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй хүн үйлдэж, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1,1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.2-т зааснаар шүүгдэгч Ц.Т-ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасаж, 1 /нэг/ жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял шийтгэж, шүүгдэгч Ц.Т-д 1 /нэг/ жилийн хугацаагаар Хан-Уул, Баянзүрх, Сүхбаатар дүүргээс гарахыг хориглох хязгаарлалт тогтоож, оногдуулсан зорчих эрх хязгаарлах ялыг зөрчсөн эсхүл биелүүлээгүй бол зорчих ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор солих болохыг сануулж, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасах ялын хугацааг шийтгэх тогтоол гарсан өдрөөс эхлэн тоолохоор шийдвэрлэсэн байна.
Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар Төв аймгийн прокурорын газраас Ц.Т-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан, мөн хуулийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгон, түүнийг цагаатгаж, Ц.Т-ийн өмгөөлөгч Л.Намнансүрэнгийн гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авч хангаж шийдвэрлэжээ.
Прокурор Э.Уянга хяналтын шатны шүүхэд бичсэн эсэргүүцэлдээ: “Давж заалдах шатны шүүхийн шийдвэр хэргийн бодит байдалтай нийцээгүй байна. Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн материалд цугларсан хохирогч С.Б, иргэний нэхэмжлэгч Э.Б, иргэний хариуцагч П.Д, гэрч Ж.Н, Ё.Д нарын мэдүүлэг, ШУТИС-ын Механик, тээврийн сургуулийн техникийн шинжээчийн 2022 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 11/17 дугаартай, мөн сургуулийн техникийн шинжээчийн 2023 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 05/13 дугаартай дүгнэлт, хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, осол хэргийн газарт хийсэн бүдүүвч зураг зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч Ц.Т 2021 оны 08 дугаар сарын 27-ны өдөр 1 /нэг/ жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ замын хөдөлгөөнд оролцож байхдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 13.1, 13.2-н “д”-д заасныг тус тус зөрчиж гүйцэж түрүүлэх үйлдэл хийж эгнээ байраа буруу эзэлсний улмаас Э.Б-ын жолоодон явсан ****АРА улсын дугаартай “Хьюндай Портер” маркийн тээврийн хэрэгсэл огцом зогсоох арга хэмжээ авснаар ****УБМ улсын дугаартай “Тоёота Ланд Круйзер 200” загварын тээврийн хэрэгслийг жолоодон явсан П.Д тээврийн хэрэгслийг зогсоох үйлдэл хийсэн боловч амжилгүй Э.Б-ын жолоодон явсан тээврийн хэрэгслийг мөргөсөн үйл баримт болсон болох нь тогтоогдсон байхад шүүгдэгч Ц.Т-д холбогдох хэргийг “Зөрчлийн шинжтэй үйлдэл” гэж цагаатгаж шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдалтай нийцэхгүй байна.
Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 “дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг шүүх анхаарч үзэлгүй орхигдуулсан бол...”, 1.3. “дүгнэлтэд онцгой ач холбогдол бүхий нотлох баримт харилцан зөрүүтэй байхад аль нэгийг нь авахдаа бусдыг нь үгүйсгэсэн тухай үндэслэлийг заагаагүй бол..." буюу шүүгдэгч Ц.Т-ийн цуваанд явсан тээврийн хэрэгслүүдийн дундуур замын хөдөлгөөний дүрэм зөрчин гүйцэж түрүүлэх үйлдэл хийж эгнээ байр эзэлсэн нь тээврийн хэрэгслүүдийг гэнэт зогсоход хүргэсэн, улмаар зам тээврийн осол болоход нөлөөлсөн гэдгийг анхаарч үзээгүй хэргийн үйл баримтыг бодит байдалтай нийцээгүй дүгнэлт хийж шийдвэрийг гаргажээ.
