Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 07 сарын 27 өдөр

Дугаар 00120

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Ерөнхий шүүгч Б.Алтанцэцэг даргалж, явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар:

 

Нарийн бичгийн дарга                                Д.Соёлзул

Улсын яллагч                                              Э.Гантулга

Шүүгдэгчийн өмгөөлөгч                              С.Сувдаа

Хохирогчийн өмгөөлөгч                              Ж.Энхжаргал

           Шүүгдэгч                                                     Э.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийв.

 

  Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх Э.Гантулгаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дах хэсгийн 2.1 дэх хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Энх-Амгалангийн Бт холбогдох 1932000000071 тоот эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

 

        Шүүгдэгчийн биеийн байцаалт:

  Монгол Улсын иргэн, 1995 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр Сэлэнгэ аймгийн Ерөө суманд төрсөн, 24 настай, эмэгтэй, Бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Энэ хэрэгт холбогдох үедээ Илшгүй нэртэй барьцаалан зээлдүүлэх газарт ломбардны ажилтнаар ажиллаж байсан, *тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, улсаас авсан гавъяа шагналгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай.

Боржигон овогтой Энх-Амгалангийн Б. /РД: */

 

Тодорхойлох нь:

 

        Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэнд дурьдсанаар:

        Шүүгдэгч Э.Б нь 2018 оны 05 дугаар сарын 04-ний өдрөөс 2019 оны 03 дугаар сарын 07-ны өдрийг хүртэлх хугацаанд Сэлэнгэ аймгийн Мандал сумын 7-р багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг “Илшгүй” нэртэй барьцаалан зээлдүүлэх газарт гэрээний үндсэн дээр барьцаалан зээлдүүлэгчээр ажиллаж байх хугацаандаа албан тушаалын байдлаа ашиглан хуурамч эд зүйлсээр хуурамч 88 ширхэг барьцаалан зээлдүүлэх гэрээ үйлдэж бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө болох өдөр тутмын гүйлгээний мөнгөнөөс завшиж 14.892.000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

 Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 Шүүгдэгч Э.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: ... Би 2018 оны 01 дүгээр сарын 03-ны өдрөөс “Илшгүй” ламбарданд ажилтнаар орж ажилласан. 2018 оны 05 дугаар сарын 04-ны өдрөөс эхлээд 2019 оны 03 дугаар сарын 07-ны өдөр хүртэл 88 ширхэг хуурамч  баримт үйлдэж Эт эгчийн явуулсан мөнгөгөөс авч хэрэглэж байсан. Анх ажилд ороход хөдөлмөрийн гэрээ хийгээгүй хэрэг гарсны дараа буюу 2019 оны 03 дугаар сарын 10-ны өдөр намайг загнаж байгаад хөдөлмөрийн гэрээн дээр гарын үсэг зуруулсан. Надад эхний 3 сар 250000 төгрөгний цалин өгнө гэж хэлсэн 4 дэх сараас цалин нэмэгдэнэ гэж хэлсэн тэхсэн хөдөлмөрийн гэрээгээ уншиж үзэхэд 1 жил туршилтын ажилтан гэж бичсэн байсан. Тэгээд би 4 сараас миний цалинг нэмэр юмуу гэхэд эргэлт муу байна эргэлтээ сайжирхаар цалинг чинь нэмнэ гэсэн боловч цалин нэмэгдээгүй /уйлав/ би энэ хэргийг хийсэндээ үнэхээр харамсаж байгаа гэх мэдүүлэг болон талуудын шинжлэн судалсан нотлох баримт болох

 

