Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 06 сарын 27 өдөр

Дугаар 584

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Болортуяа даргалж,

хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Т.Сарантуяа хөтлөн,

Улсын яллагч: Э.Ундраххэрлэн,

Шүүгдэгч: Г.У нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Тээврийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овгийн Г-ын У-т холбогдох эрүүгийн 1903003880000 дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1998 оны 7 дугаар сарын 09-ны өдөр Сэлэнгэ аймагт төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, хүнд машин механизмын оператор мэргэжилтэй, хувиараа таксинд явдаг, ам бүл 1, Чингэлтэй дүүргийн 3 хороо, 43 байрны 00 тоотод оршин суудаг, урьд ял шийтгэлгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, /           / Б овгийн Г-ын  У

 

Холбогдсон хэргийн талаар: /Прокурорын яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

Б овгийн Г-ын У - нь 2019 оны 4 дүгээр сарын 14-ний шөнө 04 цаг 05 минутын үед Баянгол дүүргийн 00 дугаар хорооны нутаг дэвсгэр, Өгөөжийн уулзварын урд замд Тоёота Приус 20 маркийн 0000 УНК улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 8.9-т заасан “Гэрэл дохио нь дараахь утгатай байна: г/ улаан гэрэл дохио хөдөлгөөнийг хориглоно.”, мөн дүрмийн 8.18. Гэрэл буюу зохицуулагчийн хориглосон дохиогоор жолооч «Зогс-шугам» (1.11 тэмдэглэл буюу 5.32 тэмдэг)-ийн өмнө зогсох бөгөөд хэрэв тийм тэмдэг, тэмдэглэл байхгүй бол тухайн уулзвар, явган хүний гарцын өмнө, бусад газарт тээврийн хэрэгсэл, явган зорчигчийн хөдөлгөөнд саад болохгүйгээр гэрлэн дохио, зохицуулагчийн наана, эсхүл энэ дүрмийн 17.5-д заасны дагуу төмөр замын гармын өмнө зогсоно.” гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч Б.Ц-г мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Шүүгдэгч Г.У-ыг автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар: 

 

Шүүгдэгч Г.У нь 2019 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэр, Өгөөжийн уулзварын замд 0000 УНК улсын дугаартай Тоёота Приус 20 загварын автомашин жолоодож яваад зам тээврийн осол гаргасан үйл баримт хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дараах нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна. Үүнд:

 

Хохирогч Б.Ц-гийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “2019 оны 4 дүгээр сарын 13-наас 14-нд шилжих шөнө 4 цагийн үед циркийн хойд талд байдаг усан оргилуур орох санаатай төмөр замын удирдах газрын зүүн талын уулзварын урд талаар хашааны завсараар гараад явган хүний гарцны урдуур баруунаас зүүн талд чиглэлтэй зам хөндлөн гарч явтал нэг суудлын машин уулзвараар эргэж орж ирээд намайг мөргөсөн. Тэгээд би газар унаад босох гэсэн боловч чадахгүй байсан ба түргэн тусламж ирээд намайг аваад явсан. ...Миний зүүн гар хугарсан гээд шохойдсон, зүүн гараа даахгүй байгаа. Зүүн хөл, шилбэ орчимд хугаралтай…” /хх-ийн 28-30 тал/,

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Б-ны мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Б.Ц- нь 3 настай байхдаа цахилгаан  миненгит тусаад уг өвчний улмаас оюуны хөнгөн хомсдолтой болсон. ...Осол болдог шөнө 2 цагт гэрээс гараад зүүн хараа явж ногоо зөөж магадгүй гэж байсан. Одоо гарны атгаал яс гайгүй болсон. Зүүн хөлийн хугарал одоо бороолж байгаа. ...Жолооч манай дүүгийн гэмтлийн эмнэлэгт хагалгаа хийлгэсэн 1400000 төгрөгийг бэлнээр өгсөн. Мөн цаашдын эмчилгээнд 1600.000 төгрөг бэлэн өгсөн. Одоо гомдол санал байхгүй учир шүүх хуралд оролцохгүй” /хх-ийн 34-35 тал/,

 

Иргэний хариуцагч Г.Т-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “Би У -ын төрсөн эгч нь юм. Би Нэт капитал банк бус санхүүгийн байгууллагын зээлээр Приус-20 загварын 0000 улсын дугаартай автомашиныг 2019 оны 3 дугаар сарын эхээр авч өгсөн ба У- өөрөө таксинд явж мөнгөө төлдөг байсан...” /хх-ийн 42 тал/,

