| Шүүх | Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Бямбын Алтанцэцэг |
| Хэргийн индекс | 149/2019/00039/Э |
| Дугаар | 00034 |
| Огноо | 2019-03-07 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Н.Дүүрэнжаргал |
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 03 сарын 07 өдөр
Дугаар 00034
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын шүүхийн Ерөнхий шүүгч Б.Алтанцэцэг даргалж явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар:
Нарийн бичгийн дарга С.Төртулах
Улсын яллагч Н.Дүүрэнжаргал
Шүүгдэгч Ш.Л нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийв.
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын зөвлөх Н.Дүүрэнжаргалаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Авид овогт Ширнэнгийн Лид холбогдох эрүүгийн 1932000220039 тоот эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн 1984 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал суманд төрсөн, 35 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, * оршин суудаг, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Авид овогт Ширнэнгийн Л. РД./*/
Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэнд дурьдсанаар:
Шүүгдэгч Ш.Л нь Сэлэнгэ аймгийн Мандал сумын 5 дугаар баг Түнхэл тосгоны Хараагийн хэсэг Цэцэрлэгт хүрээлэнгийн хашааны орчимд 2019 оны 01 дүгээр сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө иргэн М.Абыг хутгалж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Тодорхойлох нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ш.Л мэдүүлэхдээ: гэм буруугаа хүлээн зөвшөөрч хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хөнгөн ял шийтгэж өгнө үү гэх мэдүүлэг болон талуудын шинжлэн судалсан нотлох баримт болох
Хохирогч М.Аб мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгт: … “...2019 оны 01 дүгээр сарын 29- ний өдөр Мс, Мэ нар болон өөдөөс ирдэг 2 залуу бид 5 том савтай 2.5 литрийн савтай пиво хувааж уугаад пиво нь дууссаад бид нар Амгалан ахын гэрээс гараад Мэ бид 2 нөгөө өөдөөс ирдэг 2 залуугийн намхан залууг нь гэрт нь хүргэж өгөх гээд цэцэрлэгт хүрээлэнгийн хашаан дундуур яваад Мэ нөгөө залууг орхиод эргээд алхахаар нь би эргээд Мөнх-Эрдэний араас алхаад цэцэрлэгт хүрээлэнгийн хашаан дунд алхаж байсан чинь нөгөө залуу миний араас гүйж ирээд миний ар нуруулуу зохих шиг болсон тэгээд би эргэж хараад бариад авсан чинь миний гар цус болсон байхаар нь би Мөнх- Эрдэнэд наадах чинь намайг хутгалчихлаа гээд хэлсэн. Тэгээд Мэ надад дээр ирсэн нэг мэдсэн Эмнэлэг дээр ирсэн байсан. Миний цээжинд 1 удаа, хэвлий хэсэгт 2 удаа, нуруу хэсэгт 2 удаа хутгалсан байна лээ. Зүүн гарын эрхий хурууны салаа завсар үүсгэгдсэн шархтай. Би гомдолтой байна. Эмнэлэгт хэвтэж эмчлүүлж байгаа тул эмчилгээний зардалаа төлүүлэх шаардлагатай байна” гэх мэдүүлэг /хх-ийн 14-18 дугаар хуудас/
