| Шүүх | Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Бямбын Алтанцэцэг |
| Хэргийн индекс | 149/2019/00043/Э |
| Дугаар | 00040 |
| Огноо | 2019-03-15 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Н.Дүүрэнжаргал |
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 03 сарын 15 өдөр
Дугаар 00040
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын шүүхийн Ерөнхий шүүгч Б.Алтанцэцэг даргалж явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар:
Нарийн бичгийн дарга С.Төртулах
Улсын яллагч Н.Дүүрэнжаргал
Шүүгдэгч У.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийв.
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын зөвлөх Н.Дүүрэнжаргалаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Шанх ургийн овогт Улам-Өрнөхийн Бд холбогдох эрүүгийн 1932000000047 тоот эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1988 оны 03 дугаар сарын 18-ны өдөр Өмнөговь аймаг Цогтцэций суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, * оршин суух хаягтай, 1 удаагийн ял шийтгэлтэй,
Төв аймгийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн № 369 тоот шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгүүлж, 1 жилийн хугацаар тэнссэн, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Шанх овогт Улам-Өрнөхийн Б. /РД: */
Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэнд дурьдсанаар:
Шүүгдэгч У.Б нь Сэлэнгэ аймгийн Мандал сумын 7 дугаар баг, Нарангийн № 10 тоотод 2019 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 14 цагийн орчимд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ иргэн Б.Чзтой маргаж, улмаар шилэн саваар толгойн тус газарт цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Тодорхойлох нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч У.Б мэдүүлэхдээ: хийсэн хэрэгтээ гэмшиж гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хөнгөн ял шийтгэж өгнө үү дахин гэмт хэрэг үйлдэхгүй байж чадна гэх мэдүүлэг болон талуудын шинжлэн судалсан нотлох баримт болох
Хохирогч Б.Чз мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгт: …“...2019 оны 02 дугаар сарын 19-ний өдөр 15 цагийн үед би гэр рүүгээ орох гэж байгаад арын айлд байдаг залуутай тааралдсан юм. Тэр өмнө харж байсан зүс танидаг юм. Тэгээд тэр өдөр би гэр рүүгээ 0.75 граммын нэг шил архи, нэг ундаатай хамт аваад явж байсан юм. Тэгээд тэр залуутай мэндэлсэн чинь шартсан дотор муу байгаа талаараа надад ярихаар нь би манайд орж хамт нэг шил архи уухуу гэж асуусан чинь зөвшөөрөөд манай гэрт хамт орсон. Тэгээд манай гэрт хоёулаа нэг шил архиа хувааж уугаад юм яриад сууж байгаад тэр Б гэх залуу цай хийдэг шилэн савыг аваад аяга руугаа цай хийх гэж байгаад гэнэт тэр саваараа миний толгой руу цохисон юм. Тэгээд би арагшаа саваад газар унасан чинь нөгөө шилэн савны хагархай бариулыг барьчихсан ахиад намайг цохих гээд дээрээ дайрсан. Тэгэж байгаад миний мөр рүү нэг удаа зоож гэмтээсэн. Тэгээд би доороос нь өөрийг нь цохиж холдуулаад гэрээс гарч зугтаасан. Миний хувьд гомдол санал байхгүй. Шүүх хуралдаанд оролцох боломжгүй байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 03, 13-15 дугаар хуудас/
2019 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн Шүүх эмнэлэгийн үзлэг хийсэн акт № 48 дугаартай Шинжээчийн дүгнэлтэнд: ...
1.Чзийн биед дух, баруун эгэмэнд шарх, цээжинд зулгаралт гэмтэл тоггоогдлоо.
2.Дээрх гэмтэл нь хурц ир үзүүртэй болон хатуу мохоо хүчин зүйлийн нэгээс дээш удаагийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.