Онолын хувьд гэмт этгээдийн үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хор уршиг шууд учирсан, тийм хор уршиг учрах бодит боломж бүрдүүлсэн бол шалтгаант холбоотой гэж үздэг ба гэмт үйлдэл, эс үйлдэхүй нь тухайн тохиолдолд үүссэн хэргийн нөхцөл байдал, өөрийн үйл явцаар, гадны ямар нэг нөлөөгүйгээр тэр хор уршгийг бодитойгоор учруулсан, түүнд шууд хүргэсэн байх учиртай. Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас дүгнэлт хийхэд шүүгдэгч Ц.Т-ийн хийсэн үйлдлийг зөрчлийн шинжтэй гэж тооцох хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Иймд шүүгдэгч Ц.Т-д холбогдох хэргийг шийдвэрлэсэн давж заалдах шатны шүүхийн магадлалыг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү.” гэжээ.
Прокурор Г.Эрдэнэ шүүх хуралдаанд танилцуулсан хууль зүйн дүгнэлтдээ: “...Хоёр шатны шүүх зам тээврийн ослын хэрэг хэний буруутай үйлдэл, эс үйлдлийн улмаас гарсан гэдэг дээр зөрүүтэй дүгнэлт хийж, хэргийг өөрөөр шийдвэрлэсэн. Тодруулбал, анхан шатны шүүхээс шүүгдэгч Ц.Т-г гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэсэн бол давж заалдах шатны шүүхээс шүүгдэгчид холбогдох хэргийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, цагаатгасан. Хэрэгт авагдаж, шинжлэн судлагдсан нотлох баримтууд түүний дотор хохирогч С.Б, иргэний нэхэмжлэгч Э.Б, иргэний хариуцагч П.Д, гэрч Ё.Д нарын мэдүүлгээр шүүгдэгч Ц.Т нь Замын хөдөлгөөний дүрэмд зааснаар гүйцэж түрүүлэх үйлдэл хийхийг хориглосон буюу гүйцэгдсэн болон урдаа яваа тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд саад учруулж, осол гарах бодит аюул үүсэхээр нөхцөлд гүйцэж түрүүлж, эгнээ байраа эзлэхтэй зэрэгцээд огцом тормоз гишгэснээр гүйцэгдсэн автомашинууд зогсоох арга хэмжээг авсан боловч урд явж байсан нэгнээ мөргөж осол гарсан үйл баримт нотлогдсон байна. Анхан шатны шүүхээс хэргийн бодит байдалтай нийцсэн, үндэслэл бүхий дүгнэлт хийсэн, шүүгдэгчид оногдуулсан ял шийтгэл нь гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн гэм буруу, хувийн байдалд тохирсон байх тул прокурорын эсэргүүцлийг хүлээн авч, магадлалыг хүчингүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх дүгнэлтийг гаргаж байна” гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Намнансүрэн хяналтын шатны шүүх хуралдаанд танилцуулсан саналдаа: “...Прокурорын эсэргүүцэлд анхан шатны шүүхийн шийдвэрийг зөвтгөөд, давж заалдах шатны шүүхийн магадлалыг буруутгаж байгаа хууль зүйн үндэслэл, хэргийн үйл баримт, хэрэгт авагдсан нотлох баримт дээр тулгуурлаж эсэргүүцлээ бичихдээ, мөн өнөөдрийн шүүх хуралдаанд эсэргүүцлээ тайлбарлахдаа “...шүүгдэгч Ц.Т-г замын хөдөлгөөний дүрэм зөрчсөнөөс болж хүний биед буюу хохирогчийн биед хүндэвтэр гэмтэл учирсан” гэж тайлбарласан. Хэрэгт авагдсан нотлох баримтаар хэнийх нь үйлдлийн улмаас хохирогчид хүндэвтэр гэмтэл учирсан талаар тодорхойлох хоёр чухал нөхцөл байдаг.