Гэрч Т.Ббын мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгт: … Би Амгалан ахын гэрээс гараад Мстай хамт Түнхэлийн төв зам дээр юм яриад зогсож байсан чинь урдаас Л ах гүйж ирээд “Би хүн алчихлаа, хэргээ хүлээе” гээд согтуу орилоод ирэхээр нь Мс бид хоёр Л ахыг дагуулаад саад дотор орсон чинь урдаас Мэ гарч ирээд Л ах руу “Чи хүн алчихлаа шүү дээ” гэж хэлж Л ахыг барьж аваад газарт унагаагаад дээр нь гарч суусан. Тэгээд Мэ Л ахаас хутгыг нь булааж аваад надад өгч “Энэ хутгыг аваадах” гэж хэлэхээр нь би “Би наад хутгыг чинь яах юм бэ” гэж хэлсэн чинь Мэ надад “Ямар ч байсан хутгыг нь авчих” гэж хэлсэн. Яг энэ үед Л ахын хадам аав Бэ гуай хашааныхаа үүднээс сааданд байсан бид нар руу гэрэл тусгаад “Хөөе Лг” гэж хашгирахаар нь би хутгыг нь аваад Бэ гуайд өгч “Лхагва ах хүн хутгалчихжээ” гэж хэлээд өгсөн. Бэ гуай тэр хутгыг аваад хог хаядаг чиргүүлийн дээр үнсэн дээр тавьсан. Би эргэж очоод Мэ, Мс, Л ахын эхнэр Сувдаа нарын хамт Абыг өргөж Түнхэл тосгоны эмнэлэг дээр ирсэн. Би хэргийн гаррын үзлэгт оролцсон, хэргийн газрын үзлэг хийх явцад илэрч олдсон голоороо хоёр хуваагдсан хутга нь Абыг хутгалсан хутга яг мөн байна. Энэ хутгыг Мөнх- Эрдэнэ Л ахаас булааж авах үедээ голоор нь хоёр хэсэг болгож хуваасан байсан. Би энэ хутгыг Бэ гуайд өгөх үед голоороо хуваагдсан байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 21-22-р хуудас/
Гэрч Б.Бэын мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгт: … “.. Би шөнө босч бие засдаг хүн тэгэээд 2019 оны 01 дүгээр сарын 30-нд шилжих шөнө 02:00 цагийн орчим гарч бие засахад манай хүргэн Л согтуу гэрлүүгээ орж яваа харагдсан. Тэгээд би бие засаад эргээд гэртээ орсон чинь манай хүргэн Л гэрт байхгүй байсан. Би хашааны үүдэнд гарч саад руу гар чийдэн тусгаж харахад баахан залуучууд ноцолдож байсан тэгтэл миний урдаас Бб гэх өндөр биетэй залуу “Танай хүргэн хүн хутгалчихпаа, хутга нь энэ байна” гэж хэлээд надад хутга өгтөл би тэр хутгын хартал манай гэрийн хоолны шургуулганд байдаг хар иштэй хутга мөн байсан. Манай тэр хутгыг голоор нь хугалчихсан байсан. Би гэрэл тусгаж харахад цус харагдаагүй учраас гэрийн хашаанд байдаг дээр нь хог ачдаг тракторын чиргүүлийн дээрх үнсэн дээр тавьсан. Өнөө өглөө 08:00 цаг өнгөрч байхад хутга тавьсанаа мартаад нөгөө хогтой чиргүүл нь дээр үнсээ асгачихсан байна лээ. Үнсээ ухаж байж дотроос нь хугарсан хутгыг олж цагдаагийн алба хаагчид хүлээлгэн өгсөн” гэх мэдүүлэг /хх-ийн 23 дугаар хуудас/
Гэрч Б.Мэ мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгт:… “.. Аб бид хоёр Лийг хашааны гадаа нь хүргэж өгөөд буцаад Бб, Мс хоёрлуу явсан. Аб миний ардаас явж байсан би Абоос түрүүлээд явж байсан чинь Аб орилсон тэгэхээр нь би буцаад гүйгээд Аб дээр очсон чинь Аптанболор намайг хутгалчихлаа гэчихсэн газар хэвтэж байсан. Тэгэхээр нь Лийг яаж байгаа юм гэсэн чинь Лийн гарт хутга байсан. Тэгхээр нь би Лийг түлхэж унагаад хутгыг нь гарнаас нь булааж аваад дундуур нь хуга дараад Ббод өгсөн. Тэгээд Аб дээр очоод босгож аваад эмнэлгэрүү явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 24 дүгээр хуудас/
Гэрч Б.Мс мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгт:… “..Амгалангийн гэрээс гарсан чинь Лг нилээн согтуу байхаар нь Аб, Мэ хоёр гэрт нь хүргэж өгөхөөр явсан. Бб бид хоёр төв зам дээр юм яриад зогсож байсан чинь Лхагва би хүн алчихлаа гээд Бб бид хоёр дээр гүйгээд ирсэн. Юу болсон бол гээд Лгг дагуулаад Аб, Мэ хоёр дээр очсон чинь Аб намайг хутгалчихлаа гээд гараа харуулсан чинь гар нь цус болсон байсан. Тэгээд Эмнэлэг, цагдаад дуудлага өг гээд Абыг эмнэлэгт хүргэсэн.” гэх мэдүүлэг /хх-25-26 дугаар хуудас/
2019 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлэгийн шинжилгээ № 1944 дугаартай Шинжээчийн дүгнэлтэнд: ...