     Хохирогч, иргэний нэхэмжлэгч Д.Эт өгсөн мэдүүлэгтээ:…...“... Манай нөхөр Эш бид хоёр Сэлэнгэ аймгийн Мандал сумын 7-р баг Азын нахиа эмийн сангийн 2-р давхарт “Илшгүй” нэртэй ломбард ажиллуулдаг. Тэгээд 2018 оны 01 дүгээр сарын эхээр Э.Б гэдэг хүүхнийг ломбардны ажилтнаар авч ажиллуулсан. Э.Бийг ажилд аваад дараах эрх үүргийг олгосон. Илшгүй ломбардны барьцаат зээлийн гэрээг хийх, Барьцаат зээл үйлдэхээр ирсэн иргэдийн үнэт эдлэлийг үнэлж зээрийн гэрээ хийх, зээлийн гэрээ хийсэн иргэдэд мөнгө олгох, хүү алдангийн мөнгө тооцож авах, барьцаат зээлийн тооцоогоо төлж байгаа иргэдээс мөнгө хүлээн авах, үнэт эдлэлийг буцааж өгөх, барьцааны үнэт эдлэлийг битүүмжлэх, хадгалах сэйфэнд хийх, сэйф, ажлын байрны түлхүүр, дохиоллын системийн удирдлага биедээ авч явах зэрэг эрхүүдийг олгосон. Харин орлого, зарлагын тооцоог өдөр бүр надтай, миний гар утсанд мэссэж илгээж, үлдэгдэл мөнгийг өдөр бүр миний дансанд хийж байхыг үүрэг болгож аман хэлцэл хийсэн. Б сэжигтэй санагдаад орлого муудаад барьцаанд тавьсан зүйлүудээ хүмүүс эргүүлж авахгүй болохоор нь 2019 оны 03 дугаар сарын 09-ний өдөр битүүмжилсэн хугацаа хэтэрсэн үнэт эдлэлүүдийн цаасан дугтуйг задалж үзэхэд хуурамч эдлэл хуурамч барьцаат зээлийн гэрээ хийж биднийг мэхэлж байсан. Э.Бийг өөрийг нь дуудаж ярилцахад өөрийн үйлдсэн хэргээ бидэнд хүлээсэн. Нийт 88 ширхэг барьцаат зээлийн гэрээг хуурамчаар үйлдэж биднийг мэхэлж 18.291.936 төгрөгний хохирол учруулсан байна...” гэсэн мэдүүлэг/ХХ-ийн 102-104-р хуудас/

 

             Гэрч Д.Эш өгсөн мэдүүлэгтээ:... “... 2018 оны 01 дүгээр сарын эхэнд Э.Б гэдэг хүүхнийг манай эхнэр олж ломбардны ажилтнаар авч ажиллуулж эхэлсэн. Э.Бийн өдөрт хэрэглэх буюу барьцаат зээлийн гэрээ хийж үнэт эдлэл барьцаанд тавьсан хүнд олгох'мөнгийг манай эхнэр Д.Эт өөрийн данснаасаа Э.Бийн данс руу шилжүүлдэг байсан. Э.Б өдөрт зарцуулсан мөнгө, орлого, зарлагынхаа тооцоог зөвхөн манай эхнэр Этруу мэссэжээр явуулдаг байсан. Тэгтэл 2019 оны 03 дугаар сарын 09-ний өдөр манай эхнэр Д.Эт Э.Бийг барьцаат зээлийн гэрээг хуурамчаар үйлдэж, хуурамч эд зүйлүүд барьцаалж байсныг тогтоож надад хэлсэн. Тийм учраас би цагдаагийн байгууллагад хандсан. Энэ хэрэгт манай эхнэр Д.Эт хохирогчоор оролцох болно. Учир нь манай эхнэр Д.Эт мөнгө өгдөг , тооцоо хийдэг байсан ...” гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 129-130-р хуудас/

 

             Гэрч С.Дм өгсөн мэдүүлэгтээ:... “...Би Илшгүй ломбарданд ганц л удаа эд зүйл барьцаалан зээл авч байсан. Өөр зүйл барьцаанд тавьж байгаагүй...” гэсэн мэдүүлэг /ХХ-ийн135-р хуудас/

 

             Гэрч Г.Аб өгсөн мэдүүлэгтээ:... “...Би Илшгүи ломбардаар нийт хоёр удаа л үйлчлүүлж байсан. Би Д.Этг ломбардаа ажиллуулж байхад нь монетон ээмэг, Э.Бийг Илшгүй ломбардыг ажиллуулж байха үед нь хоёр ширхэг гар утас барьцаанд тавьж байсан...” гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 139-р хуудас/

 

              Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн. 2019 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн № 2681 дугаартай Шинжээчийн дүгнэлт:...