Нэгдүгээрт, анхан шатны шүүх хэргийн газрын үзлэг хийж “А” цэгийг тогтоохдоо хаанаас хаашаа чиглэлтэй, хаана “А” цэг үүссэн, мөргөлдсөн цэг нь хаана үүссэн, цаашаа үргэлжилж мөргөлдөх шалтгаан нөхцөл нь үйлчлэл нь хаанаас үүссэн бэ гэдгийг “А” цэгээр баримтлаад тодорхойлж, дүгнэлт хийж чадаагүй. Үүнийг иргэний хариуцагч цувж яваа тээврийн хэрэгслүүдийн хамгийн ард явсан бөгөөд урд яваа портерыг мөргөсөн үйлчлэлийн улмаас Портер дотор сууж явсан хохирогчийн биед хүндэвтэр гэмтэл учирсан. Гэтэл шүүгдэгч Ц.Т нь иргэний хариуцагчийн урд талын тээврийн хэрэгсэлд эгнээ байраа эзлээд орсон. Тиймээс Ц.Т эгнээ байраа эзлэхдээ аюулгүй байдлаа хангаагүй дүрэм зөрчсөн зүйл байгаа боловч хүний биед хүндэвтэр гэмтэл учруулсан шалтгаант холбоо байхгүй байсан.
Нөгөөтэйгүүр, П.Д сэжигтнээр мэдүүлэг өгөхдөө “60-70 км/цагийн хурдтай явж байсан” гэж мэдүүлсэн. Портер тээврийн хэрэгсэл “30-40 км/цагийн хурдтай явж байсан” гэж мэдүүлдэг. Тиймээс 30-40 км/цагийн хурдтай урд яваа тээврийн хэрэгслийг иргэний хариуцагч хурдаа тохируулж чадаагүйгээс болж түүнийг мөргөж замын хажуу тал руу гаргасан, тэр үйлчлэл урд явж байсан тээврийн хэрэгслүүдийг мөргөөд явах тийм хэмжээний хурд байсан гэдгийг хэргийн газрын бүдүүвч зураг, П.Д-ийн мэдүүлэг зэрэг баримтууд бүрэн нотлогддог бөгөөд үүнийг шинжээчийн дүгнэлтээр давхар нотолсон. Шүүгдэгч Ц.Т-ийн хувьд замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн, гэвч гэмт хэргийн бүрэн шинжийг хангах үндсэн агуулга буюу хүний биед хүндэвтэр гомдол учруулсан үйлдэл нь П.Д-тай холбоотой, шүүгдэгч Ц.Т-тэй холбоогүй гэдэг зааг, ялгааг зөв зүйтэй гаргаж, үндэслэл бүхий дүгнэлт хийж, хэргийн бодит байдалд нийцүүлж дүгнэлт хийсэн магадлал нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна. Иймд Улсын дээд шүүх энэ хэргийн бодит байдалд нийцсэн дүгнэлт хийж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.
Иргэний хариуцагчийн өмгөөлөгч Д.Ганбат хяналтын шатны шүүх хуралдаанд танилцуулсан саналдаа: “..Давж заалдах шатны шүүхийн магадлал нь үндэслэл бүхий болж чадаагүй. Учир нь, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.3 тус тус заасан заалтыг зөрчсөн. Шүүгдэгчийн өмгөөлөгчийн тайлбарлаж байгаа шиг энэ хэргийг хоёр салгаж авч үзэх үндэслэл байхгүй. Осол болох гол шалтгаан нь шүүгдэгч Ц.Т осол хийснээс болж жигд хурдтай явж байсан машинууд осол хийсэн. Иймд прокурорын бичсэн эсэргүүцлийг хүлээн авч, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, магадлалыг хүчингүй болгож өгнө үү” гэв.
Иргэний хариуцагч П.Д хяналтын шатны шүүх хуралдаанд танилцуулсан тайлбартаа: “...анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Прокурор Э.Уянгын хяналтын шатны шүүхэд бичсэн эсэргүүцлийг үндэслэн хэргийг хянан хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.
2.Мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.
