Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 03 сарын 30 өдөр

Дугаар 001/ХТ2018/00504

 

А.Ггийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

  Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч  Б.Ундрах, Г.Цагаанцоож, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

          2017 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 101/ШШ2017/03262 дугаар шийдвэр,

     Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 

          2017 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 2545 дугаар магадлалтай,

          Нэхэмжлэгч: А.Г

          Хариуцагч: “А” ХХК-д холбогдох

       Ажилд эгүүлэн тогтоолгох, олговорт 1.400.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

          Нэхэмжлэгч А.Ггийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

          Шүүгч Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв.

          Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч А.Г, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.О, нарийн бичгийн даргад Г.Наранхүү нар оролцов.

          Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би 2017-01- 20-ны өдрөөс “А” ХХК-ийн Сансар 1 салбарт үйлчлэгчийн ажилд орсон. Ажиллах хугацаанд цалингаа бүрэн авч байгаагүй. 2017-07-06-ны өдрийн 1158 тоот тушаалаар ажил олгогчийн санаачлагаар халсанг зөвшөөрөхгүй байна. Иймд ажилд эгүүлэн тогтоож, 2017-07- 06-ны өдрөөс 2017-10- 18-ны өдөр хүртэл 1.400.000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

       Хариуцагчийн төлөөлөгч хариу тайлбартаа: Нэхэмжлэлийг эс зөвшөөрч байна. А.Г 2017-01-23-ны өдөр манай компанид үйлчлэгчийн ажилд орсон. Нэхэмжлэгч нь  ажиллаж байх хугацаандаа “А” ХХК-ийн  мөрддөг дүрэм журмыг зөрчиж ажлын цаг ашиглалт болон ажил тасалсан шалтгаанаар сахилгын шийтгэл, зөрчлийн хуудас авч байсан. А.Г 2017-06-28-ны өдрөөс 2017-07- 05-ны өдрийг дуустал  6 өдрийн ажил тасалсан. Ажлаас халсан тухай  тушаалыг танилцуулахад А.Г ямар нэгэн тайлбар өгөөгүй бөгөөд хүндэтгэн үзэх шалтгаантай холбогдуулан   баримт өгөөгүй. А.Ггийн 6 хоног ажил тасалсан үйлдэл нь хөдөлмөрийн гэрээг шууд цуцлах үндэслэл болсон ба өөрийн буруугаа хүлээн зөвшөөрч тойрох хуудсаа авч ажил хүлээлцсэн. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

        Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 101/ШШ2017/03262 дугаар шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасныг баримтлан “А” ХХК-ийн үйлчлэгчийн ажилд эгүүлэн тогтоолгох, олговорт 1,400,000 төгрөг гаргуулах тухай А.Ггийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэсэн байна.

        Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 2545 дугаар магадлалаар Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 101/ШШ2017/03262 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн  гомдлыг хангахгүй орхижээ.

        Нэхэмжлэгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “...Би ажиллах хугацаандаа шалтгаангүй ажил таслаагүй, зөрчил гаргаж байгаагүй, чөлөө зөвшөөрөл авч хариуцлагатай хандаж байсан. Салбарын дарга нарын хооронд ажлаа дутуу зохион байгуулж байснаас би удаа дараа хохироод байна. 2017.06.27-с 28-ны өдрүүдэд 2 тусдаа ажлын байрны 3 үйлчлэгчийн ажиллах орон тоонд ганцаараа ажилласан ба уг ажлыг удирдлагын шийдвэрээр ганцаараа хийсэн. 2017.06.28-нд ажлаа хийж байхад ...дуудан зөрчлийн хуудас бичсэн гээд гарын үсэг зуруулсан. Тэр үед ганцаараа би эрүүл ахуйн шаардлагад нийцэхээр ажиллах буюу ганцаараа ажиллах боломжгүй гэдгээ хэлсэн.  Хүний нөөцийн албанаас ажлын зар тавьсан. Иймд ...бичгээр шийдвэрийг авахаар хүсэлт бичиж өгсөн. Үүний дүнд хүний нөөцийн алба хурал хийн протокол хөтөлсөн. Намайг ажлын хариуцлагаар хална, өөрийн хүсэлтээр гарах өргөдлөө бичиж өгвөл нийгмийн даатгалын дэвтэр дээр чинь бичихгүй, таны цаашдын амьдралыг бодож байна гэж хэлсэн. Би ажлаас гарах өргөдөл бичихгүй гэдгээ хэлсэн, үүний дараа ажлыг хүлээн авсан. Хурал дээр намайг хүндлэхгүй, ажил олгогч өөрийн давуу байдлаа ашиглаад байсан тул протоколд гарын үсэг зураагүй. Ажлаас халсан шийдвэр бидний хооронд маргаантай байгаа. Тус компанид 30-аад үйлчлэгч ажилладаг. Үүнээс би ганцаараа Хөдөлмөрийн хуулийн дагуу 6 дугаар сараас 7 хоногийн 40 цагаар ажиллаж, 1-5 сарын илүү ажилласан цагийн мөнгийг олгохоор болсон. Дээрх байдлаас үзэхэд намайг ажлаас халах сонирхолтой байгаа бөгөөд тушаал, нэхэмжлэлийн хариу тайлбар зэрэгт ажил тасалсан гэж байгаа нь үндэслэлгүй юм. Анхан шатны шүүх хуралдаанд тайлбар авч хэлэлцээд 2017.07.06-ны 1158 тоот тушаалд заагдсан 6 дугаар сарын 28, 29, З0-ны өдрүүдэд ажил тасалсан гээд байгааг 28, 30-ны өдрүүдийг ажил тасалсан гэж тогтоогоогүй. Мөн тушаалд 6 дугаар сарын 21-ний өдрийн 01.48 минут хоцорсныг тогтоогоогүй. 2017.03.10-ны өдрийн 336 тоот сахилгын шийтгэл оногдуулсныг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Учир нь 2017.03.09-нд 2-р сарын 26-ны 20-22 цаг хүртэл илүү цагийн хөлсийг олгохоор ажиллуулсан. Гэтэл 2-р сарын цалинд олгоогүй учраас нөхөж амрахаар чөлөөг н.Мөнхнаран даргад хэлсэн боловч цалин хөлс, цагтай холбоотой асуудлыг хүний нөөцийн алба мэднэ гэснээр хариуцсан менежер н.Эрдэнэтунгалагаас чөлөө авсан. Гэтэл 2017.03.10-нд 2 цагийн чөлөөг салбарын дарга зохицуулдаг гээд надад арга хэмжээ авсан. Үүнийг тухайн үед хүлээн зөвшөөрөхгүй маргаж байгаагаа хэлсэн. Энэ нь 3-р сарын цалин, цагийн бүртгэл, балансад З дугаар сарын 09-ний 2 цаг нь бүтнээр тооцогдож, 3 дугаар сарын ажилласан 13 хоногт ажилласнаар бүртгэгдэж цалингаа авсан. Ийм учраас тус сахилгын шийтгэл баримтаар нотлогдохгүй байгаа. 2017.06 дугаар сард 22 хоног ажиллах ёстой хуваарийн дагуу ажилласан. Байгууллагын удирдлагын шийдвэрээр 3 болон 5 дугаар саруудад албан ёсоор ажлаас халсан гэж ажил хийлгэхгүй байснаас цалин хөлсөөр хохирч байсан. Иймд гомдолд бичигдсэн зүйлүүдийг судлан үзэж, шүүхийн шийдвэрийг хэрэгсэхгүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү.” гэжээ.