             

              Асуулт:1.Шинжилгээнд хүргүүлсэн шар өнгөтэй 33 ширхэг металл бөгж, 38 ширхэг хос ээмэг, 3 ширхэг өрөөсөн ээмэг, 30 ширхэг металл гинж, 15 ширхэг кулон зэрэг эд зүйлс нь ямар найрлагатай, ямар төрлийн металлаар хийгдсэн байна вэ?

              Асуулт:2.Дээрх шинжилгээний объектууд алт болон монетон эдлэл мөн үү?.

             Хариулт:1. Шинжилгээнд ирүүлсэн 30 ширхэг металл гинжнүүд нь төмөр, зэс болон никел металлаар хийгдсэн төмөр, гуулин гинжнүүд байна, Шинжилгээнд ирүүлсэн 16 ширхэг металл кулонууд нь зэс болон никел металлаар хийгдсэн гуулин кулонууд байна, Шинжилгээнд ирүүлсэн 1-7, 9-16,18-33 гэж дугаарласан бөгжнүүд нь зэс болон никел металлаар хийгдсэн гуулин бөгжнүүд байна, 8,17 гэж дугаарласан 2 ширхэг гинж нь мөнгөний металлаар хийгдсэн мөнгөн гинж байна, Шинжилгээнд ирүүлсэн 1 -29, 31 -38 гэж дугаарласан хос ээмэгнүүд нь зэс болон никел металлаар хийгдсэн гуулин хос ээмэгнүүд байна, 30 гэж дугаарласан хос ээмэг нь мөнгөний металлаар хийгдсэн мөнгөн хос ээмэг байна, Шинжилгээнд ирүүлсэн 3 ширхэг өрөөсөн ээмэгнүүд нь зэс болон никел металлаар хийгдсэн гуулин ээмэгнүүд байна.

              Хариулт:2. Шинжилгээнд ирүүлсэн 30 ширхэг гинж, 16 ширхэг кулон, 33 ширхэг бөгж, 38 ширхэг хос ээмэг, 3 ширхэг өрөөсөн ээмэг нь алт болон монетон эдлэл биш байна гэх дүгнэлт /Хх-ийн 145-149 дүгээр хуудас/

 

              Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт. /хавтаст хэргийн 08-42 дугаар хуудас/

              Шүүгдэгч Э.Бийн Хаан банк дахь 5111111824, 5750527060 дугаартай дансанд үзлэг хийсэн тэмдэглэл, дансны хуулга баримтууд. /хавтаст хэргийн 43-87 дугаар хуудас/

            Сэлэнгэ аймгийн Мандал сумын Засаг даргын тамгын газрын эд зүйлийн үнэлгээний комиссын 2019 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн Үнэлгээ тогтоосон акт /Хх-ийн 95 дугаар хуудас/

              Хохирлын тооцоо нийлсэн баримтууд /хх-ийн 107-110 дугаар хуудас/

              Д.Эш, шүүгдэгч Э.Бийн нарын хооронд байгуулсан хөдөлмөрийн гэрээний хуулбар /хх-ийн 121-122 дугаар хуудас/