Энэ хэргийн болж өнгөрсөн үйл баримтад мөрдөн шалгах ажиллагаа бүрэн хийгдсэн, хэргийг шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотолбол зохих байдлуудыг хангалттай шалган тогтоосон, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийхэд хүрэлцэхүйц нотлох баримт хэрэгт авагджээ.
3.Анхан шатны шүүх Ц.Т-г тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй хүн үйлдэж, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.2-т зааснаар шүүгдэгчийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэснийг давж заалдах шатны шүүх шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Намнансүрэнгийн давж заалдах гомдлыг үндэслэн хянаад шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, түүнийг цагаатгаж шийдвэрлэжээ.
4.Цагаатгагдсан этгээд Ц.Т-д холбогдох эрүүгийн хэрэгт хяналтын журмаар прокурорын бичсэн эсэргүүцлийг үндэслэн Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2025 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 677 дугаар тогтоолоор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан үндэслэлээр шүүх хуралдаанаар хянан хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн байна.
Хяналтын шатны шүүхээс анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэснийг Эрүүгийн хуулийн эрх зүйн хэм хэмжээний бүтэц дэх урьдчилсан нөхцөл буюу бүрэлдэхүүн хэсгүүдийг задлан шинжилж, түүнийг зөв тайлбарлан хэрэглэсэн эсэхийг магадлан судлах замаар хууль хэрэглээний нэгдмэл байдлыг хангах хүрээнд хянадаг.
Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах гэдэгт анхан болон давж заалдах шатны шүүх хуулийн нэг зүйл, заалтыг, эсхүл эрүүгийн эрх зүйн онол, шүүхийн практикт тогтсон ойлголт, тодорхойлолт, нэр томьёог өөр өөрөөр тайлбарласан, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, эсхүл хууль хэрэглээний талаар хоёр шатны шүүх зөрүүтэй шийдвэрлэсэн байдлыг хэлнэ.
5.Давж заалдах шатны шүүхээс зам тээврийн осол гарахад нөлөөлсөн шалтгаан нөхцөл, үйл баримт хоёрын харилцан нөхцөлдөх уялдаа холбоог логик, техник, шинжлэх ухааны тусламжтайгаар хууль зүйн үндэслэлтэй тайлбарлаж чадаагүйн улмаас төөрөгдөлд орж алдаатай дүгнэлт хийсэн, дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болохуйц нөхцөл байдлыг анхаарч үзэлгүй орхигдуулсан нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Тодруулбал, давж заалдах шатны шүүх хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн хохирогч, иргэний нэхэмжлэгч болон хариуцагч, гэрч нарын мэдүүлэг, техникийн шинжээчийн дүгнэлт, хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, осол хэргийн газарт хийсэн бүдүүвч зураг зэргийг магадлалынхаа үндэслэл болгосон хэдий ч тэдгээр нотлох баримтуудын агуулга, үндэслэлийг бусад нотлох баримтуудтай харьцуулах, нотлох баримтуудын аль нь үндэслэлгүй болох зэргээр эх сурвалжийг магадлах аргыг ашиглан няцаасан, эсхүл баталсан дүгнэлтийг хийж зөрүүг арилгалгүй ерөнхий байдлаар үйлдлийн төгсгөл, үр дагаварт тулгуурлан хэргийн үйл баримтыг буруу тогтоож эргэлзээ төрүүлэхүйц байдлыг үүсгэжээ.
Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Шүүх, прокурор, мөрдөгч нь хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгож нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ” гэж заасныг давж заалдах шатны шүүх зөрчсөн гэж үзнэ.
6.Эрүүгийн хуульд тодорхойлсон гэмт хэргийн бүх шинжийг агуулж буй үйлдэл хийсэн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг бөгөөд эрүүгийн эрх зүйн онол болон эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны практикт гэмт хэргийн шинж гэдэгт тодорхой нийгэмд аюултай үйлдлийг тодорхойлж буй Эрүүгийн хуульд заасан объектив болон субъектив шинжүүдийн нэгдлийг ойлгодог.