1.М.Абын биед цээж, хэвлий, нуруунд шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь ир үзүүртэй олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
2.Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4.Хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй гэх дүгнэлт /ХХ-ийн 30 дугаар хуудас/
Хэргийн газрын үзлэг хийсэн тухай тэмдэглэл, схем зураг, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 6-12 дугаар хуудас/
Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон баримтууд: Шүүгдэгчийн хурууны хээний дардас /ХХ-ийн 43 дугаар хуудас/ шүүгдэгчийн ял шийтгэгдсэн эсэх талаарх ял шалгах хуудас /хх-ийн 41 дүгээр хуудас/, Иргэний үнэмлэхний хуулбар /ХХ-ийн 40 дүгээр хуудас/, яаралтай тусламжийн хуудас /хх-ийн 46 дугаар хуудас/, хохирогч М.Абын ирүүлсэн хохирлын баримтууд /хх-ийн 55-57 дугаар хуудас/, шүүгдэгчийн хохирол төлсөн тухай баримт болон хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлд “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасныг баримтлан шүүгдэгч нарын гэм буруугийн асуудлыг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор дараах байдлаар хянан шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Ш.Л нь Сэлэнгэ аймгийн Мандал сумын 5 дугаар баг Түнхэл тосгоны Хараагийн хэсэг Цэцэрлэгт хүрээлэнгийн хашааны орчимд 2019 оны 01 дүгээр сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө иргэн М.Абыг хутгалж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:
Хохирогч М.Абын мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /ХХ-ийн 14-18 дугаар хуудас/, Гэрч Т.Ббын мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /ХХ-ийн 21-22 дугаар хуудас/, Гэрч Б.Бэын мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /ХХ-ийн 23 дугаар хуудас/, Гэрч Б.Мөнх-Эрдэнийн мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /ХХ-ийн 24 дүгээр хуудас/, Гэрч Б.Мсы мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /ХХ-ийн 24 дүгээр хуудас/, 2019 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн Шүүх эмнэлэгийн үзлэг хийсэн акт №1944 дугаартай дүгнэлт /ХХ-ийн 30 дугаар хуудас/, шүүгдэгч Ш.Лийн мөрдөн байцаалтанд хэргээ хүлээн өгсөн мэдүүлэг /хх-ийн 19-20, 38-39 дугаар хуудас/ болон тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудаар нотлогдож байна гэж шүүх дүгнэв.
Шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримт болох шүүгдэгчийг сэжигтэн, яллагдагчаар мөн хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хуулийн шаардлага хангасан, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих мэдлэг, дадлага туршлагатай, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч гаргасан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.
Прокуророос шүүгдэгч Ш.Лийг хүндрүүлэх бүрэлдэхүүнтэйгээр буюу олон тооны шарх үүсгэн, онц харгис хэрцгийгээр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь тохирсон байна гэж үзлээ.
Иймд шүүгдэгч Ш.Л нь Сэлэнгэ аймгийн Мандал сумын 5 дугаар баг Түнхэл тосгоны Хараагийн хэсэг Цэцэрлэгт хүрээлэнгийн хашааны орчимд 2019 оны 01 дүгээр сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө хүндрүүлэх бүрэлдэхүүнтэйгээр буюу олон тооны шарх үүсгэн, онц харгис хэрцгийгээр иргэн М.Абыг хутгалж эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан, эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн, ялыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлууд болон прокурорын саналыг харгалзан түүнийг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу (1 нэгж=1000 төгрөг) 600.000 /Зургаан зуун мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэл оногдуулж, оногдуулсан ялыг 05 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоох нь зүйтэй байна.
Мөн хохирогч М.Аб нь уг гэмтлийн улмаас цаашид зайлшгүй эмчлүүлэхэд гарах болон гарсан зардлаа тухай бүрд нь нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжилж шийдвэрлүүлэх эрхтэй болохыг шийтгэх тогтоолд тусгаж өгөх нь зүйтэй байна.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 29 см урттай, 15 см урттай ажлын хэсэгтэй, 2 см өргөнтэй, иш нь 14 см урттай, 1 см зузаантай дундуураа хугарсан хар иштэй хутга 1 ширхэгийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, Ш.Лид өмнө авсан бусдын батлан даалтанд байлгах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээх зэргийг тус тус дурьдаад
Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг,36.3 дугаар зүйлийн 1,3,36.5 дугаар зүйлийн 2, 36.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг. 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Авид ургийн овогт Ширнэнгийн Лийг хүндрүүлэх бүрэлдэхүүнтэйгээр буюу олон тооны шарх үүсгэн, онц харгис хэрцгийгээр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан Ш.Лийг 600 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 600000 /Зургаан зуун мянган/ төгрөгөөр торгож шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5 дугаар зүйлийн 3 дах хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 600,000 төгрөгөөр торгох ялыг 05 сарын хугацаанд ар бүр 120000 төгрөгийг хэсэгчлэн төлөхийг шүүгдэгч Ш.Лид даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дах хэсэгт зааснаар Ш.Л нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн 29 см урттай, 15 см урттай ажлын хэсэгтэй, 2 см өргөнтэй, иш нь 14 см урттай, 1 см зузаантай дундуураа хугарсан хар иштэй хутга 1 ширхэгийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах, хэлцэгдэх төлбөргүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг дурдсугай.
6.Хохирогч М.Аб нь уг гэмтлийн улмаас цаашид зайлшгүй эмчлүүлэхэд гарах болон гарсан зардлаа тухай бүрд нь нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжилж шийдвэрлүүлэх эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүхийн тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.
8. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Ш.Лид өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуульд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах давж заалдах гомдлоо шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.АЛТАНЦЭЦЭГ.