 

Гэрч Д.Э-гийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “2019 оны 4 дүгээр сарын 13-наас 14-нд шилжих шөнө 4 цаг өнгөрч байхад би У-ын хамт түүний автомашинтай гадуур таксинд явж байгаад У Энканто таунаас хүн авна гээд бид хоёр Модны 2-оос Энканто орох гээд Баянгол дүүргийн нутаг Өгөөж ХХК-ны уулзвараар баруунаас зүүн тийш чиглэлтэй явж байгаад гэрлэн дохиотой уулзвараар баруун гар тийш эргэж ороод замын баруун талаас зүүн тийш чиглэлтэй зам хөндлөн гарч байсан хүн мөргөсөн...” /хх-ийн 50 тал/,

 

Шүүгдэгч Г.У-ын мөрдөн байцаалтын шатанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн “...2019 оны 4 дүгээр сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө 04 цагийн үед би 0000 УНК улсын дугаартай Приус-20 маркийн автомашин жолоодоод найз Э-гийн хамт таксинд явж байгаад Энканто таунаас хүн авах гээд Төмөр замын удирдах газрын хойд замаар ертөнцийн зүгээр баруунаас зүүн тийш чиглэлтэй явж байгаад гэрлэн дохиотой уулзвараар баруун гар тийш эргэх гээд явж байтал уулзвар дээр машин байхгүй болохоор нь би улаан гэрлээр баруун гар тийш эргээд ортол машины баганд халхагдаад хүн харагдаагүй гэнэт урд хүн гарч ирээд мөргүүлсэн. Би тэр хүнийг мөргөөд шууд тормосоо гишгээд зогссон. Явган зорчигч машины урд унасан байсан ба босч чадахгүй байна гээд хэвтэж байхаар нь би өөрөө 103, 102-луу шууд дуудлага өгсөн. Тэгээд түргэн тусламж ирээд явган зорчигчийг аваад явсаны дараа замын цагдаагийн бүрэлдэхүүн ирж ослын газар үзлэг хийсэн...” /хх-ийн 74-75 тал/ гэх мэдүүлгүүд,

 

Зам тээврийн осол, хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, осол хэрэг гарсан газар дээр давтан хийсэн хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 11, 14-15 тал/

 

Жолооч Г.У-ын согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /хх-ийн 17 тал/,

 

Эд мөрийн баримтаар хураан авсан камерын бичлэг бүхий Сиди, уг бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 22-23 тал/,

 

Ө-ны баруун урд уулзварын гэрлэн дохионы горим /хх-ийн 63 тал/,

 

Хүний, биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 0000 дугаартай “...Б.Ц-гийн биед зүүн атгаал ясны хүзүү хэсгийн далд хугарал, зүүн шилбэний шаант, тахилзуур ясны дээд төгсгөлийн үе дайрсан далд хугарал, баруун шилбэнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх ба хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэх шинжээч эмчийн дүгнэлт /хх-ийн 53 тал/,

 

Сонгинохайрхан техникийн хяналтын үзлэгийн төвийн 00000 дугаартай “...Уг автомашин нь ерөнхий байдал, иж бүрдлийн хувьд стандартын шаардлага хангаж байна. Уг тээврийн хэрэгслийг Швед улсад үйлдвэрлэгдсэн EWJ тоног төхөөрөмж дээр шалгаж үзэхэд урд тэнхлэгийн хажуу гулсалтын хазайлтын хэмжээ 2,5 мм байгаа нь стандартын шаардлага хангаж байна (стандарт +-5mm хүртэл).

Урд дугуйн тоормосны хүч зүүн талдаа 2,9 кН, баруун талдаа 3,1 кН, зөрүү нь 6,45% (стандарт <20%) буюу тоормосны хүчний зөрүү стандартын шаардлага хангаж байна, хойд дугуйн тоормосны хүч зүүн талдаа 1,9 кН, баруун талдаа 1,7 кН, зөрүү нь 10,53% (стандарт <30%) буюу тоормосны хүчний зөрүү стандартын шаардлага хангаж байна. Зогсоолын тоормос зогссон. Жолооны механизм, явах эд анги, дуут дохио, салхины шил, шил арчигч, дугуй бүрэн хэвийн ажиллагаатай. Ухрах арааны гэрэл, оврын гэрэл, дохионы гэрэл ажиллахгүй байна. Энэ эвдрэл гэмтэл нь зам тээврийн ослын өмнө ашиглалтын явцад үүссэн. Энэ эвдрэл гэмтэл нь зам тээврийн осол гарахад нөлөөлөхгүй. Тоормосны шингэн системтэй, цахилгаан удирдлагатай. Тоормоз бүрэн ажиллаж байна. Тоормосны шингэн системтэй, цахилгаан удирдлага нь тоормоз гишгэх үед тоормозны мөр зам дээр тасалдсан байдлаар үүснэ...” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 56-61 тал/,