Энэхүү хоёр шинжийн аль аль нь хангагдсан тохиолдолд гэмт хэрэгт тооцогдох учиртай. Дан ганц үр дагаварт түшиглэсэн объектив яллах ажиллагааг Эрүүгийн эрх зүйн онол, хууль ёсны зарчмаар хориглодог болно.
Эдгээр хууль зүйн ойлголтыг хэрэгжүүлэхэд гэм буруутай этгээдийг тодорхойлохдоо тухайн осол гарахад хүргэсэн шалтгаан, нөхцөл, үйлдэл ба үр дагаврын шалтгаант холбоо, гэм буруугийн хэлбэрийг иж бүрнээр судлан тогтоох шаардлагатай.
7.Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг нь жолооч тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал болон ашиглалтын талаар тогтоосон хэм хэмжээг зөрчихдөө түүний улмаас учирч болох хохирол, хор уршгийг мэдээгүй, эсхүл гаргахгүй гэж өөртөө найдсан гэм буруугийн холимог хэлбэртэй бөгөөд объектив талын шинж нь хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөн үйлдэл нь хохирол, хор уршигтай шалтгаант холбоотой байдаг онцлогтой.
Гэмт хэргийн шалтгаан, нөхцөл гэмт хэргийн шууд бүрэлдэхүүн биш боловч гэмт хэрэг үйлдэгдэхэд хүргэсэн үйл явц, түүнд нөлөөлсөн хүчин зүйлсийг үндэслэлтэй, зөвөөр үнэлэхэд зайлшгүй урьдчилан дүгнэлт хийж бодит байдлыг тогтоохуйц эрүүгийн эрх зүйн ойлголт бөгөөд гэм буруутайд тооцох, гэмт хэргийг ангилах, ял шийтгэл оногдуулах, гэмт хэргийг үгүйсгэх нөхцөл байдалд нөлөөлдөг юм.
8.Төв аймгийн Аргалант сумын Хөшөөт 2 дугаар баг “Уушгийн хөтөл” гэх газрын улсын чанартай асфальтан замын хөдөлгөөн 2022 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 16:30 цагийн үед эрчим удааширсантай холбогдуулан хөдөлгөөний эхэнд жолооч Ч.Т ****УББ улсын дугаартай “Тоёота Приус 20” загварын тээврийн хэрэгслийг жолоодон 20-30 км/цагийн, жолооч Э.Б ****АРА улсын дугаартай “Хьюндай Портер” загварын тээврийн хэрэгслийг жолоодон 30-40 км/цагийн, жолооч П.Д ****УБМ улсын дугаартай “Тоёота Ланд Круйзер 200” загварын тээврийн хэрэгслийг жолоодон 50-60 км/цагийн хурдтай замын хөдөлгөөнд оролцож явсан байна.
Энэ үед Ц.Т тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан байхдаа тээврийн хэрэгсэл жолоодон Э.Б, П.Д-ын нарын тээврийн хэрэгслүүдийг гүйцэж түрүүлэн Ч.Т, Э.Б нарын тээврийн хэрэгслийн дундуур орсоноос шалтгаалан Э.Б нь Ц.Т-ийн тээврийн хэрэгслийг мөргөхгүйн тулд хурдаа хасч огцом тоормос гишгэх үед түүний ард зорчин явсан П.Д тээврийн хэрэгслийнхээ зүүн урд хэсгээр Э.Б-ын тээврийн хэрэгслийг мөргөж, улмаар Э.Б Ц.Т-ийн тээврийн хэрэгслийн араас мөргөж, эрчиндээ замын эсрэг урсгалаар ирж явсан Б.Баярсайханы “Истана” загварын автомашинтай тээврийн хэрэгслийнхээ урд хэсгээр мөргөлдөн “Хьюндай Портер” загварын тээврийн хэрэгсэлд зорчин явсан С.Б-ийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан, Ц.Т Э.Б-д мөргүүлөн Ч.Т-ийн жолоодон явсан тээврийн хэрэгслийн араас мөргөсөн нь хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогджээ.