ХЯНАВАЛ:

        А.Г 2017 оны 08 дугаар сарын 04-ний өдөр “А” ХХК-д холбогдуулан нэхэмжлэл гаргаж, үйлчлэгчийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговорт 1.400.000 төгрөг гаргуулахыг шаардсан байна.  /хх 1/. Хариуцагч нэхэмжлэлийг зөвшөөрөөгүй маргажээ. /хх 25/

       Анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон, давж заалдах шатны шүүх шийдвэрийг хэвээр үлдээсэн байна. 

       Хяналтын шатны шүүхэд гаргасан нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв. 

        “А” ХХК-ийн захирал 2017 оны 07 дугаар сарын 06-ны өдөр 1158 дугаар тушаал гаргаж, Хөдөлмөрийн тухай хуулийн 38.1.2, 40.1.4, байгууллагын дотоод журмын 8.2.4а, 8.2.4б, хөдөлмөрийн гэрээний 4.4.1, 4.4.2-г үндэслэн “... 2017-06-21-ний өдөр 1 цаг 48 минут ажлаас хоцорсон, 2017 оны 6 дугаар сарын 28, 29, 30-ны өдрүүдэд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил тасалж сахилгын зөрчлийг давтан гаргасан, ажлын хариуцлага алдсан...” гэж А.Гг үйлчлэгчийн ажлаас халсан байна. /хх 5/    

        Ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчил давтан гаргасан тохиолдолд ажил олгогч өөрийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцлах нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т нийцэх юм. 

         Хэрэгт авагдсан баримтаас үзвэл А ХХК-ийн захирал 2017 оны 03 дугаар сарын 10-ны өдөр 336 дугаартай тушаал гаргаж, А.Гд сануулах сахилгын шийтгэл ногдуулсаныг нэхэмжлэгч эс зөвшөөрч маргаагүй, уг тушаал гарснаас хойш   2017 оны 06 дугаар сард ажил үүргээ гүйцэтгээгүй дахин зөрчил гаргасан нь тогтоогджээ.

        Нэхэмжлэгч “А” ХХК-ийн захирлын 2017 оны 1158 дугаар тушаалд заасан зөрчлийг гаргасан нь тогтоогдсон байх тул шүүх А.Ггийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй байна.   

        Хоёр шатны шүүх нэхэмжлэлийн шаардлага, хариуцагчийн тайлбар бүрийн талаар  дүгнэлт хийхдээ Хөдөлмөрийн тухай хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу явуулсан байх тул шийдвэр, магадлалыг хэвээр үлдээв.  

        Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ :

        1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 101/ШШ2017/03262 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 2545 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхисугай. 

        2. Нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлөөгүй болохыг дурдсугай.

                                 ТАНХИМЫН ТЭРГҮҮН                           Х.СОНИНБАЯР

                                  ШҮҮГЧ                                                     Б.УНДРАХ