 

Мөрдөгчийн 248 дугаар “Явган зорчигч Б.Ц- нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 5.12 явган зорчигчид дараах зүйлийг хориглоно: а/ үзэгдэх хүрээнд явган хүний гарцтай замын гарцгүй хэсгээр, эсхүл явган хүний гарамтай замын гарамгүй хэсгээр зам хөндлөн гарах” гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна. Жолооч Г.У нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 8.9 Гэрэл дохио нь дараах утгатай байна. г/ улаан гэрэл дохио хөдөлгөөнийг хориглоно. 8.18. Гэрэл буюу зохицуулагчийн хориглосон дохиогоор жолооч Зогс шугам /1.11 тэмдэглэл буюу 5.32 тэмдэг/-ийн өмнө зогсох бөгөөд хэрэв тийм тэмдэг, тэмдэглэл байхгүй бол тухайн уулзвар, явган хүний гарцын өмнө, бусад газарт тээврийн хэрэгсэл, явган зорчигчийн хөдөлгөөнд саад болохгүйгээр гэрлэн дохио, зохицуулагчийн наана, эсхүл энэ дүрмийн 17.5-д заасны дагуу төмөр замын гармын өмнө зогсоно” гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна...” гэх магадлагаа /хх-ийн 65 тал/ зэрэг нотлох баримтууд хамаарна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдаж бэхжүүлсэн, шүүгдэгч, хохирогч, гэрчээс мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр нотлох баримтуудыг үнэлж, хэргийн үйл баримт, шүүгдэгчийн гэм бурууг тогтоож шийдвэрлэсэн болно.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан “Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэргийн үндсэн шинж нь автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан байхыг шаарддаг.

 

Хэрэг учрал болсон өдөр жолооч Г.У нь Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.1-д заасан “Замын хөдөлгөөний дүрмийг сахих” үүргээ биелүүлээгүй тул түүнийг автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн гэж үзнэ.

 

Тодруулбал, шүүгдэгч Г.У нь 2019 оны 4 дүгээр сарын 14-ний шөнө 04 цаг 05 минутын үед Баянгол дүүргийн 00 дугаар хорооны нутаг дэвсгэр, Өгөөжийн уулзварын урд замд Тоёота Приус 20 загварын 0000 УНК улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 8.9 дэх хэсэгт заасан “Гэрэл дохио нь дараахь утгатай байна: г/ улаан гэрэл дохио хөдөлгөөнийг хориглоно”, мөн дүрмийн 8.18-д заасан “Гэрэл буюу зохицуулагчийн хориглосон дохиогоор жолооч «Зогс-шугам» (1.11 тэмдэглэл буюу 5.32 тэмдэг)-ийн өмнө зогсох бөгөөд хэрэв тийм тэмдэг, тэмдэглэл байхгүй бол тухайн уулзвар, явган хүний гарцын өмнө, бусад газарт тээврийн хэрэгсэл, явган зорчигчийн хөдөлгөөнд саад болохгүйгээр гэрлэн дохио, зохицуулагчийн наана, эсхүл энэ дүрмийн 17.5-д заасны дагуу төмөр замын гармын өмнө зогсоно” гэсэн заалтуудыг зөрчсөн болох нь мөрдөгчийн магадлагаа, гэрлэн дохионы горим, агуулгын хувьд өөр хоорондоо зөрүүгүй мэдүүлсэн хохирогч, гэрч, шүүгдэгч нарын мэдүүлэг зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон байна.