              Шүүгдэгч Э.Бийн хувийн байдал тогтоосон баримтууд болох иргэний үнэмлэхний хуулбар /ХХ-ийн 163 дугаар хуудас/, Сэлэнгэ аймгийн Мандал сумын 2 дугаар багийн засаг даргын тодорхойлолт /ХХ-ийн 162 дугаар хуудас/, хурууны хээний дардас /ХХ-ийг 166 дугаар хуудас/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /ХХ-ийн 164 дүгээр/ зэрэг нотлох баримтууд болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Э.Б нь 2018 оны 05 дугаар сарын 04-ний өдрөөс 2019 оны 03 дугаар сарын 07-ны өдрийг хүртэлх хугацаанд Сэлэнгэ аймгийн Мандал сумын 7-р багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг “Илшгүй” нэртэй барьцаалан зээлдүүлэх газарт гэрээний үндсэн дээр барьцаалан зээлдүүлэгчээр ажиллаж байх хугацаандаа албан тушаалын байдлаа ашиглан хуурамч эд зүйлсээр хуурамч 88 ширхэг барьцаалан зээлдүүлэх гэрээ үйлдэж бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө болох өдөр тутмын гүйлгээний мөнгөнөөс завшиж 14.892.000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх Э.Гантулгаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дах хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн шүүхэд ирүүлжээ.

 

Прокуророос шүүгдэгч Э.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дах хэсгийн 2.1-т зааснаар албан тушаалын байдлаа ашиглаж “бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завших” гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ба шүүгдэгч Э.Б нь хуульд заасан албан тушаалтанд хамаарахгүй бөгөөд 2018 оны 05 дугаар сарын 04-ний өдрөөс 2019 оны 03 дугаар сарын 07-ны өдрийг хүртэлх хугацаанд Сэлэнгэ аймгийн Мандал сумын 7-р багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг “Илшгүй” нэртэй барьцаалан зээлдүүлэх газарт хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр барьцаалан зээлдүүлэгчээр ажиллаж байсан тул улсын яллагчаас “Албан тушаалын байдлаа ашиглаж” бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэж яллаж байгааг шүүх хүлээн авах үндэслэлгүй байна. Харин шүүгдэгч Э.Бийн бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө болох өдөр тутмын гүйлгээний мөнгөнөөс завшиж 14.892.000 төгрөгний хохирол учруулсан гэмт үйлдэл нь “Бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг завшсан” гэх хуулийн зүйл хэсэгт хамаарч байх тул “Хөрөнгө завших” гэмт хэрийг үйлдсэн гэм буруутай гэж үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж шүүгдэгч Э.Бт эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар  “...Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд түүнчлэн Эрүүгийн хууль болон энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэнэ...” зарчмыг баримтлан хэргийг шийдвэрлэх нь зүйтэй гэж үзсэн болно.

Шүүгдэгч Э.Б нь “Бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг завшсан” хуурамч эд зүйлсээр 88 ширхэг барьцаалан зээлдүүлэх гэрээ үйлдэж бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө болох өдөр тутмын гүйлгээний мөнгөнөөс завшиж 14.892.000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

              Хохирогч Д.Этгийн мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /ХХ-ийн 102-104-р хуудас/, Гэрч Д.Эшийн мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /ХХ-ийн 129-130-р хуудас/, Гэрч С.Дмгийн мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /ХХ-ийн 135-р хуудас/, Гэрч Г.Абагийн мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /ХХ-ийн 139-р хуудас/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн. 2019 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн № 2681 дугаартай Шинжээчийн дүгнэлт:.../ХХ-ийн 145-149-р хуудас/, шүүгдэгч Э.Бийн мөрдөн байцаалтанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг болон тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудаар нотлогдож байна гэж шүүх дүгнэв.

Шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримт болох шүүгдэгчийг  яллагдагчаар мөн хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хуулийн шаардлага хангасан, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих мэдлэг, дадлага туршлагатай, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч гаргасан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

Шүүгдэгч Э.Бийн өмгөөлөгч С.Сдаас шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлын ихэнх хэсгийг төлсөн, үлдэгдэл хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн мөн хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү гэх саналыг шүүх хуралдаанд гаргасан.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт .... Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно.. гэжээ.

            Шүүгдэгч Э.Бийн үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан .... Энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон, эсхүл хорих ял оногдуулахаар заагаагүй хөнгөн гэмт хэрэгт хамаарч байгаа боловч шүүгдэгч Э.Б нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлынхоо зарим хэсгийг нөхөн төлөөгүй, нөхөн төлөхөө илэрхийлж байгаа хэдий ч хохирол төлбөр төлөх тухай зөвхөн аман хэлбэрээр илэрхийлсэн, хэзээ яаж төлөх тухай баримтыг ирүүлээгүй байх тул гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн гэж үзэх боломжгүй байх тул өмгөөлөгч С.Сдаас гаргасан саналыг хүлээн авах боломжгүй байна.