3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй гэх дүгнэлт /ХХ-ийн 10 дугаар хуудас/
Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон баримтууд: Иргэний үнэмлэхний хуулбар /ХХ-ийн 20 дугаар хуудас/, шүүгдэгчийн хурууны хээний дардас /ХХ-ийн 22 дугаар хуудас/, шүүгдэгчийн ял шийтгэгдсэн эсэх талаарх ял шалгах хуудас /хх-ийн 24 дүгээр хуудас/, шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 25-31 дүгээр хуудас/, Сэлэнгэ аймгийн Мандал сумын 1 дүгээр багийн нийгмийн ажилтны тодорхойлолт /хх-ийн 36 дугаар хуудас/, хохирогч Б.Чзийн гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй тухай хүсэлт /хх-ийн 40 дугаар хуудас/, шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлд “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасныг баримтлан шүүгдэгч нарын гэм буруугийн асуудлыг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор дараах байдлаар хянан шийдвэрлэлээ.
Шүүгдэгч У.Б нь Сэлэнгэ аймгийн Мандал сумын 7 дугаар баг, Нарангийн № 10 тоотод 2019 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 14 цагийн орчимд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ иргэн Б.Чзтой маргаж, улмаар шилэн саваар толгойн тус газарт цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:
Хохирогч Б.Чзийн мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /ХХ-ийн 03, 03-15 дугаар хуудас/, 2019 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн Шүүх эмнэлэгийн үзлэг хийсэн акт №48 дугаартай дүгнэлт /ХХ-ийн 10 дугаар хуудас/, шүүгдэгч У.Бын мөрдөн байцаалтанд хэргээ хүлээн өгсөн мэдүүлэг /хх-ийн 04, 17 дугаар хуудас/ болон тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудаар нотлогдож байна гэж шүүх дүгнэв.
Шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримт болох шүүгдэгчийг сэжигтэн, яллагдагчаар мөн хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хуулийн шаардлага хангасан, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих мэдлэг, дадлага туршлагатай, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч гаргасан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.
Прокуророос шүүгдэгч У.Быг архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ иргэн Б.Чзтой маргаж, улмаар шилэн саваар толгойн тус газарт цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь тохирсон байна гэж үзлээ.
Шүүгдэгч У.Б нь гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч байгаа болно.
Иймд шүүгдэгч У.Быг Сэлэнгэ аймгийн Мандал сумын 7 дугаар баг, Нарангийн № 10 тоотод 2019 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 14 цагийн орчимд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ иргэн Б.Чзтой маргаж, улмаар шилэн саваар толгойн тус газарт цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан, эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн, ялыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлууд болон прокурорын саналыг харгалзан түүнийг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу (1 нэгж=1000 төгрөг) 500.000 /Таван зуун мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэл оногдуулж, оногдуулсан ялыг 04 сарын хугацаанд буюу сард 125.000 төгрөгийг хэсэгчлэн төлөхөөр тогтоох нь зүйтэй байна.
Хохирогч Б.Чз нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул энэ хэрэгт хэлэлцэгдэх хохирол төлбөргүй байна гэж дүгнэв.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, У.Бд өмнө авсан бусдын батлан даалтанд байлгах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээх зэргийг тус тус дурьдаад
Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг,36.3 дугаар зүйлийн 1,3,36.5 дугаар зүйлийн 2, 36.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг. 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Шанх овогт Улам-Өрнөхийн Быг бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан У.Быг 500 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 500000 /Таван зуун мянган/ төгрөгөөр торгож шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5 дугаар зүйлийн 3 дах хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 500.000 төгрөгөөр торгох ялыг 04 сарын хугацаанд буюу нэг сард 125.000 төгрөгийг хэсэгчлэн төлөхийг шүүгдэгч У.Бд даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дах хэсэгт зааснаар У.Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэлцэгдэх төлбөргүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдсугай.
6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүхийн тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.
7. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол У.Бд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуульд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах давж заалдах гомдлоо шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.АЛТАНЦЭЦЭГ.