9.Цагаатгагдсан этгээд Ц.Т тухайн цаг хугацаанд Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийг баримтлах ёстой, зөрчвөл хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх үүрэг бүхий этгээд бөгөөд техникийн шинжээчийн 2022 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 11/17, бүрэлдэхүүнтэй шинжээчийн 2023 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 05/13 дугаартай дугаартай дүгнэлтүүдэд “…жолооч Ц.Т нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 13.1 буюу “жолооч гүйцэж түрүүлэхийн өмнө хөдөлгөөний эрчим, хурд, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан, уг үйлдлийг гүйцэтгэхэд аюул үүсгэхгүй бусдын хөдөлгөөнд саад учруулахгүй байх мөн хүрэлцэхүйц хэмжээний зай байгаа эсэхийг анхаарч мэдсэн байвал зохино, 13.2 “д” буюу “гүйцэгдсэн тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд аюул саад учруулахгүйгээр буцаж эгнээндээ орох боломжгүй тохиолдолд гүйцэж түрүүлэхийг хориглоно гэснийг тус тус зөрчсөн, …зам тээврийн ослын шалтгаан болсон…” гэж тусгагдсан байна.
Дээрх шинжээчийн дүгнэлтүүдээс гадна шийтгэх тогтоолд дурдсан хохирогч, иргэний нэхэмжлэгч болон хариуцагч, гэрч нарын мэдүүлэг, хэргийн газар болон нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, бүдүүвч болон гэрэл зураг зэргийг бусад нотлох баримтуудтай харьцуулан шинжлэн судлаж, тэдгээрийн нотлогдохуйц байдлын талаар яллах, өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр шалгаж үзвэл шүүгдэгч Ц.Т-ийг тээврийн хэрэгсэл жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 13.1, 13.2 “д” заалтуудыг зөрчиж, хөдөлгөөний эрчим, үзэгдэлтийн нөхцөл байдлыг үл харгалзан гүйцэж түрүүлэх үйлдэл хийж, хойно явсан жолооч нарын хөдөлгөөнд саад учирч, хөдөлгөөний дараалал алдагдаж, улмаар осол гарах нөхцөлийг бүрдүүлсэн нь ослын бодит, шууд шалтгаан болжээ.
10.Анхан шатны шүүх прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц.Т-д холбогдох хэргийг хянан хэлэлцээд болж өнгөрсөн үйл баримтын эхлэл болон өрнөл, хэргийн үйл баримтын нотлогдохуйц байдлын талаар хийсэн дүгнэлт бодит байдалтай нийцсэн гэж хяналтын шатны шүүх үзэв.
Харин П.Д зам тээврийн ослыг зориуд эсхүл болгоомжгүйгээр үүсгэсэн гэх санаа, сэдэл, үйлдлийн шинж нотлогдоогүй, Ц.Т-ийн Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөн үйлдлийн нөлөөнд хяналтгүйгээр орж, хоромхон зуур өөрийгөө хамгаалах зорилгоор огцом тоормослосон Э.Б-ын тээврийн хэрэгслийг мөргөсөн нь зам тээврийн осол гарах бодитой шалтгаан болоогүй нь нотлох баримтаар тогтоогдож байна.
Дээрх байдлуудыг нэгтгэн үзвэл давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгох прокурор Э.Уянгын хяналтын шүүхэд бичсэн эсэргүүцэл агуулгын хэмжээнд хангагдана.
11.Шүүхээс гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь тогтоогдсон шүүгдэгчид Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагын зорилгыг хангахуйц, мөн хуулиар тогтоосон төрөл, хэмжээний ялыг оногдуулах нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан шударга ёсны зарчимд нийцэх юм.