 

Иймд шүүгдэгч Э.Бт эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ял оногдуулахдаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хохирол төлбөр бүрэн төлөгдөөгүй зэргийг харгалзан 06 сарын хугацаагаар хорих ял шийтгэл оногдуулах  нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохиролд 5610000 төгрөгийг шүүгдэгч Э.Бээс гаргуулж хохирогч Сэлэнгэ аймийн Мандал сумын 1 дүгээр баг, 96 айлын № 4-87 тоотод оршин суух, Харнууд овогт Дашдондовын Эт /МФ79070601/-д олгох нь зүйтэй байна.

Мөн эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8 дахь хэсэгт зааснаар энэ хэргийн улмаас  Э.Бийн нэр дээр бүртгэлтэй байгаа Сэлэнгэ аймгийн Мандал сумын 3 дугаар баг, Баянбулагийн 2-249 тоотод байрлах  4052 мкв талбай бүхий гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 90 ширхэг барьцаат зээлийн гэрээ, 89 ширхэг цаасан дугтуйг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах, 33 ширхэг метал бөгж, 38 ширхэг хос ээмэг, 3 ширхэг өрөөсөн ээмэг, 30 ширхэг хүзүүний гинж, 16 ширхэг кулоныг шүүгдэгч Э.Бт буцаан олгох, дуу, дүрсний бичлэг бүхий 1ширхэг СД-г хавтаст хэрэгт хадгалах, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хилийн хориг тавигдаагүй, Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Бт өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж энэ өдрөөс эхлэн цагдан хорьж, эдлэх ялыг нь 2019 оны 07 дугаар сарын 24-ний өдрөөс эхлэн тоолох болохыг дурдаад

 

 Монгол улсын Шүүхийн  тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.4 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг,  36.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.7 дугаар зүйлийн 1  дэх хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Боржигон овогт Энх-Амгалангийн Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан” гэмт хэргийн зүйлчлэлээр хөнгөрүүлэн зүйлчилсүгэй.

2.Шүүгдэгч Боржигон овогт Энх-Амгалангийн Бийг бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

3.Шүүгдэгч Э.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 06 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Э.Бт оногдуулсан 06 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

5.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохиролд 5610000 төгрөгийг шүүгдэгч Э.Бээс гаргуулж хохирогч Сэлэнгэ аймийн Мандал сумын 1 дүгээр баг, 96 айлын № 4-87 тоотод оршин суух, Харнууд овогт Дашдондовын Эт /МФ79070601/-д олгосугай.

6.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 90 ширхэг барьцаат зээлийн гэрээ, 89 ширхэг цаасан дугтуйг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах, 33 ширхэг метал бөгж, 38 ширхэг хос ээмэг, 3 ширхэг өрөөсөн ээмэг, 30 ширхэг хүзүүний гинж, 16 ширхэг кулоныг шүүгдэгч Э.Бт буцаан олгох, дуу, дүрсний бичлэг бүхий 1ширхэг СД-г хавтаст хэрэгт хадгалах, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хилийн хориг тавигдаагүй болохыг дурдсугай.    

7.Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8 дахь хэсэгт зааснаар энэ хэргийн улмаас  Э.Бийн нэр дээр бүртгэлтэй байгаа Сэлэнгэ аймгийн Мандал сумын 3 дугаар баг, Баянбулагийн 2-249 тоотод байрлах  4052 мкв талбай бүхий гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгосугай.

            8.Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Бт өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж энэ өдрөөс эхлэн цагдан хорьж, эдлэх ялыг нь 2019 оны 07 дугаар сарын 24-ний өдрөөс эхлэн тоолсугай.

            9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүхийн шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.

10.Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэй.

11.Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Э.Бт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Б.АЛТАНЦЭЦЭГ.