 

Мөн зам тээврийн осолд өртөсний улмаас хохирогч Б.Ц-гийн биед “зүүн атгаал ясны хүзүү хэсгийн далд хугарал, зүүн шилбэний шаант, тахилзуур ясны дээд төгсгөлийн үе дайрсан далд хугарал, баруун шилбэнд цус хуралт гэмтэл” учирсан, энэ нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д заасан эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах гэмтлийн хүндэвтэрт зэрэгт хамаарах нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх Эмнэлэгийн 2019 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 0000 дугаартай шинжээч эмчийн дүгнэлт /хх-ийн 53 тал/-ээр нотлогдсон байна.

 

Зам тээврийн осол нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан болгоомжгүй хэлбэрээр үйлдэгддэг онцлогтой бөгөөд шүүгдэгч Г.У-ын тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөний улмаас явган зорчигч Б.Ц-г мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр гэмтэл учруулсан дээрх үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тооцогдоно.

 

Иймд прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь зөв байх тул шүүгдэгч Г.У-ыг автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

 

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Б.Ц-гийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан ба хохирогч Б.Ц-, түүний хууль ёсны төлөөлөгч Б.Б-н нар мөрдөн шалгах ажиллагааны шатанд “...хагалгаа хийлгэсэн 1.400.000 төгрөгийг бэлнээр төлсөн. Мөн цаашдын эмчилгээнд 1.600.000 төгрөг бэлнээр өгсөн. Одоо надад гомдол санал байхгүй” гэж мэдүүлсэнд дүгнэлт хийж шүүгдэгч Г.У-аас гаргуулах хохирол төлбөргүй гэж үзлээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч хэргийн үйл баримт, гэм буруугийн талаар маргаагүй, хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрсөн болно.

 

2. Шүүгдэгч Г.У-т эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар: 

 

Шүүгдэгч автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчиж, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-д зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотойгоор тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /хх-ийн 76/, жолоочийн лавлагаа мэдээлэл /хх-ийн 77 тал/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 78 тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 79 тал/, гэрлэлт бүртгэлгүй тухай лавлагаа /хх-ийн 80  тал/, тээврийн хэрэгсэл, эд хөрөнгийн лавлагаа /хх-ийн 81-82 тал/ ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 84 тал/ зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судласан.

 

Дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч Г.У нь хувьдаа тээврийн хэрэгсэл, үл хөдлөх эд хөрөнгө бүртгэгдээгүй, гэрлэлт бүртгэлгүй байх ба анх удаа хөнгөн ангиллын гэмт хэрэгт холбогдсон байна.

 

Мөн шүүгдэгч Г.У гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган, яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд ирүүлсэн байна.

 

            Шүүхээс шүүгдэгч Г.У-т ял оногдуулахад хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, 1.2-т “гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид шууд эмнэлэгийн бусад туслалцаа үзүүлсэн, учирсан хохирлыг төлсөн” гэсэн хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон байна.

            Иймд шүүгдэгчийн хувийн байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмшсэн байдал, гэмт хэргийн шинж, хуулинд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал, хяналтын прокурорын ялын төрөл хэмжээний талаарх санал зэргийг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэж шийдвэрлэв.

             Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д “ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, ...хугацаанд биелүүлэх үүрэгтэй” гэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелүүлээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солино” гэж тус тус заасан тул дээрх хугацаанд шүүгдэгч оногдуулсан торгох ялыг биелүүлэх үүрэгтэйг тайлбарлаж байна.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хяналтын камерын бичлэг бүхий сиди 1 ширхэгийг эд мөрийн баримтаар тооцож шүүхэд ирүүлсэн байх ба уг хяналтын камерын бичлэг бүхий сиди нь хэргийн үйл баримтыг тогтоосон байгаа тул хэрэгт хавсаргаж үлдээх нь зөв гэж дүгнэв.

 

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй, иргэний баримт бичг болон жолооны үнэмлэх шүүхэд ирүүлээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохиролд 3000.000 төгрөг төлсөн болохыг тус тус дурдаж, шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож ял оногдуулсантай холбогдуулан түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр тогтлоо.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 17.5, 8, 9, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг,  36.6,  36.7,  36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овогт Г-ын У-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.У-т таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000  /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 2, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д заасан 90 хоногийн хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг Г.У-т сануулсугай.

4. Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт, жолооны үнэмлэх шүүхэд ирүүлээгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч Б.Ц-д хохиролд 3000.000 төгрөг төлсөн болохыг тус тус дурдсугай.

5. Хэргийн хамт ирүүлсэн сиди нэг ширхэгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргасугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.У-т өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг өөрөө гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   С.БОЛОРТУЯА