Ийнхүү ял оногдуулахдаа шүүх эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, гэмт үйлдэлдээ хандаж буй хандлага, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэж, оногдуулсан ял нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэгт тохирч буйг ерөнхий зарчмын хүрээнд бус тухайн хэргийн жинхэнэ байдалтай холбон шийдвэртээ бодитой, итгэл төрүүлэхүйц дүгнэх үүрэгтэй.
12.Анхан шатны шүүх шүүгдэгч Ц.Т-д зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулахдаа тухайн ялын талаар хуульд тусгайлан заасан ойлголт, хүлээлгэх үндэслэл, журам, зарчмыг үндэслэлтэй тайлбарлан хэрэглэж чадаагүйн улмаас уг ялын хүрээ, хязгаарыг оновчгүй тодорхойлсон байна гэж үзэв.
Зорчих эрхийг хязгаарлах ял нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух газраас явахыг хориглох, тодорхой газар очихыг хориглох, шүүхээс тогтоосон чиглэлээр зорчих үүргийг хүлээлгэж, нийгмээс тусгаарлахгүйгээр засарч хүмүүжих боломжийг олгох зорилготой бөгөөд үйлдсэн гэмт хэргийнх нь шинж чанар, хувийн байдлыг нь харгалзан чөлөөтэй зорчих хүрээ хязгаарыг нь хумьж, чиглэлийг тогтоох зэргээр чөлөөтэй зорчих эрхэд нь тодорхой хугацаанд хязгаарлалт тогтоож буй ял шийтгэлийн төрөл юм.
Зорчих эрхийг хязгаарлах ялын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгмээс тусгаарлахгүйгээр хүний эрхийг дээдлэх зарчимд тулгуурлан зүй зохистой байдлыг бүрдүүлэх үүднээс хамт олон, гэр бүлийнхээ орчинд хүмүүжих, гэр бүл, үр хүүхдээ тэжээн тэтгэх үүргээ биелүүлэх, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлүүлэхийн тулд хөдөлмөрлөх эрхийг нь хангахаас гадна суралцах, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авах эрхтэйгээр нийгэмд нь байлгаж гэмт хэргийн нийгмийн хор аюулыг ухамсарлуулах, үйлдсэн гэмт үйлдлээ залруулах боломжид чиглэсэн байдаг.
Зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгүүлж буй этгээдийн байнга болон түр оршин суух хаягийг зөв тодорхойлсноор эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух газраас явахыг хориглох, шүүхээс тогтоосон чиглэлээр зорчих, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгээр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэх нөхцөл бүрдэх юм.
Нөгөөтэйгүүр ял шийтгүүлж буй этгээд бусдад аюул учруулах эрсдэлтэй болох нь нотлогдсон тохиолдолд тодорхой газар очихыг хориглох, нэр бүхий хүнтэй болон бусадтай харилцахыг хориглодог.
Шүүхээс зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэгдсэн этгээдэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан хязгаарлалт, хориглолтын аль нэгийг заавал тогтоох бөгөөд ийнхүү шийдвэрлэхдээ тодорхой ямар газар очих болон тухайлсан хэн гэдэг хүнтэй уулзах, харилцахыг хориглож буйг албан ёсны хаяг, бүртгэл, нэршил, овог нэрээр нь шийтгэх тогтоолд тусгах бөгөөд зорчих бүс, чиглэлийг шийтгэх тогтоолд нэг бүрчлэн тодорхой заах үүрэгтэй.
13.Анхан шатны шүүх шүүгдэгч Ц.Т-ийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар, “****” ХХК-ийн ажлын тодорхойлолт, **** дүүргийн **** дугаар хорооны засаг даргын албан бичиг зэргийг жагсаан бичсэнээс өөрөөр хууль зүйн дүгнэлт огт хийлгүй 1 жилийн хугацаагаар Хан-Уул, Баянзүрх, Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрээс гарч явахыг хориглож, зорчих эрхийг хязгаарлах ялын хүрээ хязгаарыг тогтоосон нь хялбарчилсан, баримжаалсан шинжтэй болсон байхаас гадна зорчих эрхийг хязгаарлах ялын зорилго, агуулгыг алдагдуулахуйц болжээ.
Хэрэгт авагдсан баримтын хэмжээнд шүүгдэгч Ц.Т Хан-Уул дүүрэгт амьдарч, ажилладаг болох нь тогтоогдож байх тул Үндсэн хуульд заасан хөдөлмөрлөх эрхэд нийцүүлэн зорчих эрх хязгаарлах ялын хүрээ хязгаарыг Хан-Уул дүүргээр тогтоох нь шүүгдэгчийн эрх зүйн байдалд нөлөөлөхгүй.
14.Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг, нэхэмжилж буй эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирлыг шүүхээс тооцож, хэмжиж болохуйц, эрх зүйн зөрчил болон үр дагаврын шалтгаант холбоотой тохиолдолд хуульд заасан үндэслэл журмын дагуу эрүүгийн хэргийн хамт хянан шийдвэрлэхдээ гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх эсхүл учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлүүлэх замаар арилгадаг.
Шүүх гэмт хэргийн улмаас учирсан хохирлын асуудлыг эрүүгийн хэрэгт хянан шийдвэрлэхдээ Иргэний хуулийн гэм хор учруулснаас үүсэх үүргийг зохицуулсан нарийвчилсан холбогдох зүйл, заалтыг баримтлаж шийдвэрлэх учиртай.
Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэгт заасныг баримталж шүүгдэгч Ц.Т-ээс хохирогч, иргэний нэхэмжлэгч нарт хохирол, хор уршигийг гаргуулж шийдвэрлэсэн нь шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн тул зөвтгөх шаардлагатай.
15.Гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг арилгахдаа зөвхөн хуульд заасан, эрх зүйн хэм хэмжээнд тусгагдсан, хууль дээдлэх, шударга ёсны зарчимд нийцсэн, эрх бүхий байгууллагын хууль ёсны үйл ажиллагаагаар баталгаажсан үндэслэл, нөхцлийг ойлгодог.
Үүнд шүүгдэгчийн гэм буруугаас гадна хохирогч, иргэний нэхэмжлэгч, хариуцагч нарын болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүй хариуцах гэм хорын хэмжээ ихэсгэх, багасгахад нөлөөлдөг тул нөхцөл байдлыг харгалзан үзэж иргэний хариуцагч П.Д нь 12,181,200 төгрөгийн нэхэмжлэлээ иргэний журмаар шаардах эрхтэй юм.
16.Иймд дээрх үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд холбогдох өөрчлөлтийг оруулж, прокурорын бичсэн “...давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгох... ” агуулга бүхий эсэргүүцлийг хангахаар тогтов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 2025/ДШМ/39 дүгээр магадлалыг хүчингүй болгож, Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 2025/ШЦТ/96 дугаар шийтгэх тогтоолын 3 дахь заалтыг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Т-д 1 /нэг/ жилийн хугацаагаар Хан-Уул дүүргээс гарахыг хориглох хязгаарлалт тогтоосугай” гэж, 6 дахь заалтыг “Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Т-ээс 5,065,000 төгрөг гаргуулж иргэний нэхэмжлэгч Э.Б-д, 4,024,000 төгрөг гаргуулж иргэний нэхэмжлэгч Б.Б-д, 1,158,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ч.Т-д тус тус олгож, иргэний хариуцагч П.Д-ийн 12,181,200 төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.” гэж өөрчилж, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хяналтын шатны шүүхийн тогтоол эцсийн шийдвэр байх ба уг тогтоолд гомдол гаргахгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Ц.ОЧ
ШҮҮГЧИД Б.АМАРБАЯСГАЛАН
Б.БАТЦЭРЭН
С.СОЁМБО-ЭРДЭНЭ
Б.ЦОГТ